logo

logo.jpg

Advertisement

Бидний хэн?, хаана?, юуг?, хэрхэн?

БӨӨГИЙН АРВАН ГУРВАН ОВООНООС ХҮНДЭТГЭЛИЙН ШОРООГ ЗАЛСАН НЬ

Монгол туургатны бахархал болж хүндэтгэлийн цогцолборт энэ овооноос шүншиглэж шороог залах хүндтэй үүргийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн дэд дарга, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал биелүүлсэн билээ. Монгол бөө түүхийн хүнд хэцүү давааг туулан өнөөтэй золгосон билээ. Манжийн бодлогын золиос болон олон зуун бөө нарыг шатааж устгав. Бөөгөө авч үлдэхийн тулд янз бүрий л арга хэрэглэсэн. Зарим нэг нь лам болж онгод, сахиусаа хамгаалсан юм.           Одоо цагт бөөг уламжилж ирсэн арга хэлбэрээр нь ангилж үзэж болохоор байгаа юм.           Шашины ямар нэг нөлөөлөлгүй өнөөг хүрч ирсэн нь бөө нар байна. Буддагийн шашин нөлөөлөл их орсон бөөгийн язгуур их байна. Өнөө цагийн  буриад зон олон ийм бөөтэй байгаа билээ. Монголчууд өөрсдийн амьдарч байсан газар нутагтаа бөөгийн зан үйлсийг ямар нэг хэлбэрээр авч үлдсэн байдаг. Өнө эртнээс өнөөг хүртэл огт хөндөлгүй авч үлдсэн тахилгат овоо бол яах аргагүй Алтай таван богдын “Бөөгийн арван гурван” овоо мөн билээ. Монгол туургатны бахархал болж хүндэтгэлийн цогцолборт энэ овооноос шүншиглэж шороог залах хүндтэй үүргийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн дэд дарга, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал биелүүлсэн билээ. Монгол бөө сэрэж мандаж, Монгол төр бөөгөө хүндэтгэн дээдэлдэг тэр цаг үе удахгүй ирнэ. Мөнх тэнгэр Монгол зон олныг ивээх болтугай. Д.Мандахаа  

МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ЗҮҮН ЦЭГЭЭС ШҮНШИГЛЭСЭН ШОРООГ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ АВЛАА

Монгол Улсын хамгийн зүүн цэг, Эзэн Чингис хааны үед Монгол туургатанг нэгтгэх тулалдаан болж байсан түүхт газар, Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голд ялалт байгуулсан газраас шүншиглэсэн шороог хүндэтгэн авах ажиллагаа болсон билээ. 2014  оны 08 дугаар сарын 28-ны өдөр Бид энэ ажиллагааг хийхээр Монгол Улсын баатар П.Чогдонгийн нэрэмжит ... дугаар заставт очсон юм. Энэ заставаас Монгол Улсын дөрвөн баатар С.Төмөрбаатар, Н.Жамбаа, Э.Шилэг, Д.Гуулин нар төрсөн түүхтэй. Японы түрэмгийлэгчдийн Халх голын дайны анхны дайралт хийсэн чиглэл Монголын Улсын хилийн 1411 хилийн баганын дэргэдээс Монгол туургатны баатруудын хүндэтгэлийн цогцолборт байрлуулах шүншиглэсэн шороог авсан билээ. Энэхүү бөөгийн зан үйлийг МБНЭ-ийн бага хурлын гишүүн, удган Д.Наранцэцэг хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Д.Дарьчулуун, удган Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, Н.Амартүвшин нар байлцлаа. Удган Д.Наранцэцэг бөөгийн зан үйл хиих явцдаа тухайн заставд сүүлийн жилүүдэд болсон үйл явдлыг тодорхойлон хэлсэн юм. Бид баганаас буцах замдаа хуяглан бөөлөх зайлшгүй шаардлага гарсан билээ. Тиймээс заставын ар талд голын эрэг дээр бөөлсөн бөгөөд ийм боломжийг заставын хамт олон ашиглаж чадсангүй. Бид хилийн баганаас буцах замдаа ЗХУ-ын баатар мотобуудлагын хорооны дарга хошууч И.М.Ремизовын өндөрлөгт байдаг дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн МАХЦ-ийн 8 дугаар дивизийн дарга агсан хошууч Ч.Шаарийбуугийн тулалдаж амиа алдсан газарт очсон юм. Энэ өдөр Халх голын байлдааныг удирдаж байсан командын байр, зөвлөлтийн цэргийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн билээ.                                                             Д.Дариа      

ЛУСЫН ТАХИЛГА

2014 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 9.40-өөс Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Лусын тахилгыг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Дархадын зайран Э.Балжир нар тэргүүлж бөөллөө. Хөвсгөл далайн Их тахилгад зорин очсон газар газрын удган зайран, нутгийн улаач нар хуур татаж далай ээжээ аргадлаа. Тахилгын үеэр Их Дархан Д.Батчулуун удганы Онгод эгэл хүний болон улаач хүний энэ морин жилдээ анхаарах болгоомжлох үйлийг 12 жил тус бүрээр нь айлдлаа. Мөн Далай ээжийн захиас сургаалийг мөнх тэнгэр шүтлэгтэнгүүддээ уламжлан хүргэж, түмэн олноо даатган залбирч, есөн эрдэнээр өргөл өргөлөө. Зайран Э.Балжирын Онгод нутгийн зон олондоо захиас юугаа дамжууллаа. Дараа нь Дархадын удган Цэцгээ, цаатан бөө зайран Б.Баяраа (олонд алдаршсан нэр Моко зайран ) нар бөөллөө. Дархад, Цаатан бөө нарын бөөлөлтийн онцлог, өвөрмөц шинжийг харуулсан лусын  тахилга сайхан болж өндөрлөлөө.

Монгол туургатны тулгаар хөл уул “ХӨХ УУЛ” хайрханы тахилга боллоо.

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Монгол туургатны тулгуур хөл уул “ХӨХ УУЛ” хайрханы тахилга 2014 оны 06-р сарын 07-ны өдөр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тахилгыг Дорнод аймгийн “Хун хатан ижий” бөөгийн хүрээлэн, Дорнод аймгийн Дашбалбар сумын засаг дарга, ЗДТГ, ИТХ,  эмнэлэг, цэцэрлэг, олон нийтийн байгууллага тэргүүтэй  байгууллагууд хамтран зохион байгууллаа. ХӨХ УУЛ-ын тахилгад Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн зөвлөлийн шийдвэрээр Хяналтын цэцийн дарга Ж.Өсөхбаярыг төлөөлөгчөөр томилсны дагуу Дархан удган Д.Энхжаргал, Тэргүүн удган Н.Дайрий тэргүүтэй 3 машинтай 11 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. 2014 оны 06-р сарын 04-ний өглөө Хөх уулыг зорин Улаанбаатараас гарсан бид Хэнтий аймгийн Өндөрхаан хайрханд өргөл залбирал үйлдэж, 6-р сарын 6-нд Дашбалбар сумын төв орж 90 км яваад Орос Монголын хилийн орчимд байрлах ХӨХ УУЛ-ын орчимд ирж буудаллаа. Хээрийн цай хүлээн суух зуураа ХӨХ УУЛ хайрханаа ширтэн, эргэн тойрон газар дэлхийн өнгийг ажин суухад, цаг хугацаа яасан ч хурдан өнгөрөө вэ гэсэн бодол орж ирлээ. Монгол туургатны хөл уул ХӨХ УУЛ хайрханыг тахиж байсан уламжлалыг сэргээх зорилгоор 2013 оны 09 сарын 12нд Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл, Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнтэй хамтран олон жил тасраад байсан тахилгыг зохион байгуулж байсансан. Энэ цагаас хойш нэгэн он солигдож, нэгэн жил гарч, 3н улиралын нүүр үзжээ. Орон нутгийн сүсэгтэн олон маань ч тахилга, тайлгын ач холбогдолыг мэдэрч, энэ удаагийн тахилгад айл саахалтаараа, албан байгууллагаараа бүгд сэтгэл зүтгэл гарган оролцохоор ирсэн байлаа.  Оройн наран жаргах үед Монгол бөөгийн тэргүүн зайран, Дашбалбар сумын бөөгйин хүрээлэнгийн тэргүүн Болд гал тахих ёслол үйлдлээ.   2014 оны 06-р сарын 07-ны өглөө хурсан олон нарандаа залбирч, хайрханы тахилга , лусын тахилгыг Тэргүүн зайран  Болд шавь нарынхаа хамтаар үйлдэж газар дэлхийгээ аргадан бөөллөө. МБНЭ-ийн төлөөлөгчид нутгийн уул овоо, тэнгэр хангайд айлтгал хийж олон түмнээ даатган залбирлаа. Тахилгын дараа даага,соёолон насны морьд уралдаж, 32 бөх барилдсан бэсрэг наадам боллоо. Айргийн тавд хурдалж ирсэн морьдийн унаач хүүхдүүдэд болон бага насны хүүхдийн барилдаанд оролцсон бүх хүүхдүүдэд Дархан удган Д.Энхжаргал гарын бэлэг өгч, цаашид уул ус, нутаг орноо гэсэн сэтгэлтэй, мөнх тэнгэртээ залбирч яваарай гэсэн сургаалийн үг хэллээ.           Ийнхүү бидний зорьсон хэрэг бүтэж, зүүн аймгуудаар аялах аялал үргэлжиллээ. Монгол түмний минь шүтэж биширдэг уул овоо, хилийн дээс дамжин Талын агуй, Шилийн богд, Тоорой бандийн хөшөө, Оргихын булаг, Ганга нуур, Алтан овоо зэрэг нутгаар явж, Онгон, Бударга сумдын хилийн заставаар орж эх нутгийнхаа хаалга үүдийг хамгаалан суугаа цэрэг эрс, дайчин хилчид, тэдгээрийн гэр бүлийнхэнд улам илүү сонор сэрэмжтэй байхыг хүсч бахарахсан сэтгэлээ хуваалцаж, эмэгтэйчүүд хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан нөхөрсөг уулзалт боллоо. Бидний энэ бүх аялал 3000 гару км үргэлжилж, энэ урт замын хугацаанд Монгол түмнээ Газар дэлхийдээ даатгах, гарзны үүдийг нь хааж олзны үүдийг нь нээж өгөх далд хүслээр хөлөглөн, сүсэглэн залбирч явлаа. МБНЭ-ийн Хяналтын Цэцийн дарга Ж.Өсөхбаяр

НАРНЫ ЗАЛБИРАЛ БА МӨНХ ТЭНГЭРТЭНҮҮДИЙН БАЯР

2014 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн өглөөнөөс эхлэн Бөөгийн байгууллага, отгууд Нарны залбиралдаа зорьж Хүй долоон худагаас баруун хойш 3 км-т байрлах толгойн энгэрт байрлалаа эзлэж эхлэв. Монгол Бөөгийн Тэргүүн удган Өөдөөгийн удирдсан отог есөн гэр босов. Түүний галынхан хамгийн түрүүнд олноороо түрүүлэн ирж Мөнх тэнгэртнүүдийн баяртаа бусдаас илүү сэтгэл, зүтгэлтэй оролцлоо.   МБНЭ-ийн лого бүхий төв асар босж, өмнө нь Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн далбаа намирч эхэллээ. Энэ арга хэмжээнд хамгийн түрүүнд Орхон аймгийн Бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн Тэргүүн удган Нанжаагийн удирдсан отог өмнө өдөр ирж хоноглосон байлаа. Мөн Дархан Уул аймгийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Бадамсүрэнгийн отог, Дорнод аймгийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн буриадын Их удган Г.Гэрэлтуяагийн отог, Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн зайран Батдэлгэрийн отог хүрэлцэн иржээ. Түүнчлэн Хэнтий, Дундговь, Баянхонгор, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Баян-Өлгий аймгуудаас Бөө нар төлөөлөн ирсэн байлаа. Энэхүү арга хэмжээнд МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Т.Өөдөөгийн отог, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүд, Монгол бөөгийн Тэргүүн удган О.Туулын отог, Монгол бөөгийн Тэргүүн зайран П.Зоригтбаатар, МБНЭ-ийн залуучуудын “Галт шонхор” бөөгийн отог бусдаасаа илүү бэлтгэлтэй, зохион байгуулалт сайтай оролцсоныг тэмдэглэж байна.   Монгол бөөгийн Тэргүүн удган Н.Мягмарсүрэн, Монгол бөөгийн Тэргүүн удган П.Нарангэрэл, Хөвсгөл аймгаас Монгол бөөгийн Тэргүүн удган Жавзансүрэнгийн отог, Буриадын удган Л.Загдаа нарын отог идэвхтэй оролцлоо. Баярын ажиллагаанд Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Д.Одонхүү, Монгол бөөгийн Их удган Л.Амгаланням, Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Ч.Дангаасүрэн, Д.Дарьчулуун, Н.Баярсайхан, Н.Бат-Эрдэнэ, Монгол бөөгийн зайран О.Даваасүрэн, Б.Батсайхан, Монгол бөөгийн Тэргүүн удган Х.Энхмаа, Я.Мөнгөнсувд, Ч.Янжинсүрэн, Монгол бөөгийн зайран С.Лхагважав нар хүрэлцэн ирсэн байлаа. МБНЭ-ийн удирдлагууд хүрэлцэн ирсэн Аймгуудын бөөгийн хүрээлэнгүүдийн өнгөрсөн нэг жилийн ажлын тайлан үзэсгэлэн, бөөгийн байгууллагууд, отогуудын танилцуулга, үйл ажиллагааг үзэж, санал бодлоо солилцлоо. Нарны залбиралын ажиллагаанд хоёр мянга орчим бөө нар, шүтлэгтэнгүүд оролцлоо. Мөнх тэнгэртэнүүдийн баяр, Нарны залбиралын ажиллагааг нээж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, ахмад үеээ төлөөлж Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, дунд үеийнхэнийг төлөөлж Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, залуу үеийнхэнийг төлөөлж Монгол бөөгийн Тэргүүн удган Т.Өөдөө нар үг хэлж хүрэлцэн ирсэн түмэн олонд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн ажиллагааны дараа урлагын тоглолтыг нээж, бүх л тахилга, тайлгуудад уран бүтээлийн нээлтийг хийдэг, Монгол бөөгийн Тэргүүн зайран П.Зоригтбаатарын охидын хамтлаг ая дуугаа өргөлөө. Дараа нь Аймгууд, отгууд өөрсдийн төлөөлөл оролцсон нэгдсэн тоглолт нэг цаг тавин минут үргэлжилж галын наадмын цагийг нилээд хойшлуулсан билээ. Энэ үеэр зөөлөн бороо шиврэн орж, битүү солонго тэнгэрт солонгорч хурсан олонд сэтгэл сэргэм баяр хөөрийг өгч байлаа. Хуран цугласан олны тэсэн хүлээсэн галын наадмыг Монгол бөөгийн Буриадын Их удган Л.Амгаланням, Монгол бөөгийн Тэргүүн зайран П.Зоригтбаатар, Монгол бөөгийн Тэргүүн удган Т.Өөдөө, Монгол бөөгийн Тэргүүн удган О.Туул, Монгол бөөгийн Тэргүүн удган Н.Мягмарсүрэн, П.Нарангэрэл нар зохион байгуулж удирдлаа. 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн өглөө байрлалын өмнө орших толгой дээр Наран мандах үед цугларсан зон олон Наран мандахад угтаж залбирал үйлдлээ. Энэ залбиралын үер Монгол бөөгийн зайран С.Лхагважав бөөлж цугларсан олонд өөрийн бөөлөлтийн дэг жаягаа онцлон харууллаа. Өглөөний 08.00 цагаас хаалтын ажиллагаа болж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү нар үйл ажиллагааг дүгнэж үг хэллээ. Мөнх тэхгэртэнгүүдийн баяр, нарны залбиралдаа идэвхтэй оролцсон зон олонд баяр хүргэж, уг ажиллагааг зохион байгуулахад тэргүүлж оруулсан Монгол бөөгийн Тэргүүн удган Т.Өөдөөг МБНЭ-ийн “Мөнгөн шонхор” медалиар шагнасныг гардууллаа. Мөнх тэнгэртэнгүүдийн баяр, нарны залбиралыг жил бүр уламжлал болгон Хүй долоон худгийн овоот толгойд 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байхаар болсон билээ.                                                                                  Я.Мөнгөнөө    

Суварга хайрханы тэнгэрийг тайх ёслол боллоо

  Суварга хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол Архангай аймгийн Цэнхэр суманд энэ сарын 13-нд боллоо. Суварга хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан,  Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ болон Архангай нутгаас төрөн гарсан алдар гавьяатнууд, сүсэгтэн олон өргөнөөр оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг арвин, ажил үйлсэд ач тустай хэмээн үздэг ээ. Энэ жил тэнгэр хангай эрт дэлэгнэж хур бороогоо харамгүй хайрлан, газрын цангааг тайлсан нь хангай нутагт дэлгэр зун ирж хүн, малын амьдрах орчинд таатай нөлөө үзүүлж байна.Өгөөж ихэт, үзэмж төгөлдөр өргөө Суварга хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслолд хүрэлцэн ирсэн ард иргэд, лам хувраг, зочид гийчид ээ, Монголчуудын эртнээс нааш эрхэмлэн шүтэж ирсэн Бурхан багшийн сүүдэр тохиосон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн энэхүү өлзий учрал бүрдсэн сайн өдөр Хангайн нурууны ноён оргилуудын нэг Суварга хайрханы тахилгат их овоон дээрээс Монгол түмнийхээ амар амгаланг айлтгаж, буян арвидаж, сэтгэл ариусахын гэгээн ерөөлийг өргөн дэвшүүлье. Манай монголчууд Бурханы шашныг монгол хүн бүрийн сайхан сэтгэл, холч ухааны эх ундарга гэж ямагт хүндэтгэж ирсэн билээ. Бид эцэг тэнгэрээ хилэгнүүлэлгүй, этүгэн эхээ гомдоолгүй аргадан залбирч, түүний сүр хүчийг биширч, зүй зохистой харьцаж, буян хишгээ даатгаж, газар нутаг, ан амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн ард түмэн. Уулын тэнгэрийг тайх ёс бол байгаль эхээ хайрлагч, төр ёсоо дээдлэгч, шашин соёлоо эрхэмлэгч монгол түмний олон мянган жилийн уламжлалт зан заншил юм. Энэхүү ёс заншил, гүнзгий ухааны ачаар монгол нутгийн маань унаган төрх бидний үед өвлөгдөж ирсэн. Энэ бол хүн, байгалийн харилцааны гүн утгыг таниулсан том ухаан бөгөөд хүн төрөлхтөний оюун сэтгэлгээнд оруулсан монгол түмний бахархам хувь нэмэр яах аргагүй мөн. Арын сайхан хангай нутгийн ард түмний эх оронч үзлийн онгодыг хөглөн төрөлх газар шороогоо хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг хуримтлуулж, байгаль орчноо гэх сэтгэл зүтгэлийг улам улам хөгжөөн бадраахад энэхүү тайлга, тахилгын ач холбогдол оршино хэмээн бодож байна.  Эрхэм хүндэд иргэд ээ, Суварга хайрхан бол урд энгэрээс нь Орхон түшээ, ар энгэрээс тунгалаг Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн гол эх авдаг, нутгийн иргэд нь “галтай уул” хэмээн биширдэг, байгалийн өвөрмөц тогтоцтой сүрлэг уул билээ.  Хайрханаас ундран урсах гол мөрнүүд Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зэрэг аймгийн олон сумдын нутгийг дамнан ард олон, амьтан ургамлыг ундаалж, амьдралын эх булаг болдог. Их эзэн Чингис хааны найман мянган турхаг, нэжгээд мянган харваач, хэвтүүлээс бүрддэг түмэн цэргийн түүхт овоо энүүхэн баруун талд Жаран төгрөг уулын оройд байна. Бидний их өвөг дээдэс дээд тэнгэрээс тольдон байгаа гэдэгт би итгэдэг. Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг арвин, ажил үйлсэд ач тустай хэмээн үздэг ээ. Энэ жил тэнгэр хангай эрт дэлэгнэж хур бороогоо харамгүй хайрлан, газрын цангааг тайлсан нь хангай нутагт дэлгэр зун ирж хүн, малын амьдрах орчинд таатай нөлөө үзүүлж байна. Архангайчууд Та бүхэн өнгөрсөн онд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр мал сүргээ 3 сая 772 мянга-д хүргэж улсын хэмжээнд хамгийн олон малтай аймаг болжээ. Мөн тус аймаг хонь, үхэр, адуун сүргийн тоогоор улсдаа эхний байруудад орж улс орныхоо хөгжил дэвшилд  бахархам хувь нэмэр оруулсан байна. Мал сүрэг өснө гэдэг малчин түмний баяр, буян хишиг билээ. Үүнд эзэн хүний хөдөлмөр, хичээл зүтгэлээс гадна байгаль дэлхийн ивээл бас бий. Хур бороо хугацаандаа орж, өлөн зуд өнөд хол байж, буянт малын хишиг арвин, өтгөс нялхас өвчин эмгэггүй, эх орон элдэв гай зовлон, гамшиггүй байх нь  нүүдэлчин түмний нэгэн жаргалан билээ. Миний бие Хангай нурууны ар өврөөр идээшин амьдарч ирсэн түмэн олныхоо омог сүрийг тэтгэж, эх орон, элгэн нутгийнхаа төлөө улам ихийг хийж бүтээх урам зоригийг тань бадрааж байхыг байгаль эхийн хүү - Суварга хайрханы цэлмэг хөх тэнгэрт сүсэглэн даатгаж байна.  Хуран цугласан ахан дүүс ээ,           Өдгөө дэлхий дахинаа тулгамдаж буй нэг томоохон асуудал бол цаг уурын дулаарал, байгаль экологийн асуудал юм. Газрын хөрсний шим өгөөж, аливаа ашигт малтмалыг ашиглахдаа байгалийнхаа унаган төрхийг дор бүрд нь нөхөн сэргээж, сав шим ертөнцдөө элбэрэлтэй хандан, хүрээлэн буй орчноо хамгаалж, улс орныхоо экологийн аюулгүй байдлыг хангах нь улам бүр чухал болж байна. Байгаль, амьдрах орчноо хамгаалахад төр, засгийн тогтвортой, үр нөлөөтэй бодлого шийдвэрээс гадна манай иргэн бүрийн идэвх оролцоо нэн чухал. Нэг мод тарих нь нэг насны буян гэсэн бурханы шашны сургаалыг хүн бүр дагаж хэрэгжүүлэх үйлс орон даяар өрнөж байгаад урамтай байна. Хамгийн чухал нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санаа, ард олны амар амгалан амьдрах нийтлэг эрх ашиг, хүн төрөлхтөн нэгдмэл хувь заяатай, нэгэн эх дэлхийтэй гэдгээ ухааран ойлгох явдал улам бүр өргөжсөөр байгаа нь сайшаалтай. Олон арван гол горхи, тунгалаг цэнхэр нуур цөөрөм, сүрлэг сайхан уул хөвч хосолсон үзэсгэлэн төгөлдөр Архангай аймаг нь дотоод, гадаадын зочид, жуулчдын сэтгэлийг татсан нутаг билээ.  Иймээс байгаль экологи, түүх соёл, спорт аялал, ан агнуур, рашаан сувиллын гэх мэт аялал жуулчлалын олон төрлүүдийг санаачилж хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг энэ дашрамд тэмдэглэн хэлье. Монголчууд бид улс орныхоо өмнө тулгарсан амин чухал зорилтуудыг хамтын хүчээр, нэгэн үзүүрт сэтгэлээр амжилттай шийдвэрлэж чадах аваас хотол олны минь амьдрал ахуй өөдрөг, хүн ардын сэтгэл амгалан, үр хүүхдүүдийн маань эрдэм төгс, зориг тэмүүлэл ирмүүн байх болно. Төрийн тахилгат Суварга өндөр хайрханы гэгээн хөх тэнгэр түмэн олныг минь ивгээж, түүхт их улсын минь төрийн мэргэн бодлого, түмний хичээл зүтгэлээр уугуул нутаг усны сав, шимийн жам ёс зохилдон, улс Монгол, ард иргэдийн амьдрал ахуй өөдлөн дэвжих болтугай. Хурай,  Хурай,  Хурай        

Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборын санаачлагыг ажил хэрэг болгож эхэллээ.

2013 оны 11-р сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн зургаадугаар хуралдаанд “Монгол бөөгийн тулгамдсан зарим асуудлууд” гэсэн илтгэлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тавьсан билээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй. Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсээ хэн бахархан дуурсах вэ. Ази, Европын эзэнт гүрнүүдийг эзлэн эрхшээлдээ оруулсан, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр хэн дурсах вэ? Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нараа өнөөдөр хэн дурсах вэ? Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нараа хэн дурсах вэ? Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн дурсгалыг хэн хүндэтгэх вэ? Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиа алдсан монгол цэргүүдийнхээ түүхийг өнөөдөр хэн дурсах юм бэ. Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг хэн дуурсан бахархах вэ? Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдийн зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хэн дурсах ёстой юм бэ. Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа хэн дуурсах ёстой юм бэ. Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөж ирсэн харь нутагт байгаа монголчуудын эх нутгаа гэх сэтгэлийг хэн дурсах вэ? Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудынхаа түүхийг хэн дуурсах ёстой вэ. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ  хэн дурсах ёстой юм бэ. Өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн нар шингэх өргөн нутагт Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа зориулсан баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг хэн биелүүлэх вэ? -Хүннү, Сүннүгийн үеэс мөнхлөн шүтэж ирсэн ноён уулаа харийнханд ухуулаад хэн зүгээр харж суух юм бэ? -Их Хаадынхаа онгод тайлгыг ухаж төнхөж байгаа хүмүүсийг хэн зүгээр харж суух юм бэ? -Өвгөд дээдсээс өвлүүлж үлдээсэн онгон байгалиа хэн харсаар байж бусдад сүйтгүүлэх вэ? Би дэлхийн олон мянган газраас хэдхэнийг дурьдлаа. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шороо болгон амьтай. Лус савдагаа унатаа байдлаасаа гаргаж, нэгдсэн их залбиралаар хүчжүүлж хөдөлгөе. Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү. “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт,  одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулья. Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгаая. Энэ үйлээ 2014 оноос эхлэе, үүнийг Мөнх тэнгэрийн улаач нар Та бүхэн манлайлан хийх ёстой. Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.” гэсэн билээ. Энэхүү санаачлагыг дэмжиж МБНЭ-ийн гишүүн, удган Пүрэвсүрэн нь  Монголын их хаадын цэргийн хөл хүрсэн европ тивийн хамгийн баруун цэг болох одоогийн Унгар Улсын нутагт очиж монгол дайчдынхаа шарилд хүндэтгэл үзүүлэн шүнсэглэсэн шороог эх орондоо залж авчирлаа. 1241 оны 4 дүгээр сард Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиар цохижээ. Ердөө гуравхан хоногийн дотор болсон тулалдаан нь монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхуулан шагшируулсан билээ. Энэ тулаалдааны талбарт монголын нэг мянган эр цэрэг мөнхөд нойрссон юм. Тэдний алдар гавьяанд хүндэтгэл үзүүлэн бөөлж, шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирсантай холбогдуулан МБНЭ-ийн Дээд цэц хүндэтгэлийн хуралдаан хийлээ. МБНЭ-ийн хуралдаанаас удган Пүрэвсүрэнг “Мөнгөн шонхор” медалиар шагнасан байна. 2014 оны 4-р сарын 25-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн долоодугаар  хуралдаанаар “Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолбор”-ыг байгуулах зураг төслийг хэлэлцэж, санал нэгтэй дэмжиж, анхны ёслолын ажиллагааг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэж өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ийнхүү МБНЭ-ээс санаачилсан ажиллагаа бодит ажил болон хэрэгжиж эхэллээ.                                                 Д.Мандахнаран    

МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүн О.Туул удганы удирдсан Галын тахилга

2014 оын 01 сарын 28-ны оройн 19 цагийн үед Улаанбаатар хотоос 40 гаруй машинтай цуваа хөдөллөө.  МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн О.Туул удган, шавь сүсэгтэнүүдийнхээ хамтаар Галын тахилга хийхээр замдаа гарсан нь энэ билээ.  Товлосон газраа хүрсэн удган зайрангууд, сүсэгтэнүүд маань идэр есийн хүйтнийг үл ажран тахилгынхаа бэлтгэл ажилд орлоо. Тахилгын бэлтгэлээс харахад л зохион байгуулалт маш сайтай, сүсэгтэн олон тахилгад оролцоод хэдийнэ хэвшчихсэн угаас ийм тахилгыг жил бүр зохион байгуулдаг болох нь тодорхой байлаа. Галын тахилгыг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, удган О.Туул  тэргүүлж бөөллөө. Тахилга  сайхан болж, хурсан олон ч сэтгэл өөдрөг харагдсан. Зон олныхоо тусын тулд олон сайхан, тахилга тайлга хийж яваа О.Туул удганыхаа Мөнх тэнгэрийн үйлс нь арвин байхыг хүсэн ерөөе.

БНХАУ-ын Ордост аялав

МБНЭ байгуулагдсанаас хойш манай эвлэлийнхний анхны гадаадад хийсэн аялал бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотруу хийсэн аялал байлаа. Манай багийнхны хувьд Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборт хамгийн олон нь арван гурав дахиа, дийлэнх нь анх удаа очих байгаа бүрэлдэхүүн байлаа. Тиймээс Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборын талаар багагүй мэдлэгтэй нэгэн байхад огт мэдээлэлгүй хүмүүс ч байлаа. Билетний олдоцоос болоод нийт 30 хүн хоёр вагонд хуваагдаж суусан юм. Замын Үүдэд тоссон автобус хөдлөөд хил гарангуут Хятадын аялал жуулчлалын автобус биднийг хүлээж байлаа. Биднийг хөдлөх болоход Эрээнд учирсан эхний бэрхшээл бол  Хятадын аялал жуулчлалын автобусны хөдөлгөөнийг хэд Эрээн хүн хааж зогсоогоод байцаагч авчирч шалгалт хийлгав. Бодвол өөр газрын Хятадын аялал жуулчлалын автобус Эрээнд ирж үйлчилгээ хийсэнд сэжиглэж албан ёсоор шалгуулсан бололтой. Бүх зүйл номоороо бхйсан тул нилээд хугацаа алдаад бил Хөх хотын зүг хөдлөв. Хятадын аялал жуулчлалын автобусны цонхоор ӨМӨЗО-ын хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн байдлыг нүдээр харж, өөрийн орны байдалтай жишиж явлаа. Эдийн засгийн хурдацтай хөнжил хэдхэн арван жилийн дотор хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж чаджээ. Ийм өрчлөлтийг бид хаа холоос бус дэргэдээсээ харах боломжтой болжээ.             ӨМӨЗО-ын төв Хөх хотод оройтож ирэв. Хотын хойд хэсэг шинэ барилга бүхий хороололоор, зүүн хэсэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар бий болгосон амралт үйлдвэрлэлийн шинэ цогцолбороор, хотын зүүн хэсэг дээд сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төвөөс бүрдэнэ. Хотын төв гурван давхар авто зам бүхий хэсэг нь манайханы одоогийн бэрхшээл болох автомашины түгжрэлийг шийдвэрлэсэн ажээ.             Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Тэндээс Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв. Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав ... хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэл үзүүлсэн билээ. Бид хэл сэтгэл хөдөлж үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм. Тэгээд үдээс хойш Чингис хааны онгон хэмээх түүхэн хэсгийг үзэв. Тэнд бид “бяцхан” бөөлөлт хийж “онгон”-тойгоо мэндэлсэн бтдээ. Мэдээж хэрэг энд бид зураг авахуулах гээд багагүй цаг өнгөрөөсөн билээ. Түүний дараа автобусанд суугаад шууд Шинэ ордос хотыг зүг хөдлөв. Энэ үед Чингис хааны жуулчны цогцолборын үндсэн хэсэг болох Чингис хааны хөшөө, мүзейн хэсгийг үзүүлэлгүй буцсанд манайхан сэтгэл дундуур байж орчуулагч Өвөрмонгол залуутай маргаан үүсгэсэн юм. Энэ маргаан сэтгэл муутай орчуулагч залуугийн хариуцлагатай шууд холбоотой байсан билээ.             Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байлаа. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов. Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залуудбүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ.             Өглөө хооллоод бид Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр буцаж явлаа. Уг нь орчуулагч залуу зөрүүдлээгүй бол ингэж цаг алдалгүй өчигдөр Чингис хааны жуулчны цогцолборыг үзээд бас Шинэ Ордос хотыг ч бүрэн үзэх боломж байсан билээ. Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэн манайхан бидний дотор өмнө энэ музейг үзсэн хүн байсан тулдаа үзэх ёстой гол зүйлээ үзэлгүй буцах байсан байна “аюулаас” мултарсан билээ.             Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэний дараа элсэн манханд байгуулсан жуулчны баазад очсон юм. Орчуулагч залуу бидэнд энэ бааз урьдчилан захиалга өгөөгүй бол үйлчилдэггүй хэмээн хэлээд зураг авахуулаад 30 минут болоод хөдөлнө гээд эхнэр хүүхдээ дагуулаад бууж одов. Бид ч дурсгалын зураг даруулаад хөдөлнө хэмээн автобусандаа орчуулагчаа хүлээн 3 цаг болов. Энэ хооронд бид жуулчны баазыг бүрэн үзээд цугларчих хугацаа байлаа. Ажилдаа сэтгэлгүй, хүйтэн ханддаг, мэдлэггүй бөгөөд эхэмсэг зантай орчуулагч залуугийн хандлагаас бид үзэх зүйлээ үзэлгүй ийнхүү түүнийг хүлээн цаг алдав.             Гэхдээ хятад орны хөгжил дэвшил, хүмүүсийн соёл, эх оронч сэтгэлгээ манайханы сэтгэлийг хөдөлгөж, нэг хүний хариуцлагагүй байдлыг нөхөж чадсан билээ. Хөх хотын төв хэсэгт байрласан зочид буудал бидний сэтгэлд бүрэн нийсэн билээ. Бид нэг хэсэг нь эмнэлэгт эрүүл мэндээ үзүүлж, нөгөө хэсэг нь Хөх хотын шинэхэн байгуулагдсан төв музйег үзэж сонирхов. Орой нь Хөх хотын “Шинэ өвөрмонгол буудал”-д хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн билээ. ӨМӨЗО-ын хөгжил цэцэглэлт, соёл урлаг, эмнэлэг худалдаа үйлчилгээний байдалтай бага ч гэсэн танилцсандаа бид сэтгэл өндөр байлаа.             Хөх хотоос Эрээн хотыг зорин автобус хөдлөв. Дөрөв дөрвөөрөө хэсэг болон ая дуугаа өргөн холын замд өрсөлдөн дуулцгаав. Биднийг аян замын явцад шинэхэн сайн үйлчилгээтэй зочид буудлаар үйлчилсэн юм. Энэ бүхэнд бид баярлаж явав. Өвөрмонголын уудам тал, уулархаг хэсэг бүхий л газарт хөгжил дэвшлийн өнөөгийн нүүг царай тод харагдаж байлаа.             Бид аян замын холд бие биетэйгээ танилцаж, дотно сайхан сэтгэлээр харилцаж амьдралдаа мардагдашгүй нэгэн үйл явдалд биеэрээ оролцсон билээ. Монголчууд бид хөгжлийнхөө тухай эргэцүүлэн бодох, юу хийх ёстой, юуны төлөө ажиллах ёстойг энэхүү аялал бидэнд ухааруулсан билээ. Алс аолын аян зам бидэнд өгөх ёстой өгөөжөө өгсөн, тэр нь хөгжил дэвшлийнхээ төлөө урагш тэмүүлэх, ажиллах, тодорхой үр дүнд хүрэх ёстойг бидэнд сургамжилсанд байлаа.             Дараа жил дахин уулзана. Тэгэхдээ залуучуудаар эгнээгээ тэлсэн баг  Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр дахин ирэх болно.                                     Я. Мөнгөнөө  

МБНЭ-ийн бөө нар Эх орныхоо түүхийн болон байгалийн үзэсгэлэнт газруудад хүндэтгэл үзүүллээ.

Монгол орон түүхт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар баялаг билээ. МБНЭ-ээс зохион байгуулсан аялалд таван автомашин бүхий бөө нар оролсон юм. Энэ удаагийн аялал Монгол туурагтны түүхийн өлгий нутаг түүхт Бурхан халдун уулнаас эхэлсэн билээ. Эхний хонох газар Мөнгөнморьт сумаас баруун тийш 20 км орших гүүрний цаахан орших товцог газар байв. Өглөөний наран мандах үед манан газарт сууж, Хэрлэн мөрөн, Тэрэлжийн голын сав газар үзэсгэлэнтэй сайхан харагдана. Мандах нар зэрэгцэн бөө нар Их хайрхандаа хүндэтгэл үзүүлж шүтэн залбирав.             Хоёр дахь өдрийн үдэд Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой Хар зүрхний Хөх нуурт аяны цуваа хүрч очсон билээ. Монголын бөө нар анх удаа Их эзэн Чингис хаанаас хойш хэдэн мянгаараа хуран цугларсан өнгөрсөн жилийн үйл явдал бол энэхүү газрын түүхийг баяжуулсан, чухал ач холбогдолтой үйл явдал байв. Тиймээс энэхүү газарт бөө нар хүндэтгэл үзүүлж, залбирал үйлдэв. Үдээс хойш Ионгол орны үзэсгэлэнт газар Балданбэрээвэнгийн хийдтэй танилцлаа. Аялалын цуваа хийдээс хөдөлж 20 гаруй км яваад хоноглов.             Гурав дахь өдөр, Монголын түүхт явдал болсон нэгэн газар, Биндэрийн овоонд очив. Энэхүү овоон дээр Батширээт сумын Засаг дарга, ИХТ-ын дарга нартай таарсан билээ. Тэд нутагтаа зочлоод буцсан Монголын яруу найрагчдыг үдэж байгаа нь тэр ажээ. Харин бөө нартай монгол хүний ёсоор олигтойхон мэнд мэндэлчихсэнгүй яаран одно билээ. Орчлонд санамсаргүй тохиол үгүй билээ. Аялалын цуваа Биндэр сумын наахан орших бирваазаар Орхон голыг гарлаа. Тэндээс цуваа Дадал сум руу хөдлөв. Сум хүрэхэд 20 км-т Дадалын хилийн цэргийн отрядын штабын дарга угтав. Энэ нь хөгжилтэй явдал байсан юм. Отрядын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд манай бөө нар ихэд баярлаж байв.             Дөрөв дэх өдөр эртлэн босж, Холбоо нуур болон Чингис хаанд зориулан босгосон анхны хүндэтгэлийн хөшөөнд очив. Дараа нь Дэлүүн болдог, Хажуу рашаан дээр очсон юм. Тэндээс хөдөлж Норовлин сум орж шатахуун цэнэглээд цааш хөдөллөө. Бидэнд Баян-Уул суман дахь хилийн цэргийн отряд хүлээн авч өдрийн зоог барьлаа. Дорнод аймгийн нутагт ороход угтаж авсан хилийн нөхөддөө бөө нар талархал илэрхийлээд цааш хөдөлсөн билээ. Дашбалбар сумын Улаан эрэг гэдэг газар тахилгад ирж байгаа бөө нартаа нутгын олон хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа. Сумын төвийн бүх зочид буудал бөө нарыг хүлээн авч байрлуулсан юм. Сумын олон тахилгад их ач холбогдол өгч хүн болгон боломж хэрээрээ тус дэм үзүүлж байлаа.             Тав дахь өдрийн өглөө эрт даага барианы зүг хөдөлсөн байлаа. Дааганы уралдаан дуусангуут Их тахилгад зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлын дараа сурын харваа эхэллээ. Тахилгад ирсэн зочид төлөөлөгчдөө сумын удирдлага хүлээн авч, дараа нь сумын түүхийн музей үзүүлж, орой нь урлагын тоглолт болов.             Зургаа дахь өдөр 30 гаруй автомашин цуваанд орж Их тахилга хийх Хөх  уулын зүг хөдөллөө. Хөх ууланд байрласаны дараа орчины газартайгаа танилцах аялал хийлээ. Хөх уулын зүүн талд байрлах өвөрмөц тогтоцтой жалга, гуутай танилцлаа.Хилийн цаахантай байрлах оросын тосгон алган дээр тавьсан мэт ил харагдана.             Долоо дахь өдөр өглөө наран мандах үед Монгол Улсын тулгуур, хөл уул Хөх уулын Их тахилга Нарны тахилгаар эхэлж, дараан нь Тэнгэрийн тахилга, Хөх уул хайрхандаа зориулсан Хайрханы их тайлга, Лусын тахилга хийж, орой нь Галын тахилгаар Их тахилга өндөрлөлөө. Тахилгад оролцогчид тэндээс оросуудын Мардайг эзэмшиж байх үедээ байгуулсан Чук амралтын газарт очиж амарлаа.             Найм дахь өдөрДорнод аймгийн төв Чойбалсан хотод ирж хоноглов. Халх голын ялалтын Монгол дайчдын дурсгалд зориулсан хөшөө, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Японы онгоцнууд анх бөмбөгдсөн газрыг тэмдэглэж босгосон хөшөө зэрэгтэй танилцаад Халх голыг зорин хөдөллөө. Биднийг Мэнэнгийн отрядын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн билээ. Буйр нуурийн зах харагдаа тэр л газар бид хоноглов.             Ес дэх өдрийн өглөө Бид эртлэн босж тал газар нар мандахыг харж инергэ авч байрлан хөгжилдсөн билээ. Тэндээс Буйр нуурын эрэг дээр очиж дорны их нуурандаа хүндэтгэл үзүүлж шүтэн мөргөж залбирал үйлдэв.             Бид Халх гол багаар дайрч Баянхошууны хилийн боомт орж, хилийн Сүлдэт баганд очиж хүндэтгэл үзүүлэв. Дараа нь То Вангийн бүтээсэн хэвтээ Жанрайсагийг үзэв. Хилийн цэргийн застав биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан таван жилийн өмнө энэ заставын хилийн багана дээр өглөөний нарыг угтахдаа бичсэн шүлэгт тус отрядын дарга байсан одоо Хилийн цэргийн командлагч Лхачинжав нь Монгол Улсын урлагын гавьяат зүтгэлтэн Эрдэнэ-Очирт өгч ая бичүүлж, клип болгосныг заставын даргад гардуулж өглөө.             Японы түрэмгийлэгчид Монгол Улсын хил нэвтрэн хамгийн гүнд хөл тавьж, Монгол, Зөвлөлтийн дайчдад цохигдсон газар, Яковлевчүүдийн хөшөө, Зөвлөлтийн дайчид, Монголын ерэн баатрын хөшөө, Монгол Улсын баатар цолыг Дандарт олгосон газар, Халх голын дайныг удирдсан ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Г.К.Жуковын удирдлагын байр зэргийг үзэж танилцлаа.             Орой нь Сүмбэрийн хилийн отрядын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн билээ.             Арав дахь өдрийн 10 цагаас Халх голын ялалтын ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд урилгаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон билээ. Бид Халх голын дайны ялалтад зориулсан музей үзэж, дараа нь Агаарын довтолгооноос хамгаалах ангийн хамт олон хүлээн авч хүндэтгэн зоог барив.             Мэнэнгийн нүд алдам талаар өдөржин давхиж, тэмээн тэргээр нүүдлэн яваа малчид, хар сүлдийг нууж байсан газартай танилцсан билээ. Биднийг энэ орой Петрочайна-Тамсагийн төвийнхөн хүлээн авч хүндэтгэн үзүүлсэн билээ.             Арван нэг дэх өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөр орж, цааш хөдлөн Шилийн богдод 15 км ойртон хоноглов.             Арван хоёр дахь өдөр Шилийн богдод онгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун бөөлж, дараа нь Монгол бөөгийн Тэргүүн Зайран Д.Одонхүү, Өвөрхангай аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Удган Дуламжав нар бөөлсөн  билээ. Энэ үер бороо зөөлөн шиврэн орж бид нэвт норсон юм. Бид тэндээс хөдөлж, Тоорой Бандийн хөшөө, дуут булаг, ноён хатан, бэрийн, хүүхдийн хөшөөтэй танилцлаа. Орой нь Дарьганга суманд буудаллаа.             Арван хоёр дахь өдөр өглөө эртлэн Алтан Овоондоо очиж шүтэн мөргөж, залбирал үйлдлээ. Энэ өдөр үзэсгэлэнт газруудаар тойрч танилцлаа. Бидний цуваа хөдөлж, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн нутаг ирж хоноглосон билээ.             Арван гурав дахь өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд ирж БНМАУ-ын баатар Гонгор, үндэсний бөхийн аварга, босоо Самдангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үдийн алдад Өндөрхаан хотод ирсэн. Аймгийн төв дэх Чингис хааны хөшөө, Халх голын ялалтад зориулсан хөшөө, үндэсний бөхийн аваргуудын хөшөөтэй танилцлаа. Тэр үед Хэнтий аймгийн ОБЕГ-н хамт олон бидэнд хүндэтгэл үзүүлсэн юм. Манай бөө нар Өндөрхаан хайрхандаа зарбирал үйлдэж, мөргөлөө. Энэ өдрийн орой бид Улаанбаатар хотод хүрч ирлээ. Аялалын талаарх дэлгэрэнгүй фото зургийг Сайтын Зургийн цомог хэсэгээс сонирхоно уу.                                       Д.Алтай    

Хуудаснууд

Subscribe to Бидний хэн?,  хаана?, юуг?, хэрхэн?