logo

logo.jpg

Advertisement

Монгол бөөгийн түүх

500 жилийн өмнөх Амбага зайрангийн онгод Чингисийн дүрийг биш гэжээ

Дархан хотод амьдардаг Догсом зайран өдгөөгөөс 500 жилийн тэртээ аж төрж асан Амбага гэх урианхай зайрангийн онгодтой харьцдаг ажээ. Амбагын онгод түүний дээд удмынх юм байна. Догсомын төрөл төрөгсөд Багануурт аж төрдөг агаад саяхан ирж хэд хонохдоо нэг үдэш буужээ. Онгодоо дуудаж, Амбагын онгод оруут Догсом зайран Амбагын хэлээр ярьж эхэлдэг гэнэ. Амбага эртний урианхай хэлээр ярих тул эхэндээ ойлгодоггүй ч 15-20 минутын дараа өөрөө “За, би одоо та нарын хэлээр ярья” гээд ойлгогдохоор ярихын хамт “Асуух зүйлээ асуу. Надаас бүү айцгаа” гэдгийг гэрийн эзэн ярилаа. Гэрийн эзэн Бадам есөн хүүхэдтэй айл юм. Том хүү нь хүнд алуулж, дөрөв дэх хүүг нь өвчин ороох болсон тул арга буюу Догсом зайранг залжээ. Худ, ураг улс болохоор тэр огт татгалзаагүйгээр барахгүй “Танайд нэг юм болох гээд байсан юм. Та нар ирсэн нь сайн хэрэг боллоо” гээд иржээ.  Тэр үдэш онгодтойгоо харьцахад “Бадамынхаас таван хүний гарлага гарах ёстой байлаа. Эхнийх нь өнгөрчээ. Тэр лус, савдаг хилэгнүүлсэн байна. Чамаас өөр хүн аргалах боломжгүй. Одоо наад Суурь чинь үхэж байна. Тун удахгүй халих нь ээ. Үтэр түргэн “янзал” гэжээ. Тэгснээ, наад Цомбоог яг одоо ес ташуурд. Яагаад хатуу дарс уугаад байна? Манай удамд дээш, доош есөн удамд архичин байх ёсгүй шүү. Цомбоод хатуу хэл, дахин архи уувал би хувьдаа хатуу арга хэмжээ авна. Манай удмынханд бүгдэд нь хэл. Архи уусан хүн гарвал чи ес ташуурдаад надад уламжилж бай. Архидалт гэдэг юмыг удмаасаа зайлуулъя. Би тэнгэрээс зарлигдая, чи газарт гүйцэтгэ” хэмээжээ. Үүнийг бүгд сонсож суусан байна. Дашрамд өчихөд Догсом зайран бүр соц үед таван настай байхдаа л тогооны таг бариад балбадаг “өвчтэй” хүүхэд байжээ.  Эцэг, эх нь болиулах гэж арга ядаад Дарханы нэг мэргэн хүнд хандахад “Танайх их дээрээс бөөгийн удамтай айл байна. Өндөр өвгийнх нь онгод эргэж, хургаж эхэлжээ. Авахгүй бол горьгүй. Би оруулж өгье” гээд билэгт сайн өдөр тохиролцсон байна. Тэгээд оруулж өгчээ. Тэгэхдээ одоогийнх шиг учиргүй их шан харамж аваагүй бөгөөд нэг хонины мах, шил архиар хийж өгчээ. Гэхдээ бүгдийг өөрөө авсангүй, дээжээс нь овоод өргөж, өвчүү шатааж ёслоод өнгөрчээ. Тэгээд ийн хэлсэн байна. “За, онгодыг нь оруулчихлаа. Одоо цаг хэцүү. Бөөлж, цамнах хэрэггүй. Түүнийг нь ч би хийчихлээ. Цаг ирж тохироо нь бүрдэхээр аяндаа мэдэгдэнэ. Тэр цагт хэрэглэл, бусад зүйлээ базааж аваад ил гарна биз ээ” гэжээ. Ингээд Монголд ардчилал ялсны дараахан 1992 онд онгод нь өдөж эхэлсэн байна. Ингээд нэг мэдэхэд өөрөө “буугаад” эхэлжээ. Эхний буултын өдөр ирсэн онгод өөрийгөө танилцуулахдаа “Би чиний дээд өвөг, 500 жилийн өмнө амьдарч байсан Амбага зайран байна. Би газарт гурав төрж, гурав хэлмэгдсэн хүн. Чингисийн есөн өрлөгийн нэг “сохор” Сүбээдэйн удам шүү, та нар. Үүнийг мартаж огт болохгүй. Чи онгодоо дуудахаар би очиж байх болно” гэжээ. Догсомын зайран болсон түүх энэ. Сонин байгаа биз.  Аль 1965 онд таван тастайдаа тогооны таг балбаад салдаггүй байсан гэхээр… Юм бүхэн учир жанцантай гэдэг л энэ болов уу даа. Энэхүү ээлжит буултаар Амбага зайрангийн онгод басхүү ийн өчжээ. “Миний удмын онгодоос нэг нь танайхны цусан төрлүүдээс удахгүй тодорно. Яг тэр гэж оноох хэрэггүй. Гурван зүйлийг сайтар болгоох хэрэгтэй. Нэгд, огт архи амсдаггүй. Хоёрт, тамхи татдаггүй. Гуравт, эдийн, тэр дундаа мөнгөний шунал тачаалгүй хүн байвал зохино. Тийм хүн өөрөө хүсээд ирж болно. Эсвэл та нар өөрсдөө сонгож шүтээнийг нь авахуул. Гэхдээ харь хүнээр болвол бүү хийлгэ. Догсом, чи өөрөө гардаж сахиус авахуулбал нэн сайн. Бүр болохгүй аваас Буриадын бөө, тэгэх тусмаа Агын буриад бол болно. Буриад бөө нар чадалтайгаас гадна элдэв шунал тачаалгүй, зөөлөн талын улс. Хөвсгөл болон баруун чигийн бөө нар хатуу талдаа болохоор хараал хийдэг, харын бөө болчих талтай. Үүнээс сэрэмжил” гэжээ. Буултын үеэр нэгэн хөвгүүн ганц хоёр зүйл асууж, сонирхоод авч. “Чингис хааны онгодыг дуудвал ирэх болов уу? Энэ зураг түүнийх мөн үү? Ядаж дүр нь ойролцоо болж уу?” хэмээн лавлажээ. Амбагын онгод ийн хариулсан байна.  “Нэгд, газрын хүмүүс түүнийг нэрээр нь их дуудах юм. Энд (тэнгэрт) ихэд цээрлэдэг. Хаан аав л гэдэг дээ. Тэр есөн хөлт цагаан тугтай өргөөндөө залардаг. Харын болон цагааны ес, ес нийлээд 18 бөө билэгт өдрийг товлоод ёсчлон дуудвал түүний сүнс хоромхон морилж ирсэнээ мэдэгдээд нэн даруй буцах болно. Харин газрын хүмүүсийн ганц ч асуултад хариулахгүй. Наад зураг чинь угаасаа их хааных биш гэдгийг та нар мэднэ бус уу? Тэгж ярих юм бол төс ч байхгүй. Дүрийн хувьд огт адилгүй гэсэн үг. Тийм онигор хүн биш шүү дээ. Аягандаа багтаж ядсан алаг нүдтэй сайхан эр байсан гэж бодож явахад гэмгүй” гэжээ. Иймэрхүү нэгэн буулт есдүгээр сарын дундуур болсон байна. Нөгөө үхлүүт хүүг Догсом зайран аргалснаар барахгүй таван хүний амь насны гарлагыг ч таслан зогсоожээ. Хүнд алуулдаг ууган хүү нь улаан загасчин байсан бөгөөд Хэрлэнгийн хөвөөнөөс салдаггүй нэгэн байж. Тэр жилээ монгол зурхайн тооцоогоор “усанд суусан” нэгэн байжээ. Суух суухдаа их хатуу суусан нь “Алтан хайрцаг”-ийг нь нээлгэх үеэр тодорсон гэдэг. Цагаан сараар мөр гаргаж, засал хийлгэдэггүй цөлх хар хүн байсан бололтой. Хэрлэнгийн загасыг ёстой хяддаг байсныг эцэг, эх нь ярив. Хэлээд үг ер авдаггүй болохоор сүүлдээ гаргуунд нь орхисноос ийм юм боллоо хэмээн аав, ээж, ахан дүүс нь цай уух зуур халаглаж сууцгаалаа.  Эцэст нь өгүүлэхэд, зөвшөөрөл аваагүй тул энд дурдагдсан хүмүүсийн нэрийг өөрчилсөндөө хүлцэл өчье. Амбагын онгодыг үнэнээр буулгав. Эх сурвалж www.wikimon.mn

Бөөгийн өчил ба ногоон малгайтнуудын хэрэг

Эдгээр гайхал­тай үйл явдлууд 1930-аад онуудын үед Уулын улус нутагт болсон билээ. Тэр үед нэгэн бөөг дахин оршуулахтай холбоотой үйл явц өрнөсөн юм. Өнөө үед тэрхүү үйл явцын тухай өгүүлэх нарийн ширийн материалуудыг Бэс-Кюель тосгоны багш И.И.Павлов нэгтгэн цуглуулжээ. 1992 оны найм­дугаар сард Якутск хотод бөө мөргөлийн талаарх олон улсын анхны чуулган болохын өмнө­хөн тэрбээр орон нутгийн сонины хэдэн дугаар дам­жуулан якут хэл дээрх материалуудаа хэв­лүүлсэн аж. Сонинд хэвлэгдсэн нийтлэлийн зарим нэг хэсгүүдийг товчлон хүргэхээр шийдэв. Болж өнгөрсөн түүхийн гол баатар нь, тодруулж хэлбэл Дотоодыг хамгаалах газраас үүсгэсэн хав­таст хэргийн эзэн холбогдогч нь ойун Моньогон гэдэг хүн байв. Якут хэлнээс орчуулах юм бол түүний нэр “Хар бөөрөлзгөнө” гэж бууна. Харин нутгийн зон олон нь өөрсдийн алдартай бөөг зүгээр л Өвгөн гэж дууддаг байлаа. Нөгөө ертөнцөөс ирсэн хүсэл Моньогон гэдэг тэр хүн энд өгүүлэгдэх үйл явд­лууд болохоос өмнө 150-200 жилийн тэртээ амь­дарч байсан гэдэг. Хойч үед ам дамжин ир­сэн домог яриагаар бол Өвгөн энгийн нэг бөө байгаагүй аж. Тэрбээр хэзээ ч үйл хийдэггүй нэгэн байсан бөгөөд хэнгэрэг, хувцас хэрэглэл зэргийг өмсдөггүй байжээ. Тэгсэн мөртлөө ганц нэгхэн үг хэллэг, иллэг бариа, ургамлын ханд зэргийг ашиглан маш хурдан хугацаанд чадварлагаар элдэв хараал жатга, хорлол зэргийг тайлж, элдэн хөөдөг байснаас гадна өөрийн отгийг янз бүрийн гай зовлонгоос хамгаалж байсан гэнэ. Өвгөн биеэр намхан, эцэнхий мөртлөө шонхор шувууных шиг хурц, нэвт ширтсэн харцтай нэгэн байжээ. Түүний харцтай тулгарсан хүн яах учраа олохгүй дальдчидаг байсан аж. Түүнийг амьд ахуйд нь хүмүүс маш сайхан сэтгэлтэй, хүний зовлон болоод жаргалыг амархан ойлгодог, тусч энэрэнгүй хүн хэмээн магтан дуулдаг байжээ. Өвгөн таалал төгссөний дараа ч ийм яриа тасраагүй юм. Тэнгэрт хальсан түүнээс бүгд л айж, эмээн, тахин шүтэж байсан гэдэг. Хүүрнэлээ цааш үргэлжлүүлэхийн өмнө би нэг тодруулга хийхээс өөр арга алга. Эрт дээр үед бөө нарыг ямар зан үйлийн дагуу нутаглуулдаг байсан тухай ярихгүй бол болохгүй. Учир нь, энэ талаар зохих мэдлэг, мэдээлэлгүй хүмүүст миний хүүрнэл ойлгомжгүй байж мэдэх юм. Якутууд өнөөгийн Ази тивийн зүүн хойд ой модоор хучигдсан хэсэгт амьдарч байсан бараг бүх хүмүүсийн адилаар оросуудын эзлэн түрэмгийлэлд автахаасаа өмнө бурхан болоочоо газраас хөндий нутаглуулдаг байжээ. Арангас гэж нэрлэгддэг тэрхүү тавцан нь газраас 1.5-2 метрийн өндөрт моднуудад бэхлэгдэн байрладаг байв. Тэр тавцан дээр талийгаачийг хэвтүүлсэн авсыг байршуулна. Авс нь дундуур нь зүсч хуваасан модны хоёр хэсгээс бүрддэг байв. Эрт, орой хэзээ нэгэн цагт тавцан өгөршиж муудсанаар авс газар дээр унана. Өтгөн шигүү ой дунд амьдарч байгаа цөөн тооны хүмүүст талийгаачийн ул мөр ямар нэг халдварт өвчин тараах аюул бага байсан юм. Якутыг хаант Орос Улсад нэгтгэсний дараа үнэн алдартны шашинтай лам нар болоод дээд удирдлага ийм бурангуй хөдөөлүүлэгт дургүйцсэн бөгөөд үтэр түргэн ийм аргаар оршуулга үйлдэхийг хоригложээ. Өөд болоочдыг булшлах болсон аж. Харин тэнгэр шүтлэгтэй байсан бөө нарын хувьд чамгүй удаан хугацаанд энэ хориг үйлчлээгүй юм. Өөрөөр хэлбэл, тэдний зан үйлийг хүндэтгэн тааваар нь орхижээ. Тэгээд ч уламжлагдаж ирсэн заншил ёсоор бол хүчтэй, мундаг бөө нарын шарилыг гурван удаа оршуулдаг байв. Тэдний шарил хоёр удаа арангас дээр байршсаны эцэст дараа нь газарт өргөгдөн нойрсох учиртай байлаа. XIX зуунд эхний арангас өгөршиж муудаад нурж унангуут Моньогоны шарилыг холбогдох бүх зан үйлүүдийг ёсчлон хийгээд шинэ тавцан дээр байршуулжээ. Гэтэл 1920-иод оны сүүл, 1930-аад онуудын эхээр Өвгөний шарил үйрч дуусаагүй байхад тэрбээр гэнэт Зөвлөлт засгийн харгайгаар нууц байдалд шилжсэн нутгийн бөө нарын зүүд нойр, үйлийн үеэр морилох болж, өөрийг нь гурав дахь удаагаа буюу газарт өргөхийг шаардан гуйх болжээ. Үүнийг тэрбээр “Миний сүнс тэнгэрт дүүлэх цаг нь ирлээ” гэж тайлбарласан аж. Урьд өмнө нь бол мундаг хүний ийм хүслийг тэр даруй л гүйцэтгэх байсан юм. Харин яг тэр үед большевикууд хуучны муу муухай, бурангуй үзлүүдтэй харгис тэмцэл явуулж, Сталины яргалал ид эрчээ авч байсан тул Өвгөний тааллыг гүйцэлдүүлэн түүний шарилыг газарт булах зориг зүрхтэн олдоогүй гэдэг. Гэхдээ нутгийн зон олон үе үе түүний шарил тавиастай арангасын дэргэд нууцаар очиж, өргөл барьц болгон адууны дэл сүүл, ногоон цай, тамхи, архи зэргийг орхихдоо өөрсдийн хүслийг шивнэдэг байжээ. Өвгөн хэдэн жил тэвчээртэй “хүлээсэн” юм. Дараа нь удахгүй гай зовлон ирж магадгүй гэдгийг анхааруулж эхлэв. Үнэхээр ч удалгүй түүний удам судрын хүмүүс элдэв өвчин эмгэгт нэрвэгдэх болж, нас барах нь нас барж, галзуурах нь галзуурч эхэлсэн гэдэг. Энэ явдал дэндүү ойр ойрхон гарах болсон тул хүмүүс “Улаан од” гэж нэрлэгдсэн хамтралыг орхин “хараал” бүхий тэрхүү газраас дайжиж эхэлжээ. Гомдол тээсэн Өвгөн өөрийн сүнсийг ашиглан байнга сануулга өгөх болсон аж. Түүнийг нутаг­луулсан газраас холгүйхэн орших нууранд нэгэн цагаан хун байнга сэлж, эрэг дээгүүр нь саарал тогоруу алхаж явдаг байв. Мөн үе үе булшнаас нуур хүртэл жим гарган ус руу томоо гэгчийн хар сойр шувуу алхдаг болжээ. Тэдгээрийг ердийн нэг шувуу гэж бодсон ч учир мэдэхгүй хүмүүс хун юм уу тогорууг буудахыг оролдоод тэр даруй удаан хугацаанд ховсдуулан унтдаг байжээ. Харин сойр шувууг ангуучлахыг хүсэгчид хөшиж орхидог байсан гэнэ. Мэдээж, тийм учраас тэднийг ангуучлахыг хүсэгчид маш амархан үгүй болсон юм. Харин Өвгөн нөгөө ертөнцөөс сануулга ирүүлэхээ үргэлжлүүлжээ. Тэр болгонд дахин оршуулах шаардлага дээрээ өөр бас нэг сонин янзын, бие зарсхиймээр шаардлага-хүсэлтийг ирүүлдэг байв. Бөө өвгөний сүнс өөрийнх нь баруун гарын сарвууны булчин, шөрмөс ялзарч муудсан тул хуруу нь салж унаад нуруун доогуур нь орчихсон, тийм учраас хурууг байранд нь оруулж бэхлэх хэрэгтэй хэмээж байлаа. Эс тэгвэл шинэ асуудлууд гарах болно гэж сүрдүүлжээ.      Нууц ажиллагаа Домог ярианд өгүүлэгдсэнээр бол айхтар бөө­гийн азгүй үр сад хоёр галын шуурган дунд орсон аж. Нэг талаас тэд шинэ засаг, төрийн зүгээс ямар нэг шийтгэл ирж магадгүй гэж айгаад юу ч хийлгүй суусан бол нөгөө талаас Өвгөний тэсвэрлэшгүй шаардлагыг өөрийн биеэр мэдэрч байсан юм. Гэтэл нөхцөл байдлыг тэдний үзэж байгаагаар 1936 оны сүүл үе шийдвэрлэсэн байна. Тэр үед ЗСБНХУ-ын Үндсэн хуулийг Сталины тушаалын дагуу баталсан билээ. Тэрхүү хуулийн нэгэн зүйл заалтад хүмүүсийн аливаа шашинг шүтэх эрхийг зөв­шөөрчээ. Гэхдээ бодит амьдрал дээр энэ нь тусгалаа олоогүйг бүгд мэднэ. Дараа жилийн зун нь Атамай тосгоны зөвлөл нэгэн амралтын өдөр дээрх Үндсэн хуулийг баталсантай холбогдуулж баяр хийхээр болов. Тэр баяртай давхцуулж олонд зарлаж мэдэгдэлгүйгээр маш цөөн тооны итгэлт хүмүүсийг оролцуулан Моньогоныг дахин нутаг­луулах үйлийг хийхээр шийдвэрлэжээ. Энэ хариуцлагатай “үйл ажиллагаа”-г явуулах үүргийг “Улаан од” хамтралын дарга А.С.Максимовт даал­гав. Харин оршуулах зан үйлийг өөр отгоос уригдан ирсэн ойун Омокун хийх ёстой болов. Түүнд учир мэдэх хоёр хөгшин туслахаар томилогджээ. Өргөл барьц, идээ будааг зохицуулах мөнгөний асуудлыг ч шийдвэрлэжээ. Өвгөн шаардлагадаа бух, үнээ, залуу азарга, хоол хүнс, архи дарсыг тоочсон байлаа. Хамтралын гишүүд хөрөнгө мөнгө цуглуулан тэр бүх асуудлыг шийдвэрлэсэн аж. Зургаадугаар сарын тэргэл сартай тэр шөнө энэ зан үйлд оролцохоор сонгогдсон 80 орчим хүн Өвгөний шарилын дэргэд чимээгүйхэн цугларчээ. Холбогдох зан үйлийг үйлдэж, өргөлд өргөх мал адгуусыг муулаад, хэнгэрэг цохиурын нижигнээн дунд Өвгөний авсыг тавцан дээрээс буулгаад тагийг нь нээжээ. Түүн дотор үнэхээр биеэр маш жижиг хүний шарил хэвтэж байлаа. Мэдээж, тэнд байгсдын харц Моньогоны баруун гар руу тэмүүлжээ. Бүгд л тэр гарт үнэхээр л нэг хуруу нь дутуу байгааг олж үзэв. Үүнийг Өвгөн ч өөрөө нот­лон өгүүлэв. Тэрбээр дэргэд нь үйл хийж байсан Омокуны биед сүнсээ шингээгээд өөрийнхөө хоолой­гоор хуруу гарыг нь хэвэнд нь оруулахыг үүрэгдсэн гэнэ. Хоёр өвгөн айдастаа автаж зогссон тосгоны оршин суугчдын харцыг дальдчуулан байж гараа шарил доогуур болгоомжтой шургуулаад тэндээс салж ойчсон хурууг нь тэмтчин олжээ. Ху­рууг байранд нь эргүүлж оруулан өргөлд өргөсөн азарганы шөрмөсөөр бэхлэтэл ард олон сая нэг юм санаа амарч, хүндээр санаа алджээ. Өвгөний авсыг булах газар нь дөхүүлтэл Моньогон бөө өвгөний амаар “Би энэ ертөнцийг ганцаараа орхиж чадашгүй нь” гэж орилжээ. Бүгд л айсандаа болоод дагжин чичирч эхлэв. Тэнд байсан хүмүүсээс хэн нь ч гэнэт ингээд аминаасаа хагацахыг хүсээгүй юм. Бүгд л Өвгөн бидний хэн нэгнийг сонгон авна гэдгээс айж зогслоо. Үүнийг мэдрээд Моньогон “Хэрэв сайн дураар надтай хамт одох хүн олдохгүй бол яг одоо бөө үхэх болно. Хэрэв тэгвэл миний удам судрын бүх хүмүүст аймшигт хараал хүрэх болно” хэмээн үргэлжлүүлжээ. Энэ үгийг хэлж дуусаагүй байхад Омокун бөөгийн царай нь сонин болж, тэр эвгүйтсэн гэнэ. Гэтэл олны дундаас 70 настай Григорий Федоров гэгч хүн гарч ирээд унаж буй бөөг тэвэрч аваад ийн өгүүлжээ. “Би энэ хорвоо дээр хангалттай амьдарсан гэж бодож байна. Тиймээс Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлэхэд бэлэн” гэж хэлэв. Бүгд л тайвширч, уртаар санаа алдаад зан үйлийг дуусгасан байна. Гэхдээ салах ёс гүйцэтгэх үеэр Моньогон дахиад л тэнд байгсдыг түгшихэд хүргэв. “Өнөөдрийн энэ өдрөөс болж та нарын зарим нь ирээдүйд тун эвгүй зүйлүүдтэй учрах болно. Тэр зүйл нэг залуугийн буруугаас болж гарах бөгөөд шүүх дээр очиж дуусна. Харин та нар зөвхөн үнэнийг яриад, хэдхэн сар тэсэх хэрэг­тэй. Би өөрөө хотод шаардлагатай хүн дээр нь очсоноор та бүгдийн шаналал түүгээр дуусгавар болно” хэмээн ярьжээ. Сэтгэлдээ бага зэрэг айдастай ч гэлээ ямар ч байсан Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлсэндээ сэтгэл нь тайвширсан хүмүүс гэр гэртээ харьцгаасан гэдэг. Мэдээж, тэд бүгдээрээ л Григорий Федоров яах бол гэсэн бодолд автжээ. Харин сайн дураар золигт гарахыг хүсэгч хөгшин ямар нэг өөрчлөлт амсахгүй л байлаа. Хэд хоногийн дараа тэр гэртээ оройн хоолоо идчихээд, хүүхдүүддээ ар гэрийн ажлаа даатгаж захичихаад унтахаар хэвтсэн юм. Тэр чигээрээ таалал төгссөн гэдэг. Хамтрал даяараа цугларч түүнийг баатар эрийн ёсоор ор­шуулц­гаав. Гэм зэм Удалгүй Атамай тосгонд бүх зүйл тэгшрэх болов. Элдэв өвчин эмгэгүүд гарахаа больж, мал хээл хаяхаа больж, зүлэг ногоо гайхалтай сайхан ургах болжээ. Орон гэрээ орхин дайжсан хүмүүс ч эх нутагтаа эргэж ирэх нь олшров. Гэтэл нэг нарлаг сайхан өдөр төвөөс ирсэн нэг залуухан хянан шалгагч хамтралын даргыг ажлын байран дээр нь олоогүй тул дур мэдэн түүний албан би­чиг баримтад шалгалт хийхээр шийджээ. Тэдэн дотроос “Өвгөний оршуулгын зардал” гэсэн бич­вэр бүхий хавтсыг олоод үүнийг ашиглан албан тушаалын шатаар өгсөх боломжтой гэж сэтгээд бушуухан шиг төв рүүгээ буцсан байна. Ингэж л нэгэн эрүүгийн хавтаст хэрэг нээгдсэн юм. “Улсын өмч хулгайлсан, шашны бурангуй суртал ухуулга хийсэн, хүн амины хэрэг үйлдсэн” гэх энэхүү хавтаст хэрэг алдарт 58 дугаар зүйл заалтаар холбогдсон хүмүүсийг нь “Ард түмний дайсан” болгоход хангалттай байсан гэдэг. Хэд хоногийн дараа хамтралын дарга, бөө өвгөн, тэдэнд тус болсон хоёр хөгшнийг баривчилж хорьсон бөгөөд оршуулах үйл явцад оролцсон бусад хүмүүсийг дуудан ирүүлж байцааж эхэлжээ. 1937 он болж байлаа. Тийм учраас дүүргийн Дотоодыг хамгаалах газарт дээрээс нэгэн заавар­чилгаа ирсэн байна. Түүнд энэ боломжийг ашиглан хавтаст хэргийг нэлээн дуулиантай болгоод, бусдад санамж болгох үйл явц зохион байгуулахыг үүрэгджээ. Байдал хурцдаж эхлэв. Гэтэл дөрвөн сарын дараа гэнэт Якутск хотоос Бүгд Найрамдах Улсын ерөнхий прокурорын тушаал ирсэн аж. Тушаал дотор “Гэмт хэргийн бүрэл­дэхүүнгүй учир хэргийг хаасугай” хэмээн өгүүлсэн байв. Прокурор өөрийн гаргасан шийдвэрийг ингэж тайлбарлажээ. “Шинэ Үндсэн хуулийг батласны дараа Атамай тосгонд холбогдох байгууллагууд хуулийг албан ёсоор тайлбарлан таниулах ажлыг хангалттай хийгээгүй байна. Тийм учраас харанхуй хамтралчид шашин шүтэх эрх чөлөөтэй болсон гэдэг зүйл заалтыг буруугаар ойлгосон бололтой” гэж бичсэн байжээ. Сталины цуст яргалал явагдаж байсан тэр үед энэ нь олон хүний гайхшралыг төрүүлсэн гэдэг. Гэвч прокурор л бол прокурор учраас мөрдөн байцаагчид толгойгоо сэгсрэн байж түүнийг хараагаад хоригдсон хүмүүсийг суллахаас өөр аргагүй болжээ. Өвгөн амласныхаа дагуу хотод шаардлагатай хүнд нь нөлөөлсөн биз ээ. Хэсэг хугацааны дараа нуурын эрэг дээр үзэгддэг байсан сүнс-шувуунууд бүгд хаашаа ч юм алга болж, тэнд дахиж хэзээ ч үзэгдээгүй гэдэг. 1970-аад оны дундуур Моньогоны булшийг зан үйл судлаачид очиж судлаад явжээ. Яг явахын өмнөхөн нь гэрэл зурагчны мөнгө, баримт бичиг бүхий хэтэвч хаашаа ч юм алга болчихжээ. Урилгагүй зочид булшны эргэн тойрны газрыг нэгбүрчлэн шалгасан ч юу ч олж чадаагүй юм. Тосгонд очоод хальсаа угаатал гэрэл зурагчин эр юу ч олж үзээгүй гэнэ. Хальсан дээр юу ч байхгүй, гэрэлд цохиулчихсан байжээ. 1980-аад онуудаас хойш Өвгөн ямар нэг айхтар дохио өгөөгүй бөгөөд түүний сэтгэл амарч, сүнс нь энэ ертөнцийг орхисон гэж үздэг билээ.   Эх сурвалж www.wikimon.mn

​МОДООН УДГАНЫ ДОМОГ

  Хорь буриадын Хуацай омогт Модоон удган “ширээдhэн /гагнуурын ширээдэс/ улаан галыг асгаж асахажи өгөгти” хэмээн нэхэж гараа хооронд нь үрэхэд түшээ нь бөмбөгөр улаан цог авчирч гар дээр нь тавихад түүгээр гар нүүрээ угааж байгаа мэт үрдэг байсан байна. Мөн түүнийг хааны хиа нар барин их гал түлж шатаахад шатсан нурман доороос хуяг хувцастай хэцээ дэлдэн дүүлэн хөөрсөн гэх бөгөөд хаан төрд дийлдээгүй халуун галд шатаагүй дархан удган болсон гэдэг. Хаан цолд дийлдээгүй Гомбын  басган Модоон би Эзэн хаанд дийлдээгүй Эрх дураараа Модоон би хэмээн тамлаж бөөгийн биед бууж ирдэг гэсэн.               Мөн нэгэн удаа Модоон удган улаачдаа буугаад хурсан олноос “Эвэр бомбоо минь ээ байна уу?” хэмээн нэхэж байхад нь хурсан олон инээлдэн шуугилдаж зарим нь ичингүйрэн нүүрээ нуудаг байсан гэнэ. Энэ тухай Модоон удган сайн эрийн дүрээр зүсээ хувилган хувцаслаж, аймаг хошуу алгасаж, баяд ноёдын адууг хөөж явдаг байсан бөгөөд шинжээчид түүнийг мөшгин үзэхэд эм хүн гэдэг нь огт мэдэгдэхгүй байжээ. Учир нь тэрээр мөр үзэхдээ хүртэл үхрийн эврийг нүхлэн хийсэн бомбоо хэрэглэдэг байсан тул явдал суудал, аяг араншин нь эр хүний намба төрийг итгэж байсан гэнэ. Тийм ч учраас энэ онгод орж ирээд тэр үеэ дурсан бахдаж тийнхүү “эвэр бомбоо” нэхэж улс олныг гайхширалд оруулан тохуурагдаж байжээ.   ОЙХОНЫ ЭЭЖ             Ойхоны ээж гэж алдаршсан Нанзин буурал хэмээх удган өнгөрсөн зууны эхэнд амьдарч байжээ. Одоо ч Дорнодын бөө нар энэ удганы онгоныг дуудан бөөлж өөрсдийн эх хэмээн үздэг. Байгаль далай орчим амьдарч байхад нь Оросууд чадлыг нь үзэх, бас устгах зорилготойгоор жаран тэрэг түлээ гэрийг нь тойруулан галдан шатаахад нь их галын дөлөн дотроос шөнийн харанхуйд час улаан нүүрс болон амьд гарч ирээд бөөлөхөд нь дахин хүн бие дүрэндээ орж байсан гэдэг.  

​Дундговийн Дэндэв зайран тарнийн аргаар буг үүсгээд дархан газар болгодог байв

Монголчуудын ухааныг барж идэх биш дээ. Бид өөрсдийгөө цөлх хар ухаантай гэдэг. Гэтэл зөвхөн цөлх хар ч бус ид шидийн буюу тарнийн арга, гүн ухааны мэдлэгээрээ гаргууд байсан нь олон юман дээр харагддаг билээ. Тийм зүйлийн жишээ болгон говийн нэгэн мэргэний арга чаргаас уншигчдадаа хүргье. Энэ хүн бол нутаг усандаа “Зайран” хэмээн алдаршсан Дэндэв гуай юм. Бодит хүн гэдгийг юуны өмнө дуулгах нь зүйтэй байх. Бүр дал, наяад оныхон андахгүй хүн юм билээ. Энд өгүүлэгдэх түүхийг тэр нутагт олон жил бага эмчээр ажилласан, одоо гавьяаныхаа амралтад сууж буй Зэвэгээ гуай ярьсан билээ. Эл хүн бол Монголын тавь, жараад оны шилдэг бага эмч нарын нэгэн юм. Тэрүүхэндээ бас бага зэрэг хэлмэгдсэн гэж байгаа. Өөрөө “бага зэрэг” гэдэг ч их эмч болгохгүйгээр шийтгэсэн нь одоо бодоход их хэлмэгдүүлэлт баймаар санагддаг билээ. Бүхэл бүтэн хүний хувь заяа, амьдралаар тоглосон байгаа биз. Тэр тухай товчхон өгүүлээд цаашаа одъё. Энэ түүх ч өөрөө Дэндэв зайрантай бас холбогдох юм.                 Зэвэгээ гуай тавиад оны эхээр Архангайн Хүн эмнэлгийн техникум төгсөөд тэр үеийн Эрүүлийг хамгаалахын сайдын томилолтоор Дундговийн Сайхан-Овоод бага эмчээр очжээ. Дөнгөж хорь гарч яваа эр хүний газар, гүний нутагт очсон ч хөл алдсангүй аж. Төрийн сайдын томилолтоор яваа учраас төрийн албан хаагч болчихгүй юү. Тэгэхэд говийнхон гэлтгүй Монголын бүх аймаг, суманд элдэв өвчин элбэг, тэр дундаа тэмбүү ярандаа бараг баригдчихсан байжээ. Улсын бодлого ч тэр зүгт чиглэсэн байсныг өгүүлэх юун. Тэмбүүгийн тариа болох “бхинол”-ыг ёстой авдар авдраар авч очсон гэдэг. “Улаан тариа” гэдэг чинь шүү дээ. Залуухан эмч сумаас гаргаж өгсөн гэрт байрлан нэгэн модон амбаарт үзлэг, эмчилгээ хийдэг байжээ. Бас болоогүй цэргийн төмөр ор тавтай гэж байгаа. Таван хүн хэвтүүлэх тасаг юм даа. Эхний хэдэн өдөр хүн хар үзүүлсэнгүй гэнэ.              Хөдөө газар учраас өвчин, хамуу гайгүй юм байлгүй дээ гэх ухааны юм бодож суужээ. Гэтэл тийм байж. Өвчтэй хүмүүс Дэндэв зайрангийнхыг зориод байж л дээ. Дэндэв зайран зүгээр нэг зайран биш, нутаг усандаа алдартай оточ юмсанж. Оточ гэдэг нь одоогийнхоор мэргэшсэн эмч гэсэн үг юм. Буддын гүн ухааны таван ухааных нь нэгэн болох анагаах ухаанд суралцсан хүн гэсэн үг л дээ. Зэрэг ахичихвал маарамба болчихно. Анагаахын доктортой адил гэх үү дээ. Амьтан, ургамлын гаралтай ардын эмээр эмнэдэг, судас, шээсээр оношлодог гээд юм юм байлгүй яахав. Тэгж байтал нэг өглөө өвчтэй хүүхдээ сундалсан хүн иржээ. Хүүхдийг нь үзвэл ангинатаад хоолой нь идээлчихсэн, бараг боохдоо тулсан байжээ. Их өндөр халуунтай, огиж бөөлжсөн хүүхэд байжээ. Хэвтүүлж аваад эмчилсэн байна. Цагаан стрептоцид гэх эмийг өдрийн гурваар өгөхөөр бичжээ. Өөр эм бараг байгаагүй юм байх. Өнөө хүүхэд нь өглөө, өдөр эмээ уугаад оройн эм уухын өмнө бүр сэргээд, халуун нь буучихсан байжээ. Цай уугаад, хоол идээд бүр босоод ирсэн гэх. Аав нь ёстой ид шидийг үзнэ гээч болсон юм байх. Хүүхдийнхээ толгойг байн байн бариад, гайхаад байсан гэдэг. Үүнд хоёр зүйлийн нөлөө байгаа юм.                Нэгд, тэр үеийн хүмүүс одоогийнх шиг эмээр бөмбөгдүүлж өсөөгүй болохоор бие махбод нь эмийн үйлчилгээ авахдаа сайн байсан хэрэг л дээ. Хоёрт, өвчний үүсгэгч эмэнд дасаагүй тул маш мэдрэмтгий буюу амархан үхдэг байж. Иймээс цагаан стрептоцид гэх эмийг гурван ширхгийг уугаад л эдгэхгүй юү. Одоо бол гурван сая антибиотик тариад ч дарагдахгүй шүү дээ. Тийм л юм болсон байна. Тэр мөчөөс Зэвэгээ эмчийн ид шид тэр хавиар ёстой шуугиан тарьсан юм байх. Өвчтэй, зовлонтой хүмүүсийн цуваа тасрахаа байсан гэнэ билээ. Ийнхүү өвчтөндөө дарагдан суутал нэг өдөр нүдэнд дулаахан идэр эр ороод иржээ. Өөрийгөө Дэндэв хэмээн танилцуулсан байна. Гэхдээ өвчин, зовлон ярилгүй аминчхан яриа дэлгэжээ. “Та ирсэн нь их сайн боллоо. Би үе дамжсан оточ хүн л дээ. Энэ нутгийнхаа ганц эмч нь байлаа. Одоо хоёулаа болов. Шинжлэх ухааны эмнэлэг, эмийг би гадарлана аа. Цаг нь ч тийм боллоо. Ерөнхийдөө та эмчилгээгээ хариуцаад явна биз. Хэрэв хүсэн зорьж ирсэн хүн байвал би үзээд барахааргүй бол тань руу илгээж баймз. Ер нь хоёулаа хамтарч ажиллая” гээд сэтгэлийнхээ үгийг ярьжээ. Удахгүй өнөө хүнийг Дэндэв зайран гэдгийг мэдэж авсан байна. Бүр орж, гардаг ч болжээ. Илүү гэртээ эмийн бүтээгдэхүүн болох өвс ургамлыг төрөл төрлөөр нь хадгалсныг нь ч үзжээ. Эмээ өөрөө тун жороор нь найруулдаг, гүрэм засал ч хийчихдэг байсан нь мэдээж. Ингээд хоёул тэр нутгийнхныг Европ, ард хосолсон эмчилгээгээр анагааж гарсан гэдэг. Тун удалгүй “Дэндэв зайран тань дээр оч гэв” гэсэн хүн иржээ. Байдлыг үзвэл их л зовиуртай нэгэн байжээ. Үзтэл бага аарцгийнх нь хөндийд идээ хурсан/парапроктит/ өвчтэй хүн байжээ. Жил орчим шаналж байгаа юм байх. Ингээд мэс заслын эмчилгээ хийн тэр хавиас нь литр орчим идээ аваад цагаан стрептоцидээ уулгажээ. Оройхон хэрд “Ёох, сайхан боллоо. Ингэж нэг бие тавирдаг юм байж. Жил шахуу түрүүлгээ харж хэвтсэн дээ” гээд уйлжээ.               Иймэрхүү зүйл аль олон тохиосныг хэлж барах билээ дээ. Тэр жил Цагаан сар болохын өмнөхөн ширүүхэн довтолгоон болжээ. Аймаг, сумын дарга нар нь айл хунараар орж, Цагаан сар хийлгэхгүй, архи нэрүүлэхгүй гэхдээ бүрхээр, жалавчийг нь хураан, устгаж гарчээ. Машинтай давхиж очоод бүрхээрийг нь гэрээс нь гарган дайруулж, жалавч энэ тэрийг нь бензин цацаад шатааж орхидог байсныг нүдээр үзсэнээ Зэвэгээ гуай ярьсан юм. Тэгээд нэг үг дарга нарын амнаас унажээ. “Манай сум Европ эмнэлэгтэй боллоо. Одоо Дэндэв зайрангийн хэрэг байхгүй” гэх маягтай юм ярьсан байгаа юм. Нэг өдөр Дэндэв ирээд “За, би ч хөдөөлдөг юм бил үү? Хүн хар үзэж болохгүй гэж байгаа юм байх аа. Чамд гэж хэлэхэд хэдэн чухал судар байгаа юм. Тэд оргүй шатаачих биз. Хэрэгтэй газар нь хүргэх гэхээр холдоод байна. Чамд хэсэг хадгалуулдаг юм бил үү дээ гэж ирлээ. Чамаас өөр найдах хүн алга” гэжээ. Ингээд гурван судар хадгалуулсан байна. Түүнийг нь санаанд ч үгүй дэрэн доогуураа шургуулж орхиод “Би нууцхан газар хадгалъя” гээд гаргажээ. Ингээд тас мартаж орхисон байгаа юм. Орных нь гудсан дор хэвтээд бараг сар болжээ. Аймгаас ирсэн нөхөд Дэндэв гэлэнгийнхийг зад нэгжээд, ургамал, өвсийг нь шатааж орхиод, дахиж хүн амьтан эмнэхгүй гэх ам өчиг аваад орхижээ. Гучин хэдэн оных шиг юм арай бололгүй нэг юм салжээ. Тэд тэр хавийн айл өрхүүдийг нэгжиж барьж явсаар Зэвэгээгийнд буужээ. Ингээд жаал ярьж хөөрч сууснаа “Ёс юм” гээд тэднийхийг нэгжсэнээр бөөн хэрэг мандахгүй юү. Европ эмчийнх нь гудсан дороос ламын эмнэлгийн ном, судар гарахгүй юу.               Аймгийн цагдаагийн дарга машид хилэгнэн хураагаад, сумын даргад түүрэгдсэн нь нэг ёсондоо аз болсон гэхэд хилсдэхгүй. Сумын дарга их ухаантай хүн байж л дээ. Өнгөн дээрээ болохоор Зэвэгээг баахан загнаад өнөө ном, судрыг нь хэзээ ч олдохооргүй, хол аваачиж өөрийн гараар устгахаа хэлээд хамт явцгаасан байна. Хэд хоноод хүрээд иржээ. “Таныг аймагт дуудсан байна. Хоёул явъя даа” гэжээ. Жолоочтойгоо гурвуулхнаа гарсан байна. Замдаа ийн ярьжээ. “Тэр ховор судруудыг арайхийж авч үлдлээ. Эзэнд нь өгчихье. Хэрхэхийг өөрөө мэдэг. Хайран юм” гээд Дэндэвийнд буужээ. Хоол, цай болонгоо судруудыг эзэнд нь өгөөд “Намайг устгасан гэж тэд бодож байгаа. Маш далд газар хадгал. Мөддөө гаргах хэрэггүй. Чамаас болоод энэ залуу л хэцүү байдалд орох нь ээ. Гэхдээ айлтгүй. Би аргална аа” гээд гарчээ. Аймгийн цагдаагийнхан Зэвэгээ гуайг толгой түрүүгүй загнаад, эмчээс өөр зүйл эрхлэхийг хориод золтой л шорон орон бололгүй буцаажээ. Гурван жил ажиллаж байтал их эмчийн сургуульд аймгаас хүн явуулах тухай яриа гарсныг сумын даргаасаа сонсоод уухайн тас аймгийн төв орсон байна. Гэтэл хувь заяа бүтэн эргэжээ. “Европ эмнэлгийг таниулан сурталчилах хүн байтлаа ламын эмнэлгийн ном, судар ашиглаж байсан таныг явуулахгүй. Дахиж энэ талаар ярилтгүй. Явж ажлаа хий” гээд гаргажээ. Тэр мөчөөс өнөөг хүртэл хорвоог бага эмчээр туулсан байна. Далаад он хүртэл ингэсээр яваад нас нь явж их эмч болох мөрөөдлөө орхисон гэнэ билээ. Зэвэгээ гуайн өөрийнх нь ярьсан “Бага зэрэг” хэлмэгдсэн гэдэг нь ийм учиртай юм.                Одоо Дэндэв зайрангийнхаа ид шидээс ганцыг өгүүлье. Дэндэв зайран ид шид, хар домын хүчийг хаана ч юм бэ эзэмшсэн нэгэн байжээ. Оточийн хувьд үе дамжихаас гадна нэгэн хүрээнд шавилахдаа эмчээр дагнаснаа Зэвэгээ гуайд ярьсан байгаа юм. Зэвэгээ гуай ч залуу байсан болохоор элдэвт дурлаагүй гэнэ билээ. Түүнээс биш элдэв ургамлаар эм хэрхэн хийдгийг нь мэдээд авсан бол одоо цаг үед аштай юу. Бас судас, шөрмөсөөр оношлох гээд тэр хүнээс авах юм их байжээ. Нэг удаа Дэндэв зайран/Зайран гэдэг нь бөөг хэлдэг юм. Тэгэхээр тэр зайран гэдэг нь олон түмний л өгсөн хоч төдий байх. Тиймээс Дэндэв оточ гэмээр санагдана. Сурв:/ тэднийд өөрийн биеэр морилж иржээ. Хөдөө гараад хэвтчихсэн болохоор хүн хар үзлээ, барилаа гэгдэлгүй бараг хоёр ч жил болсон юм байх. Нэг ёсондоо бараг мартагдаж байсан хэрэг л дээ. Тэгээд гадуур, дотуур явдаг болоо биз. Тэгээд ч зайран хүн гээд ямар өвчлөхгүй юм биш. Эмчийнхээр орж гарахад болохгүй нь ч юу байх билээ. Нэлээд нухацтай юм ярих болов уу гэмээр тухлаад авчээ. Тэгээд ийн ярьсан байна. “Их газрын чулууны баянбүрдийг манайхан сүйтгэх нь ээ. Дархалж орхихоос. Зав зайтай бол чи надтай хамт явангаа салхинд гарахгүй юү” гэжээ. Ингээд тэр хоёр товлосон цагтаа гараад өгсөн байна. Мэдээж хоногоор явжээ. Их газрын чулууны баянбүрд гэж ёстой жинхэнэ баянбүрд байсныг өвгөн яриад санаа алдсан билээ. Одоо ч Баянбүрдээ хатдаа “Хоосонбүрд” болоо байлгүй гэснийг нь ч хүргэх нь зүйтэй болов уу.            Тэд зорьсон газраа очоод жодгороо босгожээ. Зайран нэг майхан мэт юм босгожээ. Эмийн ургамал түүхдээ авч явдаг аяны палатка маягтай юм уу даа гэж бодсон байна. Өөрөө л урласан эд байх гэсэн билээ. Ингээд орой болтол тэр хавиар зугаалж, хоол цай болсоор жаал амарчээ. Тэгэх зуураа ёстой алмайрмаар сонин хачин юм зөндөө ярьсныг залуу явсан болоод тоолгүй, бараг мартаж орхижээ. Ингэсээр явтал үдэш болж бүрий тасраад ирэхийн алдад баянбүрдээ дархлах ажилдаа орсон байна. Хэд хэдэн зул асаагаад гэрэлд нь судар шагайгаад, амандаа дүнгэр дүнгэр уншиж гарчээ. Өөрт нь нэг их юм хэлээгүй аж. Санаанд ч оролгүй сонирхоод сууж байтал зулын дэргэд тавьсан гадсанд/хадаас/ шаасан цаасан хүрд нь аажим эргэлдэж эхэлжээ. Тэгснээ хурд аваад сэнс шиг сар сар хийн улмаар шуугин эргээд нүдэнд бараг үзэгдэхээргүй болжээ.            Ямар ч салхи, савиараггүй байтал гэнэт тийм юм болохоор гайхалгүй яах билээ. Зайрангийнхаа ид шидийг гайхаад сууж байтал гэнэт дотор зарсхийм дуу гарч хүн чарлах шиг болоод явчихаж. Хэн нэгнийг дуудаад ч байгаа юм уу, уйлаад ч байгаа юм уу, нэг мэдэхэд эр нь орилоод, эм нь чарлаад байх шиг санагдсан байна. Зайран гэнэт ном уншихаа болиод “За, боллоо” хэмээжээ. Тэгээд цай уух хооронд нь юу болсныг асуужээ. Зайрантан “Баянбүрдээ бугтай болгоод тавилаа. Эр, эм хоёр харцагын сүнсийг дуудаж ирээд хос буг болгож орхив. Сайн цаг иртэл энэ хавийг энэ хоёр л хамгаалж байг. Хүмүүс аяндаа мэдээд ирэхээрээ ийшээ зүглэхээ байна аа. Хүнд ямар ч аюул байхгүй. Зөвхөн нэр усаар нь дуудах юм уу хөөж тууж л магадгүй. Сүнсний хар хүчийг нь салгаж, цайруулаад илгээлээ. Хоёулаа унтаж амрах уу даа. Бидэнд одоо мэдэгдэхгүй ээ” гэжээ. Нэг хэсэг нойр нь хулжих аядсанаа алга болон нам унтаад өгчээ. Ингээд сар орчим болж байтал Самдан чөтгөртэй дайралдаад арайхийж салжээ гэх яриа гарсан байна. Сумын намын үүрийнхэн болон эвлэлийнхэн хуралдаад “Буг чөтгөр гэж юм байдаггүй юм. Айснаас болоод хий юм сонсохгүй юү. Хий юм харагдахыг ч үгүйсгэхгүй. Тэр талаар хий хоосон цуу яриа гаргаж болохгүй” гэх зэргээр таниулга хийгээд ч тусыг эс олжээ.            Гадуур шуугиад байхгүй ч хоорондоо их л аминчхан ярьдаг болсон байна. Түүний хүчинд тийшээ айлууд нүүдэллэхээ больсноор өнгө төрхөө алдаж асан баянбүрд нь сэргэж, ногоороод, ус булаг нь ундраад ирснийг ганцхан би ч биш тэр үед тэнд байсан хүн болгон мэднэ дээ. Тэрхүү буг ерээд оны эхэн хүртэл лав байсан даа. Хүмүүс Их газрын чулуу руу явдаг ч баянбүрд рүү нь зүглэдэггүй байв. Монголчууд байгалиа хамгаалах ийм л ухаалаг ард түмэн байсан даа” гээд өвгөн яриа дууссаныг илтгэн нүдээ анивчсан бөлгөө. Нутаг нутагт байдаг бугтай, чөтгөртэй гэх газруудыг ийнхүү дархалдаг байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Удган мод, хад, чулуу, овоо тахилга, энэ тэр гээд бишгүй л юмс үзэгдэл манай бараг баг, сум болгонд л шахуу байдаг байсан юм шүү. Бидний үеийнхэн ч зах зухаас нь мэднэ дээ. Эх сурвалж www.wikimon.mn    

МАЧИР ЗААРИНГИЙН ДОМОГ

       Хогоргын Бурианы онгодыг анхлан тахиж авч явсан хүн нь Мачир заарингийн онгод гэлцдэг. Мачир заарин нь Хогоргын Буриа, Эрдэнийн Сүмбэр хайрхан, Хонин өндөр уул зэргийг аргадаж авч бөөлдөг байсан учир байгаль эх буянаа хайрласнаар аугаа хүчийг олж нээсэн увидас чадалтай заарин байжээ.  33 жилээс дээш бөөлж, алдар цуу нь түгсэн бөөг Дархад даяараа хүндлэн дээдэлж, 9 булдруутай хэнгэрэг барих эрхтэй байдаг гэдэг. Мачир заарин ийм 9 булдруутай хэнгэрэг барьдаг байсан аж.    Заарин хоёр эхнэртэй байсан ба эхний эхнэрээс гарсан хүү нь Пунцаг заарин хэмээн ард олондоо алдартай байсан заарин, нөгөө эхнэрээс нь төрсөн охин нь Дулам удган юм.    Мачир заарин гэртээ бөөлж байтал түүний тэнгэрийн сахиусны увидас чадлаар охин нь нисэж Ховдод очиж буусан гэдэг. Тиймээс Дулам удганыг Ховдынхны онгод шүтээн болсон аж.  Мачир зааринг өөд болоход Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт Хогоргын голын зүүн суганд байрлах Бурианы амны эхэнд онголсон гэдэг.  

Долоон бурхан одыг шүтэхүй

Оддын ордоос Монголчууд долоон бурхан одыг хамгийн их шүтэж эрхэмлэдэг од юм. Долоон бурхан од умард зүгийг зааж намар өвлийн улиралд тэнгэрийн хойд хэсэгт нилээд доогуур, хавар зуны улиралд чанх орой дээр шахуу өндөрт харагдана. Зүг чигээ алдаж төөрсөн хүн шөнө орой цагт долоон бурхан, алтан гадас одоор хойд зүгийг мэдэж болдог. Монгол эмэгтэй үдэш орой цай сүүнийхээ дээжийг өргөж халуун амь мал сүрэг эд хөрөнгөө даатгаж долоон бурхан одны байрлалаар долоон  зул хийж өргөдөг. Бас өөрийн жил байрласан одноос аян замд явах үе болон ер  нь бүх л юм аа даатгаж шүтэн мөргөдөг. ДОЛООН БУРХАН ОДОНД БАЙРЛАХ 12 ЖИЛҮҮДИЙН БАЙРЛАЛ БА БУРХАД 1-р:  Од нь хулгана жилтэн шүтэх од. Санжайнамсаг бурхан байралсан                              2-р:  Од нь Үхэр, Гахай жилтэн шүтэх од. Жүгдэржав бурхан байралсан.                                             3-р:  Од нь Бар, Нохой жилтэн шүтэх од. Танжив бурхан байхалсан.                                              4-р:  Од нь Туулай, Тахиа жилтэн шүүтэх од. Хорвоожинг бурхан байралсан.                                   5 -р:  Од нь Бич, Луу жилтэн шүтэх од. Шагжтүв бурхан байралсан.                                                 6-р:  Од нь Могой, Хонь жилтэн шүтэх од. Санжай-Одсүрэн бурхан байралсан.                                  7-р: Од нь Морь жилтэн шүтэх од. Манал бурхан байралсан. Долоон бурхан буюу долоон өвгөн хэмээх одыг монголчууд сайн мэддэг. Дээд хэсгийн үзүүрээс доошлуулан нэрсийг жагсаавал: тэнгэрийн оргилго, тэнгэрийн хас, тэнгэрийн шил, тэнгэрийн эрх, тэнгэрийн бэрээ, нэхэх арга, жиргэлэх гэрэл, нэхэх арга одны хажууд туслагч хэмээх бүдэг одон хамгийн сайн хараатай хүнд үзэгдэх тул үүгээр хараагаа шалгаж болдог гэнэ. Тэнгэрийн оргилго, тэнгэрийн хас хоёрыг холбон тэнгэрийн оргилын тийш уртасган татвал эдгээр хоёр одны 5 тийм зайнд Алтангадас одтой учирна.Үүнээс гадна 7 бурханы од бүхэнд харгалзах бурханд тохиолдуулдаг хийгээд өөрийн жилдээ таарсан одыг шүтэн цайныхаа дээжийг өргөдөг байх ёстой. Бөөгийн дуудлагын 7 өвгөний тэнгэрийн нэрс: 1. Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн 2. Аз хийморийн эзэн тэнгэр өвгөн 3. Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн 4. Нас аривжихын эзэн тэнгэр өвгөн 5. Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн 6. Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн 7. Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн Ач тусаа үзүүлж хайрла" хэмээн од эрхэсээ шүтэж онгод шүтээнээ дуудаж 7 өвгөн одноосоо мөргөл залбирал хийж бөөгийн ёс хийдэг. Долоон бурхан одны домог Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнээ. Удсан ч үгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж эмгэн хөл нь газар хүрэхгүй ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв. Гэтэл гурав хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч хүү нь амьд биш, хүүгийн цогцос л хүргэгдэн иржээ. Долоон бурхан эмгэний хүсэлтийг яг таг биелүүлжээ. Эмгэнийг амьдад нь хүүг нь харуулсан. Эмгэн хүсэхдээ, өөрийг нь л үхэхээс өмнө хүүг нь харуулаач гэснээс бус үхэхээс минь өмнө хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй гэж хүсээгүй, өөрөөр хэлбэл хүслээ зөв илэрхийлж чадаагүй байжээ. Долоон бурханд хэзээ ч өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ, учир нь долоон бурханы буулт нь нэг хүнд хүнддэг учраас бусдын сайн сайхны төлөө л долоон бурханд залбирч байх ёстой юм байна. Харин өглөөний ургах наранд бол өөрийнхөө хүслийг даатгаж болдог юм гэнэм. Манай ухаант хөгшид маань ургахын улаан наранд цай сүүнийхээ дээжийг өргөн байж үр хүүхэд биднийхээ сайн сайхныг даатгадаг байсан нь тийм учиртай юмсанжээ.

“Бөөгийн улс” буюу бидний мухар сүсэг

Монголчууд бидний өвөг дээдэс “Мөнх хөх тэнгэр мину”, “Ариун дагшин газар шороо минь” хэмээн залбирдаг, мөргөдөг байж. Энэ нь эртээс бөөгийн зан үйлийг дээдлэн тахиж, ёсчлон биелүүлдэг байсныг гэрчилнэ. Харин XX зууны төгсгөл, XXI зууны эхээр Монгол Улсын нийт өрх айлын талаас илүү нь гэртээ удган, зайрантай болсон гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тэдгээрээс хэд нь жинхэнэ онгодтой, хэд нь хуурамч болохыг таахад бэрх. Тиймээс бөөгийн зан үйлийн үүсэл хөгжил хийгээд хуурамч бөөгийн тарьсан уршгийг анхааруулга болгох үүднээс уншигч Та бүхэнд доорхи бичлэгийг хүргэе.  Мөнх тэнгэр монголчуудын Шүтээн Одоогоос 5000-7000 жилийн тэртээ Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Енисей, Хар эрчис зэрэг гол, мөрний эхэнд буюу эрс тэс уур амьсгал бүхий Төв Азийн өндөрлөгт үүссэн нүүдлийн соёл иргэншлийн үед монгол бөөгийн шашин үүссэн тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ.Энэ зан үйл МЭӨ III зууны үед хөгжлийнхөө дээд шатанд хүрч нүүдэлчдийн анхны төрийг бүрдүүлэхэд түүний үзэл санаа, зохион байгуулалтын үндэс болж байв. Монголын нэгдсэн тулгар төрийн анхны дөрвөн их хаан Чингис, Өгөөдэй, Гүюг, Мөнх нар аливаа шашныг ялгалгүй тэгш хүндэтгэн үзэж байсан ч тухайн үед бөөгөөс бусад шашнаас тэргүүн сонгоогүй байдаг. Үүнээс үзэхэд Монгол төрийн зохион байгуулалт үзэл санааны үндэс болсон жинхэнэ гол зан үйл нь бөөгийн зан үйл байсан ба Чингис хаан цагаан зүгийн бөө Үсүн өвгөнийг Улсын их зурхайч Бэхид, хар зүгийн бөө “Тив тэнгэр” хэмээх Хөхөчү зайранг Улсын их бөөд өргөмжилж байжээ. Гэтэл Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж улмаар уг шашныг тэтгэн дэмжсэнээр бөөгийн зан үйлийг тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан байна. Ингэснээр хаад ноёдын санаа хоёрдож, шарын шашны нөлөө ихсээд зогсохгүй дэлгэрэн хөгжих нөхцөл бүрджээ. Одоогоос хоёр мянган жилийн тэртээгээс шарын шашин өөрийн үзлээ бидний өвөг дээдэст өвлүүлэн үлдээж, монгол бөөгийн зан үйлийн үзэл санааг өөртөө шингээн авч их хүчийг олжээ. Тэр үеэс Монгол бөөгийн зан үйл хувиран өөрчлөгдөж дотроо задарсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн зан үйлийнхээ язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарчээ.  Бөөгийн шашин нь хүн амьтан өөд болмогц амин сүнс нь дээд тэнгэрийн оронд очоод тодорхой хугацааны дараа удам судрынхаа нэг хүнийг тамгалж / сонгож/ бөөгийн онгод болон бууж, түүний болон ах дүүсийнхээ амьдралыг бүх талаас нь хамгаалдаг аж. Харин тамгалагдсан хүнийг “Улаач” гэдэг. Нэгэн бөө судлаачид “Орчин үед шарын бөө нь байсаар байгаа ч түүнийг хүмүүс шарын шашин хэмээн ойлгож бөө мөргөлийг бараг устсан гэж үздэг.  Бөөгийн шашин амьдралд ойр буюу цаг уур, байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдгээрээ онцлогтой” хэмээн тайлбарладаг юм билээ.  Бөө мөргөлийн утга учир буюу жинхэнэ бөө Жинхэнэ бөө хүмүүсийн өвчин, зовлон, саад, тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчнийг нь анагаадаг гэдэг.  Ингэснээр тухайн хүний бие махбодид өвчин үүсгэгч вирус амьдрах нөхцөлгүй болдог аж. Бөө нар дотроо харын, цагааны, дорлигийн гэсэн гурван төрөлтэй байдаг бөгөөд эдгээрээс хамгийн хүчтэй нь дорлигийн бөө юм. Зарим бөө “Тайлга тахилгын үеэр хүмүүс үзүүлэхээр ирэхдээ улаан, цагаан гэх мэт аль болох гэгээлэг өнгийн хувцас өмссөн байвал миний хүч илүү хүрдэг. Хар өнгийн хувцастай хүнд хүч хүрэхгүй буцаж ойдог” гэж ярьдаг. Бөө нар зан үйлээ үйлдэж байхад нь харьцаж байдаг гол зүйл нь онгод юм. Арван хэдхэн настай жаахан охины сахиус нь настай өвгөн болж буух үед царай зүс, зан төрх нь өвгөний дүрд хувирдаг байна. Зарим сахиус омголон буюу үсэрдэг, модонд авирдаг, нисдэг байвал улаач тамирдаж ухаан алдах нь ч бий. Бөөгийн зан үйлийг эрдэмтэд олон жилийн өмнөөс судалсан байдаг. Тухайлбал, 1960- аад оны үед академич Б.Ринчен гуайн толгойлсон шинжилгээний баг Хөвсгөл аймагт бөөгийн зан үйлийн аман зохиолын цуглуулга хийхдээ Ж.Чагдар гэдэг зайрантай уулзжээ. Түүний бөөлж онгодоо дуудаж буй бичлэгийг хийж байтал зайран ухаан алдаж эмнэлгийн тусламжтайгаар сэргэсэн тухай домог мэт өнөөг хүртэл амнаас ам дамжин яригдсаар буй. Ж.Чагдар зайрангийн ухаан алдсаныг Б.Ринчен гуай “Бид зайрангийн жинхэнэ нууцыг задлах дөхлөө. Монгол бөөгийн зан үйлийг зайлшгүй судалбал зохилтой” хэмээн шавь нартаа захиж байжээ. Өнөө үед энэ мэт чадалтай бөө мэр сэр байдаг ч хүмүүсийн мухар сүсэг, бишрэлийг ашигласан хуурамч бөө олноор төрж буй.  Сүсэг бишрэлийн төлөөс хуурамч бөө  Энэ онд дээд тэнгэрийн дуудлагаар 20 мянган бөө монголд төрөх ажээ. Үүнээс үзэхэд 10айлын нэгд нь бөө төрөх бололтой. Аливаа шашныг шүтэн бишрэх нь тухайн хүний эрх чөлөөний асуудал л даа. Гэхдээ эрх чөлөөгөө эдэлж байна гээд өөрийгөө бөө хэмээн нэрийдсэн хэнийг ч хамаагүй шүтэж, янз бүрийн зан зүйлийг сохроор даган дуурайсаар байгаа нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Сүүлийн үед бөөтэй холбоотой эмгэнэлт хэргүүд олноор гарах болсныг дараахь үйлдэл нотолно. Өнгөрсөн онд өөрийгөө бөө гэх Ф.Баянжаргал 21 настай бүсгүйг “Чи удган юм байна” хэмээн мунхруулж гэмт хэргийнхээ золиос болгосныг хүн бүхэн санаж байгаа байх. Тэрбээр Дэнжийн-1000-д амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсрол эзэмшээгүй шахам нэгэн аж. Өөрийгөө бөө хэмээн элдвээр ярьдаг байж.  Нэг удаа найзтайгаа явж байхдаа Н.Гэрэлмаа гэдэг эмэгтэйтэй танилцсан байна. Н.Гэрэлмаа тэднийг машиндаа суулгаад засварын газар уруу явах хооронд Ф.Баянжаргал “Чиний машинд албин чөтгөр байна” гэх зэргээр сүрдүүлж эхэлсэн гэдэг. Улмаар түүний Солонгост ажиллаж байгаад ирсэн эмэгтэй дүүгийн утасны дугаарыг авч, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоожээ. Эцэстээ бөө гуай Н.Гэрэлмаагийн дүү бүсгүйд дурласан хэмээн өдөр шөнөгүй утасдаж эцэст нь түүнийг Солонгосоос ирсэн дунд эгчийнх нь хамт гэртээ дагуулж очоод бэлгийн гаж үйлдэлд уруу татахыг оролдсон байдаг. Бэлгийн гаж донтон гэдгээ мэдэгдсэн ч дүүг нь “Надтай гэрлэхгүй бол боож үхнэ” гэж сүрдүүлж байгаад Дархан хотод дагуулан очиж зочид буудалд байрлажээ. Тэгээд “Танайхан бид хоёрыг ойлгохгүй байна. Чи миний эхнэр болохгүй бол амиа хорлоно. Хоёулаа хамт үхье” хэмээн ятгаад архидан согтуурч, судсыг нь ханажээ. Гэтэл гэмт хэрэг хийсэнФ.Баянжаргалыг Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийнхэн мөрдөн шалгаад прокурорт шилжүүлсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Учир нь Ф.Баянжаргал хохирогч бүсгүйгээр “Гомдолгүй” гэсэн бичиг хийлгээд прокурорт өгсөн тул уг хэргийг хэрэгсэхгүй болгосон бололтой. Энэ мэтчилэн өөртөө итгэтэл мунхруулж мөнгийг нь галд шатаах, сүр хүчтэй хэмээн итгүүлэх гэж машиныг нь дэлбэлэх, ад зэтгэрийг нь хөөх нэрээр зодох, “Чи сахиустай юм байна. Авахгүй бол танайханд муу юм болно” гэх мэтээр дээд тэнгэрийн нэрээр далайлгаж мөнгө олдог хуурамч бөө олширсоор байна. Өөрөөр хэлбэл, манай улсад бөө нар шинэ бөө төрүүлэх, засал хийх нь бизнесийн сүлжээ болон өргөжжээ. Түүнчлэн өөрийгөө бөө боллоо хэмээн итгэж байшингийн тагт, мод зэрэг өндөрлөгөөс үсэрч бэртсэн, түүдэг гал дээгүүр харайж түлэгдсэн залуус сүүлийн жилүүдэд Гэмтлийн эмнэлэг, Түлэнхийн төвөөр үйлчлүүлэх нь олширч байгааг эмч нар хэлж байгаа.  Зарим хохирогч шүүхэд өргөдөл гаргаж асуудлыг шийдүүлэх гэдэг ч харамсалтай нь бөө нарын хэргийг шийдэх боломжгүй байдаг гэнэ. Учир нь тэдний залилан, хүн амины хэргийг шүүн таслах хуулийн заалт, зүйл анги эрүүгийн хууль болон бусад хуульд байдаггүй. Харин сэтгэлзүйчид үүнийг хүмүүсийн сэтгэцийн эмгэгтэй холбон тайлбарлаж, сүнс, ид шидэнд итгэдэг нь тухайн хүн бүрэн боловсроогүйн шинж гэж үзэж байна. Энэ онд тодрох 20 мянган бөөгийн түрүүч аль эрт манай урлагийнхан дотроос ч төрөөд байгаа. Тухайлбал, жүжигчин Ц.Ганзориг, “Харанга”- ын Х.Лхагвасүрэн, УГЖ С.Жавхлан, дуучин Т.Эгшиглэн, реппер Gee гээд тоочвол барагдахгүй л дээ. Эднийг хуурамч, эсвэл жинхэнэ гэдгийг нь хэн ялгах вэ. Ямартаа ч бусдыг онгод тэнгэртээ уриалан дуудсан бөө нарын балгаар гэмт хэргийн тоо өсч байгааг л мэдэж байна.  Бөөгийн сахиустай хэмээн мунхруулж “албин сүнс” дуудаж өгдөгЭртнээс монголчуудын төрийн шашин нь бөөгийн зан үйл байсан хэмээн үздэг ч өнөөдөр замд таарсан бөө, удганыг шүтэх нь ихэсч байна. Бөөгийн нэрээр “бизнес” эрхэлдэг хүн олширч байгааг дээр дурдсан. Уг нь жинхэнэ бөө болох улаачийг дээд тэнгэрээс сонгодог ажээ. Тухайн улаач сахиусаа удирдаж авахын тулд зүг нийлэх бөөг багшаа болгон сонгодог юм байна. Ингээд жинхэнэ бөөгийн сахиус авах гэж буй дээд тэнгэрээс тамгалагдсан хүн онгод сахиусаа бүрэн удирддаг болтол багшийнхаа дэргэд доод тал нь хоёр, цаашлаад 10 жилийн хугацаатай байх шаардлагатай. Хэрэв ямар нэгэн бөө, удган Таныг “Чи сахиустай юм байна. Түүнийг чинь дуудаж өгье” гэвэл худлаа бололтой. Учир нь дээд тэнгэр хүртэл шаталсан гурван үе давхаргатай ба хамгийн доод үед тэнүүчилж байдаг ад зэтгэр буюу тэнэмэл сүнсийг хэдхэн хоногийн дотор дуудаж өгнө гэсэн үг. Ийм сүнсийг өөртөө буулгасан улаач амиа ч алдаж болзошгүй. Цаашлаад балмад хэрцгий үйл хийхэд хүргэдэг аж. Энэ мэтчилэн хуурамч бөө, удгантай холбоотой балгийг дурдвал барагдахгүй л болов уу. Ажил хийж биеэ зовоолгүй мөнгө олох боломж хүмүүсийн мухар сүсгээр дамжин газар авахыг хажуунаас нь харахаас өөр ямар ч аргагүй бололтой.  Энэ үзэгдэл даамжирсаар эцэстээ монголчууд бүгдээрээ бөө болох янзтай. Нэгэнт л энэ онд олон мянган бөө төрөх сонин учрал тохиож байгаа хойно эртхэн шиг улсынхаа нэрийг өөрчлөөд “Бөө улс” гээд нэрлэчихвэл зүгээр юм биш үү. М.НАРАНБОЛД  

Чингисийн цагаан сүлд

Сайн ноёны хошууны мэргэд Сайн ноёны хошуу нь эртнээс нааш номтой мэргэдээрээ аймагтаа алдартай явж иржээ. Ламын Гэгээн Лувсанданзанжамц, "Асрагч нэртийн түүх"-ийг бичсэн Бямба /Шамба/, Тарган Бандида Цэвэлваанчигдорж, Тарган Бандидын -р дүр Данзандаргиа, Баруун Хүрээний хувилгаан багш Лувсанцэвээнравдан, Сайн ноёны хүрээний хувилгаан багш Довчинсодном, Халх даяар алдаршсан номт гэвш Юндэнбат нарын үе үеийн номтой мэргэд энэ хошуунаас төрсөн түүхтэй. Энэ уламжлал явсаар ардын хувьсгалтай золгоход Сайн ноёны буюу Хан Хөгшин уулын хошуунаас Жамбын Лхүмбэ, Дамдины Яндаг, Жигжидийн Сэнгэдорж, Ганибадын Гэлэгдорж, Гүржавын Сэмбэ, Даржаагийн Дуламдорж, хуулийн дээд хэмжээ авч хэлмэгджээ. Эдгээрийн дараа П.Хорлоо /академич/, П.Лувсандорж /академич/, С.Норовсамбуу /академич/, Ч.Ойдов /зохиолч/, Ж.Пүрэв /зохиолч/, Ц.Гайтав /яруу найрагч/, Ринчинпэлжээ / сайд/, Ц.Насанбалжир /түүхч/, Д.Пунцагдорж /Гавьяат багш/, Л.Баянжаргал /Гавьяат багш/ нарын олон мэргэд төрсөн билээ. Эдгээр сүүлийн мэргэдийн багш нь Монгол улсын гавьяат багш Рааш Онолт Сүхээ юм.   Монгол уулын домог Эрт дивангарын цагт Хүн гэдэг өвгөн Мон ууландаа гараад гал түлээд сууж байтал хурга хариулж явсан нэг хүү очоод "Өвгөн гуай та юу хийж суугаа юм бэ?" гэж асуухад өвгөн "Би "Монгол " болж сууна" хэмээжээ. Үүнээс хойш энэ уулыг "Монгол" гэж нэрлэж, намайг "Монгол хүн" гэж дуудаарай. Тэнгэр ингэж зарлигдаж байна" гэж хариулжээ. Энэ уул нь одоогийн Өвөрхангай аймгийн Бүрдсумын нутагт байгаа Их Монгол уул юм. Их Монгол уулыг эртнээс Халхын ноёд эрхэмлэн дээдэлж явсаар Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг 1639 онд Богдын сэнтийд залж Монголын шинэ үеийн нийслэлийн анхны шавыг энэ уулын Ширээ цагаан нуурын хөвөенд тавьж байсан түүхтэй гэнэ.   Доной бэйс Сайн ноён хан Намнансүрэнгийн багш, хошуу даяар Доной бэйс хэмээн алдаршсан нэгэн бузгай түшмэл байжээ. Харин энэ хүний бүтэн нэр нь Жанцангийн Давгадоной бөгөөд сахилын нэр нь Чимэддорж гэдэг байсны дээр туүнийг харц, язууртан бүгдээрээ хүндэтгэн үзэж Доной бэйс хэмээн авгайлдаг байсан гэдэг. Доной бэйс нь Манж, Монгол хэл бичигт онцгой нэвтэрсэн байснаас гадна төрт ёс хийгээд хууль зүй, түүх зэргийг ихээр судлаж Сайн ноён хан Төгс-Очирт онцгой итгэгдсэн хүн байжээ. Төгс-Очир хан өөрийн хүү Намнансүрэнгтаван настай байхад нь Доной бэйсэд шавь оруулж бичиг эрдэмд сургаж эхэлсэн байна. Доной бэйс Намнансүрэн ханг нас биед хүрч хошуу ноён, аймгийн ханы угсаа залгамжлах үед нь ч улмаар Монгол улсын Ерөнхий сайд болоход нь ч дэргэд нь шадарлан сууж түшиг тулгуур болж явжээ. Ингэж Доной бэйс эрхэм шавь Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнтэй 36 жил ажилласан гэдэг. Доной бэйс Намнансүрэн ханг таалал төгссөний дараа ардын хувьсгал мандсан үед төр засгийн албанд хичээнгүйлэн зүтгэж 1924 оны засагзахиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар хошуу даргаар сонгогдож байжээ. Улмаар хошууны нэрийг өөрчлөх болоход "Хан Хөгшин уул бол намбатай, төлөв сайхан өвгөний шинжтэй. Муруй, Тээл нь хоёр чихний байдалтай" хэмээн танилцуулж Хан хөгшин уулын хошуу хэмээн шинээр нэрлэхийг санал болгож байсан гэдэг. Доной бэйс Монгол улсын анхны Үндсэн хуулийг боловсруулах комисст ажиллаж байсан гэж нутгийнхан нь байнга дурсан ярьдаг.   "Модон" Гонгор лам "Модон" Гонгор хэмээх эрдэмтэй нэгэн лам Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Их Байшинт газарт амьдран суудаг байжээ. Тэр бага балчраасаа хүрээ хийдэд шавилан суусны дээр 15-16 настайдаа Утай-Гүмбэн орж шашны номд гүнзгийрүүлэн суралцаад морин тэрэг дүүрэн сударгтай ирсэн аж. Мөн аливаа хүний явдал суудал, болоогүй үйл хэргийг тааж хэлэх эрдмээрзэ ялгарсан хүн болсон байв. Удалгүй Гонгор лам Байшинтын агуйд нямба хийн сууж, Түвдээс авчирсан ном судраа судалж долоон жилийг ганцаар суун үдсэн гэдэг. Гонгор ламын агуйн нь найман метр орчим өргөн, долоон метр орчим урттай, орой нь цоорхой, хойноосоо Ордог үүдтэй аж. Тэр агуйг хүмүүс Гонгор ламын агуй гэж нэрлэжээ. Ламтан нямба хийж дуусаад нутаг усныхан дундаа нэг л хэсэг сууж буян номын ажлаа үргэлжлүүлж засал, айлтгал хийж байгаад Улаанбаатар руу одсон байна. Тэрээр нийслэл хотод ирж Гандангийн хуралд үе үе оролцож байсны дээр эм барьж, элдэв засал хийн олон хүнд авшид буянаа хүртээжээ. Гонгор ламын гарын мэдрэмж онцгой байсан бөгөөд иллэг мэтийг дөнгөж хийхүй дор нь аливаа өвчин илааршин эдгэрдэг байсан гэж хүмүүс ярьдаг. Гонгор лам 1960-аад оны эхэн үвэс 1970-аад он гартал бариа заслын эрдмээрээ алдаршсаар таалал төгссөн аж.   Дамбын Шагдарсүрэнгийн ярьсан хууч Манай Баруун хүрээг чинь 1647 онд Халхын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар арван гурав сүүдэртэйдээ байгуулсан юм гэнэ билээ. Тухайн үедээ нэгэнт Чингисийн алтан ургийн хүн Түшээт хан Гомбодоржийн хошуу нутаг, Монгол дахь Буддын шашны төв болж байсны хувьд Баруун хүрээнд Чингисийн төрийн "Догшин хар сүлд" хадгалагдаж байсан тухай түүхчид нотлон бичсэн байдаг төдийгүй эдүгээ 90 насыг давж яваа аав минь "Манай хүрээнд чинь "Тугийн сүм" гэж Тусгай гэр маягийн дуган байсан юм" хэмээн хуучилдаг билээ. Их хэлмэгдүүлэлтийн түймэрт өртсөнөөс хойш энэ тухай дурсах, бодох аргагүй байсаар 1990 онтой золгуут нутгийн сэхээтнүүд хуучны лам нараас амьд үлдсэн хвгшчүүл нийлж Баруун хүрээгзэ Шанхын төв буюу ноён ламын сүмд сзргээсэн юм.   Ах дүү хоёр ламын явдал Сайн ноёны хүрээнд Дорж, Дагдан гэдэг ах дүү хоёр шавилан сууж, нилээд сайн лам болжээ. 1932 оны улс төрийн хэлмэгдлийн үед ах Дорж нь баригдаж хилсээр шийдэгдэн арай ялын дээд хэмжээ авалгүй 10 жилийн хорих ял авсан гэдэг. Дорж лам бусад хоригдлуудын хамт Төв аймгийн Цагаан булагийн шохойн чулууны уурхайд ажиллажээ. Уул хорих ангийн дэглэм хатуу, ажил хүнд учир элдвээр эрсдэх амьтан цөөнгүй гэнэ. Ийм л хүнд хэцүү нөхцөлд Дорж лам шүд зуун ажилласаар хугацаанаасаа арай өмнө суллагдсан боловч нутаг буцалгүй тэндээ нэгэн бүсгүйтэй гэрлэн суурьшсан аж. Дорж ламын ганц хүү нь Төрийн шагналт зохиолч Гармаа юм гэнэ лээ гэж хүмүүс ярьдаг. Д.Гармаа зохиолч аавынхаа дүү Дагдангийн охин хүний эмч Сүрэнтэй холбоо харилцаатай байсай гэдэг. /Д.Сүрэн нас барсан/   Чингисийн цагаан сулд Чингисийн цагаан сүлд 1919 он хүртэл Өвөрхангай аймгийн Хар хорин сумын нутагт байгаа Шанхын буюу баруун хүрээн дээр тусгай жижиг дуганд хадгалагдаж байжээ. Уул дуган нь байнгын харуул манаатай, өндөр дээдсээс бусад хүнийг оруулдаггүй хатуу хоригтой байсан аж. Цагаан сүлд оройдоо гурван салаа бүхий сэрээтэй дээр битүү хадаг яндраар хучмал байсан байна. Дэргэд нь Чингисийн цэргийн ямаан бүрээ гэж нэгэн онцгой хөгжмийн зэмсэг байнга тавиатай байсан гэдэг. Уул сүлдийг лам нар Далхаа хэмээх ном уншин тахисаар байжээ. Ийм янзтай тахиастай байсныг А.Д.Симуков тэргүүнтэй судалгааны багынхан очиж "Музейд тавина" хэмээн харуулынхныг Ардын засгийн нэрээр сүрдүүлэн авч одсон аж. Энэ ажилд оролцсон "Чөтгөр" хэмээх Дэндэв бичихдээ " ... Цагван сүлдний хадаг яндрыг тайчин үзэхэд хамгиЙн дотор талаас Соном хадгийн чинээ торгомсог эд дээр зурсан хар ирвэс гарсан" хэмээн бичсэн байдаг. Чухамдаа ингэж Ардын засгийн үймээний жилүүдэд л Чингисийн цагаан сүлд сэвтэж, мөнхийн дагшин чанараа алдсан аж.                        "    Н.ДАВААДАШ /МУСГЗ/

Ушигадайн хайрхан

Хармайн хайрхан Ноё хаж гэдэг хүн Ушигадайн хайрхан бөөгийн багш нь байсан юм.Ушигадай хайрханыг Улаан уулын цаана Хөх өгсөөд хойд талд нь асралсан байна.Амьд ахуй цагтаа Сунхи бөө гэгддэг Татаа ээжийн хүү нь болно.Сунхи бөө дотроо ниснэ гэж санаад Хаж бөө багшдаа замаа заалгахаар очиж гэнэ.Би нисэж үзвэл яанав надад нисэх увидас байна уу гэсэн Хармайн аав  толийг нь үзэж бөөлөөд чи нисэж чадах юм нэг л саад байна түүнийг давбал ниснэ эс чадвал үхэх хоёр замтай гэжээ.Хаж бөө онгодоо тахиад багшийнхаа онгодыг Сунхи бөө хамт тахилцаад маргааш нь хоёул цайлаад сууж байхад багш нь хэлж:Замд чин шар нохой дайралдана буугаа үүрээд яв түүнийг алж чадвал чи ниснэ гэсэн байна.Буугаа үүрээд Өлзийт нуурын арын Шивэрт өгсөөд явж байсан  доороос  шар нохой гарч морь нь бусгаж суун тусаад хойноос нь модны чөлөөгөөр сум тавиад алдажээ.Гэртээ ирээд эмгэндээ намайг маргааш орой нар хойт уулын оройд тусахаар сэрээгээрэй гээд унтсан байна.Маргааш орой сэрээд хуураа татаж сангаа тавиад бөөлж байтал бөөгийн шид нь бүрэн гүйцэж тооноороо гархаар болтол эмгэн  нь орилж хоёр хөлнөөс нь тэвэрчээ.Эмгэнээ өөд суга татан тооноороо цухуйтал хэд хэдэн удаа хөөрсөн  эмгэн нь тоононоос этэн ноцолдож байтал онгод нь цуцаад даалгүй эмгэнээ ч даалгүй  хоёул доош  хоймортоо тас гэдэргээ үсэрч дагзаа гэмтээн өөд болжээ.Гэхдээ газраас хөөрсөн тул дархадын нисдэг бөөгийн тоонд ордог юм.

​Судага хайрхан-Амажи удган

Баглан удганы охин Амажи удган гэж одоогийн Улаан уул сумын  Хашаалагат нутагт амьдарч байсан. Шишгэд явж  тэндээ нас элээж нутаглуулсан болохоор Судагийн ээж  гэж алдаршсан байна. Судагийн ээж ламтай шидэрхэлцэж яваад амь насаа алдсан хүн юм. Дархад отогийхон хүрээ орохоор Хитийн амны Бэлтэс харуулд хүрээд очсон бэлтэсийн харуул занги  та нарыг гаргахгүй хил хайч гарахдаа татвар төл гээд хоёр тал маргалдаад хэд хонож гэнэ. Ахлагч нь маргалдаад яахав гээд нэг залуугаа доошоо бууж бөө нарт дуулгаж Судагийн ээжийг тахиулаад энэ зангийг зөөллүүлээд ир гээд буцаажээ. Залуу жоохон онгиргоо тул доошоо бөө нарт хүрэлгүй шууд Судагийн ээжийн асарт хүрээд  за чи харсан  эзэн хан заяач мөн бол биднийг харах цаг чин болсон, биш  бол биш гэдгээ хэл, чи юугаа хийж асартаа сууж байдаг юм чамд бяр чадал ид шид байдаг  бол тэрийгээ гаргаж бэлтэс харуул зангийг идэж өг, унаа хөсөг ч саатаж арав гаран хонолоо юугаа харж үздэг юм замыг минь шулууруулж аль үгүй бол сөнөх цаг чин болж гэж хэлээд гэдрэг давхижээ. Буцаж явхад  морь нь үргэхээр эргээд харсан мөнгөн хазаар худрагатай хар морь унасан хэнгэргээ энгэртээ барьсан бөө хүн ирж явна гэнэ. Хараад байсан замаас гараад мориных нь  хөл нь газар хүрэхгүй өгсөөд  өнгөрч хаяа хэнгэрэг нь тэнгэрт нэг газарт нэг дуугараад алга болжээ. За энэ чинь Судагийн ээж чөтгөр чин одоо л босож яваа юм байна гэж бодоод давхиж хүрээд бөө бөөлүүлээд ирлээ гээд худал хэлээд сууж байлаа.Өнөө харуул занги Эмтийн эхэнд айлд архидаад сууж байхад нь гадаа уяан дээр морьтой хүн ирлээ гэнэ. Гэрийн эзэн  гарж харчихаад занги гуай өөрөө гарч хар, гадаа хачин аймар юум байна би нүүрийг нь харж чадсангүй гэв. Занги гараад харсан Судага ээж уяан дээр бүрэн өмсгөл хуягтайгаа хэнгэргээ барьсан зогсож байна гэнэ. Гурван настай хүүгээ сугавчлаад хутгаа сугалж цулбуураа тас огтлоод мориндоо мордож зугтажээ. Хонгогчин өгсөөд Хит уруудаад давхиж байсан тэнгэр ногоороод цахилгаан тэг татаад ард нь нэг урд нь нэг тас гээд л хөөж. Гэрийнхээ үүдэнд хүрээд хүүхдээ түрүүлж буулгаад  өөрөө уяан дээрээ аянганд ниргүүлж унасан байна. Маргааш нь Хэт өөдөө дархадууд дуулаад өгсөж хэн ч замд нь саад хийж зүрхэлсэнгүй. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр Судагын ээжийн увидас хүчээр  дархадууд идтэй шидтэй нэртэй гэгддэг болжээ.                       Эл түүхийг 1992-02-04нд Л.Дүүжий гуайн ярианаас авав.

Хуудаснууд

Subscribe to Монгол бөөгийн түүх