logo

logo.jpg

Advertisement

Далд ертөнц

Шар шувуу буудаад шанг нь голомтоороо төлсөн нэгэн айл

Шар шувуу буудаад шанг нь голомтоороо төлсөн нэгэн айл Түмэнбаярын аав хорт хавдраар өвчилжээ. Эмнэлгээр хэдэн жил яваад эмчилгээгүй гэж гэртээ гарсан түүнийг үр хүүхдүүд нь эдгэршгүй тэр өвчнийг анагааж болдог гэсэн эртний нэгэн домогт итгэхээс өөр ямар ч найдвар үлдсэнгүй. Энэ нь өмөн үү туссан хүнд шар шувууны мах идүүлж шөлийг нь уулгавал эдгэрдэг гэсэн яриа бий. Ийм яриа нэгэнт дуулчихсан болохоор, дээр нь аав нь өдрөөс өдөрт турж эцээд царай алдаад байхаар Түмэнбаяр амьдралда оготнын хамраас цус гаргаж үзээгүй атлаа зориглон шар шувуу намнахаар шийджээ. Уг нь тэрээр ан аваар хөөцөлддөг нутгийнхаа хэдэн анчинд хэл дуулгаж, "Шар шувуу намнаж ирвэл шанг нь гомдоохгүй шүү" гэж удаа дараа гуйсан ч түүний хүсэлтийг биелүүлэх хүн олдсонгүй. Ингээд арга буюу "Шаварт унасан шарын эзэн хүчтэй" гэгчээр нутгийнхаа анд хорхойтой Пүрэвээ гэх залууг дагуулан харанхуй шөнөөр хад асга нэгжин явжээ. Учир нь шар шувуу бол шөнийн амьдралтай шувуу бөгөөд өдрийн цагаар юу ч хардаггүй, мөн унтаж байдаг болохоор өдөр олно гэдэг дэмий ажлын гарз болох байлаа. Олон жил анд явсан Гунгаа өвгөний шар шувуутай гэсэн газарт очиход үнэхээрийн тэр амьтан байсан гэнэ. Нялх хүүхэд  уйлж байгаа юм шиг чарлаж байснаа төдөлгүй ёозгүй хөхрөх тэр амьтныг яаж агнадаг аргыг ч Түмэнбаярт Гунгаа өвгөн зааж өгчээ. Хав харанхуй нөмөрсөн арсгар бүрсгэр хадтай аймаар газар үхээрийн шувуу гэгддэг шар шувуу байдаг аж. Өдрөөр ил гарахгүй болохоор шөнө л түүнийг агнаж болдог байна. Түмэнбаяр Пүрэвээгийн хамт мацсаар нэг хад руу өнгийвөл урдаас нь аймаар том нүд гэрэлтэж харагджээ.Тэднийг харсан шар шувуу сар сүрхийлгэн далавчаа хөдөлгөн ойрхон нисч буугаад толгойны үс босч айдас төрмөөр зэвүүнээр инээжээ. Гунгаа өвгөн "Алдаж буудаж болохгүй шүү. Тэгвэл голомтоороо сүйрдэг юм гэнэ лээ" гэж захисан байжээ. Ойртож очоод гар чийдэнгийн гэрэл тусгахад л шөнийн нүдтэй шар шувуу агшин зуур сохордог. Гэрэл тусгаж байж буудахгүй бол найдвар бага гэдгийг Түмэнбаяр ч ойлгож байлаа. Шувууны нисч буусан газар руу гэтэж мяраасаар ойртож очиход нэгэн хадны хонхорхойд нуугдан суугаад байх шиг харагджээ. Гар чийдэнгээ огцом асаагаад гэрлийг нь тусгахад шар шувуу ноостой нүүртэй өвгөн хүн шиг харагдахад Түмэнбаяр айн цочжээ. Гэрэлд сохорсон амьтан ийш тийш харах гэж оролдовч хөдөлж чадахгүй байлаа. Хайртай эцгийг нь өвчнөөс салгах ганц эм нь энэ зэвүүн шувуу гэж бодох тул Түмэнбаяр чичирсэн гараараа замгаа татаж гохоо мулталжээ. Харанхуй хад доргин чичирч, хадны нөгөө талд нисч гарсан шар шувуу хорлонтой зэвүүнээр чарлан инээжээ. Түмэнбаяр "Түй" гэж газар нулимаад анхны сумаар ангаа унагаж чадаагүйдээ багагүй уурсчээ. Нэг сумаар унагаж чадахгүй бол үхээрийн тэр шувууны хараалаар нэг хүн байтугай голомтоороо амиа алддаг гэж сонссон болохоор Түмэнбаяр түүний хойноос улайран хөөцөлдөж, хад чулуу нуран улангасч байв. Шөнийн нам гүмийг эвдсэн шар шувууны муухай дууг тэр огт тоохгүй болжээ. Хоёр нүд нь харанхуйд шар ногооноор эргэлдсэн гэрэл болж харагдан Түмэнбаярыг өдөх шиг явгалан гүйж энд тэнд нь гарч зэвүүн муухайгаар   хөхөрч   инээж байв. Түмэнбаяр хэд хэд буудаад оносонгүй. Пүрэвээ ч урдаас нь угтуулан тосч буудаад ч байгаа оносонгүй. Шар шувуу тэр хоёрыг дагуулан өндөр хад руу чарлан инээсээр өгсч байв. Нүд нь сохорсон мөртлөө нүдтэй юм шиг л хаднаас хад руу дамжин явжбуй   шар шувууны араас Түмэнбаяр ч нэхэв.Харин энэ үед Пүрэвээ Түмэнбаярыгхориглотол тэрээр "Чиний аав өвчтэй байсан бол чи хүүгийн хувьд ингэх л байсан биз дээ. Тэгээд ч шар шувууг алдаж  бууддаггүй  гэсэн, тэгэхээр эцсээ үзэхээс өөр аргагүй. Чи айгаад байгаа бол буц даа,би өөрөө аргалъя"гээд мөнөөх зэвүүн бор цоохор шувууны хойноос яваад өгөв. Нэг шовх хадны орой дээр гараад сөрвөлзөн хөдлөх шар шувууг буудаж унагахад амархан санагдах боловч сумаа сул алдсаар л байв.  "Гүүг гүүг, хи хи" хэмээн дуугарах шувуу Түмэнбаярын уурыг улам хүргэнэ. Тэр буугаа мөрлөж үүрээд мөнөөх шовх хаданд авирч гарлаа. Шар шувуу өөрийн мэддэг хамгийн муу газраа хүрсэн бол цаашаа явдаггүй юм гэж Түмэнбаяр сонссон байлаа."Үүнээс цааш чи хаачих вэ дээ" гэж шүд зуун зүтгэсээр хадны оройтой зэрэгцэн ирмэгц шар шувууны аймшигтай зэвүүн ногоон нүд нүүрэнд тулж хоёр махир савраараа Түмэнбаярын нүүр рүү хүүхэд шиг чарлан самардахад тэр өөрийн эрхгүй барьж байсан хаднаасаа гараа алдан гүнзгий хавцал руу нисчээ. Түмэнбаярыг хашгирах чймээнээр эргэн харвал шар шувуу аймшигтайгаар инээж баярлан хашгирч байгаа юм шиг бас өөрийг нь "Нааш ир, нааш ир" гэж дуудаж байсан хэмээн ярьжээ. Зүрхэндээ зүү шивүүлсэн юм шиг айсан бараа бологч Пүрэвээг унаж тусан гүйсээр мориндоо мордон Түмэнбаярын гадаа буухад аав нь амьсгал хурааж байжээ. Эхнэр хүүхдэд нь Түмэнбаярын тухай муу мэдээ дуулган, хамтдаа хадны хавцлаар цогцсыг нь эрсний хүчинд хоёр өдрийн дараа олж, нэгэн зэрэг аав хүү хоёрыг хамтад нь хөдөөлүүлэх ажлыг хийжээ. Харамсалтай нь хөдөөлүүлэхийн өмнөх орой гэрийнхэн нь, хол ойроос ирсэн хамаатнууд нь түр дугхийх зуур аав, хүү хоёрын зурагны өмнө байсан зул хэн ч хүрээгүй байхад өөрөө унаж, хуурай өвсөнд дүрэлззсэн түймэр шиг гэрийг нь галдан шатааснаар энэ гэрээс нэг ч хүн амьд үлдээгүй, голомтоороо сүйрсэн гэдэг. Энэ түүхээс үзэхэд шар шувууг чөтгөрийн шувуу, үхээрийн шувуу гэж нэрлэдэг нь дэмий зүйл биш байж мэдэх юм.  

Эмнэлгийн хонгилд үзэгдсэн сүнсний бичлэгийг хийжээ

Эмнэлгийн хонгилд үзэгдсэн сүнсний бичлэгийг хийжээ  Гондурасын La Otra Dimension хэмээх нэртэй фэйсбүүк хуудсанд маш хачирхалтай, жихүүдэс төрүүлэм бичлэг оруулсан нь онлайн ертөнцөд шуугиан дэгдээхийн зэрэгцээ хүчтэй маргааныг өрнүүлээд байна. Уг бичлэгээс харахад оройн цагаар эмнэлгийн бүх гэрэл асаалттай байхад хазгар явдалтай шаргалдуу өнгөтэй сүнс хонгилоор тэнэж яваа нь харагдана. Тухайн эмнэлэг яг хаанахын ямар эмнэлэг болох нь тодорхойгүй байгаа ч зарим сүнс судлаач Гондурасын их сургуулийн эмнэлэг гэх таамгийг дэвшүүлээд байна. Учир нь тус эмнэлгийн эмч нар амиа хорлох тохиолдол их байдагтай холбоотой гэнэ. Эмнэлгийн хонгилоор сүнс тэнүүчлэн явааг харуулсан бичлэг өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан аж. Тэдгээрээс хамгийн ойрын жишээ нь 21 настай Эндрью Милбурн гэх залуугийн өнгөрсөн оны зургаадугаар сард онлайнаар цацсан бичлэг юм. Тэрбээр Лийдсийн нэгдсэн эмнэлэгт найз бүсгүйтэйгээ чатлаж байгаад сүнс явахыг хараад Снэп чатаараа дамжуулан бичиж авсан байна. С.Дамдин  

Эмнэлгийн хий үзэгдлүүд

Эмнэлгийн хий үзэгдлүүд Сувилагч Э: “Миний ээлжин дээр нэг эрэгтэй хүн нас барсан юм. Гэтэл хоёр цагийн дараа миний хамт ажилладаг сувилагч бид хоёр түүнийг коридорын мухарт зогсож байхыг харсан. Тэр шөнөжингөө унтаж чадаагүй. Өглөө ээлжнээс буунгуутаа бид хоёр Гандан орж ном уншуулсан.” Охин О: “90-ээд онд аав минь барилга дээр ажиллаж байхдаа таван давхраас хөл алдан унаж маш хүнд гэмтэл авсан юм. Тэгээд түүнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн. Найдваргүй гэж байсан хэмээн ээж минь ярьдаг юм. Аавын хэвтсэн тасагт найдваргүй болсон таван хүн хэвтэж байсан гэнэ билээ. Нэг шөнө аав ухаан орж хартал тасгийнх нь хоёр хүн босож алхсаар цонхонд дээр очоод нэвт гараад явчихсан гэсэн. Тэгээд цааш нь аав юу болсныг ойлгоогүй өөрөө унтсан юм уу, ухаан алдсан уу тэрийгээ мэдээгүй гэдэг. Хөл нь аймаар өвдөхөөр сэрсэн гэнэ билээ. Тэгтэл сувилагч нар нөгөө шөнө харсан хоёр хүнийг нь дамнуурга дээр тавиад гарсан аж. Тэгтэл тэр хоёр хүн аавыг шөнө ухаан орох үед нас барцгаасан юм байжээ. Мөн тэр шөнөө аав нөгөө үлдсэн хоёр хүнийг өрөөн дотор холхиод байсныг харсан гэнэ. Гэтэл нэг нь хөлөө тайруулсан байтал зүгээр яваад байсан гэж байгаа. Аав айсандаа бас л ухаан алдаад сэргэхэд нь нөгөө хоёр нь бас өнгөрчихсөн байсан гэнэ лээ.  Тэгээд өдөр хэсэг зүүрмэглэж байтал сувилагч нар нэрээр нь дуудаад “Энэ залуу бөх амьтай юм аа. Үлдсэн дөрөв нь тэссэнгүй” гэхэд нөгөөх нь “Наад хүн чинь жаахан охинтой юм билээ. Тэгээд үхэхгүй байгаа байх” гэж ярьцгаасан гэдэг. Эмч Б: “Харин манай эмнэлэгт ямар ч хий үзэгдэл хараагүй. Харин байнга үхэл үнэртсэн нэг газар бий. Тэгэхдээ тэр өвчтөнүүдийн тасаг биш. Харин ажилчдын өрөө. Гэвч хэн ч тийшээ ордоггүй. Хажуугаар нь өнгөрөх бүрт жихүүдэс хүрдэг сонин газар”. Өндөр настан Ц: “Намайг 80-аад оны сүүлчээр хүүхдийн эмнэлэгт ажиллаж байхад манай давхарт шинэ төрсөн хүүхдийн болон сэхээн амьдруулах тасаг хамтдаа байдаг байсан юм. Тэнд би хааяа улаан пальтотой өндөр сайхан бүсгүйг хардаг байсан ч намын гишүүн болохоор энэ тухай хэнд ч дурсдаггүй байлаа. Гэхдээ хааяа л харагддаг байсан юм. Хэрэв тэр бүсгүй манай давхарт харагдах л юм бол дөнгөж төрсөн ч бай, эсвэл сэхээнд байгаа хүүхдүүдээс нэг нь заавал нас бардаг байлаа. Үнэхээр аймаар. Намын гишүүн гэдэгтээ баригдаад Гандан орж, лам дээр ч очдоггүй, хүнд ч хэлдэггүй байсан даа. Гэхдээ хамгийн аймаар нь миний нэг ойтой хүү өвдөөд эмнэлэгтээ авч иртэл тэр эмэгтэй яг намайг ширтээд манай давхарт зогсож байх нь тэр. Тэгээд би өвдөг сөгдөн гуйж, хүүхдээ өгөхгүй хэмээн залбирсан юм. Тэгэхэд би 24 настай байсан. Харин өглөө хоёр санчиг минь бууралтчихсан байж билээ. Харин одоо хүү минь 30 гарсан том эр болсон. Одоо бол би Гандангаас салахгүй шүү дээ”. Оросын иргэн Чва: Миний дадлага хийж байсан хүүхдийн сэхээн амьдруулах тасагт гэдсэндээ хүнд шарх авсан нэг жаал ирээд хагалгаа амжилтгүй болж нас барсан юм. Түүнээс хойш нэг их удалгүй би жижүүр хийж байлаа. Гэтэл шөнө өвчтөнүүдийн тасгийн хаалгыг онгойлгон явж байгаа нөгөө хүүг харах нь тэр. Би ч өөрийгөө галзуурч байгаа юм байна л гэж бодлоо. Гэвч надтай хамт жижүүр хийж хоносон охид өнөөх жаалыг бас харсан байдаг байгаа... Үгүй, харсан биш бүр шархтай ирэхдээ уйлж, орилж байсныг нь дахин сонссон гэсэн.  Ер нь шөнө өвчтэй хүүхдүүд унтаж байхад янз бүрийн юм их сонсогдоно. Хүүхдийн тожигносон алхаа энэ тэр гээд. Ер нь аймаар даа. Гэхдээ удалгүй дадлага дуусч би ч бушуухан сургууль руугаа явсан даа. Орос оюутан Саша: Шөнө. 125 жилийн настай барилгад байрласан эмнэлэг. Асрагч Вася нэг 100 татчихаад харанхуй коридорт гартал өмнөөс нь нэг цав цагаан халаат агаарт дүүжигнэн ирж байх нь тэр. Ах гялс өрөөгөө цоожлоод өглөө болтол нам суужээ. Гэтэл нөгөө халаатыг Африкаас ирж суралцаж байгаа дадлагын эмч оюутан хар арьст залуу өмсөөд явж байсныг мэдсэн гэж байгаа. Гэхдээ мань Вася сар гаруй дахиж хундага амандаа хүргээгүй юм даа. Эх сурвалж www.wikimon.mn  

ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ

ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ Завхан аймгийн Улиастай хотод Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-нд байгалийн сонирхолтой үзэгдэл болжээ.  Тодруулбал, шинийн 3-ны өдөр 11 цаг 45 минутын /морин цагт/ орчимд тэнгэрт үүлэн дунд Очирваань Отгонтэнгэр хайрханы дүрс тодрон гарч иржээ. Энэхүү байгалийн онц сонирхолтой үзэгдлийн зургийг тус газрын оршин суугчид өөрсдийн гар утсандаа буулган авсан байна. Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивтэй утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа. -Сайн байна уу. Та сайхан шинэлсэн үү. Танай аймгийн төвд болсон байгалийн үзэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн юм. Тэнгэрт Отгонтэнгэр хайрханы дүрс гарч ирсэн гээд олон хүн яриад байна. Хэр үнэний ортой мэдээлэл вэ? -Сайхан шинэллээ. Та бүхэн сайхан шинэлэв үү. Тиймээ, ийм явдал болсон. Уржигдар буюу шинийн 3-ны бага үдийн орчимд болов уу аймгийн баруун зүгт Очирваань хайрханы дүрс тэнгэрийн үүлэн дундаас тодрон гарч ирсэн. Барагцаалбал 10 орчим минут хүмүүст харагдсан. Тэгж байгаад алга болсон. Манай нутгийнхан энэ байглийн гэмээр үзэгдлийг их билэгшээж хүлээн авсан шүү. Энэ бичин жилд нутгийн зон олон минь сайн сайхан аж төрөх байхаа. -Энэ ямар утга учиртай юм бол. Танд дуулж мэдсэн зүйл байна уу? -Утга учрыг нь нарийн сайн мэдэхгүй. Лам нараас нарийн учир утгыг нь асуувал дээр байх. Ямартаа ч, нутгийнхаа зон олондоо сайн сайхныг билэгдэж, хайрхан маань тэнгэрт үзэгдсэн гэдэгт итгэлтэй байгаа. -Өмнө нь иймэрхүү үзэгдэл болж байв уу? -Очирваань Отгонтэнгэр хайрхан маань өөрөө тэнгэрт ингэж харагдаж байгаагүй. Харин өнгөрсөн хоёр жил дараалан хаврын тэргүүн сарын шинийн 8-нд аймгийн төвөөс зүүн урд зүгт буюу Отгонтэнгэр хайрханы зүгт солонго татаж байсан" гэв. Отгонтэнгэр хайрхан нь нүүдэлчдийн анхны тахилгат уул гэгддэг Уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4031 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий. Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн гэлтэй. Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх VI зуунд Түргүүд тахидаг байсан гэдэг. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдсан ч 1911 онд Богд хаан дахин сэргээсэн юм. Гэсэн ч 1930 оноос бүрмөсөн тахихаа больжээ. Харин 1995 онд төрийн тахилгатай болж дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлал тогтож хамгийн сүүлд 2011 онд тахисан юм. Отгонтэнгэр нь анхны эх газар гэсэн утгатай Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам.км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнөөс дээш 4031 м өргөгдсөн, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал зэрэг нэн ховор, ховор ан амьтад, ургамалтай. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Б.Дэжид  

Хачирхалтай үхэл

Энэхүү явдал 1959 оны 2-р сарын 2-ны өдөр Уралын нурууны зүүн хэсэг Холят Сяхл буюу нутгийн хэлээр Үхлийн ууланд болсон байна. Уралын политехникийн их сургуулийн төгсөгчид болон оюутнуудаас бүрдсэн 8 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй гулгагчдын багийг Игорь Дятлов ахлан 10 км зайтай Отортен ууланд авирах аялал хийх зорилготойгоор 1-р сарын 25-нд Идвельд галт тэргээр ирж тэндээсээ машинаар хамгийн алсын суурин болох Вижайд иржээ. Тэд нэгдүгээр сарын 27-нд Отортен хүрэх аялалаа эхэлсэн боловч дараагийн өдөр нь Юрий Юдин өвчний улмаас аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул буцаж баг 9 хүний бүрэлдэхүүнтэй үлдсэн бөгөөд тэдгээр залуусын нэг нь ч эргэж ирээгүй юм. Тэдний хамгийн сүүлд буудалласан газраас тэдний өдрийн тэмдэглэл болон камер зэргийг олсноор тэдний аяллын тухай мэдсэн гэдэг. Нэгдүгээр сарын 31-нд өндөрлөг газрын эхэнд ирэн авиралтаа эхлэхээр бэлджээ. Модтой хөндийд илүү гарсан хүнс зэргээ буцах замдаа хэрэглэнэ хэмээн нөөцлөөд хоёрдугаар сарын 1-нд уулын амаар нэвтрэн тэндээ буудаллах ёстой байв. Гэвч нөхцөл байдал хүндэрч цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан төөрч, чиглэлээ алдан Холят Сяхлын оргил өөд чиглэсэн байна. Тэд төөрснөө мэдсэний дараа зогсохоор шийдэн уулын бэлд буудаллажээ. Ингээд тэд Вижай руу цахилгаан мэдээ дамжуулах гэсэн боловч бүтэлгүйтсэн байна. Үүнээс хэд хоногийн дараа тэдний хамаатнууд болон бусад гулгагч нарын шаардлагаар сайн дурын оюутан багш нараас бүрдсэн хайгуулын бага хоёрдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Үүний дараа цэрэг, цагдаа, онгоц, нисдэг тэргийн тусламж ирсэн бөгөөд 26-нд  Холят Сяхл дахь сүйдсэн буудлыг нь олсон байна. Тэндээс зүүн хойд зүг модны зах руу явсан хөлийн мөр олсон бөгөөд 500 метр яваад мөр цасанд дарагдан баларсан байна. Ойн захад хөгшин хушны дор гал түлсэн ул мөр болон хоёр гулгагчийн цогцсыг олсон бөгөөд тэд гуталгүй, дотуур хувцаснаас өөр зүйлгүй байжээ. Буудалласан газар, хуш хоёрын хоорондоос мөн гурван цогцос олсон бөгөөд тэд цөхрөн буудалласан газар руугаа буцаж явах замдаа өнгөрчээ гэж таамагласан байна. Тэд хоорондоо 200-350 метр зайтай байв.  Үлдсэн 4-ийг нь бараг хоёр сарын дараа олсон бөгөөд тэд 4 метр орчим цасан дороос олдов. Хоёрдугаар сарын 26-нд тэдний майхныг олоход майхнаа дотроос нь зүсэн гарсан байсан бөгөөд залуусын ихэнх нь хөл нүцгэн мөн оймстойгоо гарч зугатсан байна. Эхний олдсон 5 хүний хувьд ямар нэгэн гадны нөлөөнөөс үл хамааран нас барсан мэт байсан ба нэг нь л тархиндаа жижиг хагархайтай байж. Харин сүүлд олдсон дөрөв нь яах аргагүй үхлийн шарх авсан байсан ба нэг нь тархиа маш хүчтэй хагалуулж, хоёр нь цээж, хавиргаа хугалуулж, үлдсэн нэгнийх нь хэл байхгүй байсан байна. Тэдний гэмтлийн хэмжээ нь машины ослынхоос ч их хүчээр үүсгэгдсэн байв. Мөн зарим гулгагчдын хувцаснаас цацраг идэвхт бодис их хэмжээгээр илэрсэн байна. Тэдний үхлийн шалтгаан яг юу байсан, яагаад майхнаа дотроос нь зүсэж гарсан, яагаад хөл нүцгэн гарч зугтаасан, яг юунаас тэгж айн зугтав, яагаад тийм их хүчтэй гэмтэв, нэгнийх нь хэл яагаад байхгүй байв, яагаад хувцаснаас нь цацраг идэвхит бодис илрэв гээд олон нууц тайлагдаагүй хэвээр байв. Эцэст нь шинжээчдийн багийнхан яавч энгийн тохиолоор энэ зүйл болоогүй, ямар нэг үл мэдэгдэх хүчний нөлөөллөөр энэ бүхэн болжээ хэмээн зөвшөөрсөн байна. “Хэрэв надад бурхнаас ганц л зүйл асуух боломж гарвал миний нөхдөд яг юу тохиолдсоныг л мэдэхийг хүснэ” хэмээн багийн үндсэн бүрэлдэхүүнээс ганцаар үлдсэн Юрий Юдин харамсалтайгаар өгүүлсэн гэдэг. Мөн энэ явдалтай холбоотой сонирхолтой зарим баримт олдсон. Оршуулгын дараа нас барагсдын гэр бүлийнхэн талийгаачдын биен дээр хачин бор толбо байсан гэж батласан юм. Мөн шинжээчид Холят Сяхл уулын хавьд маш өндөр цацраг идэвхит туяатай болохыг тогтоосон боловч эх үүсвэрийг нь олоогүй. Яг Дятловын багтай ойролцоо хугацаанд тэдний байсан газраас 50 км зайтай байсан уулчид Холят Сяхлын хавьд шөнийн цагаар тэнгэрт хачирхалтай улбар шар бөмбөлөгнүүд харагддаг  байсан гэж хэлсэн байна. Мөн зарим сурвалжид тэр хавиас маш их металлын хаягдал, хэлтэрхий олддог бөгөөд энэ нь тэнд ямар нэг зэвсгийн туршилт болон нууц ажиллагаа явуулдаг байсан гэсэн хардлага төрүүлдэг байна.

Өт хорхой болон зүүдлэгдээд байсан бүсгүйн нүүр, ам үнэхээр л өт хорхойнх шиг болжээ

Шөнө нойр муутай хоносон Цэнгэлмаагийн дотор давчдаад нэг л бухимдангуй байжээ. Үдээс хойш хичээл нь орохыг мэдсээр байж:  - Та хоёрт унтахаас өөр хийх юм алга уу? Гэр орноо хараач. Нохойн хороо ч ийм байдаггүй юм. Босоцгоо, наад гэр орон цэвэрлэ... хэмээн тачигнаад их л ууртай гэрээсээ гарсан байна. Ойролцоохь буудал дээр хүн цөөнтэй байсан хэдий ч автобус зөндөө удаан хүлээж зогсчээ. Энэ үед нэг жижиг цагаан машин ойролцоо ирж зогссоноо уртаар сигналдах нь Цэнгэлмаагийн дотрыг бүр маажих шиг болсон байна. Автобус ирэлгүй удсанд унтууцангуй зогсож байтал бүр “Цэнгэлмаа, хөөе Цэнгэлмаа” гээд нэрээр нь дууджээ. Хартал нэг бүсгүй машины хаалга онгойлгоод гараараа даллаж байв. Нүдэндээ итгэсэнгүй, ахиулан харсан чинь үнэхээр Солонгоо жигтэйхэн инээд алдаад, дуудаад байжээ. Цэнгэлмаа “Ингэж ч явах гэж... Энэ муутай энд тааралдаад байхдаа яахав дээ...” хэмээн бодоод дургүй нь хүрч бүр буруу хараад зогссон байна. Машин дахин дахин сигналдах нь тохуутай, зэвүүн санагдаж. Цэнгэлмаа “Хоёр хүүхдээ, намайг хаяад явахдаа энэнээс арай дээр юм олоод суучихаж чадаагүй юм байх даа...” хэмээн салсан нөхөр Пүрэвтээ гомдож зогссон байна. Тэгтэл ашгүй автобус иржээ.  Цэнгэлмаа уг нь их эмч мэргэжилтэй. Төвийн томоохон эмнэлэгт ажиллаж, сайшаал магтаалд умбаж явсан аж. Бусдын эрүүл мэндийн төлөө цаг нарыг үл анзааран зүтгэж явтал нэг л өдөр нөхөр нь хамаг хувцсаа аваад яваад өгсөн байна.  Пүрэвээ гэх эр хоёр дахь амьдралаа сонгоод хэнэг ч үгүй явсан атлаа сүүлийн үед байн байн ирэх болжээ. Ухаан сууж, мэдээ орсон хоёр хүүхэд нь аавыгаа ирэхээр илт дуу шуу орж, сэргээд, гэр нь арай халуун, дулаан болох шиг санагдаад, түүнийг ирэхэд Цэнгэлмаа өөрөө хүртэл дургүй биш байгаагаа ил гаргахгүйг хичээх болохоос биш дотроо дуртай байж. Оюутан цагаасаа үерхэж гүйж яваад ханилан суусан, үнэхээр хайртай байсан гээд тийм ч хурдан устаж, алга болчихооргүй нандин дурсамж, эрхэм зүйл нь бүсгүйн сэтгэлд уяатай байсных биз ээ. Гэвч хүн л юм болохоор “Хаяад явсан шигээ яваач. Яах гэж ирж хүүхдүүдийн сэтгэл үймүүлээд байгаа юм бэ. Хүний үнэргүй эцгээсээ болж “аавгүй” гээд адлагдаж яваа амьтад...” хэмээн хатуу ширүүн үг хэлж Пүрэвээд нүүр өгдөггүй байв. Айлын бага, эмээ, өвөөдөө эрхэлж, дураар өссөн гээд нэлээд омголон, аагтай омогтой байсан Цэнгэлмаагийн ааш араншин энэ хугацаанд нэлээд зөөлөрч, хүлээцтэй талдаа болсон бол харин угийн үг дуу цөөнтэй, нэлээд уужуу тайван Пүрэвээгийн ааш аяг эрс өөрчлөгдөн хохилзож, ёхилзсон ширүүн болсон төдийгүй болж өгвөл сархад хүртчихдэг, дуу нь чангараад, үг яриа нь олшроод ирдэг болон хувирсан байжээ.    Пүрэвээ ингэж байн байн ирдэг болсон хэдий ч Цэнгэлмаа нүүр өгч, тал засаагүй байна. Мань эр хоёр хүүхэдтэйгээ хамт тоглож, хааяа нэг хүүгээ өвөртөлж унтчихаад явдаг аж. Гэтэл нэг өдөр, - Цэнгэл эмч ээ, таныг хүн дуудаж байна гэхээр нь үзлэг хийж байсан болохоор цагаан халатаа ч тайлалгүй шууд бууж нэг давхарт очсон байна. Гэтэл нүднийхээ зовхийг солонгоруулан будсан жигтэйхэн цагаан хүүхэн бас нэг зэгзгэр хар бүсгүй хоёр зогсож байснаа:  - Чи Цэнгэлмаа эмч үү гэснээ “Тийм” гэж хэлж амжаагүй байхад нь:  - Салсан нөхөртэйгээ яагаад зууралдаад байгаа юм бэ? Тэр хүн чинь чамайг биш намайг сонгоод надтай амьдраад хоёр жил болж байна. Одоо би хүүхдийг нь тээгээд явж байна. Чи битгий хүнд гай болоод бай... Дахин тэр хүнийг гэртээ хонуулах юм бол хохь чинь шүү... хэмээн зэрэг зэрэг хашгичин баахан доромжилжээ.    Цэнгэлмаа ажлын газрынхан болоод тэнд байсан хүмүүсээс ичсэндээ өрөөндөө орж, хувцсаа сольж өмсөөд гарсан байна. Тэрбээр ажилдаа дахиж очсонгүй. Цэнгэлмаа ингэж ажилгүй болж, нэг хэсэг гэртээ сууж байгаад сүлжээний бизнес хийхээр сэтгэл шулууджээ. Ингэлээ гээд түүний олдог мөнгө, авдаг цалингаас нь өссөн хэдий ч хамт олон, нэр хүнд, хүрээлэл гэдэг юм хүнд ямар их хүч, чадал, гэрэл гэгээ өгч байдгийг мэдэрчээ.  Найзтайгаа хамт эмийн сан байгуулах гэж байгаа тухайгаа Пүрэвээд ярьж, “Чи хоёр хүүхдэдээ худлаа том, том амлалт өгч хураад явахын оронд эмийн санд хэдэн төгрөг оруулчихвал эргэлтэд орж өсөөд энэ хоёрт л хоол болох юм даа” гэсэн санаагаа хэлсэн байна. Пүрэвээ ч түүний саналыг жигтэйхэн дуртай хүлээн авч зөвшөөрчээ. Тэгсээр байн байн цухуйлгах болсон “Би буцаж ирье. Чи намайг уучлаач. Хоёр хүүхдээ бодооч” гэсэн саналаа зөрүүлээд тавьсан байна. Шинээр сонгосон бүсгүйтэйгээ тийм ч таарамжтай биш, хэрүүл хэл ам тасардаггүй, одоо болтол дундаасаа хүүхэд төрүүлээгүй зэрэг шалтгааныг Цэнгэлмаа сайн мэдэх төдийгүй хоёр хүүхдийнх нь эцгийн ааш авир улам эвдэрч, архитай нөхөрлөөд байгаад санаа зовж явдаг учраас,  - Чи тэр хүүхэнтэйгээ ярьж, нэгмөсөн шийдээд ирэх юм бол би цаашаа гэхгүй хэмээн хэлсэн байна. Нэг их удалгүй Пүрэвээ гэртээ иржээ. Гэхдээ өмссөн хувцастайгаа л ирж.    - За, яахав. Тэгж байгаад авчихна. Цаадахь чинь надаас бөөн мөнгө нэхэх учраас чи дуугүй байя... Цэнгэлмаа энэ үед нь олон юм ярилгүй өнгөрүүлжээ. Ан цав гарч, хэдийгээр тусдаа байсан ч гэлээ гэр нь дүүрч, хоёр хүүхэд нь:  - Ээж, та аавыг зэмлээд хэрэггүй ээ. Та хоёр хамт бүгдээрээ цуг байх ямар сайхан юм бэ хэмээн аргаддаг нь бүсгүйн сэтгэлийг ийм шийдэлд хүргэсэн ажээ. Пүрэвээ гэртээ ирээд хоёр долоо хонож байтал хүү нь халуурч эхэлсэн байна. Сайн эмч нар хүртэл оношийг нь тогтоож чадахгүй байсан учраас Цэнгэлмаа ламд бараалхжээ.    - Хараал хүрч. Насанд нь цөвтэй ч байж мэднэ... гээд,  - Бүсгүй хүний хараал буцахдаа хэцүү байдаг юм. Гэхдээ яахав, чадлаараа оролдъё. Ийм жаахан амьтныг ингээд явуулчихаж болохгүй биз дээ хэмээн айлдсан байна. Цэнгэлмаа ламын үгэнд итгэн “Пүрэвийг гэртээ эргээд ирчихлээ гэж Солонгоо ийм муухай хараал хийлгэсэн байж таарна” гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн тэр бүсгүйг үзэн ядах нь улам ихэсчээ. Ламын хэлсэн болоод юу болсныг Цэнгэлмаа нөхөртөө хэлээгүй байна.  Юүдэнтэй цамц, малгай сэлтээр нүүрээ халхлан, хүнд танигдахгүйг хичээн, амьтан хүн дуг нойрондоо унтаж байхад нь ёстой л шөнийн гийчин болон сүүтэгнэж явсан хүн бол яах аргагүй Цэнгэлмаа аж. Тэрбээр арваад хоног шөнө хугаслан босч Солонгоогийн гэрийн үүдэнд элс, шороо цацаж, хаалганы бариуланд нь хөө, тортог түрхэх хараал хариулах заслаа хийжээ. Хүү нь илааршин зүгээр болсон ч нөхөр нь буцаад нөгөө Солонгоогийнх руугаа яваад өгсөн байна. Анх явахад нь ингэж уурсч гомдож, хилэгнээгүй атлаа Цэнгэлмаа энэ удаа өөрийн мэдэлгүй хорсол тээн бухимджээ.    Өчигдөрхөн Пүрэвээтэй утсаар ярьж,  - Чи яаж хоёр хүүхдэдээ худлаа хэлсэн юм бэ? Цаад хоёр чинь одоо чамайг үзэн ядаад овгоо солиулна гэж шаналгаж байна гэхэд:  - Чамайг ч тийм сайн ээж гэмээргүй байгаа байх аа гээд баахан таагүй үг хэлсэн байна.  Иймэрхүү бухимдалтай явахдаа нойр хугасалж, өөрийгөө хэрхэн тайвшруулах учраа олохгүй яваа үед нь Солонгоо хүртэл тааралдаж, автобус хүлээж зогсоо бүсгүйг даажигнах мэт дахин дахин сигналдаж тохуурхсанд Цэнгэлмаа бүр байж ядталаа бухимджээ.  - Хоёулаа уулзаж, сайхан ярилцъя. Энэ хүн ч хэцүүдлээ. Алийн болгон чи бид хоёр ингэж явах вэ. Аль нэг нь нөхрөө болгосон нь дээр биз. Хэн хэн рүү нь гүйгээд явчихдаг ийм амьдрал гэж юу байх вэ дээ. Солонгоо нэг биш удаа ийм санал тавьсан байна. Тэр бүхэнд нь цааргалж, зөвшөөрдөггүй байсан Цэнгэлмаа энэ өдөр өөрөө ярьж,  - Хоёулаа уулзъя гэжээ. Солонгоо түүний саналыг дуун дээр нь зөвшөөрч: - Өглөө дуудаад байхад өөр тийшээ хараад зогсох юм. Би хүргээд өгье гэж л бодсон шүү дээ хэмээн тавлангуй үг хэлэхээ мартсангүй.    Жижгэвтэр кафед уулзан, шар айраг захиалж, яг юу гэж юун тухай ярихаа мэдэхгүй тэвдэж суусан хоёр бүсгүй,  - 100 грамм захиалах уу гэдэг дээр санал нэгджээ. Нэг 100 грамм ч биш 200 граммыг уусныхаа дараа Цэнгэлмаа,  - Би Пүрэвээ одоо юу гэж хэлж ирсэн ч хүлээж авахгүй. Харин чи хүн шиг аваад явна биз дээ... гэж яриа өдсөн байна.    Энэ удаа хоёр бүсгүй маргаж, муудалцаагүй аж. Яриа хөөрөө нийлж, бүсгүйчүүдийн ярьдаг л элдвийн сэдвээр ярьж зөндөө удаан суужээ. 22 цаг дөхөж байх үед Пүрэвээ Солонгоо руу ярьж, төдөлгүй ирж аваад явахад нь Цэнгэлмаа жаахан уусныг хэлэх үү, гомдож ааг омог нь дэвэрч ирэх үедээ Пүрэвээ рүү заагаад:  - Чи өнөө шөнө юу болохыг мэдэж байна уу? гээд хэлчихсэн байна. Цэнгэлмаа хортой, шартай зандаа хөтлөгдөн юу хийснээ, яагаад ингээд хэлснээ бодохоос айж эхэлжээ. Гэртээ хариад хоёр хүүхэдтэйгээ ч үг солилгүй орондоо орсон байна. Шөнөжин Цэнгэлмаагийн чихэнд машин сигналдах сонсогдоод, нөгөө Солонгоог аймшгийн муухайгаар үхэж байна... гэж хар дарж зүүдлээд олигтой унтаж чадаагүй байна. Өглөөгүүр босож хүйтэн юм залгилчихаад өөрийгөө тайвшруулан овоо жаахан унттал нөгөө машины сигнал чихэн дээр нь дахин тачигнаж байснаа хэн ч юм үл таних эрэгтэй хүн ирсэнээ хоёр гарыг нь гавлачихлаа гэж зүүдэлжээ. Сэрээд өөрөөсөө айж, “Нөгөө Солонгоо амьд болов уу?” хэмээн бодсон байна. Тэгснээ хүүгээ дуудаж аавтай нь яриулж байдлыг тандуулах гэтэл Пүрэвээгийн утас хаалттай байсан нь түүний сэтгэлийг улам шаналгаж, бүр бүх бие нь салгалтлаа түгшиж эхэлсэн байна. Тэрбээр тайвшруулах эм уучихаад буцаж орондоо орох гэснээ болиод шүршүүрт орж биеэ зайлчихаад, нэг их яаран сандран хувцаслаад цай ч уулгүй гэрээсээ гарчээ.    Өөрийн итгэдэг, хамаг л амьдрал, хувь заяагаа даатгаж явдаг ламындаа очтол хөдөө явсан байжээ. Түүнийг “Солонгоо яасан бол?” гэх асуулт зовоож, “Яах гэж тийм юм хийв дээ...” гэсэн харамсал төрж, өөрийгөө зэмлэхдээ “Бүх юм Пүрэвээс болж байгаа юм. Түүнийг царай алдаад байхаар нь гэртээ хоёр хүүхэдтэйгээ байвал байг гэж бодсон. Гэтэл их муухай зан гаргаж яваад өгсөн. Тэгээд л би тэр мууд гомдсондоо Солонгоог хорлох сэтгэл өвөрлөсөн шүү дээ. Яана аа, гайгүй л байгаасай. Би ёстой тэнэг юм аа” хэмээн хожимдсон ч гэлээ буруу юм хийсэндээ гэмшин, харамсаж явсаар ажил дээрээ очсон байна. Ажил хэвийн өрнөж, Цэнгэлмааг бодлоос нь өөр юм зовоосонгүй. Ийнхүү түгшиж, өөрөөсөө айж, өөрийгөө зэмлэн, зөн совин нь цаагуураа л нэг юм хэлээд дохио өгөөд байж. Урьд нь огт мэдэхгүй, санаанд нь ч орж байгаагүй цагдаа, шүүх бүр гав гинж, цоож, цүү хүртэл нүдэнд нь харагдаад нэг л сонин таагүй байв. Шөнө болохоор байнга хар дарж зүүдлээд нөгөө Солонгоо нь хүн биш өт, хорхой болчихоод аягатай хоолон дотор нь орсон байх юм. Тэгээд “Чамайг идэх гэж ирлээ” гээд аймаар урт хэл, амаа ангайлган дайрч байна гэхчлэн ер олигтой зүүд байхаа больжээ.    Шаналж тавгүйтэн, юу болох гээд байгааг ч эс мэдэн байтал гурав хоночихжээ. Пүрэвтэй утсаар ярихаар шийдэн залгасан байна. Удаан дуудуулсны эцэст арайхийн авч, - Байна. Цэнгээ, чи арай ч дээ... хэмээн сулхан дуугарах үед цагдаагийн формтой хоёр хүн орж ирээд зогссон байжээ. Цэнгэлмаа хариу ч хэлж чадалгүй утсаа таслаад:  - Та нар хэнтэй уулзах гэж явна гэжээ.  Цэнгэлмаа өнөөдөр “Бусдын амь насанд санаатайгаар заналхийлсэн...” гэх зүйл ангиар хорих ял эдэлж байна. Тэрбээр “Би Солонгоод баярладаг аа. Тэр үхсэн бол би яахав. Хэцүүдэх байсан. Ундаа руу нь өвөрмонгол эмчийн өгсөн юмыг хийхдээ айгаагүй мөртлөө уулгасныхаа бүр хойно санаа зовж эхэлсэн. Их муухай хүн шүү, би. Тэр өвөрмонгол бариач, оточ хүн мөртлөө хар хэл ам дардаг гэхээр нь би очиж амьдралаа ярьсан. Тэгтэл нөхрийн чинь сэтгэл санааг үймүүлээд байгаа хүүхний сэтгэлийг цааш харуулах тан гэж өгсөн. Би ч итгэж л байдаг. Ёстой аймаар. Ер нь элдвийн хариулга, засал, хараал, аль нь ч байсан өөрийн хар толгойд л тусдаг юм байна гэдгийг ойлголоо” хэмээн ярьсан юм.    Солонгоо халамцуухан очоод нам унтаж байснаа элдвийн юм ярьж, дэмийрч эхэлжээ. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа бүх биеэр нь усан цэврүү туурч, юм ярих, хэлэхэд хэл нь ээдрээд сонин болжээ. Яаравчлан эмнэлэгт хандсанаар онош зөв тавигдаж, цаг алдалгүй шинжилгээ хийлгэсний үр дүнд аминаас нь холуур өнгөрсөн гэнэ. Түүнээс биш “хэт түлэмхий, эмийн бус бодис хэмжээнээс хэтэрсэн тунгаар уусан” гэж шинжээчийн дүгнэлт гарсан тул түүнийг гардаж өгсөн, бүр үлдэгдэл нь цүнхнийх нь халаасанд байсан Цэнгэлмаа өнөөдөр маш олон жилийн ялаар шийтгүүлж, хоёр хүүхэд нь амьдын хагацалд тийм удаан хугацаагаар шаналах байжээ. Нэг эрээс болж бие бие рүүгээ атаа хорслын үг шидэлцэж, эцэст нь хэн нэгний гараас “засал” нэртэй зүйл авч нөгөөдөө уулгаснаар Цэнгэлмаа нь гурван жил шоронд суух болж, Солонгоо хордлогоос үүссэн арьс гуужих өвчтэй болжээ. Нүүрэндээ арьс нөхөх эмчилгээ хийлгэсэн боловч олигтой үр дүнд хүрээгүй Солонгоо ёстой л Цэнгэлмаагийн зүүдэнд орсон шигээ үрчийж хорчийсон өт, хорхойн арьс шиг нүүртэй болсон гэнэ. Хар дом хэзээ нэг өдөр хэнд ч болов гай болдог бол зөн совин, зүүд заавал нэгийг хэлдэг бус уу.  

Ховсоор илчлэгдсэн үнэн

Оросын эрэн сурвалжлагч, сэтгүүлч П.Одинцов -  1997 оны арванхоёрдугаар сарын 1-нд Японд “Покемон” хүүхэлдэйн киноны ээлжит анги гарах үеэр юу боллоо? – 700 гаруй хүүхэд бахардан унаж эмнэлэгт хүргэгдсэн. Хэргийн учир нь зарим кадр хэт олон өнгийг зэрэг цацруулсанд байсан. Хэрвээ улаан өнгийг секундэд 10-3030 удаа гялбуулвал нүдний мэдрэл цочирч тархи судасны хэсэгчилсэн агшилт явагддаг. Тэгээд бахардан унах бүх шинж тэмдэг илэрч, ухаан алддаг. Тэр бүү хэл амьсгал боогдон үхэж ч мэднэ. -Ой санамжаа алдах тохиолдлын тухайд? -Гэмт хэрэгтнүүдийн ажил гэдэгт би бараг итгэлтэй байна. -Таныг юу тэгж бодоход хүргэв? -Дэндүү болхи ажиллажээ. Түүнээс гадна өөрийг нь хүчээр ажиллуулж байсан тухай хүмүүс эргэн санасан тохиолдол ч бий. Энэ бол зүгээр л мөлжлөг. Поволжьед нууцаар нийлэг хар тамхи үйлдвэрлэдэг жижиг хотууд олон бий; Ажил явуулахад химич, физикч, инженер, мөн жирийн ажилчид хэрэгтэй. Хэд хэдэн тохиолдолд хохирогчдын цуснаас хүчтэй мансууруулагч бодисын ул мөр олдсон нь намайг түгшээж байна. Туяа долгионоор биш, харин химийн бодисоор “боловсруулсан” гэсэн үг. Тусгай үнэр, психотропын бодисоор тарих замаар ухамсрын төлвийг өөрчлөх олон аргачлал байдаг. Жишээ нь, та турах тухай реклам үзсэн үү? Та хоол идэх дуршил хязгаарлагч нэгэн үнэртүүлэгч худалдан аваад л гүйцээ. Зүгээр л үнэртэхэд хоол идэх дур төрөхөө болино. Таны ходоод хов хоосон ч үнэрийн тусламжтайгаар тархиа цатгалан байна гэж хөтөлбөрчилнө. Эсвэл бүр сонирхолтой нь үнэртсэнээр өөхний эсүүдэд өөрөө өөрийгөө устгах тушаал өгнө. Зарим сайн дураараа турагчид жингээ хэтэрхий түргэн алдсанаас эрүүл мэндийн асуудал гарч ирсэн туршилт ч бий. Тэднийг туршилтаас хасахад хүрсэн юм. Ийм маягаар бүр аюултай зүйлийг ч хөтөлбөрчилж болно. Таныг хөдөлмөрч болгодог үнэр бий. Та сульдаж унатлаа ажиллах болно. Нэг байгууллага ажлын нэг л аргыг туршилтад орогсод дээрээ хэрэглэдэг гэдэгт итгээрэй. Эсвэл шууд ховсдоно, эсвэл цацрагаар нөлөөлнө, эсвэл психотропын эм хэрэглэнэ. Тэдний аль нь илүү амжилттай болох вэ гэдгийг шалгах гэсэн ганцхан тохиолдолд бүгдийг нэг дор хэрэглэнэ. Бүрэн бодит мэдээлэлгүйгээр кофений шаараар мэргэлэх нь хэцүү. Би бол мэдрэлийн эмч. Энэ бүхний учрыг мөрдөн байцаагч л олох учиртай. -Хэрвээ ховсонд оруулаад хэн тэднийг ашигласныг тодруулах гэвэл яах бол? -Тэгж үзсэн. Юу ч болоогүй. Ой санамж нь арчигдчихсан байдаг. Ийм нэг энгийн арга байдаг л даа. Лазер чиглүүлэгчийн туяа агшин зуур л гарчихдаг… Лазер дискийг арчихад яадаг гээч… хоосон зай үлддэг. Тусгай албад ихэвчлэн илүү ухаалгаар ажилладаг. Эргэлзээ сэжиг үлдээх хэрэг юу байна? Арчигдсан мэдээллийн оронд шинийг суулгадаг. Хүн тэр бол өөрийнх нь хувийн дурсамж гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг хуурамч ой санамж гэж нэрлэдэг. Таныг боловсруулж тархинаас чинь ямар нэг нууц мэдээлэл аваад оронд нь эвтэйхэн найруулгатай яриаг өнгө дүрстэйгээр суулгачихна. Танд ямар ч мэдрэлийн эмч хэрэггүй. Та нэрээ мартахгүй. Энэ бол тусгай албадын арга. Харин ой санамжийг бүрэн устгана гэдэг … миний бодоход болхи байна… Энэ бол дээрэмчдийн ул мөр… -Харь гаригийнхан биш үү? -Одноос ирэгсдэд итгэдэггүй. Хүсвэл яагаад гэдгийг тайлбарлая. 1985 онд манайд харь гаригийн сэдэв ил гарч ирэх үеэр нэгэн бүсгүйг шинжлүүлэхээр над дээр авчирсан юм. Тэр харь гаригийн хөлөг дээр байсан, түүний гуя ормыг хагалж гуманоид бүтээхийн тулд эснээс нь авсан гэж нотолж гарлаа. Тэгэхдээ түүнийг бүр Москвагаас тусгай хүмүүс олон тооны тамга бүхий дагалдах бичигтэй авчирсан юм шүү. Надаас юу хүсч буйгаа тайлбарлацгаалаа. Би албадан ховсдож мэдээллийг буулгаж авах ёстой гэнэ. Яагаад ч юм үүний тулд манай чимээгүй хотын жирийн эмнэлгийг сонгосон байсан. Яагаад тийм сонголт хийснийг би дараа нь л ойлгосон. Эхний сеансан дээр хоёр төлөөлөгч хоёулаа ард минь шон шиг зогсож байв. Трансад орсныхоо дараа бүсгүй хурц гэрэл, цаг зогссон, ямар нэг төхөөрөмжийн гүнээс цацрах гэрлийн тухай ярьж эхэллээ. Би үл таних нисдэг биетийн тухай байдаг л яриаг сонслоо. Төлөөлөгчид баярлан хөөрч гарыг минь атгаад бүхнийг баримтжуулж өгөөд хэнд ч юу ч ярихгүй байхыг хүслээ. Нөгөө бүсгүйгээ надад даатган орхиод эмнэлгийн хоол таалагдаагүй учраас зоогийн газар руу явцгаалаа. Тэднийг гарсны дараагаар хоёр дахь сеанс явуулахаар би шийдлээ. Хоёр гэрч дуудаж, хэн нэг нь найман милиметрийн камер олж ирлээ. Тэгээд түүнийг гүн трансад орууллаа. Тэгтэл нисдэг таваг нь тээврийн онгоц байж, бүсгүйг ямар нэгэн эмнэлэгт авчран тархийг нь ультра авиагаар хуулбарласан болж таарав. Түүнд үнэхээр зүсэлт хийсэн, гэхдээ энэ нь түүний хаа байгааг нь заах мэдрэгч (зугатаалгахгүйн тулд) суулгасан л хэрэг болов уу даа. Туршилт хийсэн хүмүүсээ ч тэр ховсны ачаар саналаа. Ямар ч ногоон, эсвэл саарал хүмүүс биш, энэ дэлхийн рязанийн төрхтэй хүмүүс байж. Тархины нэг хэсэг нь хүрч болшгүй байсан бөгөөд би тийш нэвтэрч чадсангүй. Өвчтөнөөр ямар нэг нууц ажил хийлгэн, ямар нэг зүйлд түүнийг бэлтгэж байна гэж би ойлгосон. Хоёр дахь “би”-г бий болгосон байх магадгүй. Москвагийн нөхдийг эргэн ирэхэд нь би ганцхан анхны яриаг ч бичээгүй дүгнэлтээ битүүмжлэн гардууллаа. Бүсгүйг   “боловсруулсан”   нууц   байр   Волгад байдаг аж. Районыг нь ч нэрлэж чадна. Хвалынскаас холгүйхэн бий. Дараа нь Москвагаас над руу уурсан тасдаж тооцоо бодно гэж амлацгаасан. Харь гаригийнхан гэж үнэ дээ. Хүн дээр ийм туршилтыг хүн л хийж чадна. Итгээрэй, хийж ч байгаа. Хэн ч өөрсдийг нь тийм булай юманд бүү сэжиглээсэй гэсэндээ нүглээ харь гаригийнханд нааж байгаа юм.  

Хараал дагуулсан эд зүйлс

Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ.Тэгтэл ламтан кимоно нь хараалтай шатаах хэрэгтэй гэж зөвлөв. Ламын үгээр кимоноог гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг нь ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамарсан аймшигтай түймэр дэгдсэн байна.  1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаар баримттай мэдээ цөөнгүй. Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа хэрэг болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байсныг албан ёсоор бүртгэгдсэн баина. Хамгийн зартай хараал дагуулсан эд нь Холливудын од Жэймс Дины барьж яваад осолдсон “Порше” машин юм. Энэ явдал 1955 онд болсон бөгөөд Жэймс Дин газар дээрээ нас барсан аж. Машиныг засварын газар авчирч засч байтал гэнэт нурж засварчны хоёр хөлийг нь бяц даржээ. Үүний дараа машиныг задалж зарав. Ингэхэд хөдөлгүүр, кардан голыг нь авто машин сонирхогчдын уралдаанд оролцдог хоёр жолооч худалдан авчээ. Энэ хоёр нь яг нэг өдөр, нэг уралдаанд оролцож байгаад хоёулаа мөргөлдөж нас барсан байдаг. Жэймс Дин Порш машинтайгаа Жэймс Диний Машины ослын зураг Поршегийн “арьсыг” нь Дины дурсгалд зориулан боогосон үзэсгэлэнд өгчээ. Гэтэл үзэсгэлэнг нээх өдөр гэнэт түймэр гарч дахин гурван хүн нас барав. Үүний дараа арьсыг засварлан Холливудын одуудын эд зүйлсийг дэлгэн үзүүлдэг үзэсгэлэнд байрлуултал тавцан дээрээс гэнэт салж унаад нэг үзэгчийн хүзүүг нь хугалан нөгөө ертөнц рүү илгээчихсэн байна. Үхэл энэ мэтээр эд зүйлсээр дамжуулан “наргих”-аас гадна бас зугаацдаг гэхэд болно. Лиза Поттер нэртэй Англи эмэгтэйн нөхөр нь төмөр замын зөрлөгөөр гарах гэж яваад галт тэргэнд дайруулан нас барсан байна. Тэр явдлаас хойш Лиза нь тэрхүү зөрлөгөөр зам гарна гэхээсээ үхтлээ айдаг болсон байна. 11 жилийн дараа тэр эмэгтэй эхийгээ дагуулан салхилж явахдаа гэнэт төмөр замын зөрлөгөөс айдаг айдсаа ялахаар шийджээ. Тэгээд айдсаа даран төмөр зам дээр гараад зогсож байтал гэнэт галт тэрэг гарч ирээд дайраад алчихсан гэдэг. Хуваарь ёсоор хөөрхий эмэгтэйг зогсож байх тэр үед нь зөрлөгөөр галт тэрэг явах ёсгүй байсан боловч ямар нэгэн шалтгааны улмаас цагаасаа хоцорсон галт тэрэг гэнэт гарч ирснээр айдсаа дарах гэсэн бүсгүйн оролдлого эмгэнэлтэйгээр дуусчээ. 1957 онд Америкийн Калифорнид болсон Бесинжерийн гэр бүлийн мөхөл бүр ч аймшигтай. 1957 онд өрхийн тэргүүн Ричард Бесинжер нь Калифорний нэгэн гүүрэн дээр машинд мөргүүлэн амиа алджээ. Түүнээс яг хоёр жилийн дараа мөн л тэр гүүрэн дээр хүү Хирам нь машины тээшин дээрээс унасан гуалинд даруулан үхэв. Үүнээс зургаан жилийн дараа 14 настай ач нь гүүрэн дээр авирч тоглож байгаад унаж амиа алдав. Таван жилийн дараа Ричардын дүү нь нөгөө гүүрэн дээгүүр машинтайгаа гарч яваад гэнэт зүрх нь зогсож нас барсан байдаг. Энэ гэр бүлийн зөвхөн эрчүүд нь ийнхүү золгүй байдлаар гүүрэн дээр үхэлтэйгээ учирч байсан бол эмэгтэйчүүд нь маш өндөр насыг зооглосон аж. Ричардын дүүгийн нь зүрх гүүрэн дээр гэнэт хаагдаж байхад ээж нь 91 настай эсэн мэнд байж байжээ. 1998 онд Чехийн нийслэл Прага хотноо үхэл бүр ч хачирхалтай байдлаар “хошигносон” байдаг. Вера Чермакова гэгч эмэгтэй өөр хүүхэн рүү яваад өгсөн нөхрийнхөө нэр хүндийг унагаж хариугаа авахын тулд амиа хорлохоор шийджээ. Ингээд гурван давхрынхаа цонхоор үсэртэл байрных нь доор явж таарсан нөхрийнхөө дээрээс нь буучихсан байна. Нөхөр нь энэ хэргээс долоо хоногийн өмнө бүх өмчөө аваад өөр хүүхэн рүү явчихсан мөртлөө яг гайтай тэр өдөр хөрш айлынхаа хүнээс өрөө авах гээд ирж явсан нь тэр аж. Амиа хорлох гэсэн бүсгүй амьд үлдэж, харин нөхөр нь унахдаа чамархайгаараа чулуу мөргөн газар дээрээ нас баржээ. Эцэст нь үхэл ч гэсэн хааяа нэг “амарч” наргидах талаар сонирхуулъя. 1946 онд Нью-Йоркийн дагуул жижигхэн хотод гардаг нэгэн сонины ажилтан Милдред Уэст гэгч эмэгтэй таван жилийн турш ээлжийн амралтгүй ажилласныхаа дараа хоёр долоо хоног амрахаар шийджээ. Энэ бүсгүй сонинд эмгэнэл бичих ажлыг хариуцдаг байж. Гэтэл хачирхалтай явдал болж Милдред бүсгүйн амарсан хоёр долоо хоногийн хугацаанд сониных нь 20 гаруй жилийн түүхэнд анх удаагаа тойрогт нь нэг ч хүн нас бараагүй тул нэг ч удаа эмгэнэл нийтлэгдсэнгүй. Милдредийг жилийн дараа долоо хоног амралтаа авахад нь энэ явдал мөн адил давтагдаж байжээ.

Сүнс уушийн газрын үйлчлүүлэгчдийг айлгав

Английн нэгэн хуучны уушийн газар нэгэн гэр бүлийн хоёр орж үйлчлүүлээд зургаа авахуултал түүн дээр нь хар өнгийн пальто нөмөрсөн өндөр эмэгтэйн сүнс буужээ. Алекс Монтефорт гэдэг эр өөрийн хүү Рафаэльтэй уушийн газар ороод хэд хэдэн зураг дарсан гэнэ.  Түүний эхнэр авсан гэрэл зургуудыг нь компьютерт хуулаад үзтэл ихэд балмагдсан аж. Гэрэл зургийн баруун буланд хар пальтотой эмэгтэйн сүнс дүрслэгдсэн байлаа.  Уг зургийг авах үед тэдний ард хэн ч зогсож байгаагүй, тэнд гадуур хувцсаа өлгөх өлгүүр ч байгаагүй хэмээн аав, хүү хоёр ярьжээ. Сүнс 2.5 метр өндөртэй байжээ.  Гэрэл зургийг Их Британийн хамгийн эртний уушийн газрын нэг нь байрладаг Kings Arms Hotel-д авсан аж. Уг газар таагүй зүйлээр баялаг юм. Домог яриагаар бол XIX зуунд энд нэгэн эмгэнэлт явдал болжээ. Тэндэхийн нэгэн тасалгаанд нэгэн эмэгтэй өөрийгөө дүүжилсэн аж.  wikimon  

​Амиа хорлож үхэгсдийн цогцос даагдахгүй хүндэрдэг

Хамар хашааны Норов ахын цогцосыг нас биед хүрсэн гурван хүнтэй хамжин дөрвүүлээ эмнэлгийн тэргэнд дамжлан оруулахдаа би үхсэн хүн ийм хүнд байдаг юм байх даа гэж бодож билээ. Гучин хэдхэн настай тэр гоонь залуу шавилхан хорчгор биетэй сэн. Тэгэхэд багын найз Баяраагийн эмээ Нацаг гуай “Тэр муу хүүд нүгэл баймааргүй л юм. Их нүгэлтэй хүн үхэхээрээ даагдахгүй хүндэрдэг юм гэнэ лээ” гэхийг би сонссон. Сургууль соёл төгсөөгүй боловч Норов ахын толгой гэдэг ёстой гавал. Алгебрийн ямар ч бодлогыг нүдээ аниад бодчихно, оё зурна, сайхан дуулна, бас шүлэг зохиол бичнэ. Орос, англи хэлэнд ус цас, яагаад гэрлээгүйг нь би мэдэхгүй. Долоон жилийн өмнө манай хамар хашааны Дэлгэр гуайн умгархан өвлийн байшинг хөлслөн сууснаас нь хойш хөвгүүд чадахгүй, мэдэхгүй юмаа түүнээс асуусаар байгаад ахай жаажаа болцгоосон юм. Гэм нь тэр жаахан ууна. Согтсон үедээ ааш муутай. “Хоосон толгойнууд. Усан ромбоны эзэн таануусаар бас нэмэгдэх нь” гэж уцаарладаг байлаа. Архи уухаас биш хүүхэн шуухан авчрахгүй, хүн амьтан цуглуулахгүй мөрөөрөө амьтан. Гэм нь түүнийг Дэлгэр хэмээх жараад насны хашааны эзнийхээ авгай Паламжавзан гэдэг юм л бол ангалзаж, хөхөрч явдаг тавиад насны бүдүүн авгайтай явалддаг гэж хөвгүүд шивнэлддэгсэн. Одоо санахад Норов ах Оросын яруу найрагч Лермонтов шиг ширвээ хар сахалтай, бүлтгэр алаг нүдтэй, шоволзсон хөдөлгөөнтэй, шавилхан тарчгар залуу байжээ. Өөрөөсөө үе мултарсан царай муутай гэмээр тэр авгайн юунд болж нөхрийг нь эзгүйчилдэг байсныг одоо ч ойлгодоггүй. Хичээлгүй нэгэн сайн өдөр би Норовынд орохоор хаврын бүрийхэн орой гэр рүү нь очиход дотроосоо түгжээтэй байсан агаад хөшиг татаастай цонхоор нь шагайвал гүйцэд татаагүй хөшигний зайгаар харсан зүйлдээ би балмагдан сандарч билээ. Дэлгэр гуайн авгай Паламжавзан шав шалдлаад бас өөр шигээ нүцгэлсэн Норовын дээр  зайдлаад хоёр том хөхөө савлуулан оцгонон хөдөлж байв. Тэд юу үйлдэж буйг арван тавтай банди мэдэлгүй яахав. Эд үнэхээр явалддаг нууц амрагууд юм гэж тэгэхэд нүдээрээ үзэж мэдсэн юм. Хүнтэй хэрэлдэх бүү хэл зодоон нүдээн хийдэггүй, хааяа архи ууж ааш нь хувирахаас ондоо гэмгүй түүнийг бие нь даагдахгүй их нүгэлтэй байсан гэхэд итгэмээргүй. Нэг удаа л Дэлгэр гуай жаахан согтоод нүд нь улаанаараа эргэлдэн Норов ахыг “Чи бушуухан манайхаас далдраад өг” гэж зандрахыг харсан. Тэр явдлаас хойш сар шахмын хугацаа өнгөрсний дараа Норов ах амиа хорлож өөд болсон. Хөлсөлж суудаг умгар байшин нь тийм чиг өндөр таазгүй боловч Норов өөрийгөө таазнаас дүүжилж үхсэн гэдэг. Эмнэлгийн жолооч, хоёр цагдаатай хамжиж би түүнийг ачилцсан болохоос дүүжлүүрт боомилж үхсэн байхыг нь хараагүй. Даанч хайран хүн үхчихлээ гэж харамсан байснаа санадаг. Энэ явдлаас хойш төдөлгүй Дэлгэр гуай, Паламжавзан авгай хоёр нүүж явсан юм. Мөнөөх Баяраа найзын эмээг манай эмээтэй цайлж суухдаа “Цаад Дэлгэр чинь тэр муу залууг хөгшин эхнэртэйгээ хардаад алчихсан гэх юм. Үнэн л байгаа даа, бурхан минь” гэхийг би сонссон. Бас айлын авгайтай орооцолдлоо гэхэд тэгтлээ их нүгэл хураана гэж байх уу, шарилыг нь даагдахааргүй их хүнд байсан гэнэ лээ хэмээн хоорондоо хөөрөлдөхийг ч дуулсан. Түүнээс хойш л биедээ их нүгэл хураасан хүмүүс үхэхээрээ хад чулуу шиг хүндэрдэг нь үнэн юм болов уу гэж сониучирхах болж билээ. Эмч нарын ном зохиол уншаад олсонгүй. Яриа хөөрөөг чагнаад ч юм сонссонгүй. Харин олон түмний дунд л амиа егүүтгэсэн юм уу амьддаа их нүгэл тарьсан хүмүүс үхэхээрээ үхэр шиг хүнд жинтэй болдог гэхийг бишгүйдээ дуулжээ. Өөрийгөө буудаж хөнөөсөн залуугийн цогцосыг Зил-130 машинд ачаад явах гэхэд асар хүнд ачаа аччихсан юм шиг дугуй нь баахан хий эргэж, хөдлөхгүй ёнгинож байсан гэх юм билээ. Тэр залуу ямар хэрэг тарьчихаад өөрийгөө егүүтгэснийг би мэдэхгүй, надад ч тайлбарлаагүй. Раднаа гэдэг дунд эргэм насны эр өөрийгөө гэрийнхээ тоононоос дүүжлэгдэж үхэхэд нь тракторын чиргүүл дээр австай шарилыг нь арваад залуу арайхийн өргөж тавьсан гэх. Эхлээд цогцосыг нь янзалж, авсанд нь хийх хүртэл түүний жин хүнд байгаагүй гэдэг. Бас нэг нөхрийг амиа хорлож үхэхэд машин дээр шарилыг нь хэдэн булиа залуу тавиад цагаан газар атал ачсан машин нь шавартай газарт шигдсэн юм шиг хэсэн зуур тэвдүүлсэн гэнэ. Тэгэхэд хүмүүс хоорондоо “Амиа хорлож үхсэн хүний нүгэл нь дүүрдэг учраас тийм их хүндэрдэг гэсэн шүү, ортой байх” хэмээлцэж байсан байдаг юм. Нэгэн эмэгтэй өөрийгөө боомилж үхжээ. Ах, дүүс нь хичнээн сэжиглэвч тэмээн тэргэн дээр хэдүүлээ хамжиж тавиад явах гэхэд хоёр алхаад л тэмээ нь өеөдөж уначих гээд байсан гэнэ. Тэгэхэд нутгийн өвгөд хөгшид “Амиа бүрэлгэсэн хүний нүгэл нь ихдээд даагдахгүй болчихдог юм гэсэн” гэлцэж байжээ. Ер нь хүмүүс яагаад өөрийгөө хөнөөдөг юм бэ? Сэтгэл санаа нь муу юманд хорлогдсон хүн л давчдан бачимдаад биеэ бүрэлгэдэг гэж бурханы номонд айлджээ. Бас тэнд нүгэл ихтэй хүн амиа хорлодог хэмээсэн байна. Амьдралд тохиолдсон нэг удаагийн бүтэлгүй явдалд гутарсан биеэ барих тэвчээргүй хүмүүс л амиа егүүтгэдэг гэж сэтгэл судлаачид дүгнэв. Гэмт хэрэг хийгээд шоронд ялаа эдлэхээс айхдаа хүн өөрийгөө хөнөөдөг гэж цагдаагийнхан тайлбарлав. Хэн нь ч цогцос яагаад чулуу шиг хүнд байдгийг тайлбарласангүй. Айлын авгайтай нөхцөх нь нүгэл юм бол багын минь сүжрүү ах Норов амиа дэндүү яарч хөнөөж дээ. Тийм их хүндэрдэг гэж мэдсэн бол яавч тэгэхгүй байсан байх гэж заримдаа бодогддог юм.  

Хуудаснууд

Subscribe to Далд ертөнц