logo

logo.jpg

Advertisement

Монгол бөөгийн түүх

​Монгол бөө мөргөлийн аман яруу найргийн тухай... ( нэгдүгээр хэсэг)

   Шарайд овогтой Гончигийн Гантогтох     1949 онд Дорнод аймгийн Чойлбалсан хотод төржээ. МУИС-ийн Монгол Хэл, Соёлын Сургуулийн Хэлшинжлэлийн  тэнхимийн багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор,  профессор. Монгол хэлний нутгийн аялгуу, угсаа хэлшинжлэл, утга судлалын талаар голчлон судалдаг. Монгол Улсын Их Сургуулийн Монгол Хэл, Соёлын Сургуульд авиа судлал, нутгийн аялгуу судлал, сонгодог бичгийн хэл, угсаа хэлшинжлэл зэрэг хичээл заадаг.     Тэрээр  1990 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2004 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”,  2006 онд “Үндэсний бичиг соёл дэлгэрүүлэгч медаль” тус тус хүртжээ. Онгод цалигийн үг хэллэг. Бөө мөргөлийн шүтээн хийгээд онгод цалигийн талаар судалсан  эрдэмтэн мэргэдийн бүтээл  туурвил  нэн арвин бөгөөд заримаас нь ишилж  үзсэнээ хойно ном зүйд хуудас нүүрээр нь тэмдэглэсэн тул энд үл өгүүлэн, бөөгийн дуудлагыг бөөгийн аман яруу найргийн төрөл зүйлийн үүднээс тогтолцоотой ангилж, дэс дарааллаар байрлуулан, төрөл зүйл тус бүрийг нэрлэн тодорхойлж, дотор нь зүйлчилж ангилаад, холбогдох жишээг нь гаргаж, монгол бөө мөргөлийн аман яруу найргийн төрөл зүйл тус бүрийн сонгомол заншилт хэвшмэл үг хэллэгийг сонгон авч тайлбарласнаа толилуулъя. Онгод[1]  цалиг[2]ийн үг хэллэг нь бөө мөргөлийн аман яруу найргийн бүхий л төрөлтэй нягт холбоотой болохын учир бүхэл тогтолцоонд  нь авч үзэхийг зорьсон юм.      Тогтолцоо  нь :                1. Бөөгийн  онгодоо урих хүсэл, хүсэл нь: дуудлага, дурдлага, магтаал гурав;                2. Бөөгийн онгод оруулах учрал, энэ нь: урилга, түрлэг, айлтгал гурав;                                  3. Онгодод мэдүүлэх учир мэдүүлэг нь: өчиг, бөө залаалах шахан[3], цалиг амилуулал                     4. Өглөг үүнд: зүхэл, нэхэл, тамлага гурав;              5. Бөө мөргөлтөн, бөөгийн биед орсон онгодын уулзалт энэ нь: айлдал, залбирал, мөргөл гурав; 6. Сүсэгтний авлага: гуйлга, даатгал, даллага гурав;                7. Сэтгэлийн ханал: хүльцэл, ерөөл, ажаарал гурав.     1. Дуудлага: Тэнгэр[4], буумал[5], онгод, лус[6], эзэд[7] тэргүүтний орон байр, орчил, ахуй, бие, зарлиг, эрдэм үйлс, риди хувилгааныг тоочин, нэр нэлдэр, цол цолдрыг нь гарах угаас нь алдаршуулан дуудаж, хий бие хийсгэлэн дүрийг нь залж бие сэтгэлдээ оршоож дэгдээх үйлдэлтэй бөөгийн аман яруу найрагийн төрөл зүйл бол бөөгийн дуудлага. Агуулагын хувьд ерөнхий ухагдахуун. Дуудлагыг зориулалтаар нь Тэнгэрийн дуудлага, Буумалын дуудлага, Онгодын дуудлага, Лусын дуудлага, Эздийн дуудлага гэх мэтчилэн ангилахаас гадна Тэнгэрийн дуудлага гэхэд барууны тавин таван тэнгэр, зүүний дөчин дөрвөн тэнгэрийн дуудлагыг өгүүлж болно. Дуудлагын жишээ болгож онгодын дуудлагыг үлгэрлэн үзүүлье. Бөө бүхний онгод өөр өөр тул “Бөө бөөгийн бөөлөх нь ондоо бөжин туулайн шогших нь ондоо” гэдэг. Энэ дуудлага бол Дорнод аймгийн Баян-Уул сумын Хархираа хэмээх газарт сууж байсан буриад ястай Галзууд омогтой Цэрэн заариныг  1990онд бөөлсөн бөөллөгийн бичлэг юм.                                                           Онгодын дуудлага :     Өндөр сайхан Зүтгэлийн     Цагаан даваанд суудалтай      Нарийн сайхан Шандалийг      Наадамлаж буусан     Таван нарсанд хонологотой     Тага мичинд дэгдлэгтэй     Долоон хусан гүйдэлтэй     Догшин мичид дэгдлэгтэй     Гавруугийн хүүхэн     Хөлхнөгийн эхнэр     Галчуу түргэн толмооч[8] минь     Наана hайхан дуулагты     Бөөгийн дуудлагыг илтгэсэн буриад заншилт үг хэллэг бол: наана hайхан дуулагты! гэсэн үг хэллэг. Үгчилбэл: Мо.bnaru soiyiqan sonusug tun!  инару сайхан сонсогтун!  Утгачилбал: сонсон соёрхож чагнагтун! хэмээн шүтээний сонорыг мялаан хүндэтгэлтэйеэ сонордуулдаг. Ийн дуудаж сонордуулдаг наана hайхан дуулагты! хэмээх заншилт хэвшмэл хэллэгийг дуудлага болгонд түгээмэл хэрэглэдэг.         Онгодын дуудлагын онцлог бол онгод хэмээх хий биетэй, хийсгэлэн дүртэй сүнсний суудал, буудал, хонолго, дэгдлэг, гүйдлийг тодорхой өгүүлж ямар бөө, удганы сүнс болохыг нэрлэн заасан бөө мөргөлийн яруу найраг байдаг.     2. Дурдлага:  Өргөл хүндлэл, тахил тавиг, хөрөг цалиг, хэрэг үйлс тэргүүтний байрлалын дэс дараалал, учир шалтгааны хэлхээс, эд ангийн бүрдэл, хэрэг үйлсийг ширхэчилэн тоочиж, зэрэгцүүлэн холбож өгүүлсэн аман яруу найргийн төрөл зүйлийн нэг бөөгийн дурдлага.  Дурдлагыг зориулалтаар нь: Тахил тавилгийн дурдлага[9], өргөл амласан дурдлага[10], хөрөг цалигийн дурдлага, хэрэг үйлсийн  дурдлага[11] гэх мэтээр ангилж болно. Дурдлагын жишээ болгож хөрөг цалигийн  дурдлагыг үлгэрлэн үзүүлье. Энэ  дурдлага бол Б. Ринчен докторын хэвлүүлсэн бөө мөргөлийн материалд байдаг Авгалдайн дуудлага доторх Авгалдайн онгодын хөрөг цалигийн дурдлага юм. Хөрөг цалигийн дурдлага:     Хөх лүнтэй модон хөрөгтэй     Хөх лусан хаан гарвалтай     Гутаар Тэнгэрийн хөвгүүн     Гуулин хааны хүргэн     Гил хар Гиргилдэй      Гингүүн хар Авгалдай     Умдагтаа хүрэм сахалтай     Өвдөгтөө хүрэм сүүрилтэй[12]     Сахалт баавай     Дурдахад минь дуулаач     Дуудахад минь ирээ!(1.356)     Бөөгийн дурдлагыг илтгэсэн үг хэллэг бол бөө мөргөлийн үгийн сангийн судлалын судалгааны үнэт хэрэглэгдэхүүнийг олж авах зохистой төрөл зүйл нь юм. Хөрөг цалигийн  дурдлагаас гэхэд хөх лүнтэн[13] модон хөрөг, Хөх лусан хаан, Гутаар тэнгэр, Гуулин хаан, Гил хар Гиргэлдэй, Гингүү хар Авгалдай, Умдагт хүрэм сахал, өвдөгт хүрэм сүүрил гэх мэт цалиг шүтээний дүр дүрслэл, домог зүйн дүр, Тэнгэр, Лус, хүмүүний дүрслэл зэргийн үзэж болно.     3.Магтаал: Тэнгэр, сахиус, онгод, эзэд, цалиг, хувцас, гал, тайлга шүүс тэргүүтний орон байр, орших орчил, ахуй байдал, бие, зарлиг, эрдэм үйлс, риди хувилгаан, бүтэц бүрэлдүүн хэрэг үйлс зэргийг нь учир зүйн гүн бясалгалаар цогцлоосон дүр дүрслэлийг баясгалант шүлэглэлээр хүний сэтгэлд зохист тааламжтай уран сайхнаар дүрсэлж өгүүлсэн аман яруу найргийн төрөл зүйл бол бөө мөргөлийн магтаал. Магтаалыг зориулалтаар нь тэнгэрийн магтаал, сахиусны магтаал. Онгодын магтаал, эзний магтаал, цалигийн магтаал, хувцасны магтаал,  галын магтаал, тайлга шүүсний магтаал гэх мэтчилэн ангилж болно. Магтаалын жишээ болгож хорчин бөөгийн алаг дээлийн магтаалыг толилуулъя. Бөөгийн дээл хувцас бол цалиг шүтээнийг бүрэн агуулсан бэлгэдлийн дэлгэр утгатай билээ.  Алаг дээлийн магтаал:     Хүр хорхойн хивээстэй     Хөх торгон эмжээртэй     Хий жаврын хөлөгтэй     Хөрөнгийн эх дээл минь     Жимсийн навчин зүйдэлтэй     Зүрхэн улаан чимхээртэй.     Жавар хийн хөгжөгтэй     Захын эх дээл минь     Уран эмийн ухаанаар     Угалз тааруулсан дээл минь     Удган эмийн цавуургаас     Үлгэр авсан дээл минь(31.574-575)     Магтаалын үг хэллэг нь домог зүйн дүрийг илтгэсэн байх бөгөөд түүнийг магтсан магтаал, онгодын дүр дүрслэлийг магтсан магтаал, хувцас чимгийн үзэмж, зоог шүүсний бүтэц бүрдлийг магтсан магтаал зэрэг болно. Магтаалын заншилт тогтсон үг хэллэг нь жишээлбэл амьтан түмний бүтээсэн алаг эрээн амьтай гэхэд сүсэгтэн олон түмэн бөө удгадаас аврал эрж мөргөхдөө зүйл зүйлийн гөрөөсний  элдсэн арьс барьж мөргөдөг байж, тэдгээрийг зоолж зүйгээд амьтай хэмээх дээл оёулж өмсдөг тул амьтан түмний бүтээсэн алаг эрээн амьтай гэдэг ажээ.  Амьтан гэсэн нь амь биеэрээ өргөл болсон байгалийн хишиг; түмний гэсэн нь зон олны; бүтээсэн гэсэн нь өргөл болгон барьсан; алаг эрээн гэсэн нь төрөл бүрийн гөрөөсний янз янзаар алаглаж зоолсон сортой арьс; амьтай гэсэн нь харийн бөөгийн өмсгөл дээлийн буриад монгол нэр.     4.Урилга: Сүнс, онгодын суудал, буудал, дэгдлэг дамжлага, гүйдэл, орноос нь хэц тойвуур[14], бардаг[15], орво[16], урам[17], хонх[18], холбого[19], сорви[20], минаа[21], жашуур[22], элдэв дуу чимээгэр дуудаж залаад хий бие, хийсгэлэн дүрийг нь биедээ оршоож дэгдээх хийгээд онгод цалигт шингээх үйлдэлтэй аман яруу найргийн төрөл зүйл нь бөөгийн урилга. Урилгыг зориулалтаар нь сэрээсэн урилга, далласан урилга, урьсан заллага, дуудсан заллага гэж  ангилж болно. Цаган-Овоо сумын Ш. Дарийм удганы 1991онд бөөлсөн бөөлөөний урилгын хэсгийг жишээ болгон үзүүлье.                    Өдөрчийн газраас     Өл хоолгүй хөлөглөдөг      Үүлэн хоёр хөхийг      Хурдатгаж уринам     Урилганд минь буугтуй!     Угталганд минь морилогтуй! хэмээн (11.35)сорвиныхоо харших дуу чимээг сонсгон дуурсгаж, урилгандаа оруулан дуудаж урилгандамни буугты, угталгандамни морилогты! гэж урьж байна.     5.Түрлэг: Бөөгийн ёслолд оролцсон сүсэгтэн олон хийгээд бөө өөрөө болон түшээ нараас уухайлан хөгжөөсөн тэнгэр, сахиус, буумал, онгод, эзэд, лусын дуудлага, дурдлага, магтаал, урилганд хүч нэмж, олон хоолойгоор түрхрэн түрж дэгжээсэн олон төрлийн ая дангатай, тогтмол аялга үг бүхий хэвшмэл хэлхэц түрлэг гэж нэртэй. Мөн онгод орж ирэхдээ өөр өөрийнхөө тогтсон түрлэгийг уулгалан түрсээр орж ирдэг.     Уухайлсан түрлэг:     Ээ-ээ-хө, бай-дөө, өө-ээ     Аа-аа-яа-ла ёо-гой минеэ-гөө(11.32)     Аа-хай ёо-хой минеэ-гөө     Аа –еө бай-дөө минеэ-гөө(1.265)     Уулгалсан түрлэг     Дэгээлдээни, дэгээлдээни, дэгээлдээми хөө!     Дэгээлдээни, дэгээлдээни, дэгээлдээми хөө!(32.237)     Түрлэгийн үг хэллэгийн онцлог нь олон төрлийн ая данга бүхий хоолойн хугалган[23] хийгээд амны аялганаар[24] бүтсэн хэмнэлтэй байдаг.     6.Айлтгал: Онгод, буумал, эздэд хандан дээдлэн харьцаж, хүндэтгэлтэйгээр өгүүлэн, амар мэндийг нь асууж, биеэ танилцуулан,хийх гэж байгаа хэрэг,зорьсон зоригоо мэдүүлж илтгэсэн бөө, түшээ нарын шүлэглэсэн айлтгал хэмээх аман яруу найргийн төрөл зүйл. Айлтгал нь зориулалтаараа амрын айлтгал, биеийн айлтгал, зоригийн айлтгал, хэргийн айлтгал гэх мэт буй.     Амрын айлтгал Мэнд ээ! Орон дэлхийн өргөмжөөр Онгод сахиусны  авралаар өлгөндөө бид амар мэнд байна аа. өндөртөө Та бүхэн амгалан уу?(28.12)                                                                    Бөөгийн айлтгалын үг хэллэгийг амрын айлтгалаар жишээлж үзүүлбэл:     Мэнд ээ! Орон дэлхийн өргөмжөөр онгод сахиусны авралаар өлгөндөө бид амар мэнд байна аа! Өндөртөө Та бүхэн амгалан уу? (28.12) гэж онгодын амар амгаланг айлтгаж асуудаг. Орон дэлхийн өргөмж хэмээх бөө мөргөлийн гүн ухааны ухагдахуун юм. Огторгуйд  хурсан үүл, орчлонд буусан хур, дэлхийд ургасан шим, дэлэнд хурсан сүү бол орон дэлхийн буюу этүгэн эхийн өргөмж билээ. Онгод сахиусны аврал хэмээх бас бөө мөргөлийн гүн ухааны ухагдахуун. Онгод сахиус орчлонгийн хамаг бүхнийг аварч амилуулж амьдруулж байдаг гэж үздэг. Өлгөн хэмээгч нь өлгий сайхан эх орон. Өндөр хэмээгч нь тэнгэрийн орон.     7.Өчиг: Бөөгийн хийгээд төрт ёсны тайлга тахилга, сацал мялаалга, ухияалгын зан үйлийн зоригийг тэнгэр, сахиусанд хандан адислуулахаар сонордуулан тунхааж, өндөр дуугаар уянгалуулан дуудаж өгүүлдэг бөө мөргөлийн яруу найргийн нэгэн төрөл зүйл бол өчиг юм. Өчгийг зориулалтаар нь сүлдийн өчиг,голомтын өчиг, мялаангуудын өчиг, даатгалын өчиг, гэх мэтээр ангилж болно. Мялаангуудын өчиг:     Эсгийгээр эсгэж хийсэн өргөө чинь     Эвдэршгүй бат болтугай     Эрхин сайн төрийн хаан хатан хамаг улс,     Эгэл хутгийг энх эсэн ийн жаран заяан атугай.     Эгүүрд явах эрдэмтэн сайд энд хурж     Эрхүй есөн хүсэл төгсөөр бүтэж     Эрхт насыг батад үүсгэж     Эрхин сайн энх жаргаланг     Хаан хатан хамаг улсад     Эгэл хутаг энх эсэн ийн жарган заяан атугай!(27.74-75)     Өчгийн үг хэллэг: Эгэл хутаг энх эсэн ийн жарган заяан атугай хэмээх заншилт хэлц хэллэг өчиг бүхэнд голдуу гардаг     8.Шахан: Шинээр залаалж бөө болж байгаа буюу цагааны угаа барьж бариач болж байгаа бөөлид, удгад, бариач нарын Эрлэн хаанд сонсгож,эх дэлхийгээр гэрчлүүүлэн, андгай тангараг тавьж тэнгэр сахиусанд өргөсөн андгай шахаа шүлгийг бөөгийн аман яруу найргийн  төрөл зүйл болгон үздэг. Шаханг зориулалтаар нь андгай шахан, шахаа шахан гэж ангилна.     Шахаа шахан     За ! энэ байгаад     Хэлсэн шаханг минь     Эрлэн хаан дуулаг      Этүгэн дэлхий эх гэрчилэг!     Энэ хэлсэн шахангаасаа     Алс авирласан бол     Гишгиж байгаа хөлөө     Алдаж гишгэсэн бол     Амь нас минь барагдаг     Үүд минь хаагдаг     Өрх минь бөглөрөг     Гал минь унтраг     Гадас минь хугараг.(12.165)     Шахангийн үг хэллэг: Эрлэн хаан дуулаг, этүгэн дэлхий эх гэрчлэг хэмээх андгай тангаргийн үг хэллэг.  Эрлэг Номун хаан андгай тангаргийг нь сонссон тул амны шахаанд орж байгаа юм. Этүгэн эх дэлхий  дээр гишгэж хорвоогийн тоос хөдөлгөж байгаа болохоор хийсэн  хөдөлсөн үйл үйлдэл  бүхнийг нь эх дэлхий гэрчлэх тул  үйлсийн шахаанд орж байгаа юм. Аливаа амьтны бие махбод, эрдэм үйлс, үйл хөдлөл, бүхэл амьдрал нь эх дэлхийдээ шингэж, гэрчлэгдэж хоцордог.                   Үргэлжлэл дараагийн дугаарт            

​Бид өөрсдийн хаадын хуульчилсан хувцасаа өмсөх ёстой

Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл юм. Түүнд тухайн иргэн зон, угсаатны өвөрмөц дүр төрх тод тусдаг билээ. Монгол түмэн түүхийн урт удаан хугацаанд нүүдэлчдийн ахуйн өвөрмөц дүр төрх соёлыг бүтээсэн бөгөөд түүнд хувцас голлох байр эзэлдэг. Түүхийн сурвалж мэдээнээс үзвэл, монголчууд эртнээс нааш хувцасны хууль гаргаж, харьяат улсын дотор журамлан мэдүүлж, даган мөрдүүлсээр иржээ. Энэ нь ч аливаа ард түмнийг эзэлэн эрхшээж байгаагийн бэлэг тэмдэг байлаа. Монгол газар анхны төр байгуулсан Хүннүчүүд өөрийн хувцасны хуультай байсны дээр Киданчууд 928 онд Ляо улсыг байгуулаад мөн хувцасны дүрэм зохион хэрэгжүүлж байжээ. Монголын эзэнт гүрний үед Мөнх хаан 1252 онд, Хубилай 1275 онд тус тус хувцасны тухай хууль гаргаж, хувцасны хэв маягийг тогтоож байсан тухай тэмдэглэсэн байна. Харин монголчууд Манж чин улсад эзлэгдсний дараа  1759 онд Манжийн хааны хувцасны хуулиар нийт олноороо манж дээл хувцас өмсөх болсон юм. Энэ хууль одоо болтол мөрдөгдөж байгаа нь эмгэнэлтэй. Зураг : Рашид Аддыны сударийн чуулган дахь монголчууд.  

Алтан тэвшийн домог

Эрт урьд цагт энэ замбуулин хорвоо үүсэж байх үед юм гэнэ. Хан уул минь нэрээ аваагүй Хатан Туул минь урсаж эхлээгүй байх тэр цагт эндхийн жижигхэн булгийн дэргэд Лусын хааны ганц охин дагуул таван үзэсгэлэнтэй охидтой эрдэнийн алтан тэвшээр ус хутган тоглож бүжиглэж байхыг мангас шулмын хаан хараад ихэд уурлан энэ бол бурханы явуулга, энд амьдрал үүсгэж хүн суурьшуулах гэж Лусын хаан охиноо явуулсан байна. Энэ эрдэнийн алтан тэвшээр цацрах ус шиг ус булаг ундарсан ургамал цэцэг тэгш үзэсгэлэнтэй нутаг үүсэж хүн амьтан суурьших нь гэж ихэд уурлан атаат сэтгэл төрж таван чөтгөрөө дуудаж ирүүлээд нэгдэх чөтгөрт ингэж хэлжээ. -Чи урд талаас нь очиж тэр булаг дээр эрдэнийн алтан тэвшээр ус хутган тоглож байгаа Лусын охин, түүнийг дагаж яваа таван охидыг айлган сандаргаж эрдэнийн алтан тэвшийг нь авчир гэж явуулжээ. Энэ үед Лусын охиныг дагаж яваа таван охины хамгийн бага нь үзмэрч их мэргэн охин байж. Тэр үзмэрч мэргэн охин тоглож байснаа гэнэт ингэж хэлжээ: -Яана аа, биднийг мангас шулмын хаан харчихлаа. Бид хэдийг хорлож алтан тэвшийг авах гэж чөтгөрөө явууллаа, одоо яах вэ гэхэд, Лусын охины дагуул таван охины эгчмэд нэгдэх охин ингэж хэлжээ, -Ном муутай тойн хүнээс ном эрдэмгүй гөрөөчин эр дээр гэдэг үг бий. Би анчин гөрөөчин болж угтъя гэж анчин эр болон хувирч угтан овоохой босгож хоолоо хийгээд хүлээж суужээ. Нэг дэх чөтгөр ихэд саваагүйтэн исгэрч орилж айлгах гэж ядаад овоохойг нь шөргөөж цоолж шагайтал халуун тостой шөлөөр нүдийг нь сохлоод алчихаж гэнээ. Нэг дэх чөтгөрөө алагдаж нүдээ сохлуулсанд мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж хоёр дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ, -Чи миний далан алд төмөр шилбүүрийг авч тэр олон бэлчиж яваа зээрийг тас ороолгон хөөж Лусын охин, түүнийг дагаж яваа таван охиныг дайруулан алаад эрдэнийн алтан тэвшийг нь авчир гэж явуулсныг тав дахь охин бас мэдээд мангас шулмын хаан хоёр дахь чөтгөртөө далан алд төмөр шилбүүр өгч үй олон зээрийн сүргээр биднийг дайруулан алж эрдэнийн алтан тэвшийг авахаар явууллаа, одоо яана гэхэд хоёр дахь охин ингэж хэлжээ: – Зээрийн сүрэг олон гэлээ ч зэгэл саарал ганцдахгүй гэдэг. Би хөх чоно болж хөөе гээд хөх саарал чоно болон хувирч улин хөөхөд олон зээр эргэн дайрч зугтахдаа далан алд төмөр шилбүүртэй чөтгөрийг нь дайраад алчихаж гэнээ. Хоёр дахь чөтгөрөө алдсан мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж арга ядахдаа гурав дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ: -Чи эрдэм номтой түшмэлийн дүрээр тэдэнтэй ном хаялцана. Лусын охин, түүнийг дагаж яваа таван охин дуулж дэвхцэхээс өөр юу хийж чадав гэж. Хэрэв чи тэдэнд буруу зөрүү ярьж асуусанд нь хариулж чадахгүй ялагдвал чи газар дээрээ аянганд нэрвэгдэнэ. Тэд ялагдвал тэд аянганд ниргэгдэж тэдний алтан тэвш миний болно гэсэн хатуу тангарагтай ном хэлэлцэхээр явуулжээ. Тав дахь охин бас мэдээд ингэж хэлжээ: – Мангас шулмын хаан бидэн рүү гурав дахь чөтгөрөө ном эрдмийн түшмэл болгон хувиргаж, ном хаялцуулахаар явуулж байна. Хэрвээ бид буруу зөрүү хариу өгч үг алдвал аянганд нэрвэгдэж, газар дээрээ үхэж алтан тэвшээ алдана гэж санаа алдан хэлэхэд гурав дахь охин ингэж хэлжээ: -Эрдэм номонд муухан гэлээ ч би элдэвтэй тэр түшмэл болсон чөтгөртэй ном хаялцъя гээд явжээ. Мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр гурав дахь охинтой уулзаж болзлоо хэлж хэн нь эхлэхээ шодоход мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр эхлэн асуух болжээ. Мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр: -Бурхан, бурхан гэх бурханы чинь эцэг хэн бэ гэж асуухад охин: -Сэтгэл гэвэл, түшмэл болсон чөтгөр ихэд гайхан тэгвэл сэтгэлийн чинь эцэг хэн бэ гэхэд гурав дахь охин: -Мөнх хөх тэнгэр гэхэд мангас шулмын түшмэл болсон чөтгөр ихэд баярлан тэнэг минь тэр бурханы чинь эцэг манай мангас шулмын хаан гэвүүт аянга мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөрийг ниргэчихэж гэнэ ээ. Гурав дахь чөтгөрөө аянганд ниргүүлсэн мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж дөрөв дэх чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ: -Чамайг зуу дахин хувирах шидэт баатар болгон явууллаа. Чи Лусын хааны охин, түүнийг дагаж яваа таван дагуулыг алаад эрдэнийн алтан тэвшийг авчир гэж явуулжээ. Тэгэж явуулахдаа хохимой толгойн дуулга өмсгөж, чиний хохимой толгойн дуулган дунд байгаа өндгөн чинээ хар мэнгэ, хар үсийг чинь харваж чадаагүй үед чи үхнэ гэж үгүй. Иймд чи бүү ай, бүгдийг устгаж алтан тэвшийг ав гэж дахин дахин хэлжээ. Энэ явдлыг тав дахь охин бас мэдэж ингэж хэлжээ: -Мангас шулмын хаан зуу дахин хувилах шидтэй түмэн хүний хохимой толгойн дуулгатай, дуулганы элгэн голд чигчийн чинээ хар мэнгэ, хар үстэй баатраа явууллаа. Энэ баатрын хар мэнгэ хар үсийг харваж чадаагүй хэн ч дийлэхгүй, одоо яана гэхэд дөрөв дэх охин: -Бүү ай, харанхуй шөнө хар батганы толгой хага харвах баатар би биш ч гэсэн харвая гээд харваад алчихаж гэнэ. Мангас шулмын хаан дөрөв дэх чөтгөрөө алуулсанд уурлахын ихээр уурлаж тав дахь охины мэргэн шидтэйг мэдэж гаслахын ихээр гасалж өөрийгөө хараан цамнаж цамнаж тав дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ: -Чамайг би хэнд ч үзэгдэхгүй хөх өвсөнд хөх зүү мэт хөх могой болгон хувиргаж, Лусын охин, түүнтэй яваа таван охиныг алуулахаар явууллаа. Тэр дундаа тав дахь бага охиныг хамгийн түрүүнд ал, тэгэхэд бусад нь яаж ч чадахгүй гэж хэлээд явуулжээ. Өдөржин шөнөжин айж түгшсэн Лусын охин түүнийг дагаж яваа таван охин ядарч, үүр шөнөөр нүд нь анилдаж байтал тав дахь охин хашгиран босон харайж, хариугүй хатгах гэж байсан хар эрээн могойн толгой сүүлийг базан тэлж Лусын охин чинийхээ хаш цагаан орд харшийн чинь хаалга үүдийг сахих ерөөлтэй хангарьд нь би боллоо гээд нисээд явчихжээ. Үүнээс үүдэн хүрээ хот хангарьд сүлдтэй болсон гэнэ. Нэг дэх охин нь анхны аюулыг анхлан зайлуулснаараа урд уулын савдаг анчин эр болъё гээд явчихаж гэнэ. Тэр цагаас хойш Богд уул ан, гөрөөндөө харам үгүй ч худал хулгай тогтдоггүй, анчин эр савдагтай болсон гэдэг. Хоёр дахь охин нь хөнөөлийг хөөж хөх чоно болсон учир хайрхан уулыг чинь харж харамлах савдаг сахиус нь болъё гээд явчихаж гэнэ. Тэрнээс хойш Сонгино уул догшин (Хөх чоно) савдагтай уул болсон гэнэ. Гурав дахь охин нь эрдэмтэй түшмэл болж ирсэн гурав дахь чөтгөрийн хөнөөлийг дарсан учир эрдэм номыг дээдэлсэн эрдмийн савдаг болж Чингэлтэй уулыг чимж явъя гээд явснаас Чингэлтэй уулыг ном эрдмийн улс шүтдэг болсон гэнэ. Дөрөв дэх охин нь баруун өмнөөс байлдахаар ирсэн баатрын хорлолыг арилгаж чадсан би Баянзүрх уулын чинь савдаг нь болъё гээд явснаас Баянзүрх уул баатар эрийн зүрх мэт цэрэг эрсэд ээлтэй уул болсон гэнээ. Ингэж Лусын охиныг дагаж ирсэн таван охин буцаж чадахгүй болсонд Лусын охин алтан тэвшээ урд ууланд тавьснаас Ширээ тэвш хэлбэртэй уул үүссэнээс алтан тэвшийн хөндий гэж ам бүрээс нь ус булаг ундарсан үзэсгэлэнтэй сайхан хөндий үүссэн гэнэ гэх энэ домгийг ноёны хатан явсан Хоролдаваа гэдэг нэгэн буурал, ээжид минь 1949 оны үед хуучилж суухыг сонсон сууснаа санан санан хожуу тэмдэглэсэн минь энэ билээ. Д.Баасанжав  

​Хатан бүүвэй баатар /домог/

Эрт урьд цагт халхын Аралдай тайж гэж байжээ. Аралдай тайжийг алс газар явж байхад нь өөлдийн шар баатар хаан ирж мал хөрөнгө, авгай хүүхдийг нь дээрэмдэн өөрийн нутагт авч явжээ. Хааны зарц өвгөн эмгэн хоёр дээрэмдсэн үхэр сүргийг нь тууж явж гэнэ. Нэг шөнө үхрээ хурааж хэвтүүлээд унтаж байтал үхэр дотор нь нялх хүүхэд уйлахад ихэд гайхан хоёулаа гарч харжээ. Нэг том шарны эвэрт өлгийтэй хүү өлгөсөн байж гэнэ. Өвгөн эмгэн хоёр үр хүүхэдгүй байсан учир их л олзуурхан авч, хүүг тэжээж өсгөхөөр шийджээ. Ингээд уул нутагтаа иртэл өдөр нь үхрийн эвэрт өлгөж, шөнө нь гэртээ оруулж, хуурайлж асарсаар гэртээ авчиржээ. Хүү өсөж торниод суүлдээ хааны адууг малладаг болжээ. Хүү ч чөмөгтэй хулсан уурга барьж, монгол дээлийн энгэрийг задгай тавьж монгол ардын дуу аялан давхидаг байж гэнэ. Үүнээс өөлдийн шар баатар хааныхан сэжиг авч өвгөнийг байцаахад: -Дайнд сүйрсэн нэгэн эмэгтэй амь зугатан гарахдаа үхрийн эвэрт өлгийтэй хүүхдээ өлгөөд явсныг олж авч тэжээж хүн болгосон билээ. Энэ хүн холын хүн гэдгээ мэдэх ёсгүй. Тэгэхээр энэ хүүг хардаж сэрдэх юм байхгүй. Эмгэн бид хоёрын гарсан хүү гэж үзээрэй гэж гэнэ. Удсангүй шар баатар хаан Булгийн гурван овоог тахих болов гэж сонирхон ярилцаж байв. Өвгөний хүүгээр овоо тахих гэж байгааг өвгөн эмгэн мэдэж хүүгийнхээ сэтгэлтэй бүсгүйд сонсгожээ. Өвгөний хүү уул нь Аралдай баатрын хүү байжээ. Шар баатар хаанд олзлогдоход Аралдай тайжийн эхнэр зарцаараа үхрийн эвэрт өлгүүлжээ. Хэрэв шар баатар хаан мэдвэл энэ хүүгийн ирээдүйд дайсагнан хөнөөж магадгүй, үхрийн эвэрт өлгөөтэй явбал хэн нэгэн хүн авч магадгүй гэж боджээ. Хүүгийн эх, өвгөн эмгэн, сэтгэлт бүсгүй нь хоорондоо амийг нь аврах арга ярилцжээ. Сэтгэлт бүсгүй нь адуугаа манаад ирэхээр нааш явуул гэжээ. Өвгөн хүүг сэтгэлт бүсгүйнд явуулж гэнэ. Тэр бүсгүй: Чи булгийн гурван овоог тахих гэж байгаад баяртай байна уу гэж асуужээ. Баяртай байлгүй яахав гэж инээмсэглэжээ. Бүсгүй санаа алдаж баярлах юм байхгүй, чамаар овоогоо тахих гэж байгаа юм шүү гэхэд сандарч гайхан: Яагаад надаар овоо тахидаг билээ хэмээв. Аралдай тайжийг алс хол явах хойгуур шар баатар хаан дайлаар очиж, адуу мал, ард олон, чиний эхийг олзолж авчээ. Эх чинь Шарбаатар хааны эхнэр болж байна. Чамайг үхрийн эвэрт өлгөөд явсаныг өвгөн эмгэн хоёр олж үрчилж авсан юм гэжээ. Одоо эх чинь мэдсэн. Бид чиний амийг аваръя гэж шийдлээ. Чи өнөөдөр адуугаа туугаад яв. Гурван өдөр ус ч уулгалгүй, өвс ч идүүлэлгүй талд ээрч байгаад туугаад ир. Тэгээд голын зах дээр очиж мориныхоо эмээл хазаарыг авч, хазаараа дэлгэж, тохмоо дээш харуулан тавиад хараад сууж бай. Бүх адуу чинь усанд орж ус ууна. Сайн ажиглаарай. Нэг морь тал хомоолоор бааж зогсож байгаад тохмон дээр чинь ирж хөрвөөж, хазаарын чинь амгайг зууна. Түүнийг унаад ирээрэй гэж бүсгүй захижээ. Хүү бүх зүйлийг ёсоор гүйцэтгэж, нэгэн цагаан морийг унаж маргааш нь бүсгүйд иржээ. Бүсгүй бэлтгэсэн цай хоолоо өгчээ. Чамд шар баатар хаан: -Овоо тахих баяр наадам болох гэж байна. Сайн морь барьж уна. Сайн дээл хувцасаа өмс гэх байх. Тэгэхээр чи морь, хувцас аль нь намайг голохгүй гэж хэл. Эхний овоог тахихад мориныхоо цулбуурыг тахимдаа хавчуулж зүүн хойшоогоо хараад суучихаарай. Адуучин хүү овоо тахилц гэхээр шууд мориндоо мордож Аранзадын унага харайх боллоо. Аралдай тайжийн хүү харих цаг боллоо гээд овоог нь бугуйлдан унагаад зүүн хойшоо зугтаарай. Чамайг тал талаас чинь барих гэх байх. Чиний морь гүйцэгдэхгүй явна. Олон хоног хөөнө чи ядарна. Нойр хүрэхээр нь энэ гурван ташуурыг хоёр гартаа барьж, дунд баримыг эмээлийн бүүрэгэн дээр тавьж унтаад яв. Бүүрэгнээс ташуур чинь мултарч чамайг сэрээнэ. Ам чинь цангаж гэдэс чинь өлсөнө. Энэ богцонд хийсэн жижиг хуруудыг хүлхээд яв. Унд ч болно хоол ч болно. Тарвага нь хэвтээ хошгирч байгаа газарт бууж амарч болохгүй. Тэр хүний нутаг шүү. Босоо хошгирч байгаа тарвагатай нутаг өөрийн чинь нутаг, тэнд бууж амарч болно. Аав чинь алуулах биз. Харин эх чинь энэ бүсгүй мэнд байж болно. Эднийг дайсны гараас аврахыг бодоорой гэжээ. Чиний морь жинхэнэ хүлэг морины шинж бүрдсэн, тал хомоолоор баадаг, ус бараг уудаггүй, их таргалдаггүй тоосоо үзвэл зогсохоо мэддэггүй юм. Чиний хазаарын амгай битүү учир зогсооход хичнээн татсан ч заарахгүй гэж захижээ. Сэтгэлт бүсгүй нь: Манай ахын гурван алд урт биетэй шарга гүү бий, тэр чиний морийг гүйцэж мэднэ. Болбол ахад би хэлж би түүнийг барьж уная. Хожим хойно ямар ч байдалтай уулзаж болно. Үүгээр хоёр биеэ танья гэж нэгэн зоосыг дундуур нь хувааж хагасыг нь өгч, хагасыг нь өөрөө авчээ. Тэгээд хүү мориндоо мордов. Бүх үйл явдал өвгөний хэлсэнээр болж овоог бугуйлдаж татаж унагаад тал талаас нь дайран эмээлийн гөлөмнөөс татахад гөлөмний жаран зүйлээр нааж хийсэн тул учир зүйдэл бүрээр тасарчээ. Морин дээрээ унтаж хуруудаа хүлхэж явсан боловч бие нь ядарч явж. Бараа тасраад хэд хоносон хойно яаж гүйцэхэв гэж бодоод таврага хэвтээ хошгорч байсан нэг газарт хэвтээд унтжээ. Нэг сэрэхэд морины төвөргөөн сонсогдоход босож харвал хэдэн морьтой хүн ирж явжээ. Дэргэдээс нь зугтаад гүйцээгүй юм, ийм холоос зугтахад яаж гүйцэхэв. Миний морь бага ч гэсэн амарсан гээд мордоод ухас гэсэн чинь морь нь чөдөртэй юм шиг явдаггүй гэнэ. Юунд бууж унтав даа ингээд баригддаг байж гэж бодоод харсан чинь хамгийн түрүүнд шарга морьтой хүн хол зайтай явж байлаа. Гэтэл эмэгтэй хүний дуу гарч, чи эр хүн байж эмэгтэй хүнээс дор яасан, юм санадаггүй юм бэ? Өвөртөө байгаа тулгын дөрвөн чулуунаас авч хая гэжээ. Өврөө уудалсанд хэтэн дотор нь дөрвөн чулуу байжээ. Гурвын нь авч хаяхад морь саадгүй давхижээ. Үүнээс хойш монгол хүн хэтийн цахиурыг тэгш тоотой хийдэггүй, сондгой тоотой хийж заншсан түүхтэй гэнэ. Шарга морьтой нөгөө бүсгүй ойртож ирээд одоо босоо хошгорч байгаа тарвагатай газар очиж амраарай. Би чамайг гүйцээгүй болоод хоцоръё. Сайн яваарай гэж хоолой чичрэн холдсоор хоцорчээ. Хүү хэдэн өдөр шөнө давхисаар бас ядарсан боловч хэвтээ хошгорч байгаа тарвагатай нутагт бууж амрахгүй явсаар арай гэж нэг босоо хошгорч байгаа тарвагатай газар ирж унтаж өөрөө амарч, морио амараагаад цааш явжээ. Хэдэн өдрийн дараа нутагтаа ирж аавтайгаа уулзжээ. Аав хүү хоёр шар баатрынхан дайтахаар ирнэ гэж цэрэг зэвсэг хуралдуулж, Өөлдийн шар баатар Аралдай тайжийн хүүг нэхэн иржээ. Шар баатар бүх цэргээсээ гурван хоногийн урьд явдаг, нэг унтахаараа гурван хоног унтдаг гэдгийг Аралдай тайжын хүү тагнан туршиж мэджээ. Гэтэл шар баатар хаан цэргүүдээсээ гурав хоногоор түрүүлж ирээд, дэргэдээ сэлэм, буу, жадаа тавьж алтан бариултай сэлмээ нуруун доороо хийгээд унтсан байхад Аралдай тайжийн хүү ирж бууг нь авч зүрхэн тус нь буудсан ч буун сум даасангүй гэнэ. Шар баатар хаан буун дуу гарч, дарь хүхрийн үнэр гарав уу? гэсээр өндийхөд нь жадыг авч өрцийг нэвт жадлан газартай хадаажээ. Тэгтэл нэг гараараа нуруун доорх сэлмээ сугалан авч Аралдай тайжийн хүүгийн хүзүүн дээр тавилаа. Хүү огт хөдөлж чадсангүй. Шар баатар хаан хэсэг харж байснаа: -Чамайг ингэж сэм ирнэ гэж даанч санасангүй жадлууллаа. Түүнээс биш чи намайг дийлэх чадал байх ч үгүй. Одоо ч гэсэн чи миний сэлэмнээс гарч чадахгүй. Хоёр баатар нэг газар үхэж байсан түүх ч байхгүй. Иймээс би үхье. Би чамайг алчихаад цэргээ иртэл амьд байж чадна. Гэхдээ нэвт жадлуулсанаас болж жад авахаар үхнэ. Чи миний цэргийг хөнөөлгүй буцаагааарай. Одоо миний жадыг ав гэжээ. Аралдай тайжийн хүү жадыг сугалж авахад өөлдийн шар баатар хааны амь гарчээ. Аралдай тайжийн хүү өөрийн цэргийг байлдахад бэлэн болгоод өөрөө шар баатар хааны цэргүүдийг угтан очиж буулгаж авчээ. Ингээд төрсөн эх, сэтгэлт бүсгүйгээ, албат ардаа авч эх нутагтаа буцжээ. Үүнээс хойш ойролцоо хаадаас довтолгоо хийхэд Аралдай тайжийн хүү өөрийн цэрэг зэвсэг дээр өөлдийн шар баатрын хааны цэргийн хүчтэй хавсарч удаа дараа хатуу ширүүнээр бут ниргэх болжээ. Ингээд нэр алдар нь цуурайтаж Халхын "Хатан бүүвэй баатар" гэж олноо алдаршжээ. Үүнээс болж нялх хүүхэд ч хатан баатар ирлээ гэхэд мэдэж уйлахаа больдог гэсэн домог үүсчээ. Тэгээд хүүхдийг уйлахад Бүүвэй ирлээ гэсэн дохио болгож "Бүүвэй, бүүвэй" гэх болж бүүвэйн дуу үүссэн домог гарчээ.

Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ

Энэ бол 80-аад оны дундуур Хөвсгөл аймагт болсон явдал юм. Тэр үед Хөвсгөлийн Цагаан-Уул суманд Баатар гэдэг, нутаг усандаа төдийгүй хойд чигтээ алдартай бөө байжээ. Олон удам дамжсан бөө гэнэ билээ. Эцэг, өвгөд нь их хэлмэгдүүлэлтийн бэрх цагийн аясыг даагаагүй ажээ. Ялангуяа аав Даржаа нь тэр цагт хэлмэгдэн баригдаж явахдаа өөрийгөө тарнийн аргаар егүүтгэсэн гэдэг.  Болсон явдал ийн байлаа. Даржаа бөө Цагаан-Уулдаа алдаршиж асан үе. Үе дамжсан зайран тул нутгийн төдийгүй зэргэлдээ аймаг, сумынханд ч чадах чинээгээр тусладаг байж. Нэгэн удаа Цагаан-Үүрээс хоёр хүн ирж залжээ. 19-тэй охин галзуурав гэсэн дуудлага байжээ. Даржаа гуай очвол, дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Буриад айл байсан аж. Даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсгөлөө өмсөн, хэнгэргээ дэлдэн, тамлагаа дуудан, цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд буриадаар загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл, буриад охины өвөөгийн сүнстэй холбогдсон байна. Хөрвүүлбэл, өвгөний сүнс ийн хэлжээ. “Охин минь, чи даанч яав даа. Чи булга агнадаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амьтны амь таслаад байна аа. Чи жирэмсэн байхдаа буу үүрч, бор гөрөөс бууджээ. Жир гөрөөс биш байж. Хэцүү дээ, охин минь” хэмээжээ. Ингээд Даржаа бөө харын аргаар аргалах болжээ. Охиныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхуурдан цамнасан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь мэдээж. Тэгэх бүртээ ёслол болж буй уулын орой руу үе үе харан, чих тавьж байсан гэдэг. Дом эмчилгээг удтал хийсний эцэст сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу гурвантаа гарч, задран ухаан алдаж унажээ. Амнаас нь хөөс сахран хэсэг хэвтсэнээ босож ирээд нөгөө охиныг усаар ариусгажээ. Ус цацаад л тамлага хэлээд л… Тэгж тэгж засал сая нэг юм шөнөөр өндөрлөсөн байна. Маргааш бууг нь ариусгаад дахин барихыг хорьсон гэдэг. Дахин буу агсаж, ан хийгээд солиорвол би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглэсэн байж. Энэ удаа аргаллаа гээд тэднийд хоёр хоноход охин эдгэсэн байна.  Нөгөөдүүл нь Даржаа зайранг хүргэж өгчээ. Тэднийг харьж явтал маш ширүүн аадар оржээ. Ёстой л хувингаар цутгах мэт орж байсан юм байх. Даржаа хоёр нөхрийн хамт уяан дээрээ буугаад морьдоо уячихаад гэрт орж ирэхэд хүмүүс мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэр гурвын хувцас хув хуурай байж. Хамт явсан хоёр нь ч ихэд гайхсанаа ийн ярьжээ. “Биднийг нэлээд дөхөж явтал хүчтэй аадар орсон. Бид ч баларлаа гэж бодлоо. Гэтэл зайрантан өврөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарни юм уу тамлага уншиж үлээв. Орж эхэлсэн бороо ярагдаад явчихсан. Биднийг тойроод л шаагиад байлаа” хэмээжээ.  Үүнийг тэр үед 10 настай байсан хүү нь болох Баатар зайран сонсож, нүдээр үзсэн тухайгаа бурхан болохынхоо өмнөхөн буюу 2001 онд ярьсныг нутгийн хөвүүн багш Дэлгэрбат надад өгүүлсэн юм. Тэрбээр цааш нь ийн хуучлав. Баатар зайран надад ярьсан юм. Даржаа зайран Баатар бөөг есөн настай байхад бүх “юм”-аа өвлүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүү Баатар нь есөн настайдаа зайран болсон хэрэг. Тэр жилийн намар анх удаагаа буусан юм байх. Ингээд байж байтал 1938 он гарчээ. Нэг өдөр хар машин давхиад иржээ. Машинаас цэргийн дарга бололтой нэг хүн, буу бүхий хоёр цэрэг, сумын даргын хамт буугаад иржээ. Хэрэг бишидсэн нь тодорхой болов. Сумын дарга хий дэмий л хулганан, офицер зандарч эхэлжээ. Даржаа зайран хальт мөлт хувцаслаад, цай ч амсаж амжилгүй гарчээ. Сумын төвд авчраад баригдсан, зовлон нэгт хүмүүстэй нийлүүлээд нэг хонуулан аймгийн төв рүү ачжээ. Буутай харгалзагчид дагалдах тул оргох талаар бодохын ч хэрэггүй байв. Баригдсан хүмүүсийг хонь мэт холбосон гэдэг. Хонох газар буулгаж, аяга цай, хоол өгдөг байж. Нэгэнт өнгөрснөө мэдсэн хүмүүсийн хоолойгоор юу давах билээ. Хоолтой, хоолгүйн ялгаа ч бараг үгүй биз ээ. Тэднийг аймгийн төвд авчраад буулгахад, Даржаа зайран аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Хоёр талд нь сууж явсан хүнээс асуухад “Амандаа юм үглээд, захаа долоогоод л явсан. Нэг мэдэхэд таг чимээгүй болохоор нь унтчихлаа л гэж бодсон” гэжээ. Ногоон малгайтнууд айснаасаа болоод үнхэлцэг нь хагарсан хэмээн оношилсон байна. Харин нутгийн зон олон арай өөрөөр ханджээ. Манай хүн үхэхээ мэдсэн. Тэгээд зовлон багатай өнгөрөхийн тулд нууц тарнийн аргаар амиа егүүтгэсэн гэдэг ажээ. Зарим нь бүр өөрөөр, амиа хорлосон доо. Түүнд амьтан хордуулдаг хор зөндөө байсан. Хүн хордуулдаг нь ч байгаа биз гэх.   Баатар эхлээд бүлгэмд сууж, дөрвөн аргын тоо, бичиг үсэгт тайлагджээ. Түүнийг цааш нь сургах гэсэн авч нэгэнт шүтээн авчихсан, онгод нь үе үе орох тул ээж, дүү нартаа туслах нэрээр хөдөө үлдэж амжжээ. Улааны суртал ухаалга их, мөрдлөгө хавчлага туйлдаа хүрсэн тул бүр ойн иргэдийг бараадсан байна. Тэндээ бүгсээр 1939, 1945 оны дайн, 1947-48 оны баруун хилийн тулгаралтын үеийн цэрэг татлагаас мултарчээ. Бараг бүртгэлгүй нэгэн байсан гэхэд болно. Тэр үед тайгад эмнэлэг, эмч байгаагүй болохоор гол хүн нь Баатар зайран байсан нь лавтай. Түүний талаар үлгэр мэт домог бишгүй. Сорчлон ганц хоёрыг хүргэв. 50-иад оны сүүлчээр мал нийгэмчлэх үеэр болсон явдал гэнэ билээ. Сумын намын үүрийн даргын эхнэр хүнд өвджээ. Аймгийн эмнэлэгт хэвтээд ч тусыг эс олжээ. Ер нь л хэвтэрт орох тийшээгээ болсон юм байх. Тэр үед битгий хэл 70-80-аад онд “томчууд” болохоо байхаараа нууцаар лам, хар болдог л байсан шүү дээ. Сумын дарга хар домтой хүний эрэлд гарчээ. Сураглаад, сураглаад сураг эс гарав. Тэгж байтал малаа тушааж явсан нэгэн өвгөн Даржаа агсны хүү Баатартай уулзахыг зөвлөжээ. Тэр ч уухайн тас явсан байна. Ойн иргэдээс асуусаар байгаад олоод авчээ. Гэрт нь орвол нас тогтсон эмэгтэй гурван хүүтэйгээ байж.  Сумын намын үүрийн дарга гэдгээ мэдэгдсэнд тэдний царай хувьсхийн түгшүүр тээгээд явчихаж. Аргагүй шүү дээ. Дарга, цагдаа хоёроос айдаг айдас нь гүйцэд арилаагүй цаг юм чинь дээ. Цай, цүү болсны эцэст дарга учраа хэлжээ. Баатар татгалзав. Татгалзах ч юу байхав, тийм юм мэдэхгүй, чадахгүй гэжээ. Удтал гуйлгасны эцэст “Надад болон ээж, дүү нарт минь муу юм хийхгүй бол аваад ир” гэжээ. Мань эр ч уухайн тас буцжээ. Маргааш орой нь морь тэргээр хэвтрийн хүн аваад иржээ. Баатар үдшийн бүрийгээр түүдэг асаагаад бөөлж гарчээ. Тэр бас галын тарнитай хүн байсан бололтой. Өвчтөн дээр жодгор босгоод шатааж орхиж. Дарга ихэд сандарсан ч яаж ч чадаагүй нь мэдээж. Энгийн хүн тэгсэн бол даргын эхнэр хуйхлагдаж үхэхгүй юу. Жодгор ч шатаад дуусчээ. Тэрүүхэн агшинд улайнд хэзээнээс дуртай хоёр хон хэрээ тагнай таших адил дуугарсаар өвчтөн болон тэнд байгсдыг гурав тойроод нисэн оджээ.  Баатар хэсэг цамнаж байснаа ухаан балартсан байдалтай хэсэг суугаад “Улайны бузар болжээ. Эзэд нь ирээд явлаа. Айлаас див шингэсэн мах идсэн байна. Ирэх жилийн энэ өдөр хүртэл айлаас мах бүү ид” хэмээсэн лүндэн буулгажээ. Ингээд гурав хоноод буцахыг хэлжээ. Тэд ч ёсоор болгов. Өнөө хэвтрийн нөхөр гурав дахь өдрийн өглөө өөрөө босоод ганцаараа бие зассан гэдэг. Ингээд сумын намын үүрийн дарга зуутын хоёр дэвсгэртээр гар цайлгаад оджээ. Гурил, будаа, цай тамхи ч өгсөн гэдэг. Эцсийн найдлага байсан тул болсон ч, эс болсон ч дүүрч гээд бэлтгэлтэй очоо биз дээ. Далаад оны үед аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч очсон байгаа юм. Хүүхэд нь саагаар өвдсөн гэмээр чөдөртэй юм шиг өрөөлдөж явдаг болсон байна. Тэр үед саа буюу полиомиелитын шинжилгээ хийдэггүй байсан болохоор яг таг тогтоох боломжгүй байсан нь мэдээж. Сумын намын үүрийн даргаас сонссон уу, эсвэл түүний тараасан цуу ярианаас мэдэв үү, юутай ч Баатарыг олоод очсон байна. Аймгийн эмнэлгийн эмч ингэж явааг үзээд гайхсан нь мэдээж. Эмч “Манай хүүд үл танигдах өвчин туслаа. Орчин үеийн эмнэлэг лав эдгээж чадахгүй нь тодорхой болов. Бололцоотой бүх эмчилгээг хийгээд ядлаа. Чи л нэг аргалж үз” хэмээжээ.  “Аймагт бөөлөх боломжгүй. Юутай ч аваад ир. Дийлэхгүй бол бүү гомдоорой” гэжээ. Эмч ч ёсоор болгов. Үнэхээр чөдөртэй морь шиг явдаг хүү иржээ. Мөн л үдшийн бүрийгээр түүдэг асаан бөөлжээ. Энэ удаа бүр итгэхэд бэрх юм болжээ. Газарт мод дэвсэж шатаагаад түүн дээрээ нүцгэн хэвтэхийг даалгажээ. Зайран хагас ухаантай байсан тул хөвгүүн айж, татгалзжээ. Гэвч онгод нь орсон зайран догшноор зандран хэвтүүлсэн байна. Энгийн хүн тэгсэн бол шад падхийн хиншүү, хярвас үнэртдэггүй юм гэхнээ, орилоод босон харайх байлгүй. Мод ч шатаад дуусчээ. Баатар зайран “Хүү ус бузарласан байна. Лусын хорлол болжээ. Галын засал хийлээ. Нэлээд хатуу байна. Домнолгыг гурав давтана” хэмээжээ. Ингээд гурав давтаад явуулжээ. Эмч чадах чинээгээрээ гар цайлгаад одсон нь мэдээж. Яг арав хонож байтал нэгэн машин ирж гэнэ. Машинаас эмч, эмчийн гэргий, хүү гурав буусан байна. Хүү жирийн явдлаар ирж мэндлэв гэнэ. Өөрөөр хэлбэл, бүр эдгэжээ. Эх нь доголон нулимстай, аав нь мөнгөн аяга, хадаг сүүтэй уулзжээ. Буцахдаа багахан агентын дайны бараа орхисон гэнэ лээ. Ингээд Баатар аймаг даяар алдаршив.  Наяад оны эхээр ойн иргэдийн нэг өрхийг гамшиг дайрчээ. Долоон хүүхэдтэй айл байж. Дөрвөн хүү, гурван охин ямар нь мэдэгдэхгүй үл таних өвчин тусчээ. Гэнэт халуураад, биеэр нь улаан цэгэн тууралт гарч, төдөлгүй татаад талийдаг өвчин байж. Одоогийнхоор менингит гэмээр. Айлын ууган, отгон хоёр хүүхэд ийнхүү нас баржээ. Баатар удганыг залах нь тодорхой. Өөр хэнийгээ гэх билээ. Сумын эмнэлэг хол болохоор очиж, ирсээр байтал дахиад хэдэн ч хүүхэд өвдөх юм билээ, хэн мэдлээ. Зүгээр өвддөг бол ч яая гэхэв. Үхлийн аюултай өвчин шүү дээ. Ойн иргэдэд Баатар юу боллоо гэж цааргалахав. Очсон байна. Үдшийн бүрэнхийгээр бөөлдгөөрөө бөөлөөд, тамлага дуудаж, цамнаж, цамнаж ухаан балартаж ирснээ гэрт буй аав, ээж хоёрыг нь авдар сав, хэрэгтэй зүйлстэй нь гарган, хүүхдүүдийг дотор нь үлдээгээд, үүдийг нь хаалгаад галдаж орхиж. Урц дүрэлзээд, дотор байгаа юу ч үлдэхээргүй аймшигтайгаар шатжээ. Дотроос нь хэн ч аврал эрж хашгирсангүй нь хачирхалтай байж. Хуурай модон урц хормын дотор шатаад дуусахад дотроос нь хүүхдүүд үнс, тортог ч наалдаагүй гарч ирсэн байна. Ийм юм бас байдгаа гэмээр санагджээ. Эгэл хүн ингэсэн бол хүүхдүүд гэртэйгээ шатах нь ойлгомжтой. Ядаж л галын дөлд хуйхлагдана биш үү? Ингээд дахин бөөлж байгаад ийн хэлжээ. “Эзэн амьтны хараал болсон байна. Ой тайгын эзэн байж. Та нар өнчин амьтан намнажээ. Түүнийгээ шударгаар хэл” хэмээн ханджээ.  Аав нь хэсэг хулгаснаа өнгөрсөн долоо хоногт том бид хоёр анд явсан юм. Ангаар баян тайгад нэг ч амьтан үзэгдсэнгүйд гайхаж явлаа. Гэтэл тайгын эхэнд өнчин цаа таарав. Залуу эр цаа байсанд хангай дэлхий “юм” хайрлав гээд намначихсан. Амь тавихдаа тайга доргитол аймшигтай мөөрсөн. Арьс, шийр, толгой нь тэр байна гэжээ. Баатар зайран, “Тэгнэ ээ, тэр. Тайгын эзэн онгон цаа намнажээ. Аргалаагүй бол танайх удмаараа сүйрэх байж” гэсэн байна. Энд өгүүлсэн хэдэн баримт бол түүний бараг өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг билээ. Тэр бүхнийг өгүүлэх боломжгүй юм. Галын засал голдуу хийдгийг бодохоор догшин хийгээд харын талын зайран байсан бололтой. Түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгссөнийг одоо өгүүлье.  Энэхүү ширүүн “тулаан” 80-аад оны дундуур ойн иргэдийн хүрээнд болжээ. Тэр нэг гайт өдөр Хөвсгөлийн Ренчинлхүмбийн нэгэн даяанч дархад эр тэднийд буужээ. Монголчуудын ёсоор дайлж, цайлсан байна. Архинд халсан дархад, Баатар хоёр энэ тэрийг ярьж байснаа дуу нь чангарчээ. Улмаар маргасан аж. “Хөвсгөл бөөтэй ч сор нь Ренчинлхүмбэд бий. Үгүй дээ, манайхан ч бөөтэй. Би гэхэд л удам дамжсан зайран. Үхсэн хойноо, чиний бөө гэж юу байдаг юм. Танайхан тааруу даа. Ямараа чамд харуулна аа, гайгүй. Чаддаг юм бол тэг л дээ. Чадалтай нь дийлнэ биз. Үзье л дээ” гэх зэргээр маргаж байснаа унтаад, өглөө нь босонгуутаа дархад эр цай ч амсалгүй хар, цагаан дуугүй оджээ. Явахдаа “За, зайрантан. Хийдэг юмаа хий. Би хариу барья. Хэн нэг маань үлдэх биз” гээд мордсон гэдэг. Баатар ч хийдэг юмаа хийсэн бололтой. Дархад хариад хачин муухай хар даржээ. Хэд хэдэн шөнө тэгсэн байна. Хэрэг бишидсэнд хариуд нь дархад жатга хийжээ. Бүр айл амьтандаа хэлж байгаад хийсэн гэдэг. Баатар зайрангийн хар дом, дархад эрийн жатга хоёр харилцан тэнцүү байсан тул хэн нэг нь эндсэнгүй.  Гэхдээ дархадын жатга арай хүчтэй байсан юмдаг уу даа, Баатар бөө удалгүй ухаан солиорчээ. Гэхдээ үе үе хальт ухаан ордог бөгөөд тэр үедээ ухаан гүйцэд гийвэл “Хариугаа авч гүйцээнэ ээ, чамайг” гэдэг байж. Түүнийг аргалах хүн байгаагүй тул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн тасагт байн байн хэвтсээр ерээд оны дундуур өөд болсон байна. Түүний ухаан бүрэн цэлмэж хариугаа авч амжсангүй. Одоо бодож байх нь ээ тэрхүү дархад эр зүгээр нэгэн биш байсан бололтой. Ренчинлхүмбээс Цагаан-Уул, тэр дундаа ойн иргэдээр хэсэж явахыг бодоход эгэл эр биш байсан нь тодорхой. Тайгын харын бөөгийн, тэгэх тусмаа удам дамжсан бөөгийн хараалыг давна гэдэг амаргүй дээ. Тэгээд бодохоор тэрхүү дархад даяанч яав ч зүгээргүй нэгэн байж. Тэрхүү дархад эр ерээд оны дундуур өөрийн зөнгөөр нас эцэслэсэн гэдэг юм.  Г.Мөнх

Мулан- Тоба баатар бүсгүйн түүх

Мулан баатар эмэгтэй нь Хүннү-Сяньби угсааны Тоба аймгийн эмэгтэй байжээ./Одоогоор бол Монгол угсааны / Мулан баатарын тухай анх 1927 оноос эхлэн Хятадууд зохиол хийж эхэлсэн ба Холливудын хүүхэлдэйн киноноос өмнө Муланы тухай хэн ч мэддэггүй байсан, анх түүхэнд “Тобагийн тобчиан”-д тэмдэглэгдсэн бөгөөд дараа нь тэндээс Мин улс, Чин гүрэний үед “Муланы домог”-ийг хуулж товч байдлаар тэмдэглэсэн байна. Дэлхийн кино компаниуд Мулан баатар эмэгтэйг “ ХАН” үндэстний баатар мэтээр дүрсэлж кино хийж байгаад нь олон орны түүх судлаачид дургүйцэн үгээ хэлж, Мулан баатарыгТоба, Сяньби угсааны эмэгтэй байсан гэдэгийг дуугарч байна. “МУЛАНЫ ТУУЛАЛ” буюу “МУЛАНЫ ДОМОГ” нь Хятадын ТАН династийг байгуулагдахаас өмнө 6-р зуунд Тоба улсын түүхэнд анх тэмдэглэгдсэн байна. Тэгвэл одоо Монгол угсааны Тоба баатар эмэгтэй Мулан нь Тоба улс (386–534) –ын үед Тоба-Сяньби өрлүг /Өрлөг жанжин / ноёны охин болж төрсөн байна. Мулан нь багаасаа эхлэн морь унаж, зэвсэг илд нум сум агсаж, тоба өрлүг ноён эцгийнхээ хамт их цэрэгийн тэргүүнд байлдсаар явж, цэрэгийн эрдэмд суралцсан байна. Өөр нэгэн Тобагийн домогт : Тоба бүсгүй Замбага (Мулан) нь нэгэн Тоба айлын охин бөгөөд өндөр настай эцгийгээ дайнд явуулахгүйн тулд идэр бүсгүй дайнд оролцож, баатарлаг гавьяа байгуулдаг, 12 жилийн турш дайнд тэрбээр оролцож, буцаж гэртээ эргэж ирж байгаагаар үгүүлдэг байна. Тэр цагт одоогийн Умард хятадын нутагт Тобачуудтай ид өрсөлдөж байсан хүннүгийн үлдэгдэл аймгууд, хүннү-сяньби угсааны холимог аймаг Нирунчууд (монголчуудын дээд өвөг) оршин тогтнож, Умардын тал нутаг, говь цөлийг ихээхэн хөл хөдөлгөөнтэй болгож байжээ. Энэ л үед Тоба бүсгүй Мулан баатар төрж, 12 жилийн турш тэдгээр Өмнөт Хүннүгийн үлдэгдэл аймгуудтай байлдаж, дайлж, дарж явсанаар түүхэнд үлдсэн юм. Муланы домогт үгүүлсэнээр тэрбээр эцгийнхээ ор суурийг залгаж, их цэрэгийн тэргүүлэгч Өрлүгөөр /өрлөг жанжин/ томилогдож их цэргээ удирдан хүнчүүдтэй байлдаж байжээ. Мулан баатар нь тус бүс нутаг дээр оршиж байсан бусад ханлигуудын / династууд/ эсрэг довтолж, тэдний удирдагчидыг дарах зэрэгээр их үйл хэрэгийг бүтээж байжээ. Мулан гэдэг нэрийн тухайд хятад тайлбарууд олон бий, хятадаар mùlán (s 木兰, t 木蘭, lit. "wood-orchid") гэжээ, Мин улсын түүхэнд түүний овогийг Zhu (朱)гэсэн бол, Чин гүрний түүхэнд Wei (魏) гэжээ. Одоогийн хятадын түүхэнд Hua Mulan гэдэг болж, түүний овогийг花 (Huā, lit. "flower"-цэцэг) гэж тэмдэглэж байна. Монгол хэлэнд “Молон” гэдэг хүний нэрийг монгол бичгээр “Мулан” гэж бичдэг. Тоба улсын түүх нь Вэй улс нэрээр хятадын түүхэнд бичигддэг, Тобачууд нь Хятад нэгэн хант улсад цэргийн хүчээр туслан дэмжисний шагналд, Хятадын 50 гаруй хот сууринг бэлгэнд авсаны дотор өнөөгийн Бээжин хот багтсан байдаг. Иймээс Хоёрдугаар Тоба Хун хааны үед нийслэлээ урагш нүүлгэж, хятад түшмэд төрийн хэрэгт оролцох, хятад бичиг соёлыг авч, улмаар ууссан юм. Тэр цагт зарим Тоба ноёд бослого гаргаж, умард уруу зугатаасан, Нирун уруу ирсэн гээд түүх хөвөрч байна. “Муланы домог” нь тэр чигтээ нүүдэлчидийн ахуй байдал, соёл бүхэлдээ туссан байдаг, түүгээр барахгүй тэрхүү домогт тухайн улсын эзэн хааныг “хаган” /khagan; khan/ гэж тэмдэглэсэнийг та бүхэн унших болно. Тэгэхээр “Муланы домог” бол монголчуудын домог зүйн судлалын нэг хэсэг гэдэг ойлгомжтой асуудал юм. Тус домогт “хаан”, “Шар мөрөн”, “Харуул” зэрэг түүх газар зүйн талаар нэлээд тодорхой үгүүлдэг байна. Энэ домог дээрээс үүдээд Тобачууд хятадын “Хуанди” цолыг хэрэглэж байгаагүй, “Хаган” гэдэг монгол цолыг хэрэглэж байсаныг шууд ойлгож болно. “МУЛАНЫ ДОМОГ” хэмээх тоба яруу найргийг англи хэлээр сонирхбол: ТОБА-МОНГОЛЫН түүхэнд бичигдсэн "ЗАМБАГЫН ДУУН" хэмээх домог нь Тоба Вэйгийн "МУЛАНЫ ДУУЛАЛ" болж таарч байна. Тэгэхээр энэ 2-ийг харьцуулбал нэг домог нь тодорхой болж байна. - ЗАМБАГА ДУУНЫ ҮГИЙГ СИЙРҮҮЛБЭЛ : Үүдэн тушаа Замбага охин үйл нэхэх зуураа Үймэрч санаа алдах нь байн байн агаад Үйл нэхмэлийн хөндөл, холхигч тачигнах нь үгүй, Өнөө охин л ганцаар эмгэнэн энэлэн амой. Хэний тухай бодон шаналан байгааг асуувай, Хэн хүний үрийн төлөө ийн гансрааг сурвай. "Хэн бээрийн ч тухай бодоо нь үгүй, Хэн гуайг ч хүлээгээ нь үгүй ээ. Цэргийн зарлан ирэхийг урьд шөнө үзэв, Зэвсэгт их цэргээ хаан хуралдуулж байнам. Арваад тулааны зар хуйлаастай, Ар бүрт нь аавынминь нэр бичээстэй. Эцэгт минь идэр хөвүүн үгүй билээ, Эрийн цээнд хүрсэн ах надад үгүй. Эмээлт морь арилжаалж авахсан, Эцгийн өмнөөс тулаанд орохсон" гэвэй Хүлэг сайнм орийг зүүн захаас, Хөнгөн эмээл, тохмыг баруун захаас, Хазаар амгай юуг нь урд захаас, Хөндлөн урт ташуурыг хойд захаас авч гэнээ Үүр шөнийн заагаар эцэг эхийн гэрээс гаржухуй, Үдшийн бүрийгээр Хатан мөрний эрэгт хүржүхүй, Хашгирч охиноо дуудсан аав ижийнх нь дуу эс сонсдму, Хатан мөрний урсгал л долгиолон түрхрэх болой. Үүр шөнийн заагаар Хатан  мөрнөөс морджухуй, Үдшийн бүрийгээр охин Харуулнаа хүрвэй. Хашгирч охиноо дуудсан аав ижийнх нь дуу эс сонсдму, Хүн дайчдын хүү гэлдээн л Янь уулнаа дуулдму. Дайн тулаанд тэрбээр түмэн бээрийг туулжухуй, Даль жигүүртэй мэт даваа уулсыг гэтэлжүхүй. Харуулын харанга хойд умардын агаарт хангинаж, Хүйтэн гэрэл ган хуяган дээр нь гялтасхиймүй. Зуун тулааны дараа өрлөг жанжин амиа өргөж, Цэрэг дайчидарван жилийн дараа эгэмүй. Тэнгэрийн хүүд бараалхахаар тэд буцаж иржүхүй, Тэр хүмүүн Гэгээнтэн химнээ залармой. Алдар гавьяаны бичиг арвантаа хуйлагдмуй, Арав, зуу, мянгаар нь харамж хишиг хүртээмүй. Хүсэл зориг юундыг хаан охиноос асуувай, "Хишиг хүртэж алба түших гэсэнгүй билээ, Хурдан хөлт тэмээ гуйж болохсон боловуу, Харьж, төрөлхи сууриндаан очих гэсэн билээ" гэвэй Охиноо ирж буйг сураад эцэг эх нь гялайж, Орон суурингийнхаа захад угтан тосожамуй. Охин дүүгээ ирж буй гэгч нь олж мэдээд, Орон гэрийнхээ үүднээ оо энгэсгээ түрхвэй. Хөвүүн дүү нь эгчийнхээ ирж явааг сонсоод Хурга, торой төхөөрөхөөр хутгаа ирлэн зэхвэй. "Бизүүн өрөөнийхөө хаалгыг нээж орсу, Баруун өрөөнийхөө орон дээр сууму. Байлдан тулааны хуяг нөмрөгөө тайлж, Багын хуучин хувцсаа эгэлдэрмү. Нарийн шингэн үсээ шил цонхноо янзлаад, Нимгэн энгэсгээ тольдоноодож түрхмү. Мөр зэрэгцсэн анд дайчдаа ийн золгосу, Мэлийн гайхалдаж бүгдээрийн хэлэлцсү: 'Арван хоёр жилийн турш хамтдаан зорчсон атал, Анд Замбага эмэгтэй байсныг огтоос анзаарсангүй байжээ!'" Эрэгчин туулайн хөл хурдан, эмэгчний нүд жартгай жижигхэн атал Эл хоёр туулай зэрэгцэн давхихуй, аль нь эр, эмийг хэрхэн ялгах буй?  

​Алтайн нурууны Ганган Төгс

"Тунгалаг тамир” киноны Итгэлт баян “Засагт ханы хөх харчууд хэцүү, хэцүү” гэж хэлдэг. Үнэхээр ч Засагт ханы хөх харчууд дээхэн үед ноёд баяд болон доншуур хятадуудад ёстой л аранга болж явсан байдаг. Тэдний нэг нь Засагт хан аймгийн Сартуулын хошууны “Ганган” Төгс байлаа. Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Алтайд” романд энэхүү цуутай эрийн амьдарч асан агуйн тухай цухас гардаг билээ. “Ганган” Төгс нь 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үе хүртэл Алтайн нурууны сүрлэг уулсыг ёстой л эзэгнэх шиг болжээ. Гэхдээ тэр бусад шилийн эрсийн нэгэн адилаар ганцаарханаа уул хаданд бүгсэнгүй. Алтайн нурууны асга хад, агуй хонгил бүхий салбар хэсэгт бараг л өөрийн гэсэн вант улсаа байгуулсан гэдэг. Тиймээс Манжийн засаглал болон Богд хаант Монгол улсын хэрэг явдал түүнд огтхон ч хамаарахгүй, гагцхүү өөрийн бодлого шийдвэрээр л үр хүүхэд, ойр дотны хүмүүсээ захиран залуурддаг байж. Яагаад ийнхүү бусдаас онцгойрч, олон түмнээс тусгаарлах болов гэвээс мөнөөх л эзэрхэг дээрэнгүй манжуудтай холбоотой. Хэрвээ тэр 18-р зууны үед амьдарч байсан бол эрх чөлөөний төлөө тэмцэгч Амарсанаа, Чингүнжав нартай нэгдэж Манжийн эсрэг зэвсэгт тэмцэлд гар бие оролцох байсан биз ээ. Даанч түүний амьдарч асан цаг үед Манжийн эсрэг эрслэн тэмцэх, цэрэглэн довтлох хүч бололцоо Алтай нутагт байсангүй. Харин үзэл санаа бол байсан. Тухайлбал Ард Аюушийн санаачилсан “Цэцэг нуурын дугуйлан” байна. Мөн Дарьгангын шилийн сайн эр “Хангай” Базар бол яалт ч үгүй Манжийн эсрэг боссон хүн. “Ганган” Төгс залуу зандан насандаа жирийн л нэгэн малчин эр байж. Гэвч тэр албан татвар энэ тэрээ төлөхгүй явсаар Даашинхүүгийн пүүсэнд зуун лангийн өртэй болсоноор амьдрал, хувь заяа нь гэв гэнэт л өөрчлөгдөж орхижээ. Эхэндээ ямар ч байсан өрнөөсөө салахаар арав гаруй хонь, дөрөв таван адуу туугаад Даашинхүүгийн пүүсэн дээр явж очтол эд нар нь зуун лангийн өрийг нь төлж хүчирсэнгүй. Ингээд бодоход зуун лан гээч нь тухайн үедээ их мөнгө байсан бололтой. Өрөө төлж хүчрээгүй “Ганган” Төгс пүүсний данжаадаас “Өрийг минь хэдэн сараар хойшлуулж өгөөч” гэж гуйжээ. Тэгтэл нэг хятад “Хай. Өрөө өгөхгүй бол хонгоны чинь мах хорсоно шүү” гэж хэлээд доогтой нь аргагүй инээсэн байна. Энэ муухай инээд тэнхээ чадалтай, цөс ихтэй “Ганган” Төгсийн зүрх сэтгэлийг ёстой л урах шиг болжээ. Тэр багтарсан хилэнгээ барьж дийлсэнгүй. Доогтой инээсэн мөнөөх хятадыг ухаан алдтал нь цохиж унагаад пүүсний данжаадыг заамдаж авсанаа “Та нар Монголоос идэж ханахгүй байна уу. Мангас шиг цөлдөг ходоод чинь удахгүй хагарах вий. Хэдэн манжтай чинь цуг Халхын нутгаас нохой шиг тууж хөөх цаг ирнэ ээ, гайгүй” гэж хэлээд байшингийн хананд шахаж байгаад дээш өргөтөл мөнөөх данжаадын хоёр хөл нь агаарт сарвалзаад амь тавих дээрээ тулсан гэдэг. Ёстой л нөгөө “Ацаг шүдний зөрүү” кинон дээр гардаг Заяат хужааг монгол эр Намжил заамдаж аваад өргөдөг шиг юм болж. Хэрэг явдал уг нь ингээд намжиж болохоор байж. Гэвч нөгөө заамдуулсан данжаад манж амбанд зарга мэдүүлсэнээр “Ганган” Төгс төрийн эсрэг тэрсэлсэн гэмт этгээд болж хувирчээ. Яахаараа нэг муу пүүсний данжаад төрийн эрх мэдэлтэн болчихдог билээ гэж гайхсаны хэрэггүй. Тухайн үед манж амбан ард олноос авах албан татвараа Даашинхүүгийн пүүсээр дамжуулж авдаг, нэг ёсондоо тэр муу заамдуулсан данжаад одоогийнхоор бол татварын байцаагч, төрийн ажилтан байж л дээ. Ингээд “Ганган” Төгс Улиастайд байгуулагдаад байсан “Батгүн” шоронд хоригдсон байна. Үүнээс өмнөхөн Да хүрээнд “Батгүн мартах” гэдэг шорон байгуулагдсан бөгөөд энд Дарьгангын шилийн сайн эр “Торой” Банди хоригдож байсан гэдэг. “Ганган” Төгс “Батгүн” шоронд хоригдож байхдаа хятадуудыг үзэн ядах үзэлд улам ихээр автаж, нэг ёсондоо “Хятадын эсрэг үзэлтэн” болж хувирчээ. Хэрвээ тэр өнөө цагт амьд мэнд байсан бол бидэнд их л хэрэгтэй хүн байх байж. “Ганган” Төгс ийнхүү хар хятадуудыг үзэн ядаж байсаар нэг л өдөр хамт хоригдож байсан 12 хүнээ удирдаж “Батгүн” шоронгийн харгалзагч нарыг алахыг нь алаад, хүлэхийг нь хүлээд ууланд гараад бүгчихэж. Энэ цагаас хойш “Ганган” Төгс өөрийн ижил оргодол 12 хүнийг удирдах болж, тэд бүгд л эрхий хурууныхаа өндөгийг зүсч, цусыг нь нийлүүлж уугаад “Монгол хүнээс өнчин ишиг ч авахгүй. Харин хятад хүнээс бол сэтэрхий зүү байсан ч дээрэмдэнэ” гэж андгай тангараг өргөсөн гэдэг. Ингээд тэд жингийн зам тосч наймаачин хятадуудыг ёстой нэг тонох шиг болжээ. “Ганган” Төгс хожим өвгөн болсон хойноо “Бид маш олон хятадыг дээрэмдсэн. Тэднээс их ч зүйл хулгайлсан. Олон ч удаа чисчүүгээр морио аргамжиж, торго дурдангаар ачаа татаж явлаа” гэж хуучилж байсан гэдэг. Тэдний дээрэм тонуул сүүлдээ хэрээс хэтэрсэн тул манж амбаны сонорт хүрч, улмаар “Ганган” Төгсийн дээрмийн бүлгийг дарж авахаар Улиастайгаас цэрэг хөдөлгөхөд хүрсэн байдаг. Ингэснээр “Ганган” Төгсийн удирдсан 12 хүнээс алагдах нь алагдаж, зугтах нь зугтаж, баригдах нь баригдаж, эцэст нь Төгс ганцаарханаа үлдэж Алтайн нуруунд дүрвэн гарчээ. Тиймээс тухайн үед “Шилийн хулгайч “Ганган” Төгсийг барьсан хүнийг хоёр мянган лангаар шагнана” гэсэн Засагт хан аймгийн Дүүрэгч ван Артсаарын гарын үсэг бүхий бичиг айлуудаар тарж байсан гэдэг. Ялихгүй юмнаас ямааны гарзтай гэгчээр анх зуухан лангийн өртэй байсан “Ганган” Төгс ийнхүү хоёр мянган лангийн үнэд хүрсэн нь гайхалтай. “Ганган” Төгс өөрийн итгэлт 12 хүнээсээ салж хагацсаны дараа мөн л хамсаатнууд олж өөртөө урвуулаад Алтайн нурууны асга хад, агуй хонгил бүхий салбар хэсэгт багахан хэмжээний хот айл бүрдүүлсэн гэдэг. Бүр эхнэр авч хоёр хүүхэдтэй болсон байгаа юм. Гэхдээ түүнийг Улиастайн “Батгүн” шоронд хоригдох үед анхны эхнэр хүүхэд нь Сартуулын хошуунд үлдсэн бөгөөд харамсалтай нь тэр шоронгоос оргож боссоныхоо дараа эхнэр хүүхэд дээрээ очиж чадсангүй. Хэрвээ нутагтаа очих юм бол шууд л баригдана. 12 нөхрөөсөө салсаны дараа ч эхнэр хүүхэд дээрээ очих боломж тохиосонгүй. Нэгэнт хоёр мянган лангийн үнэд хүрч, манжуудын заналт дайсан болчихсон болохоор эхнэр хүүхэд дээрээ очиж тэднийхээ толгойг цусдахыг хэн хүсэх билээ дээ. Харамсалтай нь Даашинхүүгийн пүүсэнд зуун лангийн өрөнд орж хамаг малаа хураалгасан эхнэр, хүүхэд хоёр нь Төгсийг ууланд бүгэж байх үед өлбөрч үхсэн гэдэг. Зарим эх сурвалжид өгүүлсэнээр бол Төгсийн эхнэр хүүхдийг Манж нар барьцаалж аваад сураггүй болгосон тухай бичигдсэн байдаг. “Ганган” Төгс 19-р зууны сүүл үеэс 20-р зууны эхэн үе хүртэл гуч гаруй жил Алтайн нуруунд бүгэхдээ юугаар ч дутагдаж байсангүй. Тэгэхдээ дан хятадуудыг дээрэмдэх биш адуу малаа өсгөх, ан гөрөө хийх зэргийг хослуулан амьдарч байсан тул манжууд сүүлдээ түүнийг мартах тийшээ ханджээ. Чухам тэр үед нь “Ганган” Төгсийн хот айлаар жирийн аянчин жинчин хүн мэр сэр орж гардаг болсон бөгөөд тэд хожим Алтай нутгийнханд янз бүрийн дурсамж үлдээсэн байдаг. Ингээд Ч.Лодойдамба гуайн "Алтайд" романд цухас дурдагдаад өнгөрдөг, тэртээ дөч, тавиад оны үед хуучилж байсан "Долир” Нацаг гэдэг хүний дурсамжийг толилуулъя. “Бадаргуулт төрийн 34-р онд буюу 1909 оны өвөл би нутгийнхаа хоёр хүнтэй цуг жин тээхээр Хөх хот руу явсан юм. Тэнд очоод гурав хоног арилжаа наймаа хийж,арав гаруй тэмээндээ баахан ачаа бараа тээгээд нутгийн зүг хөдлөв. Төдөлгүй Алтай нутгийн бараа ч харагдлаа, бүрэнхий ч боллоо, бид ч ачаа хөсгөө буулгаад амрахаар хэвтлээ. Тэгээд өглөө босоод хартал дөрвөн сайхан атыг маань бас бус бараатай цуг хулгайч аваад явчихсан байлаа. Цасан дээр гарсан мөрийг нь ажиглавал хоёр морьтой хүн дөрвөн тэмээг маань хөтлөөд баруун хойшоо явсан байлаа. “Ачаа бараагаа ачаалаад хойноос даруйхан хөдлөөрэй” гэж би нөгөө хоёртоо захиад хулгайчийн хойноос мөрдөв. Таван цаг мөрдсөний эцэст маш их асга хадтай өндөр уулын сав газарт ороод ирлээ. Тэгээд нарийхан жимээр зогсолтгүй явсаар бүрэнхий болох үед хулгайч нарын түр буудаллаад явсан газарт ирэв. Гурван чулуу тулж гал түлсэн байх бөгөөд эргэн тойронд нь хонины дал чөмөгний яс, цайны шаар зэрэг хэвтэнэ. Тэр хавьд хуйгүй том хутга байсаныг авч үзвэл бариулыг нь бөгжилсөн гурван төмөр бөгжин дээр таван хошуу малыг маш сайхан сийлсэн байв. Төдөлгүй шөнө болж, өвөл цагийн өнгө муутай бүүдгэр сар хавь ойрыг гийгүүлээд ирмэгц би цааш хөдөллөө. Шөнөжингөө явсаар үүрийн гэгээ тусах үед нэг их хад асгатай өндөр уулын ам руу ороод ирэв. Цаашаа хэсэг явтал хоёр талын эгц гацааны үзүүрийн зааг дээр маш том чулуу хөндлөн тавьсан байлаа. Нөгөө мөр ч тэр чулуунд тулж ирээд алга болсон байв. Тиймээс би “Миний тэмээг энгийн хүн авсангүй, уулын савдаг авсан байх” гэж бодоод “Баян хангай минь ээ, миний тэмээний оронд надад юм хайрлаарай. Өчүүхэн ядуу намайг өршөөгөөрэй” гээд өвдөг дээрээ сөгдөж хэд дахин мөргөж билээ. Тэгээд нөгөө том чулууны хажуугаар арай гэж багтаж гараад цааш явтал мөнөөх морьтой хүмүүсийн мөр дахиад гараад ирэх нь тэр. Энэ мөрийг дагаж явсаар маш өндөр элгэн хаданд ойртож очвол хэд хэдэн морьтой хүн багтахаар маш том агуй харагдлаа. Агуй руу ороход нэг их хэцүү биш, цагаан чулуугаар шат хийсэн байв. Чүдэнз асаагаад тэр шатаар хоёр алхтал гэв гэнэт л хад асга нурах шиг болж их дуу чимээ гараад, би ч айгаад тэрхэн хугацаанд ухаан алдчихав. Нөгөө оньс, сааль гээч нь байж л дээ. Хэсэг хугацааны дараа сэргээд хартал цагаан нэхий дээлтэй, үнэгэн лоовуузтай хоёр залуу зогсч байв. Би ч нөгөө лус савдаг нь байх гэж бодоод шууд л өмнө нь сөгдөж мөргөлөө. Гэтэл тэр хоёр инээгээд, ямар нэг юм ярьж байгаа бололтой ам нь хөдөлж байлаа. Миний чих дүлийрч, нүд эрээлжлээд тэр хоёрын юу ярьж байгааг ч сонсч чадсангүй. Гэсэн ч би “Та нар чинь жирийн хүмүүс үү, эсвэл лус савдаг уу” гэж асуулаа. Тэр хоёр учиргүй инээлдэж байсанаа “Бид энгийн хүмүүс байна. Харин та чинь юун хүн бэ” гэхэд нь дөрвөн тэмээгээ алдчихаад хойноос нь мөрдөж яваагаа хэллээ. Тэгтэл нэг нь “Аавын хэлдэг үнэн байна шүү” гэж нөгөөдөө хандаж хэлээд “Бид бол шилийн сайн эр “Ганган” Төгсийн хүүхдүүд байна. Та нарыг бид хятадууд гэж бодсон юм. Тэгтэл монгол хүн байжээ. Одоо яана аа. Аав загнана аа. Та ерөөсөө “Бидэнтэй дайврын хятад хамт яваа” гэж аавд заавал хэлээрэй. Аав тэмээг чинь өгөх байх. Харин та наад бүсэндээ байгаа бидний хутгыг өгөөтөх” гэлээ. Би ч хутгыг нь өглөө. Тэд миний нүдийг хар даавуугаар боогоод цааш дагуулж явлаа. Агуйн гүн рүү орсон уу, буцаад уруудсан уу, ёстой бүү мэд. Гучаад минут явсаны эцэст тэд миний нүдний боолтыг авахад нэг том ханан хадны ёроолд арав гаруй гэр харагдав. Нөгөө хоёр чинь намайг улаан халзтай том гэрт дагуулж ортол хоймрын орон дээр элгээ хүрсэн цагаан сахалтай, ханхар цээжтэй өвгөн цай уугаад сууж байлаа. Өвгөн над руу цоргисон нүдээр тун эвгүй харсанаа “Тэмээний эрэлчин үү” гэж асуухаар нь “Тийм байна аа” гэлээ. Өвгөн хоёр хүүхдээсээ “Миний тангараг юу билээ?” гэж зандарсан өнгө аястайгаар асуухад “Монгол хүнээс өнчин ишиг ч авахгүй. Харин хятад хүнээс бол сэтэрхий зүү байсан ч дээрэмдэнэ” гэж нэгэн дуугаар хэллээ. Өвгөн хоёр хүүхэд рүүгээ ширүүн харц чулуудаж “Тэгвэл та хоёр яагаад энэ монгол хүний тэмээг авсан юм бэ. Яасан задарсан тархинууд вэ” гээд гаднаас нэг хүнийг дуудаж ирүүлээд “Энэ хоёрыг гуч, гучин удаа ташуурд” гэж тушаав. Тэгэхээр нь би “Өвгөн гуай, бидэнтэй цуг дайврын хоёр хятад яваа юм. Тэд цаад шөнө унтах үедээ хоорондоо хэрэлдээд байсан. Тэдний дууг сонсоод хоёр хүү чинь эндүүрсэн бололтой” гэж учирласан боловч өвгөн миний үгийг тоосонгүй. Хоёр хүүхдийг ташуурдахаар авч гарсаны дараа өвгөн над руу муухай харж “Чи хө, муусайн хятадуудын гар хөлийн үзүүрт зарагдаж яваа юм биш биз” гэхэд нь би “Үгүй дээ, үгүй. Нутаг орондоо амьдрах аргагүй болсон хоёр ядуу хятад Ар халхад амь зуух арга чарга хайж яваа юм гэнэ. Бид тэднийг баахан зарцалж аваад л хөөгөөд явуулчихна” гэж тал заслаа. Гэтэл өвгөн “Хятад л бол хятад. Ядуу, чадуу байх нь надад хамаагүй. Цаад хоёрыгоо сайн зарцалж аваад нутаг руу нь буцаагаад хөөчихөөрэй. Засагт ханы нутаг руу хөл давуулсан байгаад үзээрэй” гэж тушааж билээ. Хэдийгээр өтөлсөн өвгөн ч гэлээ хэлж ярьж, тушааж байгаа нь яг л аянга ниргэх шиг санагдаж байлаа. Хавь ойрын хүмүүс нь ч түүний аянга шиг үгнээс үнхэлцэгээ хагартал айдаг болох нь ажиглагдсан. Ер нь тэр өвгөний дэргэд удаан суухын аргагүй юм шиг санагдсан. Би гэдэг амьтан бөөн айдас хүйдсээр дүүрэн амьтан л сууж байлаа. Төдөлгүй намайг зүүн талын гэрт оруулж хоол цай идүүлэхээр авч гарахад миний бие сая л нэг юм тавирч, чөлөөтэй амьсгалахтайгаа болж билээ. Хоёр хүү нь хэдэн тэмээг маань буцааж өгөөд явуулахдаа миний нүдийг дахиад л хар даавуугаар боосон болохоор би чухам хаагуур яваад байгааг мэдээгүй. Агуй байсан уу, хадан хавцал байсан уу, бүү мэд” гэж өгүүлсэн байх ажээ. “Ганган” Төгс бол Монголын уран зохиолд мөнхөрч үлдсэн цөөн хэдэн шилийн сайн эрийн нэг билээ. Үүгээрээ аргагүй л нэртэй, хүчтэй, нөлөөтэй нэгэн байсан нь ойлгогдоно. Гэхдээ соц реализмын үед “Ганган” Төгс нь эерэг талын гэхээсээ илүү эсрэг талын дүр болж байлаа. 1951 онд бичигдсэн Ч.Лодойдамбын “Алтайд” романд “Ганган” Төгс эсрэг талын дүр болохоос ч өөр арга байсангүй. Учир нь тэр үед Хятад-Монголын харилцаа сайн байсан, мөн социализм ид ноёрхож байсан тавиад оны үед “Ганган” Төгсийг хулгайч, дээрэмчин гэж цоллох нь зүйн хэрэг байлаа. Хэрвээ түүнийг Хятадын эсрэг тэмцэгч шилийн сайн эр маягаар дүрсэлчихвэл коммунист үзэл сурталчид “Та яахаараа манай сайн хөрш Хятадын эсрэг тэмцэгчийг зөвтгөдөг билээ. Нэг муу шилийн дээрэмчин, үндсэрхэг үзэлтэнийг магтан дууллаа” гээд Ч.Лодойдамба гуайг барьж идэх байсан биз. Өнөөдөр ч гэлээ “Ар халхын шилийн сайн эрчүүд” хэмээх зургаан дэвтэр ном бичсэн намайг зарим нэг зохиолч нэр зүүсэн хүмүүс яг л нөгөө коммунист үзэл сурталчид шиг өөнтөглөж суудаг юм. Учир нь тэдний бичсэн хоосон уянгалсан номыг хүн тоож уншдаггүй. Харин “Ар халхын шилийн сайн эрчүүд” ном маань 2011 оноос өнөөг хүртэл номын дэлгүүрүүдэд бестселлэр болж ирсэн болохоор надад атаархлын дөл шингэсэн нь энэ юмаа. Тавиад оны Хятад-Монголын сайн хөршийн харилцаанаас үүдэж “Ганган” Төгс ийнхүү эсрэг талын дүр болж байсан бол “Хангай” Базар, “Улаан” Дамаа мэтийн Хятадын эсрэг тэмцэгч шилийн сайн эрчүүд урд хөрштэй хонь, чоно болчихсон байсан дал, наяад онд бичигдсэн болохоор яалт ч үгүй эерэг талын дүр болж мөнхөрсөн юм. Аливаа цаг үеийн үзэл суртал гэдэг зарим хүнийг ийнхүү бурхан болгож, заримыг нь буг болгочих юм даа. Ч.Лодойдамба гуайн “Алтайд” романд өгүүлэхдээ “Нэгэн төрлийн бяцхан хаан болон сууж байсан “Ганган” Төгсийн байрнаас юу ч үлдсэнгүй. Гэрийн өгөршсөн мод, бүрээсний тасархай навтас, дээл хувцасны тасархай, зэвэрсэн төмөр эдлэлүүд, эвдэрч хэмхэрсэн авдар савны хэсгүүд энд тэндгүй хэвтэх нь маш уйтгартай сэтгэгдэлийг хүмүүст төрүүлнэ” хэмээжээ. Энэ үг бол тухайн үед “Ганган” Төгсийн агуйд орж үзсэн Зөвлөлтийн геологичдын дүгнэлт. Гэвч цэвэр үнэнийг хэлэхэд иймэрхүү “Маш уйтгартай” сэтгэгдэлийг Зөвлөлтийн геологийнхон өөрсдөө төрүүлсэн гэдэг шүү дээ. 1930-40 оны хооронд Говь-Алтай аймагт ажиллаж байсан Зөвлөлтийн геологийн экспедицийнхэн, Бичигт богд, Хасагт хайрхан ууланд байсан “Ганган” Төгсийн нууц агуйн амыг тэсэлж аюулгүй болгоод дотогш нэвтэрч хамаг л үнэтэй цайтай бүхнийг тоноод хойш нь ачуулсан болохыг ардчилал сэргэж үг хэлэхтэйгээ болсон 1990-ээд оны үед тус нутгийнхан ярьж, бичиж байсан удаатай. Ер нь 1930-70 он хүртэл Монгол улсад ажиллаж байсан геологи хайгуулын экспедицийнхэн дээр үеийн шилийн сайн эрсийн маш олон агуйг тонож цөлмөсөн гэдэг билээ. Өөрсдөө ингэж тонож цөлмөчихөөд дараа нь “Маш уйтгартай” сэтгэгдэл өвөрлөөд явчихсан нь нэг тиймэрхүү. ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ Зургийн тайлбар: Энэхүү зургийг Алтайн нурууны “Ганган” Төгст зориулж захиалсан бөгөөд авъяаслаг зураач Ч.Цогбаяр урласан болно.  

Албин

Хурмаст тэнгэр нэгэн хар сананы хувилгаантай байжээ. Тэр нь цаг үргэлж амьтныг хорлон бүтээснийг бүрэлгэн, асаасан галыг унтраан, урссан усыг хүртэл хатааж түйвээдэг байж гэнэ. Энэ бүхнийг хараад “Хурмаст тэнгэрба хэдийгээр энэрэнгүй тусч сэтгэлийг бүтээвч бас этгээд муу дайсантай билээ” гэж ямагт сэрэмжлэн байдаг ажээ. Хар санааны хувилгаан нь хурмастын дагиныг алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болоод нисээд явахад нь хараад алж орхижээ.      Хурмаст тэнгэр хар санааны хувилгаанд хилэгнэж, түүний биеэр зовлон амсуулж үзүүлье гээд доод тивд чөтгөрийн элч “албин” гэдэг амьтан болгон төрүүлж гэнэ. Албин нь хүүхэд шиг жижигхэн биетэй, хонгор шар үстэй. Үс нь хоорондоо хавиралдан төмөр шиг хангир жингэр дуугарч явдаг гэнэ. Тэр салхиар хооллож, сансараар хөвж явдаг юм байна. Чөтгөр хүний амийг авахаас өмнө албинг явуулж , сүнсийг нь авхуулж дараа нь хорлодог гэлцдэг. Урьд нэгэн анчин хүн ан хийж яваад хээр унтаж байтал нэг юм хөлийн ул уруу нь чичихэд басаж харвал шар үстэй орой дээрээ ганц том нүдтэй хүүхэд шиг жаахан амьтан байв. Тэр орой дээрх ганц  том нүд нь хурмастын элч ирж хэзээ нэгэн цагт намайг авч явна гээд үргэлж тэнгэр өөд ширтэж байдаг гэнэ.     

​ Бэсүдэй Намсрайн Нагаанбуу (1951 - 2015)

Түүхч, зохиолч сэтгүүлч Бэсүдэй Намсрайн Нагаанбуу 2015 оны арванхоёрдугаар сарын сүүлчийн өдрүүдэд тэнгэрийн оронд одлоо. Н.Нагаанбуу нь 1951 оны зургадугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт төрсөн, түүхч сэтгүүлч мэргэжилтэй, дээд боловсролтой, Их засаг их сургуулийн хүндэт доктор, Чингис хаан дээд сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн зочин профессор цолтой энэ цаг үеийн Мөнх тэнгэрийн үзэлт номт хүмүүсийн нэгэн байв. Н.Нагаанбуу нь 1961-1966 онуудад сургуульд суралцаж 6–р ангиасаа мал маллаж өөрийн хүч чармайлтаар бүрэн дунд боловсролыг 1977 онд, дээд болон их сургуулийн магистр боловсролыг ШУА-ын “Улаанбаатар” Их сургуульд 1999 онд тус тус бие даан эзэмшсэн түүхч байв. Н.Нагаанбуу нь “Монголын гурвал онол”, “Монголын он цаг тоолол”, “Монголын түүх соёлын нэр томьёоны гаргалаа”, “Монгол төр ёс заншлын үндэс” зэрэг судалгааны олон бүтээл туурвисан түүхч юм. 2001 онд “Хөх галын сүйтгэл” зөгнөлт романаараа Монголын Зохиолчдын эвлэлийн шагнал, 2005 онд “Тэнгэрлэг түүх” түүхэн романаараа утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагнал, “Амин ертөнцийн дуулиан”, “Айдсын мандлын нууц” уран зөгнөлт романуудаараа “Алунгоо” шагнал хүртсэн. Мөн уншигчдын талархал хүлээсэн “Алтайн тэнгэр” гурамсан роман, тууж өгүүллэгийн “Улаанбаатар”, жүжиг киноны зохиолын “Кино зохиолууд” түүврээ хэвлүүлсэн. Н.Нагаанбуу нь монголын түүх соёлд ихээхэн шаардлагатай Өвөрмонголын нэлээд хэдэн номыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлсний дээр “Их төрийн голомт” баримтат уран сайхны кино, “Их Монгол-800” “Бунхан”, “Их Монгол-800” зэрэг түүхэн баримтат кинонуудын зохиолыг бичин Монголын үндэсний телевиз, Монгол кино нэгтгэлүүдтэй хамтран кино бүтээсэн нь тухайн үедээ Засгийн газрын тэргүүний болон хамгийн шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч байв. Тэрбээр “Монгол он цаг тоолол” номоороо эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагнал хүртэж, “Монголын гурвал онол”, “Монголчуудын дүүрэн чанарын онол” зэрэг 5 номыг нь БСШУЯ “Оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулж байв. Мөн хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын анхдугаар уралдаанд “Чингис хаан” зохиол нь тэргүүн байр эзэлж байв. Н.Нагаанбуугийн судлагаа, бүтээлийн өвөрмөц онцлог нь Монголчуудын түүх, соёл, гүн ухааныг Түвд, Манжийн болон Зөвлөлтийн соёлын нөлөө хутгалдсан түүхээс ялгаж, язгуурын амин чанар, төрөлх үндсийг нь нээн илрүүлэх зорилготой байдаг. Тухайлбал “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан он цаг хугацаануудыг нанхиадын хуанли болон түвдийн литээр биш, эртнээс уламжилсан нүүдэлч малч дээдсийн цаг тооллын зурхай эрдмийг баримтлаж бичсэн хэмээн нотлож, эртний монгол зурхайн ухааныг судласнаар “Монгол он цаг тоолол”, “Монголчуудын анх энх мөнхийн амин зурхай”, “Нар сар оддын эртний монгол зурхай” зэрэг номууд бичиж улмаар “Монголын нууц товчоо болон дундад зууны монголын түүхийн он цагийн асуудал” томоохон бүтээл туурвисныг нь нээлтийн шинжтэй хэмээн акедемич Ч.Далай, Н.Ишжамц, доктор професор Х.Шагдар, Ж.Базарсүрэн зэрэг нэр хүндтэй олон эрдэмтэн өндрөөр үнэлсэн байна. “Монголын гурвал онол”, “Монгол ёс заншлын үндэс”, “Монголчуудын язгуур гүн ухаан”, “Итгэхүй ухаан” зэрэг бүтээлүүдийг нь Л.Түдэв, Ч.Далай, Ж.Авхиа, Х.Сампилдэндэв зэрэг олон нэрт эрдэмтэд өндөр үнэлж өмнөх үг өгүүлэл бичсэн байдаг. Н.Нагаанбуу нь 2013 онд Хар зүрхний Хөх нуурт болсон МБНЭ-ээс зохион байгуулсан Монголын их эзэн Чингис хааныг хаан ширээнд залсаныг тэмдэглэж хийсэн Нэгдсэн их тахилгад Тэнгэр үзэлтэн түүхчдийг төлөөлөн оролцож байсан билээ. Тэрээр МБНЭ-ийн удирдлагуудтай олон удаа уулзаж, Мөнх тэнгэрийн үзлийг дэлгэрүүлэх талаар харилцан санал бодлоо солилцож байсан юм.  Монгол түүх, уламжлал, зан заншлыг эрхэмлэн дээдэлж түүхэн үнэнийг тодлохын төлөө чөмгөө дундалсан судлаач, бичгийн яруу сайхан монгол хэлээр зохиол бүтээлээ туурвигч авьяаслаг зохиолч, амин чухал, том асуудлыг даацтай хөнддөг нийтлэлч Мөнх тэнгэрийн үзэлтэн, түгээгч Бэсүдэй Намсрайн Нагаанбуугийн үйл хэргийг мянга мянган тэнгэр үйлстэн залгамжлан үргэлжлүүлэх болно. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл Дээд цэцийн зөвлөл      

Удган

Шөнө дэнгийн гэрлийг тойрон эргэлдэн нисээд байдаг нэгэн хачин эрвээхийг бага балчир цагтаа их гайхаж хардагсан. Дэнгийн галд дэрэвгэр далавчаа бараг түлэх шахан эргэлдэж зовдог тэр эрвээхийг ээж маань "удган эрвээхий" гэдэг юм. Шөнийн цагт гэгээ дагаж эргэлддэг хачин амьтандаа хэмээн ярьж өгч билээ.   Тэр цагаас хойш "удган"гэдэг үгийн учрыг ердөө ч ойлгодоггүй байлаа. Тэгтэл манайд нэгэн өвгөн ирж аавтай маань морины тухай ярьж байгаад   -За танай тэр чинь удган хатир морь гэв үү? гэж ааваас асуув. Аав:   -Удган хатир гэхэд ч бас алдаж оноод байдаг юм шиг гэсэн чинь өнөөх өвгөн   -Харин яг тэгдэг л байхгүй юу. Дэн тойрон эргэлддэг удган эрвээхэй шиг л явдалтай болохоор нь "удган хатир" гэдэг юм гэхийг нь сонсоод тэр үгийн утгыг бага зэрэг ойлгож билээ. Гэтэл бас "удган"гэж хүн байдгийг хойт жил нь мэдэв.   ...Хөрш айлын хүүхэд гэнэт гэнэт муужирч унадаг болсон чинь тэдний ээж:   -Шар удган Зэлийн голоор явж байна гэнэ. Түүнийг залж ирж удгалуулахгүй бол хүү маань өөдлөшгүй нь гэж нөхөртөө хэлж байхыг нэгэнтээ сонсов. "Хөөх, эрвээхэйнээс гадна хүн бас удган байдаг байхнээ" гэж би гайхаад ээжээс асуумаар санагдав.   -Ээжээ, удган эрвээхий шиг удган хүн байдаг юм уу? гэсэн чинь   -Хэн тэгж байна? гэж эргүүлэн асуув.   -Урд айлын эгч хүүгээ өөд татахаар Шар удган гэдэг хүнийг авчрах гэнээ. Тэгээд л би удган хүн бас байдаг юм уу? гэж бодоод... гэсэн чинь   -Тиймээ. Удган хүн гэж байдаг юм. Эмэгтэй хүн байдаг гэж ээж хэлэв. Тэгээд би тэр удганыг ирэх үед нь заавал харах юм шүү гэж өөртөө ам өгөв. Тэгсэн нэг өдөр нөгөөх удган урд айлд ирэв. Зүгээр л нэгэн энгийн хувцастай настайвтар авгай байх ажээ. Удгалуулна гэж яадаг юм бол, олж харахсан гэж би бодоод тэр айлын хавиар эргэлдэх болов.   Цай хоол хийж тэр авгайг нөгөө айл их л хүндлэж байгаа бололтой. Гэвч нөгөөх нь "удгалахгүй" л байгаад байв. Тэгсээр байгаад нар жаргахын өмнөхөн тэр айлаас "пүт пүт пүт"хийх чимээ гарахаар нь тэдний рүү гүйж хүрэв. Үүдээр нь шагайх гэтэл гэрийн эзэгтэй "яв, цаашаа" гэж хөөв.   Бас өөр хоёр хүүхэд сониучлан очсон чинь гэрийн эзэгтэй гарч ирээд биднийг зодох шахаж хөөв. Бид ч урам муутайхан буцацгаав. Тэгтэл надад нэгэн бодол орж ирэв. Тэр айлын зүүн талын туурган нь нэгэн цоорхойтой байсныг санав.   Сэмхэн явж очоод тэр цоорхрйгоор нь харсан чинь нөгөөх удган гэсэн нь хүн нь хачин сагсгар үстэй малгай шиг юм өмсчихсөн тэр үс нь урд руугаа унжиж нүүрийг нь халхалчихсан, тэгээд толгойгоо сэгсчин гартаа барьсан хэнгэрэг шиг юмыг байн байн дуугаргаж бас үл ойлгодох үгсийг чанга чанга хэлж байв.   Тэгтэл миний бөгс рүү хэн нэгэн хүн хүчтэй өшиглөж “зайл” гэх сонсогдов босч эргэн харвал өнөөх айлын том ах байлаа. Би ч ум хумгүй зугатаж одсон юм. Ингэж л анх удаа тэр  "удган" гэдгийг гэрийн цоорхойгоор харж билээ. Дахин хэзээ ч ямар нэгэн удганыг хараагүй явсаар бага дунд сургууль төгсөж, багшийн сургуульд элсэж бага ангийн багш болохоор гурван жил суралцаж, багшлах дадлагыг төв аймгийн Зуун модны сургуульд хийцгээв.   Тэгтэл дадлагын хичээл дээр нэг бондгор жаал босч "багшаа, удган гэж юу юм бэ?" гэж гэнэт асуух нь тэр. Би гэнэтийн тэр асуултад цочирдож "Бөөлдөг хүнийг хэлдэг юм" гэчихсэн чинь өөр нэг охин "хүн биш миний тоглодог ээрүүлийг "удган ээрүүл" гэж ээж хэлдэг юм байх чинь билээ!" гэх нь тэр. Би тэрэнд бүүр балмагдаж, чавга шиг улаан царайлж зогстол дадлага удирдсан багш   - За за, хичээлд холбогдох юм асууцгаа, хүүхдүүдээ! гэж хажуугаас нь хэлж намайг "аврав". Би үнэндээ "Удган ээрүүл" гэж юу байдгийг тэр үед огт мэддэггүй байлаа. Тийнхүү "Удган"гэдэг үг миний толгойд "хадаас" болж орхив. Тэр үед "Монгол хэлний тайлбар толь" гараагүй байсан цаг юм.   Тэгтэл бас Төв аймагт "Удган мод" гэж ганц мод ургадаг тухай ч сонсов. "Бөө, удган" гэж хоёр үг байдаг хоёулаа ижил утгатай мэт боловч эрэгтэй хүнийг "бөө", эмэгтэйг нь "удган" гэдгийг мэдэж авав. Тэгтэл бас "зайран бөө" гэж байдгийг сонсов. Бөөгийн арван гурван чанар шингээсэн хүний цол нь "зайран" юм гэдгийг хожуу мэдэв.   ...Бөө мөргөлийн тухай судалгааны олон арван ном гарсны ихэнхийг олж уншив. Бас "Бөөгийн дуудлага" нэрийн дор олон тооны шүлэглэсэн аман зохиолтой танилцав. Нэрт эрдэмтэн Ч.Далай, Г.Санжеев, Б.Содном, Б.Ринчен, Д.Банзаров, С.Бадамхатан нарын бөө мөргөлийн судлалын ууган номуудаас эхлээд сүүлийн үеийн эрдэмтэд О.Пүрэв, С.Дулам, Д.Мархаахүүг хүртэл бас Тувагийн М.Б.Кенин-Лопсан, Буриадын Т.Михайлов, Якут болон Солонгосын бөө мөргөлийн судлаачдын бүтээл нь "Бөө мөргөл" /шаманизм/ гэдэг эртний монгол угсаатны шүтлэгийн түүхэн тоймыг өргөн дэлгэр бас гүн гүнзгий тодорхойлсон нь энэ талын мэдээллийн томоохон сан болж байгаа билээ.   Ер нь бол бөө мөргөлийн зан үйл монголд Хөвсгөл, Дархадын нутагт, Тувад, Якут, Бурядад бол нилээн эртний хэлбэр журмаа хадгалан үдсэн бөгөөд жинхэнэ бөө нар энэ нэр дурдсан хязгаарт саяхан болтол байсаар ирсэн боловч хорин нэгдүгээр зуунд бөө, удганы арван гурван шинжийг хадгалагч, төрөлхийн өгөгдөхүүнтэй бөө, удган маш ховор болжээ.   Харин "өөрчлөлт шинэчлэлтийн" гэгдсэн сүүлийн жилүүдэд "бөө мөргөлийн" дахин сэргэлт, "бөө судлалын" шинэ хуудас нээгдэж эхэлсэн нь сэтгэлгээний нэгэн төрлийн шинэ үзэгдэл юм. Энэ бүхийлэн олон талт үзэгдлийг ажиглан зүслэхүйд тэрчлэн "бөө судлалын" шинэ сэрэг бүтээлүүдтэй танилцаж байхад хагас зууны тэртээд "Багш аа, удган гэж юу юм бэ?" гэж нэгэн жаалын надаас асуусан асуулт түүнээс болж "удган" гэдэг үг толгойд хадаас болон үлдсэн асуулт хариугаа нэхсээр боловч саяхнаас л нэг хариу олдох тийшээ хандлаа.       Гэхдээ дээр дурдсан эрдэмтэн судлаачид "бөө", "удган" гэдэг ойлголт, зан заншил, дуудлага тэргүүтнийг олон талаас нь ярьсаар ирсэн ч энэ хоёр үгийг яг үгийнх нь хувьд, нэр томъёоных нь хувьд нэг их анзаарсангүй яваа нь нийтлэг үзэгдэл юм.   Ялангуяа бага залууд минь "толгой өвтгөсөн" удган гэдэг үг чухам юуг хэлээд байгааг саяхнаас ухаарч эхлэв. "Удган бол эмэгтэй бөөгийн нэр" гэсэн тайлбараас өөр хариуг судлаачид хэлсэн нь бараг үгүй юм. "Удган"- гал сахигч гэж хэдэн жилийн тэртээд "Үгсийн нууц уурхай" цувралд товч бичсэн билээ.   "Удган" гэдэг үг бол эхийн эрхт ёсны үеийн нэр томъёо ажээ. Харин "Бөө" нь нилээн хожуу, эцгийн эрт ёсны үеийнх бололтой. Үүнийг нотлохын тул "үг хөөцөлдөх" ёстой ажээ. "Удган" гэдэг үг бүүр эртний монголын элэнц хуланцын өмнөх дээдэс Шүмэр гэж одоо тогтсон, уул нь Сүмэр нарын үгийн санд анхдагч утгаараа байгаа ажээ. Шүмэрүүдийн төрийн дуулалд    "Ай Уту, Хорвоогийн малчин  Хар тэргүүтнүүдийн эцэг минь ээ!  Чамайг хэвтэхүйд /нойрсохуйд/  Хүмүүс бас хэвтэнэ /унтана/  Ай баатар Уту, чамайг босохуйд /мандахад/  Хүмүүс бас босоцгооно" гэж эхэлдэг байна. /Krater S.N “Sumerian mytnology” Philadelphia, 1944 р.42/   Энэхүү "Уту" гэдэг нь "хорвоогийн малчин, хар тэргүүтнүүдийн эцэг"/малчин, хар толгойтонгууд/ажээ. Яг утга нь бол "Нарны бурхан"гэсэн үг "Уту" байжээ. Уту гэдэг нь Оту-от буюу гал юм. Тэрнээс гал, утаа гэх ойлголт эх авчээ. Он жилүүдийн эрхээр, хүн зоны өсөлт өөрчлөлтөөр аливаа үг мөн хувирал үздэг ёсоор "Уту" гэдэг үг "утаа", "утлага" болохоор барахгүй от, отог, отор болон хувирсаар ирсэн бөгөөд үүнийг түрэг хэлний үгийн сангаас гаргаж ирцгээдэг.   Гэтэл Хүн улс, хүннүчүүд гэдэг маань түрэг нарын ах бараг л аав, ээж нь байсан хүмүүс шүү дээ. "От" гэдэг бол хүннү үг бөгөөд"гал", "утаа" гэсэн утга тээгч байжээ. Тэрнээс нь орчин үеийн монгол хэлэнд хамгийн ойлгомжтой үндсэн хувилбар бол "Оч"юм. /Аливаа гал түлэхэд оч үсэрдэг биз дээ.   Нэгэнт "от" гэдэг нь галын нэр байсан учир түүнээс үүдээд "отог" /хэсэг амь нэгтэй хүмүүсийн нэгдэл/, отор /малаа бэлчээр сольж оторлон суухын нэр/ тэрнээсээ үүдээд "оторчин", "отоглох", "оторлуулах"/мал/, "оторчлох", "оторчлох" гэхчилэн хувилбар гарснаар барахгүй ан гөрөө хийхийн тулд цөөн хүн нэг "гал" болон суухыг "отоглох", "отох", "отоонд гарах" гэхчилэн ойлголтын нэр буй болжээ.   Тийнхүү "от" /гал/ гэдэг үг 35 орчим хувилбартай болсон байна. түүгээр ч барахгүй айлын хамгийн сүүлчийн хүүхдийг "отгон" гэх болжээ. /отгон охин, отгон хүү/ түүнээсээ уламлаад аливаа үйл хэрэг, ажил явдлыг "отголно" гэж хэлэх болсон байна. Тэгтэл бас 0, У хоёр авиа өөр хоорондоо солигдох тохиолдол байнга гарсаар ирсний улмаас "от" гэдэг "ут" болон дуудагдах болж "утаа"гэдэг шинэ хувилбар хэдүйд ч юм гарчээ. "Ут", "утаа", "утах", "утагдах" "утаа баачих" гээд л хувилбарууд "хөвөрч гарчээ".   Гал түлэхэд болон юм шатаахад бараан өнгөтэй хий дээш хөөрөн гардагийг "утаа" /отоо/ хэмээх болсноос уламлаад "утаа тавих", "утаа баагих", "утаа олгойдох", "утаа суунаглах", "утаарь" /утах газар/ "утаат сум", "утаа униар" гэхчилэн хорь гаруй хувилбар үгс буй болсон байна.   "Уту" гэдэг "нарны бурхан" гэсэн ойлголт ийнхүү "галын бурхан" болон хувирч "удган" гэдэг нэр томъёо буй болсон нь маргаангүй. "Отгон" "удган"гэсэн хоёр үг бол үнэн хэрэгтээ нэг үгийн хоёр өнгө юм. Монголчууд олон хүүхэдтэй байсаар ирсэн бөгөөд "отгон" буюу хамгийн сүүлчийн бага хүү юмуу охин нь эцэг, эхийн гал голомтыг сахиж үлддэг хуультай байжээ.   Энэ хууль ёсоор ч Чингис хааны гал голомтыг отгон хөвгүүн Тулай нь сахиж үлдсэн хэрэг. Гал голомтыг бадраагч, бас сахиж үлдэгч нь отгон хөвгүүн, отгон охин буюу удган байсаар иржээ. Галыг айл өрхөд өөр хэн ч биш тэрхүү удган л асааж, түлж манаж ирсэн хүн нь тул удган /отгон/ буюу "галын бурхан" юм.   Эхийн эрхт ёсны үеэс бүүр "гал тахилгат" цагаас нааш эмэгтэй хүн, гэрийн эзэгтэй болмогц гал манаж, гал түлж, гал бадрааж, хоол унд хийж амьдралын гол тулгуур болж ирсэн хэрэг. "Гал тахилгын" эртний үлдэгдэл гэвэл Байгал нуурын хойтох Эхирисүүд уул овоо тахихдаа "Мунгалаа эдеэлхэ" гэдэг ажээ. Энэ нь "мөнх галаа эдээлэх"/хооллох/гэсэн үг юм.   Монголчууд цагийн эрхээр "гал тахих" эртний их ёслолоосоо аажмаар холдож айл гэртээ гал голомтон дээрээ гурван тотгот тулгаа тойрон галаа тахидаг болсон цагаас хойш хорин зууны туршид энэ л хэлбэрээ баримтлаж ирсэн гэлтэй   .-Гал тахихдаа уншдаг "галын ерөөл", "галын тахилга" зэрэг шүлэглэсэн төрөл зүйлийг уншиж /төрлөх монгол хэлээрээ/ тусгай зан үйл гүйцэтгэсээр ирсэн эртний уламжлалтай юм. Түүнийг нь гэрчлэх “Гал тахих ерөөл” гол төлөв:   Арам үсгээс үүдэлтэй Аршаант хумх барьсан  Араднаа эрхийг татсан Аранз галын хаанд мөргөе" гэж эхэлдэг үг бий "Арам үсэг" гэдэг бол одоогийн тооллоос өмнөх мянганы эхээр буй болсон бичиг бөгөөд монгол босоо бичгийн өвөг юм.   Бас нэгэн сонин баримт бол "гал тахилгын" уншлага болгонд    "Хаан эзний цахисан,  Хатан ээжийн үлээсэн", гэж буюу  "Сод хаан эзний цахисан Сутай хатан эхийн үлээсэн" хэмээх үг гардаг нь гэрийн эзэн хэт цахиж эзэгтэй нь галаа үлээн бадраадгийн учир юм.    "Цагаадай бөөгийн цахисан  Цэнгэл Удганы үлээсэн" гэж бас гардаг "Удган" бол ийнхүү галын тахилгач гэдгээр алдаршсан бөгөөд гал тахилгын уншлагаа бүрэн уншиж, улмаар удгалдаг болсон урт түүхтэй ажээ.   Л.Түдэв   Эх сурвалж: “Дал” сонин  

Хуудаснууд

Subscribe to Монгол бөөгийн түүх