logo

logo.jpg

Advertisement

Монгол бөөгийн түүх

Бөө хүний ёс зүй

Эдүгээ XX зууны сүүл үеэс XXI зууны эхэн үеийн нөхцөлд дэлхийн орон орны ба монголын нутаг дэвсгэр дээр бөө мөргөлийн ёс заншил нь ихээхэн дэлгэрч байгаа учраас өнөө цагийн бөөгийн байгууллагууд ба бөө нарт ёс суртахууны хэм хэмжээ нь хэрээс хэтэрсэн үйлдэл нь мэр сэр гарч байгаагаас шалтгаалан “Бөө хүний ёс зүй” гэсэн товч цувралыг бөөгийн байгууллагууд болон бөө хүмүүст, нийт иргэд бүхэнд зориулан гаргав. Ёс суртахуун гэж юу вэ? Ёс суртахуун нь түүхэн хөгжлийн эхэн үед нийгмийн ухамсрын нэн эртний хэлбэр болон үүссэн юм. Эртний хүмүүсийн үйлдвэрлэл болон  аливаа хэрэглээний өсөлтийг дагаад харилцааны хэм хэмжээ, ёс горим бүрэлдэн тогтсон ажээ. Ёс суртахуун нь маш их өргөн хүрээтэй ойлголт, ялангуяа сэтгэлийн үзэгдлүүдтэй салшгүй холбоотой. Бөө хүн ер нь зан араншингаараа зөв төлөвшихийг зөв ёс суртахуунтай гэж ямар ч нөхцөлд гэсэн ёс зүйн хуульдаа захирагдах нь зүйн хэрэг. Зөв ёс суртахуунтай бөө хүн бол бөөгийнхөө ба бусдын ямарваа нэгэн зөв амьдралд хохирол учруулах тийм хүсэл, шуналаа дарж чаддаг, аль болохоор сайн зорилго бүхий үйлдэл рүү чиглүүлдэг дадалтай болох, гаргасан алдаанаасаа болж ичих, гэмших сэтгэлтэй, улмаар буруугаа зөв хүлээдэг чадвартай байх, олон нүүр гаргах нь гутамшиг гэж үздэг сайн зан араншингийн үйлдлүүд нь зөв ёс суртахуунтай гэж нийгмийнхээ дунд тодорхойлогдоно. Сайн, муу, хүнлэг, шударга ёс, нүгэл хийх зэрэг нь ёс суртахуун ухамсар хийгээд сэтгэл санаа, төрөлх зан араншинг илэрхийлж байдаг. Гэхдээ ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн болон бусад салбарын шаардлагад ч нийцдэг байхыг шаарддаг байна. Яагаад гэвэл, ёс суртахуун нь хүмүүсийн зан араншинг зохицуулж, хориглодог шинжтэй. Ёс суртахууны хорио хязгаар нь: Бөө хүн субьектийн дотоод хүсэл зоригийг хянадаг Бөө хүний дотоод хяналтын хорионы болзол, нөхцлийг илэрхийлдэг Бөө хүн ёс суртахууны хэм хэмжээнд захирагдах нь зайлшгүйг илтгэдэг онцлогтой байна. Дэлхийн орон орны ба монголын нийгэм социологийн судлаачид ёс суртахууны тухай өөр өөрсдийнхөө үзэл бодлоор нэлээд хэрэглээний хэмжээнд тохируулсан ёс суртахууны сургаалуудын агуулгуудыг нийгмийн харилцааны нөхцөлтэй уялдуулан янз бүрээр тодорхойлсон байдаг. Тухайлбал, ёс суртахуун нь хүн ба нийгэм, байгаль, хамт олон, гэр бүл хоорондын харилцааг зохицуулах тогтсон хэм хэмжээ, ёс, дүрэм, хууль, ёс заншил, ёс горим зэргийг өөртөө багтаадаг ойлголт юм. Нөгөө талаар ёс суртахуун нь хүний ухамсар, зан байдлын хэм хэмжээт үнэлэмж байна. Жишээлбэл, сайн, муу, шударга, шударга бус, буян, нүгэл зэрэг. Сайн, муу аль алинд нь хэм хэмжээ бий бөгөөд муу нь сайныг төрүүлэх нэг үндэслэл. Гурав дахь утгаар нигүүлсэхүй, даруу төлөв, хүн чанар зэрэг эерэг чанарыг нийгэмд бий болгодог. Энэхүү байдлыг шинжин үзэхэд ёс суртахуунд зайлшгүй байх гурван шинж агуулагддаг байна. Үүнд: Нэгдүгээрт: Ёс суртахуун нь харилцаа юм Хоёрдугаарт:Ёс суртахуун заавал ямар нэг шаардлага, хэм хэмжээ, үнэлэмжийг илэрхийлнэ. Гуравдугаарт: Хүний үзэл санаа, үйл ажиллагаа өөрөө дундаж, гол ёсонд захирагдахыг зайлшгүй шаарддаг. Ийнхүү сайн гэдгийг батлахад заавал зөв зохистой үйл хийсэн байхыг тэмдэглэгдэнэ.  Монголын эрдэмтэн судлаачид ёс суртахуун(зан суртахуун) хэмээх ойлголтыг янз бүрээр тайлбарлаж байжээ. Жишээлбэл, нийгмийн ухааны доктор Д.Дашжамц “Ёс суртахуун бол хүний зан үйл, нийгмийн болон оюуны амьдралын бүхий л үзэгдэлд хандах үнэлэлтийн өвөрмөц байдлыг бүрдүүлдэг ёс суртахууны хэм хэмжээ, зарчим, категори, чин эрмэлзлийн цогц мөн. Ёс суртахуун өөрийн хэм хэмжээ, үнэлэлт, чин эрмэлзлэлээр дамжуулж хүмүүсийн олон талт харилцааг зохицуулж байдаг нийгмийн ухамсар, хүнээс ертөнцийг эзэмдэх өвөрмөц хэлбэр” гэж тодорхойлсон ажээ.(Д.Дашжамц. Монголын ард түмний ёс суртахууны дэвшилт өв уламжлалаас. УБ. 1982 он. 92 дахь тал.) Мөн доктор Д.Тунгалаг “Бие хүний сайн үйл, хэм хэмжээ, хууль дүрэм гэх мэтийн шаардлагууд нь ёс суртахууны ухамсраар дамжин илэрч, ёс суртахууны харилцааны өвөрмөц хэлбэрүүдийг өөртөө агуулж байгаагаараа үнэн хэрэгтээ бодит байдлын шууд илэрхийлэл нь болж байдаг” гэж тодорхойлсон байна. (Д.Тунгалаг. Ёс зүй. УБ. 2002 он.9 дахь тал.) Ийнхүү дээрхи үндэслэлийг авч үзсэний нөхцөлд одоо цагийн бөө хүмүүсийн зөв, сайн үйлийг хэрхэн дүгнэх вэ? Бөө хүнд ёс суртахуун яагаад хэрэгтэй вэ? гэх мэт асуудлууд тулгарч байгаа учраас ер нь бөө хүнд бол бүх талын харилцааг зохицуулах хэм хэмжээ, зарчим, үнэлэмжийн тухай ойлголттой байх нь чухал. Мөн бөө хүнд байх ёстой хэм хэмжээний ёс суртахуун нь бөө хүний мөн чанар, бөө хүн өөрийгөө ухамсарлах, байвал зохих хэм хэмжээнд ухаарах үйлдэл болж байгаа юм. Тийм учраас бөө хүнд байх ёс суртахуун нь буян, сайн үйлийн төлөө, эрмэлзэх, хүн чанар, бухимдал цухалдлаа захирах ухаан, одоогийн нийгмийнхээ нөхцөлд уялдуулан амьдралын хэм хэмжээнд тохирсон ухамсрын хэлбэр болно. Бөө хүнд ёс суртахуун, зан суртахуун хэмээх хоёр ойлголттой гэдгийг тайлбарлах ёстой. Тийнхүү бөө хүний үйлдлийн субьектив талыг ёс суртахуун, обьектив талыг нь зан суртахуун байх магадлалтай. Ер нь бөө хүний оюун санааны хөгжил нь үе удам дамжсан ба удамшаагүй онгодтой байх хийсвэр эрх, ёс суртахуун, зан суртахуун гэсэн гурван үе шат байх нь зүй. Ийм учраас л бөө хүний хийсвэр эрх нь субьектив байхад зан суртахуун нь обьектив талдаа оршино. Бөө хүний энэ хоёр нэгдэл нь буюу төгс чанар нь эрх чөлөөний дээд шат болох ёс суртахуунд илрэлээ олдог ажээ. Бөө хүнд байх чөлөөт байдал нь тухайн хүний эрхэд илэрч байдаг хийсвэр ойлголт юм. Ийм учраа бөө хүнд байж болох эрх бол чөлөөтэй нөхцлийг бүрдүүлж буй ахуй мөн. Бөө хүн чөлөөтэй байна гэдэг нь бөө хүн бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагааг хийж байх зүйлийнхээ хязгаарыг хянахаас гадна зайлшгүй байх чанарыг ухамсарлах нь чухал. Яагаад гэвэл, бөө хүн бөөгийнхөө үйл ажиллагааныхаа ухаалаг нөхцлийг хангахыг хүсвэл тусгаарлагдсан хүн шиг биш, харин бөө хүн зан суртахууныхаа байдалд анхааралттай өөрийгөө хянах чадвартаа зохицуулах ба түүнээс гадна ёс суртахууныхаа үйлдэлдээ бөө хүн өөрийгөө биш, өөрийн гэсэн мөн чанараа л гол болгох хэрэгтэй юм. Гэхдээ бөө хүн болгон чөлөөтэй утгаараа байна гэсэн хэт буруу ташаа ойлголтыг хүн бүхэнд төрүүлэх юм бол бүр ёс суртахууныхаа хууль эрх нь алдагдах болно. Энэхүү ёс суртахууны хэм хэмжээг хэт алдагдуулснаас шинээр бөө төрүүлж байна гэж хаа хамаагүй тааралдсан хүн бүхнийг бөө болох уг барих замд юуны тухгүй оруулж  байгаагаагаас шалтгаалан ёс зүйг алдаж байгаа юм. Шинээр бөө төрүүлэх учир нь тухайн хүмүүсээ сайн судлаж, өөрийнхөө боломжит  арга барилаар дүн шинжилгээ хийснийхээ үндсэн дээр л бөөгийн үйл ажиллагааны уг барих замд оруулж сургах нь илүү үр дүнгээ өгнө. Ялангуяа 13-25 насны үеийн хүүхэд, залуучуудын оюуны чадамж, удам угсааны талаархи, мэдрэхүйн шинж чанар, мэдлэг боловсролыг харгалзан шинжилсны үндсэн дээр бөөгийн үйл ажиллагааны сургалтын явц гэхэд 3-5 жилийн хугацаанд нь багтаах журмаар бөө мөргөлийн ерөнхий уг барихыг зөв гольдригоор нь оруулах хэрэгтэй шүү дээ. Ер нь ямар ч нөхцөлд бөөгийнхөө болон жирийн нөхцөлд ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж байх үедээ зөв ёс суртахуунтай бөө хүн өөрийнхөө хийж буй үйлдэлдээ ухамсартайгаар ханддаж чаддаг байх ёстой. Бөө хүний ёс суртахуун хүсэл зоригийн хэм хэмжээнд нөхцөлдөж байдаг. Тийнхүү бөө хүний хүсэл зоригийн илэрхийлэл нь  ёс суртахууны ба субьектив үйлдэлдээ байхаас гадна өөрийнхөө бөөгийн үйл ажиллагаанд явагдаж буй зорилгоо биелүүлж байгаа явдал бол субьектив талын чанараа хадгалагдаж байгаа шүү дээ. Иймээс бөө хүн нь ёс суртахууныхаа салбарт хүчирхийллийн нөхцлийг бүрдүүлж болохгүй. Яагаад гэвэл, бөөгийн болон жирийн нөхцөлд явагдаж буй үйл ажиллагаандаа зөв ухамсрын хэлбэр оршиж байх бөгөөд сүсэгтэн олон түмний харилцаа нь нааштай зөв хандлага тавих болно. Бөө хүний зан суртахууны хүрээнд бол субьектийн юу хийхээр төлөвлөж байгаагаа ухамсарлах мэдлэг, хүсэл зориг байх нь нэн чухал. Бөө хүний зан суртахуунт чанар оюун ухааны хэм хэмжээнд нь үндэслэн тодорхой үзэл санааны нөхцөл бүрдэх бөгөөд одоо амьдран буй иргэнийхээ нийгэмд тэгш бус байдал, бөө мөргөлийнхөө үйл ажиллагаанд ч гэсэн олон хуваагдмал үүсч бий болох зарчмыг ч үгүйсгээгүй. Үүнтэйгээ адил бөө хүний хэл соёлын уламжлалд ч гэсэн зан суртахуун гэсэн нэр томъёоллын утгаар уламжилж ирсэн учраас хамгийн эрхэм зарчмууд, харин бөө хүний ёс суртахуун нь зан байдлынхаа хувьд бол өвөг дээдсийнх нь түүхэн хувьсамтгай хэм хэмжээ юмаа гэж ойлгогдоно. Гэвч энэхүү үзэл нь одоогийн нөхцөлт байдлаар ёс суртахуун, зан суртахуун гэсэн ойлголтууд бол нэгэн адил утга агуулагдаж байгаа юм. Ер нь бөө хүн зан байдлынхаа хувьд ёс суртахууны хуульд захирагдах ёстой. Захирдагдаж байхын нөхцөлдөө ч гэсэн хуулиа эрхэмлэх нь чухал. Ийнхүү бөө хүн өөрийгөө хэт их дөвийлгөсөн талдаа орох юм бол бас л өрөөсгөл талтай болно. Тийм ч учраас бөөгийн байгууллагууд ба бөө болон иргэн бүхэн монголын улсынхаа үндсэн хуулийнхаа эрх, хэм хэмжээний дагуу хуулиа мөрдөж явах ёстой шүү дээ. Хуулиас гадуур ёс бусын зан араншин үүсгэх юм бол бөө хүн та олон түмнийхээ итгэл хайрыг хүлээж чадахгүйд хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бөө хүн өөрөө өөртөө дүгнэлт хийж, зан суртахууныхаа тодорхойлолт хийж байх ёстой. Түүнээс гадна одоогийн бидний амьдарч байгаа нийгмийн тогтолцоон дахь янз бүрийн ёс суртахууны ертөнцөд бөө хүн өөрийгөө жишиж үзэх нь чухал. Яагаад гэвэл, бөө хүн өөрийгөө төлөвшүүлэх ёс суртахууны шинэ хэм хэмжээ, хууль дүрмийг сайн судлан өөрийнхөө нөхцөлт байдлаа боловсруулахад хүргэх байна. Ийм учраас одоогийн монголын нийгмийн тогтолцоон дахь байдалд шашны үйл явц ихээхэн газар авч байгаа юм. Үүний нэг нь бөө мөргөлийн үйл ажиллагаа хот болон хөдөө орон нутгийн хэмжээнд түгэн дэлгэрч байгаа учраас бөө хүн тухайн нөхцөл байдалдаа тохирсон жинхэнэ дүрэм боловсруулж үйлдэх чадвартай байх ба өөрийнхөө аливаа бөөгийнхөө үйл ажиллагаандаа ч гэсэн төлөвшсөн байх нь чухал ажээ. Өөрөөр хэлбэл, бөө хүний бөөгийн үйл ажиллагаан дахь цогц чадамжуудын нэг чухал зүйл бол ёс суртахууны хэм хэмжээндээ нийцсэн дүрмүүдийг боловсруулсныхаа үндсэн дээр түүнийгээ өдөр тутам дагаж мөрдөх чадвар л хэрэгтэй. Бөө хүний ёс суртахууны үүрэг: Бөө хүний ёс суртахуун нь бөөгийн үйл ажиллагааг хийж байх үедээ буюу жирийн нөхцөлд мөрдөж байх хоорондын холбоо уялдаа бүхий дараах үүргүүдийг өөрөө өөртөө дүгнэлт шинжилгээ хийснийхээ үндсэн дээр гүйцэтгэх нь: Бөө хүн дэлхийн орон орны ба монгол улсынхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд ч гэсэн тухайн орны болон монгол улсын үндсэн хууль ба өөрийнхөө ёс суртахууны хуулийг зөв чиглэлээр ухамсарч байж л түүнийг дагаж мөрдөн, байгаль эх болон хүн төрөлхтнийг энэрэл хайрын дээдээр хүндэтгэж, өөрийнхөө нэр хүндийг өндөрт авч явах нь чухал. Бөө хүн бөөгийнхөө ба жирийн үйл ажиллагаанд зохицуулах үүрэг агуулагдана. Бөө хүн өөрийнхөө ёс суртахуунаар зохицуулах харилцаа маш өргөн бөгөөд тухайн нийгмийнхээ болон хувийн сонирхол, бөөгийнхөө үйлдлийг сайн үйлд  чиглүүлэх ёстой. Яагаад гэвэл, ёс суртахууны зохицуулах зүйл нь бөө хүн ба сүсэгтэн олон түмний хоорондын харилцаа, нийгмийнхээ дотор бөө хүний зан араншин, биеэ авч явах байдал юм. Үүний зэрэгцээ, бөө хүн улс төр, шашныхаа нөхцөлд  дам зохицуулагдана. Бөө хүн өөрсдийнхөө сурсан эрдмээ аль болохоор онол, практикийг зөв хослуулан боловсорсны үндсэн дээр бөөгийнхөө үйл ажиллагаандаа зөв чиглүүлэх ба бөөгийн сургалтыг ч гэсэн онол, арга зүйн аргачлалаар шавь нараа маш их чадварлаг арга барилаар сургаж байх ёстой. Тэгэхдээ шавь нараа өөрийнхөө онгод тэнгэртэйгээ ижилсүүлэх байдлаар хувцаслуулах, багаж хэрэгслийг нь ижилсүүлэх гэх мэт явцуу үзлийг бий болгохыг хориглох нь чухал. Яагаад гэвэл тухайн  шинээр шавь болж байгаа бөө нарын өөрсдийнх нь асуудал учраас хүндэтгэлийн эрх хэм хэмжээг дээдлэх нь чухал шүү дээ. Бөө хүн бөөгийнхөө ба жирийн үйл ажиллагаанд бол хүмүүжлийн үүрэг гэж хүлээх байна.  Бөө хүнийг нийгмийн тогтолцоон дахь хууль эрхийн хэм хэмжээг хүндэтгэн, өөрийгөө болон шавь, сүсэгтэн олон түмнээ зөв чиглэлээр  төлөвшүүлэн хүмүүжүүлэх үүргийг хүлээнэ. Иймээс бөө хүний хувийн ухамсар төлөвшихөд идэвхтэй өөрөө өөртөө хэр зэрэг мэдлэг боловсрол, улс төр, нийгмийнхээ дотор хэр зэрэг биеэ зөв авч явж байна гэдгээр одоогийн нийгмийнхээ тогтолцоонд амьдран буй түмэн олон чинь таныг үнэлэх болно. Бөө хүний ёс суртахууны мэдлэг боловсрол, хүмүүжлийн чиг хандлага нь бөөгийн ба жирийн үйл явцад ёс бус үйлдэл хийхээс сэргийлэх, ёс суртахууны төлөвшлийг хангах нь чухал. Бөө хүнд ёс суртахууны танин мэдэхүйн үүрэг гэж байна. Энэхүү нь бөө хүний нийгмийн тогтолцоон дахь харилцаанд ба хувийн ёс суртахууны ухамсрыг тусгах хэм хэмжээ, үзэл ойлголтуудыг илэрхийлэгдэнэ. Бөө хүний ёс суртахууны танин мэдэхүй нь ердийн болон онолын түвшнээр ялгаатай байна. Яагаад гэвэл, бөө хүний ёс суртахууны хувьсал түүний нийгмийнхээ тогтолцоондоо гүйцэтгэх үүрэг, зүй тогтлыг танин мэдэхэд ёс зүй онцгой үүрэгтэй салбар юм гэж ойлгох ёстой шүү дээ. Бөө хүний үнэлэмжийн үүрэг. Бөө хүн нийгмийнхээ тогтолцоонд амьдран буй үед өөрийгөө болон сүсэгтэн олон түмний зан байдал, ёс суртахууны хүмүүжилд үнэлгээ өгч байх нь чухал. Энэхүү утгаараа ч гэсэн бөө хүний чадварынхаа хэм хэмжээнд үнэлэмжийнхээ үүргийг гүйцэтгэх болно. Тийм учраас бөө хүн хаа хамаагүй иргэдтэй, шавь нартаа ёс бусын дарамтын зан үйлдлээр доромжлох, дарамтлах, өөрийгөө хэт дөвийлгөх, бөөгийн арга заслыг хийж байгаа үедээ ёсон бусын үйлдэл хийхийг аль болохоор хориглох нь чухал байна. Ийм учраас бүх бөөгийн байгууллагууд ч гэсэн анхааралдаа авч байх ёстой. Тухайлбал, ямарч ухамсаргүй зарим бөө нар би чаддаг, хараал хийж чадна, хүмүүн төрөлхтөнд ёсон бусын арга заслыг хийдэг асуудал мэр сэр бий. Энэхүү бөөгийнхөө арга заслуудыг тухайн иргэд, байгууллагуудад хийх нөхцөл бүрдэх үедээ хэт их мөнгөний хойноос явцуурхах нь нэр хүндийн асуудал учраас маш хүнд байдалд тулгарах болно. Бөөгийн байгууллагууд ба бөө хүний ёс суртахууны талаархи тодорхой хэм хэмжээний мэдээллийг улс орны болон төрийн ба төрийн бус байгууллагуудад, жирийн иргэдийн дунд ч гэсэн үзэл суртлын сурталчилгааг  маш их зөв чиглэлтэй, зөв үндэслэлтэйгээр явуулж байх нь өнөө цагийн нийгмийн тогтолцоонд шаардагдаж байна.   Бөө хүний ёс суртахууны үнэлэмж: Бөөгийн байгууллагууд ба бөө хүний үнэлэмжийн тогтолцоо нь тухайн нийгмийнхээ тогтолцоон дахь оюун санааны амьдралын бүхий л хэлбэрийг багтааасан байх бөгөөд тухайн бөөгийн байгууллагууд болон бөө хүний өөрийнх нь ёс суртахуун, гоо сайхан, үзэл санаа, сонирхлыг нэгтгэн илэрхийлдэг байна. Ёс зүйн тайлбар тольд “үнэлэмж нь субьектив ахуйн дотоод ертөнцийг зохион байгуулдаг эрхэмлэл, хүсэл эрмэлзэл, буян ба зорилго болно. Үнэлэмжийн эх сурвалж нь хэм хэмжээ юм” гэж тодорхойлжээ. Иймээс үндсэн агуулгаар бөө мөргөлийн хувьд бол бөөгийн ёс заншлийн гэж ангилагдана. Бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь тухайн нийгмийн байр суурь, мэргэжил боловсрол, хувийн зохион байгуулалт, соёл, шашин шүтлэг зэргээс гадна угсаатны сэтгэл зүйгээс ихээхэн хамаарагдана. Яагаад гэвэл, бөө хүний үнэлэмж бол зөвхөн өөрт тохирсон үнэлгээ бус, бас үнэлэгч субьект, үнэлэгдэгч объектыг бөө хүн өөртөө багтаадагт байна. Энэхүү бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь хэм хэмжээ, эрхэмлэл, итгэл үнэмшил, хорио цээр зэрэг олон элементүүдийг багтаадаг учраас субьектийн үйлдлийн итгэл үнэмшил, чиглэл болж байдагт оршино. Бөө хүний үнэлэмжийн объект нь бөөгийн ба жирийн үйл ажиллагааны үйлдэл мөн. Тийнхүү үйлдлээр дамжин хүсэл эрмэлзэл, зорилго, сонирхол, мэдрэмж зэрэг бөө хүний ёс суртахууны чанар илэрч гарч байх ёстой. Бөө хүний үнэлэмж нь угсаа гарвал, соёл боловсролын түвшин, нийгэмдээ хэрхэн харилцаж байгаа хандлага, бөө мөргөлийнхөө шүтлэг гэх мэт  олон хүчин нөхцлөөс шалтгааалдаг. Яагаад гэвэл, бөө хүний үнэлэмж нь бусад үнэлэмжтэй харьцуулахад үүсэл, гарлын хувьд хамгийн эртний үнэлэмж байсан учраас удамшсан, удамшаагүй гэсэн нэр томъёоллоор маш их өргөн агуулгатай. Бөө хүний  ёс суртахууны үнэлэмжийг агуулгаар нь зол жаргал, нигүүсэл, ашиг, үнэн, сайн гэх бөгөөд тодорхой нөхцөл дэх шинж тэмдгээрээ эерэг, сөрөг байх нь олонтой. Жишээлбэл, нигүүсэл-зовлон, ашиг тус- хор уршиг, аюултай-аюулгүй, үнэн-худал, сайн-муу гэх мэт. Түүнээс гадна бөө хүний үнэлэмж нь тухайн бөөгийн хэрэгцээ, сонирхлоор ихээхэн тодорхойлогдоно. Бөө хүний ёс суртахууны үнэлэмжийн нийгмийн ач холбогдолтой тал нь гэвэл тухайн бөө хүний эрхэмлэх зүйлс болно. Энэхүү шалгуур нь бөөгийн үйлдэл ба жирийн үед хийгдэх үйлдэл бол: Үр дагавар Сэтгэл ханамж Зөв байгаа эсэх Бөө хүний ёс суртахууны эрхэмлэх зүйлүүд нь хэм хэмжээтэй бүхий агуулгатай бөгөөд  сүсэгтэн хүмүүсийнхээ сайн сайхан, амьдралд нь болох ашигтай үр дагаврын төсөөллийг багтаасан суурь ойлголтууд юм л даа. Яагаад гэвэл, нөгөө талаар бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь бөө хүний нийгмийн болон хувийн сонирхлыг тодорхойлох арга хэрэгсэл шүү дээ. Ийм учраас субьектын уг чанараас шалтгаалах бөгөөд бөө хүн бүхний ёс суртахууны үнэлэмж нь харьцангуй байдагт байна. Бөө хүний үнэлэмж нь тухайн бөө хүний ёс суртахуунтай салшгүй холбоотой. Бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь байгаль ертөнцийг танин мэдүүлэх, зохицуулах, хүмүүжүүлэх, удирдан чиглүүлэх, өөрийн гэсэн ёс журмын хэм  хэмжээт үүрэгтэй байна. Бөө хүний ёс суртахууны хэм хэмжээ, үндсэн зарчмууд:             Тухайн нийгмийн тогтолцоон дахь байдлыг харгалзан засаг төрөөс хуульчлан гаргасанг  хүлээн зөвшөөрсөн, өдөр тутам дагаж мөрдөх шаардлагуудын цогцыг мөрдөхийн тулд бөө хүний ёс суртахууны хэм хэмжээ гэнэ. Бөө хүн болон сүсэгтэн олон түмний нийгмийн харилцаанд ёс суртахууны үүднээс тавигдах шаардлага нь уроамшуулан дэмжсэн, зөвшөөрсөн, хориглосон, үгүйсгэсэн, сануулсан, анхааруулсан, хувь хүний ухамсарт түшиглэсэн итгэл зэргээс илэрч болно. Тийм учраас бөөгийн үйл ажиллагаан дахь ёс суртахууны хэм хэмжээг Монгол Улсын үндсэн хуулийн хүрээнд түшиглэн хуульчлан гаргаж батлавал бөөгийн үйл ажиллагаан дахь эрх зүйн зохицуулалт бий болгох нь чухал болдог.   Бөө хүний үндсэн зарчмууд: Бөөгийнхөө болон жирийн үйл ажиллагаагаа ёс горим, хэм хэмжээнд чиглүүлэх шаардлагыг бөө хүний ёс суртахууны зарчим гэнэ. Бөө хүний ёс суртахууны зарчмыг дараах нөхцөл байдлаар нь ангилна. Үүнд: Бөө хүн өөрийн орчин ба дээд байгууллага, салбар, төвүүдийн эрх, үүрэг болон хэм хэмжээн дэх хууль дүрмийг хүндэтгэж байх Бөө хүн бөөгийнхөө ба жирийн нөхцөлд ч тодорхой үйлдэлдээ төрт ёсоо, хуулиа дээдлэх Бөө хүн бөөгийн үйл ажиллагааг хийж байгаа үедээ эх орон, байгаль дэлхийгээ хайрлах үзэл санаа Бөө хүн бөөгийн үйлдэл ба жирийн нөхцөлд байгаа үедээ хаа ч тохиолдол бүрт эв эеийг хүндэтгэн хичээх Бөө хүн өөрийнхөө нинжин сэтгэл ба өглөгч сэтгэлтэй байх Бөө хүн тухайн нийгмийнхээ тогтолцоон дахь нийт хүмүүн төрөлхтнийхээ нэр төр алдар хүндийг хайрлан хамгаалах Бөөгийнхөө үйл ажиллагааг явуулж байх үедээ лус хангайгаа болон сүсэгтэн түмэн олондоо хичээнгүй, үнэнч шударга байх Түмэн олонтойгоо хүнлэг энэрэнгүй хандаж байх Бөөгийнхөө үйл ажиллагаандаа бөөгийн ба ардын уламжлалын ёс заншлийн дэг журмыг хатуу баримтлах зэрэг олон талт үйл ажиллагаандаа өдөр тутмын амьдралдаа хатуу мөрдлөг болгож байх хэрэгтэй.   Бөө хүний өдөр тутмын бөөгийн ба жирийн үйлдэлдээ эрхэмлэж байх журмаас дурьдая: Бөө хүн өөрийнхөө авъяас билгийг нээн илрүүлж, нийгмийнхээ тогтолцоондоо зөв байр суурьтай байх Бөө хүн өөрийн бие бялдрыг хөгжүүлэхийн зэрэгцээ ялангуяа бөөгийн үйл ажиллагаанд холбоотой бясалгалыг өдөр тутам алгасалгүй хийж байх ба эрүүл ахуйн талаар анхаарч байх Бөөс хүн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлэх, мэдээллийн төрөл бүрийн асуудалтай бүхнийг чадварлаг ашиглаж чаддаг байх Бөө хүн өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож, ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмийнхээ орчиндоо тав тухтай, жаргалтай, шударга байлгахын  тулд бөө мөргөлийнхөө үйл ажиллагаандаа чадварлаг харьцаж байх Бөө хүн өөрөө өөргийгөө болон хүн ардынхаа төлөө явахаас гадна сүсэгтэн олон түмнийхээ айл гэрийн тэнгэрийг мандан бадруулж явахын төлөө эрхэмлэх Бөө хүн үе удмынхаа ариун нандин онгод тэнгэрээ хүндлэж явах ба ахмадынхаа өмнө хүндэтгэлийн эрхтэй, хойч үедийнхээ өмнө тодорхой үүрэгтэй байх Бөө хүн соёл иргэншилт хүн төрөлхтнийгөө хүндэтгэж, бусдаар хүндлүүлж баймааж нь хүнлэг бүрийг өөрийн гэж үүргээ хүлээх нь чухал. Байгаль эхийн үр сад-Бид байгаль орчинтойгоо бөөгийн ба жирийн амьдралынхаа нөхцөлд зохицож, бөөгийнхөө үйл ажиллагаагаа хийнгээ байгалийнхаа хуульдаа захирагдаж байх ёстой гэсэн журмыг бүх амьдрах насаараа баримтлах. Тийнхүү дээрх бөө хүний нийтлэг бүхий ёс суртахууны зарчмуудаас гадна бөө хүн болон бөөгийн салбар, төвүүд нь өөрсдийнхөө эрх зүйн дагуу тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэхдээ тухайн орчин нөхцөлдөө тохирсон зарчмуудыг мөрдөж ч болох талтай. Бөө хүний ёс суртахууны хүмүүжил: Бөө хүний ёс суртахуунтай холбоотой дээрх хэм хэмжээ, зарчмын шалгуурт тэнцэх сайн бөө хүн ба иргэд бүхнийг төлөвшүүлэхийн тулд нийгмийн тогтолцоондоо тохирсон хүмүүжлийн янз бүрийн аргууд байх боловч тухайн бөө хүн болон салбар, төвүүд нь өөрсдийнхөө нөхцөлд тохируулан хэрэглэх нь зүйтэй. Энэхүү асуудал нь зөвхөн бөө хүн болон бөөгийн байгууллагуудтай холбоотой гүйцэтгэх ажил биш учраас нийгмийн бүх хүмүүс бүрийн хариуцлагатай холбоотой юм. Бөө хүний ёс суртахууны хүмүүжлийг бөөгийн ба жирийн үйлдэл бүрт өөрийн биеэр үлгэрлэх, бөөгийн арга заслын үеэр ч, хөдөлмөрөөр, соёл, аман зохиол, ном эрдмээр, бөөгийн болон ардын уламжлалт сургаалаар дамжуулан эзэмшүүлэх нь чухал. Түүнээс гадна ардын ёс заншил, билиг сургаал нь бөө хүний үйлдэл, сэтгэл, оюуныг зөв замд нь чиглүүлэх, ёс бусын буруу үйлдэл хийхээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст бөө хүний төлөвших үндэс суурь юм л даа. Бөө хүн өөртэйгээ, бусадтай, байгальтай, нийгэмтэй харьцах ёс суртахууны эрхэм чанарыг эзэмшүүлэх, ухамсарлуулах үйл ажиллагаа, тийнхүү үр дүнг ёс суртахууны хүмүүжил гэж тодорхойлно. Яагаад гэвэл, бөө хүний ёс суртахууны хүмүүжил нь байгаль болон хүн төрөлхтөнтэйгээ харьцах хоорондын харилцааг зохицуулаад ч төдийгүй бөө хүнийг төлөвшүүлэх, түүний хувийн ухамсар төлөвшихөд идэвхтэй нөхцлийг бүрэлдүүлж өгдөг байна. Ийнхүү ёс суртахууны хүмүүжлийн үр дүн бол: Бөө хүний ухамсарт ёс суртахууны хэм хэмжээ төлөвших. Ийнхүү нь хүмүүжлийн бусад хэлбэрийн суурь, бөө хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Бөө хүнд ёс суртахууны мэдрэмжээ зөв удирдах итгэл зүтгэлийн үнэмшилтэй болох ёстой. Бөө хүн бөөгийнхөө үйл ажиллагааг хийж байх үед буюу жирийн нөхцөлд нийгмийн доторхи байгаль эх, хүн төрөлхтөнтэйгээ харьцаж буй харилцааны соёл, сайн сайхан бүхнийг амьдруулах арга засал, бусдыг манлайлах чадвар, биеэ зөв авч явах ёсонд суралцах зэрэг ихээхэн ач холбогдол өгнө гэдэгт итгэж байна. Иргэн бүхний бүхний баримталбал зохих төрийн хуулиудын хэм хэмжээ, түүнээс гадна сүсэгтэн олон түмний, ялангуяа  бөө мөргөлийн нөхцөл дэх бөө хүний баримталбал зохих тухайн тодорхой бөө мөргөлийн хэм хэмжээний зэрэг байваас албадлагын үйлчилгээтэй байх нь тодорхой шүү дээ.  Харин зарим нөхцөлд бөө хүнд тохиолдох ёс суртахууны хэм хэмжээнүүд албадлагын шинжгүй байх үе бий. Энэхүү нөхцлийг тухайн бөө хүний ёс суртахууны ухамсар л тодорхойлогдох бөгөөд ёс суртахуун бол хүмүүс хоорондын харилцааныхаа хэм хэмжээг тасралтгүй шинэчлэн бүтээхүй байх нь түүний мөн чанар л оршино. Бөө хүн болбоос өөрийгөө үнэлэх, бусдаар үнэлүүлэх, улмаар энэ хоёрт хоёуланд нь өртөх зэрэг ёс суртахууны үнэлгээний янз бүрийн хэв маягийн объект болж байх нь олонтаа. Жишээлбэл, бөө хүний нэр хүнд бол нэг юм уу, бүлэг хүмүүс, олон нийтийн байгууллагын зүгээс хүмүүс ба сүсэгтэн олон түмний итгэл үнэмшил, бишрэл, шүтлэгт болон зан араншингийн үйлдэлд нөлөөлөх замаар бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагааг нь бөө хүн өөртөө чиглүүлдэг арга, бөөгийнхөө ёс дэглэмдээ ч гэсэн тодорхой нэгэн хэлбэр мөн. Бөө хүний нэр хүнд бол итгэл, бишрэл, шүтлэг, эсвэл аргагүйдэх, айх, түүний дотор янз бүрийн хэл ам гарахаас сэтгэл тавгүйдэх гэх мэт зэрэг сэтгэл зүйн янз бүрийн хүчин зүйлийг ашиглан тогтох нөхцлийг бүрэлдүүлэх үе бий. Тийнхүү бөө мөргөлд бол дээд нэр хүндэт эхлэл нь тухайн бөөгийн дээд шүтээн нь онгодонд түшиглэсэн Мөнх тэнгэрийн хүчин гэж байдаг. Ер нь бөө хүний нэр хүнд бол шударга ба шударга биш, тайван ба хүчирхийллийн гэх мэт янз бүрийн арга замаар тогтохоос гадна энэ нь нэр сүрээр дамжин хэрэгждэг байна. Бөө хүн нэр сүр бол тухайн нөхцөл дэх нэг юм уу, хэсэг бүлэг хүмүүс, олон нийтийн байгууллагуудын өмнөх бөөгийнхөө үйл ажиллагаа, зан араншинд, мөн энэ талаархи цаашдынх нь хандлагад бусад холбогдох шинэ шавь бөө ба иргэд, сүсэгтэн олон түмний зүгээс л ёс суртахууны үнэлэлт, дүгнэлт өгдгийн үр дүн ба илэрхийллийн мөн чанартай холбоотойгоор оршино. Тухайн бөө хүн ба бөөгийн байгууллагууд ч гэсэн эерэг юм уу, сөрөг аль нэг нэр сүр бүхий байх нь бодитой юм уу, субъектив янз бүрийн шалтгаантай байж, улмаар энэ нь тэрхүү бөө хүн ба бөөгийн байгууллагын нэр хүндэд бас эерэгээр юм уу сөргөөр хүчтэй нөлөөлөх нөхцөл бүрэлддэг шүү дээ. Яагаад гэвэл, бөө хүний нэр хүнд бол ганц нэр сүрээс шалтгаалдаг биш шүү. Тухайн нийгмийн тогтолцоонд болж буй удирдах, шийдвэр гаргах албан байр сууринд буй бөө хүн ба бөөгийн байгууллагууд байваас сайн нэр сүр олж авч чадахгүй юм уу, түүнээ алдсан үед ч гэсэн нийгэмд амьдарч буй хүмүүсийн тархийг угаах, эсвэл хүч хэрэглэх юм уу, хэрэглэхээр заналхийлэх зэрэг арга хэрэгслүүдийг ашиглах үндсэн дээр бөө хүн нэр хүндээ харьяа иргэд ба байгууллагуудад албадан тогтоох нь ч байдаг. Бөө хүн ба бөөгийн байгууллага нь албадан нэр хүндийн зарим асуудал нь хүн амд эерэг ач холбогдолтой  байдгийг үгүйсгэж болохгүй шүү дээ. Жишээлбэл байгалиа хамгаалах, газар лустайгаа зөв харьцах, бөөгийнхөө үйл ажиллагаагаа зөв гольдригоор нь үйлдлээ хийх, аливаа нөхцөл дэх гэмт хэрэгтэй тэмцэх зэрэгт бол албадлага, хүч хэрэглэх үйл ажиллагаа нь тийнхүү үйл ажиллагаануудын хууль-эрх зүйн үндсийг бүрдүүлсэн болон хэрэгжилтийг нь хангаж буй холбогдох бөө хүмүүс ба бөөгийн олон нийтийн байгууллагуудад сайн нэр сүр авчирах нь зүй ёсны хэрэг мөн. Бөө хүн нэр хүндээ зөв ойлгож, эзэмшиж, илэрхийлэх нь нэг талаар өөрийнх нь идэвхи, санаачлага, үйл ажиллагааных нь зайлшгүй үр дагавар юм уу, азтай тохиолдол зэргээс, нөгөө талаар нийгэм, төр, сүсэгтэн олон түмнийхээ хүрээллийнх нь нөлөө, нөхцөл байдлаас, өөрөөр хэлбэл объектив ба субъектив, зайлшгүй ба тохиолдол шинжтэй, азтай ба эзтэй янз бүрийн хүчин зүйлүүдээс ихээхэн хамаарна шүү дээ. Яагаад гэвэл, бөө хүний нэр хүнд аливаа амьдарч байгаа нийгэмдээ хамаарах ёстой байдаг бол нэр төр нь тухайн холбогдох бөө хүнд бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үедээ олж авсан сайн нэр сүрийнх нь хэм хэмжээ, далайцаар хэр зэрэг нөлөөлж байдгаар нь тодорхойлогддог юм. Түүнээс гадна нэр төр нь бөө хүн ба бөөгийн байгууллагад харилцан адилгүй үйлчилнэ шүү дээ. Тийм учраас одоогийн амьдран буй нийгмийнхээ дотор бөө хүн ба бөөөгийн байгууллагууд харъяалагдаж буй нийгэм, давхраа, язгуурынхаа нийгмийн байр суурь, эрх ашигт нийцсэн нэр төрөө илүү хайрлан хамгаалах ёс суртахуунтай л холбоотой асуудал шүү дээ. Жишээлбэл, өнөөгийн эрин зуунд амьдран буй нийгмийнхээ нөхцөлд бөө хүн өөрийгөө хэдэн үе удам дамжсан, олон шавь төрүүлсэн, юм болгоныг хийж чаддаг гэгчээр нэр төрөөрөө бахархаж, жирийн ард түмнийг доод давхрааныхан гэж хэмээн басамжлах, улмаар тухайн ард түмэнтэйгээ ёс зүйгүй харьцах, их биеэ тоосон, мэдлэг боловсролоор бага тийм бөө хүн нь нэр төрөө булингартуулна гэхээс биш сайн нэр төртэй болно гэдэг нь тийм ч амаргүй. Ер нь бөө хүн ба бөөгийн байгууллагууд нь аливаа нийгмийнхээ нөхцөл дэх бүх давхрааныхаа ард түмэнтэйгээ эв эе, найрамдалтай, элэгсэг дотно, бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагаандаа  нэр төртэй, нийтлэг ёс суртахууныхаа хэм хэмжээгээ хүндлэн сахидаг байх нь хамгийн гол эрхэм зорилго мөн. Нэр хүндтэй бөө хүн ба бөөгийн байгууллага нь түмэн олноор хүрээлүүлснээр түмэнтаа хүндлүүлнэ, тэр боломжоороо түмэн олныхоо өмнө ихээхэн хариуцлага, итгэл найдварын хүлээх болно. Түмэн олноор хүндлүүлэхээс гадна бөө хүн ба бөөгийн байгууллага нь өөрсдийнхөө хүчинд итгэж, өөрсдөөрөө бахархаж явах ёстой юм. Түмэн олноос нэр хүнд, энэрэл хайраар хайрласан нөхцөлдөө өөрсдийнхөө алдар хүндийг буруугаар ашиглах, хариуцлагаа ухамсарлахгүй, бөөгийн ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагаандаа ажиллах эрч хүчээ сааруулах зэрэг нийтлэг бүхий дутагдлууд байдаг нь ёс суртахууны асуудалдаа хайнга ханддагийн илрэл мөн. Тийнхүү бусдыг манлайлахын тулд бөөгийнхөө ба жирийн нөхцөлдөө үнэнч шударга, урагш тэмүүлсэн эрч хүч, зөв шийдвэр гаргах чадвар, үр ашигтай удирдах, удирдуулах арга барилыг чадварлаг эзэмших нь чухал. Товч цувралыг: “Монгол туургатны Номт цагаан тэнгэр бөөгийн төв”-ийн тэргүүн, бөө судлаач, зайран С.Лхагважав.    

​Б.Догмид : Хөх тэнгэрийн зарлиг

 (Дууль өгүүллэг)  Манж, хятадын гурван замын их цэрэгт хиар цохиулж зүг буруулан зугтсан Дөрвөн ойрадын хан Галдан бошготын цөөн хүмүүс нутаг усаа тэмцэн өдөр шөнийг үл ялган мориноосоо буулгүй зүтгэсээр баруун Алтайн барааг харцгаажээ. Тэд энэ аглаг буйд нутагт намрын халтар сөл тасартал морь, хүнээ бяцхан амсхийлгэн цэргээ засч Алшаа, Ордос, Хөх нуурын монголчуудтай нийлэхийг хичээв. Тэрэг чингэлэг урц жодгор үргэлжлэн утаа май хөшиглөсөн цэргиин хүрээ буудлын голд барьсан Галдан ханы хөх халзтай их нүүдлийн зургаан ханатай өргөөний дөрвөн талд шадар жанжингуудын шар ланзан хээтэй шашир цацаг бүхий цагаан асруудыг босгож чулуугаар тэг гортиг татан хүндэтгэл үзүүлжээ. Түмэн насан хээтэй хөх тойруулга битүү дэвссэн илүү дутуу тавилгагүй их өргөөний хойморт найман шар олбог дээр дээлээ нөмгөлөн нөмөрсөн Галдан хан баахан халамцуухан янзтай дарс зооглон бодлогошрон сууж байлаа. Галданд эдүгээ өөрийнх нь толгойг өмгөөлж хар нүдээ ухаж харь дайсны хөл дор хаяж өгөхөөс буцахгүй үнэнч хоёрхон мянган хүн үлджээ. Наран ургах дорнын их талаас наран шингэх өрнийн өндөр Алтай хүртэл хэдэн мянган мод газарт Галданы хэдэн түмэн цэрэг хүүр ясаа тавьсан гэж санахаас хантаны цээж давчдан харанхуйлах бүрд гэнэт босон харайж хананд өлгөсөн илдээ суга татан бурхан, чөтгөр хоёртой тэрсэлдэн цавчилдавч багадмаар. Гэтэл тэр бурхан, чөтгөр хоёрын аль аль нь өдрийн сүүдэр, шөнийн гэрэл мэт барих тавих биегүй бөгөөд дуудавч үл ирэх, хөөвч үл явах үүд хаалга онголзуулсан тохуутай "амьтас" юмсанж. Архинд хөчүүрхсэн Бошигт ханы сэтгэлийн шаргал манан дунд Заан Тэрэлжийн хадат хүрэн уулс үес үесхэн сүүмэлзэнэ. Тэр илдэн хөх уулсын дунд Манжийн Энх-Амгалан хаан өөрийн их цэргийн ойрмогхон чих дэлссэн Галдан хутагтын хорсол хилэн бадарч сэтгэлээ засахсан гэхдээ ийнхүү өөрөө өөрийгөө зугаацуулан архи таалан хөлчүүрч суугаа нь энэ болой. Ану хатан минь амьд сэрүүн байсансан бол би гэдэг хүн хэзээ ингэж амраараа шороо үмхэхгүй байсан. Тэнэг мунхаг надаас болж тэр минь хар санаатны гарт амиа алдсан. Би түүнийгээ хар нүд шигээ хамгаалж явах учиртай байтал чадаагүй. Өөдгүй хар толгой би өөрийгөө амилсан бурхан хэмээн эндүүрч халх, ойрад хоёрыг хагаралдуулан самуун дэгдээсний гай эцсийн эцэст ийнхүү үнэнд гүйцэгдэж Манж чин улсын цэрэг, зэвсгийн хүчинд автан голомтынхоо үнсийг хийсгэв хэмээн халаглан гасалсан хантан өмнөө тавьсан том гарын мөнгөн аягатай усгүй хар архийг авч нэгэн амиар залгиллаа. Аян дайны урт замд нар салхинаа онгосон зүлгэмэл хүрэн царай илдний ирнээс ч үл дальдрам чанга аньсагатай догшин хар нүдэнд хилэнгийн хөх дөл асч унтран сүүмэлзэх нь хөмсөг сормуусаа хуйхалчих вий гэмээр сүртэй харагдана. ... Заан Тэрэлжийн зуун мод хэмээх газар Манж хятадын гурван замын их цэрэгтэй тулгарсан Галдан бошигтынхон хэдий цөөн хүнтэй ч үл шантран эхээс унахдаа илд атган төрсөн мэт гурван өдөр гурван шөнө ус голыг улаанаар урсч, лус савдгийг уулга алдан цочтол алалдан цавчилдсансан. Хэзээнээсээ нааш харвах намнахдаа гавшгай ойрадууд Манжхятадуудыг уул руу шахан ухрааж гал түймэр унтраах лугаа адил гол хүчнээс нь хэсэг хэсгээр таслан авч бүслэн хиар цохив. Шархдсан морьдын унгалдан үүрсэх, хүмүүсийн уухайлан хашгиралдах, илдний харших дуутай хоршин нэгэн их учир битүүлэг түгшүүртэй авиа үүсгэн уул хаданд цуурай хадна. Уулын бэлээс оргил хүртэл бие биеийнхээ хоолой багалзуурт асан хэмхэлдэх орооны азарган ноход адил зууралдан алалдах энэ их тулалдааны хөлд хүний амь байтугай өвс ногоо цусаар будагдан халцран зулгарч байлаа. Манжийн цэргүүд өвсний толгойноос олон. Хорин түмэн дайсны өөдөөс дайрсан хоёрхон түмэн монголчууд халууцаж, цуцсандаа хөе хуягаа тайлан хаяад илдний ирийг эмтэрч уул хаднаас хиншүү хярвас ханхалтал хашгиралдан цавчилдах нь аминаасаа уйдсан амьтад уу гэлтэй. Цусаар бороо орсон лугаа адил цэцэг ногоо хүрэнтэж навч найлзуураа тасар татуулсан мод бут хүртэл салхин аясаар гиншин ёолж байх шиг санагдана. Цусаа үзээд уулгалан дайрч ирсэн манж хятадуудыг зам гартал цавчих зуураа "Дөрвөн ойрадын урай"-г хадаар цуурайтуулан уухайлан дуулах нь сэтгэл хөдлөм сүртэй бөгөөд жинхэнэ дайны бурхад дээд тэнгэрээс биеэрээ залран ирсэн мэт бахдалтай үзэгдэнэ. Уулын оройд барьсан шивээ бэхлэлт дотроос хүний өөрийн алин болох нь үл ялгаран утаа тоосон дунд зууралдан байлдаж буй сүрт тулалдааныг дурандан харж байсан алтан дуулгатай манж жанжин зовхио татвалзуулан уурсч: -Энэ муусайн хятадууд олуулаа нийлэхээрээ омогтой ч хэзээнээсээ дайны одгүй зориг зүрх мохоо амьтад. Нар шингэхээс өмнө та нар дөрвөн ойрадын Галданг барин авчир гэж бараа бологсоддоо тушаалаа. Алсаас дурангаараа харахад майга хөлтэй махир сэлэмтэй монгол цэргүүд залуу барс мэт эрэмгий хурдан хөдөлгөөнөөрөө бусдаас ялгарч тоогоор цөөн ч сүрэг хонинд орсон цөөвөр чоно адил манж хятадуудыг баруун зүүнгүй намнаж байлаа. Цагаан мориныхоо толгойг улаан болтол улангасан цавчилдсан Бошигт хан үдшийн бүрэнхий болмогц бүрээ үлээж, тулалдааны талбараас цэргүүдээ ар тийш нь татан шивээ бэхлэлт хатган хориглов. Манжуудаас хүн зэвсэг хоёроор хол дутуу боловч Галдан хан гарцаагүй ирэх үхлээс айсангүй. Харин гар хоосон нөхдөө сум, мэсний золиос болгож харийн дайсанд хүйс тэмтрүүлэн хядуулахаас эмээж ийнхүү цэргээ ухраажээ. Бурхны ивээлээр тэнгэр бүрхэж унасан морины толгой үзэгдэмгүй түнэр харанхуй шөнө болов. Чийг ханхалсан сэрүүн салхи үс санчгаар наадан сэвэлзэнэ. Задгай галын дээгүүр гэрлийн цагаан эрвээхэй бужигнана. Тэнгэрт ганц ч од үл харагдах бөгөөд харанхуйд морьд тургилна. Төрийн их хатан Анугийн шарилыг ачсан сүйх тэрэг гэрэл, сүүдэр хоёрын зааг дээр салхины аясаар цоролзон асах түүдэг галын дөл даган сүүтэгнэн хөдөлнө. Галдан дөрвөн зүгт мориных нь туурайд эсгий улавч угласан туршуул мордуулаад шадар жанжнуудаа цуглуулан зарлиг буулгалаа. -Манж нар бидний буцах замыг хаан бүсэлжээ. Иймээс шөнө дундаас хойш бар цаг болмогц цэргээ хөдөлгөж Хэрлэн мөрний зүг буруулан одсугай. Морь унаад явж чадахгүй болсон хүнд шархтнуудад хатуу тан уулгаж сүнсийг тэнгэрт илгээсүгзй. Үхэгсдийг хуурай хар модоор хучин давирхай асган чандарла. Нутаг дээрээ хугархай хутга ч бүү орхи. Араас нэхэн ирэх дайсныг угтуулан арван мод газар бүрт нэгэн баг цэргийг амдуулан суулга хэмээн тушаалаа. Цагаан бараан хоёр адууны зүс үл ялгарам харанхуй шөнө газар нутгаа хээрийн араатнуудаас ч дутуугүй мэддэг монгол цэргүүд тогоо цай буцалгахын зуурт ачаалан Хэрлэн мөрний зүг бүдүүн өвс бөхийлгөлгүй сэмхэн хөдөллөө. Харанхуй шөнө хаана яваагаа шороо чулууг нь имэрч үзээд мэддэг эрдэмтэй тэдгээр нүүдэлчин хүмүүс тэр шөнөдөө суурин иргэдийн бүслэлтээс гарч хойноос нэхэх дайснаас бүтэн өдөрчийн газар тасран оджээ. Галдан ханы буцах замыг хааж хэдэн давхар бүсэлсэн Энх-Амгалан хаан ойрадуудыг харанхуй шөнө оргуулан зүг чиггүй алдсанаа өглөө гэгээ орсон хойно мэдээд загас усанд живж үхэхийг үзсэн мэт алмайран гайхжээ. Тэдний араас гэзэг даран мөрийг нь мөшгөн нэхье гэвч нэгд ертөнцийн зүг олон, нөгөөтэйгүүр эцэж цуцсан морьтой улс хол аялж халх нутгийн гүнд орж ар талаасаа алс тасарвал ямар ч аюул тулгарч болзошгүй тул Бошигт ханы хойноос нэхэж зүхэлсэнгүй. Ийнхүү Галдантанг амьдаар нь барьж авч чадаагүй Манжийн хаан цээжинд хургасан хорсол заналаа тайлж сэтгэлээ баахан засахаар их цэргийнхээ ялалтыг мялааж Заан Тэрэлжийн зуун модонд хөлтэй их найр цэнгэл үүсгэн найрлаж гэрэлт хөшөө босгосон юмсанж. Эр ганц биеийн нөмөр түшиг болсон хайртай хатан Анугаа алуулж хамаг цэргээ хиар цохиулан сүйрсэн Бошигт хан шархаа ноцох чоно адил догширч Манж хүний мөрийг газар дэлхийгээс арчих тангараг тавьжээ. Тэгээд Хами улс хийгээд өөрийн холбоотон өвөрлөгч хошууны ноёд, ихэс дээдэст элч довтолгож тусламж гуйсан боловч цаадуул нь манжийн их цэргийн сүр хүчнээс эмээсэн учир цөм Галдангаас нүүрээ буруулан зугтлаа. Олон жилийн үргэлжилсэн их дайн дажны хөлд Зүүн гарын улс хүн малгүй чирэгдэн зовж залхахын туйлыг үзсэнээс Галдантанд толгой хоргодон орогнож цэргээ засах газар байсангүй, Ойрадуудын ихэнх нутаг эзгүйрч дайны хөлөөс эр эмгүй дүрвэн зугтаж мал хөрөнгөнөөсөө хагацсан ядуучууд загас жараахайгаар хооллох дээрээ тулаад байсан тэр цагт бүл чадалтай идэр эрчүүд цэргийн албанд мордохоосоо айдаг болжээ. Манж нар Бошигт ханы толгойг авчирч өгсөн хүнд төрд туслах гүнгийн зэрэг зуун лан алтан зоосоор шагнана хэмээн халх даяар элч довтолгон зар тарааснаас хойш мөнгө хэргэмд дуртай зусар зальхай хүмүүс төдийгүй зарим нэг сувдаг сэтгэлтэй эмс, охид хүртэл Галданы толгойг зүүдэлж хонодог болжээ. Халхын нутаг хатуу, харийн хүмүүнд өндөр босготой гэлцдэг нь хаачлаа? Уул усных нь лус савдаг хүртэл Өндөр гэгээнийг дагаж манж дайчин улсад дагаар орсноос зайлахгүй. "Заан Тэрэлжийн зуун мод" заяагүй нутаг. Хаврын хар салхинд түймэрт шатаалгаж үнс, нурам хийсгэж байвал таарах газар гэж Галдан ханыг бодтол гадаа жагсаалын бүрээ татлаа. Цэрэг нь байхгүй болчихсон байхад бүрээ нь дуугарч л байх юм даа гэж уруулаа үл мэдэг хөдөлгөөн шивнэснээ: -Үгүй ээ би буруу ярьж байна. Надад үнэнч энэ хүмүүс бол хоёрхон мянган хүн биш амь, нас илдний ирэн дээр очих бэрх цагт нэгэн түмэн шилдэг цэргийг орлож чадна. Миний нөхөд намайг хээр хаяхгүй, харин би далай ламын үгэнд хууртаж Хэрлэн мөрний хөвөөнд очиж зусваас бүхнийг дайны тэнгэр ивээнэ хэмээн энэ хүмүүсийг араасаа дагуулан хэтэрхий хүндээр чирэгдүүлэн хөнөелөө гэж Бошигт хантан өөрийн биеийг зэмлэн суутал Данжила жанжин гаднаас зэр зэвсэг хангинуулан орж ирлээ. Тэр гараа цээжиндээ авч дор бөхийн хүндэтгэл үзүүлж, -Таны айлдсан ёсоор бүх цэргийг жагсаалаа гэхэд Бошигт хан босч мөнгөн товруутай бүсээ бүслэн алтан шонхорын дүрстэй ган дуулга тэргүүндээ асаалаа.Хантаныг өргөөнөөсөе гарахад Махаан тэргүүтэй шадар жанжингууд гадаа хүлээж байлаа. Чийрэг тэгшхэн мөр, өндөр хярлаг нуруутай Бошигт ханыг харахад ширээ атыг санагдуулам бөгөөд уужим суга, урт сумтай хүрэн тэрмэн дээл өмссөн нь зохисон гэдэг нь ижилгүй, Хонины бэлчээрт хормой дор төрсөн гэхэд эгэл хүмүүн гэж хэлэхийн аргагүй ер бусын их сүр хүч увидас эрдмийг бурхан тэнгэр түүнд заяажээ гэлтэй. Хантаны цог жавхлан төгс зандан хүрэн царай гуниг уйтгарын нэгээхэн ч сүүдэргүй ухаалаг алаг нүд бусадтай үг солих агшинд соёо хар сахлых нь доороос үе үе яралзах азарган цагаан шүдийг харсан эмс охид байтугай эр хүн шохоорхмоор бегөөд сайхан эрийн төгс есөн шинж бүрдсэн мэт. Харсан хүн үлгэр авч бүсээ засмаар бишрэл, сэтгэл татсан ийм хүнийг дагаж яваад үхсэн ч гомдолгүй санагдах нь эрүүл хүний ухаанаас гарамгүй сонин ажээ. Баруун гартаа барын хүчтэй энэ их хөлөг баатар Турфан, Бухар, Самаркандын хоёр мянган хот, тосгодыг ганцхан амиар дагуулж Хорезмын тэргүүн шагийг нутагтаа олзлон авчирч амуу будаа тариулж байсан үлгэр домог шиг цуутай эр. Ойрадууд энэ хүнийг нэг гартаа очир, нөгөө гартаа илд атган төрсөн хутагт дайны бурхан хэмээн биширцгээнэ. Зуут зуутаар эгнэн жагссан цэргүүдийг Галдан хутагт харцаараа бүртгэх мэт нэгэнтээ гүйлгэн харснаа гараа зулай дээрээ хавсран хөх тэнгэрт залбирлаа. Тэгээд Бошигт хан цэрэг олонд хандан өндөр дуугаар егүүлэн хэлсэн нь: -Та бүхэн хагарч бутарсан халх ойрадыг хурааж хамаг Монгол улсыг төвхнүүлэх гэж Манж хятадын их цэрэгтэй хорин долоон жил мориноос буулгүй алалдан тулалдав. Эх болсон газар шороогоо харийн хар санаатнаас өмгөөлөн босч Ойрадын байх цагт араас минь дагаж явсан өвөрлөгч хошууныхан андгай тавьсан ахан дүүс маань өнөөдөр надаас урваж манж хятадын боол боллоо. Дөрвөн ойрадын гал голомтыг бөхөөхгүйн учир эдүгээ та бүхэн тарж гэр гэртээ одсугай. Би өөрийн ганц толгойг хаацайлахын тулд олон хүний амь насыг илдний ирэн дээр тавихыг хүсэхгүй гэж хэлэхэд цэргүүд "бид үхлээс үл эмээнэ' "Бошигт ханаас урваж чадахгүй" хэмээн ам амандаа хашгиралдлаа. Бошигт хан гараа өргөн олон хүний дуу шиугианыг даран тавь хүрсэн хүн гэж хэлэхийн аргагүй идэрмэг залуу дуугаар: -Хөх тэнгэрийн зарлигаар миний насны тоо гүйцжээ. Тойгтой болгоныг сөхөргөж толгойтой бүхнийг бөхийлгөж явсныг маань бурхан, чөтгөр хоёр мэднэ. Намайг амьд байхад Дөрвөн ойрадынхан амрахгүй гэж хэлтэл мөнгөн пайзтай элч алсаас тоос татуулан довтолгон ирж Бошигт ханы хөл дор сөхрөн унав. -Бошигт хан минь нүгэлт хүмүүн намайг өршөө. Би таны чихэнд таагүй мэдээ дуулгахаас аргагүй боллоо. Хами улс руу мордсон манай элч Сэвдэнбалжирыг Абдул бек баривчлан Энх-Амгалан хаанд хүргүүлжээ. Галдан хутагт энэ үгийг сонсоод хөлнийхөө дор сөхрөн унасан элчээс цочих мэт нэгэн алхам ухран зогссоноо: -Сэвдэнбалжир! хүү минь дайсны гарт оржээ. Эдүгээ надад нуган үр үгүй болов. Тэнэг толгой миний бие муу хулгай Абдул бекийг дэмий өршөөжээ гэж халаглан дуу алдав. Бошигт хан бурхандаа мөнх голт зул өргөж, хүрдийг гурвантаа имрэн эргүүлээд залбиран мөргөлөө. -Их шүтээн минь нүгэлт боол миний үгийг соёрхон сонс. Сансарын хүрдний орчил, ертөнц авхайн жамаар цөвүүн цагийн хутагт миний жанч халах цаг ирлээ. Үдийн наран лугаа адил ахархан насандаа би-вээр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өөрийн өчүүхөн биеийг үл чамлан цөөн бус судар сүмбэн, номын ордон, хийд бүтээлээ. Номын цагаан буян дагаж бурхан шиваашидийн төв таван ухаанд нэвтэрч Лхасын эрдэнийн гурван хийдийн оройн чимэг ширээт лам, хутагтаар тодорсон ч цөвүүн цагийн эрхээр Зүүн гарынханд өргөмжлөгдсөн хамаг монголыг илбэн тохинуулахаар илд атган цэрэглэн мордож түмэн хүний цусаар гараа угаалаа. Аргаар аргаар явъя гэвч арга нь олдохгүй хорвоод амьтны амь тэвчиж буяны мөр дагахыг хичээн өерийгөө номхотгон захиравч алдаа нүглийн аль алиныг тойрч эс чадав. Онгон догшин сахиус минь алдаж оносон алагхан заяаг минь тэгшилж, зүрхний шүтээн Ану хатны минь араас сүнсийг минь үргээж хайрла. Эх нутаг газар шороо олон түмэн шавиа их бурхан танаа даатгая гэж хэлээд залбирах агшинд үүд сэвхийн Данжила баатар орж ирлээ. Хантаны эрхэмсэг саруул өргөөнд арц хүж, гүгэл зандангийн ариун дагшин үнэр сэнгэнэх сацуу их шүтээний өмнө мандаасан зулын зөөлөн шаргал гэрэл үүдний салхинд үл мэдэг ганхалзан дальдрахыг харсан Данжила босгоны өмнө зогтусан зогслоо. Бурхандаа залбирч дуусаад Бошигт хан сэнтий дээрээ залран сууснаа нэгэн жүнз архийг шадар жанжин Данжилад барьж цөхрөнги бөгөөд гунигтай хоолойгоор: -Хорвоо надаас нүүрээ буруулжээ. Миний бие манжийн хаанд цэргээ гурвантаа хиар цохиуллаа. Итгэлт дотно нөхөд ижил сайн ханиасаа хагацав. Их бага гурван хүүгээ атаатны гарт булаалгаж хордуулав. Зүүн гарын жонон Цэвээнравдан мзтийн ахан дүүс маань надаас урваж Манжид дагаар оров. Би хамаг байдгаасаа хагацлаа. Яс махны маань тасархай гэвэл охин Юунчинхай та хоёроос өөр хүн алга. Эдүгээ надад зөвхөн үхэх л үлдэж. Намайг үхсэний дараа Манж хятадууд та нараас миний хүүр ясыг нэхэх байх. Бүү доромжлуул. Миний үнс чандрыг Цамбагарав ууланд онголж Алтайн хөх салхинд цацаж хийсгэ гэхэд Данжила уртаар шүүрс алдаад: -Халхын ноёд манжиддагаарорсон ч монгол үр садан барагдаагүйбайна. Хантан минь одоо үхлийн тухай боддог цаг биш гэхэд Галдан: -Одоо хоёулаа овоонд гарч малгайн утаа сэргээнэ. Данжила чи гарч морь эмээллэ хэмээн тушаалаа. Данжила баатрыг гармагц Бошигт хан жижигхэн хаш чулуун тагшинд архинд уусгасан хатуу танг аягаллаа. Хортой архи аяган дотор үсчин буцална. Бошигт хан түүнийг уухаасаа халгаж зүрхшээсэн янзтай харж сууснаа "Намайг амьд байсан цагт халх, ойрад хоёр амар заяагаа үзэхгүй. Уурынх нь дуу сонсогдож утааных нь үзүүр залгалдан хаяа хатавч нийлэн айл, саахалт аж төрөхгүй" гэж хэлээд чичирхийлсэн гараар аягатай хорыг авч нэгэн амиар асган цутган залгиллаа. Гартаа барьсан аягыг газар тавьж амжаагүй байтал хутагтын амьсгал боогдон нүд харанхуйлан бүрэлзсэнээ гэнэт чихэнд нь хэц хэнгэрэг нижигнээд явчих шиг болов. Гал, цахилгаан адил хөгжмийн догшин хэмнэлийг даган гаднаас үй олон чөтгөр, ад тийрэн шуугилдан орж ирээд амьсгал нь боогдож багтарсан хантаныг баалж тавласан огцом түргэн хөдөлгөөн, гаж буруу дэгтэй цам харайн дэвхцэн бүжиглэлээ. Хүчтэй хоронд амьсгал нь бачуурсан Галдан хутагт энгэр заамаа цуу татан босон харайж ширээн дээр тавьсан аяга, дийзээр чөтгөрүүдийг баруун солгойгүй чулуудлаа. Хаалганы тотго онон бут үсэрсэн шаазан, ваарны хагархайнууд газраар нэг хөх гал болон сүүтэгнэн асав. Хантаны өргөөнд хүн хашгирч аяга таваг хангинан хагарахыг сонссон Данжила баатар хутагтын морийг эмээллээд хөтлөн ирж явснаа цупбуурыг нь сул орхиод гэр рүү гүйлээ. Хүн ёолоход чөтгөр инээдэг гэж үнэн юм. Мөр сүүдэргүй муусайн сүгнүүд гэж хашгираад Галдан хутагт урагшаа тэнцэж ядан гуйван алхтал гаднаас Данжила гүйн орж ирлээ. Ухаан нь ээдэрч балартсан хутагтын Данжила. Данжила биш талийгаач Ану хатан болж үзэгдэв. -Ану минь намайг өршөө. Би их хол очсон хүн буцаж ирдэггүй тэр газар руу явлаа гэж хэлээд Бошигт хан хатныхаа хөлд сөхрөн уналаа. Данжила баатар хантаны тэргүүнийг газар хүргэлгүй түшин авч өвдөг дээрэз дэрлүүлээд цээжин дээр нь толгойгоо тавин зүрхнийх нь цохилтыг чагналаа. Галдан хутагтын гал нь бөхөн унтарч буй нүдний харцанд Ану хатны нулимстай хоёр алаг нүд бүрэлзэн үзэгдэнэ. Ану минь битгий уйл. Үхлээс хүн тойрч чаддаггүй юм гэж хоронд хөхөртөн хавдсан уруулаа үл мэдэг хөдөлгөн хэлснээ Бошигт ханы амьсгал тасарлаа. Гэрт эрэгтэй хүн бүдүүн дуугаар эхэр татан цурхиран уйлах чимээнээр хөл доороос гэнэт явган хуй салхи дэгдэн босоход цулбуурыг нь чиргүүлэн орхисон хутагтын их дэлт цагаан морь түүнээс бусган үргэж гөлмөө дэрвүүлэн давхин одлоо. Өндөр хөх тэнгэрт хээр хоносон бөрт цагаан саран уйтгартайхан гэрэлтэж ургах хагдрах тавилантай хөх өвсний хөх салхин гунигтайхан исгэрнэ.  

​Очир зайран

Алдарт Торгоны замын тэргүүн зайран буюу Засагт Хан аймгийн дайчин Вангийн хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харъяат Буяндайн Очир гэгч 13н үе дамжсан олонд алдартай зайран юм. Тэрээр 1850-аад оны үед төрсөн бөгөөд өөрийн хошуугаар зогсохгүй зэргэлдээ хошуу нутгаар залагдан ядарч, зовсон олон түмэнд тус хүргэдэг хүчтэй олон онгодтой зайран байв. Очир зайран нь хэл хуураа татаж хур бороо оруулдаг. Мөн хариулдаг, онгод орсон үедээ завилан сууж, суусан хэвээр галтай тотго дамжин эргэлддэг. Өөрийн дүр төрхөө өөрчлөн гурван хөлтэй шувуу мэт дүрстэй болдог. Хол яваа ахан дүүс, элэгтнүүдэд нь гай зовлон гэнэтийн осол тохиолдохыг урьдчилан мэдэж, түүнийг зайлуулдаг, сэлмээ улайсган долоодог, мөн сэлмээрээ хэлээ огтлон цус гаргаж өргөл өргөн тулж ирсэн муу муухай бузар бүхнийг арилгаж чаддаг байжээ. Олныг түйвээсэн хулгайч дээрэмчид зэрэг муу явдалтныг аянга аадар буулгах, цасан шуурга тавиулах зэргээр залхаан цээрлүүлдэг гэгчлэн олон шидийг үзүүлдэг догшин зайран авч энгийн ардад дөлгөөн зангаараа ихэд хүндлэгдсэн нэгэн билээ. Түүний удам хойчид Бор, Халиудай, Дамчаа, Шагж зэрэг олонд нэртэй удган, зайрангууд үе залгамжлан төрсөн. Б. Очир зайран нь 1935 оны орчим өөд болсон бөгөөд өдгөө хувцас хэрэглэл нь түүний хүү О. Гончигийн гэрт нэг хэсэг хадгалагдаж байсныг Төгрөг сумын нутаг Чавчаалын хөндий хэмээх газрын нэгэн агуйд ач хүү Г. Дамбил, Г. Тумбаа нар нь улааны хэт хувьсгалчидаас нуужээ. Хожим 1963 оны хавар тухайн үед Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн эрхлэгчээр ажиллаж байсан П. Догчин авч ач хүү Г. Тумбаа нь хувцас хэрэгслийг нийтийн хүртээл болгохоор хүлээлгэн өгчээ. Очир зайрангийн бөө онгод 1920-1990-ээд оны эхэн хүртэлх үед хэсэг тасарсан хэдий ч 1997 оноос түүний гуч хүүд эргэн заларчээ. Түүний тухай Төгрөг сум байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан хэвлэгдсэн Төгрөгийн Хөх Шаштир номонд тодорхой бичсэн буй. Түүний тухай олон домог яриа их байдаг бөгөөд олондоо Халхын хар Очир зайран хэмээн яригддаг билээ.

​Б.Цэрэнжамц: Ижий зөн

Тэр эх уруул нь хатан омголтож бүх бие нь дагжин чичирч байлаа. Халуундаа дэмийрэх шахам байсан хэдий ч би чинь гараас минь хөтлөх ганцхан үртэй хүн шүү, үхэж л болохгүй гэсэн зүрхний хатуу зарлиг далдаас удирдаж бяцхан хүүгийнхээ ханцуйнаас нь хөтлөн ядуу оромжноосоо гарав. Гараас нь хөтөлбөл биеийнх нь халуун хүүд нь халдаж болзошгүй гэж бодсон учир ханцуйнаас нь жийрэглэн барьсан ажээ. Хаа нэгтээгээс хиншүү хярвас үнэртэн, дайны сүүдэр хүүшлэн нөмөрч байгааг эх сайн мэдэрч байлаа. Ойрх хотыг харийн цэрэг эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тархаж, тосгоны захирагч иргэдээ дүрвэн нүүхийг шаардсан бичиг хэдэн өдрийн өмнөөс тараасан хэдий ч эх төрөлх тосгоноосоо явахыг хүссэнгүй. Явъя гэхэд нүүдлийн ая даахгүй ужиг өвчиндөө баригдсан болохоор нутаг усныхандаа гай болохгүйг хичээжээ. Талын балмад цэрэг замдаа тааралдсан хот сууринг дээрэмдэн эзэлж юу тааралдсан болгоныг хүйс тэмтрэн ирж явна гэх үг чихнээс чихэнд өртөөлөн, ам дамжин яригдсан хэдий ч эхийн сэтгэл яагаад ч юм айсангүй. Тосгон эзгүйрчээ. Улс орны амин сүнс нь газар нутаг, иргэд байтал захирагч бүх хүнээ аван дүрвэн одсонд эхийн зүрх харамсан түгшиж байлаа. Ирж яваа тэр улсын цэргүүд нь морьдоо хүртэл цул мөнгөөр тоноглож, алтан бүс, алтан дуулгатай энэ ертөнцийн хамгийн том газар нутагтай баян улс гэнэ лээ гэж хүмүүсийн ярьж байсныг эх сайн тогтоож авчээ. Тийм орны эзэд болоод цэргүүд нь ухаангүй байх ёсгүй, хүү бидэн хоёрыг яах ч үгүй гэж эхийн зөн совин өөрөө өөртөө учирлан байв. Хүүгээ хөтлөн явсаар дэлгэн орхисон дүнзэн баганатай дааман хаалгаар орлоо. Энэ хашаанд тосгоны эрхтэн дархтан, баяд ноёд амьдардаг байсан юм. Хаалга цонхоо дэлгэн орхиж санд мэнд дүрвэн одсон тэдэнд эх нутгаа гэх өчүүхөн сэтгэл үлдээгүйн ор мөр тодхон харагдана. Эх хүү хоёрт энэ сууринд хөл тавьж үзээгүй газар гэвэл энэ. Тэртэй тэргүй харь орны хүчирхэг цэрэгт эзлэгдэж байгаа юм чинь үүд хаалгаа цоожлохын хэрэг юусан билээ. Эх хүү хоёр явсаар баян Жү-гийн гэрт оров. Тэд идээ будаагаа ширээн дээрээ дэлгэн юу юугүй зочин хүлээж авах гэж байгаа юм шиг орхижээ. Хүү ширээ дүүрэн тансаг амттанг хараад ухасхийв. -Миний хүү болохгүй ээж нь эхлээд хүртэе” хүлээ. Миний хүү хүлээж бай, ээж нь одоохон хэмээн тамирдсан биеэ хүчлэн хэлэв. Эхийн сэтгэлд зөн совингийн хар буужээ. Учир нь харь орны цэрэгт хорслоо тайлах гэхдээ хор шингээсэн байж болзошгүй гэж болгоомжлосных. Бүх идээнээс хазлан амсав. Юутай ч амт чанар нь хэвээр ямар нэгэн нөлөө өгсөнгүй. Хүүгийнхээ идъе гэсэн болгоныг шимж шимж өглөө. Уут дүүрэн тансаг амттанг хүүгийнхээ бүснээс уяв. Морин төвөргөөн мөндөр шиг сонсогдож, цэрэг эрчүүд тосгон руу орж ирж байгаа сонсогдоно. Намхан чийрэг морин дээр ширэн хуяг дуулга, нум саадаг агссан хүдэр хүрэн баатрууд тав таваар эгнээ барин ирж явлаа. Тэдний туг, хиур тун сүрлэг. Ээж хүүдээ баяны гэрээс олсон өөрөө явдаг оньсон тоглоомыг өгөв. Хүү тоглоомондоо улайран цэргүүдийн зүг ойртон тоглосоор . Хүү тэр гоё илд бамбай, туг сүлдэт цэргүүдийг шохоорхон дөхсөөр… Эхийн бие улам муудсаар хэдхэн цагийн нас үлдэж байгаагаа мэдэрсэн хэдий ч хүү минь гэсээр араас нь мөлхөн гүйцэх ч тэнхэл алдарлаа. Үрээ авлаа гэхэд би ингээд л үхнэ. Үлдээлээ гэхэд би яах вэ?! Хэдийгээр хөдлөх тэнхээ алдарч үхлийн босгон дээр ирж байгаагаа мэдэрч байсан хэдий ч хараагаа салгалгүй хашааны завсраар ширтсээр л байлаа. Тэгтэл бусдаас илүү гоёмсог чимэглэлээр чимсэн бүгээн зүсмийн морьтон баатар хүүг харан ташуураараа дохилоо. Хөтөч баатар мориноосоо үтэр бууж хүүд ойртон дөтлөхөд хүү огт айсан шинжгүйгээр оньсон тоглоомоо урдаас нь сарвайв. Миний хүү айлтгүй очсоныг бодоход ээлтэй тэнгэр нь ивээлдээ авсан байлгүй дээ хэмээн баяр харууслын бүлээн нулимс хацар эсгэн бөмбөрөхөд түүний эцсийн амьсгалын өмнөх тунгалаг нулимсны гэрэлт гялбаан дотор хүүг нь дүүрэн яваа баатар эрийн жавхаат дүр алсран холдсоор байвай. Тэдгээр баатар эрсийн үг хэлийг ойлгоогүй ч зөөлөн эерүү дуудлагаар хэлж байсныг эх зөнгөөрөө мэдэрсэн ажгуу. Тэр үг бол “энэ хүүг Өүлэн ээжид хүргэж өг” хэмээн яруу Монгол үг байсан юм. ucoz.net  

Бөө бол шашин биш

Сүүлийн үед борооны дараах мөөг шиг олширч байгаа бөө нарыг хүмүүс янз янзаар л хүлээн авч, бүр сүлжээний бизнес гэж нэрлэгдэхэд хүрч, янз бүрийн маргааныг дагуулах болжээ.    Миний хувьд зөвхөн Хөвсгөл аймгийн цаатнуудад л байдаг, хараал чатга хийдэг, хамаагүй муудалцаж болдоггүй гэж сонссон болохоор жаахан жийрхэх янзтай хүлээн авсан агаад айхтар хар талын шашин хэмээх төсөөлөлтэй явдаг байлаа.    Харин саяхан манай хамаатны хүн бөө боллоо, манай удмын бөө гэнэ гэж дуулаад би цаатан гаралтай юм байхдаа гэж гайхан тэднийд зорьж очсон юм. Ойрын хамаатны маань арван жилд сурдаг охин бөө болон тодорсон юмсанж.    Дүү маань өмсгөл хувцсаа өмсөөд хэцээ дэлдэж гарав. Удалгүй дүү охин маань тун өөр хүний дүрд орж байгаа нь анзаарагдаж арван хэдтэй охины байгаа байдал нь нилээд настай хүн мэт аяглав.    Хамгийн сонирхолтой нь дүүгээс маань хөгшин настай эрхтэй хүний хоолойгоор "Үрхэд минь тавлаг байна уу" гэж хэлэхэд би айх гайхах зэрэгцэн сандарч сүүлдээ сүрдэж билээ. Цааш сонсож байхад охин дүүгээс маань гарамгүй ухаан хүндэтгэл илрэхэд үнэхээр өөр хүн болчихсныг ойлгов.    /бөөлөх үйл хийдэг учраас бөө хэмээн нэрлэдэг ч бөөлж байгаа хүнийг улаач гэх тэнгэр газрыг холбогч гэсэн утгатай. Харин биед нь орж ирж байгаа хүнийг онго гэнэ/ Ингээд би тохой түшихэд өвөө маань /тэнгэрээс бууж ирсэн онго/ өөрийгөө танилцуулахдаа "Өвгөн долоон одны тав дээр суудалтай /бидний хэлж заншсанаар долоон бурхан од/ Асагат их хайрханы эзэн Алаг хар зайран гэж би байна" гэж өөрийгөө танилцуулаад "Би болоод дагуул олон зайрд бол танай удмын өвгөд гэж хэллээ.    Үр хойчтойгоо уулзаж байгаадаа ихэд баярлаж хайрлалаа. Үүнээс хойш би тэднийхээр олонтаа очсон бөгөөд өвөөтэйгөө хөөрөлдсөний үр дүнд өдгөө хүртэл ухаарч амжаагүй байсан ухаан болох удам угсаагаа хүндлэх үр хойчоо энэрэх, өвөг дээдэс өтгөс хөгшдөө хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлах зэргийн учир шалтгаан, ертөнцийн мөн чанар гээд олон зүйлийг ойлгосон юм.    Будда, христ, лал зэрэг шашинтай харьцуулахад тодорхой сургаал номлол гэж байхгүй, хүн төрөлхтөний эрт дээр үеэс судалсаар ирсэн байгалийн олон гайхалтай нууцад нэвтэрч чадсан Монголчууд бидний өвгөд маань сүнслэг биед оршин байгаа ч хөрөстөд амьдарч буй хүн төрлөхтөний биед шилжин орж, үр хойчтойгоо уулзаж чадаж байгаа учраас би "бөө бол шашин биш" юм байна.    Харин байгалийн далд нууцад төгс нэвтэрч чадах ухаан гэдгийг ойлгон энэ сэдвийг нэрлэсэн учиртай юм. Харин энэ нийтлэлээ бичихдээ орчин цагийн залуус бид юунаас үүдэлтэй, хэний хүчинд хэн болчихоод болох болохгүй авир гаргаж эцэг эх, ах зах, удам угсаагаа мэдэхгүй аашилж, газар дэлхий байгаль эхтэйгээ эннрэлгүй харьцаж байгаа юм бэ гэж харамсах, бас бухимдах зэрэгцэж байлаа.    Мөн ертөнц дэлхийн зарим нууцыг мэдэх гэсэн далд хүсэлдээ дийлдээд гэхүү нэгэн өдөр өвөөдөө ийм нийтлэл бичих тухайгаа хэлэхэд өвөө маань "чамд тусалъя энийг нэг ч болтугай хүн ойлговол их хэрэг" хэмээн дуртайяа зөвшөөрөв.    Бид удтал ярилцан бөө мөргөлийн замнал мөнх тэнгэр эцгийн тухай, хүн яаж амьдарвал зохилтой, хүн байгалийн холбооны тухай зэргийн талаар бичихээр шийдсэн юм. Дэлхийн олон орны эрдэмтэд бөө мөргөлийг эрчимтэй судлан судалгааны олон бүтээл туурвиж, ихэд сонирхож байхад бид өөрсдөө энэ талаар буруу ойлголттой яваад байдаг.    Миний төсөөлж байсанчлан хараал чатга гүйлгэх байтугай өвөө маань хүнд муу санах, муу муухайгаар хэлэхийг хүртэл цээрлэн харин түүний оронд цагааныг цацруулж, сайн сайхан зүйлийг хийж амьдрахыг захьдаг. Тиймэрхүү үйл хийж байгаа бөө бол хуудуу /худал/ бөө.    Тэнгэр эцгээс зөвшөөрөл авч зүй ёсоор үр хойч дээрээ ирж байгаа бөө бол тийм зүйл хийхгүй гэж хэлсэн нь бас ортой мэт санагдаж байна. Бидий удам угсааны дээд үед олон зуун, мянганы өмнө амьдарч байсан өвөг тэнгэр, огторгуйн онготой хийсэн ярилцлагаа та бүхэнд цухас хүргэе. Нэгийг тунгаана буй за.    -Өвөө хөрст дэлхийд амьдарч буй хүн бүрт таньтай адил удмын онго бий юу?  Тиймээ. Хүн болгонд үүсэл өвөг гэж байдаг тэр бүхний онго бий.    -Тэгвэл хүн анх юунаас үүдэлтэй юм бэ? Хэн нэгэн шавраар хийж амь оруулсан юмуу?   Үгүй ээ. Хүн анх өт хорхой мэт ус шавагт амьдардаг амьтан байсан юм. Тэгээд хөгжсөөр өдгөө болсон. Харин ертөнц огторгуйг тэнгэр эцэг бүтээсэн. Юм бүхэн ямар нэг юмнаас үүдэлтэй байдаг. Харин тэнгэр эцэг юунаас ч үүсээгүй өөрөө үүсч бий болсон. Харин энэ олон хүний анхдагч нь Могод /Монгол/ хүн юм. Могод хүн бол тэнгэр эцгийн тамагатай хүвүүд.    -Дэлхий дээр амьдарч буй хүмүүс олон янзын шашин шүтдэг. Тэд бүгд л нэг нэг бурхан байдаг гээд л өөр өөрсдийнхөөрөө зүтгээд байдаг. Тэр бурхад бүгд тэнгэрт байдаг юмуу.   Үгүй дээ. Тэнгэрт ганц тэнгэр эцэг л гэж байдаг. Харин тэнгэр эцэгийн хөрстөд энд тэнд илгээсэн зараалууд ганц Тэнгэр эцгийн тухай ярьсныг өөр өөр гэж бодоод байгаа нь тэр.   /Христийн шашинд Есүсийн эцэг ертөнцийг бүтээсэн гэдэг нь Есүс онгодтой адил "Тэнгэр эцэг" гэж ярьсан байж болох, Лалын шашинд тэнгэр гол шүтлэг байдаг, Буддын шашинд бурхад тэнгэрт байдаг гэдэг бөгөөд бурхдын дүрийг элдэв сонин гал, ус зарим хэрэглэл болоод бурхдын дүрслэл унаа хүлэг зэрэг нь онгын дүр дүрслэлтэй төстэй байдаг/    -Бүх шашны сургаалд дээд дунд доод 3 тив байдаг гэдэг энэ үнэн үү?  Тиймээ. Дээд гэдэг нь бидний байдаг тэнгэр огторгуй, дунд нь хөрст, доод нь та нарын хэлдгээр там шүү дээ. Тэгвэл дээд тэнгэрт гоё байдаг байхдаа, тийм үү өвөө?   Үгүй дээ. Хөрстөд амьдарч хүмүүний биеийг олж төрөх гэдэг хамгийн сайхан. Энэ зүрх цохилохыг сонсох /миний зүрхэн чигт хуруугаараа дарж байгаад хэлэв/, баярлах хөөрөх, зүдрэх шаналах, халууцах даарах, хэргийг бүтээж, уужим амьсгалах гээд энэ бүхнийг мэдрэх ямар сайхан байдаг гээч.    Огторгуйд гарсан онго бид Мөнх тэнгэр эцгээсээ гуйж тэвдүүлээд энэхэн улаачийнхаа биеийг зээлдээд хөрстөд буун ирж ирэхэд та нарынхаа үйлийг цэгцэлдгийн учир юу гэж бодож байна.    Та нарыгаа амьдрахын золыг ухаасай, тэнгэр, газар, байгаль дэлхийн шүтэлцээг ойлгож зөв амьдрахыг л хүсч байгаа нь тэр. Энэ бүхнээс илүү сайхан гэж үгүй ээ золиг минь. Хүний биеийг олж төрсөн золондоо баярлаж яваа үр минь.    -Тэгвэл хүн болж төрсний учир юу юм бэ?   Та нар хүн болсны учраа өөрсдөө олж мэднэ. Эхлээд хэнээс төрөөд юу болсондоо хэний хүчинд энд байгаагаа мэддэг болчихоод цаадах учрыг нь олно доо.    -Яаж,  Яавал тэр бүхнийг мэдэх вэ?   Чи өөрөө гэж хэн бэ? Энэхэн биенийхээ хаахнаа байна. Бодит гэж харж байгаа чинь юу билээ!. Чиний бодол сэтгэлийг гараар барьж болох билүү? Хайрлах, баярлах, айх эмээх, элдэв зан, үг хэл чинь бодитой билүү? Хоосон! гэвч хэр их хүчтэй билээ гэдгийг сана, чиний бодит биеийг хөдлөгдөг биздээ.   Тэгэхээр хүн хоосон чанар гэж юу болохыг ойлгоод хүн өөрийгөө хайж олоод хайрлаж сурдаг. Өөрийгөө хайрлаж сурчихаад дараа нь эцэг эхээ, өвөг дээдсээ, удам угсаа, үр хойчоо хүндлэн энэрэх ухааныг сурдаг.    Тэгээд байгаль дэлхийгээ хайрлах түүнтэй ямар шүтэн барилдлагаатай байдгаа мэдэрч харьцаж сурсны эцэст л чи хүн болж төрсний учрыг ойлгоно доо, Тэрнээс би чамд юу гэж чалчаад ч чи ойлгохгүй ээ.    -Сүүлийн үед Монголчууд байгаль дэлхийтэйгээ хайр найргүй харьцаж, алт эрднийг нь авах гэж ухаж төнхөх болсон. Энэ ямар үр дүнд хүрэх бол?   Могод /Монгол/ хүвүүд бол хөрстөд амьдарч буй тэнгэрийн хөвүүдээ. Могодын нутаг бол энэ бөөрөлдэйн /дэлхийн/ урсах цусны нь зангилаа, цохилох зүрх болсон газар. Энэ эрхэм газарт эзэн юу нь болж амьдарч, тэнгэр газартай харьцаж, хайрлан хүндэлж, хамгаалан харамлаж явах учиртай.   Урьд цагт бол энэ хөртийг ухаж сэндийчих бүү хэл, сул чулууг ч байрнаас хадөлгөхөөс цээрлэж ирсэн. Олон мянгадын тэртээгээс өдгөөг хүртэл бид энэ хэвлийд эрдэнэ байгааг мэдэхгүйдээ ухаж төнхөлгүй байсан гэж бодож байна уу.   Тэнгэрийн тамгатай энэ нутгийнхаа төлөө амиа өгөн цусаа садруулан тэмцдэг байлаа. Ер нь шижир эрдэнэ гэдэг хүний биеэр бол яс, чандмань эрдэнэ гэдэг судсаар урсах цустай нэгэн адил гэсэн үг. Хэрэв хүний тулгуур ясыг хугалаад авчихвал юу болохов?     Энэ хөрстийг ухаад л байвал тийм л юм болно доо. Хөрстийг сэндийчсэн хэн бүхэн үйлээ үүрдэг л учиртай юм даа. Өвөө маань одоогоос 5 орчим мянган жилийн тэртээд дэлхий дээр амьдарч байсан болохоор тэр үеийн хэллэгээр ярьдаг учраас би бүх үгийн утгыг нь бүрэн ойлгож орчуулж чадаагүй өөрийнхөө хэмжээнд ойлгосон зүйлээсээ цухас дурьдлаа.   Өдөржингөө ярилцаж олон зүйлийн учрыг мэдсэн ч "тэнгэрийн үйлийг муутуунд сийлэмгүй ээ" гэсэн болохоор ихэнх зүйлийг оруулсангүй. Энэ нийтлэлийг бичсэнээр би таны үзэл бодлыг үгүйсгэх гэсэнгүй. Мөн өөрийн үзэл бодлоо тулгах гээгүй.   Зөвхөн эндээс таны амьдралд хэрэгтэй зүйлийг тусгаж аваасай, бөө зөвөөр тусгаж ойлгоосой гэсэндээ бичлээ. Судлаачдын судалгаанаас харахад бөө ингэж олноороо бууж байгаа нь 800 орчим жилийн давтамжтай байдаг бөгөөд тэр үе бүхэнд Монголчуудын мандан бадралын үе ирж байжээ.  

​Барьцаалагдсан охин бөөгийн онгодтой байсан учраас аавтайгаа холбогдов

Говьсүмбэр аймгаас хотод ирсний учир нь ганц охиноо хайж явжээ. Галдан “Гараасаа хөтлөх ганц охинтойгоо байхад алзахгүй ээ” хэмээн сэтгэлээ цатгаж, бусдын амыг ч гэсэн энэ л үгээрээ хаадаг байсан бол нэг л өдөр охин нь гэрээсээ гараад эргэж ирээгүй байна. Эхний хэдэн өдөр утсаа чагнан, хаалга харуулдан сууж “Хүрээд ирнэ. Үеийнхэнтэйгээ дарвиж яваа байлгүй” хэмээн итгэж байжээ. Эдүгээ 60 насны босгонд тулж очоод байгаа Галдан хоол, цайнаасаа охиндоо хувь болгон тавьж, ирэхгүй болохоор нь өөртөө хүртэж, охинтойгоо байгаа юм шиг ганцаар дүнгэр дүнгэр ярьсаар сар гаруй хугацааг өнгөрүүлсэн байна. “Сурлага сайтай, их сургуульд орох элсэлтийн шалгалт өгсөн бол тэнцэх байсан” гэж хүмүүс ярилцана. Гэвч өрхийн орлого гэж аавынх нь тэтгэврийн хэдэн төгрөг дээр нь гарын уртай болохоор айл амьтны гуйлга тасрахгүй. Тэр чинээгээр гарыг нь цайлгаад хоёр хар толгойгоо товхийтэл авч явахаас илүүчлэх юмгүй тул Үзмээ конкурс ч өгөөгүй ажээ.  - Миний охин яаж гэр сахиж суух вэ. Ямар ч байсан тэр сургуульдаа ор. Аав нь олны буянд сургалтын төлбөрийг чинь болгож л орхино. Охиноо аргадаж, олон удаа ингэж гуйсан боловч:  - Таны аяга цайг хэн чанаж өгөх юм бэ? Ямар ч байсан би ажил хийнэ гээд Үзмээ халгаагаагүй байна.  Ганц охин нь байнга л ээжийнхээ зургийг ширтэж суухыг нь анзаарсан Галдан “Ирнэ гэж горьддог байх нь, муу охин минь. Тэр арилсан дотортой амьтан намайг биш юмаа гэхэд ядаж ганц охиноо боддог болоосой. Явж, явж өгөр солонгос өвгөнтэй дэр нэгтгэдэг нь ч юу билээ дээ. Тэвхийсэн цэргийн дарга явахад минь салаад явж байхгүй, тэтгэврийн болоод гар хумхингуут зүг буруулсан олиггүй амьтан” хэмээн сэтгэл шимшрэн суух өдөр олон байжээ. Гэтэл охин нь ямар ч сураг чимээгүй алга болсон нь түүнийг бараг галзуурахад хүргээд байлаа. Хаашаа явсан, хаана хэнтэй уулзсан нь хүртэл тодорч өгөхгүй байгаа нь Галдангийн дотрыг давчдуулан, муу муухай бодол бүхэнд ээрэгдэн, муужирч унахад хүргээд байж. - Үзмээтэй ээж нь утсаар ярьсан гэсэн. Тэгээд ямар ч байсан хүрээд ир гэхээр нь юу ч гэж хэлж чадаагүй гэнэ лээ… Үзмээ уйлаад л байсан гэсэн. “Үг хэлж чадаагүй, уг нь би тань дээр очихгүй гэж хэлэх байсан юм” гээд Үзмээ найздаа хэлсэн байна. Найз нь ингэж хэлсэн нь Галданд сэжиг буюу бас ч гэж зүг, чиг гаргаад өгөх шиг болсон гэнэ. Ингээд Галдан “Чойрт байхгүй. Байсан бол намайг, миний охиныг танихгүй хүн байх биш” хэмээн бодоод Улаанбаатарт ирсэн байна.  Охиныхоо утасны дугаараар шүүлгэж үзэхэд үнэхээр Солонгосоос ярьжээ. Нэг биш бүр гурван удаа ярьсан байж. Түүнээс хойш Үзмээгийн гар утас хаалттай байсан нь тодорхой болсон тул Солонгост байгаа ээжтэй нь холбоо барих эсвэл түүнийг тандах шаардлагатай болсон байна. Цагдаагийнхан болоод Галдан дор бүрнээ өөр өөрийн аргаар тандалт, мөрдөлт хийж, Үзмээг эрж хайж байжээ.  Яг энэ үед Үзмээ хаана, ямархуу байдалтай байсан нь сонин.  - Ээжийн чинь хамаатан чамтай уулзах гэж иржээ. Аавдаа энэ тухай битгий хэлээрэй гэсэн. Чи ямар ч байсан очоод уулз. Аавдаа хэлж, ярьж чадаагүй нууц болоод нандин зүйлээ ярьж, бас ээжийгээ санахын эрхэнд түүнийг л бараадаж, дотносдог хамгийн дотнын хүн болох Энхмаа эгч нь Үзмээд ингэж хэлсэн байна. Эхэндээ дургүйлхэж, бүр уурлаад “Намайг аавтай минь хаяад явсан тэр хүний хэнтэй нь ч би уулзахгүй” гээд байж. Гэвч дунд сургуулийн гадаад хэлний багш мэргэжилтэй бүсгүй түүнийг аргадаж, гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн байна. Ингэхийн учир нь Энхмаа “Би ганц охинтойгоо утсаар ярьж элгээ дэвтээх гэсэн юм. Эцэг нь мэдвэл надтай яриулахгүй биз. Чамтай ойр дотно байдгийг мэднэ. Тэгэхээр чи надад тусла. Манай дүү чам руу ярих байх” гээд өдөрт хэдэн удаа ярьж гуйдаг байсан Үзмээгийн ээжид туслах гэж хичээснийх байсан. “Хүний байтугай гутлын наймаа ч эрхэлж үзээгүй хүн ш дээ, би” гээд нулимсаа арчин суугаа Энхмаа гэх 40 хэвийж яваа эмэгтэй ийн ярьж байна.   - Эх хүнээс тийм айхтар санаа гардаг л юм байх даа. Манай Үзмээ их сайн охин шүү дээ. Тэр сайхан охинд гай болсон миний ингэж суух яахав. Муу аав нь ганц охиныхоо араас яаж бэтгэрч, хэвтэж, сууж чадахгүй байхыг харж, мэдэж байсан мөртлөө би “Үзмээ тэнд очсон. Тэр хүн мэднэ” гэж хэлээгүй. Ингэхлээр намайр гэмтэн, буруутан гэж үзэхээс яах вэ. Гэхдээ “Хүн зараагүй. Ээжтэй нь уулзуулах гэж бодсон” гэж дахин дахин ярьж, өөртөө гэмшил тээн шаналж яваа Энхмаа 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байгаа ажээ. Түүнийг “Бүлэг, зохион байгуулалттайгаар бусдыг хил давуулсан” хэмээн үзэж, ийм ял оноосон атлаа түүнтэй бүлэглэсэн гэгдээд байцаагдаж байсан Үзмээгийн ээж болон түүний үеэл дүү Наранханд хоёрт ял, шийтгэл оноогоогүй байна.   Нөхөр, охин хоёроо орхин Солонгост очиж, ажил хийх гээд явсан бүсгүй гэрээсээ гарснаасаа хойш нэг удаа ч яриагүй аж. Сүүлдээ сэтгэлээ чилээж, өөрийгөө зовоохоо больсон Галдан охиныхоо эхийг солонгос эртэй суусан гэдгийг сонсч, дуулсан мөртлөө хэнд ч хэлээгүй байна. Өсөх, өндийх тусмаа аавыгаа өрөвдөж, ээжийгээ санаж, заримдаа бүр ихэнхдээ ээждээ гомдож, гутрах нь ихэссэн Үзмээ хар багаас нь хөрш зэргэлдээ явсан болоод ч тэр үү, ялдам зөөлөн ааштай, хүний, өөрийн гэж ялгалгүй хүүхэд бүхэнд эхийн сэтгэлээр хандах Энхмаад охиноос нь дутахгүй эрхлэн өссөн ажээ.   - Ээжтэйгээ яриад болж өгвөл уулзчихвал чамд хэрэгтэй. Магадгүй, олон жил хол хөндий явсан ч гэсэн чамайг бодоод аав, ээж хоёр чинь эргээд нийлчихвэл та гуравт ямар сайхан гээч. Үзмээ минь, охин минь. Гоморхож тэр хүнийг муу талаас нь харалгүйгээр “Миний ээж” гэсэн сайхан сэтгэлээр ханд. Чи ээжийгээ яаж санаж, бэтгэрдэг билээ. Тэр хүн чамайг улам илүү санаж, охинтойгоо уулзалгүй өнгөрүүлсэн энэ он жилүүд түүнд маш хэцүү байсныг би ойлгож байна. Эх хүн гэдэг чинь үрийнхээ төлөө ямар их шаналж, зовдгийг чи мэдэхгүй. Миний охин ээжийнхээ дүүтэй танилцаад сайхан ярилц. Ээждээ “Охин нь ийм том болсон. Аавдаа туслаад их мундаг байгаа гэдгээ хэл. Ээж нь ямар их баярлана гээч. Чи тэр сайхан хайр, хүлээлтийг мэдэрнэ. Энхмаа эгч ингэж хэлж, гуйсан болохоор би тэр хүнтэй уулзсан. Хуйвалдаагүй, тэр хүнд итгэсэн, намайг төрүүлсэн гэх аймаар эмэгтэй шиг хүн мэдэхгүй, төсөөлөөгүй нь үнэн. Гэсэн ч би Энхмаа эгчдээ гомдоод байгаа юм. Ингэж ярих Үзмээг бараг гэрийн хорионд барьцаалах шахам байлгаж байгаад ээж нь “угтан авах” ажлаа маш нарийн зохион байгуулсныг урьдчилсан тандалтаар мэдсэний үндсэн дээр охиныг аварсан байна.  Солонгосоос уйлагнан ярьж, “Охинтой минь уулзуулаад өгөөч. Би чамд тус болно шүү” гээд байнга гуйдаг байсан бүсгүйд чин сэтгэлээсээ туслаж, “Эх, охин хоёрыг уулзуулах” сайхан сэтгэл өвөрлөсөндөө Энхмаа Үзмээг ятгаж байгаад Бурамхан гэх бүсгүйтэй уулзуулж өгчээ. Сайхан ааштай махлаг шар бүсгүй “Эвий, ээжтэйгээ ямар адилхан юм бэ?” гээд Үзмээг үнсэж, хөөрхийлөн угтаж аваад гэртээ урьж, машиндаа суулгаж аваад явсан байна. “Удахгүй буцаад ирнэ” гэж бодсон охин аавдаа хэлээгүй аж. Ер нь бол Энхмаа ч “Аавд нь мэдэгдээд хэрэггүй” гэсэн даалгаврыг биелүүлсэн гэдгээ хүлээжээ. Яагаад гэвэл, “Охиноо хэзээ ч ээжтэй нь уулзуулахгүй” гэж ярьдгийг нь мэдэх учраас тэр. Ингээд Бурамханд гэх “эгч”-ийн тансаг гэрт очсон Үзмээг амттай бүхнээр дайлж байхдаа:  - Ээжтэйгээ ярь гээд яриулжээ. Үг дуугарч чадахгүй байсан охин хоёр, гурван удаа залгаж ярьсных нь дараа цаанаас асуусан асуултад хааяа нэг хариулт өгсөн байна.  - Одоо удахгүй ээж дээрээ очно. Тэнд гоё сургуульд орно… гээд баахан “гоё” юмны тухай ярьсан Бурамханд “Аав чинь мэдвэл чамайг тийм гоё сургуульд оруулахгүй. Ээж дээрээ очоод сургуульдаа орсон хойноо аавыгаа урьж аваачихад ямар их баярлах бол?” гээд Үзмээгийн аав, ээж хоёртойгоо хамт байх юмсан гэх насан туршийн мөрөөдлийг биелүүлэх гэсэн шиг сайхан үгээр хуурсан байна. Ээж нь гэж нэг хүүхэн Солонгосоос ярьж, “Үлгэрийн баатар” болгох юм шиг сайхан юм хэлээд, гэртээ авчраад дайлж, цайлаад байгаа хүүхэн бас Үзмээд туслах гэж байгаа юм шиг сайхан юм яриад, Үзмээгийн толгойг 360 хэм эргүүлж авчээ. Бурамхандад гар утсаа хураалгасан охин өдөржин тэдний гэрт цонхоор гөлрөн өнжихдөө тэдний ярьсан өнгөт “үлгэр”-т итгэн “Солонгост очоод бушуухан аавыгаа авна” хэмээн мөрөөдсөөр тийм урт хугацааг өнгөрүүлчихжээ. Энэ хооронд аав нь охиноо хайн гайхшаа барж явахад Энхмаа,  - Галданд хэлж болохгүй шүү. Охин нь өөрөө яривал цаадахь чинь нэг юм ойлгох байх… гэж хэлсэн Үзмээгийн ээжийн үгэнд итгээд таг дуугүй явдаг байжээ. Гэхдээ тэрбээр “Яагаад ингэж уддаг юм бэ? Энэ амьтан хэцүүдлээ. Хурдан ярьж, охиных нь дуу хоолойг сонсгоосой билээ” хэмээн бодож, Галданг өрөвдөж, зарим үед айдас нь төрдөг байсан гэдгээ ярьж байна. Гэвч Энхмаа “Үзмээ аль хэдийнэ Солонгост очоод ээжтэйгээ уулзсан. Харин яагаад аавтайгаа ярихгүй байгаа юм бол?” гэж бодож байсан бол Бурамханд гэх авгай Үзмээг гэрийн хорионд оруулчихаад ээжтэй нь утсаар ярьж, ямар нэг ажил амжуулах гээд байгааг Галдан ч, цагдаагийнхан ч мэдсэн байжээ.  “Охиноо авна гээд байна. Би Үзмээг авч яваад уулзуулчихаад ирье” гэж нэг бус удаа Галданд хэлээд буцаж байсан хүн бол Бурамханд учраас охины эцэг тэр эмэгтэйг ажиглаж эхэлсэн байна. Мөн сураг, хэл чимээгүй алга болсон эхнэрийг нь сайн таних, ойрхон байдаг нэг залуу Солонгосоос түүнд хэл мэдээ өгч тусалдгийг санаж, түүнтэй холбоо барьж чаджээ. Галдан өөрийн ажигласан, мэдсэн бүхнээ цагдаагийнханд хэлснээр тандалт үр дүнтэй хурдан болж, Үзмээг шөнийн онгоцонд суулгах гээд Бурамханд дагуулаад явж байхад нь тэднийг саатуулсан байна.  Одоо сураггүй болчихоод байгаа Үзмээгийн ээж “Бүжигчин” нэрээр нэг биш, хэд хэдэн охиныг Япон руу гаргах гээд бүртгэж, бүх бичиг баримтыг нь цэгцлэхдээ өөрийн төрсөн охин Үзмээгийн нэрийг оруулсан байсныг олж тогтоожээ. Магадгүй “Охиноо зарах гэж байсан байх…” гэх таамаг байгаа ч нэгэнт манай улсын нутагт явагдаагүй ажил учраас нарийвчлан шалгаж болохгүй байгаа ажээ. Монголоос гарахдаа л Мядагмаа нэрээ сольж хил давсан түүнийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Харин Бурамханд гэх эмэгтэй, Энхмаа хоёрыг “Хүний наймаа”-ны хэрэгт хамсаатнаар татаж шалгаж байснаа Энхмаа ганцаархнаа ялан дээр унажээ. Гэрээс нь дуудаж, тийш аваачин, “хорионд оруулсан” буруутан гэж үзсэн байна.   - Би эхтэй нь уулзуулах гэснээс биш өөр хэн нэгэн шиг мөнгө төгрөг аваагүй хэмээн өчгөө өөгүй, сайн өгсний хүчинд Бурамханд мултарсан аж. Харин би эхнээсээ ямар зорилготойг мэдээгүй “Эх, охин хоёр уулзах нь. Болж өгвөл Галдан ах эхнэртэйгээ буцаад суучихаасай” гэж бодсондоо л Үзмээтэй уулзуулсан гэдгээ хэлсэн. Бас Үзмээгийн ээж нэг өдөр миний овог, нэр, регистрийн дугаарыг авснаа 500 доллар шилжүүлсэн. Баярласан шүү” гэхээр нь би юу ч бодоогүй. Тэр мөнгийг аваад Үзмээтэй дэлгүүр орж, бүх хувцсыг нь шинээр сольж өгсөн. Үзмээ мэдэж байгаа. Гэтэл асуудал ийм аймшигтайгаар эргэж, цагдаа дээр очсон чинь:  - Авлигалд авсан мөнгөө гаргаад ир гэж загнасан. Би хүүхдэд нь хувцас өвч өгсөн. Надад тун бага юм үлдсэн. Гэтэл шууд хорьсон. Тэр хүн надад мөнгө өгснийг Үзмээ мэдэхгүй, хэлээгүй. Гэтэл Бурамханд хэлсэн байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг хаах, нэг тийш болгохын тулд над руу шилжүүлсэн 500 долларын асуудлыг гаргаад ирсэн байгаа юм… Би үнэнээ хэлсэн. Гэтэл тэр үг намайг ийм ялан дээр унагаад байна. Үзмээг тийм айлд хориотой байгааг би огт мэдээгүй. Тэд яг яах гэж байсныг мэдэхгүй. Эх нь олон жил хол байсан охиноо ингэж хулгайн аргаар авах гэж байсныг би огт ойлгохгүй байгаа. Гэвч Галдан ах, Үзмээ хоёр “Энхмаад гомдолтой” гэдэг. Би эхэндээ тэр хоёртоо гомддог байлаа. Сүүлдээ нээрэн би гэж нэг юм тэр хүний утсаар ярьсан уран гоё, дэндүү өрөвдмөөр үгэнд итгээгүй бол хүний эрэлд хатахгүй байсан байх аа” гэж Энхмээ ярив.  - Миний охин харин ч азтай учраас, арай өөр хүн учраас эх орноосоо гаралгүй аавдаа ирлээ. Унтаж байхад миний чихэнд охины минь үг сонсогдоод, бүр байгаа газар, бүх байдлаа яриад байдаг юм. Би зүүдлээд байна гэж боддог байсан. Гэтэл үгүй юм билээ. Охин маань бөөгийн онгодтой, сахиусаа аваагүй, их сайн багштай хүн байгаа юм. Тэгээд л болохгүй юм шиг асуудал тулгарангуут аав руугаа хэлж байсныг мэдсэн. Төрүүлсэн эх нь юу хийж байгааг хүртэл мэдэж байсан юм билээ гэж Галдан яриад “Арай балчир байна” гээд би тоолгүй явж байсан учраас онгод сахиус нь уурлаж, ийм сануулга өгсөн гэдэгт итгэж байгаагаа бас нуугаагүй юм.   

Бөө ба бөө биш монголчууд

Ингэж хэлэхийн учир нь Монгол Улсын хүн ам бөөжиж байгаатай холбоотой. Сүүлийн хэдэн жилд бараг айл болгон бөөтэй болжээ.Шуудхан хэлэхэд монголчууд бөө ба бөө биш гэсэн хоёрхон бүлэгт хуваагдсан гэвэл хилсдүүлсэн болохгүй.Нүүр рүүгээ битүү хар цацаг  унжуулсан бөө нар хэнгэргээ  сүртэйеэ дэлдэн цовхчихыг хараагүй хүн байхгүй биз. Хэдэн зуун жилийн өмнө бурханы оронд морилсон хэн нэгний сүнсийг биедээ оруулж, тэрхэн зуур танигдахын аргагүй өөр хүн болж олныг алмайруулна.Нөгөө хүний дуу хоолой өөрчлөгдөж яах аргагүй алс холын тэртээгээс алжааж ядран ирсэн өвгөн , хэрэв эмэгтэй хүн бөөлж байгаа бол эмгэн болж хувирна.Тэгээд л хэдэн зуун жилийн өмнөх бололтой ойлгомжгүй хэлээр ярьж эхэлнэ.Хажууд нь орчуулагч байнга ажиллах бөгөөд  хэлснийг нь хөрвүүлнэ.Тэр хэлмэрч өнө эртний хэлийг яаж сурсан, хэрхэн ойлголцоод байгаа нь сонин. Бөөд мэдэхгүй юм гэж байхгүй, асуусан болгонд хариулж хүн бүрийн ирээдүйн зам мөрийг тодруулж өгнө. Ид шидийг үзүүлж байна гэдэг янзтай.Ийм маягаар амьдарч буй бөө нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг мэдэхгүй хүн ховор болов уу.Зөвхөн Улаанбаатар байтугай Монгол эх орон даяар хэнгэргийн дуу тасрахаа больжээ.Хаана л бол хаана хэнгэрэг нүдэх нь “ламгүй газрын бумба галзуурна”гэдгийг  санагдуулна.Шөнөжин хажуу хавирганыхнаа унтуулахгүй нүдсэн ч “боль” гэх хүн ховор.Яагаад гэвэл, Монголд хоногийн 24 цагийн хэдийд хэнгэрэг нүдэх,эс нүдэхийг зохицуулсан хууль дүрэм байхгүй.Орон сууцанд ч нүднэ, гэр хороололд ч нүднэ.Бусдад түвэг учруулж байна уу гэдэг бөө нарт падгүй. Онгод л орсон бол хүссэнээрээ авирлана.Өнөөдөр арван хэдхэн настай балчраас авхуулаад олны танил дуучин, жүжигчин гээд нийгмийн бүх давхаргынхан бөөлж байна. Арай л УИХ-ын гишүүн,сайд дарга нар уг авсан бөө боллоо гэж сонсдсонгүй.Бөө судлаачдын ярьж буйгаар, хүн толгойтой бүхэн бөө зайран,удган болох албагүй юм гэсэн.Эрт үед,эзэн Чингисийн үед ч тэнгэрийн зарлигийг дамжуулдаг  улаач нар байсан гэдэг.Өнөөгийн нийгэмд хүн болгон хэнгэрэг нүдээд,хий юмтай яриад,ид шидийг үзүүлээд байх хэрэг байна уу.Нийгмийн бүх харилцааг хуулиар зохицуулдаг ардчилсан оронд амьдарч байгаа монголчууд алийн бүр бөөгийн дарамтыг сөрөх вэ.Хэнгэргийн дуу  нойр хулжааж  тархи руу “нүдээд”байхад  хэн тайван амрах билээ. Өдрийн алжаалаа тайлах нь байтугай зүрх дэлсэж,уур хүрсээр шөнийн уртыг арайхийн барна.Хүүхэд багачуул нойр муутай хоносондоо өглөө босох гэж бөөн тунирхал. Цэцэрлэг,сургуульдаа очих гэж үүрэглэнхэн алхана.Ийм зовлонг тоочвол зөндөө. Хотын соёл,өнгөрсөн түүх хоёр бие биедээ уусан шингэх тэр цагийг хэр удаан хүлээх хэрэгтэй юм бол.Өнөөдөр Улаанбаатарын хаана ч хэнгэргийн дуу үл тасрах түвэгтэй цаг иржээ. Уг нь хүн гээч амьтан  “тэнгэрийн дор төрж,төрийн дор захирагддаг”гэдэг. Тэгвэл тэнгэртэй ярьдаг бөө нарт хууль үйлчлэхгүй юу.Орон гэртээ амар тайван байхыг хүсэмжилж шаардлага тавьсан хэнд ч таатай хандахгүй.Наад зах нь бөө болон түүний шадар нөхөд  “сүнс,сүүдрээр чинь тоглоно” гэх мэтчилэн сэтгэлд сэвтэй үг хэлэх энүүхэнд. Сүүлийн үед бөө зайрантангууд олширч, хүмүүст өөрсдийгөө тэнгэрийн элч хэмээн  итгэл үнэмшил төрүүлж байхад эх болсон зургаан зүйл,хамаг амьтны тусын тулд буяныг арвижуулагч  лам нар юу бодож байдаг юм бол.Нийгэмд амар тайвныг тогтоохын төлөө  үйлчилдэг гэх  лам нар бөөгийн өмнө яагаад хүчгүйдэнэ вэ.Номын хүчээр чойжин буух,иш үзүүлэх,албинг нам дарах тийм хүчтэй лам өнөөдөртөө Монголд төрөөгүй байна.Тэгэхээр бөө нарын өмнө бурхны шашин хүчгүйдэх нь энэ.Цагаан сарын шинийн өглөө  Ерөнхийлөгч,УИХ-ын дарга,Ерөнхий сайд нар баахан бараа бологчдоо  дагуулан Гандан хийдэд  сүр бараатай ирж лам нарт хүндэтгэл үзүүлэн ихэд дор мэхийн сүсэглэдэг.Одоо тийм жүжгээ зогсоовол яасан юм бэ..Түүний оронд бөө нарын  ганлин, хэнгэрэгнээс адис хүртсэн нь дээр байж ч болох  шүү. Олныг амар тайван байх аргагүй  дарамтлан бөөлж байгаа удган, зайрангуудыг даруй дүрс дүрмэнд нь оруулахгүй бол их хотын зовлон нэгээр нэмэгдлээ .Эсвэл бүр далан таваар бууж өгөөд өдөр шөнөгүй дуртай газраа бөөлөн цамнахыг  нь баталгаажуулчихвал байдал  дээрдэж  мэднэ. Н.Дөл      

Алсын Дамдин дорлигийн дуудлага

Алсын зүүн хойноос Гүр хадан дотороос Гүрмэл зандан хонологотой Хөвгийн цэнхэр бутийг Хүжийн цоригоор уугуулсан Хүрэн шарга ямааг Хүлэглэж буусан Хар Дархан нэртэй хар хөх өнгөтэй Даян дээгүүр гүйдэлтэй Дархан цагаан тэнгэрийн Дамдин дорлиг сахиус минь Далай дээрх 77 дархуул Хясын эзэн үүвшин дархан тэнгэр Балтын эзэн болгон цагаан ноён тэнгэр Толь товчийн эзэн ам цагаан ноён Тэгшигхийн эзэн сэлэмж цагаан ноён Бух хөөргөө бужигнуулж Булингар улаан ширээдийг Цацруулж буусан Дархан цагаан тэнгэргийн минь Дамдин дорлиг сахиус минь Наана сайхан дуулаарай Хүч чадлыг минь нэмээрэй Хүүгийн биеийг хүрээлээрэй Өргөн сайхан ононгоор ундлага Өндөр сайхан хан хэнтийг Өгсөн уруудаж буусан Хайлуурын эзэний түшмэл Дамдин дорлигийн их эзэн Их эзэн өвөө таныгаа урин залан дуудаж байна.      

Онгодын нэхэл

            Дархадын нэг хүн Сэцэн хан аймгийн нэгэн бөөгийн хэдэн тэмээг хулгайлан нутагтаа авчиржээ. Үүнийг мэдсэн Сэцэн ханы бөө тэмээнийхээ хойноос хар тэнгэрээ нэхүүлэн илгээсэн нь дархадад ирээд аюул гамшиг тарьж эхлэв.             Үүнийг дархадын Хаж заарин мэдээд нэхүүлийг хөөж явтал тэр нь загас болоод нуурт орчихоод явж өгдөггүй гэнэ. Тиймээс лусаар хөллөдөг гэнэ. Тиймээс лусаар хөллөдөг Булжий удгантай хавсарч тэр нэхүүлийг могойгоор уснаас гаргуулаад алав. Тэгэхэд тэр загас эмэгтэй хүн шиг бархирч уйлсан аж. Хаж заарин, Булжий удган хоёр тэр “юм”-ыг Хөвсгөл аймгийн Улаан уул суманд булшилжээ. Түүний дараа Дархад бөө нартай хүчээ үзэж, хариугаа авах санаатай яваа хэдэн бөө Сэцэн хан аймгаас ирж Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хийтийн голын нэг мухарт хоноглож байхад нь Дархад заарин аянгаар ниргүүлэн үгүй хийснээс хойш Хийтийн голын нэг мухар “Бөөгийн мухар” гэдэг болжээ.  

Тува бөөгийн ховс

            Тувагийн хил дагуу амьдарч байсан малчин Дорлигжав урт гартай нэгэн аж. Нэг удаа олуул нийлж Тува руу гараад бөөгийн малаас хөөжээ. Тэр бөөг эмэгтэй хүн мөртлөө сахал үстэй алмас шиг амьтан байдаг гэж ярилцана. Түүний талаарх ёозгүй мэдээллүүдийг социализмын үзэл сурталд согтсон ойворгон эрчүүд эс тоожээ. Хөхчин бөөгийн адуу малыг хөөж ирснээс хойш бүлэг хулгайчдын амьдрал өөд гарсангүй.               Ихэнх нь цаг бусаар хорвоог орхижээ. Бараг Дорлигжав л ганцаар амьд үлдэж, нутгийн номч мэргэн улаан сахиусны өвгөний номын шидэд биширч байв. Нэг удаа Улаан өвгөн түүнд хэлжээ. “Миний бие барагтай болов. Одоо үүнээс цааш чамд туссан бөөгийн хараалыг хариулж чадахгүй. Чи нутаг сэлгэж хол нүү, тэгвэл гайгүй байж магадгүй” хэмээжээ.               Дорлигжав ч өвгөний үгэнд орж бөөтэй газар болохоор энэ талын хараал жатгыг хариулах биз гээд Хөвсгөл аймагт шилжиж очжээ. Дархадын бөө нарт очиж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд огт халгаасангүй. “Өөрөөс чинь холуур өнгөрөөх арга бодъё” гэжээ. Төдий удаагүй байхад ууланд мод хийхээр явсан Дорлигжавын том хүү Цэдэн сураггүй алга болжээ. Нохой шувуу эргэх сэг, нойронд үзэгдэх бараагүй алга болсон хүүгийнхээ талаар зовлонд учирсан эцэг Дорлигжав асууж, сураглаад үр дүнд хүрсэнгүй. Шүүх, цагдаагийнхан ч ямар нэгэн ул мөр олсонгүй гэнэ. Арга барахдаа нөгөө бөө дээрээ очиход “Хүүгийн чинь бие сүнсийг Тувагийн хөхчин бөө хулгайлсан байна. Түүнд чиний хийсэн нүглийг үүрүүлж байгаа  юм байна” гэсэн итгэхэд бэрх үгийг хэлжээ. Амьдын хорвоод хүний горьдлого хэзээ ч тасардаггүй болохоор Дорлигжав хуучин нутаг руугаа явж, хилийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарчээ. Хөхчин бөөгийн гадаа очиж харвал хүүхэд нь үхэр малын баас цэвэрлэж, борви бохисхийлгүй ажиллаж байна гэнэ. Үнэхээр боол, зарц шиг зүтгэж байгаа хүүгээ хараад Дорлигжав тэсэлгүй “Цэдээн, миний хүү нааш ир. Аавдаа ир. Хоёулаа харъя” гэж орилсон байна.               Хүү Дорлигжавыг хараад танихгүй байгаа бололтой, бүр үзэн ядсан царай гаргаад хөлдүү баасаа шидэж хөөжээ. Дорлигжавыг харсаар байхад хүү нь дүрээрээ байсан бөгөөд их л зовж шаналсан харагджээ.               Цэдэн хүү Дорлигжавыг өөртөө ойртуулахгүй хөөж, түүнийг барьж тэврэх гэж зүтгэн тэмүүлсэн байдалд нь дийлмэр болмогц бөөгийн гэр рүү улангасан гүйж орсон байна. Дорлигжав ч яавал яаг, юу болбол ч болог гэж бодоод Хөхчин бөөгийнд гүйж оржээ. Бөө урт хулсан гаансаар тамхи татан сууж байв. Түүнийг хүн гэхэд бэрхтэй, хүн гөрөөс гэмээр төрхтэй санагджээ.               Дорлигжав эхэр татан уйлж, газар сөхрөн суугаад бүх гэм буруугаа хэлж “Өршөөн хэлтрүүлж, хүүг минь буцааж өгөөч” хэмээн гуйжээ. Тэр хооронд мал хөрөнгө, алт эрдэнэс хүртэл амласан байна. Энэ үед Цэдэн хүү Дорлигжав буюу аавыгаа жигшин харж ихэд зэвүүцэнгүйгээр Хөхчин бөөгийн хажуугаар би энэ хүний талд шүү гэсэн шиг зогсож байв. Бүхэл өдөржин нус нулимсандаа хутгалдан гуйсны эцэст Хөхчин бөө хүн болохоор сэтгэл зөөлөрч Цэдэн хүүг түүнд өгч явуулахаар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хар мод дүүргэж түлээд бөөлж гарах нь тэр.               Энэ хугацаанд Цэдэн хүүгийн нүүр царай хэдэнтээ хувирч өнгө солигдох шиг болж байв. Энэ бүхнийг харж там тумхан ухаантай байсан Дорлигжав нэг мэдэхэд хүү нь түүний хажууд ирж суусан байхыг  олж харжээ. Дорлигжав ч буцаж хил нэвтэрч ирээд бөөгийн хүссэн бүхнийг ах дүүгээсээ цуглуулж хүргэж өгсөнөөр Цэдэн хүүтэйгээ хамт Хөвсгөл нутагт ирж амар жимэр амьдарч байжээ. Цэдэн хүүг үеийнхэн нь гажиг зантай гэлцдэг. Оршуулгын газар очиж хохимой толгой цуглуулж төмөр утсаар хэлхдэг байна.               Нөгөө хэлхээтэй толгойнууд маргааш нь салчихсан байдаг гэнэ. Цэдэн нэг толгойн талаар үеийнхэндээ их сонин түүх ярьж өгчээ. Тэр толгой амьддаа их юм хийсэн эд гэнэ. Ойд жимс түүж явсан охид бүсгүйчүүдийг ангуучилдаг байсан түүний хувхайрсан толгой дээр өдөр болгон хар хэрээ зайдлан суудаг юм байх. Тэр өгөр толгойг зовлонгоос салгах гэж Цэдэн бусад толгойнуудыг хооронд холбож төмөр утсаар эрх зангидаг байна. Тэрхүү хохимой толгойн эрхи нь гүйцэж 108 болоогүй болохоор хүч чадал нь хуралдаж амжихгүй хоорондох хэлхээс нь тасарч байгаа гэнэ. Түүний энэ ажил удахгүй дуусна гэж Цэдэн нээх том зүйл амжуулж байгаа аятай ярьжээ. Яаж дуусах вэ гэвэл голын урдтай амьдардаг ная гарсан настай эмгэнийг бурхан болмогц түүнийг ил задгай оршуулах эртний заншлаар авч ирж тэрхүү хохимой толгойнуудтай нэгдэх аж. Ингэснээр тэрхүү хохимой толгойн эрхи гүйцэж нөгөө зовлонт хохимой толгой амаржин өгөрших бололтой.               Үнэхээр ч Цэдэнгийн хэлж ярьж байсан зүйл бүгд үнэн болж 108 хохимой холбосон эрхи бий болсноор нутаг усанд ээлийн сайхан зун болсон гэлцдэг. Юм гэдэг огт холбоогүй мэт боловч далдуур машид гүн холбогддог байна. Энэ түүхийг эргэлзэн хүлээж авах хүн бий боловч үнэхээр үнэн юм шүү гэсэн үүднээс хандах нь ч цөөнгүй буй за.                

Хуудаснууд

Subscribe to Монгол бөөгийн түүх