logo

logo.jpg

Advertisement

Монгол бөөгийн түүх

​Сартуулын Андуу зайран

Сартуулын Андуу зайран Андуу хэмээн авгайлагддаг Сартуулын энэ зайрантан Завхан аймгийн Завханмандал сумын хүн бөгөөд Хүйтэн уул, Шувуун, Гашуунаар нутагладаг байжээ. Андуу гэж авгайлаад жинхэнэ нэрийг нь өнөө залуус нэгэнт мэдэхээ больсон байна. Андуу бөө газар товчлон хаа хол газарт шөнийн дотор ороод ирдэг гэснийг бодоход “нисдэг бөө” байжээ.  Мөн энэ сумын төвийн зүүн биенээ Хараат хайрхан гэж төрийн савдагтай уул бий. Учир нь, эндхийн бөө нарын толь мандаанд нутаг усны бүх уулыг харахад хоёр хайрхан л дээшээ харж бусад нь доошоо харсанаар буудаг байжээ. Тэгээд “Хараат” гэж нэрлэсэн домог бий. Буурал уул, Гашууны худаг, Сэтэрт, Хүйтэн чулуунаар Хишиг зайран, Дүгэр бөө, Андуу зайран, Цагаанхүү удган, Өлзийбүрэн удган, Лаяраг удган, Сандаг бөө, Тосонхүү удган гээд хэдхэн хөх уулыг тойрсон багахан газар ийм чадал эрдэмтэй хүмүүс байсны үр, улбаа одоо ч тасраагүй. Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин сумын нутагт байх тахилгат уул, ус нь бурханы шашны гэхээсээ бөөгийн тахилгатай газар байсаар иржээ. Үүнд, Мандалын овооны хайрхан, Хараат хайрхан, Цахир хайрхан, Хүрэн хайрхан, Сэтэрт хайрхан, Баян-Улааны хайрхан, Голын улааны хайрхан, Хутаг хайрхан, Сар хайрхан, Алтан хайрхан бус Тас хайрхан, Зогсоо хайрхан, Бугатын хайрхан, Хар үзүүрийн хайрхан хэмээн тоолно.  сэтгүүлч, яруу найрагч Чойжилсүрэнгийн Ууганбаяр    

​СЭМЖЭЭ ДЭЛГЭЖ, СЭВЭЭРЭЭ ОЁЖ ШИДИЙГ ҮЗҮҮЛЭВ

СЭМЖЭЭ ДЭЛГЭЖ, СЭВЭЭРЭЭ ОЁЖ ШИДИЙГ ҮЗҮҮЛЭВ               Баглаан удганы охин Амаажий удган цэл залуугаараа насан өөд болсон хүн юм. Энэ тухай домогт өгүүлэхдээ:               Харь газрын нэгэн хэсмэл бадарчин Агарын хайрханд Амаажий удганы гэрт нь иржээ. Бадарчин Амаажий удганыг тохуу хийн хэлээ сугалж алган дээрээ тавиад годгонуулахад Амаажий удган мөчөөгөө өгөлгүй шидэрхэж, гэдсээ хүү татан сэмжээ дэлгэн барьсан гэнэ. Тэгтэл хорон санаат бадарчин нь шороо цацаж эргүүлэн хийгээд үснийхээ сэвээр оёсон боловч тус бололгүй таалал болсон гэдэг.               Өөд болсны дараа нь Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын Шаргын судагт онгодын асрыг нь босгож “Судгийн ээж” хэмээн тахих болсон байна. Амаажий удган хэсмэл бадарчинд хорлогдсонд Баглаан удган ихэд гашуудаж өөрийн тамлагатаа энэ талаар тодорхой оруулжээ.               ...Сэмжээ дэлгэж, сэвээрээ оёход нь бохирдуулсан Замын завхай, зоны золбин нохой явган Хэсмэл хар бадарчин, газраас гарч, гайнаас олдож Учралаар төрсөн ганц бүсгүй үрийг минь Алтан амийг хороосон чи Үхлийн муугаар үхээрэй Үгүйрлийн муугаар үгүйрээрэй гааг...гааг Хагацлын нулимсыг эгшээлгүй Харанхуйгаас гэгээрэлгүй явсан бие чинь Маханд төрсөн ланчиг эдэлж Цусанд амилсан зовлонгоо үүрч Бичиг гэгч эрээн цоохрыг танилгүй явж Бэх гэдэг үмхий шаврыг хэрэгсэлгүй явж Бийр гэгч үстэй зомголыг барилгүй явж Энэ болсон үрийнхээ ард үлдэж, гэгэлж, гасалж Явах учир минь Энэ тавилан минь энэ гэж амьдралын ахуй нутаг ус, онгон шүтээндээ танилцуулж эхэлдэг байжээ.              

​ЗАД БУУЛГАГЧ ХАНГАЛ БӨӨ

ЗАД БУУЛГАГЧ ХАНГАЛ БӨӨ   Тулуй хаан 1231 онд Хятадын Алтан улстай байлдаж явах үед гурван түм орчим цэрэгтэй, гучин түм орчим цэрэгтэй, гучин түм орчим Хятадын цэрэгт Хар луу мөрний эрэгт тулгарч олон хүний хүчинд мөхөсдөн их мөрний тохой газар руу шахагдан Хятад цэргийн гарт амь үрэгдэх, эсвэл их мөрний усанд үйж үхэх хоёр зам Тулуй хааны цэргүүдэд тулгарч гэнэ.   Аргагүй байдалд орсон Тулуй хаан Хангал бөөгөө дуудаж, үхлийн аюулаас гарах арга замыг дээд тэнгэрээс гуйж зад барихыг тушаажээ. Хааны зарлиг ёсоор задаж Хангал бөө гал тахин бөөлж, тэнгэрийг дуудан аврал эрэн зад буух бүх аргыг хэрэглэсэн байна.   Ингээд Хятадын цэргийн өмнүүр болон араас нь олон хун шувууд гарч ирэн их дуугаар хашгиралдан байснаа гэнэт алга болж, түүний араас зуны цаг байсан атал эхлээд бороо орж, дараа нь шувуун зад буун түүний араас цасан шамарга болон хувирсан нь халуун зунаар ийм хүйтэн шамарга тулгарна гэж бодоогүй явсан. Хятад цэргүүд балмагдан сандарч, сүйрэх аюулд орон Монгол цэргийг бүслэн хаахаа зогсоож улмаар цэргүүд нь барьсан нум сумтайгаа хөлдөн царцаж, хиаран үхэхдэхийн унацгааж эхэлсэн байна. Ингэж Тулуй хааны Монгол цэргүүд Мөнх тэнгэрийн ивээл, Хангал бөөгийн эрдэм чадлын ач тусаар эсэн мэнд үлдсэн гэдэг. Ингэж зад барьж Тулуй хааны цэргүүд сүйрэлээс аврагдсан тухай Рашид Ад Дин “Судрын чуулган-д бичиж түүхэн баримт болгон үлдээжээ.

БӨӨГИЙН ТЭЭХЭН

БӨӨГИЙН ТЭЭХЭН   Тайтан Мөнхийн тээхийн нэгэн Чөгжий хэмээх ядуу анчин эр долоон хүүтэй амьдрал тааруу, ан гөрөө хийж амь зогоодог байжээ. Түүнийг Мөрөнгийн эхний Хэлтгий буланд суурьших гэхээр нь Баштаг удган бөөлж жатга хийжээ. Гэтэл Чөгжий биеэ битүү хуяглаад унтаж байтал Баштаг удганы хэнгэрэг тархин дээгүүр нь нисэн ирж нар буруу гурав тойроод муухай гонгинон алга болжээ.   Өглөө босож Баштаг удганыд очвол чи одоо болтол амьд явж байгаа юмуу? гэжээ. Таны ээлжийг өнгөрсөн шөнө арай гэж давлаа. Өнөө шөнө миний ээлж шүү гэжээ. Тэгээд шөнө болохоор бөөлж удганыг жатгадан үхүүлээд тэр нутагт хүрч айл өрх болсон аж. Чөгжийн долоон хүү бөөгийн тээхний удам угсаа гэж Дархадын баруун отгийнхон буюу өнөөгийн Баянзүрх сумынхан домоглон ярьдаг

АГАРЫН ХАЙРХАН

АГАРЫН ХАЙРХАНЫ ДОМОГ    Амаажий удган бол Дархадын алдарт удган Агарын хайрханы шүтээн болсон Баглаан удганы охин  юм. Удган эрхэт Дархад ястай бөгөөд үнэг болон хувирдаг ид шидтэй байсан гэлцдэг.   Дархадын гурван отгийн төлөөний хүмүүс Богдод мөргөхөөр ачаа хөсөгтэй Хийтийн амаар Бэлтэс гол гарах гэж ирэхэд нь харуулын занги үл зөвшөөрч гэнэ. Мөргөлчдийг ахлаж явсан хүн нэг хурдан элч томилж Судагийн Хайрханыг тахиж, зам шулуутгуулж ир” гэж мордуулжээ. Тэр элч “Чи Дархад нутгийг хардаг юм бол харах цаг чинь боллоо. Харуулын занги биднийг саатуулав. Идтэй юм бол идээ үзүүл. Биднийг харж үз” гэж Амаажий удганд хэлээд буцав.    Буцах замд элчийн морь бусгаж туйлахад эргээд харвал хар морьтой хэнгэргээ элгэндээ тэвэрсэн, орвоо сунган барьсан бөө давхин өнгөрөв. Дээр нь ч хэнгэрэг тас хийж, салхи шиг л алга болов. Тэр элч мөргөлчид дээр ирэхэд “За юу болов” гэж асуухад “Судгийн хайрханыг тахиулаад ирлээ” гэв.    Тэр мөчид харуулын занги гурван настай хүүгээ дагуулан Хонгогчин гэдэг газар айлд архидаж байтал нохой боргон хуцаж, их дуу чимээ гарав. Гэрийн эзэгтэй гарч хараад:  “Уяан дээр янзын аймшигтай юм ирсэн байна” гэв. Харуулын занги тэвдэж гараад мориныхоо цулбуурыг хутгаараа тас огтолж хүүгээ дүүрээд гэрийн зүг зугтан давхив. Харуулын занги Хулагчин уруудаж явтал, Амаажий удганы аянгын тэг татсан боловч занги гэрийнхээ гадаа хүрчээ. Занги мориноосоо буун гэрийн зүг гүйх зуур зангийг аянга ниргэж хүү аврагдсан бав.   Маргааш нь мөргөлчид Бэлтэс голыг гаталж аян замдаа шуударсан гэлцдэг.  

ГОЁ УДГАН

ГОЁ УДГАН    Гоё удган нь Жотог заарингийн охин бөгөөд ах нь Ноёо бөө, дүү нь Хаж заарин юм. Гоё удган нь дүү Хаж зааринтай хүчээ үзэлцсэн Ахай Буриадын Бух бөөтэй ид шидийн хүчээр үзэлцэн, дүүгийнх нь онгодыг авч явсаныг булаан аваад авчирсан гэдэг. Гоё удганыг өөд болсны дараа онгодыг нь Хурц уулын хажууд асарлан тавьснаар “Хурц уулын ээж” гэж нутгийн ардууд нь тахин шүтсээр ирсэн байна.

Мөнхтэнгэрийн хишгээр хариу барьсан түүх

Мөнхтэнгэрийн хишгээр хариу барьсан түүх Энэ явдал Өмнөгөвь аймгийн өмнө хэсэгт болжээ. Өвөл маш хүйтэн болж, газар дэлхий цасанд дарагдан өвс ногоо муу хэдэн мал нь идэх юмгуй айл хунар байж суухын аргагуй зутарч эхэллээ. Бүл чадал сайтай айлууд нь нүүдэл хийж газрын харыг бараадан нүүсэн ба нэгэн залуу жирэмсэн эхнэрийн хамт хэдэн малтайгаа хоцрохоос өөр аргагүйд хүрсэн байв. Цаг хугацаа өнгөрч эхнэр нь ч төрөн хүүтэй болж, хүйтний эрч арай зөөлөрч хаврын сартай золгоход цөөхөн хэдхэн мал үлдсэн байсан ба зуданд ихэнхийг нь тавиад туусан байлаа.  Нэгэн өдөр гэрийн эзэн тэнгэр гайгуй болохоор ойр хавийнхаа газрыг сониучлан гэрээс нэлээд хол дов толгодоо тойрон явж нэгэн уулын ам өгссөн хавцлын эхэнд ирэв. Хавцлыг даган өгстөл ам нь нэлээд нарийслаа. Гэтэл яг тэр нарийссан хэсэгт хэдэн бэлтрэг байсан ба тэд маш туранхай үнэхээр өлссөн хоолгуй удсан бололтой байжээ. Өлөгчин эх чоно нь тэр үед байсангуй. Залуу гэртээ эргэн ирж эхнэртээ энэ тухай сонирхуулан ярьтал Эхнэр нь амьтан хүн ялгаа юун тэр өлссөн бэлтрэгнүүдэд гадаа буй зуднаар үхсэн мальн сэгнүүдийг хэсэглэн хувааж аваачиж өгөхийг санал болгожээ. Залуу ч сэгээ даахаараа шуудайнд хийж бэлтрэгнүүдийн ойролцоо хавцал руу аваачиж хаядаг болов. Цаг хугацаа ч арай наашилж гаднах сэгээ ч зөөж дуусах үед бэлтрэгнүүд ч сүрхий хөдөлгөөнд оржээ. Нэг өдөр хавцал руу дөхөөд очтол нөгөө хэдэн бэлтрэг эх чоно бүгд байхгүй болсон байлаа. Нэлээд хэдэн хоногийн дараа шөнө дунд унтаж байтал гэнэт л гэрийнх нь гадаа эргэн тойронд нь чоно улилдан, хашаан дахь зуднаас үлдсэн хэдэн хонь ямаа нь үргэж, эхнэр нөхөр хоер гарахаас ч айн хэзээ хаалга зад онгойн чононууд ороод ирэх бол гэхээс сүнс нь зайлах дөхжээ.Нөхөр нь эхнэртээ уурлан чамаас л боллоо, хэдэн малын сэг аваачиж үхэх гэж байсан хэдэн бэлтрэг тэжээж, өөрсдөө сүүлдээ бариулдаг байжээ хэмээн үглэн эхнэр хүүхдээ тас тэврэн орж ирэхийг нь хүлээн хэвтэнэ. Гэтэл чононууд гэр тойрч баахан улилдан байснаа чимээгүй болчихов. Гарч харахаас айн хэвтсээр нэг мэдэхэд нам унтаж өглөө болсон байлаа. Шөнө болсон явдлаа санан эхнэр нөхөр хоер нөгөө хэдэн хонь ямаа ч дууссан байх аа гэсээр гэрээсээ хамтдаа гартал хэдэн мал нь хашаандаа бүрэн байна гэнэ. Тэгтэл хашааны баруун өнцөгт нэгэн хар нүдэн шинэ гарсан охин хурга байхыг хараад мэл гайхав. Өөрсдийнх нь биш.Чононууд л хурга зууж ирсэн болж таарлаа. Чоно ингэж Мөнхтэнгэрийн хишгээр хариу барьсныг залуу тэр үедээ ойлгосонгүй. Урин цаг ч ирж ингэж хөглөсөн нэгэн өвөл өнгөрлөө. Гэтэл дараа жилээс нь өнөөх хар нүдэн хурга ихэрлэж, жил өнгөрөх тусам тэр залуугийнх нь хар нүдэн хурганы удмууд ихэрлэн хотондоо хонь нь дүүрчээ. Тийм л орчлон ертөнцтэйгээ нэгдсэн ухамсрын түвшинд хүрсэн учраас л би чоныг ТЭНГЭРЛЭГ, ХИЙМОРЬЛОГ гэдэг гэж ойлгодог. Амьдралын төлөө эцсээ хvртэл тэмцэж дуусдаг. Ингэхдээ эр бяр, ов залиас авахуулаад байгалиас заяасан бvхнээ дайчилдаг амьтан бол чоно. Хvнээс дутамгvй арга ухаан сийлж, vнэгнээс ч илvv ов заль гаргадаг гээд чоно гэдэг амьтны талаар мэдэхгүй хүн бараг байхгүй. Бурхан амьтдад хүссэн нэг зүйлийг нь өгч байхад Чоно ухаан гуйж авсан гэдэг. Дараа нь хүн ирээд арга гэдэг зүйлийг авсан гэдэг домог ч бий.  

Өнөөдөр өнөө сүрхий чанар

Өнөөдөр өнөө сүрхий чанар   Өнөө сүрхий онгодоо авсан түмэн олны төлөө буян үйлдэнэ хэмээн ам тангараг өгч байсан бөө, удганууд сар шиний засал нэрээр хэрэг үйлдэх нь ихсэв. Ажил амьдрал нь нэг л тэгширэхгүй байхаар манайхан өөрсдөөсөө боллоо гэж огтхон ч бодолгүйгээр мухар сүсэгтээ дийлдэн лам хувраг, бөө удганыг үнэд оруулж, байдгаа барьчихаад дээрээс нь өөрөө хохироод үлдсэн нэгэн хэргийн  талаар өгүүлье.               Баянгол дүүргийн 20 дугаар  хорооны иргэн 17 настай, МУИС-ийн оюутан Н-г ээж нь  “Хулгана жилтэй хүмүүст морь жил харш юм байна. Хичээл номынхоо завсраар Гандан орж ном уншуулаарай, юмыг яаж мэдэхэв. Дээрээс нь  чиний мэнгэ голлосон юм билээ”  гэж хаанаас ч юм бэ олсон нэгэн сонины тасархай олоод хэлжээ. Гэтэл ээжийнх нь хэлсэн энэ үг ч нөлөөлсөн юм уу шалгалтаа тааруухан өгөв. Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэгчээр дараагийнхаа шалгалтан дээр ч уначихсанаас хойш охины толгойд лам хуваргаар явах нь дээр юм байна гэсэн бодол хэдэн өдөр эргэлдэв. Сар шинийн 15-наас өмнө амжиж Ганданд очихоор гудамж ороон явж байтал  “ Харш жилтэй хүмүүст бөөгийн бүх төрлийн засал хийнэ, хар цагаан хэл ам, хараал жатга хариулна “ гэх зар бичсэн хашаа өөрийн эрхгүй нүдэнд нь тусчээ. Охин ч эрсэн зүйлээ олсон мэт орвол хашаан дотор хамгийн буланд  байх нэгэн жижиг шавар байшинд нүүрнийхээ урдуур унжлага унжуулсан Бэхбат гэх бөө Н-г босго давангуут  “ Хулгана жилтэй эмэгтэй хүн ч энэ морин жил явдалтай “ хэмээн хэлэхэд охин үнэн голоосоо итгэв. Тэгээд үргэлжлүүлэн “ Хар цагаан хэл ам ихтэй байна. Шиний 25-ны дотор засал хийлгэхгүй бол амь насанд цөвтэй. Гараад нэг шил архи, арц, таван ширхэг том чихэр, сонгино, сармис нэг нэгийг аваад ир “ гэжээ. Бөөгийн гүнээ итгэсэн Н ухасхийн гүйн гарч, хэрэгцээтэй зүйлийг нь авч ирэв. Бэхбат архиа задлан, бөөгийн засал хийнэ хэмээн архи уулгаж нэлээд согтоожээ. Түүгээр ч барахгүй хар, цагаан хэл амыг нь архиар цэвэрлэж гаргана хэмээн хуурч зочид буудалд дагуулан ороод хамаг хувцсыг нь тайлж, хөвөнд шингээсэн архиар биеийг нь арчсан дүр үзүүлж дөвчигнөжээ. Үлдсэн тал шил архийг аягалан ямар нэгэн юм шивнээд охинд шахсаар уулгаад согтоожээ. Ийнхүү тасарч унасан охиныг тэрээр өөрийн дураар буудлын өрөөнд хэдэн цагаар эдэлсэн аж. Охин ухаан орсоны дараа босож ирвэл хамаг бие нь хөндүүр байх бөгөөд дотуур хувцас нь нил цус болсон байж. Н шууд эмнэлэгт очиж үзүүлбэл онгон хальс нь хөндөгдсөн, хүчиндүүлсэн болохыг тогтоожээ. “ Харш жилтэй хүнд бөөгийн засал хийнэ “ хэмээн хуурч залилаад хүчиндсэн Бэхбатыг цагдан хорих явцад мөн л 17-18 насны хулгана жилтэй гурван охиныг хүчиндсэн нь илэрчээ.  Бэхбат нь таван  жилийн өмнө бөө болсон бөгөөд урьд өмнө  залилангийн хэргээр  тэнсэн авсан аж. Үүнээс гадна Төв аймгийн нутагт бөөгийн чанарыг авахуулж байна хэмээн нэгэн хуурамч бөө цэл залуухан 25 настай охиныг халуун чулуун дээр суулгаж, түлж алсан ноцтой хэрэг гарч байжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйлчлүүлэгчээсээ ахиухан мөнгө салгах гэсэн нэгэн шуналт бөө машиныг нь дэлбэлж байсан хэрэг гарч байсан юм. Энэ мэтчилэн сар шинийн дараа луйварчин гаж донтой бөө, удгануудын хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна.   

Лус нүдгүй учир удмаар нь хорлодог ажээ

Лус нүдгүй учир удмаар нь хорлодог ажээ Эрт дээр үеэс өвөг дээдсүүд маань байгаль их дэлхий уул ус, хайрхан толгод, гол горхи болгон амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд тэдгээр эзэд нь Лус савдгууд билээ. Ойролцоогоор лусын 8 аймаг ерөнхийд нь 3 лусад хуваадаг.Үүнд: 1. Хар лус - бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр 2. Цагаан лус - газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр 3.Хөх лус - булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр Лус хүнээ хэрхэн олж яаж шийтгэдэг вэ? Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм. Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэг ходоод эмэгтэй хүний сав өндгөвч элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг. Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу эрэмдэг саажилт болгодог. Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг. Шинж тэмдэг нь: Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг.Лусын савдаг харахад нүдгүй амгүй хамаргүй чихгүй ус мэт урсах үстэй, үүл мэт хөвөн шиг зөөлөн, эрэмдэг нүүрээ нуугаад харуулахгүй байдаг юм билээ. Бөө улаач нар лус савдагийн эзэн нь хүний дүрээр харагдах нь олонтой, лам хуврага билгийн мэлмийтэй хүмүүст амьтны дүрүүр харагддаг байна.Лус эхлээд 5 цулаар бариад аажим хүндэрсээр хавдар болно. Засал хийн аргадамгүй бол хортой хавдар болон эцсийн шатандаа найдваргүй болж байгаа нь тэр. Тэгэхээр арга, билэг 2- ыг заавал хэрэглээд үзэхэд илүүдэхгүй шүү ухаант ард минь.  Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Юуны өмнө байгаль эхтэйгээ бид хүйн холбоотой учраас байгаль дэлхийдээ зүй бус сэтгэлээр хандахаас бүх зүйл эхлэнэ. Лусын амьтан -бөөгийн ертөнцөд ус чийгийн бүх амьтдыг лусын амьтад хэмээн үздэг, Лусын гүйдэл -тодорхой орон зайн усны гадаргуу дээгүүр зам өөрчлөгдөхгүй шулуун замаар тогтмол гүйдэг үзүүр ёзоортой 2 зай хол ойр янз бүр байдаг байна,өвөл унтдаг. Лусын овоо- Усны бэлчир болон булаг шандын эхний, түрүү хавьд байрлуулсан, орох үүдтэй , үүдийг нь өмнө зүг рүү харуулан барьсан чулуу, модон овоодыг лусын овоо гэнэ. Лусын өнгө-Монгол бөөгийн онгод тэнгэрийг дуудах дуудллагад “Хар лус хамжаатангууд,Хөх лусыг хөлтөнгүүд, Цагаан лус дуудианчууд” хэмээн дууддаг.Хар лус нь газрын хар шороо, хөх лус нь ус, цагаан лус нь хий гэсэн санааг илэрхийлдэг байна. Лусын хаад-Бөөгийн жаягаар лус гэдэг ойлголтыг бүхэлд нь “Лусын хаад” гэж ярьдаг. Ертөнцийн 6 их хаадын нэг нь Лусын ганц хаан аварга загас хэмээнэ. Лусын хашаа-лусын хонхор бөөгийн зан үйлд тусгайлан хийдэг үйл байдаг  Лус савдагаар хөлөлсөн бөө Лус савдагтай нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг газар лусаар хөллөсөн бөө ийм бөөгийн увдсын хүч чадал харьцангүй өндөр хэмжээнд байдаг. Лусын эздийн дүр төрх бөө бүхэнд үзэгддэггүй ч гэсэн зарим бөөд үзэгдэхдээ хүний, амьтны дүрээр харагдах тохиолдол байна дан ганц байгалийн давтагдашгүй үзэгдэлээр лусыг хөдөлгөж байгаа нь ч лусаар хөллөсөн эрэгчин, эмэгчин лустай нөхцсөн бөө нар гэж тайлбарладаг. Өргөл өргөхдөө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд: 1. Юунд өргөх байна түүнийгээ дуудах 2.Хэн өргөж байна өөрийгөө таниулах 3. Хүсэл зорилгоо хэлэх гэсэн дарааллаар өргөдөг. Жишээ нь: Уул усандаа өргөл өргөхдөө: -Хан их хайрхад Хатан их лусад мин ээ -........ жилтэй ........ би идээ цайныхаа дээжийг өргөж байна аа -Гал голомт үр хүүхдийг минь ивээлдээ авч хайрлана уу? гэх мэт. Бидний эргэн тойронд нүдэнд үл үзэгдэх олон тооны энерги байдаг бөгөөд эдгээр нь бүгд сайн сайхан юмс байдаггүй. Өөрийн хандаж өргөж байгаа юмсаа дуудаж өргөхгүй бол эдгээр болох болохгүй завсрын сүнснүүд таны өргөлөөр хооллоод өргөл тань хүрэх ёстой эзэндээ хүрэхгүй дүлий өргөл болох магдлалтай. Ер нь өргөл өргөнө гэдэг нь тухайн хүн тэнгэртэйгээ харьцаж байгаа үйлдэл юм. Эрт дээр үеэсээ өвгөд дээдэс маань өргөлөөрөө тэнгэр лусадтайгаа харьцаж өөрөө өөрийгөө засч чаддаг байжээ. Өргөл өргөх, уул хайрхадын овоо тахилганд очихдоо богино өмд, богино ханцуйтай цамц, углааш өмсөж очвол нүцгэн шалдан очиж байгаатай ялгаагүй байдаг. Ямар ч монгол хүн өвөг дээдэс, өндөр хүндэтгэлтэй хүмүүнтэй золгдоо хөлдөө гуталтай, биедээ хувцастай, толгойдоо малгайтай золгодог ёс байдаг,гэхдээ өргөлдөө малгайгаа авч магнайгаа харуулж байгаад өргөх нь зүйтэй юмаа. Энэ ёс нь уул хайрхадын овоонд гарах, уулын оройд гарах, элдэв тахилгад оролцох, өргөл өргөх зэрэгт мөн хамаарна. Монгол хүмүүс зөн совин сайтай . Алив үйл хийхэд хүн өөрийн зөн совингоо сайн сонсож, сайныг бодож, сайхныг сэтгэж хийвэл бүтэхгүй үйл, болохгүй ажил гэж байдаггүй гэдгийг санаж яваарай. За тэгээд авах гээхийн ухаанаар хандаарай . Ж.Сондор

XX зууны баруун Монголын домогт хөвгүүд

XX зууны баруун Монголын домогт хөвгүүд   1912 онд Баруун хязгаарын ард түмний түүхэнд эргэлт гэж нэрлэмээр олон зүйл тохиожээ. 1912 оны зуны эхэн сард Ховдын хязгаарын гурван хошуу Богд хаант Монгол улсдаа нэгдэхээр өргөдөл хүсэлт илгээж байсан бол 7-р сард Ховд хотыг Манж, Хятадаас чөлөлөх дайныг эхлүүлсэн билээ. Манжийн талхидалаас хагацан салахыг уриалсан Жа лам хэмээх Догшин хутагт Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын уриалгыг Дөрвөд, Баяд, Урианхай, Торгууд, Захчин, Өөлд бүгдээр хүлээн авч түрэн босож Манжийн 150 гаруй жилийн талхидал, дарангуйлалыг халсан түүхтэй. Ховд хотыг бүслэн хааж, Алтайн цаанаас байнга нэмэгдэн ирсэн Хятад цэрэгтэй тулалдсан энэ байлдаанд 3000 гаруй цэрэг эрс оролцсон юм.  Дор намтрыг нь товч бичиж буй баатар эрсээс гадна заавал дурдах ёстой хүмүүс бий. Энд нэрлэж буй баатрууд чин зориг үзүүлж цэрэг захирч гарамгай амжилт гаргаж байсан бол зарим нь алтан амиа өргөсөн баатар юм. Үүнд - Дөрвөдийн Зоригт ханы хошууны мэйрэн Баатар, бэйс Аюурзана, -Баядын Ерөөлт засгийн хошууны мэйрэн Нацаг, - Дөрвөдийн Далай ханы хошууны тайж Түмэнбадам-Аюурзана, мэйрэн Дагдан, занги Нацагдорж, цэрэг Хөхөлдэй, -Баядын дайчин засгийн хошууны Засаг, ван Самданжамцой, залан Эбэй, занги Түвширэх, - Баядын Жонон засгийн хошууны занги Надмид, Үйзэн засгийн хошууны залан Бүргэд, Саруул засгийн хошууны тайж Парчин, Сэцэн засгийн хошууны мэйрэн Очир, Эрдэнэ засгийн хошууны занги Мөхөлдөг, Эетэй засгийн хошууны мэйрэн Даваа нарыг онцгойлон нэрлэе. Улиастай, Хүрээнд суух Манжийн амбан Монголчуудад бууж өгч нутаг руугаа хөөгдсөн тэр үед ганцхан Ховдод суугаа Манж амбан бууж өгөх нь байтугай “сайн дураар бууж өгч Монгол нутагаас явах”-ыг шаардахаар очсон Торгуудын Төмөржин ноёныг эрүүдэн хороож, гарцаагүй дайн тулаанаар шийдвэрлэх арга замгүй байдалд хүргэсэн билээ. Ийнхүү 1912 оны зуны эхэн сараас эхлэн Ховдын дайн эхэлж, намрын эхэн сард шийдвэрлэх тулалдаан болсон түүхтэй. Баруун Монголын ард олныг өөрийн биеэр үлгэрлэн дагуулсан ноёдуудыг товч танилцуулъя. ҮНЭН СҮСЭГТ ЗОРИГТ ХАН СОДНОМЖАНЦОЙ Дөрвөдийн хошой чин ван Гомбожавын ахмад хүү, тэрбээр 1880 онд төржээ. Зургааннастайдаа эцгээ залгамжилж 1686 онд Засаг, хошой чин вангийн хэргэм зэргийг хүртжээ. Хар багаасаа төрийн хэрэгт суралцсан тэрбээр 1925 он хүртэл хошууг захирч явжээ. Түүний үед Улаангомын Дэчинравжаалин хийдэд шинэ дацангууд нээгдэж, хүрээ хийд өргөжин тэлж байжээ. Мөн энэ үед хошууны хүн ам өсөж 12 сумтай болов. 1912 онд Богд хаант Монгол улсад харъяат чуулганы бусад гурванхошууны хамтаар дагаж орох өргөдөл гаргасан тул Үнэн Зоригт хан цол, ханы хэргэм хүртээжээ. 1912онд Ховд хотыг Манжуудаас чөлөөлөх тэмцэлд өөрийн хошуунаас 500 шахам цэрэг удирдан оролцсон төдийгүй өөрийн биеэр хүчин зүтгэж Богд хаанаас хүрэн жолоо, шар торгон өргөмжлөл хүртэж байжээ. Содномжанцой 1912 онд Зоригт ханы хэргэм хүртэж байхдаа 32 настай байжээ. Дөрвөдийн хоёр чуулганы хамтарсан их хурал 1921 оны 7-8-р сард хоёр хошууны зааг нутгийн ойролцоо одоогийн Түргэн сумын нутаг Мөстийн бэлчир хэмээх газар хуралдаж, Баруун Монголын ардын засгийн газрыг байгуулахад Зоригт хан Содномжанцой тус засгийн газрын дэд сайдаар тохоогдож байжээ. 1911-12, 1921 оны хувьсгалын үед эх нутгаа харийн цэргээс чөлөөлөх үйлсэд бие сэтгэл, эд хөрөнгөөр хүчин зүтгэж, мөн Чуулган, аймгийг толгойлон удирдаж ирсэн Содномжамцой ханыг судлаж түүхэнд эзлэх байр суурийг нь зохих ёсоор эзлүүлэх ёстой. ХАРЛАГ БЭЙС АЮУРЗАНА Хошой чин ван Гомбожавын хүү Аюурзана 1883 ондтөрсөн. Чин улсын Бадаргуулт төрийн 27-р он (1901)-д тайж болсон. 1912 онд харъяат аймгийн хан, да жанжин, олон засгуудын хуучин тамгуудыг халж, шинэ тамга цутгуулах, мөнгө хүргэх, бас Богд гэгээнд мөргөхөөр очсон учирт бэйсийн зэрэг хүртжээ. Олонд “Харлаг бэйс” хэмээн алдаршсан нь насан багадаа хийдэд шавилж байгаад шар шувталж хар болсонтой холбоотой Сэргэлэн авхаалжтай, эрдэм номтой тайж байв. Өөрийн хөрөнгөөс ядарч зовсон лам, хар олонд өглөг их тараадаг ноён байсан гэлцдэг. Тэрбээр 1913 онд Баруун хязгаарыг тохинуулахын сайдын хамтаар баруун хязгаарыг Хасгууд уугалан түвээсэнд цэрэг авч амжилттай дайтаж байжээ. 1913 оноос Зоригт ханы хошууны хэргийг эрхлэн шийтгэж, 1920 онд Автономик засгийгсэргээх асуудлаар Бээжинд очсон Монголын төлөөлөгчдийн дунд баруун хязгаарыг төлөөлөн бэйс очиж байв. 1920 онд Ховдын сайдаар тохоон томилогдож байсан. 1921 онд Мөстийн бэлчирт байгуулагдсан Баруун монголын Ардын засгийн газрын дотоод яамны сайдаар томилогдсон. 1922 онд Ховдод суух төлөөний сайдаар Гомбо-Идшин гүн томилогдсоны дараа Аюурзана бэйс Дөрвөдийн баруун чуулганы даргаар тохоогдож байсан байна. 1923-1924 онууд Монгол улсын Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад чөлөө мэдүүлэн уул нутагтаа иржээ. 1928 онд “Дөрвөдийг тусгаарлах гэсэн шар Санжийн хэрэг”-т холбогдон байцаагдаж байгаад 1929 онд нас баржээ. Тэрбээр Орос хийцийн хоёр давхар байшин бариулж байсан нь одоо хүртэл Улаангом хотноо буй. Хоёр давхар байшингийнхаа хажууд хүнсний зориулалт бүхий урт цагаан байшинг ердийн тоосгоор бариулсан байдаг. Хоёр давхар байшинг Богдын өвлийн ордонтой төстэй, хэлбэр хийц нь Европ маягтай, шавар дээвэр, модон тааз, тоосгон ханатай, дээд давхарт гадны зочин гийчин буудаг, нарийн модон вандантай байсан, доод давхарт Хятад маягийн халуун ханзтай, дээд давхарт гадна талаас нь шатаар ордог, Аюурзана бэйс өөрөө хавар, намрын цагт сууж амьдардаг гэх зэргээр судлаачид тодорхойлон бичсэн байна. Дөрвөд аймагт анхны хоршоо байгуулагдахад тэрбээр орон сууцаа өгч байсан мэдээ бий. ТӨГС ХҮЛЭГ ДАЛАЙ ХАН ТҮМЭНДЭЛГЭРЖАВ Дөрвөд далай хан Галсаннамжилын ахмад хүү. 1874 онд төржээ. 1912 онд Засаг, Төгс хүлэг Далай хан цол залгамжилсан. Бат ерөөлт, үнэн сүсэгт, төгс хөлөг Дөрвөд Далай хан Г.Түмэндэлгэржав 1911 оны Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцэлд эрслэн босож, Ховд хотыг чөлөөлөхөд өөрийн хошууны 700 цэргийг удирдан оролцжээ. Үүний учир Богд хаанаас өндөр хэргэм зэрэг шагнуулжээ. 1912-1913 онд Засагт хан аймгийн Дайчин засаг Жалчингомбодоржийн хошуунд нэвтрэн дээрэм тонуул хийж байсан Хасгийн дээрэмчдийг Ховдын сайд Ноён хутагт Дамбийжанцангийн хамтаар 500 шилдэг цэргээ дагуулан очиж бут цохиж байжээ. Дөрвөдийн зүүнгарын чуулган (нийт 12 хошуутай)-ыг удирдахын хамт аймгийн хан, хошууны Засаг ноён байж, 1914 оноос 1917 он хүртэл Ховдын хэрэг шийтгэх сайд, 1916 онд Монгол улсын сангийн яамны дэд сайд, 1917-1919 он хүртэл Ховдын сайдын албыг хашиж явжээ. 1921 оны ардын хувьсгалын ялалтыг Баруун Монголд үргэлжлүүлэн тэндээс гадаадын цэргийг хөөхөд хүчин зүтгэл гаргасан хүн юм. 1921 оны 7-р сард Баруун Монголын Ардын засгийн газрыг байгуулж тус Засгийн газар татан буугдтал Ерөнхий сайдаар ажиллаж байв. 1921-1925 он хүртэл Ховдод сууж хэрэг шийтгэх сайдаар ажиллаж байгаад дараа нь энгийн ардын ёсоор 1937 он хүртэл амьдарчээ. 1922 Ховд хязгаарыг төвхнүүлэх төлөөний сайд, Жанжин, Хичээнгүй баатарбэйл Магсаржаваас Ардын Засгийн газрын Цэргийн яаманд айлтгасан нэгэн бичгээс түүнийг тухайн үед хэрхэн үнэлж байсныг мэдэж болно. Тус бичигт “Дөрвөдийн сайн заяат зүүн гарын сайд Далай хан Түмэндэлгэржав болбоос язгуураас шашин Монголын их хэргийн тул чармайн зүтгэсээр ирсэн бидний улсын нэгэн их гавъяа журамтан мөн. Ялангуяа Ардын эрхт засгийг анхнаа үүсгэн явуулах цагаас төлөөний их түшмэд Дамбадорж, Хасбаатар, Нацов нар лугаа нийтлэн онц тусламжийг үзүүлсэн хэргийн улмаас цагаан намын хулгай нарт баригдан амь бие буснихад хүрч, басхүү албат ард нь нэн бэрхээр зовж зүдэн ардын намын цэрэгт үнэн журмаар тусалсан нь гавъяагүй гэвэл үл болох мэт бөгөөд зүй нь учрыг барж туйлын газраас лавлан тогтоовоос зохихын тулд энэхүү сайдын урьд олгосон хишиг жавшааныг сүүл дор тодорхойлон гаргаж Монгол Ардын Засгийн газарт яаравчлан мэдүүлж явуулаад хүрмэгц байцаан томилж энэ зүйлийн хоцрогдсон гавъяаг илэрхийлэн харъяат сайдыг хууль ёсоор сайшаан хөхүүлбээс болох амой. Үүний тул өргөн илгээв” гэжээ.

Хуудаснууд

Subscribe to Монгол бөөгийн түүх