logo

logo.jpg

Advertisement

Монгол бөөгийн түүх

Бөөг юунд үзэн ядна вэ??? /хоёрдугаар хэсэг/

Тэгвэл “Сүнс” гэж юу вэ?  Сүнсийг 3-7 грамм жинтэй гэдгийг шинжлэх ухаан ямартай ч нотолчихсон. Маш их эрчим энерги агуулдгийг хэмжчихсэн. Хувцас хунартайгаа байхыг нь хардгууд нь хардаг. Хүүхэд нялх бага байх тусмаа сүнсийг харах чадвар нь илүү байдаг гэлцдэг. Тэгвэл СҮНС махан бие нь үхэхдээ ямар дүр төрхтэй байсан, яг л тэр чигээрээ байдгийг монгол бөө бас нотолчихлоо, энэ бол ёстой нээлт гэлтэй. Доголон бол доголонгоороо, сул дорой биетэй байсан бол тэр төрхөөрөө, өлсөж цангасан, гомдож гундсан гэх мэт тэр л шинжээрээ байдгийг маш олон жишээгээр дурдаж болно. Хурд, хүчээр нь ч мэдэрч болно, ур ухаанаар нь ч ялгаж болно, хар цагаан сэтгэлийг нь ч таньж болдог байх нь.   Хамгийн гол тодорхойлолт нь: СҮНС бол МӨНХ.  Сүнсийг онцгой тохиолдолд л устгадаг, устгагддаг.             “Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” гэдэг. Өөрөөр хэлбэл дэлхий дээр хүн байна уу, амьтан байна уу, ургамал байна уу ялгаагүй, энэ гурван амьд зүйлд сүнс нь эргэлдэн оршдог. Энэ тухай  бүх шашин, бясалгалын багш гэгээнтнүүд хэлж сургаалаа айлддаг биз дээ. Тэгэхлээр ҮНЭН байж л таарах нь.             Бидний энэ дэлхий дээр сүнс нь хүн, амьтан, ургамлын биеийг дамжин оршдог байхад там, диваажин, мөн завсрын гэх орон зайнд  сүнснүүд үйлийнхээ үр дүнгээр олон олон хугацааг ч өнгөрөөж байдаг нь тодорхой болчихож.             Онцгой үүргийг биелүүлэх гэж, дуусгаж чадаагүй үйлээ дүүргэх гэж, тусгай сорил шүүлтэнд орох гэж хүн болж төрдөг нь гарцаагүй юм байна.  Харин хүн болчихоод хамаг мууг үйлдсэн, хүн гэх аугаа бүтээлийн эсрэг үйл хийсэн, эх дэлхийнхээ эсрэг өчүүхэн төдий гэм үйлдсэн хүний сүнс нь доод буюу тамын ертөнцөд магадгүй хэдэн мянган жил ч элдвээр тамлагддаг байх нь.             Харин хүн болох өгөгдөл, зорилгоо зөв хэрэгжүүлсэн нь, сорил шүүлтийг ухааран давж эх дэлхийнхээ төлөө, эгэл хүний төлөө зөвийг үйлдсэн хүний сүнс нь Онгод болон “диваажин” гэх дээд ертөнцөд очиж тэндэхийн амьдралаар хөгжин үйлээ хийдэг ажээ. Тэнд ч бас Сүнсний хөгжил үргэлжилсээр байдаг гэнэ.             Өнөөдөр үхчихвэл бүх зүйл дуусч байгаа мэтээр сэтгэдэг бидний ядуухан материалаг ойлголт огт худал, үеэ өнгөрөөчихсөн гэдгийг дэлхийн эрдэмтэн судлаачид, гэгээнтнүүд ч нотолчихлоо. Өөрөөр хэлбэл таны СҮНС чинь МӨНХ. Таны махан бие чинь үхлээ гэхэд таны язгуур жинхэнэ сүнс чинь мөхөхгүй,  дахиад л ямар нэгэн биед шингэж дараа төрлөөрөө ахин дахин амьдрах нь.             Хүн болж эжий дэлхийнхээ хэвлийг хүү татаж өмөлж цөмөлж ч магад, хүйтэнд хөлдөж, хөлөө тайруулж, хонгилд хонож, өлсөж цангаж, өлбөрч үхэж ч магад, адгийн аалз болж алхах болгондоо алуулж ч магад, хаа нэгтээ мод болон найгаж, хатаж үжирч үхэж ч магад,  хайрыг цацраасан эмэгтэйн алагхан цэцэг нь болж ч анхилам үнэрээрээ гайхуулж ч магад, халтар үнээ болж төрөөд хавь ойрынхныг сүүгээрээ ариусгаж ч магад, баян айлын банхар нохой нь болж баашилж эрхэлж ч магад, барагтайхан гудманд тэнэдэг барс нохой болж төрөөд алуурч эрд буудуулж ч магад. Эргээд мэндлэхдээ юуны ч биед таны сүнс орох боломжтой байх нь.             Энэ бүхэн ХҮН таны хийсэн, үйлдсэн үйл бүрээс чинь, бодсон санасан ухаан, эсвэл мунхаглал бүрээс чинь, хэлсэн ярьсан үг, өгүүлбэр бүрээс чинь, элбэрэн хайрласан, энэрсэн сэтгэл бүрээс чинь, үзэн ядаж харааж зүхсэн, орилж бахирсан авиа бүрээс чинь шалтгаална.             Ялангуяа өнөөдрийн өчүүхэн зорилгондоо хөтлөгдөн, гадныхны харгис худал амлалтанд хууртагдан, хөрөнгө оруулалт нэрийн дор эх дэлхийнхээ газар шороог нь онгичин, харилцан хамааралтай байх ёстой бүх материаллаг эрдэс бодисын хэм хэмжээ, жинг нь алдагдуулан цөлмөж, усыг нь ховх сорон хордуулж, ургамал өвсийг нь хайр найргүй устгаж буй үйл ажиллагаанд идэвхийлэн  оролцож буй бүх хүний, тэр бүү хэл шийдвэр гаргаж буй, гарахад нөлөөлж буй эрхмүүдийн дараагийн амьдрал маш хэцүү, зовлонгоор дүүрэн байх нь тодорхой гэнэ.             Эх дэлхий маань үр бүхэндээ хэрэглэх, амь зуух зүйлийг нь харамгүй өгч, хэмжээ хязгаарыг нь ч бас тогтоосон байдаг гэнэ. Эх дэлхий, ээх нар, эргэлдэх сарыг амьгүй гэж бүү андуураарай, тэдний амьтай гэдгийг оюун ухаандаа ухаж тунгаан нэг бодоорой.                Хүний амийг таслагч, өөрийн амийг өслөгч, хөрстийн ан амьтныг хайр найргүй хөнөөгч, эр эм заяаны утгыг алдагдуулан эрийг эмэлж, эмийг эрлүүлэн гутааж/гомо, лесбинүүдийг хэлж байгаа бололтой/ ертөнцийн жамыг сөрөгч хэн бүхэн аалзны төрлөөр ахин ахин төрөвч алхах тоолондоо няц гишгүүлэн аймшгийн зовлонг эдлэх болно гэнэ.             Эр эм заяа, ханийн заяа, үрийн заяаг доромжлон сүйтгэгч цаг наргүй завхайрагчид, биеэ үнэлэгч эрс эмс, үр хүүхдээ хэвлийд нь хороогчид, хаягчид, архидан согтуурагчид, мансууран мангуурагчид нь эргээд хүн болж төрвөл хүний хорвоогийн хамгийн мууг үзэж үхлийн мууг эдэлнэ гэнэ.                Хар үйл болгоноо “муу” юм байна гэж дүгнэх цэгнэх ухаан дутаж, өөрийн отог омгоо, үр хойчоо үеийн үед нь  уруу дорой байлгая гэвэл хөлөөрөө толгойгоо хийнэ үү таны асуудал боловчиг МОНГОЛ гэх үндэстний “яс” тантай холбоотой гэдгийг гүнээ ойлгох цаг болчихсныг сануулж байгаа бололтой.              Гол нь  ХАРЫГ ЦАЙРУУЛДАГ ЖАМ бас байдгийг эртхэн ухаарч үйлээ засаж, СҮНСээ зөв чигт хөгжүүлбэл аймшгаас аврагдах, ахин өөдлөх нэгэн шижим нь болдгийг ч анхааруулж байна.   Тэгэхээр Бөө хүн энэ бүхэнд ямар хамаатай юм бэ? гэж үү?   Бөө мөргөлийг сэргээх цаг нь ирсэн үед бөө болох хүнийг төрөхөөс нь өмнө тамгалан бэлтгэдэг. Нөгөө Тэнгэрийн тамгатан гэдэг чинь БӨӨ ХҮН.  Монгол үндэстэн ястны бүх отог омогт бөө байсан болохоор Онгод Тэнгэрүүд үр удамдаа буух нь ойлгомжтой. Тийм ч учраас хамаг монголчуудын хаана л бол хаана бөө тодроод байгаа биз дээ.             Тэгээд юунд нь үзэн ядаад байгаа юм?             Таны, чиний өвөг дээдэс, эмгэн буурал өжий чинь бууж ирж сургаалаа айлдаж байхад. Чи өөрөө монгол өвгөд эмгэдийн ясных нь хэлтэрхий, махных нь тасархай, цусных нь дусал мөн л юм бол бөө гэх улаач дээр бууж буй сайхан буурлуудыг өөрийн эрхгүй өрөвдөн хайрлаж өөдөө огших л болно. Хэлж сургаж байгаагийг нь  шүтэн бишрэх л болно. Харин битүү сав шиг сэтгэл чинь харанхуй бол танд монгол гэх юу ч үгүй, та харийн хүний үр сад гэдгээ л ойлгож авах байх даа. Яах ч аргагүй хар шар хүний жатганд үе үеэрээ өртсөн бол харин ч ёстой нэг,  муу болгоноо арилгуулах, засуулах, дэвжих дээшлэх гээд зориод золгох байлгүй.    Зөв бурууг чинь ялгуулах гэж Зүрх сэтгэлийг чинь зөөлрүүлэх гэж Зовлон зүдгүүрийг чинь нимгэлэх гэж Зорих үйлсийг чинь дэмнэх гэж Ухаан бодлыг чинь зөвшрүүлэх гэж Урам зоригийг чинь бадруулах гэж Унтсан тархийг чинь сэрээх гэж Ур дүй ухааныг чинь нэмэх гэж Олон сайхан зорилго, хүсэлтэйгээр Онгод Тэнгэрүүд үрсдээ залж бууж байна аа.   Харийнхны гоц мэдрэхүйтэн, мэддэг хардаг,  зөн билэгтэн, гэгээнтэн гэхлээр нарийн утга учгийг мэдэхгүйгээр дагаж хийсчихээд өөрсдийн Өвөг Дээдсүүдээ юунд нь ад үзсэн юм!!! Их Эзэн Чингис Хаан маань бөө байсныг Монголын нууц товчооноос төвөггүй мэдэж болно, дэргэдэх хатад, жанжид, баатрууд, мөргүнүүд, үе үеийн хаад, хатдууд, гүнж, жононгууд, ноёд, түшмэдүүд бүгд бөө байсан нь өнөөдөр тодорхой болчихлоо. Отог омог бүрт бөө гэгээн тархитнууд оюун ухаанаараа манлайлж байсан л байна. Цөвүүн цагт, аргагүйн эрхэнд, ур ухаан зааж, хувирах шидээ үзүүлэн ламбатан болсон бөө-өвгөд эмгэдийн ачийг юу гэх юм? Хожим цагийн хуланц элэнц аав ээжүүд бууж л байна. Бөө гэхлээр бүдүүлэг тэнэг, балай мунхаг гээд байх учир шалтгаан даанч алга.  Эргэн тойрныхыгоо хараач, энд тэндгүй бөө бий болчихсон байгаа биздээ. Их хуралд нь ч байна, Их засгийн газарт нь ч байна. Алдарт дуучин, жүжигчин нь ч бөө, зохиол бичиж, зурж сийлдэг нь ч бөө, авьяастай гэх аргат захирлууд ч бөө,  том томдоо томын том компаний захирал ч бөө, эмч нь ч бөө, эрдэмтэн нь ч бөө, багш нь ч бөө, оюутан сурагч нь ч бөө, хуульч нь ч бөө, хэрэгтэн нь ч бөө,  хуврага нь  ч бөө, малчин нь ч бөө, мах зардаг нь ч бөө, тоо боддог нь ч бөө, тог засдаг нь бөө,  барилддаг нь бөө, бариач нь ч бөө, банкир нь ч бөө, басдаг нь ч бөө,  тамирчин нь ч бөө, талхчин нь ч бөө.             Бөө гээд гүйдэг сумочин ч бий, бөөг шүтэж  засуулдаг Их Гишүүн нь ч бий, Их Сайд нь ч, ижил олон цэргүүд нь ч байна. Үхэх нь гээд очдог лам нь ч байна, үйлээ бөхлүүлэх гэж очдог Ийсүүсчин нь ч байна. Аллаахыг шүтдэг боловч амиа авруулахаар ирдэг мусалман нь ч байна.  Аргагүй болоод аврал хайж ирдэг алуурчин нь ч байна.             Тэгээд ... Юунд нь нуугдаад байгаа юм. Юунаас нь ичээд байгаа юм. Эжий, ааваасаа ичдэг юм уу? Элэнц хуланцаа нуудаг юм уу? Хаанахын, хэзээний ёс вэ?   Хааж боож болох уу? Жам нь ирсэн болохоор жаягийг нь дагахаас өөр үгүй. Засаг төр нь байгаад ухаж ойлгож чадвал зам мөр нь ойрхон байна.             Өнөөдөр Их Эзэн Хаан маань хий бие, хийсгэлэн дүрээрээ улаач үрдээ буугаад асар их үйлийг  эхлүүлчихээд байна. Тэнгэрийн үйлийг хөрстөд буулган тэнүүн оюун билгийг түгээж байна. Тэнд энд орших хар хүчний хар бүхнийг дарах бөө гэгээнт тархит үйлээ хийж байна. Бөө нэрийн дор булт олныг үймүүлж, бузар мууг үйлдэгчдийг  засахад бусдыг чиглүүлж байна.     Онгод ТНГРүүдийн оройн дээд ухааныг Олон түмний гэгээрэлд зориулан мөрлүүлж байна Отог омгийн улаач үрсийг ухааруулан гийгүүлж Орших уул устай амь нэг цул гэдгийг мэдрүүлж байна            Хан хурмаст ТНГРийн хүчийг харуулан            Хар муу бүхнээс хэрхэн ангижрахыг зааж байна            Хамаг олныг угтан мэдэж, тосон бэлтгэж, тэсэж магад гарахуйд бөхөлж            Хаалгат, тоонот, ханат, уньт ГЭРийн онолд суралцуулж байна Булт олны тэнгэрлэг сэрэхүйг сэрээж байна Бөө гэгээн тархит Өвгөдийн ухааныг өвлүүлж байна Булай БулГай БоулиГай нарын төвгийг ойлгуулж байна Буман үрс нь бага анги бөлөг намд хуваагдаж задарсныг буруушааж байна...    Бөө нэртэй болгон адилгүй, махан биенийх нь мэдлэг чадвар нь ч өөр, сүнснийх нь зиндаа ч өөр, Онгодынх нь эрэмбэ нь ч өөр өөр. Жишээ татъя. Аварга Бат-эрдэнэ гуайг аймгийн начинтай харьцуулж болох уу? Алдарт Мандухай цэцэн хатныг Арвин гишүүнтэй харьцуулж болох уу? Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуайг авьяас маруухан надтай зүйрлүүлж болох уу?  Яг үүнтэй адилаар бөөг хооронд нь адилтган жиших ямар ч боломжгүй гэдгийг хэлэх гэсэн юм.             Харин бөө нарын үндсэн гол үүрэг нь Онгод Тэнгэрүүдийн үйлийг газарт улаачлан хөтлөх, тэгэхдээ тэднийхээ үйл, хэлсэн, үзүүлсэн, мэдрүүлсэн бүхнийг үнэн зөвөөр ухаалаг буулгах, хөрвүүлэх явдал. Өөрөөр хэлбэл Далд ертөнцийн далд ухамсруудтай харьцах чадварын асуудал. Харийнхантай харьцуулах юм бол монгол бөөгийн чадвар илүү өргөн хүрээтэй, цаашилбал өөрсдийн өвгөд буурлуудын сүнстэй харьцаж байгаа болохоор илүү ухаалаг, илүү дөхөм харьцаа юм. Үйлийн хувьд Бөө хүн хийгээд байгаа  үйл ч бус, харин өвгөд дээдсүүдийн сүнсний үйл гэдгийг ойлгох ёстой л доо. Тэдний хэлснийг үнэн мөнөөр дамжуулахын тулд БӨӨ хүн мэдлэгтэй, мэдрэмжтэй, ухаантай, дэгтэй, жаягтай байх учиртай.             Үнэндээ амаргүй, хүнд хөдөлмөр. Үүнийг ард олон ч мэдэх ёстой. Цалинтай ч юм шиг, цалингүй ч юм шиг хөдөлмөр. Хэн нэгний үйлийг хугархай тэвнийн чинээ ч хөлс авахгүйгээр хий гэвэл хийхээс өөр ямар ч аргагүй. Хагартлаа баяжсан нөхөр шар үхэрний дайтай үйл хийлгэчихээд эцэнхий туранхай хонь өгвөл үйлийг нь зогсоочихоо Онгод өөрөө л мэднэ. Ядаж литр сүүгээ барьж ирээд үйлээ хийлгүүлэхийг алийг тэр гэх юм. Тэнгэрийн үйлд өгөө аваа тэнцэж байх учиртай гэдэг.             Зоосны нүхээр харж, учиргүй их мөнгө нэхэж Тэнгэрийн үйлийг хийх юм бол төдхөн тэр улаачаар үйлээ дамнуулахгүй байхаа ч Онгод өөрөө мэднэ. Онгодоо хүчилж муу, буруу зүйл, хараал уруул хийлгэвэл Онгодтойгоо шүүлтэнд орж хоёулаа доошоо урууддаг дэг ч байна. Бөө хүн ухаанаа тэгшилж, удмынхандаа болон ард олонд тус хүргэхээсээ илүүтэйгээр их зан гаргаж, омогдож, загнан зандчиж, хараал урсгах, зохисгүй байдал гаргах аваас Онгод нь  биеэ амархан татаж авна. Хэдийгээр улаач үрээ хамгаалж хайрлаж явдаг ч Тэнгэрийн үйлийг хийж чадамгүй бол улаач үрээ янз бүрээр сорьдог үе ч байна.  Өндөр Дээд Буурлууд нь  өөдгүй, ухаан муу, мэдлэг сул улаачдаа хэзээ ч буудаггүй гэдэг. Маш хатуу дэг жаяг, ёс дүрэм үйлчилдэг.             Тиймээс бөө болохоор Тэнгэрийн үйлд зорьж зүтгэж байгаа улаач нар Онгод Тэнгэрүүдийн хэмд ойртохын тулд, тэднийхээ хэл, санааг ойлгож зөв дамжуулж сурахын тулд буурлуудаа буулгаж эхэлснээс хойш олон сар жилээр биеэ бэлдэж, оюун ухаанаа тэлж,  уул усаа аргадаж, тахилга тайллагыг үйлддэг.             Харин тагш тагшаар архи нэхэж согтууран бөөлж байгаа бол тэр буусан сүнс нь яавчиг Онгодууд биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэр сүнс бол хэдийгээр сайхан шүлэглэн хэлэх, үйлийг ч давгүй хийж чадах ч албин тийрэн мөн гэдгийг ялгаж ойлгох нь зөв. Согтуу сүнс хэзээ ч зөвийг үйлдэхгүй учраас хавь ойрын түшээ, ах дүү нар нь ч бодолцох ёстой. Архаг архичин, тамхичин, буруу муу үзэл бодолтой хүний биеийг Онгодууд голдог гэдгийг ч мэдэхэд буруудахгүй байх.   Мөн бөө болох, улаач болох үрд нь Онгодуудыг холбож өгөх, залаалах үйл явц нь маш чухал, маш өндөр ач холбогдолтой, учир начир ихтэй үйл байдгийг, багш гээд байгаа залаалагчийг зөв сонгох, залаалагч ямар чадвар, мэдлэгтэй, ухамсар, оюун ухаантай, үйл ажилтай болохыг ах дүүсээрээ, отог омгоороо онцгой анхаарч, сонгож авахгүй бол хар сүнсийг холбож өгч байгаа бөөнцөрүүд бас байгааг анхаарна уу. Залаалагчаас олон олон зүйл шалтгаална. Залаалагч бол оюун ухаан, хийх үйл, хэл яриа, авир ааш, мэдлэг чадвараараа оройлон манлайлагч байх учиртай.              Дээд Онгод, Тэнгэрүүдийн хэлэх ярих, ойлгуулах, хийж байгаа үйл нь эрс ялгардаг. Хоромхон зуур хурууныхаа дохиогоор эмнэж домноод эмчилчих чадвар тэдэнд бүгдэд нь байна. Анагаах ухаан оношилж эмчилж чадахгүй байгаа өвчинг хөнгөхөн оношлоод эмнэх чадал ч байна. Хол ойр, орон зай, цаг хугацаа гэж тэдэнд байдаггүй юм, чадахгүй зүйл ч байхгүй, гагцхүү хөтөчлөн улаачилж буй БӨӨ нараас их зүйл шалтгаалдаг нь үнэн.             Бөө гэх хүний цаана өөрсдийн чинь өвөг дээдэс, өжий буурлууд үе үеэрээ байгаа шүү. Бөөгийн тухай ойлголтоо зөв, үнэн болгоод Өвөг Дээдэс, Буурлуудынхаа СУУ УХААНаас суралцан сүсэглэн хүндлэх болтугай Та минь ээ.                                                                           Гээгэл    

Чингис хааны үед бөө нарын хэлсэн айлдвар биелж байгаа гэнэ

Их говийн ноён хутагт Данзанравжаагийн алдарт “Саран хөхөө” дууриа тавих гэж байсан театрын балгас Дундговь аймгийн Сүм хөх бүрд хэмээх нуур, зэгс ойрхон нь хад асга хосолсон үзэсгэлэнт сайхан газар байдаг билээ. Гэтэл энэ балгасын тухай, ялангуяа энэ хар балгас маш их хараал шингээсэн байдаг тухай Монголын “Бөртө чоно” бөөгийн төвийн тэргүүн Жавзандэгэм гэдэг эмэгтэйн яриа анхаарлыг минь ихэд татсан юм. Тэрээр “Бөртө чоно” төвийн тэргүүнээр хэрхэн сонгогдсон тухайгаа,     - Намайг Монгол улсын өнцөг булан бүрт байгаа 33 том бөө энэ төвийн тэргүүнээр сонгохыг санал нэгтэй дэмжсэн юм. Ер нь бөө хүн 99 тэнгэртэй харьцдаг. Би ч тэдний адил. Тэнгэрээс ирсэн зарлигийг бид хүн ардад сонсгож байдаг. Түүнээс бус аманд орсоныг хэлдэггүй юм. Би нэгэн удаа тэнгэрүүдтэй харьцаж байхад их сонин юм хэлсэн нь монголчуудын амьдралтай их тохирч байна. Тэрээр “Их эзэн Чингис хаан Хөхчү бөөгийн хүчээр их Монгол улсын хаан болсон. Удалгүй өөртэй нь тэрсэлдлээ гэж хардаад Хөхчү бөөг устгасан. Үүнийхээ дараа гурван мянган бөөг баруун нутаг руу цөлж, өөрөөсөө зайлуулсан. Хариуд нь бөө нар монголчууд үеийн үед дорой явах болтугай гэж харааснаар Чингисээс хойшхи найман зуун жилд эрчүүд нь архинд дуртай, эмсүүд нь энгэр задгай болсон. Үүнийг өнөөгийн Монголын амьдрал ч батлан харуулж байна. Бид өнөөдөр хоорондоо ямар ч эв нэгдэлгүй, ихэнх эрчүүд архинаас буцдаггүй, шоронд олон сайхан залуус хоригдсон, эмсүүд нь мөнгөтэй хүнд хормой хотоо сөхсөн нь тэдгээр бөө нарын урьдчилан хэлсэнийг батлан харуулж байна” гэж ярьсан юм. Жавзандэгэм бөө дээр дурьдсан Сүм хөх бүрдийн хараал шингэсэн хар балгасыг яагаад сэргээх гэж зүтгээд байгаа, энэ балгаст хараал хэрхэн шингэсэн тухай сонирхолтой зүйл ярьж байв.  - Одоогоос гурван зуун орчим жилийн өмнө Монголд шашин дэлгэрүүлэхээр ирсэн нэгэн түвд лам Дундговь аймгийн энэ нутгийг сонгоод сүм байгуулж, буян үйлдэхээр шийдэхэд нутгийн ноёд баяд, ардууд ихээхэн дэмжиж хандив өргөл өгсөнөөр сүмээ босгож эхэлжээ. Сүмээ аравнайлахын даваан дээр Манжийн амбаны тушаал дээрээс ирж, түвд ламыг цаазлан хороох тушаалыг хошуу ноёнд өгсөн байна. Тэр үед Монгол орон бүхэлдээ Манжийн ноёрхолд ороод байв. Тушаалыг эс биелүүлбэл хошуу ноён өөрөө толгойгүй болно. Гэтэл хошуу ноён өөрөө түвд ламыг бишрэн шавь нь болчихсон байдаг. Би үхэхээр чи үх гэгчээр Манж амбаны тушаалыг биелүүлж, түвд ламыг баривчлан цаазлах үед түвд лам дотроо “Энэ ноёны хөвгүүд бүр 18 нас хүрэлгүй үхэх болтугай: Албат эрчүүд нь архинд толгойгоо мэдүүлж, авааль эхнэрүүд нь хормой султай болтугай” гэж хараасан байна. Үнэхээр ч түвд ламыг цаазлуулснаас хойш өнөөх ноёны эхнэрээс төрсөн хөвгүүд бүгд 18 нас хүрэлгүй нас барж, албат эрчүүд нь архи айрагт толгойгоо мэдүүлж, авааль эхнэрүүд нь бууж мордсон харчуудтай энгэр зөрүүлэн самуурах болжээ -Түвд ламыг цаазлуулан бурханы оронд одсоноос олон жилийн дараа Их говийн ноён хутагт Данзанравжаа энэ сүмийг гүйцээн дуусгаж, алдарт “Саран хөхөө” дууриа тоглуулж, олон түмэнд толилуулах гээд мөн л манж ноёдын дургүйг хүргэжээ. Учир нь энэ сүм говь нутагт баймгүй үзэсгэлэнт газрыг сонгон байгуулагдаж байсан болохоор эргэн тойронд нь ардууд олноор нутаглах болжээ. Түвд лам, ноён хутагт Данзанравжаа хоёр энэ давуу байдлыг л ашигласан хэрэг. Манж ноёд Данзанравжаагийн энэ “хууль бус” явдалд хичнээн дургүйцээд яаж ч чадсангүй. Учир нь Данзанравжаа говь нутгийнханд төдийгүй халх Монгол даяар алдаршсан хутагт хувилгаан байсан тул түүнийг хороовол юу болох нь ойлгомжтой байлаа.  Тийм учраас манжууд эл хар балгасыг зөнд нь орхисон гэдэг. Харамсалтай нь ноён хутагт Данзанравжаа тэр үед их говийн өргөн уудам нутагт энд тэндгүй сүм дуган зэрэг байгуулж, хөрөнгө мөнгөний  гачаалд орсон байсан учраас сүм хөх бүрдийн балгасыг гүйцээн босгож чадаагүй, тэндээ алдарт “Саран хөхөө” дууриа тоглуулж чадаагүй гэдэг Тэгвэл “Бөртө чоно” бөөгийн төвийн тэргүүн Жавзандэгэм энэ сүмийг оройгүй сүм болгон гүйцээн сүндэрлүүлж, монголчууддаа буян үйлдэхээр шулуудсанаа ярьж байсан юм.  - Бөөгийн шашинт биднийг хараал жатга л хийдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд их байдаг. Гэтэл бид сүсэгтэн олныхоо төлөө нүгэл бус буян их үйлддэг хүмүүс шүү дээ. Үүний тод жишээ бол энэхүү Сүм хөх бүрдийн балгасыг сэргээн оройгүй сүм болгон сүндэрлүүлж, түүнд шингэсэн хараалыг зайлуулах явдал юм. Энэ хараалыг зайлуулахгүй бол монгол түмэн өөдлөхгүй, багагүй гай учруулна. Энэ сүмийг оройгүй буюу монгол гэрийн тооно маягийн оройтой, нар сарны гэрэл байнга гэрэлтэн орж байхаар барих юм. Энэ оройгүй сүм маань нийт монголчуудыг хар бүхнээс хамгаалж байх учиртай юм гэж ярив. Үүнийг бичигч миний бие энэхүү Сүм хөх бүрдийн балгасыг олон удаа харсан бөгөөд ноён хутагт Данзанравжаа “Саран хөхөө” дууриа тавих гэж байснаас өөр мэдээлэлгүй байсан бөгөөд Жавзандэгэмийн дээр өгүүлсэн түүхүүд надад төдийгүй уншигч танд сонин санагдсан нь эргэлзээгүй

​Бөөг юунд үзэн ядна вэ??? /эхний хэсэг/

Гадныхны хийсэн гавьяатай үйлс ч бай, гайтай үг ч бай, гамшиг болох онол ч бай, гул болох андлал ч бай бүгдийг нь гайхан магтаж даган дурайх нь манайхны гэм биш, зан болоод удаж. Харийнхны хэлээр хальт ярихаар эрдэмтэйд тооцож Харийнхны дүрмээр хугас онолдохоор ухаантайд үнэлж Харийнхны үнэтэй нэрийг хямс эдлэхээр баянд өргөмжилж Харийнхны урвуу залийг ухаж ойлгохгүйг нь даргад тавьж...  хөгжсөөр олон жилийг ардаа орхиж.             Одоогоор бол 510 настай, Мишель Де Нострадамус\1503-1566 он\, 102 настай Ванга (Вангалия Пандева) \1911-1996 он\ ... зэрэг алдартныг гайхамшигтай зөнтэй, гаргуун далдыг хардаг, ухаант мэргэдүүд гээд л тэдний хэлснийг орчуулахыг нь орчуулаад, судлахыг нь судлаад байгаа биш бил үү.             Будда буюу Сиддарта Гаутама\МЭӨ 563-483 он\,  Есүс Христ\МЭӨ 6- МЭ 29 он\,  Мухаммед\МЭ 570-632он\, Чин хай\1950он\, Шри Шри Рави Шанкар\1956 он\ ... гэхлээр хүн амынх 90 хувь нь байдгаа барьж, хуйларч гүйгээд байдаг бус уу. Мөн л далдыг хардаг, далдыг сонсдог, далд ертөнцтэй харьцдаг, гэгээрсэн, гэрэлтсэн хүмүүс гэж шүтээд байгаа биз дээ. Буруушаахгүй ээ.             Тэдний сургаалийг ягштал биелүүлээд, оюун ухаанаа зөв залаад явж буйг нь хэрхэн шүүх билээ. Амьдрал ахуй нь дээшлээд, амгалан төвшиндөө амьдарч байгаа бол бүүр бахархахаас өөр яалтай билээ, гэтэл тиймгүй  байгаа биз дээ, сайн сайхан болоод аз жаргалтай байгаа нь хэд билээ??? Олонх нь урд хормойгоороо ардахаа нөхсөн, зээлэнд баригдаж зэлэнд уягдсан, өрөнд үжирч өлмөн цөлмөн болсон,  сэтгэл нь үймэрч сэрэхүй нь хаагдсан,  хоосон бясалгаж  хорголоо тоолж амьдардаг түмэн ардын Улсыг зөв хөгжиж байна гэж хэн үнэлсэн юм???              Дээр дурьдагдсан эрхэм хүмүүс яах аргагүй энэ дэлхийн алдартнууд мөнөөс мөн, гэхдээ тэд МОНГОЛ яс, цус, махгүй ээ.., учиргүй юм энэ хорвоод нэгээхэн ч үгүй, таарах таарахгүй, нийцэх нийцэхгүй, тохирох тохирохгүй  юм ч  байна, тэд ч энэ талаар өөрсдөө сургасан буй.             Үндсэрхэх гэсэндээ бус, Өвгөд, эмгэдийнхээ аугаа ухааныг биширч шүтсэндээ, монголын үе үеийн соёл, заншил, түүх үнэхээр хайхамшигтайг хэдэн үгээр тэрлэх гэсэн минь энэ ээ.                                     Тэгвэл БӨӨ гэж хэн бэ гэж???             Хамгийн энгийнээр буюу бүдүүлгээр хэлбэл тэр далд ертөнц, зэрэгцээ ертөнц гээд байгаа зүйлтэй, энгийн хүний нүдэнд харагддаггүй, чихэнд сонсогддоггүй, мэдрэлд нь мэдрэгддэггүй, амтлагддаггүй, хүртэгддэггүй элдэв зүйлтэй харьцдаг хүнийг БӨӨ гэдэг. Өөрөөр хэлбэл, нөгөө сүнс гэгч юмтай, цагаан хар хүчнүүдтэй харьцдаг хүнийг БӨӨ гэдэг. Тодруулж хэлбэл, цагаан хүч, цагаан сүнс нь Онгод Тэнгэрүүд. Харин хар хүч, хар муу сүнс гээд байгаа нь албин, тийрэн, буг, сүг, зүлд, бэрд, шулам, чөтгөр гээд л олон хар юмнууд бий дээ.             Өнөөдөр дэлхийн хүн төрөлхтний алдартай эрдэмтэд ч учрыг нь олохоо болиод, учгийг гаргаж чадахгүй цөхөрчихөөд, нөгөө шинжлэх ухаан гэдгийн олон салбарыг нийлүүлэн хольж тэр далд  ертөнц гэдгийг, тэр нууц нууцлаг гайхалтай зүйлийг мэдэж нотлох гэж оролдож байна. Өнөөгийн шинжлэх ухааны ололт тэр олон нууцлагдмал үзэгдлийг тайлж тайлбарлах, нотлоход үнэхээр чадваргүй байгаагаа харуулчихаад байна. Биогеофизик, биогеохими л гэнэ, шинжлэх ухааны салбаруудыг интеграцчилсан синергетикийн салбар л гэнэ.  Нууц судлал буюу эзотерик л гэнэ, орчлонд мэдээлэл дамжуулагч торсион орон л гэнэ.             Балар эрт цагийн мунхаг тэнэг зүйлээр оролдлоо гэх битүү тархитанууд бас зөндөөн. Тэгвэл энэ зууныг чинь мэдээллийн зуун, энэ мянганыг чинь оюун ухааны, ухамсрын мянган гээд зарлачихлаа. Дэлхий дээрх бүх ард түмний ухамсарт төлөөллүүд нь үүнийг хүлээн зөвшөөрчихөөд байна. Мэдээлэл, оюун ухаан нь энерги гэх эрчмээр дамжигдан сүлэлдэж байна. Техник технологи ч эрчмээр дамжин хөгжиж байна. Ирээдүй өнөөдрөөс эхэлдэггүйг дэлхийн эрдэмтэд, гоц ухаантнууд мэдэгдсээр байна. “ИРЭЭДҮЙГ ӨНГӨРСНӨӨС ӨНӨӨДӨР БАЙГУУЛДАГ”-ийг өвгөдүүд сануулсаар байна.             Хүн төрөлхтөн таван удаагийн галав юүлэлтэнд өртөсний учир шалтгааныг ойлгохыг хичээх хэрэгтэй байтал өнгөрсөн балай, худал хуурмаг гэх нь даанч өчүүхэн бодол, сэтгэхүйтэй байгааг л илтгэж байгаа биш үү. Лимүрчүүд, атлантидуудын хайхамшигт оюуны чадал, чадварыг палентеологи, археологийн судалгаа, шинжилгээнүүд баталсаар. Үе үеийн Монгол Өвгөдийн СУУ ухааны  чадал чансааг одоо ҮНЭН МӨНөөр гаргаж тавих цаг ирчихээд байна.              Орчлон хорвоогийн “далд”, “нууц” гээд байгаа аугуу зүйлийг чинь МОНГОЛ өвөг дээдсүүд, өндөр өжий нар хөх толбот болсон бум түмэн жилийн тэртэйгээс наашхи олон зуун мянган жилийн хугацаанд оюун ухаан, арга билэг ухаан, ур дүй ухаанаараа гаргаж дэлгээд, нотолж батлаад үр хүүхдүүддээ уламжлуулан, удамшуулан үлдээсэн байна.             Үлдээх үлдээхдээ /“ген”/-д  нь, яс, цус, махных нь язгуурт нь үлдээчихэж. Итгэхгүй байж юун магад гээд үлгэр, домог, туульс, ерөөл магтаал, урт богинын дуунд нь цээжлүүлээд үлдээчихэж. Алдагдаж үрэгдэж юун магад гээд цээжлүүлж үлдээхдээ тэр бүх ухааныг сүлжиж энд тэнд нь оруулан, оньслон арга суу залийг нь нууцалж, ар өврөөс нь алга болох вий гээд, хар муу санаатны саварт орж юун магад гээд зангидаж түгжээд орхисон байна. Энэ бүхнийг харийнхан гээд аминчлан шүтээд байгаа тэр “АХ” нар чинь яаж ч оролдоод, ямар ч алтан түлхүүр  олоод ч онгойлгож, оньсыг тайлж үл барна аа.             Сайндаа ил болсон, харийнхны ухаанаар орчуулагдсан, дургүйгээ хүрснийг нь, бүүр нарийн хэлбэл дарж нуух гэснийг нь,  орчуулж утга начрыг олж дийлээгүйгээ урж тасдаж хаясан, хагас хугаслагдсан хэдэн ном судрыг төрөлх хэл дээрээ буулгасныг нь бид эргүүлэн тойруулж үзэж суугаа биз дээ.              850 жилээс урьдах байтугай Эзэн Хааны үеийн түүхийг ч үнэн зөвөөр нь гаргаж чадаагүй байж түүхийн энд тэндээс нь түүвэрлэж авсан өчүүхэн мэдлэгээрээ “фантааз-лан өвгөдийн түүхийг, эмгэдийн ухааныг хамаа намбаагүй гуйвуулж, утга учиргүй худал гөрдөн гүтгэж МОНГОЛ АУГАА ТҮҮХ, МОНГОЛ СУУ УХААН-ыг зоосны нүхэнд  чихсэн харийн хүнийг юунд нь тэгтлээ шүтэж тэнэг мунхагаа дэлгэж сууна вэ???   Тэгвэл тэр гүтгэгдэн гуйвуулагдаж байгаа түүх чинь өнөөдөр үнэн мөнөөрөө сөхөгдөн гарч ирж байна. Өөрсдийгөө сул доройд тооцож, өвгөд эмгэдээ өчүүхэнд үнэлдгээ болих цаг чинь болсон юм биш үү.             Тэр нууц, далд бүхний учир шалтгааныг, учиг гогцоог зөвхөн Монгол Өвөг Дээдсүүдийн ариун сүнс-Онгод Тэнгэрүүд өөрийн яс, цусныхаа, омог отгийнхоо улаач болох БӨӨ-гөөр хөтөчлүүлэн сэхээрүүлж, ойлгуулж, мэдэрч гэгээрсэн үед нь тайлж өгдөг юм байна. /Зөвхөн монгол өвгөдийн сүнс гэсний учрыг та удахгүй ойлгох болно/ Үүний тулд  тодорхой цаг үе тутамд тамгалсан БӨӨ үрсээ сэрээдэг, босгодог юм байна.             Өнөөдөр энэ цаг үе өмнө чинь тулж ирчихээд байна. Зөвхөн Монголд ч болоод байгаа үзэгдэл бус, Австрал, Европ, Ази, Америк бүх тивд энэ үйл явц хөгжиж байгааг мэдээллийн олон сувгаар сонордож харж болохоор байна.  Хар хүч, хар муу муухай бүхэн бидний дэлхийг  давамгайлан бүрхчихээд байна. Ийм үед сэхээрч гэгээрсэн ард түмэн нь дэлхийгээ авран хамгаалж авч үлддэгийг үе үеийн түүх, судалгаа шинжилгээ нотолчихоод байна. Монголчууд  мянга мянган жилдээ энэ аугаа үүргийг хэрэгжүүлж байсан байна. Энэ удаад ч түүх давтагдахыг нөгөө гадаадын шүтээд байдаг зөн билэгтнүүд чинь хэлээд яриад эхэлчихсэн байгаа биз дээ.             Гэхдээ БӨӨ гэж хэн бэ, бөө мөргөл гэж юу вэ гэдгийг юуны өмнө маш сайн мэдэж, ойлгож авах шаардлагатай.  Энэ нэрийн дор сөрөг зүйлс ч их гарч байгаа нь нөгөө талаасаа  нийГЭМийн энгийн үзэгдэл. Ингэж байж л сайн муу, үнэн худлыг ялгах боломж гарч ирдэг шүү дээ.             БӨӨ бол 19,20,21-р зууныхны хувьд шинэхэн зүйл мэт боловч, түүх, соёл заншил, орчлонгийн үзэгдэл талаасаа авч үзвэл нэн эртний, хүн үүссэн үетэй ч холбох боломжтой, маш нарийн зүйл.  Монголчуудын хувьд Бөө мөргөл бол унаган, төрөлхийн, ясных нь язгуур шүтээн нь. Дээр бичсэн буддаа, иисүүс, мухамээдийн төрсөн оныг нь та эргээд нэг хараарай, цаанадаж 25ОО-хан  жил, наанадаж 1500-хан жилийн нэг хүнтэй л холбогдсон түүх  байгаа биз дээ. Гэтэл бөө мөргөлийн үүсэл хөгжлийг авч үзье гэвэл хүний үүсэлтэй хамруулж сэтгэхээ больё гэхэд хөх толботынхны үүсэлтэй нэгтгэвэл хэдэн бум түмэн жилийн түүхийг сөхөх хэрэг гарах нь. Бидний мэдлэг хэтийдсэн нимгэн болохоор хэдхэн мянган жилийн тэртээхийг өнөөдөртэй харьцуулан Бөө Мөргөлийг саяхан үүсээд МЭ 15,16-р зуунд устгагдсан мэтээр онолдоод байна. Хэрэг дээрээ, үнэн чанартаа маш урт удаан хугацааны үйл явц, дэлхийн түүх соёл, заншил, хөгжил, өнгөрсөн, өнөө, ирээдүйг агуулсан, сүнс, энерги эрчим, оюун ухаан, ухамсрын нягт мэдлэг, мэдээлэл юмсанж.             Харин ч БӨӨ мөргөлийг зөв судалж, зөв үнэлж цэгнэж, зөв хөгжүүлж чадах юм бол өнөөгийн шинжлэх ухаанаас хавьгүй хурдтай, цар хүрээ ихтэй мэдээллийг нотолгоотойгоор нь гаргаж чадах, дэлхийн оюун ухаан, ухамсрын хөгжил болон орчлонгийн хамааралт хөгжилд ч  жин даах нөлөөтэй, ХҮН ба эрчим энергийн том цогцолбор систем болох нь ойлгомжтой байна.  Ганцхан жишээ дурьдахад, эрх чөлөөний орон гээд шүтэн бишрээд байдаг Америкт бүүр 1950-аад оноос эхлэн тусгай эрдэмтэд бүхэл бүтэн тусгай зорилгын хүрээнд латин америкийн индианчуудын бөө мөргөлийг судлан шинжилж өөрсдийн махан бие дээрээ онгод-сүнсийг буулгасан олон үйлдлийн эцэст дүгнэлт гарган, түүнийгээ сонирхолтойгоор ашиглаж байсан тухай мэдээллүүд улам л нээлттэй болоод байна.             Гэтэл бөө оршин тогтнох байтугай, Монголын тэнгэр Онгодуудын гайхамшгийг бичих эрхгүй, хавчигдан боогдож, дарамтлагдаж байсан цаг үе ч манайд бий. Нэрт эрдэмтэн, сэхээтнүүд цаанаасаа л өвөг дээдсүүдээрээ хөглөгдөн бөө мөргөлийн талаар бичиж ойлгуулах гэж зүтгэж байсан нь ойлгомжтой. Говийн ноён хутагт Данзанравжаа, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн, суут эрдэмтэн Бямбын Рэнчин, хайхамшигт яруу найрагч Рэнчиний Чойном, акедемич Чулууны Далай, түүхч, судлаач О.Пүрэв, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв  зэрэг олон сайхан сэхээтнүүдийн бүтээл туурвилаас  бөө мөргөл, далд, нууцын тухай олж харах, сэхээрэх боломжтой.   Тэгвэл Онгод гэж юу вэ?   ОНГОД бол сүнс. Онгодын ихэнх нь монгол өвгөд, эмгэдийн сүнс байдагт л гол учир нь байдаг гэнэ. Харийнхны сүнснүүд Онгод тэнгэр болж дээд ертөнцөд мэлтийж гийгүүлж байдаг нь тун ховор гэнэ.  Тэд олон арван, зуун жилээр гэгээрч байж л онгод болдог нь ур ухаан, суу ухаанаас нь хамааралтай юм байна.              Онгод хэмээх СҮНС нь хөрстийн бид нараас хэдэн зуу, мянга... дахин илүү ухаан, ур дүй, суу заль, мэдлэг, чадвар, ид шидтэй, мөн л өөр хоорондоо огт адилгүй, зэрэг зиндаанд эрэмбэлэгдэн, хийсэн үйлээрээ дээшээ доошоо хөдөлгөөнд байдаг бөгөөд орших ертөнц ч хатуу дэг, нягт жаягтай юмсанж. Өөрөөр хэлбэл СҮНСний хөгжлөөсөө шалтгаалан нүд ирмэхийн зуур компьютерийн хаард-дискнээс ч хурдтайгаар, ҮНЭНд шүүгдэн дэнслэгддэг учраас тэнд үнэхээр ТӨГС нийХЭМ байдагт л далд ухамсарт ертөнцийн хайхамшиг нь тэр бололтой. Дэлхий дээрх бүх соёл урлагийн бүтээл, шинжлэх ухааны нээлт гээд байгаа зүйлүүд ч тухайн хүний өвөг дээдсийнх нь Онгод-сүнсний эрчимээр хөглөгдөн бүтээгддэг байна. Тэгэхлээр өөр өөр ухаан, ухамсар, үйлтэй Онгод-сүнснүүд эрэмбэлэгдэн оршдогийн дээд Оргилд нь ТЭНГЭР-сүнснүүд оройлон манлайлж энэ бүх нууц, далд ертөнцийг удирдан цэгцэлж байдгийн зэрэгцээ ДЭЛХИЙ гэх хөрстийн хүмүүсийг мянга мянган жилдээ нэг эргэн ЗАСДАГ ажээ. Мянга мянган жилдээ хүн төрөлхтнийг засдаг түүхийг махан биетэй бид зөвхөн Хүннүгийн хаадууд, Их эзэн Чингис хааныхаа түүхээс л хагас хугасчлан мэддэг. Түүнээс цаашихыг нь нүдэн сохор, чихэн дүлий, ядуухан дундруу тархитай бид юуг ч эс мэднэ, мэдэж ойлгохыг ч эс хүснэ.             Монголчууд “Тэнгэр минь”, “Дээд тэнгэрт ивээгдмүү”, “Дээд тэнгэрт хүч аугаа нэмэгдэж”, “Тэнгэрээс соёрхсон”, “Тэнгэрийн тааллаар”, “Тэнгэр ятгаж байна”, “Тэнгэр язгууртай”, “Дээд тэнгэрээс заяат төрсөн”, “Тэнгэрийн цаг”, “Тэнгэрийн зарлиг”, “Эцэг Тэнгэр”, “Хан Тэнгэр”, “Мөнх тэнгэрийн хүч”, “Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй”, “Тэнгэрийн таалал мэдтүгэй”, “Тэнгэрийн санаа”, “Тэнгэрийн ёсон”, “Тэнгэрийн сэрэмжлүүлэг”, “Тэнгэрийн аврал”, “Тэнгэрийн хөвүүний үйл”, “Тэнгэрийн бошги”, “Тэнгэрийн цааз” гэх зэрэг олон үгсийг ихэд хэрэглэдэг байсан, одоо ч хэлж хэрэглэсээр.  Алдарт “Монголын Нууц Товчоо”-нд ийм үгс ихээр хөвөрдөг биз дээ.              “ТЭНГЭР” гэхлээр дээр мэлтийх хөх орон зайг бодно уу? Үгүй дээ, энэ талаар үнэн зөвийг, жинхэнэ мөн чанараар нь гаргаж бичье гэсэн ч махан биетэй бидний  тархины хэм ч дийлэхгүй. Харин бөө гэгээн ухаант тархитай, “БӨӨ” гэгч хөтчөөр улаачлуулан байж учир ухааныг гаргах ганцхан зам байдаг. Тэнгэр эцэг, Тэнгэр эх, Ерэн есөн ТНГР гэхийг лавтайяа бүгд сонссон биз. /Гадаадынхан ч тэнгэр минь гэж бас хэлдэг юм билээ. Ер нь бол тэнд эндгүй монгол яс, цус зохиж яваа л даа/.             Тэгэхлээр маш товчхоноор тодорхойлбол, “ТЭНГЭР” гэдэг бол Дээдийн Дээд Онгод сүнснүүд, оюун ухааны, ухамсрын охь манлай нь гэсэн үг. Бүтээгч,  шинэчлэгч, цэгцлэгч, ЗАСАГЧ... оюун ухаан гэж ч хэлж болох юм.  

Бөө мөргөлийн тухай сонирхолтой баримтуудаас

Одоо үед онго тэнгэрийг ялгахгүй олон бөө төрж байна гэх болсон билээ. Тэгвэл бөө мөргөлийн талаар сонирхолтой баримтуудыг та бүхэн дээ хүргэхииг зорисон юм. Баримт № 1 Беө гэдэг бол амьдралын хар ухаантай хүмүүс. Дээрх үеийн лам нар их таван ухаан, бага таван ухаан гэж судалж байсан шиг амьдралын бүх ухааныг судалчихсан улс байдаг юм. Тэгэхдээ лам нар шиг амьдралын үзэгдлийг хэд хэдээр нь багцалж ойлгохгүй, ерөөсөө л энэ хорвоогийн бүх зүйлийн тухай бодоод гол гол юмыг нь сурсан байдаг. Баримт № 2  Бөө гэдэг маань угтаа ардын эмч, домч юм шүү. Бөөгийн ухаан их энгийн мөртөө бас их хэцүү. Баримт № 3 Бөөлж байгаа хүн онгод нь орохоороо гэнэт цорвос гээд этгээд хачин болоод явчихдаг. Царай зүс харц нь хүртэл өөрчлөгдөөд. Энэ чинь өөрийнхөө ичимтгий хязгаараас даваад явчихаж байгаа гэсэн үг. Баримт №4 Бөөгийн онго улаачдаа орж буухдаа 3 минутын хугацаанд ордог ба чадалтай онгод 27 минутанд байж чаддаг юм байна. Онгод буухдаа л архи ууж, тамхи татдаггүй ба хэрэглэсэн ч ёс төдий хэрэглэдэг байна. Баримт №5 Бөө хүн онгодоо оруулахдаа газарт болон завилж сууддаггүй. Босоо заяатай Монгол гэсэн утгаар тайлбарладаг гэсэн. Бас бус тайлбар байдаг. Баримт №6 Явган бөөлнө гэдэг нь хэнгэрэгтүй зөвхөн аман (төмөр, хулсан) хуур эсвэл цуураар онгодоо дуудаж (тэр нь тэнгэрт хүргэх унаа болдог) харьцахыг хэлдэг байна. Баримт №7 Одоо үед онго тэнгэрийг ялгахгүй олон бөө төрж байна гэх. Онго бус гэдэг хараалаар нөхцсөн онгод (бохир үнэр танартай), савдаг(за юу ч байж болох), албин тийрэн (нэг ёсны чөтгөр) зэрэг гэнэ. Баримт №8 Бөөгийн хэц хэнгэрэг нь тухайн бөөгийн зэрэг зиндааг илтгэдэг гэнэ. Халхын бөө нараас 15 хүртэл, Буриадын бөө нараас 13 хүртэл, Дархад бөө нараас 8-9 хүртэл, Хотгойд бөө нараас 5 хүртэлх булдруутай хэнгэрэгтэйг нь илүү чадалтай бөө нар гэж үздэг байна. Баримт № 9 Эхийн эрхт ёсны үед бөө мергөл үүсч анхны сүсэг бишрэлийн хэлбэрүүд болох уул, ус, шүтэх болсон байна. Үүний дараагаар онгон савдагтай уулзаж ярилцдаг хүмүүс гарч ирсэн нь одоогийн бөө, удган нарын дээд овог байжээ. Баримт № 10 Бөө бөөлөх үед өмсөдөг дээлийг хуяг гэнэ. Холбого хонхинуур нь бөө онгодын хараал зүхэл хийхэд тэдний төлөөнөөс явдаг зүйл нь ажээ. Баримт № 11 Бөөгийн уул эзний огторгуй, хурмаст тэнгэр очиход хэнгэрэг нь хөлөг унаа нь болж өгдөг байна. Хэнгэрэг нь хүрээ, бариул, зуузай, жолоо, горхи, бөгж, хонхинуур, булдруу зэрэг үндсэн хэсгээс бүрддэг. Зайран /эрэгтэй бөө/ бол эр бугын арьсаар, удган /эмэггэй бөө / бол согооны арьсаар хэнгэрэгээ бүрдэг. Хэнгэрэгний хүрээ, бариулыг тэнгэр ниргэсэн модны хавиас хар мод авч хийдэг ажээ. Амилсан эзэнтэй хэнгэрэг бөө хүний итгэлт хөлөг гэж үздэг. Баримт № 12 Бөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан биосистем судлаач Хартумын их сургуулийн профессор, доктор хатаггай Бен Белла Хелга 97 орноор 2000 гаруй хоног беө нарыг судалж дараах дүгнэлтэнд хүрсэн. 1.Бөө нар бол био тог биед нь хуримтлагдсан увидаст хүмүүс бөгөөд үүнийг зөвхен өвлүүлж үлдээдэг. 2.Өөрийн био тогийн хүчээр байгалийн хуулийг ажиглан мэдэж түүнийгээ өөрийн оюуны хүчээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл зад тавих, хүмүүстэй холбоо тогтоох, мэргэлэх, хараал ерөөл гэх мэт нь ид шид бус юм. 3. Орчин үеийн техникийн соёл иргэншил дусал төдий бага, байгаль дэлхийтэйгээ ойр оршдог буурай хөгжилтэй ази, африкт жинхэнэ бөөнүүд байдаг. Бөө бол шашин үзэл суртал биш хүн байгалийн холбоо шүтэлцээнээс бий болсон байгалийн үзэгдэл хүний чанар юм. Баримт №13 Лус гэдэг нь энэ дэлхийн бүхий ус, чийгийн эзэн, савдаг нь газар шорооны эзэн гэж бөө нар номлодог байна. Гэхдээ тэрхүү эзэд нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог хэмээн тэд үздэг. Тиймээс Монгол, Түрэг угсааны бөө нарыг ерөнхийд нь тэнгэрээр, лусаар, бөөгийн сүнсээр хөллөсөн бөө гэж ангилж үздэг ажээ. Баримт № 14 Газар лусаар хүчээ авсан буюу лус савдагтай нөхцөх, лус савдагын хорлолоор бөө болсон бөөг лусаар хөллөсөн бөө гэдэг. Тэрхүү бөө нар нь бөөгий увдисын хүч чадал харьцангуй өндөр байдаг гэнэ. Баримт № 15 Тэнгэрээр хүчээ авсан буюу тэнгэрийн эрхсүүдтэй нөхцөх, түүний хорлолоор бөө болсон бөөг тэнгэр хөллөсөн бөө гэдэг. Ийм бөөгийн увдисын хүч хамгийн их гэдэг. Одоо ийм байдаггүй бөгөөд 13-р зууны эхэн үеийн Тив тэнгэр буюу Хөхөчү, 18-р зууны үеийн Хармайн аав хэмээх Хаж зайран нарыг тэнгэр хөллөсөн бөө нар гэж үздэг байна. Баримт № 16 Насан өөд болсон бөөгийн сүнстэй нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг сүнс хөллөсөн /сүнсээр хүч авсан/ бөө гэх бөгөөд ийм бөөгийн увьдасын хүч чадал тэнгэр буюу лус савдаг хөллөсөн бөөгийн увьдасын хэмжээнд хүрдэггүй гэнэ. Баримт № 17 Тухайн гэр бүлийн /нөхөр, эхнэрийн аль нь ч байж болно/ хүнии эцэг өвгөдиин сүлд сахиус, тэнгэрүүдийг нь бөө хүн шившин амилуулж өгөхийг онгод босгох ёс гэдэг гэнэ. Тэр айл нь бөө ч байж болон эсвэл бөө биш ч байж болдог гэнэ. Нөгөө талаар янз бүрийн өнгө хэмжээ бүхий даавуунууд болон эсгий, цэмбэ зэрэг мал амьтны гаралтай зүйлсийг ёс журмын дагуу оёж, шидээслээд бөө хүн шившин амилуулахыг онгод амилах ёс ч гэж үздэг байна. Баримт № 18 Өвөг дээдсийнхэн хүчирхэгжсэн эрчим хүч, байгаль дэлхий дээрх эрчим хүчний нэгдлийг онгод гэж тодорхойлж болно. Эрдэмтэн О.Пүрэв онгодыг хий ухаар юмс гэж нэрлэдэг гэжээ. Баримт № 19 Бөөд онго орох бүрийд бөө ухаан алдан унадаг байна. Учир нь онгод орох бүрт өөрийн оюун ухаан түр зуур алддагттай холбон тайлбарладаг. Бөө хүн өөрийн ухаан түр зуур алга болж өөр сэтгэхүйгээр сэтгэж өөрийн дуу хоолойгоор хүмүүст өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хүүрнэж айлтгахыг бөөд онгод орлоо гэж үздэг. Баримт № 20 Онгод нь хүмүүст харагдах биегүй, үзэгдэх хэлбэргүй үл үзэгдэгч боловч жинтэй хатуу зүйл байдаг гэж бөө нар үздэг. Гэхдээ онгод нь тодорхой газар, орон зайнд байртай байдаг ба үргэлж хөдлөгөөнд оршдог гэнэ. Түүнийг бөөгийн ёсоор онгодын гүйдэл гэдэг ажээ. Баримт № 21 Онгод нь бөө хүнийг нэгэнт эзэмдэн нөхцсөн учраас байнгын холбоотой байж, бөөг мэдээлэлээр хангадаг байна. Өөрөөр хэлбэл тэр бөөг тойрсон эрчим хүчний нэг урсгал энерги бий болдог гэсэн үг. Тиймээс их сайн бөө хүн бөөлөлгүйгээр тухайн хүний асуудлыг шууд оношлон шийдвэрлэж өгдөг байна. Баримт №22 Алтайн урианхай бөө нарын шүтдэг Атаа 5 тэнгэрийн сэтэрийг хар морь, хар сэрх, хар ирэг, хар ат, хар үхэрт татдаг байжээ. Тэгвэл сэтэр гэдэг нь онгодыг хялбар, хөнгөн маягаар дүрслэх нэг хэлбэр бөгөөд сэтрийг айлд юм уу малын хүзүүнд байрлуулдаг байна. Сэтэрийг мухар сөөмөөс нэг төө гаруй урт, 2 хуруу өргөн хэмжээ бүхий цагаан, ногоон, хөх, улаан, хар өнгийн даавууг давхарлан үйлддэг байна. Тэдгээр өнгөнүүдийн утга санаа нь: цагаан онгоды н сэтгэл санаа ариун гэсэн, ногоон нь лусын, хөх нь тэнгэрийн, улаан нь нарны буюу галын, хар нь савдагын буюу шорооны өнгийг тус тус илэрхийлдэг байна. Баримт № 23 Дом шившлэг нь сайныг ирүүлэх, мууг зайлуулах бүхий домнох зан үйл, шивших үг, шүлэг зэргээс бүрддэг. Дом шившлэгийг дууриах дом шившилэг, хүртэх дом шившлэг гэж 2 төрөлд хуваадаг байна. Баримт № 24 Бөө нар чоныг онгодын хамгийн сайн хүлэг, мөн дайсан этгээдийг эсрэг тэмцэгч хэмээн үзэж лус савдаг, онгод тэнгэрээ дүрслэхдээ чоно унуулж дүрслэдэг ,байна. Харин хэрээг сайн газарч, бараа бологч, үнэнч сахиул, зарцхэмээн үздэг байна. Нэг талаар онгод тэнгэрийн хэлмэрч болж явдаг байна. Баримт № 25 Алтайн урианхай бөө нар чандаганы арьсыг битүү хуулж дотор нь өвс чихэж амилсан дүрс онгодыг гэрийн чанх хойморг байрлуулан тахиж шүтддэг байжээ. Түүнийгээ чандаган онгод гэж ч нэрлэдэг байна. Алтайн урианхай бөө нар 20-р зууны' эхэн хүртэл шарын шашинтай холилдож уусалгүй харын бөө хэвээр байж чадсан цөөн хэдэн овгийн бөө нар юм. Баримт № 26 Бөө хүнд дараах эрдэм чадап байдаг гэж үздэг. Энэ нь нүд хуурах, сэтгэл хувиргах эрдэм, тэгээд увдис. Нүд хуурахын эрдэм гэдэг нь илбэ байдаг бол сэтгэл хувиргахын эрдэм нь хүний бодож байгааг алс холоос хувиргах, өөрчлөхийг хэлдэг байна. Өерөөр хэлбэл алс холын орон зайнаас л хуний сэтгэл санааг нь эргүүлээд хаячиха байгаа гэсэн үг юм. Үүнийг ховс ч гэж нэрлэдэг. Харин увдис гэдэг бол ховс, илбийн алин ч биш, цэвэр байгалийн хүч гэж үздэг байна. Баримт № 27 Бөө бол хүн төрөлхтөний анхны эмч нар юм. Бөө хүн лус савдаг болоод ус, шороотой хүний биеийг ижилсүүлж үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө биологийн амьтан юм болсон хойно байгаль дэлхийтэй хүй холбоотой гэж юм. Нэг ёсондоо хүний уурлах баярлах, гомдох энэ бүхэн лус савдагийн бороо орох, цасан шуурга тавих, хэт халахтай адилтгаж үздэгтэй. Тиймээс бөө нар хүнийг эмчилэхдээ ургамлаар, усаар амьтны бие махбодын янз бүрийн зүйлээр, дом шившлэгээр, дапдын хүчээр эмчилдэг байна. Баримт № 28 Бөө бол өөртөө анагаах ухаан, яруу найраг, хөгжим, түүх, жужиг, бүжиг, домог зүй, хэл аялгуу, хэллэг, монгол хэлэнд байхгүй монгол үг, дүрслэх урлаг, уран баримал, угсаатны зүй зэрэг олон з үйлийг багтаачихсан асар том шинжлэх ухаан гэж бөө судлаач эрдэмтэн О.Пүрэв гуай тодорхойлжээ. Баримт № 29 Бөө болох хүүхэд 7 хүртэлх насандаа онцгой шинж заавал өгдөг гэнэ. Бас 9 насандаа шинж тэмдэг өгдөг бөгөөд энэ насандаа харьцангуй бие даасан эцэг эхдээ найдвартай туслагч болсон байдаг ажээ. Харин 13 жил орох бөө болох бүрэн шинж тэмдэг илэрдэг байна. Үүнээс хойш 25, 37,49 насанд илэрч болдог байна. Баримт № 30 Жинхэнэ бөе нар хөгжмийн сайн сонголтой эсвэл яруу найргийн билигтэй, бас дээр нь сайн муу, сайхан муухай гэгчийг ялгаж чаддаг өөрийн хэмжүүртэй, гарын дүйтэй, хүний зовлон жаргалыг ялгаж салгах мэдрэмжтэй гэсэн нийтлэг онцлог зан чанартай хүмүүс байдаг байна. Энэ мэт бөө мөргөлийн олон сонирхолтой баримт байх юм. Эх сурвалж: "Завхан"  

Зурхайчийн цогцсыг хөвчийн хүрэн хөндсөнөөр тэнгэртээ зорчжээ

Энэ сонирхолтой явдал Хэнтий аймгийн Батширээт суманд ерээд оны эхээр тохиосон бөлгөө. Нутаг усандаа нэн алдартай Данигай гэх өвгөн хэдэн үе дамжин тэр хавиар аж төрсөн удам дагасан сүүлчийн зурхайч гэнэ билээ. Яг аль сумынх нь тодорхойгүй ч голдуу амьдарсан болохоор Батширээтийнх гэдэг байжээ. Харин өөрийгөө “Би Хэнтийн хөвчийн хүн” гэдэг байж. Жинхэнэ амьдын зурхайчдын бараг сүүлчийнх нь тэр гэхэд хилсдэхгүй. Манайхан зурхайчдыг заримдаа буруу ойлгодог, тайлбарладаг бололтой юм билээ. Зурхайч, лам хоёрыг холиод явдгийг, өөрөөр хэлбэл андуурдгийг хэлээд байна л даа. Зурхайч гэдэг нь тоймловол одон гараг, хүн амьтны харилцаа холбоог тооны аргаар тодорхойлно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрснөөс үхэх хүртэлх үеийн амьдралыг нь нэгбүрчлэн зурж, шинэ төрөгсдөд нэр хайрладаг ачтан ажээ. Ийм зурхайчдыг тухайн үед нь бодлогын чанартай бэлддэг байсан гэх. Тухайлбал, Богдын Засгийн газраас тусгайлан бэлдсэн зурхайчдыг нутаг оронд илгээдэг байж.  Зурхайчдыг тухайн бүс нутгаас нь ч бэлддэг байсныг түүхэнд өгүүлсэн буй. Тэд орон нутгаа тэр чигт нь хариуцахаас гадна Богдод мэдээ хүргэдэг байж. Чухам юу хийдэг байсныг нь цухас дурдая. Нутгийн айлд шинэ хүн төрлөө гэе. Хамгийн түрүүнд зурхайчид хандана. Зурхайч тэр хүүг ямар одонд, ямар гарагт, ямар өдөр, ямар цагт төрснийг тооцоод хувь тавиланг нь зурна гэсэн үг. Тэгээд “Танай хүү тийм одонд төрсөн тул төрийн хар хүн болно. Баатар төржээ. Бичгийн хүн байна. Төрд хэрэгтэй. Эцэг, эхдээ тустай эгэл хүүхэд ажээ. Гар дээрээ өсгөнө биз. Төдөн настай юм. Төдөн насанд нь тийм сайн үйл тохионо. Төдөн насны жил дээр гай барцадтай. Анхаарна биз” гэх зэргээр замыг нь зааж өгдөг байжээ. Тиймээс ингэж нэрлэ гээд нэр усыг нь хүртэл хувь заяатай нь холбодог байсан гэдэг. Түүнээс биш одоогийнх шиг Ану, Муну гээд санаанд орсноороо нэрлэхгүй.  Тэгвэл төөрөг тавилан нь төөрөлдөж, амьдралын зам мөр нь хазайж, амь нас нь ахар болно гэх мэтээр их ёс төртэй байсан байгаа юм. Хэрэв гоц гойд хүүхэд төрвөл Богдын сонорт хүргэснээр төрийн анхааралд авч багаас нь боловсруулах замаар эрдэмтэн, мэргэдийг ч тусгай бэлтгэдэг байсан байгаа юм. Баатар, дайчин эрсийг ч мөн адил. Зүгээр нэг мөрөөр яваад Ардын хатанбаатар С.Магсаржав юм уу алдарт Ш.Намхай аварга болчихдоггүй юм байна л даа. Төлгөнд бууснаар нь тэрхүү нэрийг хайрлаж түүний дагуу эцэг, эх нь анхаарал тавихыг хэлээд байгаа юм. Монголын цөлх хөх өвгөд ярьдаг байжээ. “Манай энэ төрийн хүн болно. Хурга, ишиг хөөлгөөд яах вэ. Эрдэм номын мөр хөөлгье дөө. Энэ ч дээ, малын зах л бараадах хүн дээ” гэхчлэн хүүхдүүдээ багаас нь тодорхойлоод тэр дагуу нь сургаж, хүмүүжүүлдэг асар их амьдралын ухаантай байж. Тэглээ гээд алдахгүй. Харин ч хожино гээч. Үр хүүхдээ гэрлүүлэхдээ ч мөнөөх зурхайчийн хэлснээр хийнэ. Хайр сэтгэл энэ тэрийг бодохгүй биш боддог байж. Тэгээд зурхайчаас тохирох эсэхийг лавлана. Зурхайч барагтай зүйлийг засаад, тохируулчихна. Бараг ганц зүйл дээр их хатуу. “Тэднийхэн богино настай. Тийм өвчнөөр явамтгай. Удмаараа нарийнтдаг улс байгаа юм” гэсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ нь үр удмаа гэсэн хамгийн зөв бодлого ажээ. Хэн үр удмаа богино настай болгохыг хүсэх билээ. Энэ бүхний гэрч болгон Данигай зурхайчийн амьдралаас өгүүлэх гэсэндээ үүнийг өчиж сууна. Тэрбээр жинхэнэ амьдын зурхайч байсан нь олон зүйлээс харагддаг. Нутгийн нэгэн өвгөн энэ талаар надад олныг өгүүлсэн боловч тэр бүхнийг нь тэмдэглэж аваагүйдээ ихэд харамснам. Тэгэвч онц сонирхолтой зарим нь оюун санаанд минь үлдсэн нь мэдээж. Социализмын хатуу ширүүн цаг үе байсан ч нутгийнхан түүний үгээс гардаггүй байжээ. Үр хүүхдийнхээ амьдын зурхайг байнга зуруулж, нэр алдар хайрлуулсаар ирсэний зарим нь бидний сайн мэддэг хүн ч байх жишээний.  Тэр жил Ренчинийд нэгэн хөвүүн мэндэлсэнд Данигай зурхайчийг урьснаар хамаг явдал өрнөжээ. Зурхайч зураг төөргийг нь зураад “Их адармаатай зам туулах хүү байна. Зам мөрийг нь өөрчлөөд яах вэ. Алдартай хүн болно. Нас богиновтор юм. Хүнд бэрхийг туулах ч ер бусын хүү тул зурхайд буусны дагуу Чойном хэмээн номын нэр хайрлая. Бусдыг төөрөг заяа нь мэдэг” гэжээ. Та лав ухаарсан биз ээ. Монгол улсын Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном ингэж төрсөн түүхтэй ажээ. Нэгэн айлын хүүд Ловзор гэдэг нэр хайрлажээ. Монгол, түвд нь мэдэгдэхгүй сонин нэр байгаа биз? “Танай энэ хүү тарнийн ухаанд лут хүн болно. Нутаг усандаа ээлгүй ч нийтэд ээлтэй юм” гэжээ. Тийм үед тарнийн ухаанд лут хүн болно гэхийг энгийн хүн хэрхэн ойлгох билээ. Бараг бүтэхгүй зүйл хэллээ. Юун ч сонин нэр вэ дээ гэх зэргээр бодоод өнгөрч л дээ. Хожим нь Ловзор гуай тун сонин тохиолдлоор оточ болжээ. Бусдын адил бага насаа хонины бэлчээрт үдэж, тарвага зурам хөөсөн хүүг хэн, хэзээ тарнийн ухаанд нэвтэрнэ гэх билээ. Эцэг, эх нь тэгсхийгээд мартсан бололтой. Тэгэхээс ч яах билээ. Төдөлгүй сургуульд оржээ. Бусдын адил сурсаар, дотуур байранд амьдарч явсаар нэг мэдэхэд 10 дугаар ангиа төгсөх мөч ирсэн байна. Тэгтэл аймгийн 10 жилийн сургуульд ёстой сонсоогүй хуваарь нэг ирсэн нь “Ганданд лам бэлдэх НТХ- ны шийдвэрийн дагуу аймаг бүрээс хоёр хүүхэд элсүүлэхээр явна. Сонирхсон хүүхдүүдээс сонгон, шалгаж авна” гэсэн байна. Ингээд сонирхсон хүүхдийг бүртгэвэл бас ч гэж яахав дөрвөн хүү бүртгүүлжээ. Бүртгэгчдийн нэгнийх нь нүдэнд Ловзор гэх сонин нэртэй шар хүү өртсөн байдаг. Хүн таньдаг хүн байдаг даа. Азаар юм уу тохиолдлоор, бүр төөрөг тавилангаар нэг тийм хүн элсэлтийн багийг ахалж явсан байгаа юм. Тэрбээр Ловзорыг бүртгэнгээ нөхөддөө “Нэгийг нь олчихлоо. Нөгөө гурваас нэгийг нь авъя” гэжээ.  Ингээд Ганданд ирж ном сураад сайн оточ болон насан эцэслэтлээ хотод суусан гэдэг. 70- 80- аад оны юм мэдэх хүмүүс андахгүй гэнэ билээ. Гандангийн хашаанд ганц гэрээр, ганцаараа аж төрдөг нэгэн тарнич лам байсан агаад олонд их тус болсон гэх юм билээ. Бас нэг сонин түүх бол Хэнтий нутгаас төрсөн хур баян “алтан” Мажигийн амьдын зурхайг зурж, төөрөг тавиланг нь заажээ. Төрөнгүүт нь үзээд “Нутагтаа зартай баян, чинээлэг хүн болно. Хөрөнгө арвижуулах одтой юм. Эрдэнэсийн нэрээр насан туршаа нэрлэгдэх нигууртай. Дуудах нэрийг нь Мажиг гэе” гэжээ. Ийнхүү бид бүхний андахгүй мэддэг, олны танил чинээлэг малчдын нэгэн болох “алтан” хэмээх эрдэнийн нэрийг насан туршаа дуудуулах хувьтай хүмүүн Мажигийн түүх ийм бөлгөө. Зүгээр л Мандах юм уу Баяр гэчихсэн бол яах ч байсан юм билээ, хэн мэдлээ. Данигай зурхайч энэ мэтээр насан туршдаа нутаг усныхандаа тус дэм болсон нэгэн бөгөөд заримдаа аймгийн учир мэдэх хүмүүс ч урьж хүү, охиндоо нэр хайрлуулан, заяа төөргийг нь нууцхан бичиж аваад замыг нь заалган хүмүүжүүлдэг байсныг ч дээрх өвгөн хэлсэн юм. Дээрх өвгөн гэхээр эргэлзмээр сонин санагдаж болох. Зөвшөөрөл аваагүй тул бичиж төвдөлгүй байлаа. Ямар худал юм биш нэрийг нь хэлчихье. Нутаг усныхан нь мэднэ биз. Вандан гэх нэг сайхан өвгөнтэй аян зам хамтарч таарсан учраас энэ бүхнийг сонсох завшаан тохиосон билээ. Данигай гуай бурхан болохынхоо өмнө дотны хүмүүстээ “Намайг өөд болохоор ил тавиарай. Гурван хоног сахина биз. Цогцсыг минь юу хөндөхийг харцгаа. Хөвчийн хүрэн ирвэл мөн сайнсан. Үргээж болохгүй шүү. Тэнгэртээ зорчино доо” гэсэн гэдэг. Ингээд цогцсыг нь ээлжлэн сахиж байтал хаанаас ирсэн юм нэг хүрэн баавгай хүрч ирээд түрүүлж хөндчихөөд оджээ. Хоёр хоногоос очиж үзвэл юу ч үлдэлгүй алга болсон байжээ. Ухаант өвгөдийн ид, шид барагдах биш. Үхэх өдөр судраа мэдэхээс гадна цогцсыг нь хэн, хэзээ хөндөхийг, сүнс сүлдээ хаа очихыг ч мэддэг байжээ. Бидний үеийнхний авсалдаг ёсон тийм ч таатай биш байж мэдэх юм. Бусдыг ёстой бурхан, чөтгөр хоёр л гадарлах буй за.  У.МИЧИД

ЛУС САВДАГ ГЭЖ ЮУ ВЭ, ТЭД БИДЭНД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ

Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лус савдгийн тухай ойлголт юм. Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх уул, ус гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг хаан нь харин савдаг гэдэг нь тухайн уул хайрхан, гол усны эзэн нь гэж ойлговол зохино. Нийт 8 төрлийн лус байдаг бөгөөд ерөнхий 3 лусад хуваадаг. Үүнд:  1. Хар лус - бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр  2. Цагаан лус - газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр 3.Хөх лус - булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм. 1.Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэгний элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг. 2.Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгтцагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу болгодог. 3.Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг.  Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг. Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг хэдэн тохиолдлуудыг энд дурдъя: 1. Элдэв хог хаягдалаа хамаа бусаар хаях, газар ухах, шороо чулуу хөндөх, хөдөлгөх, хамаагүй газраас чулуу авах, модны мөчир хугалах,ургаа мод тайрах, навч цэцэг тасдах 2.Уул хайрхадын овоон дээр гарч архи уух, шээх, хэрэлдэх, муу үг хэлэлцэх 3.Ургаа мод болон овоонд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих 4.Байгалд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог болон хувирдаг 5.Ан амьтдыг үй олноор нь устгах агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх 6.Шувууны өндөг ,үүр сүйтгэх 7.Гол , булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, шээх 8. Урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах, угаах 9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйлс өргөж байх. Хүний билгийн мэлмий нуруунд, магнайнд байдаг гэсэн. Тиймээс хүн айх цочих үед нуруу хүйт оргих, нурууны үс босох зэрэг мэдрэмж төрдөг байна. Энэ нь тэр ар нуруунд байрлах мэлмий айдаст зүйлийг харж мэдэрсэнээс (нүдээрээ харах мэт харагдахгүй ч )үүсдэг мэдрэмж. Бодоод үзээрэй! Чи ч айхдаа хойноосоо айдасаа мэдэрдэг. Ар талд чин ямар нэгэн юм байгаа мэт, эсвэл араас чинь дагаад байгаа мэт мэдрэмж төрдөг биз дээ. Магнай буюу духны мэлмий нээгдсэн хүнд сүнс буюу далд ертөнцийн зүйлс шууд харагддаг байна. Нялх хүүхдийн билгийн мэлмий нээлттэй байгаад аажмаар ухаан орох тутам хаагддаг гэнэ.   

МОНГОЛ БӨӨГИЙН МӨН ЧАНАР, АГУУЛГА

Бөөгийн шашин, бөө мөргөл, бөө шүтлэг гэх мэтээр янз янзаар нэрлэдгийн чухам аль нь зөв вэ? Энэ талаар юуны өмнө нэг мөр шийдэхээс энэ чиглэлийн судлагааг эхлэх нь зөв санагддаг. Өнөөдөр “шашин” гэдэг үгээр бүх шашныг болон бөөг хүртэл нэрлээд байгаа маань тун үндэс суурь муутай хуудуу андуу ихтэй ухагдахуун юм биш үү гэх эргэлзээ байдаг. “Шашин гэдэг үг бол самгарьд /санскрит/ хэлний шасна гэх үг тул зөвхөн буддын номлол сургаалыг илэрхийлдэг ухагдахуун учраас тэр утгаа л илтгэх ёстой. Бусад шүтлэгүүдэд буддагийн шасна ном сургаал хамаагүй тул тийн нэрлэх нь бөөрийг буур гэсэнтэй адил гоомой хэрэг юм” гэж зарим судлаач илэрхийлсэн байна/ Н.Нагаанбуу “Итгэл зүйн ухаан” УБ. 2009 он/. Тухайлбал “Христосын шашин” гэж ярьдаг нь буруу гэх бөгөөд дээрх ойлголтоор “христийн” гээд уг номлол сургаалд итгэгчдийг онцгойлон нэрлэдэг христосчуудын өөрсдийн нь аль нэг зонхилох хэлээр нэрлэж хэвшсэн үг байх ёстой болж таарна. Тэгэхгүйгээс христийн номыг буддын ном сургаалтай хольсон учраас “шашин” гэж самгарди үгээр нэрлээд байгаа мэт ойлголт байгааг Монгол Улсын эрдэмтэн На.Нагаанбуу дээр эши татсан номд тов тод хэлжээ. Үнэхээр Европ ч юм уу, Америк тивд “христосын шашин” гэж хэлдэггүй юм бол юу гэдгийг толь бичиг зэргээс харахад Religion гэх латин гаралтай үг илрэх ба Буддын шашныг Buddhist religion гэсэн англи орчуулга тааралдаж байна. Тэд Буддын шашин гэдэг үгийг Buddhist religion хэмээн орчуулдаг юм байна. Тэгвэл монгол хэлтэн бид Түвд Жагарын орноос дэлгэрсэн “буддын шашинтнууд” гэдэгтэй адил өрнө дахины “христосын религийг шүтэгчид” гэж ойлгох болж байна. Энэ Религи гэдэг үгийг бидний өвөг дээдэс мэддэг байсан учраас “эрлэг” гэдэг үг орж ирж харь шашин тул муу муухай утгаар хэвшсан юм биш биз гэмээр байна. Тэгвэл бас “мусулманы шашин” гэж болохгүй нь илт бөгөөд тэднийг мусалманы динчид гэх нь зөв болж таарна. Яагаад гэвэл мусульманчууд мөргөлөө “дин” гэдэг билээ. Чингэвэл 1. Буддын “шашин”- тнууд 2. Христосын “религи”-чүүд 3. Мусулманы “дин”-чүүд гэх ойлголт нь зөв болох юм байна. Тэгвэл язгуур “бөө мөргөл” гэдэг үг маань дээрх шашин, религи, дин гэх үгнүүдтэй утга ойролцоо ба тэдгээр үгүүдийг “мөргөл шүтлэг” гэж монголоор орчуулж ойлгож болох бололтой. Иймд бид хойшид бөөгийн сэдэв асуудлуудад ”бөө мөргөл”, “бөөгийн шүтлэг” гэж ярих нь зөв ба мөргөх шүтлэг нь онго сахиус, тэнгэр этүгэн, лус хайрхад, навдаг савдаг гэх мэт ойлголт ухагдахуунууд юм байна. Мөн сүүлийн үед Монгол улс болон Өвөрмонголын энэ чиглэлийн судлагаа хийдэг эрдэмтэд “шүтээн”, “шидээн”, “шүтлэг шидлэг” гэж ойролцоо дуудлагатай хоёр үг утга ярьж бичих болжээ. Жишээ нь Монгол улсын судлаач На.Нагаанбуу шүтлэг шидлэг хоёрын дунд ялгаа ихээхэн буйг, тэр нь угтаа нэг утга агуулдаггүй, бүр ил далд хоёр өөр шинжтэйг: Шидлэг: Онго сахиус, овоо тахилга, гал голомт, тэнгэр, лус, навдаг савдаг зэрэг шид бүхий зүйлүүд юмс үзэгдлүүдийг шидээн гэнэ. Энэ нь шидлэг хурсан ач буян, гай барцад учруулж болох эмзэг ариун, нууцлаг далд мөн чанарыг хэлнэ гэсэн бол Шидээн: Дотоод ертөнцийн ид шид, хараал ерөөл, өмсгөл зүүсгэл, илбэ жатга, сүнс сүрд, сүлд зүлд, мэргэ төлгө, туг дарцаг,онго сахиус зэрэг амин шид хурсан увидаслаг хийморьлог цог зал, хишиг өлзий, буян хайр ивээх ши дэт утга. Түүнд тахилга шившлэг өчиж тэр нь гүйцэлдэх санаа бол шидээн чанар. Шүтлэг: Энэ нь шүтэлцэх утга. Шүтлэг гэвэл Буддын шашныг шүтэх, шүтээн гэвэл бурхан байгал, эцэг эх зэргээ дээдлэн шүтэлцэх утгас болно. Шүтээн: Байнга ач буян болох шидээн бүхий зүйлд хандах шүтэлцэх утга. Дээр дурдсан зүйлс болон эцэг эх үр хүүхэд, нутаг орон бүгд шүтээн утга болно гэж “Монголын түүх соёлын нэр томьёоны гаргалгаа толь” /Ред. Х.Сампилдэндэв. УБ. 2005 он х-57, 71,72/ номдоо тодорхойлжээ. Үнэхээр Саган сэцэн “Ахуй шүтээн гадаад сав ертөнц эхлээд тогтсон” гэсэн бол “Монгол язгуурын толь”-д “Шүтэлцэх оршихуй зүйл, харилцан бишрэн, харилцан эсэргүүцэн нөхцөлдөх” /х-1604/ гэсэн байна. Энэ үг утгууд бөө мөргөлд үнэхээр иймэрхүү далд нууцлаг онго сүнслэг чанараар хоёр өөр утга санаагаар хэрэглэгдэж байгааг Монголын бөө судлаач Ба.Галааридын бүтээлийн эмхэтгэлийн IҮ боть “Бөө мөргөлийн тухай бичвэрүүд” болон Өвөрмонголын нэрт эрдэмтэн гүн ухаанч Тү.Өлзийн “Эртний монголчуудын бөө мөргөлийн соёл сэтгэхүй” зэрэг номуудад эдгээр үгс дээрх утгуудаар хэрэглэгдсэн байгаагаар батлагдаж байна. Иймд ерөнхийд нь “Бөө мөргөл” гэх нь зүйтэй боловч дотоод агуулгыг нь “онго сүнсний шидээн бүхий шидлэг” чанар хийгээд мөн “байгал ертөнц болон хүний хоорондын шүтээн шүтлэг харилцаа” гэж тогтвоос зохилтойг дээрх эрдэмтэн судлаачдын тулхтай дорвилог бүтээлүүд үлгэрлэж байна. Нэр дурьдсан судлаач Ба.Галаарид заавал мөргөл шүтлэг гэж нэрлэхийн учрыг гаргахдаа “Шидлэг зүйлийг эрхэмлэн дээдлэх нь шүтлэг, ийнхүү сүслэн дээдлэж буйгаа илэрхийлэх хэлбэр нь мөргөл. Христ шүтлэгтнүүд түүндээ мөргөдөг, Будда шүтэгчид ч мөн түүндээ мөргөдөг, Тэнгэр шүтлэгтнүүд ч тэнгэртээ мөргөдөг. Тэгэхээр шүтлэг, мөргөл гэдэг нь шашин хэмээх харь үгийн монгол утга мөн байна” гэсэн нь зөв байна. Ерөөсөө бөө мөргөл бол Буддын шашны нэгэн урсгал чиглэл биш болохоор “Бөөгийн шашин” гэх нь үнэхээр учир дутагдалтай нь илт байна. Чухамхүү шашин, религи, дин аль аль нь Сиддахара, Христ, Мухаммед гээд тодорхой эзэн бүхий номлогчийн сургаалтай байдаг бол бөө мөргөлд тийм зүйл байдаггүй, гагцхүү тухайн үеийн сүнс онгодын хэлмэр дохио зэрэгт үндэслэдэг, уг шинж тэмдгүүдээс үүдэлтэй зан үйл ёс заншилд суурилсан байдгаараа тэс өөр онцлогтой нь үнэн юм. Монгол бөө мөргөлийн судлагааг анх эхлүүлсэн буриадын Дорж Банзаров, Цэвээн Жамсранов нар болон Монгол улсын Б.Ренчин, Ч.Далай, Ч.Жүгдэр зэрэг алдар олсон олон эрдэмтэд бөө мөргөлийг өвөг шүтлэг гэж санал нэгтэй үзсэн ба дээрх шүтүүлсэн сургаалуудаас эрс өөр өвөрмөц ялгаатай эрт дивангарын үүсэлтэй гэдгийг батлан тодруулсан байдаг. Тийм болохоор Бөө мөргөл гэдэг бол үнэхээр шашин, религи, дин зэргээс бүр хэдэн зуун мянганы өмнөх үед хамаарах үүслийн түүхтэй. Тухайлбал Өвөрмонголын эрдэмтэн профессор Тү.Өлзий хүний үүсэл ухамсрын үүслийн эхэнд эр эм бэлх эрхтнийг шүтээнчлэн шүтэхээс, хүн өөрөө шидлэг мөн чанартай, шүтэх ухагдахуунаар байгал нийгмийн түмэн асуудал, мянган үзэгдлүүдийг гайхан таамаглаж эхэлсэн гэж үзсэн бол Монгол улсын алдарт эрдэмтэн академич Ч.Далай бөө мөргөлийг байгал ертөнцийн болон хүний танин мэдэхүйтэй тус тус холбон үзсэн байдаг. Бөө мөргөлийн судлагаа ийнхүү өнөөгийн шат болоод ирэхэд ерөнхийгөөс бүр нарийнд, тодорхойгоос далд нууцлаг ертөнцөд нь орж нэвтрэхийг хичээх болж ирэв. Жишээ нь Монгол улсын бөө мөргөл судласан ховор эрдэмтний нэг О.Пүрэв бөөгийн хувцас зүүсгэл ёс уламжлал зэргийг, эрдэмтэн С.Дулам профессор бөөгийн аман яруу найраг гэх мэтээр судлаж байсан бол сүүлийн үеийн судлаачдыг нь харахад “Ад зэтгэр амилах цаг буюу завсрын юманд дайруулсан бөө нэртүүд”, “Онгод худлаа хэлдэггүй” , “Онгод тэнгэрийн онцолж хэлсэн захиас”, “Бөө нарыг хэн хэрхэн шийтгэдэг вэ?”, “Онгод сахиустай хуучилсан тухай тэмдэглэл”, “Бөө нар мансуурагчид уу?”, “Онгод тэнгэрийн зараалаар” (Ба.Галааридын дээрх номын гарчгуудаас авав) гэх мэтээр урьд өмнөх судлагаанаас илүү нарийн, бүр тодорхой амидлаг болж үнэн бодтойг бичих болж Монгол улсын хэмжээнд бөө мөргөл ил үйл ажил өрнүүлдэг болж иржээ. Мөн бөө мөргөлийн байдлыг гаднаас нь хөрөглөн зураглан судлахаас гадна бүр эртний төрх төлөвийг нь нээсэн “Эртний монголчуудын бөө мөргөлийн соёл сэтгэхүй” номыг Өвөрмонголын эрдэмтэн Тү.Өлзий бүтээсэн ба Монгол улсад ихээхэн үнэлж байгааг сонин мэдээнд тэмдэглэж байгаагаар барахгүй хөрвүүлэн буулгаж хэвлэж байгаа, бас Монгол улсад бөө мөргөл далд нууц үзэгдлүүдийг судлагчдын шинжлэх ухааны эрдэм шин-жилгээний тусгай сэтгүүл хэвлэгдэн гарах болсон сураг зангийг сонсоод эл үгүүллийг илгээж буй билээ. Өвөрмонголын тухайд язгуур чанараараа яах аргагүй бөө мөргөлийн зөн билэг, зан үйл мөртлөө бөөгүй хийгдэх болсон, том тахилгууд ёс үйл арвин байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үүнд Ордосын Эзэн хорооны Чингэс хааны онгон шүтээний тахилга болон зарим нутгуудад хийгдэж байгаа хар, цагаан, алаг тугийн болон Хутагтай сэцэн хиан тайжийн, Саган сэцэний гэх мэт олон тайлга тахилгуудыг уг нь бөө заарингууд ёсчлон үйлдэж байсан нь мэдээж. Хэлэлгээнгүй одоо зөвхөн уг ёс заншлуудыг мэддэг хүмүүс ном уншлага харж унших зэргээр ёслох болсон нь жинхэнэ тэнгэр, онго сахиустай харилцах, үг хэлээ нэвтрэлцэх, онгод орох сүнстэй ярих гэх мэт язгуурын амин шидэт шидлэг нь үгүйлэгдэж зөвхөн шүтээнтэйгээ шүтэлцэх холбоо нь үлдсэн байдалтай санагддаг.. Ингэснээр зарим үед үзмэр жүжигийн байдалтай гэж хэлэгдэх болсон нь бөө мөргөлийн ёсноос баахан хазайн холдосоныг хэлээд байх шүүмж мэт. Учир ийм байгаа тул дээрх онгон тахилгуудыг эртний ёсоор нь бөө мөргөлийн буурь суурин дээр сэргээх шаардлага байгаа ба эндхийн ёс цээр хоригийг мэдэх, туг сүлдийн утга ухааны уламжлалыг ёсчлох бөө заарин удган одоогоор мэдэгдэхгүй байна. Гэтэл тэднийг бэлтгэж болдог юм уу? Уг барих тийм бөө удган хүмүүсийн удам угсаа байна уу? Уг тахилгуудыг хуучнаар нь сэргээн тахихад нутгийн хүмүүс хүлээж авах уу? Эсвэл одоогийн тахилч тайгч нарт ил биш ч гэсэн далдуур дургүйцнэ гэх мэт олон асуудал шилээ даран өндийж ирнэ. Яагаад гэвэл бөөтэй бөөгүй Чингэс хаан болон бусад ихэс дээдсийн сүнс биднийг ивээсээр ирсэн, цаашид ч тийм байх болно гэж итгэх хүн олон билээ. Гэвч бөөгийн онгодоор орж ирэх аман яруу найраг, түүнд нууцлагдах түүх хууч, захиас сургаал хэрэгтэй байж мэдэх бөгөөд Монгол улсад сүүлийн үед хүчээ авч буй бөө удган нарт думдад зууны хаад баатруудын сүнс онгод орж хачин сонин зүйл олныг ярих болсон гэж дуулдах нь судлаж үзүүштэй сонирхолтой ажил мөн байж болох юм. Бөө мөргөл гэхээр хачин жигтэй хувцастай хүмүүсийн үсэрч цовхочсон, хэнгэрэг нүдсэн дүр буудаг ч яг дотоод шид увидсыг нь судлах ажил дутагдалтай байсан ба аман яруу найраг бөөгийн бүжгийн хөдөлгөөн, хөлөө зөөж тавих зураг гэх мэтээр хэтэрхий хэвшмэл нэг зүйл гарган ирсэн нь “Монгол зан үйлийн нэвтэрхий толь” /Оюуны боть/ зэрэг бүтээлүүдэд байх ба чин үнэндээ “Бөө бөөгийн буулт өөр, Бүжин туулайн гүйлт өөр” гэдэгчлэн бөө бүрийн онго сахиус харсан тэнгэр, хайсан лус навдаг савдаг, уг гарал удам хойч ижилгүй байдаг нь бөө мөргөлд бөө удган болгоныг судлахад хоорондоо адилгүй мөн ч арвин зүйл байгааг, тэдгээрийг нэгтгэн нээх зэрэг их ажил байгааг хэлээд байгаа бус уу? Жишээ нь бөө болох хүн заавал цээжлэх ёстой шүлэг байдаг биш тэр нь бөө удган нарт буух бүрт нь хүмүүсээс асуух асуулт болгонд хариулж хэлэх цэцэн мэргэн үг сургаал байдаг, догшрох үедээ ямар ч хөдөлгөөн хийж болох гэм мэт тогтсон загварт баригдах боломжгүй бололтой байдаг. Мөн хатагины атаа арван гурван тэнгэрийн сан зэргийг Монгол улсын Дорнод аймгийн хатагинчуул болон Өвөрмонголын Үүшин хошууны хатагинчуул адилхан ёслож байгаа ба тэд эртний тахилгын сан дууддаг зэргийг холбон судлах, Чингэс хааныг бурханчлан шүтдэг мөнх тэнгэр, дээд 99 тэнгэр, гал голомтоо нандиглан шүтдэг бөө язгуурын мөргөлт оор монголчуудын эртнээс өвтэй тахилга тайлгын ёс зан үйлүүдийг яг бөө мөргөлийн дадгал суртахуунд нь оруулж судлах шинэ цаг ирсэн хэмээн итгэж байна. Taa mo /Таа Мо/  

Монголчууд тэнгэр шүтээнээ гээвэл хүн төрөлхтөн мөхнө

Нэгэн үе Монголчууд бидэнд харийн л бол юм бүхэн сайн сайхан хэмээх хийрхэл давамгайлж асан бол сүүлийн үеэс уламжлалт ёс заншил, өв уламжлалаа Монгол газар шороон дээр соёолоогүй харь зүйлсээс хол илүү гэдгийг ухаж, эрдэмтэн судлаач хийгээд эгэл ард, лам хуврагагүй ярьж бичиж байгаа нь сайшаалтай боловч аль нь өөрийнх, аль нь хариас ирсэн билээ гэдгээн ялгаж чадахаа болитлоо самуурч мунхраад байгаа нь үнэхээр харамсалтай. Ялангуяа Монголчуудад өөрсдийн гэх итгэл үнэмшил, шүтлэг бишрэл гэх юм байгаагүй мэтээр далд утгаар ч хэлээд   байх шиг. Тун удахгүй энэ нь даамжирсаар хэдэн жилийн дараа Монголчууд язгуураасаа л буддын шашинтай юмуу, эсвэл загалмайн шашинтай байсан гэж гүжирдэх янзтай. Тэнгэрийн тааллаар тодрон гарч Монголчууд биднийг тэтгэн гийгүүлсэн Их хааны алдрыг хүртэл Чингис богд, Очирваань бурханы хувилгаан гэх мэтчилэн ярьж бичиж байгаа нь оросын зохиолч И.Калашников өөрийн зохиолдоо Монголчууд эртнээсээ загалмайн шашинтай, хоймортоо загалмай залж түүндээ залибардаг байсан мэтээр гуйвуулан бичиж байсантай агаар нэг харагдана. Үүнээс улбаалан дараах зүйлийг бичихэд хүрэв. Бурхан зурдаг нэг нөхөр бөхийн өргөөнд олон хүн цуглуулаад өөрийн эмхэтгэсэн нэг номыг сурталчилан ярьж байснаа хадуураад "бөө гэж хар домын хараалыг дагаваас үхээрийн бузар хорлол болох нь баттай, хойчийн өдөр ухаж мэдэвч гэсгээл тамаас зайлах аргагүй" гэж айлдав. Үүнийг сонсоод жаахан ч болов түүх, уламжлалаа мэддэг хэн боловч солиорч туйлширч байгаад нь эгдүүцсэн нь лавтай. Нөгөө бидний коммунист нийгмийн үед хүн бүхэн уншсан цагаан толгой гэгч үсэглэлийн ном шиг эдүгээ бараг үсэг мэдэх бүгдийн уншсан "Монголын нууц товчоон" хэмээх түүхийн сурвалж бичиг дээр их эзэн маань Халдун уулнаа гарч бүсээ хүзүүндээ эгэлдрэглэн сөгдөж суугаад бөөсийн чинээ амийг минь бөөцийлөн аварсан. Бурхан халдуныг өглөө бүр мялаасуу" гээд тэнгэрт есөнтөө сацал сацан мөргөдөг. Бас Мэнлиг эцгийн хөвгүүн Хөхчү зайран түүнийг Их монголын Хаан суухыг зөгнөн хэлдэг, түүнээс хойчийн явдал, төрийн хийгээд байлдаан тулааны олон хэргийг асуун хэлэлцсэн байдаг. Монголын ихэс хаадууд болон эгэл ардын амьдралд Тэнгэр шүтлэг, бөө мөргөл бодьтой оршин оюун сэтгэлгээ, зан заншил, урлал, угсаатан зүй, түүх шастирд томоохон байр эзэлж ирсэнийг Дэлхий мэднэ. Дээр дурьдсан бурхан зурдаг хүн (Уг нь өөрийгөө бурханч лам гэдэг юм билээ. Өөрийнх нь шашины гол сургаалд лам хүний тэвчих ёстой олон олон ёсыг мань хүн дагаагүй болохоор лам гэж хэлэшгүй нь. Адаглаад л бодь мөрийн сургаалд бурханы шашины номлол сургаалыг зарж ашиг олох нь хүнд нүгэл болох тухай бичсэн бий. Харин энэ хүн тэр сургаал номыг нь тэгэхээс тэг гэсэн шиг янз бүрээр хэвлүүлж зарж байсныг түмэн олон мэднэ) -ний хэлсэнээр бол Их хаан тэргүүтэй үе үеийн ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, эгэл ардууд Мөнх хөх тэнгэр шүтлэгтэй бөө мөргөлтэй байсан гэсэн ганцхан заалтаар үхээрийн бузар болж эрлэг тамд зовж байгаа юм гэнээ. Энэ бол Монголчуудыг хагалан бутаргах, итгэл үнэмшилээр нь талцуулах, эв эеийг эвдэх гэсэн шууд үйлдэл, хорон хатгалга. Миний хувьд Буддын шашныг хүндэлдэг. Монголчууд хэдэн үерээ л шүтэж ирсэн, шүтэхээс гадна манжын бодлогын үед юутай ч атугай хэдэн зууны турш боловсрол гээч зүйлийг нь гал алдуулалгүй залгуулж ирсэн гэдэг утгаар нь. Лам багшид хүүгээ шавь оруулаад миний хүү эрдэм номтой сайн хүн болоорой гэж хэлдэг, эрдэм ном гэдэг зүйлийг буддын сургаал, судар номоор төлөөлүүлж ойлгон олон үеийг элээсэн гэвэл хэн ч маргахгүй. Ер нь өнөөдөр шашины янз бүрийн урсгал чиглэлийг сурталчлаад яваа улсууд хийгээд айл бүл болгонд л тодроод байгаа бөө улаач нар буддын шашны хийдээр шагайж үзээгүй, номын дууг нь нэг ч болов сонсож, ламд мөргөж, судраар адис тавиулж байгаагүй, эхээс төрсөн цагаасаа л өнөөдөр ярьж байгаа зүйлдээ чин үнэнч байсан гэвэл түүн шиг худал хуурмаг байхгүй биз. Америкаас санхүүждэг христийн шашныг сурталчилдаг телевизээр номлол ярьдаг сайн таних нэг нөхөр ээжийнхээ хойдох алтан савыг нээлгэнэ гээд зурхайч хайж явах. Сүүлд ёжлоод асуувал, яахав дээ хөгшин чинь хоолоо олж идэх гээл нэг газар номлогч (пастор) хийдэг байхгүй юү дээ гээд л үнэнээ хэлэх. Өрөвдмөөр ч юм шиг, инээд ч хүрэх шиг, нөгөө цуглаан дээр нь итгэж цугласан хүмүүс ертөнцийн эзний өмнөөс сургаал номлолыг нь өндөр дуугаар өгүүлэх пастор нь ярьж байгаадаа чин сэтгэлээр итгэж үнэмшдэггүйг нь мэддэг болов уу. Үлгэрлэвээс, хийдэд суугаа буддын шашины лам христийн шашины гол номлол болох "шинэ гэрээ"-г нууцаар эргүүлж, өмнө нь залибарч суугаа буддын шашинт сүсэгтэндээ зовлонгийн шалтгааныг нь хэлж өгөх мэт. Энэ их эргүүтэл, завхарлыг одоо л зогсоож, үнэн мөнийг олон түмэндээ ойлгуулахгүй бол хожмын өдөр засаж болохгүй төөрөгдөл, шашин шүтлэгээрээ талцсан хагаралд монголчууд автах вий хэмээн зовинож үүнийг бичив. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш шүтэж ирсэн тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг алив шашинтай харьцуулан тавьж, шашины үүднээс тайлбарлахыг оролдож, ярьж бичихээ лам харгүй даруй зогсоох, чанарын ялгаа үнэн мөнийг зөв таниулах, ухаж таньсан нэг нь өөрийн ойр хүрээний олонд хэлж ойлгуулах шаардлага тулгамдаад байна. Чин үнэндээ тэнгэр шүтлэг, бөө мөргөл гэдэг нь ямарч шашин биш бөгөөд түүнээс тэс өөр байгаль, орчлон ертөнцийн зүй тогтол гэвэл сая үнэн болно. Яг л наранд халсан ус уур болон дэгдээд үүл болон хуримлагдаад бороо болон асгадаг шиг нүдэнд үл харагдах ертөнцийн зүй тогтол ажгуу. Бөө мөргөл гэдэг зүйл гагц Монголд бус энэ орчлон өртөнцийн есөн хэлийн түмэн угсааны үндэстэнд буй. Амазонкын шугуйд ч, африкийн ширэнгэнд ч, онигооны эзэн чукча нарын цааны арьсан урцанд ч, скандинавын хойгт ч, энэтхэг гимлайн ууланд ч ялгаагүй бөө бөөлж л байдаг. Үүнийг өнөөдөр дэлхий нийтээрээ мэдэж судлаж байна. Дээд оюун ухаан гэж нэгэн зүйл оршин байдгийг бүх шашин, далд үзэгдэл судалдаг шинжлэх ухааны байгууллагууд, судпаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Гагцхүү оноож нэрлэсэн л ондоо байдаг. Дэлхий дээр хүн үүсэж бий болсон цагаас л дээд оюун ухаан хийгээд түүнтэй холбогдож мэдээлэл авах зүй тогтол үүссэн гэж ярьж бичиж байна. Ихэнхи томоохон улс гүрэнүүд үүнд ихээхэн ач холбогдол өгч тусгайлан судалдаг судалгаа шинжилгээний байгууллага заавал байгуулж, ихээхэн хөрөнгө санхүү зарцуулж байдаг нь нууц биш болоод удаж байна. Дэлхийн түүхэн дэх томоохон удирдагч, дарангуйлагч нар ч ихээхэн анхаарал тавьж, өөрсдийн дэргэд үзмэрч, далдыг харагч нартай байсан бат эдгээр нь дээд оюун ухаантай бага ч гэсэн холбогдож мэдээлэл авах төрөлхийн чадвартай төрсөн хүмүүс байсан. Мөн улсын нууц бодпогоор дээд оюун ухаан гэгчээс мэдээлэл авах найдвартай аргыгхайх зорилгоор судлаач тагнуулуудыг илгээдэг байсны ихэнх нь Монголд ирж байв. Жишээ нь, Гитлер хас тэмдэгийг сүлд болгон авч Монголруу нууц баг удаа дараа явуулж, Мөнх Тэнгэр буюу дээд оюун ухааны ивээл хүчийг хүртэхийг машид хүсдэг байсан бол харин Сталин Барченко, Рейрих зэрэг улсуудыг Монгол, Түвдрүү аялуулж, далдын хүчний нууцыг эрэлхийлж байсан. Коммунист нийгмийн үед эрдэмтэн, бөө судлаач нэрээр олон орны тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс Монголд ирж идэвхийлэн хайж шиншилж байсныг нь тэр үед хэлмэрч газарч хийж явсан монголчуудын яриа нотолдог. Тухайлбал олноо Гүүш багш хэмээн хүндлэгдсэн Б.Ринчин гуайн дурьдатгалд социалист орнуудаас ирсэн эрдэмтэн судлаачид (нууц туршуулууд) бөөгийн зан үйлийг ихэд сонирхон судалдаг, бөө бөөлөхийг үзэх гэж үхэн хатан хөөцөлддөг, бичлэг хийдэг, түүгээр ч үл барам нэг биш удаа бөөгийн хуяг хэрэгсэлийг бүтнээр нь авч явсаныг нэр ус, он сартай нь ярисан байдаг. Буруу үйлээр буруу замаар замнаж түүнийгээ хөгжил хэмээн эндүүрч, өөрсдөө өөрсдийгөө сөнөөхөд (Сүүлийн жилүүдэд дэлхийн энд тэндгүй болоод байгаа байгалийн гамшиг, өвчин тахал, саяхан болсон японы газар хөдлөлт бол эх дэлхийтэйгээ зүй бус харьцсанаас хүн төрөлхтөний сүйрэл эхлэж буйн дохио бөгөөд үүнийг галав юүлэх гэж хэлдэг) гамшиг дундаас үлдсэн хүн сүргийг Монголчууд буюу Мөнхгалынхан оройлон манлайлж Мөнх тэнгэр буюу дээд оюун ухаантай холбогдсоноор зөв зам, зөв нийгэм байгуулахыг зааж, энэ өртөнцөд үеийн үед үүрд оршин өөрийн нэр лугаа адил гал таслахгүй залгуулах үүрэгтэй билээ. Харин Тэнгэр шүтлэг, бөө мөргөл буюу дээд ухамсартай холбогдох ертөнцийн зүй зохицол алдагдваас үнэхээр ертөнцийн сүйрэл болох ажгуу. Янз бүрийн шашин, тэдний бурхан хэмээн шүтэгддэг хүмүүсийн тухайд тодруулж хэлэхэд, тодорхой цаг үед тодорхой газар оронд амьдран суугаа хүмүүс Тэнгэр буюу дээд оюун ухаантай холбогдох чадвар нь суларсан,эсвэл бүр алдагдан, буруу хөгжсөн, буруу замнаснаас дээд оюун ухааны хүслээр тэр хүмүүсийн дундаас хэн нэгэнд Тэнгэрээс мэдээлэл тасралтгүй өгч төөрсөн олныг дагуулах манлайлагч болгон сонгож (магад нилээд өндөр шалгуураар), тэр сонгогдсон хүн гэгээрэн (дээд ухамсраас өгсөн мэдээллийн үрээр) тухайн газар орон дахь хүн олны амьдралын хэв маяг, ухамсрын түвшинд таарч нийцсэн оновчтой сургаал номлолоороо дагуулан сэнхрүүлснийг шашин гэх бөгөөд тэр оройлон дагуулсан Тэнгэрийн хүүг газар газарт Будда, Есүс, Мухаммед гэж янз бүрээр нэрлэсэн бөлгөө. Харин анх ийм шалтгаанаар үүсэж хөгжсөн шашиныг сүүлд нь улс төрийн зорилгод ашиглан хүн төрөлхтөнийг итгэл үнэмшилээр нь хуваах, хагаралдуулах далд дайны хэрэгсэл болгон ашигласан нь шал өөр асуудал. Тэдгээр тодрон гарсан тэнгэрийн хөвгүүд нь тухайн газар нутаг дахь хүн олны амьдрах хэв маяг, сэтгэлгээний түвшинд тааруулан хүлээж авахуйцаар өөр өөр хэлбэрээр номлосон байдаг нь угтаа нэг л зүйлийг буюу хүмүүсийг шударга байх, хоорондоо эвтэй найртай, эд мөнгөнд хэт шунахгүй байх, өгөөмөр нинжин байх сэтгэлийн ариуслыг сургаснаас бус хожмын өдөр хоорондоо талцан алалдах, хагаралдахыг уриалаагүй билээ. Тэд Дээд оюун ухаан буюу Мөнх тэнгэр байдаг, зөв үйлээр явах аваас тэтгэдэг, буруу мууг үйлдэх аваас гэсгээдэг гэдгийг нэгэн дуугаар хэлсэн байдаг. Бүх шашины сургаалд үнэн үг буй. Учир нь тэдний уг язгуур нь нэг. Мөнх тэнгэр буюу Дээд оюун ухаан юм. Тиймээс та өөрийн итгэдэг, шүтдэг шашинаа шүтэгтүн, дагагтун, харин өөр бусад шашинтай бүү жиш, аль нь үнэн, аль нь худал, дээр доор хэмээн бүү эргэцүүл, Гагцхүү худал үнэнийг хутган гуйвуулж, цөөхөн монголчуудыг хагаралдуулах элдэв салаа үзүүртэй хорон үг хэлж байгаа хүмүүсээс болгоомжил, эв эеээ хичээ, хар санаатны хатгалганд бүү авт! Ямар шашин шүтлэгтэй хийгээд эс шүтдэг байснаас үл хамааран буруу явдалтан хар санаатныг гэсгээх эрх ба хүч гагц Мөнх тэнгэрт бийг сана. Үнэн учир иймийг бүгдээр ухаж ойлгох аваас шашиныг Дээд оюун ухаантай нэгэн байранд тавиад аль нь үнэн зөв болохыг шүүн хэлэлцэх нь хамгаас утга учиргүй төөрөгдөл гэдгийг ойлгох буй за. Үлгэрлэвээс, ертөнцийн зүй тогтолыг буруу хэмээн сөрж алив нэгэн шашинд бүгдээр итгэвээс орчлон ертөнцийн зүй тогтлыг өөрчилж болно хэмээн муйхарлан зүтгэснээс ялгаа юун. Монголчууд бид үеийн үед тодорхой давтамжтай хүчирхэгжин үүргээ биелүүлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд найман зууны тэртээ тийн сэхэж сэрвийн дэлхийг түвшитгэж явсныг хамгаас тод мэддэг, бахархдаг билээ. Монголчуудын тэр их үүргийг зүгээр нэг байлдан дагуулалт байсан мэтээр ярьж бичих нь туйлаас учир дутагдалтай. Найман зууны тэртээх монголчууд тэр цаг үедэх хүний нийгмийн хөгжил буруудан хэрээс хэтэрч, "хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн байлдаж, орондоо орох завгүй олзлолдон тулалдаж", эд баялаг, эрх мэдлээс өөрийг бодохоо байсныг өөрсдөөсөө эхлэн төвшитгөж, улмаар дэлхийг төвхнүүлэхээр хөдлөн хожмоо гарах олон олон дайн самууны хорыг арилгахын тулд эвлэлдэн нэгдэж, буруугаа ухаагүй заримыг Тэнгэрийн тааллаар болгосон билээ. Ийн явахдаа Тэнгэрийн тааллаар нэгэнт хүчирхэгжин өндийсөндөө эрэмшин бусдын шашин шүтлэгийг үгүй хийн өөрсдийн бөө мөргөл, Тэнгэр шүтлэгийг түгээн дэлгэрүүлээгүйн учир юун хэмээвээс энд чадан ядан эвлүүлж бичсэн мөхөс миний хэлсэнчлэн тэр газар оронд үүсэж буй болсон шашин шүтлэг нь тухайн хүн ард, үндэстэндээ ямар ач холбогдолтой хийгээд яаж үүссэн, яах гэж үүссэнийг эдүгээ цагийн мунхаг биднээс илүү тод мэддэг байсных буй за.Хэрэв зүгээр л дайны олз хайж, хамгийн том газар нутагтай эзэнт гүрэн байгуулахыг зорьсон бол итгэл үнэмшил, шашин шүтлэгээр нь дамжуулж түүнээс ч олон жилээр захиран суух үндсээ тавих байсан нь дамжиггүй. Дэлхийн түүхэнд улс төрийн зорилгоор шашин гэгчийг ингэж л ашигладаг. Тэнэг хүн ч ойлгохоор бүгдийн мэдэх жишээ олныг хэлж болно. Харин өвөг дээдэс маань яагаад Тэнгэр шүтлэгээ эзлэн түрэмгийлэх зорилгод ашиглаагүйг тийм ч олон хүн мэддэггүй юмуу, эргэцүүлдэггүй бололтой. Үнэн гэвээс ердөө л энэ. Дээд оюун ухаан буюу Мөнх тэнгэр нь цор ганц Монголчуудын өмч биш бөгөөд энэ хорвоо дэлхийн түмэн амьтныг гэрэлт нар ялгалгүй гийгүүлж байдаг лугаа адил гэдгийг ухаж ойлговол зохино. Сэтгэлээ ариун байлгаж, зөв зам мөрөөр амьдрах аваас хар шар хэн ч байсан Мөнх Тэнгэрт тэтгэгдэнэ. Тэр илрэл нь таны шүтдэг Тэнгэрийн хүүгийн номлосон шашинаар ч дамжин танд хүрч болно. Өнөөдрийн Монголчууд бид газар нутгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр харийнханд алдаж, дээр нь зөвхөн Монголчууд бидэнд л байдаг Дээд Оюун Ухаан - Мөнх Тэнгэртэйгээ шууд холбогддог тэнгэр язгуурт амин чанараа гээвэл зөвхөн өөрсдөө сүйрэх төдийгүй, нийт хүн төрөлхтөнийг үхэлд хүргэнэ. Учир нь үеийн үед зөвхөн Монголчууд бид бөө мөргөл, Тэнгэр шүтээнээ хадгалан уламжилж ирснээрээ тэднийг буруу амьдралын сүйрлээс аварсаар ирсэн билээ. Бидний Монголчууд энэ цаг дор үүнийг дор бүрнээ ухаж ойлгоод элдэв хов жив, чавганцын хэрүүлээ орхин үүнээс өндөр дээд үүрэг бийг ухамсарлан санаж, сэрж эвлэлдэн нягтрах болтугай. Х.Бамбар  

​Дархадын нисдэг 7 бөө

Дархад нутгийн түүх домогт нисдэг 7 бөө гэдгээрээ алдаршсан бөө нар: 1.Арилдий бүргэд зайран: Түүний жинхэнэ нэр нь Хүрэлдэй гэдэг. Баглаан удганы хүү, бөгөөд ниссэн 7 бөөгийн манлай гэж үздэг. Бүргэд болон хувирдаг, Манжийн засаг захиргаа, тэдний гар хөл баяд ноёдын адуу малаас хөөж, ядуу ардад тараан өгдөг шилийн сайн эрсийн нэгэн байжээ. 2. Пунцаг зайран: Шишгэдэд Хонин өндөр уулын бэлээр нутагладаг байсан энэ зайран алдарт Мачир зайрангийн хүү бөгөөд төрсөн дүү нь Ховдод нисэж буусан гэгддэг Дулам удган ажээ. 3. Сунхи бөө: Алдарт Татай удганы хүү, Хаж зайрангийн шавь 4. Соёд удган: Ар Тагны отогт амьдарч байсан.(одоогоор бол Монгол шарын даваа орчимд) Нөхөр нь Сөөхий Хүрэлдэй баатар бөгөөд 5 хүүтэй бөгөөд тэд бүгд бөө нар байсан гэдэг. Нэг гэр бүлийн энэ 7 бөөгийн онгодыг Хэмчигийн долоо юм гэж нэрлэдэг ба Монгол Шарын давааны баруун хярын дэвсэг дээр онгодын асар нь одоо хүртэл байдаг. 5. Хиргис бөө: Тагна Саяаны нутагт байсан Уйгар Хиргис аймгийн удмын Түрэгээс тасарч Дархадад үлдсэн хүмүүсийн удмын алдарт удган юм. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тэнгисийн голын хамгийн эхний зоо болох Улаан модонд онгодын нь асар нь байдаг. 6. Дулам удган: Пунцаг зайрангийн төрсөн дүү. Энэ удган нь гэртээ бөөлж байгаад тэнгэрийн их увьдасаар Дархад нутгаас Ховдод очиж нисэж буусан гэдэг бөгөөд одоо Ховдын шүтээн болон заларсан юм. Дулам удганы онгод нь Хогоргын голын зүүн талд байрлах Бурианы амны доор ганц хөгшин модонд байдаг. Аав болох Мачир зайран, ах болох Пунцаг зайран нарын онголж тавьсан газарт цуг байдаг билээ. 7. Дамжил бөө: Санж бөөгийн хүү, Банзар бөөгийн дүү болох алдарт Дамжил зайран нь Зулын тээхний шүтээн болсон бөгөөд Буянт голын хайрханд онгодын асар нь байдаг юм.  

​Бөө мөргөл бол тэнгэрийн шашин

Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёсны үед буюу шинэ чулуун зэвсгийн үед үүссэн хэмээн судлаачид үзэж байна. Эхийн эрхт ёсны үед үүссэн учраас зөвхөн эмэгтэйчүүд бөө бөөлдөг. Түүнийг удган хэмээдэг. Удган гэдэг нь эртний түрэг хэлний гал, гал голомт гэсэн шиг үгтэй төстэй. “От” хэмээх үгнээс гаралтай аж, хожим нь эцгийн эрхт ёс буй болсноор эрэгтэй бөө зайран буй болжээ. Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёсны үед буюу шинэ чулуун зэвсгийн үед үүссэн хэмээн судлаачид үзэж байна. Эхийн эрхт ёсны үед үүссэн учраас зөвхөн эмэгтэйчүүд бөө бөөлдөг. Түүнийг удган хэмээдэг. Удган гэдэг нь эртний түрэг хэлний гал, гал голомт гэсэн шиг үгтэй төстэй. “От” хэмээх үгнээс гаралтай аж, хожим нь эцгийн эрхт ёс буй болсноор эрэгтэй бөө зайран буй болжээ. Бөөгийн шашин нь бол ертөнцийг үзэх үзлийнхээ хувьд юмсыг харьцуулан үзэхүйд түшгэлсэн сургаал гэж болно. Тухайлбал: тэнгэр газар хоёрыг бүхнийг туйрван бүтээгч гэж үздэг энэ утгаараа эцэг тэнгэрийн заяа аашаар амьд бүхний хувь заяа шийдвэрлэгдэж байгааг мэдрүүлдэг. Аугаа их хүчтэй сургааль үзэлтэй шашин юм. Ийм учраас бөө нар нь тэнгэртэй харицах, арга шидийг эзэмшсэн байж, хүн ардынхаа хүсэл мөрөөдлийг тэнгэрт хүргэж, сайн мууг ялган салгаж, итгэл үнэмшлийг буй болгодог. Бөөг дотор нь хар зүгийн, цагаан зүгийн хэмээн ангилдаг. Энэ нь бөө нар сөрөг мууг сүүдэртэй гэж хараар, эерэг сайн гэж гэрэл гэгээ, цагаанаар төлөөлүүлдэг. МЭӨ 209 онд Хүн-нү улсын байгуулж мандуулсан үед Бөөгийн шашин хөгжлийнхөө оргилд хүрч тухай гүрний улс төрийнх нь үзэл, төрийн ёслолын үүргийг тодорхойлж байсан гэдэг. XIII зууны Монгол улсын төрийн бодлогыг тодорхойлж, төрийн ёслолоо бөөгөөр гүйцэтгүүлж байсан төдийгүй Чингис хаан түүний алтан ургийнхан төрийн хэрэг, аян дайнд гарахдаа Бэсүд овгийн бөө нарын зөвлөлгөөн авдаг, Чингисийн хатад, хөвгүүд охид цөм бөөгийн шашныг эрхэмлэдэг. Тэгэхээс ч өөр үзэл гэж байгаагүй юм. Чингисийн хоёр дахь хүү Цагаадай нь хатантайгаа хоёул бөө байсан талаар шарнууд ясны монгол бөө нарын дунд домог яриа болж үлдсэн. Цагаадай бөөгийн цахиж асаасан гал: цанхулан удганы үлээж хөгжөөсөн голомт гэсэн байдаг. Чингис зөвхөн эзэн тэнгэрийг шүтэж байсны тодорхой жишээ бол тэрээр: “бүх улс түмнийг эзлэн, захирах эрхийг эзэн тэнгэр надад хайрласан юм” гэж хэлсэн байдгаас үзэхэд жирийн айл өрхөөс эхлээд хаан эзнээ хүртэл бөөгийн мөргөл түүний харьцдаг хөх тэнгэр шүтлэгтэй байсан гэж болно. Бөөгийн шашин монгол улсын төрийн гол үзэл суртал болж байсан учраас академич Ч.Далай их монгол улсынхаа бөө мөргөлийг гол болгон шүтэж байсан нь тэдний улс төрийн бодлогоос үүдсэн гаралтай хэдий ч тухайн үед бөө мөргөлийг орхих аргагүй байсан учир шалтгаан бас байжээ. Тухайлбал: эзэн хааны нэр хүндийг өргөх гал голомтыг ариун байлгах, улсын туг сүлдийг тахих тайх, хийморь сэргээх, уул ус овоо тайх, мэргэ төлөг үйлдэх зэрэгт зөвхөн зайран, удган нарыг ашиглаж болох байж, бусад төрлийн шашин эд зүйлийг гүйцэтгэж үл чадна. Бас бусад олон шашны нөлөө монголд хэт ихэдвэл монголчуудын нэгдэлд тус болохгүй гэдгийг монголын хаад гүн ухаанаараа сүрхий ойлгож түүнээс аль болохоор болгоомжилж байжээ. Тэр үед айл өрхөөс эхлээд хааны орд өргөөнд бөө шүтлэгийн өргөө бий болгож, олон зайран бөө удганыг нэг нь толгойлж, хааны бүх онгон шүтээн, тайллага мөргөлийг хариуцдаг, ромын папын маягтай болсон байв гэж В.Рубрик тэмдэглэсэн нь бий. Бөө судлаач эрдэмтэн О.Пүрэв “Монголын нууц товчоо”-г монгол бөөгийн шашны түүх гүн ухааны хамгийн чухал судлал, энэ шашны хосгүй ганц хөлгөн судар хэмээсэн байдаг. Бөөгийн шашин бол монголын нүүдэл иргэншилд зохицсон, эцэг тэнгэр, газар эхтэйгээ хүй холбоотой өвөрмөц шашин гэж үздэг үзэл урсгалтай би санал нэг байдаг. Монгол түмний тэнгэр шүтлэгийн зуучлагч нь Бөө, мөргөлийн шашинтангууд байсан одоо ч байна. Тэд тэнгэрийн аугаа хүч чадал, энерги эрчмийг онгодлон дуудаж, түмэн олондоо эвээл, өршөөл үзүүлэн, бороо хур оруулж, тулааных нь ялалт амжилтыг авчирдаг учраас бөө мөргөл айл гэр улмаар Монгол төрт улсын төрийн ахдагч ёс ёслол болж олон зууныг өртөөлөн хүрч ирсэн түүхтэй. Тэнгэрийг шүтэх үзлийн бөөгийн гарал үүслийн талаар Зайран Д.Бямбадорж тодорхойлохдоо:  Угийн түүх эхээр эхэлж Удмын ёс эцгээр овоглож Ханхүү тэнгэрээс ирж Хас төр тогтоогүй байхад Бөө бөөлж, бөөрөнхий тал хэнгэрэг дэлдэж байсаан.         Түмэн бодис нартад баясаж         Төрсөн бие тэнгэрт мөргөж         Шашин огт үгүй байхад         Шаазгай шувуу хэлмэрч байхад         Задгай галаа тойрч бүжээд, Замбуу тивийг аргадаж         Бөө бөөлж, бөөрөнхий тал хэнгэрэг дэлдэж байсаан. Эзэн Чингэсийн сүр хүчинд  Харийн хаад сөхөрч байхад  Хамгаас хүчтэй тэдний бурхад Хаана одсон нь сураггүй байхад     Мөнхийн тэнгэртээ өвгөдийн сүнс      Мөнгөн оддоор зугаалж байхад Олиг муутын од харваж     Ондоо газарт нисэж байхад Омогшиж явсан хөх Монголын удам Домогширч үлдсэн “Нууц товчоо”-гоо залж Авъяасаараа дэлхий дахинд гайхуулах Алтан боломж XXI зууны босгон дээр  Бөө бөөлж, бөөрөнхий тал хэнгэрэг дэлдэж байна хэмээсэн нь энэ ёс ёслол төрт улсаас эрт өмнийх гэдгийг нотолж байна. Тэнгэр эцэг, эх болсон дэлхийгээ дээдлэх үзлийн хүчинд Монгол түмэн энэ тивийн хамгийн хийморлог хүмүүс байх заяа төөргийг тэнгэрийн бурхан бөө мөргөлчид хийдэг. Тэд: Онгод нь ороод ирэхээр  Орчлонгоор явагч хий биетэн болж Олон түмнийхээ төлөө сүнстэй ярилцаж Сүүдэргүй биеээр очиж Төрийн сүлдээ дээдлэн нартай наадаж  Сартай саатаж, зан мөрийг засаж Заяа төөргийг нь тэгшилж чадахаас гадна сайхан Монгол түмнийхээ санасан бодсоныг сар, нартай ярилцаж, савдаг лусаа аргадаж чаддаг хүчтэнгүүд юм. Ийнхүү далд увидас ёс жаягаараа төрт улсын ёс ёслолын анхдагч байсан гэх үндэстэй.  Бөө мөргөлчид тэнгэрийн үзэл сургаал онолыг Чингис хааны төрийн үеэс өнөөг хүртэл үе залгамжлан хадгалж ирсэн түүхэн гавьяагаараа бөө мөргөлийн шашин бол тэнгэрийнх хэмээн нотолж, төрийнхөө сүлдэнд үнэнчээ илэрхийлж, олон зууны тэртээгээс өнөө хүрч ирсэн зан үйлийн билэг оюуныг ч үнэлж хүндэтгэх ёстой. Монголчуудын бөө мөргөл нь эцэг тэнгэрийг дахин шүтэж эхэлсэн их Монгол улсын төрийн тулгуур үзэл болоход Чингис хаан гол үүрэг гүйцэтгэсэн учир энэ үзэл онолыг үндэслэгч хэмээн үздэг төдийгүй дэлхийчлэх үзэл болж байсныг ч бид ойлгож мэддэг. Дээр ганцхан мөнх хөх тэнгэр байдаг шиг доор газарт ганц Чингис хаан байх ёстой гэсэн үзлийг Чингис хааны залгамжлагчид хатуу баримталж байжээ.  Тэнгэрлэг үзлийг харь орны судлаачид нэн эртнээс сонирхож ирсний дотор Плано Карпин, Вильзи Рубрик зэрэг Европын элч төлөөлөгч, мөн рашид ад-дан Жувейнийн зохиол бүтээлд тэмдэглэгдсэн байдаг. Бөөгийн үзэл соёл нь эхийн эрхэт ёсноос өмнөх угшилтай бөгөөд Хүннү гүрнийг дамжин Чингис хааны үед ихэд төгөлдөржиж төрийн ёслолын хэмжээнд хүрсэн аугаа их үзэл бөгөөд нууцлаг ба ил далд увидасаараа тэнгэртэй харилцаж чаддагаа нотолсон нь түүний хүч чадлыг илэрхийлнэ.  Эрдэмтэн О.Пүрэв “Монголын бөөгийн шашин” номондоо хар, цагаан, шар зэргийн төрөл ангитай хэмээсэн байна. Чингис хааны үед Хөхчүү хэмээх тэв тэнгэр бөө болвоос мөнх тэнгэртэй харилцаж, тэнгэрийн их зайрангийн эрх ямбыг эдэлж явсан төрийн их зайран байсан түүхтэй. Тэгвэл онгод тэнгэрийн уншлага дуудлагыг зохиож, мөнх тэнгэртээ харилцах төрийн их ёслолыг явуулах, мөнх тэнгэрийн номлол сургаалыг сэргээсэн хүндтэй үүргийг яруу найрагч, зайран Д.Бямбадорж биелүүлснээр түүнийг төрийн зайран хэмээн нэрлэх болгожээ.  Нэг үе шарын шашин дэлгэрч, социалист гэсэн нийгэм, үзэл бодол гаарч байсан үед тэд мөнх тэнгэрийн үзэл, бурханы шашныг Монголчуудаас салгахыг оролдож байсан ч төдийлөн амжилтанд хүрээгүйгээр барахгүй цаг нь болохоор цаасан дээрх бэх тодорно гэгчээр мөнх тэнгэрийн уламжлал дахин сэргэж, өнөөдөр эрч хүчээ авч байгаа нь нэн саашаалтай.  Ийнхүү Монгол түмний мөнх тэнгэрийг шүтэн бишрэх үзэлд томоохон өөрчлөлт гарснаар сав шим ертөнцөө хайрлах, мөнх тэнгэртээ заяа төөргөө даатгаж, түүний эвээл, хайр хишиг, энергийг авах талаар хувь хүн болон Монголын төрд маш их тэнгэрлэг боломж гарч байгаа юм. Монгол улсын төр тэнгэр бурханаа шүтэх уламжлалт ёсоо дээдэлж, ёслолын шинэ арга ухааныг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх нь ард олны итгэл зүйг олох удирдахуйн ухааны чухал арга нууц энд л байгаа юм. Мөнх тэнгэрийг тайх төрийн ёс ёслолыг буй болгож Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэд төрийн их бэхи буюу мөнх тэнгэрийн шашны төрийн бөөг суулгаж, улсынхаа хувь заяаг тэнгэр бурханд даатгуулж байх чухал юм.  Монгол монголоороо үлдэхийн төлөө гэсэн сэтгэл зүтгэл гаргахгүй юм бол монгол хүн гэж өөртөө нэрлэхгүй байсан нь дээр. Монгол түмний олон зууны үзэл бодол, сэтгэл санааны дээж болсон одоо ч, цаашдаа ч байх мөнх тэнгэрээ шүтэх үзлийг монгол төр түмний үүсгээд байгаа уул овооны тэнгэрийг тайх, бөө мөргөлийн шашны роль үүргийг дээшлүүлэх нь манай ард түмний оюун санаа, мэдлэг шүтлэгт төдийгүй, эдийн засаг нийгмийн бүх харьцаанд аугаа тустайг мэдрүүлэх, бусад үзэл санааны элдэв урсгалаар ард түмнийхээ тархийг угаалгахгүй байхын үндэс болж, тэнгэрлэг үзэл мөнх тэнгэрийнхээ хүчин дор нэгдэж, нягтрах үнэмлэхүй хүчит мөнх тэнгэрийнхээ ивээлд өлмий нь бат, мэлмий нь тунгалаг байх болно. Монголоороо байхын тулд уламжлагдаж ирсэн тэнгэрийн үзэл дээрээ суурилсан шинэчлэл хийж, мөнх тэнгэрийнхээ эрхс бүхнийг мэдэж судалсан цагт тэнгэр ухааныхаа хүч шидийг байнгад мэдэрч байх болно.

Хуудаснууд

Subscribe to Монгол бөөгийн түүх