logo

logo.jpg

Advertisement

Далд ертөнц

Танин мэдэхүй: Үхээд сэхсэн хүмүүсийн тухай

Америкийн эрдэмтэн Р.Муди “Үхлийн дараах амьдрал” гэдэг сонирхолтой ном бичжээ. Энэ эрдэмтэн клиник үхлийн дараа сэхэж амьдарсан олон хүнтэй уулзаж маш сонин яриа сонссоноо номондоо бичсэн байна. Клиник үхэл нь жинхэнэ үхлийн өмнөх хугацаа аж. Яг энэ үед тэр хүн эргэн тойрондоо болж байсан бүгдийг харж, сонсож байдаг ажээ. Үхэж буй үед эргэн тойронд харанхуй болж, тэртээд бүдэг гэрэл харагддаг бөгөөд түүнд ойртох бүр гэрэл тодорч, шаргал өнгө нь цагаанаар солигдон, нүд гялбахгүйгээр эргэн тойрныг тодоор харах боломжтой болдог байна. Клиник үхлийг туулаад амьд үлдсэн нэгэн эмэгтэйн яриаг Муди ийн бичсэн байх юм. “Би аажмаар хөөрч эхлэв. Хэдэн сувилагч өрөөнд минь гүйн орж ирэхийг харж байлаа. Эмч орж ирж байлаа. Гэтэл би гэрлийн бүрхүүлийн цаагуур шилжиж, эмчийг хажуунаас нь маш тодоор харж байв. Намайг хэрхэн амьдруулах гэж байгааг би тод харсан. Миний бие тэр доор орон дээр миний өөдөөс хараад хөдөлгөөнгүй хэвтэх юм. Нэг сувилагч “Бурхан минь энэ хүн өнгөрчихлөө” гэж хашгирахыг би сонсов. Бас нэг сувилагч миний аманд хиймэл амьсгал хийж байхыг би дээрээс нь харж байлаа. Цээжийг минь цахилгаан гүйдлээр цохиж эхлэв. Миний яс шажигнан дуугарахыг би сонсож байлаа. Миний цээж, гар хөлөнд массаж хийж байхыг хараад “Эд нар юунд ингэж санаа зовоод байгаа юм бол оо. Надад одоо ямар сайхан байна вэ гэж би бодож байлаа” гэсэн байх юм. Мөн клиникээр үхээд сэхсэн бас нэг эр Муди эмчид доорхыг ярьжээ. “Би өөрийн биеийг орхилоо. Надад агаараар хөвж яваа юм шиг л санагдаж байв. Би эргэж харав. Бие минь орон дээр хэвтэж харагдсан. Харин би юунаас ч айгаагүй, маш тайван сайхан байлаа. Түгших, айх ямар ч зүйлгүй нам гүм байв” гэжээ. Түр зуурын үхэл гэгч ийм байх нь ээ. Аймаар гайхмаар юм. Даанч клиник үхлээс эргэж ирнэ гэдэг ховор тохиолдол бололтой. Туулсан амьдралтайгаа ахин нүүр учирч байгаа нь маш чухал зүйл юм. Түүний дотоод харцны өмнүүр нисэн өнгөрөх амьдралаас юу ч түүнийг салгаж чадахгүй, юу ч түүний тайван бодол санааг үймүүлж чадахгүй. Харин түүний хойноос төрөл төрөгсөд маш нам гүм байх нь нэн чухал. Их дуу чимээ, уйлаан цурхираан нь түүнд буцан эргэж очих хүслийг үүсгэж болдог нь цаашид хийн ертөнцөд /нөгөө ертөнц гэсэн үг бололтой/ хийх аялалд саад үүсгэдэг аж. Үхэж буй хүн харанхуй хонгилоор нисэн өнгөрч, гэгээн гэрэлтэгч биетэй учрах мөчөөс эхлэн физик биеэс гарч байгааг мэдрэн өөрийн биеийг гадны хүн мэт хардаг байна. Монголчууд үхэгсдийг нулимсаар, уйлаанаар үдэхийг муу гэдэг нь их учиртай мэт. Нөгөө ертөнцөд явахад нь саад болдог гэлцэнэ. Магадгүй сүнс нь хоргодож ч болох. “Алтан хайрцаг” нээлгэнэ гэдэг үүнтэй холбоотой ер нь ч чухал үйл ажээ. Үхлийн ертөнц хоёр үе шаттай юм шиг санагдаж байна. Азаар клиник үхлээс эргэн ирвэл дээрх хоёр нөхөр шиг хачин юм ярих биз. Гэвч ямар ч үхлийг хэн хүсэх билээ. zindaa.mn    

Ханбогдын чөтгөр үү, Тавантолгойн чөтгөр үү?

2014 оны 2 сарын 8 Бөө, удган Монголд тоогоо алдсан шиг буг чөтгөр бас тоогоо алдах бололтой. Буггүй газар халхын хавтгайд буюу энэ 1,5 сая хавтгай дөрвөлжин километрт лав үгүй болох нь ээ. Уг нь ч тийм их гайхаад байх сэдэв биш л дээ. Улс, үндэстэн болгон өөрийн буг чөтгөртэй байдаг нь ч дэлхий нийтийн үзэгдэл ажгуу. Энэ удаа Улсын отгон Ерөнхийлөгч, Олимпийн отгон аварга гэдэг шиг Монголын отгон чөтгөрийн тухай бичих сонин гэхээсээ илүү хачин тавилан надад оногдов бололтой. Тун санамсаргүй явдлаас үүдэлтэй юм аа. Хотын төвийн нэгэн уушийн газар арга буюу ширээ нэг таарсан залуутай энэ тэрийг ярьж байгаад өөрийн эрхгүй ороод явчихсан хэрэг ээ. Тавантолгойд жолоочоор ажилладаг тэрхүү залуу ээлжийн амралтаараа ирээд байгаа юм. Тэрбээр тун хачирхалтай зүйл олныг ярьсны нэг нь энд өгүүлэгдэх болно. Тавантолгойн эргэн тойронд болж буй этгээд явдал, эрээн барааныг энд эс өгүүлэн зөвхөн нэгэн тохиолдлыг өгүүлсү. Тавантолгойд ажилладаг том оврын машины жолооч нар эх орныхоо нүүрсийг урд хөрш рүү элэг эмтэртэл ачдагийг товчхон яриад гол сэдэвтээ ийн орлоо. Тавантолгойгоос нүүрс ачсан машинууд өмнөд хөршийг өдөр, шөнөгүй зорихдоо “Хэрээт” гэдэг хушуугаар үдшийн 11.00 цагийн алдад тойрч өнгөрдөг ажээ.  Гэхдээ энд буг чөтгөр гэхээсээ илүү нэг зүйл болдгийг бас өчих нь зүйтэй санагдана. Бид өмнө нь энэ талаар мэдээлсэн тул бяцхан тодруулга хийх нь зүйтэй байх. Хятад руу нүүрс ачин яваа жолооч нар нойроо сэргээхийн тулд тэр л хушууны тэнд зоригоо чангалдаг гэх. Зарим нь “100” татдаг бол үлдсэн нь өнөөх “ми-ми” гэх нунтаг цагаан бодисоо татаж аваад сэргээш хэрэглэсэн тамирчин мэт сэргээд ирдэг гэнэ. Бүр 48 цаг унтаагүй хүн тэр юмыг татчихаар 48 цаг унтсан мэт болдог ажээ. Тэгтэл сэргээж байхыг бодоход ёстой түр зуур галзууруулдаг бололтой юм. Архагууд нь эхлээд 100 грамм татчихаад өнөө бодисоор даруулж орхидог гэнэ билээ. Тэгээд л хэд сайн эвшээж, суниаж аваад л нүд нь улаанаар эргэлдсэн амьтад гарч өгдөг юм байх. Яг тэр сэргэлтийн өмнөх “гэрэлт мөч”-д/блестяшая промежутка/ тэрхүү хушууг тойрч таардаг ажээ. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн өөрчлөлттэй үе нь таардаг хэрэг л дээ. Тийм үед хүмүүс хий юм үзэж, сонсох нь уг нь хэвийн үзэгдэл юм. Эмнэлгийн хэлээр галлюцинаци/хий үзэх/ бөлгөө. Шархадны гэх эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтсэн хүн болгонд, архины цагаан солиотнуудад тиймэрхүү зүйл харагдаж, сонсогдох нь байдаг л нэг үзэгдэл юм. Яг тийм зүйл тохиодог байхыг үгүйсгэхгүй, гэхдээ л эл тодруулгыг хийв. Гэтэл жолооч нарын тэр дундаа эл идэр эрийн өгүүлснээр бол арай өөр процесс явагдаад байх шиг санагдсаныг өгүүлэх нь зүйтэй биз. Жолооч нар хушуу тойрох үед хятад, монгол нь үл мэдэгдэх нэг өндөр нөхөр гараа өргөдөг болжээ. Энэхүү хий үзэгдэл тэнд буй болсоор лавтай зургаан сарын нүүр үзэж байгаа юм байх.  Тэрүүгээр явсан жолооч болгонд шахуу харагддаг гэхээр сонин байгаа юм л даа. Солиорсонд нь харагддаг байсан бол зарим нь юу боллоо гэж үзэв гэж. Бүр нэг дүрсийг бүгд харсан гээд байгаад учир байгаа юм. Гараа өргөсөн өндөр хүн. Дэргэд нь очоод зогсохоор алга болчихдог ажээ. Жолооч болгон арай өөрөөр ярих нь мэдээж. Тийм болохоор Болдбаяр гэх эл эрийн ярьсныг ямар ч хачир, нэмэргүй хүргэе. Болдоо Тавантолгойд ажилд ороод эх орныхоо нүүрсийг гол харалтал/өөрийнх нь хэлснээр/ зөөх болсоор бүтэн гурван жилийн нүүр үзжээ. Нэг ёсондоо тэр хавьдаа архаг жолооч нарын нэг гэсэн үг. Жолооч нар нүүрс зөөхдөө бараг тасралтгүй явдаг болохоор заавал хоёул, гурвуулаа гарах гээд байх шаардлагагүй агаад аль болох олон эргэлт л хийж байвал авдаг хэд нь нэмэгдээд байдаг ажээ. Тиймээс мөнгөнд улайрсан нөхөд нойр, хоолгүй явахын тулд эсэн бусын юм хэрэглэдэг юм байна л даа. Эхний жилдээ ч эрийн сайн, насны залуугаар давчихдаг бол хоёр дахь жилээс нь “100” татахгүй аваас давдаггүй даваа болдог юм байх. Гурав дахь жилээс нь мэдээж “ми-ми” хэрэглэхгүй бол үүрэглээд барахгүй л дээ. Манайхан тэрхүү “ми-ми”-г нь хар тамхи, мансууруулах бодист тооцдоггүй бололтой. Шалгалт энэ тэр болдоггүй ажээ. Ингээд мань хүний ээлж хаврын тэр нэгэн өдөр тохиожээ. Болдоогийн хувьд “ми-ми”-д арай ороогүй. “100” граммыг бол харин татчихдаг, дунд зэргийнд багтах сэргээштэний нэг гэнэ. Тэр удаа яагаад ч юм нөгөө “ми-ми”-г анх удаа хүртжээ. Ингээд хэсэг залхуу хүрсэнээ төдөлгүй сэргээд иржээ. Ёстой нөгөө нойр хаачив болсон санагджээ.  Тэгээд л тоос татуулан давхиад байхаар яг “Хэрээт”-ийг тойртол нэг өндөр хар сүүдрэн хүн гараа өргөжээ. Энэ талаар өмнө нь дуулсан болохоор нэг сайн харж аваад зогсолгүй өнгөрөөд явчихжээ. Эргэж ч хараагүй гэсэн шүү. Тэгээд нүүрсээ хүргэдэг газар нь хүргэчихээд буцахдаа мөн л үдшээр нөгөө газраараа дайрсан боловч өндөр хүн алга байжээ. Би ч ёстой хий үзэгдэл харжээ гэж бодоод өнгөрчээ. Хэд хоноод дахиад нэг эргэлт хийх далим гарсанд архи, “ми-ми” огт хэрэглэлгүй явахаар шийдсэн байна. Замын зүйлээ бэлдээд ачаагаа аваад давхисаар “Хэрээт”-ээ тойртол өнөө өндөр хүн яг байдаг газартаа зогсч байжээ. Архи уугаагүй, мансуураагүй тул хэрхэхийг нь ажихаар хажууд нь очоод хаазаа гишгэжээ. Машин ч зогтуссан байна. Мань хүн ч сүүтэгнээд алга болжээ. Тэрхүү явдлаас хойш тэрүүгээр өчнөөн явсан бөгөөд   тааралдаж л байдаг, хажуугаар нь өнгөрч л байдаг шахуу юм болж орхисон гэх. Болдоо ганцхан юмыг л гайхан өгүүлсэн нь эрүүл явсан ч, манарч явсан ч таардагт байгаа юм. Бас нэг хачирхууштай нь хэн ч харсан өндөр хар нөхөр байгаад байдаг. Зарим жолоочид эр, заримд нь эм хүн харагдвал асуудал арай өөр болно. Мөн нэг хачирхалтай зүйл нь, зөвхөн Хятад руу явах замд тохиолдохоос наашаа яваа жолооч нарт үзэгддэггүй явдал бөлгөө. Үүнээс ургуулаад бодохул хятад хүний сүнс юм уу хий үзэгдэл байж болзошгүй мэт. Нутаг руугаа тэмүүлээд байна бус уу? Монголд үхсэн, эсхүл амиа хорлосон нэг хужаа юм уу өвөр монгол байж мэдэх. Тийм биш бол Ханбогдын чөтгөр үү, Тавантолгойн буг уу гэдэг асуудал сөхөгдөх нь зүйн хэрэг билээ. Эх сурвалж www.wikimon.mn  

Төвдүүд алсан дайсныхаа сүнсийг хүүхэлдэйд шингээн жуулчдад зардаг байжээ

        Хүүхэлдэй эрт дээр үеэс л охидын хамгийн дуртай тоглоом байсаар ирсэн. Зарим нь хайртай хүүхэлдэйгээ насан туршид хадгалдаг. Сүүлийн үеийн хүүхэлдэй улам гоё болж, хүнтэй улам адилхан болсоор. Гэвч бэлэглэсэн гоё хүүхэлдэй болгон хүүхдэд аз жаргал авчирдаггүй гэнэ. Заримдаа аймшигт явдал тохиолдоход хүүхэлдэйг хамаг гай зовлон, эмгэнэлт явдлын шалтгаан гэж буруутгадаг.         Өнгөрсөн зууны эхэн үеийн “бейло-беби” хэмээх хүүхэлдэйн түүх тун эмгэнэлтэй. Түүний хоёр ч эзэгтэй нас баржээ. Цус багадах өвчтэй Рози Мани охины эцэг эх “Гоё хүүхэлдэй хийж өгөөч” гэж хүүхэлдэйн алдарт мастер Чарльз Уинкоксоос хүсчээ. Маш гоё хүүхэлдэй хараад бяцхан охин ихэд баярлав. Гэтэл хоёр хоногийн дараа Рози сүүлчийн бэлгээ бяцхан гартаа атгасаар өнгөрчээ. 12 жилийн дараа Рози охины ээж хуучин юм зардаг хүнээс нөгөө хүүхэлдэйг худалдаж авав. Хэдэн өдрийн дараа бүсгүй цонхоор үсэрч нас барав, тэр яг охин шигээ гартаа хүүхэлдэйг тас атгасан байлаа. 1998 онд “чөтгөрийн хүүхэлдэй” гэнэт Орост гарч ирэхэд төлөгч Влад Таунешу худалдаж авчээ. Түүний зуслангийн байшин дахь тэр хүүхэлдэйнээс гэрийн муурууд хүртэл айж дөлдөг гэнэ. Амьгүй хүүхэлдэй хүмүүсийн амьдралд нөлөөлдөг гэхэд итгэмээргүй. Гэтэл парапсихологч эрдэмтэд хүүхэлдэйг амьд ч биш, амьгүй ч биш, иймээс хүүхэлдэйтэй тоглох осолтой гэж сэрэмжлүүлдэг байна. Хүмүүс транст орж, сэтгэлийн хөөрөлд автахдаа үйл явдалд зөнгөөр итгэж, дүрсийг “амилуулах” чадвартай гэнэ.         Хүүхдүүд хүүхэлдэйгээ тоглоом биш амьд гэж үздэг, иймээс амилуулах гэж оролддог. Хүүхдийн итгэл, нөлөөгөөр хүүхэлдэй ямар нэг хэмжээгээр “амилдаг”. Хүүхдүүд тоглож байхдаа өөрсдөө ч мэдэлгүй тодорхой ёслол үйлдэж, био эрчим хүчээ амьгүй биетэд шилжүүлдэг. Эрдэмтэн Головин “Дэлгүүрийн шилэн хоргоны манекен хэнд ч гэм хоргүй мэт. Гэвч тэр амьд бөгөөд аймшигтай. Манекенийг бүтээсэн хүн яаж амь оруулахаа мэддэггүй, юу бүтээснээ ч ойлгодоггүй. Гэхдээ тэр түүнийг өөрийн хайраар бүтээж, хайраар дамжуулан амьдралынхаа хэсгийг өгч амилуулдаг” гэж ярьж байна. Манай ертөнцөд бүх зүйл ухамсаргүй, аяндаа өрнөдөг. Хүүхэлдэй, манекен, хөшөө нь нэг ёсондоо вампир, бусдаас халамж, арчилгаа тордлого шаарддаг. Зарим манекен шөнө гэнэт алга болж, үүрээр ирдэг гэдэг. Байж боломгүй, огт ойлгомжгүй, үлгэр мэт. Гэвч энэ бол нотлогдсон баримт. Хүний энерги шингэсэн эд юмс өөрсдийн онцгой амьдралаар амьдарч эхэлдэг гэнэ. Хүүхэлдэйтэй холбоотой хачин явдлууд далд ертөнцөд итгэдэггүй хүнд ч тохиолддог. Ярославын театрын дээд сургуулийн оюутнууд хүүхэлдэйтэй холбоотой аймаар, цус царцам түүх ярьдаг. Нэг оюутан “Хүүхэлдэйг бүрэн удирдаж сурахын тулд бие хүний шинжүүдээ гээх хэрэгтэй болдог. Тэгсэн цагт жинхэнэ шилдэг хүүхэйлдэйчин болно.         Яг л хоёр хэмжээст орон зай мэт. Би нэг удаа хүүхэлдэйг удирдах бус харин түүнд удирдуулж байгаагаа ойлгосон, бүр бодол санааг минь хүртэл. Хүүхэлдэй амилдаг” гэж дурсав. Оюутан Оля гэртээ Үхлийг дүрсэлсэн хүүхэлдэй хийхээр цагаан даавууг төмөр утсанд углаж, баг хийв. Гэнэт тэр учиргүй татаж унан, эхэр татан уйлж гарав. Тэгээд эмээдээ “Үхлийг шатаа” гэхэд тэр шууд ойлгож, хувин дотор хүүхэлдэйг шатаав. Олягийн хийрхэл, орилоон чарлаан гэнэт зүгээр болжээ. Хүүхэлдэйтэй харьцдаг оюутнууд Дээд хүч, Бүтээгч, бүтээлийн дотоод амьдрал, амилах, Бүтээгчийн эрхшээлээс гарах зэрэг олон сонин асуудалтай тулгарчээ. Хүүхэлдэй дэргэдэх хүний эрчим хүчээр тэжээгдэж, вампир болдог. Паранормаль үзэгдлүүдийг судалдаг Америкийн” Жоан Пильөөр “Үл үзэгдэх жижиг “биетүүд” биднийг хүрээлдэг” гэж тайлбарлажээ. Эдгээр биет хүмүүсийн баярлах хөөрөх, гуниглах гашуудах үед ялгардаг сэтгэлийн энергээр “хооллодог”. Ийм энергийг хүүхдээс авах их хялбархан, иймээс тэд хүүхдэд ойр байх гэж тоглоом, хүүхэлдэйд шингэдэг. Хүүхдүүд тоглоомоо их хайрлаж, энергээ дамжуулдаг. Энергийн шилжилт хүүхдэд сөрөг нөлөөлж, өвчлүүлж, заримдаа үхэл авчирч болзошгүй. Хүн алдаг хүүхэлдэйнүүд голдуу дорноос гаралтай гэнэ. Буддын шашны нэгэн домогт манай ертөнц буг чөтгөрөөр дүүрэн тухай өгүүлдэг.          Буг чөтгөрүүд хүн, амьтны “амьсгал”-ыг хулгайлж, ариун Брахмапутр мөрний эрэг дээрхи Угс-Ханг сүмд аваачдаг гэнэ. Амьсгалаа хулгайлуулсан хүн өвдөж, үхдэг. Харин лам нар буг чөтгөрүүдтэй тэмцэж, тэднийг бариад шавар барималд хорьдог. Гэтэл өөдгүй, хүн чанаргүй этгээдүүд эдгээр тоглоомыг жуулчдад зардаг. Ингээд үхэл тээгч хүүхэлдэй, шавар баримлууд айлын гэрт орж ирдэг аж. Төвдүүд Буддын шашнаас өмнө “бон” гэдэг онгон зэрлэг шүтээнтэй байжээ. Тэд шүтээнээ дайснаараа тахиж, ёслол үйлддэг. Алуулсан дайсны сүнс өшөө авахаас болгоомжилж, баримал болон хүүхэлдэйд шингээн, жуулчдад заран алс хол цөлдөг ажээ. Эдгээр сүнс шинэ эздээ хайрлахгүй нь мэдээж. Тэгээд гэртээ харих замаа хайн, хүмүүст уур хилэнгээ гаргаж өвчлүүлдэг гэнэ. Шашны төлөөлөгчид, уфологч эрдэмтэд, төлөгчид “үхэл тээгч” хүүхдийн тоглоомын шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ тэд “Хүүхэлдэй амьд төдийгүй эзнийхээ амьдралыг тодорхойлдог”гэсэн нэг зүйл дээр санал нэгддэг.   Эх сурвалж: http://khukhtenger.blog.banjig.net/post.php?post_id=211712    

Талийгаач багш нь хичээлээ зааж зогсов

Дотор жихүүцүүлэм зүйл алийг хэлж барах вэ.Гэхдээ хүмүүс сүнс, зүүд хоёрыг заримдаа хольчих гээд байдаг юм.Нэг нөхөр надад сүнсний тухай болсон явдал ярьж өгнө гээд зүүд ярьсаныг нь сайн санаж байна.Уг нь болсон явдал гэхэд болохгүй юм байхгүй.Сэлэнгийн Зүүнбүрэнгийн эрчүүд тэр жил хадландаа гарч л дээ.Тэдний дотор элдэв онигооны эзэн болчихдог Тодрол гэдэг хөөний эр явжээ.Сав л хийвэл онигоонд орчихоод болдоггүй хүн юм байх.Тодролын хамгийн их хичээж явдаг зүйл нь олонтой газар унтахгүй юм шүү гэсэн бодол байдаг байжээ.Гэвч яана гэхэв.Хүссэн ч, эс хүссэн ч хадлан зэрэгт олуулаа явж, олуулаа идэж, ууж, унтаж амардаг нь жам юм.Өдөржин ажиллаж, ядарсан улс дэрэн дээр толгойгоо тавиад л нам болоогүй хаачихав.Тэднийг өглөө босоход хадаж байсан талбай нь овоо явчихдаг гайхалтай үзэгдэл гараад иржээ.Хадланчид ихэд гайхавч учрыг нь олохгүй хэд хоножээ.  Тодрол өөрт тохиолдсон явдлыг хэлэхийг хүссэнгүй.Яагаад гэвэл нөхөд нь итгэхээсээ итгэхгүй нь илүү.Тэгээд ч элдвээр шоолж, тоглоом тохуу хийн, онигоонд оруулах нь ойлгомжтой байлаа.Тиймээс амаа хамхиад өнгөрөхөөс яалтай билээ.Гэсэн хэдий ч олон хавар нэгэндээ гэдэг үгтэй бөлгөө.Нэг шөнө хамгийн ахмад ажилтан Шарав гуайн давсаг чинэрээд унтуулсангүйд арга буюу босчээ.Гэтэл Тодрол орондоо алга байж.Бие засч яваа юм байлгүй гэж бодоод гарчээ.Гараад бүр нүдэндээ итгэсэнгүй.Сарны гэрэлд нэг хүн өвс хадаж байгаа нь яах аргагүй Тодрол мөөн.Өвгөн хашир хүн тул ихэд болгоомжтой ханджээ.Давсагаа суллачихаад дөхөж очсон байна.Өнөө Тодрол ажиг, сэжиггүй хадаж байжээ.“Аа, тийм бий” гэж бодоод буцжээ.Орж ирээд орондоо орж, унтахыг хичээн хэвттэл өвсөө нэлээд явуулчихсан Тодрол орж ирээд ам нь ихэд цангасан бололтой данхтай хар цайнаас хэд сайн балгачихаад хэвтээд өгчээ.  Маргааш нь нөхөд нь босоход өвс явдгаараа цааш нэлээд явчихсан харагджээ.Өдрийн хоолны үеэр Тодрол бие засахаар явсанд Шарав өвгөн нөхөддөө болсон явдлыг яриад Тодролыг цочоож болохгүйг хэлсэн гэдэг юм.Тэр намрын ургац автал Тодрол тийнхүү нөхөддөө дэм болсон түүхтэй.Ер нь иймэрхүү зүйл зөндөө тааралддаг билээ.Зүүдэндээ ажиллаж яваад усанд хүрэхээрээ харин сэрсэн тохиолдол олон байдаг ажээ.Бусдаар бол сэрдэггүй агаад хэн нэгэн цочоож орхивол харин сэтгэцийн өвчтэй болчих магадлалтай гэдэг юм билээ.Энэ бол зүгээр жирийн нэгэн зүүдний өвөрмөц нэгэн илрэл бүлгээ.Түүнээс биш эл явдлыг өгүүлсэн хүнийхээр сүнс, хий үзэгдэл биш юм.Одоо жинхэнэ сүнсний тухай ярьж өгье.  Оросын алдарт шатарчин, Швейцарь улсын иргэншилтэй, Их мастер, дэлхийн аваргын титмийн төлөө нутаг нэгт А.Карповтой нэгэнтээ халз тоглоод ялах шахсан Виктор Корчной гэх агуу шатарчин байдгийг зарим уншигч мэдэх байх.Корчной Швейцарьт байхдаа нэгэн сүнс дуудагчтай овоо дотно танилцжээ.Түүнээс нэг удаа “Бурхан болсон шатарчны сүнсийг дуудаад тоглож болох уу?” гэж асууж л дээ.Тэрбээр “Бололгүй яахав” хэмээсэн байна.Ингээд туршиж үзэхээр болжээ.Хоёулахнаа нэгэн өрөөнд бэлдээд нөгөө сүнс дуудаач нь зан үйлээ хийжээ.Тэгэхдээ В.Корчнойд хандан “Шатраа өрөөд, нүүдлээ хийгээд сууж бай” гэсэн байна.В.Корчной цагаанаар эхэлж тоглохыг хүссэн тул өөрийн дуртай гарааг сонгожээ.  Хэний сүнсийг дуудуулах вэ гэвэл “Миний найз Их мастер Мароскийн сүнсийг дуудахыг хүсч байна” гэжээ.Сүнс дуудаач ёс жаягаа үйлдэхийн хамт “цаасан сэнс” эргэхийг харж байхыг хэлсэн аж.Гэнэт нөгөө сэнс нь эргэлдэж гарчээ.“Эргэлээ” хэмээвэл “За, таны өрсөлдөгчийн сүнс ирлээ” хэмээжээ.Ингээд тэр хоёр наадаж эхэлсэн байна.В.Корчной “Бэрсний гамбит” гэх гараа сонгосон агаад бэрснийхээ өмнөх хүүг Д4 гэж нүүжээ.Сүнс дуудаач Их мастерын сүнстэй харьцаад “Харын бэрсний өмнөх хүүг Д5 гэж нүүлээ” гэх зэргээр наадсаар бүтэн таван цагийн их тулаан болж, үнэхээр илүүгээ харуулан В.Корчной хожсон гэдэг билээ. Энд өгүүлэгдсэн явдал баттай болохыг нотлон тэр үеийн ЗХУ-ын “Шахматное обозрение” сэтгүүлийн 1987 оны нэгэн дугаарт гарсаныг тухайн үед шатарт ид хорхойсч, муугүй тоглож явсан бидний хэдэн залуус үзэж, өргийг нь дагаж тоглон, тэрүүхэндээ бяцхан анализ хийж байснаа тод санаж байна.  Энэ тоглолт тэр цагийн шатрын ертөнцөд чухам л шуугиан тарьсан билээ.Яагаад үүнийг өгүүлэв гэвэл сүнс байдгийн бодит жишээг хүргэх гэсэндээ тэр юм аа.Одоо өгүүлэх сүнсний түүхээ эхэлье.Булганы арван жилийн сургуульд болсон явдал ажгуу.Наяад оны дундуур болсон юм гэнэ билээ.Тус арван жилийн нэртэй багш нарын нэг Б тэтгэвэртээ гарахаасаа өмнөхөн бурхан болж л дээ.Тэр аймгийн сурагчдын хамгийн хайртай багш нарын нэг байсан гэдэг.Өвчин хэлж ирдэггүй болохоор санаж бодох юмгүй, шавь нарынхаа хичээлийг тасалдуулчихгүй л байхсан гэж зүтгэсээр байгаад өвчнөө хүндрүүлээ биз ээ.Багшийгаа үдэж гаргасан хамт олон, шавь нар нь нэг хэсэгтээ л үгүйлсэн нь мэдээж.Ингэсээр байгаад өнөө дөчин ес хоног моног нь ч өнгөрсөн юм байх.Шавь нар нь ч мартагнаж эхэлжээ.Нэгэн ням гарагт үүнийг өгүүлэгч шавь нь сургуулиасаа ус авах гэж очоод яагаад ч юм Б багшийнхаа өрөөний үүдэнд амарч зогссоноо гэнэт багшаа дурсчээ.  Мөн ч сайн бас сайхан багш байсан даа.Самбар дээр ямар гоё бичдэг гэж санана гэж ирээд л боджээ.Тэгсэнээ гэнэт өрөөг нь шагайж хармаар санагджээ.Хаалга нь цоожтой тул түлхүүрийнх нь нүхээр харчихаад зүрх нь золтой л зогсчихсонгүй гэнэ.Таг хөшиж орхижээ.Багш нь самбарынхаа өмнө зогсдогоороо зогсчихоод гаргацтай сайхнаар нэгэн хичээлийн гарчиг тавьсан шигээ хичээлээ зааж зогсчээ.Шавь нь бүр гайхаад, нүдээ нухлан нэг харчихаад усаа орхиод жижүүр дээрээ гүйгээд ирчихжээ.Сургуулийн жижүүр ахыг дагуулж очоод харвал хичээлээ заасан хэвээр талийгч багш нь зогсохыг хараад дуу алдчихжээ.Төдөлгүй багш нь гэнэт агаарт уусан алга болсон байна.Ингээд хоёулаа үүдэнд очоод хэрхэхийг ярилцсан юм байх.Сургуулийн удирдлагуудад хэлэх хэрэггүй байх.  Тэд итгэхгүйгээс гадна чи бид хоёрыг цуу тараасан хэрэгт хийнэ.Итгэлтэй хүүхэд олж, харуулж баталгаатай болгосны дараа хашир багш нарт хэлье гэж тохирчээ.Ингээд шавь нь усаа гэртээ хүргэж тавьчихаад ангийнхаа хамгийн дотно хоёр нөхрийг дагуулж ирэн харуулжээ.Юу ч хэлэлгүй дагуулж ирээд түлхүүрийн нүхээр шагайлгавал хоёулаа л “Багш” гээд гацчихжээ.Ингээд хоёр итгэлтэй багшид үзүүлснээр бөөн шуугиан тарих нь тэр.Сургуулиараа хуралдаад, олон санал гарсаны дээр зарим тулхтай нөхөд тэр хавьдаа алдартай Нүрзэд гэх хөгшинд хандсанаар олон хүнийг айх, цочих аюулаас салгасан гэдэг юм даа.Ингээд бодохоор нүдэнд харагддаг хийгээд харагддаггүй олон янзын сүнс, хий үзэгдэл байдаг бололтой.

Морьтой хүн дуулаад давхиж ирдэг байжээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд болсон явдал юм. Ховдын хамгийн арын буюу Баян-Өлгий аймагтай хиллэдэг газар л даа. Цаст Цамбагарав хайрханы чанх өмнөд тал гэсэн үг. Үндсэндээ өөлдүүдийн нутаг гэсэн ч болно. Эрдэнэбүрэн, Баян-Өлгийн Алтанцөгцийн хиллэдэг Намаржаан гэх нарлаг сайхан нутаг бий. Намаржааны урд бэлд болсон ажээ. Одоогийн 40-өөс дээш насныхан андахгүй. Алтайн тарвага, зурам хошгирсон аглаг сайхан эл нутагт Түмэнгийнх гэдэг айл голдуу ганц гэрээр нутагладаг байжээ.  Тэднийх намаржаандаа буугаад байсан цаг бөгөөд 70-аад оны дунд үе ажээ. Яагаад ч юм Намаржааны өмнө бэлд тэр үед айл бараг намарждаггүй болчихсоноос тэр хавийн өвс ургамал гарсан шиг гардаг байж л дээ. Хүн, малын хөлд дарагдаагүй газрын өвс, ургамал хариугаа авах мэт ургадаг нь байгалийн хууль юм. Өвс нь гэхэд л морьтой хүний дөрөө шүргэдэг байсан гэнэ билээ. Ер нь энэ нутгийн үзэсгэлэнг хэлчихэд бас гэмгүй байх. Намаржааны морин эрвээхэй шиг том, сайхан эрвээхэй Монголын хаана ч лав байхгүй байх гэж бодогддог юм шүү. Болжморын хэрийн бор цоохор эрвээхэй хонхон цэцгийн цоморлигийг халхлаад дэвж байдгийг одоо юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Одоогийн хүүхэд, багачууд харвал лав эрвээхэй гэж бодохгүй дээ. Харин ямар болжмор вэ л гэнэ. Тийм л том эрвээхэй тэнд байдаг хэрэг. Бас нэг сайхан цэцэг бий. Эрдэнэшишэрхүү хэлбэртэй, вафли печень мэт үнэртэй тэр цэцгийг эцэг, эхчүүд хориод нэг их үнэрлүүлдэггүй байсан юм. Учрыг нь мэдэхгүй л дээ. Манай аав, ээж ч өөрсдөө учрыг нь мэддэггүй байсан юм билээ. Урьдын улс л тэгдэг байсан гэх. Их үнэрлэвэл толгой эргэж, бөөлждөг юм гэсэн нь харин үнэн байх шүү. Тэр цэцгэн дунд бие засаад хэсэг суухаар сүүлдээ дотор муухайрах шиг болдог байж билээ. Одоо бодвол мансууруулах талын юм байсан байж магадгүй л дээ. Далийн ягаан цэцэгт суухад цаг барьдаг, өвчтэй хүн тийм цэцэгтэй газар унтах нь битгий хэл удаан сууж болдоггүй гэдэг биз дээ. Нэг тиймэрхүү талын л юм байсан болов уу даа.  Тэр сайхан цэцэг, эрвээхэй хоёр одоо алга болсон гэнэ билээ. Үзээгүй болохоор өнөөгийнхөн итгэхгүй ч үнэн юмыг яалтай билээ, өгүүлж орхив. Байгаль ертөнц эргэлт буцалтгүй өөрчлөгдөж байгаагийн шинж тэмдэг байх аа. Энэ мэтийг зүгээр л сонирхуулах үүднээс хүргэсэн билээ. Түмэнгийнх тэнд буунгуут ажил гарсан тул гэрийн эзэн сумын төв явж эхнэр, хүүхэд нь шинэ нутагтаа үлджээ. Нийгмийн хэдэн малаа бэлчээж, саагаад цагаан идээгээ бэлдсэн намрын нэгэн налгар сайхан өдөр байсан нь мэдээж. Томхон хүүхдүүд нь тарвага, зурам хөөсөн шиг өдрийг өнгөрөөгөөд мал хуйгаа хотлуулаад оройн хоолоо идэцгээн, маргаашийн ажлаа төлөвлөнхөн сууцгааж байжээ. Наран жаргаж, хорвоогийн нэгэн үдэш ирсэн тул тэгсхийгээд бүрий болсноо харанхуй нөмрөөд иржээ. Яг энэ үед нэлээд алсад морин төвөргөөн сонсогдон, хүн дуу аялах мэт болжээ. Алив, хүүхдүүд ээ. Аав нь айсуй бололтой. Цай цүүгээ халаацгаая. Хоолоо ч халаачих. Ийм амархан ирмээргүй юм. Ажил нь бүтээгүй юм уу замаасаа буцаад ирэв бололтой гээд өндийсөн байна. Тэднийг тэгж бужигнаж байхад хөгшин банхар нь ч боргож эхэлжээ. Тэдний санаанд элдэв юм ч орсонгүй. Аавыгаа ирж байна л гэж бодсон хэрэг. Гэтэл аав байдаггүй. Гайхшаа бараад халаасан хоол цайгаа гаргаад, буцаад хэвтэцгээсэн ажээ. Гэтэл дахиад л морин төвөргөөн, нутгийн ардын дуу цуурайтаад эхэлжээ. “Ямар сонин юм бэ? Аавын чинь хоолой биш л байна даа. Гараад нэг хараатхаа ч” гээд хоёр том хүүгээ гаргажээ. Хоёр хүү нь гарч харчихаад “Цэгээн зүсмийн морьтой хүн л ирж явна. Аав зээрд морьтой явсан ш дээ. Морио замдаа юүлчихсэн юм байлгүй дээ” гэсээр орж иржээ. Гэр бүлээрээ хүлээгээд бас л байдаггүй гэнэ.  Тэгж байснаа өнөө чимээ, дүрс өөрөө ч алга болчихжээ. Явуулын хүн өнгөрөөд явчихжээ гэлцээд унтсан байна. Маргааш нь гарч харвал ёстой юу ч болоогүй юм шиг өдөр байжээ. Ингээд мөн л хөдөөгийн айлын ёсоор малаа бэлчээгээд, саалиа бэлдээд, том хүүхдүүд тарвага, зурамчлаад өнгөрөөсөн нь мэдээж. Мөн л орой болдгоороо болж, малаа хотлуулж, оройн сааль саам болоод хоолоо идэцгээн амрахаар хэвттэл бас л морин төвөргөөн хадаж, цээл сайхан дуугаар уртын дуу аялаад, нохой боргоод явчихжээ. Одоо л жинхэнэ аав ирж байж магадгүй гээд хүүхдүүд нь гарч харсан боловч үзэгдэх зүйл байтугай нүдэнд торох юм ч харагдаагүй гэнэ. Ингээд бүгд алмайрч орхижээ.  Маргааш нь мөн л сайхан өдөр болж, бүх зүйл болдгоороо тохиогоод өнгөрч байтал сумын төв явсан аав нь ч иржээ. Аав нь зээрд морио унасан чигээрээ ирээд эхнэр, хүүхдийнхээ ярьсаныг сонсоод гайхшран суусан аж. Ингээд үдшийн бүрийг тэсэн ядан хүлээж байтал хорвоогийн нэг хоног хүрээд ирэлгүй яахав. Үдшийн бүрий тасарч эхэлжээ. Өнөө жигтэй үзэгдэл харин дахиж гарч ирэхгүй байсанд гэрийнхэн хий юм харж, сонссон юм болов уу гээд гайхацгаасан нь мэдээж. Тэгж байтал ёстой жинхэнэ морин төвөргөөн дуулдаад, уртын сайхан дуу хадаад явчихжээ. Хөгшин банхар нь ч хуцаж, боргоогоод сүйд гэнэ. Ингээд эцэг нь гарч хараад бүр гайхаж хоцорчээ. Яалт ч үгүй цайвар морьтой хүн ирж явсан юм байх. Тэр барааны газар дөхөж ирээд гэнэт агаарт, харанхуйд гэх нь зөв байх уусан ууссаар арилаад өгчээ. Хэрэг бишидсэнийг хараад гэрийн эзэн бодол болон суусаар хоножээ. Ингээд өглөө нь босоод хэрхэхийг ярилцсанаа юу ч болтугай хэдэн километрийн тэртээд намаржиж байсан хоёр айлаар ороод ирье гээд явжээ. Тэрхүү хоёр айлд очвол нутгийн ард Цоож, Сүхээгийн гэдэг айл байжээ. Гэрийн эзэд эзгүй, эхнэр хүүхдүүд нь л байсан юм байх. Мэнд мэдэлцэн, цай цүү болонгоо болсон явдлыг ярьжээ. Хоёр гэрийн эзэгтэй нарын арай тулхтай эгчмэд нь болох Энхээ гэдэг эмэгтэй ийн ярьсан байна. “Тийм байх ёстой. Танайхыг тэнд бууж байхыг мэдсэн ч унаа малгүй, тэгээд ч эрчүүд эзгүй болохоор хэлж чадаагүй юм.  Олон хүүхэдтэй айлд ямар сайн байхав гэж бодсон ч үнэнийг хэлэхэд амжсангүй л дээ. Бугтай болоод бүтэн хоёр жилийн нүүр үзэж байгаа юм. Банжгайн Мижид тэнд бурхан болчихсон юм шүү дээ. Харанхуйд морь нь тарвага, зурамны нүхэнд бүдэрсэн бололтой гэдэг юм. Тэр согтуу явсанаас гарцаагүй. Эрүүл хүн эрхбиш замаа харна ш дээ” гэх зэргээр ярьжээ. Ингээд бушуу нүүхийг санал болгосон байна. Түмэн ч санд мэнд хариад яаравчлан нүүж оджээ. Тэр жилийн хавар тэнд Осорынх гэдэг айл хаваржиж байжээ. Хэдийгээр Намаржаа хэмээн тодотгодог ч нутгийн ардууд сайхан газар болохоор нь хаваржаад, зусан улмаар намаржиж орхидог байж л дээ.  Осорынх хаваржиж байсан нэг орой Банжгаан Мижид харуй бүрийгээр морин төвөргөөн хадуулан, дуу цуурайтуулан, нохой шуугиулсаар давхин ирж яваа харагдсанаа гэнэт чимээ тасарчээ. Ирж явсан хүн яачихав гээд гартал нэг хар юм байгаа харагджээ. Хэрэг бишидлээ гээд яваад очтол Мижид унаад ухаан алдчихсан бололтой хэвтжээ. Морь нь угаасаа номхон амьтан болохоор эзнээ унангуут орхиод явалгүй дороо зогсчихсон байж. Хажуухантай нь нэг нүх харлан байсан юм байх. Мижидийг дуудаад, татаж чангаагаад сэрэхгүй болохоор нь аваад харьтал бараг тэр дороо амьсгаа хураасан бололтой байжээ. Ингээд л бөөн адал явдал болж, гэрт нь хэл ам хүргэх, чухам яасныг нь тогтоохоор нөгөө газар очтол морь нүхэнд бүдэрсэн бололтой дүр зураг харагджээ. Хажуугийнх нь шороон дээр нэлээд битүү цул юмны ул мөр бололтой нүх үүссэн байжээ. Яаж ч бодсон мань хүн тун санамсаргүй явж байгаад морьтойгоо годройтохдоо толгойгоороо унасан бололтой байсныг Осор тогтоосон гэдэг юм. Тэгээд Мижидийг гэр орныхон нь авч яваад нутаглуулжээ. Хэд хоногийн дараа тийм явдал тохиолдож эхэлсэн тул бугтай болов гээд Осорынх ч нүүн оджээ. Эх сурвалж www.wikimon.mn

Хуудаснууд

Subscribe to Далд ертөнц