logo

logo.jpg

Advertisement

Далд ертөнц

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч хар арьстан Мартин Лютер Кинг

44 жилийн тэртээ дэлхийн түүхэнд томоор бичигдэх хувьтай хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч хар арьстан Мартин Лютер Кинг зандалчин этгээдийн тавьсан суманд оногдож амь үүрэгдсэн билээ... Одоогоос  44 жилийн тэртээ буюу 1968 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр АНУ-ын Теннесси мужийн Мемфис хотод иргэний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч Америкийн хөдөлгөөний тэргүүн, Нобелийн Энхтайвны шагналын эзэн, номлогч Мартин Лютер Кинг толгойн тус газраа буудуулж алагдсан билээ. Тэрбээр ердөө 39 настай байсан юм. Өөрийн богинохон амьдралын хугацаанд тэр улсдаа болон дэлхий даяар ихээхэн нэр хүндийг олж авсан төдийгүй бодит үр дүнд хүрсэн аж. Кингийн ачаар өнгөрсөн зууны 60-аад онуудын үеэр Америкт Аугаа либерал хувьсгал гарчээ. Энэ хувьсгалыг цус асгаруулалгүйгээр хийж дөнгөсөн билээ. Учир нь, доктор Кинг хүчирхийллийн бус тэмцлийн аргыг баримтлагч нэгэн байсан юм. Тэрбээр Лев Толстой, Махатма Ганди нарын сургаалийг дагадаг байжээ. 1963 оны гуравдугаар сард тэрбээр Вашингтон хот руу хөдөлсөн жагсаал, цуглааныг толгойлсон аж. Энэ жагсаалд оролцогчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг нэгдэн нийлсэн байлаа. Хар арьстнуудын аугаа чөлөөлөгч Авраам Линкольны хөшөөт цогцолборын дэргэдээс тэрбээр ард түмэндээ хандан өөрийн алдартай үгийг хэлсэн билээ. "Надад мөрөөдөл бий” гэдэг түүний энэ үгийг өнөөдөр ч уншсан хүн сэтгэл нь догдолдог юм. Кинг "Надад мөрөөдөл бий. Хэзээ нэг цагт Жоржиягийн улаан өндөрлөг дээр боол асан хүмүүсийн хүүхдүүд болон эздийн хөвгүүд нэгдэн нэг ширээнд суух биз ээ. Алабама мужид хар арьст жаахан охид, хөвгүүд цагаан арьст охид, хөвгүүдтэй гар гараасаа барилцан ах, дүүс шиг цугтаа алхаж явах цаг хэзээ нэгэн цагт ирнэ гэж би итгэдэг. Үүнийг би өнөөдөр мөрөөдөж байна” хэмээн хэлжээ. Түүний мөрөөдөл биелсэн юм. Өнөөдөр АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл устгагдсан билээ. Хар арьстан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж байна. Шат шатны шийдвэр гаргах түвшний байгууллагуудад харуудын оролцоо нэмэгдсээр байгаа аж. Харамсалтай нь, Мартин Лютер Кинг энэ өдрийг үзэж чадаагүй юм. Түүнийг алсан алуурчин Кингээс нэг насаар дүү байсан боловч үүнийг үзсэнээр барахгүй 70 насыг зоогложээ. Дарлагдсан сая сая хүмүүсийн эрх ашгийн төлөө тууштай тэмцсэн хүнийг тэр этгээд чухам яагаад алах болсон бэ? Хөлөө олоогүй амьдрал Жеймс Эрл Рэй багадаа хүмүүжил сайтай хүүхэд байжээ. Гэхдээ тэр жаахан залхуу  нэгэн байсан гэдэг. Амьдралыг тэрбээр бараан талаас нь харж байлаа. Түүний гэр бүл ядуу байсан тул өлөн зэлмүүн амьдарч байсан аж. Сайхан амьдралыг эрж тэд нэг бөглүү хотоос нөгөө рүү нүүж суурьших явдал түгээмэл байв. Зургаадугаар ангид байхдаа хулгай хийгээд баригдсан аж. Харин 15 нас хүрээд хичээл сургуулиас залхаж, сургуулиа хаяжээ. байхдаа анхны ялаа авч эдлэсэн байдаг. Германд алба хааж байжээ. Нэг өдөр чөлөөгөөр явж байх үедээ тасартлаа уусан тул Америкийн цэргийн харуул түүнийг баривчилж 90 хоногийн хугацаатай засан хүмүүжүүлэх ажил хийлгэсэн гэдэг. Энэ 90 хоногийг тэрбээр хүнд хүчир ажил хийж баржээ. Хугацаат цэргийн албаа хааж дуусгаад тэрбээр тааралдсан ажлаа хийж амь зогоодог байв. Нэг газарт удаан тэсдэггүй байлаа. Гудамжинд тэнүүчилснийхээ төлөө хэд хоног суусны эцэст 1949 онд айлын үүд хаалгыгэвдэж ороод хулгай хийсэн тул Калифорни мужийн шүүх түүнд найман сарын хорих ял өгчээ. Шоронд ороод тэрбээр засарсангүй. Наранд гараад эргээд л гэмт хэрэгт холбогдсон гэнэ. 1952 онд Иллинойс мужид таксины жолоочийг зэвсэглэн дээрэмдсэнийхээ төлөө хоёр жилийн хорих ял авсан байна. 1955 онд шуудангийн илгээмжийн баримтыг хуурамчаар үйлдсэнийхээ төлөө мөн л ял сонсов. Шоронд хоригдож байхдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй болох нь тодорхой болсон гэдэг. Ажлын ачаалал багатай, дэглэм нь өөр байсан ферм дээр ажиллахаас тэр татгалзжээ. Учир нь, тэнд мань хүн африк гаралтай америкчуудтай нэг байшинд амьдрах ёстой болсон юм. Чөлөөлөгдсөнийхөө дараа Рэй бараг нэг жил орчмын хугацаанд хэрэг төвөгт холбогдсонгүй. Харин 1959 оны аравдугаар сард томоохон хэрэг үйлдээд баригджээ. Миссури мужид тэр гар буугаар сүрдүүлэн байж жижиг мухлагийг дээрэмдсэн байна. 20 минутын дараа түүнийг баривчилсан бөгөөд 20 жилийн ял өгчээ. Эхэндээ Рэй үлгэр жишээ хоригдол байсан бөгөөд өдөр хоног өнгөрч өгөхгүй байсан тул тэр оргохоор шийдсэн аж. Эхний оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд тэр ганц хүний камерт нэлээдгүй хугацаанд хоригдов. Дэндүү хөнгөн гоомой хөдөлсөн гэдгээ тэр ойлгоод дараагийн орголтоояаралгүйгээр, ул суурьтай бэлтгэж эхэлсэн аж. Тэр орголтоо бодож төлөвлөхөд зургаан жилийн хугацаа шаардагджээ.  Нэг өдөр Рэй сэтгэцийн эмчид үзүүлэхийг шаардсан бөгөөд үе үе чихэнд нь сонсогддог сонин дуу хоолойнуудын талаар өгүүлсэн байна. Энэ нь ердийн нэг баашлал байв уу, эс бөгөөс үүний цаана ямар нэгэн атгаг санаа нуугдаж байсан у гэдэг нь тодорхойгүй юм. Ямар ч байсан тэр төд удалгүй эмчид үзүүлэхээ татгалзсан тул эмч хоригдлын бичиг баримтад түүнийг хугацаанаас нь өмн чөлөөлөх шаардлагагүй хэмээн бичжээ. Төдөлгүй Рэйг шоронгийн талхны цехэд ажиллуулах болсон бөгөөд тэндээс талхыг хоригдлуудын ажилладаг бусад газрууд руу нийлүүлдэг байсан аж. Энэ нь түүнд олдсон алтан боломж байв. Тэрбээр өөрт нь туслахыг зөвшөөрсөн хамтрагчаа олжээ. Рэй талхны хайрцаг дотор орж хэвтсэн бөгөөд нөгөө хоригдол түүн дээр шинэхэн барьсан талхнуудыг овоолсон байв. Ингэж 1967 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Жеймс Эрл Рэй Миссури мужийн Жефферсон-Сити хотод байх шоронгоос оргожээ. Түүний орголт айхтар шуугиан дэгдээгээгүй бөгөөд сонин хэвлэлүүдэд ч мэдээлэгдсэнгүй. Гэхдээ "Эрэн сурвалжилж байна” гэх үгтэй түүний гэрэл зураг болон хурууны хээ бүхий зурагт хуудсуудыг энд тэнд наасан байлаа. Сонин тохиолдлоор тэрхүү зурагт хуудсан дээр тавигдсан хурууны хээнүүд түүнийх биш байсан юм. Оргосон хоригдлыг барихад туслалцаа үзүүлсэн хүнд ердөө 50 долларын шан харамж амлажээ. Өнөөдрийн ханшаар бол энэ нь ойролцоогоор 316 доллартай тэнцэх мөнгө. Рэй Канад руу очоод тэнд худалдааны хөлөг онгоцонд усан цэргийн ажилд орж хаа нэг газар буугаад амьдралаа шинээр эхлүүлэхийг хүсэв. Чухам хаана бууна гэдгээ Рэй ойлгохгүй явжээ. Замд тааралдсан фермүүд дээр ажиллан амь зогоосоор Рэй Канадын хилд аажмаар дөхөж байлаа. Ажил олгогчид нь хожим нь түүнийг ажилч хичээнгүй, мэрийлттэй, эелдэг нэгэн байсан хэмээн тодорхойлсон аж. 1967 оны зургаадугаар сард Рэй 200 доллараар худалдаж авсан ямбий машинаараа Канадын хилийг Детройтын орчмоор даваад Монреаль хотыг зүглэжээ. Юун түрүүн тэр нэрээ өөрчлөн өөрийгөө Эрик Галт гэж танилцуулж эхлэв. Байцаалт өгөх үеэрээ тэр Галт гэдэг нэрийг замын тэмдэг дээр харсан гэдгээ өгүүлсэн байна. Канадын Онтарио мужид ийм нэртэй хот үнэхээр байдаг аж. Хуурамч нэр сонгож авсан нь ноцтой асуудал билээ. Рэй өөрөө энэ талаар ингэж ярьсан байдаг. "Би олон нэр сольсон. Шинээр нэр олж сонгох нь надад амаргүй байлаа. Би Смит юм уу Браун гэдэг байдаг л нэгнэрийг өөртөө авч зүрхлээгүй. Ийм нэртэй хүн олон байсан. Харин би ховор тохиолдох ганцхан нэрээр намайг дуудахад тэр даруй хариу дуугарах ёсто болсон билээ. Тиймээс миний нэр өвөрмөц, ой санамжинд шууд буух тийм байх ёстой байсан юм” гэж тэрбээр ярьжээ.  Монреаль хотодочоод тэр усан цэрэг болохыг оролдсон ч үүний тулд Канадын иргэний паспорт хэрэгтэй болсон юм. Түүний мөнгө дуусч байлаа. Аргаа бараад тэр боомтуудын уушийн газруудаар үзэгдэх болж, ганц лонх юм хуваалцаж уусан хүмүүст мөнгөний төлөө ямар нэг аюултай ажлыг хийхэд бэлэн байгаа гэдгээ ойлгуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, мөнгөний төлөө багахан хэмжээний гэмт хэрэг хийхээс буцахгүй нэгэн гэдгээ ойлгуулсан байна. Түүний цаашдын хувь заяа өөрийнх нь өгүүлснээс тодорхой болдог бөгөөд өөр бусад эх сурвалжуудаар баталгаажуулаагүй билээ. Өөрийн бичсэн намтартүүхдээ тэрбээр эцсийн дүндээ захиалагч олдсон гэдгийг өгүүлсэн юм. Нэгэн уушийн газарт түүний ширээнд 35 орчим насны өндөр залуу суугаад испани аялгаар өөрийгөө Рауль гэж танилцуулаад яриа өдсөн гэдэг. Рэйтэй хэд хэдэн удаа уулзаж сорьсоны эцэст Рауль ажилдаа орсон байна. Тэрбээр гаалийн үзлэгээс бултуулан жижиг хэмжээний хоёр хайрцгийг Мексикт хүргэх ажил байгааг ярьжээ. Рэй эхлээд тэдгээрийг АНУ-д аваачих ёстой болов. Алабама мужийн Мобил хотод Рауль түүнийг тосч авах бөгөөд тэд хамтдаа Мексикийн хил хүрээд тэнд ажиллагаагаа давтах ёстой байв. Үүний хариуд Рауль түүнд Канадын иргэний бичиг баримт гаргаж өгөхөөр болжээ энэ ажлыг хийхийг зөвшөөрчээ. Гэхдээ төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт  оруулахыг санал болгосон аж. Уулзах газар нь Мобил бус Бирмингем хот байвал зүгээр гэж тэр үзэв. Рауль бага зэрэг тээнэгэлзээд зөвшөөрчээ. Тэрбээр ижил тэгш эрхт хамтрагч байхыг хүссэн тул өөрийн зүгээс ийм саналыг тавьсан гэдгээ хожим нь дурссан юм. Хилийг өмнө нь Рэйн давж байсан газраар зөрчихөөр шийдвэрлэсэн байна. Эри болон Сент-Клэр нууруудын дунд байрладаг Канадын Виндзор хотыг Детройтоос нэг бээрийн өргөнтэй ус тусгаарладаг байжээ. Түүнийг гүүрэн дээгүүр болон газар доогуурх нүхэн гарцаар нэвтрэх боломжтой байв. Рауль такси хөлөглөн гүүрэн дээгүүр явсан бол Рэй өөрийн ямбийгаа унан туннель рүү орж ямар ч асуудалгүйгээр гаалийг өнгөрсөн байна. Улаан өнгийн цаасаар боосон жижигхэн хайрцагнууд нэг бүр нь тоосгоны дайтай байсан бөгөөд арын суудлын дор хэвтэж байжээ. Детройт хотод хамсаатнууд уулзалдав. Рауль барааг аваад Рэйд боодол мөнгө атгуулжээ. Канадын иргэний бичиг баримтын талаар асуутал бага зэргийн саатал гарсныг Рауль хэлээд дараа нь болгож өгнө гэдгээ амласан аж. Тэр үед жижиг хэмжээний контрабанд ийм замаар хийгдэж байсан юм. Детройт хотод тэд салаад Бирмингемд уулзалдахаар болов. Рэй эхлээд Чикако хотод байдаг ахыгаа зорьсон байна. Ах нь түүнийг хэн ч эрж хайхгүй байгааг хэлж тайвшруулав. Товлосон газраа хүрээд тэр шууданд очиж Эрик Галтын нэр дээр орхисон зүйл байгаа эсэхийг лавлажээ. Дугтуйн дотор Раулийн өгсөн зааварчилгаа хэвтэж байв. Түүнтэй уулзалдаад Рауль "Бидэнд сайн машин хэрэгтэй” гэж хэлээд Рэйд 2000 доллар атгуулжээ. Рэй ч төдөлгүй хэрэгтэй зүйлээ олж авсан байна. Тэрбээр 1966 онд үйлдвэрлэгдсэн сувдан шаргал өнгөтэй "Мустанг” машиныг 1995 доллараар худалдан авчээ. Ганцаардсан сэтгэл Хожим нь мэргэжлийн мөрдөн байцаагчид болон хувийн мөрдөгчид нэг асуултын хариуг олох гэж толгойгоо гашилгасан билээ. Рэй хаанаасаа 3400 доллартай болсныг тэд хайгаад олоогүй юм. Харин тэр өөрөө санхүүгийн тайлангаа ийн гаргасан байдаг. 1700 долларыг тэрбээр Монреаль хотод зэвсэгт дээрэм хийсний хөлс болгож авсан бол оргосныхоо дараа аяга, шанага угаах, хог цэвэрлэх зэрэг ажлыг хийгээд олсон мөнгөний үлдэгдэл нь 650 доллар байсан аж. 300 долларыг тэрбээр шоронд байхдаа цуглуулсан бөгөөд 750 долларыг Раулиас авсан гэжээ. Шоронд байхдаа тэр сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй амфетамин зэрэг эм бэлдмэлийг худалдаалдаг сүлжээнд хамрагдсан байжээ. Зарим нэг мэдээллээр бол тэр өөрөө энэ бэлдмэлийг хэрэглэж байсан тул хааяахан сонин дуу хоолой түүний чихэнд сонсогддог байсан байх магадлалтай. Машинтай болгосны дараа Рауль түүнд киноны зураг авалт хийх төхөөрөмжийг шуудангаар захиалахыг үүрэгдсэн байна. Энэ захиалга хадгалагдан үлджээ. 1967 оны есдүгээр сард Рэйд Бирмингем хотын шуудангаар 8 миллиметрийн хальсаар зураг авалт хийдэг камер хүргэгдэн иржээ. Түүнчлэн проектор, монтажийн ширээ болон камерыг алсын зайнаас удирдах кабель утас дагалдав. Рэй тэдгээрийн чанарт сэтгэл дундуур байсан тул наймаагаа буцааж явуулсан аж. Мөнгөө буцааж авах хаяг нь Мексикийн Пуэрто-Вальярта хотод байсан юм. Киноны тоног төхөөрөмжөөс гадна тэрбээр 245 доллараар "Поларойд” аппарат худалдан авчээ. Гэрэл зургийн аппаратаа харин буцаасангүй. Хамсаатнуудад кинокамер юуны тулд хэрэг болов оо? Рэй ямар учраас тэрийг авсан гэдгээ тайлбарлаж чадаагүй билээ. Ер нь бол Рэй цагдаа нарыг молиго үмхүүлэх өвөрмөц авъяастай гэдгээрээ гайхуулах дуртай нэгэн байжээ. Түүнээс гадна тэр өөрийгөө онц ноцтой гэмт хэрэгтэнд тооцдог байсан бөгөөд Холбооны мөрдөх товчоо түүнийг эрэн сурвалжилж байгаа онц ноцтой 10 гэмт хэрэгтний жагсаалтад багтаагаагүйд гомдож явдаг байна. Тэрбээр өөрийг нь эрэн сурвалжилж байгааг зарласан зурагт хуудсыг үзсэн гэдэг. Үнэндээ тэр зурагт хуудсан дээрээс Рэй өөрийгөө таниагүй аж. Рэй өөрийгөө сайхан залуу гэж боддог байжээ. Тэр хэдэн цагаар ч хамаагүй камерын өмнө зогсч өөрийгөө дуранддаг байсан юм. Өөрөө өөрийнхөө гэрэл зургийг авч гоонь эрчүүдтэй танилцах албадууд руу илгээдэг байсан гэнэ. Түүний ах Жерри байцаалт өгөхдөө Рэйг тэр үед хориотой байсан порно киноны үйлдвэрлэлийг сонирхож байсныг өгүүлсэн билээ. 1967 оны намар оройн цагаар Рауль Рэйг Шинэ Орлеан руу явах үүрэг өгөв. Тэндээсээ мань хүн бараагаа авч Мексикийн хилийг давах ёстой байлаа. Энэ удаад боодол хар тамхийг нөөц дугуйн дотор хийсэн байжээ. Энэ удаагийн ажиллагаа амжилттай болж өндөрлөв. Рэй бүтэн сарын туршид Мексикт байн Акапулько хавиар дэмий сэлгүүцсэн аж. Дараа нь Лос-Анжелес хотод очоод таван сарыг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд тэр барменуудын сургалтад хамрагдаж, цэнгээнт бүжгийн хичээл заалгаж байв. Барменуудын сургалтын төгсөлтийн монтаж зураг Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын хувьд жинхэнэ ховор олдвор болжээ. Чухам тэр л зурган дээрээс тэд Эрик Галтын дүрсийг авч ажилдаа ашигласан гэдэг. 1967 оны 12 дугаар сард Рэй дахин Шинэ Орлеанд очиж Раультай уулзжээ. Цаадах нь түүнд ээлжит удаагаа Канадын паспорт авч өгнө гэдгээ амласан байна. Энэ удаа хил давуулах хориотой бараа нь галт зэвсэг байсан юм. Хэрэв үүнийг амжилттай гүйцэлдүүлбэл Рэй 10-12 мянган доллар авах болзолтой байлаа. Рэй Лос-Анжелест эргэж очоод барменуудын сургалтад суухаа үргэлжлүүлсэн бөгөөд уйтгараа тайлахаар Лас-Вегасыг зорьжээ. 1968 оны хоёрдугаар сард тэр жижиг хэмжээний пластик мэс ажилбар хийлгэв. Гоо сайхны мэс засалч эмчид тэрбээр өөрийгөө кино жүжигчин гэж хэлээд бүргэдийнх шиг монхор хамартай болохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү Рэй гадаад төрхөө өөрчлөх ёстой гэдгийг ойлгосон юм. Тэр ээлжит томоохон гэмт хэргээ үйлдэхэд бэлтгэж байсан болов уу. 1968 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Рэй өөрт нь ирэх шуудан, илгээмжийг Жоржи мужийн Атланта хот руу шилжүүлэн илгээх өргөдлийг бөглөөд оджээ. Хэд хоногийн дараагаас тэр Мартин Лютер Кингийн мөрөөр мөрдөж эхэлсэн байна. Доктор Кинг тэр үед байнга л ийш тийшээ явдаг байжээ. Тэрбээр Вашингтон руу хийх ээлжит жагсаалдаа бэлтгэж байлаа. Рэй ч түүний араас хаа сайгүй дагаж явав. Гуравдугаар сарын 28-нд хоёул Атланта хотод эргэн иржээ. Маргааш өдөр нь Рэй Бирмингем хотын зэвсгийн дэлгүүрээр орсон гэдэг. Хожим нь тэрбээр галт зэвсгийг Раулийн өгсөн даалгаврын дагуу худалдаж авсан гэдгээ өгүүлсэн байдаг. Дараа нь тэр буугаа өөр мужид үнэ хүргэн зарах гэж байсан хэмээн мэдүүлжээ. Рэй томоохон араатныг агнах зорилгоор ангийн буу асуусан аж. Хэд хэдэн загварын бууг үзэж сонирхжээ. Тэр 243-ын калибртай помпон "Ремингтон” бууг сонгосон байна. Худалдагч түүнд энэ буу 300 метрийн зайнаас бугыг нам буудаж орхидог хэмээн тайлбарлажээ. Энэ буун дээрээ тэр дуран хараа болон сум нэмж авсан аж. Нийтдээ 250 долларын үнэ төлжээ. Маргааш өдөр нь буцаж очоод илүү том калибртай буугаар түүнийгээ сольсон гэнэ. Дөрөвдүгээр сарын гуравны өдөр Рэй Мемфис хотод очоод Раулийн даалгавраар Lorraine зочид буудлын эсрэг талд чамин сууц түрээслэж оров. Мартин Лютер Кинг амьд явахад хэдхэн цаг үлдээд байлаа. Тэр үед Кинг бүх ядуусыг ядууралтай тэмцэх үйл хэрэгтээ нэгдэхийг хүсч байжээ. Тэрбээр Вашингтоныг зорих ядуусын жагсаалыг зохион байгуулах ажилтай завгүй байсан юм. Гэвч тэр өөрсдөд нь туслахыг хүссэн Мемфис хотын цэвэрлэгч нарын хүсэлтийг хүлээн авчээ. Гуравнаас дөрвөнд шилжих шөнийг Кинг тэдэнтэй хуралдаж өнгөрүүлсэн байна. Тэрбээр өөрийн буусан зочид буудалд өглөөний дөрвөн цаг 30 минутын үед очсон боловч үүр цайсны дараа л унтахаар хэвтжээ. Орой нь Кинг найзуудынхаа хамтаар нутгийн номлогчийн гэрт зоог барихаар шийдсэн байв. Тэр босч цэвэрхэн цамц өмсөөд зангиа зүүн хүрмээ өмсөөд хоёрдугаар давхрын тагт руу гарсан байна. Гадаа тэрбээр өөрийн жолоочийг хараад түүнтэй цаг агаарын тухай яриа дэлгэжээ. Цаадах нь түүнд жаахан сэрүүхэн байгааг хэлээд пальтогоо өмсөхийг зөвлөв. Кингтэй хамт тагтан дээр ламтан Ралф Эйбернети гарч хэсэг зогсоод буцаад өрөөндөө оржээ. Жолоочоосоо зөвлөгөө авсан Кинг эргэн хараад өрөөндөө орохоор алхсан аж. Энэ мөчид хүчтэй дуугарч Кинг тагтны шалан дээр унаж байгааг хүмүүс харжээ. Сум түүний эрүүг зад буудаад нуруу нугасны гол гол судсуудыг гэмтээн нугасанд нь зоогджээ. Түүнийг аврах ямар ч боломж байсангүй. Оройн 19 цаг 05 минутад Гэгээн Иосифын нэрэмжит эмнэлгийн эмч нар түүнийг үхсэн гэдгийг мэдээлэв. Хотын цагдаагийн газрын жижүүрт Кингийн амь насанд халдсан тухай мэдээлэл 18 цаг 03 минутад иржээ. Хэдхэн хормын дараа тэр хавийг цагдаа нар бүслэн хаасан байна. Гэрчүүд зочид буудлын эсрэг талд байх сууц руу зааж байлаа. Эргүүлийн хоёр цагдаа тийшээ гүйн оров. Байшин руу орох хаалганы дэргэд ногоон бүтээлгэд ороосон буу хэвтэж байлаа. Дэргэд байсан мухлагийн эзэн тэрхүү боодолтой зүйлийг цэмцгэр хувцасласан залуувтар цагаан арьст хүн хаясан болохыг мэдээлэв. Тэр этгээд сүүлийн үеийн загварын цагаан өнгийн "Мустанг” хөлөглөж явсныг ярьжээ. 18 цаг 10 минутад энэ бүх мэдээллийг бүх эргүүлийн цагдаа, постуудад мэдэгдсэн аж. 21 цаг 15 минутад бууг Холбооны мөрдөх товчооны шинжээчдэд өгөв. Цагдаа нарын үйл хөдлөлийг маш мэргэжлийн хэмжээнд байсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Гэвч тэд болчимгүй алдаа гаргасан юм. Сэжигтэн этгээдийн талаарх мэдээллийг зэргэлдээ орших Арканзас, Миссисипи мужуудын цагдаагийн газарт өгөөгүй байна. Мемфис хотоос эдгээр мужуудын хил хүртэл ердөө 15 минут давхихад хангалттай байсан билээ. Мөрдөн шалгах ажиллагаа маш шуурхай явагдаж, төдөлгүй олон зүйл тодорхой болжээ. Тэрхүү сууцны эзэн хэрэг үйлдэгдэхээс хоёр цагийн өмнө өөрийгөө Жон Уиллард гэж танилцуулсан залуу эр хүнд өрөөг түрээслүүлсэн гэдгээ мэдүүлэв. Хэрэгтний гадаад төрхийн талаар гэрчүүд ижил зүйл ярьсан байдаг. Бүгд л сэжигтэн этгээдийг дэндүү гоё, цэвэрхэн хувцасласан байсныг өгүүлжээ. Ногоон бүтээлгэн дотор радио хүлээн авагч, хоёр нүдний дуран, хоёр лонх шар айраг хийсэн байв. Мөрдөн байцаагчид эдгээр эд зүйлийн гарал үүслийг тэр даруй тогтоон мөрийг нь хөөснөөр 35 орчим насны цэнхэр нүдтэй шаргал үст эр эдгээрийг худалдаж авсныг тогтоожээ. Удалгүй Рэйн нууц нэр болох Эрик Галтын талаар мэдэж авав. Жолооны үнэмлэх олгосон тухай мэдээллийг шүүж үзтэл тэр эрэгтэй 36 настай, өндөр нь 179 см, жин нь 79.3 килограмм болох нь тодорхой болсон аж. Төдөлгүй Атланта хотын гудамжинд орхигдсон нэгэн "Мустанг” байгааг илрүүлжээ. Бирмингем хотод Галттай хөрш зэргэлдээ амьдарч байсан хүмүүс түүнийг бүжгийн сургуульд явж, Лос-Анжелест амьдардаг байсан тухайгаа өгүүлдэг талаар дурсчээ. Мөрдөгчид тэр дагуу барменуудын сургуулийг олж очоод Галтын гэрэл зургийг илрүүлсэн байна. Буун дээр үлдээсэн хурууны хээгээр гэмт хэрэгтний жинхэнэ нэрийг тогтоожээ. Энэ хүн бол Жеймс Эрл Рэй гэдэг нь тодорхой болсон юм. Ингээд түүнийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлэв. Рэйн хөдөлгөөний чиглэлийг төвөггүй тогтоосон байна. Хамт хоригдож байсан хүмүүсээс нь байцаалт автал олигтой юм олж мэдсэнгүй. Гэхдээ тэдний нэг нь Канадын паспорт олж авна гэдэг хамгийн амархан зүйл гэж Рэй ярьдаг байсныг санажээ. Энэ хувилбарыг шалгахаар шийдвэрлэв. Холбооны мөрдөх товчооны хүсэлтийн дагуу Канадын цагдаа нар цагаачдын 175 мянган хавтаст хэргийг шүүснээр 1968 оны зургаадугаар сарын 01-нд Вашингтон хотод мэдээлэл ирүүлжээ. Мөн оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Канадын паспорттой болсон Жорж Рамон Снейд гэгч нь Рэйтэй гайхалтай адилхан болохыг нь мэдэгдсэн аж. Гэтэл амаргүй даваа тулгарав. Снейд Торонто хотоос Лондон ороод буцаад ирэх тасалбар авч тавдугаар сарын 06-ны өдөр Их Британийг зорьсон байлаа. Эрэл хайгуулд Скотланд-Ярдын туслалцаа хэрэг болов. Снейд буцах тасалбараа буцаагаад тавдугаар сарын 07-нд Лиссабон руу нисэх тийз авсан болох нь тогтоогджээ. Арав хоногийн дараа тэр этгээд Лондонд буцаж очоод Брюссель нисэх тийз худалдаж авсан байна. Гэвч түүнд онгоцонд суух боломж олгосонгүй. Жеймс Эрл Рэйг Мартин Лютер Кингийн аллагад сэжигтнээр татан баривчилжээ. 1969 оны гуравдугаар сарын 10-нд Рэй гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тул шүүх түүнийг шоронд 99 жил хорих шийдвэр гаргасан билээ. Гэвч хоёр хоногийн дараа Рэй давж заалдсан байна. Хэрэг АНУ-ын Дээд шүүхэд хүрсэн боловч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. 1977 онд Жеймс Эрл Рэй Теннесси дахь шоронгоос оргосон аж. Гурван хоногийн дараа түүнийг барьж авчээ. 1997 оны гуравдугаар сард түүнтэй Мартин Лютер Кингийн хүү Декстер очиж уулзсан байдаг. Ганцаарчилсан уулзалтын дараа Декстер Кинг сэтгүүлчдэд Рэйн буруутай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж шуугиан дэгдээсэн аж. 1998 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 70 настай Рэй элэгний хүнд хэлбэрийн хорт хавдар өвчний улмаас нас баржээ.  

Түүхэнд алдартай сүнстэй ярилцагч эмэгтэй

Шотландын үзмэрч Helen Victoria Duncan /1897-1956/ 1735 оны хуулиар шийтгэгдсэн сүүлчийн үзмэрч гэдгээрээ түүхэнд үлджээ. Эдинбург хотын үзмэрч Хелен Дункан нас барагсдын сүнсийг дуудаж чаддагаараа алдаршсан нэгэн байв. Дэлхийн нэгдүгээр дайнаас болж эрэмдэг болсон нөхөр, зургаан хүүхдээ тэжээхийн тулд тэрээр орон даяар хэрэн явж шидийг үзүүлдэг байжээ. Тэрээр тоглолтын үеэр амнаасаа өтгөн цагаан зүйл гаргаж, тэр нь сүнс болон хувирч Хелентэй яриа өрнүүлнэ.Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбоотойгоор хүмүүс дайнд мордсон төрөл саднаа мэргэлүүлэх нь ихэсч, түүний алдар улам түглээ. 1941 онд Дунканыг даян дэлхийд алдаршуулсан үйл явдал болов. Хелен нас барсан усан цэргийн сүнсийг дуудан биежүүлтэл “Бархэм” гэдэг хөлөг онгоцны нэр тодорчээ. Мөнөөх сүнс мальтын эрэг хавьд “Бархэм” гэдэг хуягласанхөлөг дээр байж байгаад германчуудындайралтад өртөн багаараа живж үхсэн гэж ярьжээ. Ийм явдал үнэхээр болсон бөгөөд Английн засаг захиргаа уг үйл явдлыг чанд нууцалсан юмсанж. Английн тусгай алба нарийн нямбай мөрдсөний эцэст Дункан болоод тэнд байсан хүмүүсийн хэн нь ч энэ нууцыг мэдэхгүй байсныг тогтоож, үзмэрч эмэгтэй гоц чадвараа ашиглан цаашид нууц мэдээлэл задруулах вий хэмээн санаа тавьдаг болжээ. Түүнийг 1944 онд гэртээ үзмэрчилж байхад нь цагдаагийнхан дайран орлоо. Нууц албадын сонирхлыг нуухын тулд халхавч болгох хуулийн заалт эрсний эцэст Шид үзүүлсний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тухай 1735 оны хуулийн дагуу шүүв. Англид энэ хуулийг хэрэглэлгүй асар олон жил болсон байжээ. Хэдийгээр маш олон гэрч ам өчгөө өгөн байж түүний онцгой чадварыг нотолсон ч, шүүх хурал дээр Дункан өөрийн чадвараа нотлохыг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх авч хэлэлцсэнгүй. Хелен буруутан болов. 1735 оны хуулиар бол түүнийг түүдэг гал дээр шатаах ёстой. Гэвч шүүгчид хорьдугаар зуунд амьдарч буйгаа санаж түүнд есөн сар шоронд хорих ял оноожээ. Тэгэхдээ ингэж хорих болсон үндэслэлээ “үхсэн хүний сүнсийг дуудах төдийгүй яриулдаг гэж хүмүүсийг төөрөлдүүлсний төлөө” гэж томъёолжээ. Шүүх хурлын явцыг хамгийн ан-хааралтай ажигласан хүн бол тухайн үеийн ерөнхий сайд Уинстон Черчилль гэж үздэг. Хоёрдугаар фронт нээгдэж, холбоотны цэргүүд хэдэн зуун мянгаараа тулаанд орж байсан халуун өдрүүдэд тэрээр Хеленийг шүүх хурал ямархуу байгааг сонирхон лавласаар байсан гэдэг. Шүүхийн тогтоол уншсаны дараа Черчилль цаг зориг гарган шүүхийг “аймшигтай шударга бус” загналаа хэмээн олны өмнө нээлттэй шүүмжилсэн гэдэг.Хелен Дункан хоригдож, ерөнхий сайд дараа жил нь сонгуульд ялагдлаа. Гэхдээ Черчилль 1951 оны сонгуульд дахин ялмагцаа хамгийн түрүүнд 1735 оны мөнөөх хуулийг хүчингүй болгосон байна. Индиан бөөгийн удам Черчилль яагаад үзмэрчийн хувь заяанд санаа зовж, зургаан жилийн дараа шударга бус хуулийг цуцалтлаа санаа амарсангүй вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Тэрээр шоронд суугаа шоиланд үзмэрчийг санах бүртээ өөрийнхөө Английн язгууртан гарлаас гадна индиан омгийн удганы зээнцэр гэдгээ эргэн дурсдаг байсан ч юм бил үү? Түүний ээж, Нью-Йоркийн хар нүдэн согоо Женни индиан цусныхаа нэгээхэн хэсгийг хүүдээ өгсөн билээ. Тийм болохоор шотланд үзмэрчийг шударга бусаар шийтгэсэн нь индиан дээдсийг нь шийтгэснээс дутуугүй бодогдсон ч байж мэднэ. Үхлээс дайжих чадвар Черчиллийн амьдралыг анхааралтай судалбал тайлахын аргагүй, шидлэг нууцлаг, бүр бөөгийн ч гэмээр зүйл олон байдаг. Зайлшгүй үхлээс аварсан алдарт зөн мэдрэмж нь түүнд өндөр эмгээс ньнь уламжилсан ч байж магадгүй.Тэрээр бага залуудаа дайнд оролцож яваад олзлогдсон ч оргож амжжээ. Тэгэхдээ гоц мэдрэхүйтнүүд юм үзэхдээ хэрэглэдэг самбар мэт зүйлийг ашиглан зүүгээр нь хаашаа явахаа тодорхойлсоор өтгөн ойгоос мултарч байжээ. 1918 оны наймдугаар сард холбоотнуудын армийн том давшилт эхлэхэд Черчилль Франц руу нисч очсон байна. Тэгээд өөрийн дүү Жек, мөн хоёр офицерийн хамт тулааны талбар руу явж байснаа гэнэтхэн царай нь хачин болоод “Машинаа зогсоо” гэж тушаажээ. Тэгээд ойрхон байх төгөл рүү хурдан гүйхийг үүрэгдэв. Тэднийг моддын дор дөнгөж нуугдмагц дайсны онгоц гарч ирээд зам дээр зогссон машиныг эхний бөмбөгөөрөө л дэлбэлж орхижээ. 1922 он. Лондон. Ирландын бүгд найрамдахчуудын армийн дайчдын байр-ны ойролцоо маршал Генри Вилсон алагджээ. Сарын дараа англи-ирландын холбооны хэлэлцээг удирдаж байсан Майкл Коллинз алуулав. Сайд Уинстон Черчилль ч хэд хэдэн удаагийн сүрдүүлэг хүлээн авч хамгаалалттай явдаг байлаа. Гаднаас нь харахад амгалан тайван байдаг Уинстон нэг өглөө лимузиндээ суусангүй, дагалдан явдаг тэрэгнээ суужээ. Хоёр тэрэг гэрээсээ холдоогүй байтал лимузин нь дэлбэрсэн байна. 1941 оны гуравдугаар сар. Германчууд Лондонг өдөр шөнөгүй бөмбөгдөнө. Гэтэл ерөнхий сайд Черчилль хоргодох байранд орохыг хүсдэггүй, ямар ч сануулгыг тоодоггүй байжээ. Гэтэл 1941 оны гуравдугаар сарын 17-ны өглөө “Бушуухан нүүцгээе” гэжээ. 17-18-эд хоёр өдөр нүүдэл суудал боллоо. Гэтэл 19-ний шөнө ерөнхий сайдын өргөө агаарын дайралтад бүрэн сүйрчээ. Мөргөл бясалгал Черчилль үг хэлэх үедээ заримдаа трансын төлөвт орж, хэлсэн үг нь хараал мэт үйлчилдэг байсан гэж олон судлаач үздэг. “Бид тэнгис далай дээр ч тулалдана. Бид агаарт улам илүү итгэлтэй, улам илүү хүчтэй тулалдах болно. Бид юу ч болж байсан бяцхан арлаа хамгаалах болно. Бид яаж ч байсан эргийн элсэн дээр, тариалангийн талбайд, гудамжнаа, уул толгод дээр ч тулалдах болно. Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн үгэнд нь хүмүүс бодолгүйгээр итгэдэг байлаа. Түүнийг өдөрт унтдагийг бүгд мэднэ. Гэтэл зарим судлаачид энэ бол унтлагын цаг биш, гүн трансад ордог, бясалгал хийдэг цаг нь байсан гэж үзэх болжээ. Нас барсан эцэг минь ирж Английг ямархан хувь тавилан хүлээж байгааг хэлсэн гэж дэлхийн хоёрдугаар дайны дараа Черчилль ярьсан байдаг. Тэрээр сонгуульд ялагдах, үхэхээ хүртэл маш тодорхой угтан хэлж байжээ. Засгийн газрын нууц төлөөлөгчид Черчилль 1944 онд Дунканыг баривчлахаас өмнө түүний “гоц чадварыг нь нэг бус удаа ашигласан” тухай нотолгоог Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэгийн ажилтнууд олсон байна. Гитлер ид шидэд итгэдгийг нь англичууд мэдэх учраас түүнтэй нь дүйцэх зурхайн тасаг байгуулж, нацистын “зөвлөгчид”-ийн аливаа мэргэ төлгөнд Гитлер хэрхэн хандахыг тодруулахаар түрүүлж ажилладаг байжээ.Энэхүү нууц тасгийн ажилтан нь Дункан байсан гэж судлаачид үзэж байна. Сэтгэлзүйн тагнуул хийх, зайнаас нөлөөлөх, бодол унших авьяас үнэндээ “шотландын шидтэн”-д хангалттай байсан билээ. Гэтэл тэр хүнийг нь шоронд хийж орхидог... Гэтэл хүчирхэг ерөнхий сайд энэ хэргийг анхаарлын төвд оруулахгүйн үүднээс гар хумхихаас өөр аргагүй болжээ. Дунканыг дараа нь ч харж үзсэнгүй. Бодвол фашизмын эсрэг нууц дайнд “шулам”, “шидтэн”-ээс тусламж авсан гэдгээ соёлт ертөнцөд хэлэхээс Английн засгийн газар нэрэлхсэн биз. Гэхдээ Черчилль түүнд далдуур нөмөр нөөлөг болж байсан бололтой. Яагаад гэвэл Хелен шоронгоос гарангуутаа дахин тийм үйл хийхгүй гэж шүүхэд амласнаа зөрчиж эхлэхэд бүхэл бүтэн 11 жил түүнийг хэн ч яагаа ч үгүй билээ. Черчилль 1955 онд ерөнхий сайдын суудлыг үүрд орхилоо. Үүнээс хэдхэн сарын дараа Английн цагдаа Черчиллийн нэгэнт хүчингүй болгосон хуулийн нэрийг барин Дунканы гэрт нэвтэрч яг сүнс дуудаж байхад нь баривчилжээ. Түүнээс таван долоо хоногийн дараа шоронгийн шалан дээрээс үзмэрчийн цогцсыг олжээ. Сүнс дуудах үйл ажиллагааг нь огцом зогсоосноос болж түүний бие хаа сайгүй түлэгдсэн байсан нь үхлийн шалтгаан болжээ. Үзмэрчийг чимээгүйхэн оршуулсан байна. Үхлийн дараах үг Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэг Хелен Дунканыг албан ёсоор цагаатгаж өгөхийг Засгийн газраасаа хүссээр байна. Хэрвээ ноён Уинстон Черчилль амьд байсан бол энэ шаардлагыг үг дуугүй дэмжих байсан даа. Харамсалтай нь тэрээр “шотландын үзмэрч”-ийн эмгэнэлт үхлээс хойш есөн жил амьдраад 91 насандаа таалал төгссөн билээ. Тэгээгүйсэн бол цорын ганц гэм буруу нь сүнстэй харьцаж, яриулж чаддаг байсан хөөрхий эмэгтэйн эмгэнэлт хувь тавиланг цайруулахын төлөө бас нэг гал цогтой үг хэлэх ч байсан юм бил үү?    

​Далд ертөнцөөс сонсогдох дуу хоолой

Америк болон Европын элдэв туршилт, судалгаа явуулагч эгэл жирийн сонирхогчид болон олон тооны эрдэмтэд нөгөө ертөнцөөс дуулдах элдэв дуу хоолойг сонсоод сурчихжээ. Тэр ч бүү хэл, тэд хүссэн хүн болгонд өөрсдийн талийгаач болсон хамаатан саднуудын сүнс, дуу хоолойнуудтай харьцахыг санал болгож байгаа юм. Нэрт эрдэмтэн Томас Эдисон цагтаа тухайн хүнийг өөд болоочидтой холбоо тогтоох боломжоор хангах тийм төхөөрөмжийг бүтээх гэж оролдсон билээ. Тэрбээр 1920 оны аравдугаар сард “Бидний оюун санааны чадвар нас барсны дараа ч материд нөлөөлөх чадвартай гэдэгт би итгэдэг. Хэрэв миний энэ таамаглал үнэн бол хүн гээч амьтан хэзээ нэгэн цагт бидний өвөг дээдсээс ирүүлэх сургааль, элдэв илгээмжүүдийг бичиж авч бүртгэх тийм асар мэдрэмжтэй төхөөрөмжийг заавал ч үгүй бүтээх болно. Энд тэдгээр илгээмжийн эзэд таалал төгссөнийхөө дараа ямар дүр төрхтэй болсон нь огтхон ч хамааралгүй юм” гэж бичжээ. Тухайн үед энэ аугаа зохион бүтээгч эрдэмтэн асар их нэр хүндтэй болсон байсан ч олон хүн түүний энэ бичвэрийг марзаганал, хошигнол юм уу ухаан санаа нь самуурсан үедээ бичсэн зүйл хэмээн тооцсон аж. Харамсалтай нь, үхэл түүнд тэр гайхалтай төхөөрөмжийг бүтээн өөрийн мөрөөдлийг бодит зүйл болгоход саад болсон юм. Гэвч цаг хугацаа түүний дээрхи “солиорол” дороо бодит үндэслэлтэй болохыг харуулсан билээ. Цахилгаан дуу хоолойн үзэгдлийг анхлан нээсэн хүн бол Шведийн баримтат кино бүтээгч Фридрих Юргенсон гэж үздэг. 1959 оны зуны нэгэн налгар сайхан өдөр тэрбээр шувуудын жиргээг соронзон хальсан дээр буулган авч бичиж үлдээхийн тул Стокгольм хотын захын дүүргийг зорьжээ. Энэ эгэл жирийн ажиллагаа ямар нэг хүндрэл, асуудалгүйгээр явагдсан байна. Хальсан дээрхи бичлэгийг сонсохоор киностудид очоод Юргенсон балмагдаж орхисон аж. Бичлэгийг тавиад тэр ёстой л хөшиж орхисон гэдэг. Жигүүртэн шувуудын уран жиргээнээс гадна хальсан дээр норвеги хэлээр ярих нэгэн эрэгтэйн дуу хоолой маш тод сонсогджээ. Уг бичлэгийг хийх үеэр энэ хүний яриа огт байгаагүй гэдгийг Юргенсон сайн санаж байлаа. Учир нь, тэр хотын бужигнаан, автозамын чимээ шуугианаас нэлээн холдож, эзгүй хээр талд байсан юм. Уран бүтээлч эр ийш тийшээ утасдан лавлатал тухайн өдөр Швед болон Норвегийн нэг ч радио станц тийм зүйл нэвтрүүлээгүй болох нь тогтоогджээ. Иймд Юргенсон дуу бичлэгээ хээр талд очин дахин хийхээр ший­дэв. Гарсан үр дүн нь түүнийг болон хамт ажилладаг хүмүүсийг нь цочирдуулсан аж. Хийгдсэн бичлэгүүдийг сонсох үеэр тэр өөрийнх нь талаар чамгүй их зүйлийг мэддэг үл таних хүмүүсээс мэдээлэл хүлээж авах болжээ. Нэгэн бичлэг дээр эмэгтэй хүний дуу хоолой түүнийг “Хүндэт Фридель” гэж нэрлэж байв. Юргенсоныг жаахан хүүхэд байхад л ээж нь түүнийг ингэж дууддаг байсан юм. Уйгагүй зүтгэлтэй швед эр туршилтуудаа цааш үргэлжлүүлсэн бөгөөд 1965 онд өөрийн ажиглалтуудын урьдчилсан дүн мэдээг нийтлүүлжээ. “Сансар огторгуйгаас дуулдах дуу хоолой” гэдэг нэртэй түүний нийтлэл сэтгэл судлаач Константин Родивын гарт оров. Удалгүй энэ хүн хийсэн бичлэгүүдээ надад сонсгооч хэмээн Юргенсонд ханджээ. Төдөлгүй тэд уулзалдсан бөгөөд гэрчүүдийг байлцуулан хэд хэдэн туршилтыг хамтдаа явуулсан байна. Үр дүн нь Юргенсоны бичсэн нийтлэлд өгүүлэгдсэнтэй адилхан гарчээ. Гэтэл Родив гаднаас сонсогдох дуу хоолой бичлэг радио долгион цацаг­даж байсан газраас холгүйхэн хийгдвэл илүү чанартай, тод дуугарч байсныг олж мэдэв. Родивын энэ нээлт гутранги үзэл­тэй эрдэмтдийн магнайг тэнийлгэжээ. Тэд радио долгион цацаг­даж байгаа бүс орчимд элдэв дуу хоолой бичигдсэн явдлыг хөндлөнгийн радио дохионууд гэж үзэж байсан юм. Гэтэл тэр үед Родив өөрөө өөрийн өөд болсон зарим нэг хамаатнуудын дуу хоолойг бичиж аваад байлаа. Эдгээр дуу хоолойнууд өөртөө ямар нэг гойд мэдээлэл агуулаагүй ч Родивын “хамаатнууд” түүнд зөвхөн гэр бүлийн цомхон хүрээнд тодорхой байсан нэр юм уу хочоор нь хандаж байсан аж. туршилт, судалгаагаа хийсээр л байв. Тэрбээр өөрийн радио хүлээн авагчийг элдэв долгион байхгүй байсан үелзлүүд дээр тавьж, жирийн соронзон бичлэгийг хийж байсан юм. Ийм аргаар тэр 70 мянган өөр янзын дуу хоолойноос бүрдэх бичлэгийн сантай болжээ. Тэдгээр дуу хоолойнуудын зарим нь түүний нас барсан хамаатан саднуудынх юм уу танил хүмүүсийнх байсан гэнэ. Ийнхүү Родив радио долгионууд болон үхэгсэдийн сүнснүүд ямар нэгэн аргаар хоорондоо холбоотой юм уу тодорхой харилцаанд орох чадвартай гэсэн дүгнэлтэд хүрчээ. 1971 онд Нью-Йорк хотноо Родивын бичсэн нэгэн ном олны хүртээл болов. Тэр бүтээлдээ мань эр нөгөө ертөнцөөс сонсогдох дуу хоолойнуудыг удаан хугацаанд ажигласан байдлынхаа үр дүнг нэгтгэж оруулсан байна. Номын нэр “Сэтрэлт” бөгөөд энэ бүтээл одоог хүртэл АНУ-д хүмүүсийн сонирхлыг татсаар байгаа юм. Яагаад гэвэл Родив түүндээ тодорхой үр дүнд хүрэхийн тулд соронзон бичлэгийг яаж хийх ёстойг дэлгэрэнгүй зааж өгсөн аж. Уг номондоо тэрбээр өөрийн нас барсан хамаатан саднуудын дуу хоолойг бичлэг хийхээсээ өмнө юм уу бичлэг хийх үеэрээ тэд­гээрийн хэн нэгнийх нь дүр зургийг төсөөлж байвал бичиж авч дөнгөдөг байсан гэдгээ дурджээ. Тэр цагаас хойш АНУ болон Европт цахилгаан дуу хоолойн үзэгдлийг эрэлхийлэгч хүмүүсийн бүхэл бүтэн нийгэмлэгүүд байгуулагдсан гэдэг. Цахилгаан дуу хоолойн үзэгдэл гэдэг нь чухам юу вэ? Нөгөө ертөнцөөс сон­сог­дох дуу хоолойнууд эгэл жирийн хүний соронзон хальсан дээр бичүүлсэн ердийн дуу хоолойноос огт өөрөөр сонсогддог гэдгийг онцлон тэмдэглэх ёстой болов уу. Цахилгаан дуу хоо­лойн үзэгдэл буюу нөгөө ертөнцөөс ирэх дуу хоолой бидэнд маш хурдан чичирхийлэх дуу авиа мэт сонсогдоно. Тэгэхээр тэр дуу хоолой хүчтэй чичирхийлэлд орж буй битүү, хязгаарлагдмал орч­ноос гарч байгаа мэт сэтгэгдэл төрнө. Өгүүлбэрийн гишүүн үгнүүд хэлэгдэх хэмнэл ч ер бусын байна. Үгнүүд ердийн хэл ярианд хэлэгддэгээс илүү түргэн хэлэгдэнэ. Гэхдээ энд бас нэг тайлагдашгүй оньсого бий. Үгнүүд хурдан сонсогдох ч тэд­гээрийн хоорондын зай хүний ердийн хэл ярианд байдаг шиг хэвийн сонсогдоно. Цахилгаан дуу хоолой сонсогдох бас нэг өөр онцлог нь хүүрнэл өөрөө нэгэн хэвийн явагдана. Аль ч үгэн дээр өргөлт хийгдэхгүй бөгөөд нэг ч хэллэг аливаа сэтгэл хөдлөлгүйгээр, элдэв тодотголгүйгээр хийгдэнэ. Дуу хоолой жигд тэгш, ямар нэгэн сэтгэл хөдлөлгүй сонсогдох аж. Гэхдээ сансар огторгуйгаас сонсогдох дуу хоолой түүний “эзнийг” амьд сэрүүнд нь мэддэг байсан хүмүүст танигдах юм. Судлаачид цахилгаан дуу хоолойн үзэгдлийг сонсогдох ча­­нараар нь А, В, С гэсэн гурван зэрэглэлд хуваажээ. А зэрэг­лэлийнх нь дуугаралтын өндөр чанараар ялгарна. Дуу хоолой маш тод сон­согдож, танигдах бөгөөд тухайн өгөгдөж буй мэдээллийг хүлээж авахад аливаа хүндрэл үүсэхгүй. Ийм бичлэг дээр цахилгаан дуу хоолой маш тод, чанга дуу авиа мэт байна. Хэрэв дуугаралт хүчтэй чичирхийлэлтийг дагуулж байвал, тэр бичлэг дээр үе үе үгийн төгсгөлүүд сонсогдохгүй байвал ийм бичлэгийг В ангилалд хамаатуулна. Ийм бичлэгийн хальсан дээр цахилгаан дуу хоо­лой гэнэт алга болоод, эргээд гарч ирэх магадлалтай бөгөөд энэ нь мэдээлэл авах боломжийг хүндрэлтэй учруулдаг. Харин С ангилалд маш сул бичлэг хамаарна. Тэр бичлэг дээр тухайн дуу хоолой дөнгөн данган сонсогдох төдий байдаг. Гэхдээ л ийм дуу хоолойг ангуучлагчид дээр өгүүлсэн гурван төрлийн бичлэгийг түвэггүйхэн ялгаж салгаж ойлгодог юм. Интернет орчинд энэ дуу хоолойг эрж хайгсдын байгуулсан хэд хэдэн сайт байдаг билээ. Тэдгээрээр орж нөгөө ертөнцөөс сонсогдох дуу хоолойнуудын тод томруун амжилттай бичлэгүүдийг сонсох боломжтой. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгож хэлвэл одоогоор бичигдэж үлдсэн дуу хоолойнууд зөвхөн англи хэлээр ярьдаг байна. Латвийн харьяат Константин Родивын байгуулсан сайт АНУ-д үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэндээс та зөвхөн англи хэл дээрхи яриаг сонсох боломжтой юм. Цахилгаан дуу хоолойг сонсож, бичиж авахыг оролдох хү­мүүст өгөх нэг үнэтэй зөвлөгөө бий. Энэ маш бага судлагдсан үзэгд­лийг “ангуучлагчид” хайгуул-бичлэгүүдээ алсын болон дундын долгионуудад ойролцоо үелзлүүд дээр хийхийг зөвлөж байна. Тэр үелзлүүдийн орчимд радио саатлууд бараг гардаггүй гэнэ. Бичлэгийг зөвхөн шинэ соронзон бичлэгийн хуурцаг дээр хийхийг зөвлөдөг аж.  

Орчин үеийн Орос дахь зомбичлол

Хоёр   зохион   бүтээгч   ЗСБНХУ-ын   ШУА-ийн     Радио     электроникийн     хүрээлэнгийн биоэлектроникийн лабороторид “Биологийн объектод модулчилсан цахилгаан болон цахилгаан соронзон долгионоор үйлчлэх нь” сэдвээр илтгэсэн тухай сонинууд дээхэндээ бичиж байсан. Тэдний нэг И.Качалин радио долгионы тусламжтайгаар зайнаас унтуулах аргын тухай энд яригдаж байна хэмээн тайлбарлаж байна. 1973 онд Новосибирск хотын нэгэн цэргийн ангид блок-схемд нь СВЧ генератор ашигласан “Радио нойр” төхөөрөмжийг туршжээ. Яг энэ СВЧ цацруулагчийг америкийн “МК-ультра” төсөл” туршсан байдаг. Эмч нарын бодлоор бол “зөвшөөрч үл болох өндөр идэвхтэйгээр янз бүрийн давтамжтай цахилгаан соронзон талбайгаар удаан хугацаанд системтэйгээр үйлчлэх нь бие махбодын, эн тэргүүнд төв мэдрэлийн систем, тархины үйл ажиллагааг үндсээр нь өөрчилдөг”. Чухамдаа энэ үр дүнг л том жижиг янз бүрийн генераторуудаас хүлээж байлаа. Цэргийнхэн болохоор ойрын ирээдүйд туршилтыг жинхэнэ зэвсгийн хэмжээнд хүргэж дайсны армийг бөмбөг сумгүйгээр ялдаг болно гэж амлацгаав. Ийм зэвсгийг олноор үйлдвэрлэхийг хүлээх зуураа тэд генераторуудаа юу ч сэжиглээгүй энгийн иргэд дээр туршиж байлаа. Оршин суугчдын байгалийн бус шинжтэй цахилгаан соронзон үйлчлэл бүхий бүхэл бүтэн хорооллууд байгааг Оросын 100 шахам бүсийн хараат бус шинжээчдийн дүгнэлтүүд нотолж байгаа юм. Орон сууцны экологийн комисс эдгээр хороолол нь “үхлийн тоо өндөр, зүрх судас, хавдар болон бусад онцлог өвчин их, дутуу төрөлт, ялангуяа залуучууд дунд шалтгаангүйгээр амиа хорлох явдал өндөр хувьтайгаараа ялгардаг. Цахилгаан соронзон долгионоор олон удаа үйлчлэхэд барилгын төмөр бетон их бие тухайн байшинд амьдрагсдад бүгдэд нь нөлөөлөгч реюнатор болж хувирдаг учраас орчин үеийн орон сууцнууд руу радио долгионыг чиглүүлэн нөлөөлөх нь онцгой аюултай. Өнөөдөр Орост 45 хүртэлх насны эрчүүдийн үхэл европын бусад орноос 5 дахин их байна. Хавдрын  өвчлөлөөр  Орос дэлхийд  тэргүүлэх байрын нэгд явж байна. Энэ зэвсгийг Орост хяналтгүй хэрэглэснээс сүүлийн арван жилийн дотор энэ орныг хүн ам зүйн сүйрэлд хүргэлээ. ОХУ болон хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын иргэдээс манай хороонд хандан тэдэнд зайнаас нөлөөлөх техникийн болон химийн хэрэгсэл хэрэглэсэн тухай олон гомдлыг бид задлан шинжилж үзлээ. Эдгээр иргэдийн өрөө тасалгаан дахь цахилгаан соронзон талбай, ионжуулсан цацрагийг хэмжсэн хэмжилт, тэдэнд зайнаас нөлөөлсний улмаас авсан гэмтлийн тухай эмнэлгийн магадлагаа, хараат бус шинжээчдийн өгсөн зөвлөгөө, хүн ам дээр шинэ төрлийн зэвсэг туршсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан олон тооны өгүүлэл зэрэг нь дараах дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Үүнд: Цацраг, радио давтамж, ультра авиа, инфра авиа, радиологийн зэвсэг, нейрокомпьютерийн технологи ашиглан хүнд нөлөөлөх психофизикийн аргыг зөвлөлт засгийн үед ашиглаж байсан, одоо ч тусгай албад, гэмт хэргийн бүлэглэлүүд, эмх цэгцгүй урсгалууд ухамсрыг боолчлох,үйлдлийг хянах, хувь хүнийг бүрэн солих; оюуны болоод уран бүтээлийн чадамжийг бууруулах; генийн түвшинд эрүүл мэндийг муутгах; хүний эрхтэнд нөлөөлж, улмаар бүх бие махбодын ажиллагааг удирдах арга болгон хэрэглэсээр байна. Хүн амд өргөн хэмжээгээр санаатайгаар нөлөөлөх ажил цогцоор хийгдэж байна. Техногенийн хэрэгслээс гадна химийн бодис, хий, психотропын болон мансууруулах, биологийн бэлдмэл хэрэглэж байна. Манай байгууллага цацрагт өртсөн гэж гомдоллосон иргэдэд хэрэглэсэн химийн бодисуудыг харьцуулж үзэхэд иргэдийг “боловсруулах” ажил нэг л янзын тусгай найрлагын тусламжтайгаар, тэгэхдээ айл гэрийн дээврийн цоорхойгоор, эсвэл эзэд нь байхгүй үеэр гэрт нь хулгайгаар орох замаар хийгдэж байгаа нь тогтоогдлоо. Өрөө тасалгааг шугамын ус, шал, хана, тааз, тавилга, хөшиг, хувцас, гутал гэхчлэн бүрэн ”боловсрууддаг”. Гомдол гаргасан хохирогчдыг хуулийн байгууллага сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлэхээр сүрдүүлж, эсвэл “цацрагийн айдас” гэсэн оноштойгоор тийш нь хүчээр хэвтүүлдэг. Иргэдийг цахилгааны утас, радио телефоны утас, дулаан дамжуулалт, хамгаалалтын сүлжээ, нийтийн хэрэглээний телевизийн антенн, тэрчлэн хөдөлгөөнт болон нисэх, сансрын хэрэгсэл ашиглан “боловсруулдаг”. Ахуйн цахилгаан сүлжээгээр өндөр давтамжийн долгион дамжуулах нь орон сууцны гал түймрийн шалтгаан болдог баримтыг улсын галын албад тусгай албадын төлөөнөө чимээгүй өнгөрөөж байна. Хүний ухамсар, эрүүл мэндэд нууцаар нөлөөлөх нь Оросын ард түмний хувьд сүйрэлт үр дагавар авчирсан билээ. “Долоо хоногийн ертөнц” сонинд нийтлэгдсэн өгүүлэлдээ Орост 1989-1999 оны хооронд насанд хүрсэн 20 сая хүн үхсэн тухай зохиолч Вадим Кожинов бичсэн байна. Москвагийн орон сууцны экологийн хорооны тоо баримт психофизикийн зэвсэг хэрэглэж туршсаны улмаас олон амь хохирсныг харуулж байна. Энэ асуудлыг гаргаж ирснээр бид манай ажлыг эсэргүүцсэн төрийн сайтар зохион байгуулсан механизмтай тулгараад байна. Психофизикийн болон плазм зэвсгийг зохион бүтээгчдийн нэг, ОХУ-ын төрийн Думын депутат Ю.Ю.Леонов “Бодитой байгаа психофизикийн зэвсгийг улс төр, эдийн засаг, олон нийтийн хөдөлгөөний удирдагчдын эсрэг идэвхтэй хэрэглэж байна” (“Завтра” сонин, 1999 оны №43) хэмээн энэ баримтыг нотолж байна. Манай хорооноос төрийн бүх шатанд олон удаа хандсан боловч ямар ч үр дүнд хүрч чадахгүй байна” гэсэн байна. Психотронын зэвсэг эрүүл мэндэд аюултайг хэнд ч тайлбарлах хэрэггүй. Төр яагаад өнөөдөр ч гэсэн энэ асуултад хариулах дургүй байна вэ? Манай оронд ийм юм хэзээ ч байгаагүй мэт дүрийг яагаад эсгэнэ вэ? Хохирсон бүс нутгийнханд мөнгө төлөхгүйн тулд аваарт өртсөн нутгийн хэмжээ, радио идэвхт хордлогыг хүлээн зөвшөөрөхгүйг хичээдэг тэр л шалтгаанаар ингэж буй юм. Психотронын зэвсэг зөвхөн тархи оюуныг сүйтгэж, хүнийг хүлцэнгүй боол болгодог төдийгүй эсийн түвшинд өөрчлөлт оруулдаг. Эдгээр өөрчлөлт нь янз бүрийн өвчин үүсгэнэ. Үхлийн бус зэвсэг нэртэй туршилт хийн шалгадаг байсан хүрээлэнгийн нэрсийг би олсон юм. Жишээ нь, Москвагийн психотроникийн хүрээлэнд менталь модулятор, ген задлагч, ген захирагч гэсэн гурван багажийг туршиж байжээ. Доктор Охатрины бичил лептон технологийн лабораторид бичил лептон талбайн үнэлгээ хийдэг байв. Бид шинэлэг зүйлсээ америкуудтай солилцдог байв. Энэ л түншлэл, солилцооны хөтөлбөрийн хүрээнд Тархи судлалын хүрээлэн америкийн соронзон чичирхийллийн томограф (мэдээж үнэгүй биш)-тай болж, харин манайхан болохоор далайн чинадын мэргэжил нэгтнүүдээ лазерийн технологийн     ололттойгоо  танилцуулж  байв. Тус хүрээлэнгийн худалдаж ансан томограф цэргийнх биш, энх тайвны зорилгоор судалгаа явуулах зориулалттай эд байлаа. Түүний ганц л том дутагдал нь хэтэрхий нүсэр, бас хүнд байв. Соронзон нь өөрөө 30 тн, түүнийг тусгаарлагч гадаргуу нь 260 тн. Манайхан болохоор аль болох зөөврийн систем бий болгохыг хичээж байлаа. Зарим цацруулагч төхөөрөмж дипломат цүнхэнд ч баггана. Тийм болохоор л улс орон таран бутарч байх үед тэр үеийн ДЯЯ-ны сайд Баранников өөрийн байгууллагынхандаа “Нууц технологи алдагдах үйл явц айсуй. Тэдгээрийг мафийнхан (улс төрчид, цэргийнхэн, маньякууд, нууц байгууллагынхны ашиг сонирхол) гартаа оруулна” гэж анхааруулсан юм биш биз? Яг л тольдсон мэт харж дээ. Горбачевын хэлдгээр үйл явц хөдөллөө… Арван жилийн турш депутатууд психотронын болон биологийн зэвсгийг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьж, Дум арван жилийн турш түүнийг хүлээн авахаас татгалзлаа. Яагаад тэгсэн гэж бодож байна? Думд юу ч ойлгологгүй хүмүүс суулаа гэж үү? Эсвэл тэд бас манай оронд психотронын зэвсэг байхгүй гэж бодоцгоов уу? Үгүй ээ. Хүчний яамд болоод нууц албадын энэ өв хяналтгүй байх нь олон хүнд ашигтай байлаа. Ийм багажийг зарах нь ашигтай хэрэг байлаа. Думын гишүүн бүр үйлдвэрлэгчид болоод сонирхсон бусад этгээдүүдийг лообийддог шүү дээ. Хуулийн төслийг депутат Ильюхин өглөө, дараа нь депутат Лопатин хоёр дахь төслийг өргөн барилаа. Гэвч хоёр төсөл хоёул нийтийн хэлэлцүүлгийн шатанд ч хүрч чадсангүй… Гагцхүү 2000 онд л Красноярын хязгаарын хууль тогтоох хурлын санаачилгаар “Зэвсгийн тухай” холбооны хуулийн 6 дугаар зүйлд психофизикийн зэвсгийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах оролдлого хийгдлээ. Гэвч энэ өөрчлөлтийг шууд хүлээж авсангүй. М.М.Касьяновын толгойлсон Засгийн газар энэ өөрчлөлтийг буцаав. Тэгэнгүүт красноярын депутатууд улс орны 37 бүсийн Холбооны хуралд хандан Красноярын хязгаарын Холбооны хурлын санаачилгыг дэмжихийг хүслээ. Бараг бүх бүс нутгийнхан энэ санаачилгыг дэмжив. Төрийн Дум 2001 оны зургадугаар сарын 26-нд нэмэлт өөрчлөлтийг хүлээн авч, Ерөнхийлөгч В.В.Путин өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурав. Нэмэлт өөрчлөлтөд: “Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээр радио идэвхт цацраг, цахилгаан соронзон цацраг, инфра авианы цацраг, ультра авианы цацраг, биологийн хүчин зүйл ашиглахад үндэслэсэн хөнөөх үйлчилгээтэй зэвсэг болоод өөр бусад зүйлсийг иргэний болоод албаны зэвсэг хэлбэрээр ашиглахыг хориглоно” гэж заажээ. Өөроөр хэлбэл энэхүү нэмэлтээр психотронын зэвсэг болоод зомбичлол нь хүүхэд айлгах төдий зүйл биш, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний солиорол ч биш, харин бүрэн бодот байдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг билээ. Павел Одинцов      

Тутанхамоны зэвсгийг харь гаригийн төмрөөр хийжээ гэв

Египет, Италийн хэсэг эрдэмтэд египетийн фараон Тутанхамоны шарилаас гарч ирсэн кинжал хутгыг солирын металлаар хийсэн гэдгийг тогтоосон байна.  Судлаач эрдэмтэд судалгааны ажлынхаа энэ тайланг Миланы политехникийн их сургуулийн  сайтад нийтэлсэндээ энэ ажилд Пизагийн их сургууль, Каирын египетийн музейн ажилтнууд хамтарсан гэж бичжээ. Тэд Тутанхамоны шарилыг анх 1925 онд малтаж гаргасан археологч Говард Картерын олсон эртний энэ хутганы металлын бүтцийг тодорхойлохын тулд рентген, спектрометр ашигласан байна. Никелиэр өнгөлж, бариулыг алтаар урласан энэ хутганы төмрийн бүтцэд 0,6 хувийн кобальт, солирын металлын агуулга байжээ. Одоо энэ хутга Каирын музейд хадгалаастай байгаа юм. Тутанмахон нь Эрний Египетийн Шинэ хаанчлалын XYIII гүрнийг  манай эриний өмнөх 1332-1323 онд захирч  байсан фараон.   

Хавцалын амны сүг зураг хөдлөхийг харсан хүмүүс чөтгөрийн ший гэдэг байжээ

Ер бусын гэхэд ч багадахаар үзэсгэлэнтэй энэ газар Баян-Өлгийн Бугат сумын нутагт оршдог билээ. Мөнх цасаар хүрээлэгдсэн уулсын дунд оршдог асар урт хадан хавцалд эртний хүмүүсийн ул мөр, үлдээсэн сүг зураг буй. Бүхэл бүтэн хадан хавцалыг чимсэн асар том байгалийн ийм музей дэлхийн хаана ч байдаггүй гэх юм билээ. Тэр бараг үнэн байх. Ямартаа л “ЮНЕСКО”-гийн биет ба биет бус дурсгалыг хадгалах санд үг дуугүй бүртгэж байхав. Тэд зөвхөн зургийг нь хараад л бүртгэсэн болохоос болж буй явдлыг хараагүй нь ойлгомжтой. Болж буй явдлыг нь харсан бол бараг тэр байрандаа босоогоороо царцах биз ээ. Үнэхээр үзсэн болгон алмайрахаас ангид байж чадахааргүй адын сонин үзэгдэл тохиодгийг тус нутгийн аль ч сумын ард иргэд ярьдаг бөлгөө. Нутгийнхан болгон андахгүйгээс гадна адал явдалд дуртай зарим нь хэрэг, зориг болгон очдог ч гэлцэх. Тэр тухай сонссон, дуулснаа дүрслэн хүргэхийг хичээлээ. Хавцалыг өөрийн нүдээр үзэн гайхан биширч явсан хүний нэгэн би өөрөө хэдий ч чухам тийнхүү хөдөлж, дэлгэцэнд кино, ший мэт тусч, гарч байхыг үзээгүй, нэг талаар туйлын азгүй нэгэн гэхэд хилсдэхгүй. Тэгсэн хэдий ч түүнийг үзээгүй хэмээн тэгтлээ гоморхдоггүй билээ. Явуулын мань мэтэд байтугай зорьж очигсод ч тэр бүр байгалийн сайхныг үзэх хувь дутдаг гэнэм.  Тэрхүү онц сонирхолтой үзэгдэл жилд хэдхэн тохиодгийг бодоход тэгэхээс ч аргагүй юмдаг уу даа. Тэргэл сартай өдөр гэхийг бодоход шинийн нэгэнд л үзэгдэж, харагддаг юм болов уу даа. Нутгийн ах нар, анчид л хааяа их сонин зүйл хөөрөлддөг байсныг хүүхэд байхдаа сонссоноо өнөө хэр огт мартдаггүй бөлгөө. Яагаад гэхээр дэндүү сонирхолтой, бараг итгэмээргүйгээс тэр байх л даа. Байгалийн чухам ямар үзэгдэл тохиолдоод байгааг нь шинжлэх ухааны үүднээс бүрэн тайлаагүй юм уу, аль эсвэл би сонсоогүй, уншаагүй байж мэднэ. Сургуулиар олж авсан боловсрол, мэдлэгийнхээ үүднээс дотроо дүгнэх гэж үзвэл гэрлийн хугарлын үзэгдэл байх магадлал маш өндөр ажгуу. Өөр юу ч байх билээ дээ. Тэргэл саран үүлтэй шөнө тусахдаа тэрхүү ер бусын үзэгдлийг кино, ший мэт бодит дүр, дүрс болгон харуулдаг байж болох юм. Үүлэн дунд саран цахилахыг харж, ажиж явсан хүн л гадарлах буй за. Саран ер бусын гэхээр хурдан цахилж байдаг шүү дээ. Яг энэ үед тэндхийн зурагт дүрслэгдсэн амьтан болгон амь ордог гэх юм билээ. Манай нутгийн анчин Баатай гуайн хэлсэн, ярьсан зүйл одоо хүртэл цээжний цаана тодрон байна. Би Бугатад аргал, янгирийн анд явлаа. Нутгийн гурван анчинтай явсан юм. Хавцалыг ямар мэдэхгүй биш. Багаасаа л олон удаа очиж үзсэн дээ. Харин тэгэхэд л ёстой үзээгүйгээ үзсэн юм. Тэр гурван анчин манай нагац нар байсан юм. Бид андаа дөхөж очоод амрахаар зэхэв. Үдшийн бүрий тасарсан, намрын хүйтэн орой болохоор хавцал бараадалгүй яахав. Гэнэт үүлшээд эхэллээ. Хавцал уруу уруудаж хонох гэхээр ангаасаа холдчих гээд болдоггүй. Үүрээр босохоос нь өмнө л юм нудрах санаатай явахгүй юү. Хавцалын оройд нэг хэсэг нөмөр газар байдгийг нутгийн анчид хэлэв. Ингээд тэнд нь амрахаар болоод дээрээс нь тонгойчихгүй юү. Үгүй ер өө, мөн гайхалтай юм үзлээ. Хавцалын цаад ханан дээр таних, танихгүй амьтад харайлгаж, гүйлдэж харагддаг байгаа. Захын хоёр том амьтныг нь /арслан заан. сурв/ мэдэхгүй юм. Хэдэн янгир зүгээр цахилаад явчихлаа. Би ч эхэндээ ойлгосонгүй. Тэрийг хар аа, янгир, янгир гэвэл ах нар инээлдээд “Янгир нь ч янгир аа. Тэгэхдээ бидний агнах амьд янгир биш ээ” гэдэг байгаа. Нээрэн тийм л дээ. Хажууд нь байсан хоёр том бух шиг амьтан манай нутагт байх биш. Өвгөчүүл заан ч бил үү, нэг амьтан гэдэг юм. Халуун орны амьтан яахаараа манай энд байсан болж таарах вэ? Би анхандаа их л гайхдаг байсан юм. Хоноглох газраа товлож аваад хоол, унд болох далимдаа байгалийн кино үзэх боллоо. Нутгийнхан чөтгөрийн ший гэдэг юм билээ. Өнөөдөр үүлтэй, салхитай өдөр болохоор чамд чөтгөрийн ший үзүүлэхээр нэг талаас зориуд энд ирж хоног тааруулсан юм гэв. Жаахан доош уруудаад хартал нэг ирвэс мэт арай том цоохор амьтан нэг буга хөөж явна. Бараг гүйцэн алдаад байх юм гээч. Буга ч булай хол үсэрдэг амьтан юм. Яг баригддагийн даваан дээр үсрээд зайлчих юм. Нөгөөх нь ч араас нь нүгэлтэй хол харайн хөөж явлаа. Түүнээс нэлээн доохно хэдэн анчин алсан ангаа янзалж байх юм. Яг л мал гаргаж байгаа юм шиг чулуун сүхээр цохиод л өвчиж гарч байв. Бараг “Нэг, хоёрын гурав аа” гэж хашгиралдах шиг болсныг яана. Бид шөнөжингөө ший үзэв. Уйдашгүй юм билээ. Зөвхөн тэргэл сартай, үүлтэй, салхитай үдэш үзэгддэг юм гэнэ билээ. Маргааш нь биднийг сэрэхэд тэнгэр цэлмэсэн байсан болохоор өнөө амьтад ямар юмных нь хөдлөх манатай. Улаан зосоор зурчихсан томоос том зурагнууд л байсан даа гэж ярьсныг нь санаж явдгаа ийнхүү болхи боловч уншигчиддаа хүргэлээ.  

Талийгаач багш нь хичээлээ зааж зогсов

Дотор жихүүцүүлэм зүйл алийг хэлж барах вэ.Гэхдээ хүмүүс сүнс, зүүд хоёрыг заримдаа хольчих гээд байдаг юм.Нэг нөхөр надад сүнсний тухай болсон явдал ярьж өгнө гээд зүүд ярьсаныг нь сайн санаж байна.Уг нь болсон явдал гэхэд болохгүй юм байхгүй.Сэлэнгийн Зүүнбүрэнгийн эрчүүд тэр жил хадландаа гарч л дээ.Тэдний дотор элдэв онигооны эзэн болчихдог Тодрол гэдэг хөөний эр явжээ.Сав л хийвэл онигоонд орчихоод болдоггүй хүн юм байх.Тодролын хамгийн их хичээж явдаг зүйл нь олонтой газар унтахгүй юм шүү гэсэн бодол байдаг байжээ.Гэвч яана гэхэв.Хүссэн ч, эс хүссэн ч хадлан зэрэгт олуулаа явж, олуулаа идэж, ууж, унтаж амардаг нь жам юм.Өдөржин ажиллаж, ядарсан улс дэрэн дээр толгойгоо тавиад л нам болоогүй хаачихав.Тэднийг өглөө босоход хадаж байсан талбай нь овоо явчихдаг гайхалтай үзэгдэл гараад иржээ.Хадланчид ихэд гайхавч учрыг нь олохгүй хэд хоножээ.  Тодрол өөрт тохиолдсон явдлыг хэлэхийг хүссэнгүй.Яагаад гэвэл нөхөд нь итгэхээсээ итгэхгүй нь илүү.Тэгээд ч элдвээр шоолж, тоглоом тохуу хийн, онигоонд оруулах нь ойлгомжтой байлаа.Тиймээс амаа хамхиад өнгөрөхөөс яалтай билээ.Гэсэн хэдий ч олон хавар нэгэндээ гэдэг үгтэй бөлгөө.Нэг шөнө хамгийн ахмад ажилтан Шарав гуайн давсаг чинэрээд унтуулсангүйд арга буюу босчээ.Гэтэл Тодрол орондоо алга байж.Бие засч яваа юм байлгүй гэж бодоод гарчээ.Гараад бүр нүдэндээ итгэсэнгүй.Сарны гэрэлд нэг хүн өвс хадаж байгаа нь яах аргагүй Тодрол мөөн.Өвгөн хашир хүн тул ихэд болгоомжтой ханджээ.Давсагаа суллачихаад дөхөж очсон байна.Өнөө Тодрол ажиг, сэжиггүй хадаж байжээ.“Аа, тийм бий” гэж бодоод буцжээ.Орж ирээд орондоо орж, унтахыг хичээн хэвттэл өвсөө нэлээд явуулчихсан Тодрол орж ирээд ам нь ихэд цангасан бололтой данхтай хар цайнаас хэд сайн балгачихаад хэвтээд өгчээ.  Маргааш нь нөхөд нь босоход өвс явдгаараа цааш нэлээд явчихсан харагджээ.Өдрийн хоолны үеэр Тодрол бие засахаар явсанд Шарав өвгөн нөхөддөө болсон явдлыг яриад Тодролыг цочоож болохгүйг хэлсэн гэдэг юм.Тэр намрын ургац автал Тодрол тийнхүү нөхөддөө дэм болсон түүхтэй.Ер нь иймэрхүү зүйл зөндөө тааралддаг билээ.Зүүдэндээ ажиллаж яваад усанд хүрэхээрээ харин сэрсэн тохиолдол олон байдаг ажээ.Бусдаар бол сэрдэггүй агаад хэн нэгэн цочоож орхивол харин сэтгэцийн өвчтэй болчих магадлалтай гэдэг юм билээ.Энэ бол зүгээр жирийн нэгэн зүүдний өвөрмөц нэгэн илрэл бүлгээ.Түүнээс биш эл явдлыг өгүүлсэн хүнийхээр сүнс, хий үзэгдэл биш юм.Одоо жинхэнэ сүнсний тухай ярьж өгье.  Оросын алдарт шатарчин, Швейцарь улсын иргэншилтэй, Их мастер, дэлхийн аваргын титмийн төлөө нутаг нэгт А.Карповтой нэгэнтээ халз тоглоод ялах шахсан Виктор Корчной гэх агуу шатарчин байдгийг зарим уншигч мэдэх байх.Корчной Швейцарьт байхдаа нэгэн сүнс дуудагчтай овоо дотно танилцжээ.Түүнээс нэг удаа “Бурхан болсон шатарчны сүнсийг дуудаад тоглож болох уу?” гэж асууж л дээ.Тэрбээр “Бололгүй яахав” хэмээсэн байна.Ингээд туршиж үзэхээр болжээ.Хоёулахнаа нэгэн өрөөнд бэлдээд нөгөө сүнс дуудаач нь зан үйлээ хийжээ.Тэгэхдээ В.Корчнойд хандан “Шатраа өрөөд, нүүдлээ хийгээд сууж бай” гэсэн байна.В.Корчной цагаанаар эхэлж тоглохыг хүссэн тул өөрийн дуртай гарааг сонгожээ.  Хэний сүнсийг дуудуулах вэ гэвэл “Миний найз Их мастер Мароскийн сүнсийг дуудахыг хүсч байна” гэжээ.Сүнс дуудаач ёс жаягаа үйлдэхийн хамт “цаасан сэнс” эргэхийг харж байхыг хэлсэн аж.Гэнэт нөгөө сэнс нь эргэлдэж гарчээ.“Эргэлээ” хэмээвэл “За, таны өрсөлдөгчийн сүнс ирлээ” хэмээжээ.Ингээд тэр хоёр наадаж эхэлсэн байна.В.Корчной “Бэрсний гамбит” гэх гараа сонгосон агаад бэрснийхээ өмнөх хүүг Д4 гэж нүүжээ.Сүнс дуудаач Их мастерын сүнстэй харьцаад “Харын бэрсний өмнөх хүүг Д5 гэж нүүлээ” гэх зэргээр наадсаар бүтэн таван цагийн их тулаан болж, үнэхээр илүүгээ харуулан В.Корчной хожсон гэдэг билээ. Энд өгүүлэгдсэн явдал баттай болохыг нотлон тэр үеийн ЗХУ-ын “Шахматное обозрение” сэтгүүлийн 1987 оны нэгэн дугаарт гарсаныг тухайн үед шатарт ид хорхойсч, муугүй тоглож явсан бидний хэдэн залуус үзэж, өргийг нь дагаж тоглон, тэрүүхэндээ бяцхан анализ хийж байснаа тод санаж байна.  Энэ тоглолт тэр цагийн шатрын ертөнцөд чухам л шуугиан тарьсан билээ.Яагаад үүнийг өгүүлэв гэвэл сүнс байдгийн бодит жишээг хүргэх гэсэндээ тэр юм аа.Одоо өгүүлэх сүнсний түүхээ эхэлье.Булганы арван жилийн сургуульд болсон явдал ажгуу.Наяад оны дундуур болсон юм гэнэ билээ.Тус арван жилийн нэртэй багш нарын нэг Б тэтгэвэртээ гарахаасаа өмнөхөн бурхан болж л дээ.Тэр аймгийн сурагчдын хамгийн хайртай багш нарын нэг байсан гэдэг.Өвчин хэлж ирдэггүй болохоор санаж бодох юмгүй, шавь нарынхаа хичээлийг тасалдуулчихгүй л байхсан гэж зүтгэсээр байгаад өвчнөө хүндрүүлээ биз ээ.Багшийгаа үдэж гаргасан хамт олон, шавь нар нь нэг хэсэгтээ л үгүйлсэн нь мэдээж.Ингэсээр байгаад өнөө дөчин ес хоног моног нь ч өнгөрсөн юм байх.Шавь нар нь ч мартагнаж эхэлжээ.Нэгэн ням гарагт үүнийг өгүүлэгч шавь нь сургуулиасаа ус авах гэж очоод яагаад ч юм Б багшийнхаа өрөөний үүдэнд амарч зогссоноо гэнэт багшаа дурсчээ.   Мөн ч сайн бас сайхан багш байсан даа.Самбар дээр ямар гоё бичдэг гэж санана гэж ирээд л боджээ.Тэгсэнээ гэнэт өрөөг нь шагайж хармаар санагджээ.Хаалга нь цоожтой тул түлхүүрийнх нь нүхээр харчихаад зүрх нь золтой л зогсчихсонгүй гэнэ.Таг хөшиж орхижээ.Багш нь самбарынхаа өмнө зогсдогоороо зогсчихоод гаргацтай сайхнаар нэгэн хичээлийн гарчиг тавьсан шигээ хичээлээ зааж зогсчээ.Шавь нь бүр гайхаад, нүдээ нухлан нэг харчихаад усаа орхиод жижүүр дээрээ гүйгээд ирчихжээ.Сургуулийн жижүүр ахыг дагуулж очоод харвал хичээлээ заасан хэвээр талийгч багш нь зогсохыг хараад дуу алдчихжээ.Төдөлгүй багш нь гэнэт агаарт уусан алга болсон байна.Ингээд хоёулаа үүдэнд очоод хэрхэхийг ярилцсан юм байх.Сургуулийн удирдлагуудад хэлэх хэрэггүй байх.  Тэд итгэхгүйгээс гадна чи бид хоёрыг цуу тараасан хэрэгт хийнэ.Итгэлтэй хүүхэд олж, харуулж баталгаатай болгосны дараа хашир багш нарт хэлье гэж тохирчээ.Ингээд шавь нь усаа гэртээ хүргэж тавьчихаад ангийнхаа хамгийн дотно хоёр нөхрийг дагуулж ирэн харуулжээ.Юу ч хэлэлгүй дагуулж ирээд түлхүүрийн нүхээр шагайлгавал хоёулаа л “Багш” гээд гацчихжээ.Ингээд хоёр итгэлтэй багшид үзүүлснээр бөөн шуугиан тарих нь тэр.Сургуулиараа хуралдаад, олон санал гарсаны дээр зарим тулхтай нөхөд тэр хавьдаа алдартай Нүрзэд гэх хөгшинд хандсанаар олон хүнийг айх, цочих аюулаас салгасан гэдэг юм даа.Ингээд бодохоор нүдэнд харагддаг хийгээд харагддаггүй олон янзын сүнс, хий үзэгдэл байдаг бололтой.    

Хий үзэгдэл байдгийг нотолжээ

       Хий үзэгдлийн тухай сэдвийг шинжлэх ухаан нухацтай авч үздэггүй. Харин Америкийн сэтгэл судлаач Жон Качубагийн үзэж буйгаар, хүний сүнс үхлийн дараа ч алга болдоггүй талаар нотолгоо бий. Тэгэхдээ үүнийг сэтгэл мэдрэлийн хэвийн бус үзэгдлийг судалдаг мэргэжилтнүүдийн ажиглалт болон туршилт дээр үндэслэн хийгээгүй, харин шинжлэх ухааны үүднээс буюу Эйнштейний харьцангуйн алдарт онолоор нотолжээ. Агуу физикчийн тооцоолсноор бол, орчлонт ертөнц дээрх аливаа матери эсвэл энерги устаж үгүй болохгүй, тэдгээр нь нэг хэлбэрээс нөгөөд шилждэг байна. Хүний дотоод мөн чанар болох зүрх сэтгэлийг энергийн нэг төрөл гэж үзвэл тэр нь хаашаа ч алга болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний сацуу биднийг тойрсон орон зай нь эфир гэдэг үл харагдах эдээр дүүрсэн байдаг гэж Эйнштейн үзэж байжээ. Жон Качуба "Хий үзэгдлийн ангуучид” номондоо эфир бол бие цогцос мөнх нойрсох үед чөлөөлөгддөг, хувирч өөрчлөгддөг энерги юм гэсэн санааг дэвшүүлсэн байна. "Бид идэж байхдаа ургамал болон амьтдын хуримтлуулсан дулааны энергийг биологийн эрчим хүч болгон хувирган авдаг. Чухам энэ эрчим хүч нь зүрх цохилж, уушги амьсгалахад хүргэдэг учраас бид хөдөлж чадаж байгаа юм. Бие махбодь үхэхэдэнэ эрчим хүч чөлөөлөгддөг. Тэгэхдээ агаарт зүгээр уусан алга болдоггүй, харин агаарыг дүүргэж байдаг материтай нэгдэн, агаарын орон зайг хоосон бус болгодог” гэж тэрбээр бичсэн байна. Эфирийн эрчим хүч нь хүмүүсийн ярьдаг хий үзэгдэлтэй ямар ч хамаагүй байх болох юм гэж Качуба үзжээ. Ийм уялдаа холбоо байдгийг нотолсон ямарч баримт байдаггүй. Чикагогийн их сургуульд Качубагийн хамт ажилладаг Нил Жонсоны нотолсноор бол, "нөгөө талын” ямар ч үйл явдал тодорхой тайлбартай байдаг. Жишээ нь, чийдэн нь дамжуулагч согогтой утаснаас болоод анивчиж болно, хөршийн талаас дуулдах шалны банзны хяхнах дууг заримдаа сүнстэйн шинж гэж үздэг, харин янз бүрийн эд зүйлс гэнэт алга болох эсвэл бий болохыг хүний мартамхай байдалтай холбон хялбархан тайлбарладаг. Тэгвэл гэрэл зураг эсвэл дүрс бичлэгт хачин дүрс гарсан байдгийг дийлэнх нь техникийн саатал эсвэл оптикийн нөлөөтэй холбоотой байдаг. Гэсэн ч хий үзэгдэл байдагт итгүүлэх нь ашигтай байдаг хүмүүс бий. Тухайлбал, "хэвийн бус зүйл” тохиолдсон байшин, барилгын эздэд ашигтай юм. Жишээ нь, Америкийн Пенсильванид эртний харштай Лаример тусгай хэрэгсэлтэй мэргэжилтнүүдийг уриад гэрт нь "ер бусын” энерги байгааг тогтоолгож, дараа нь "хий үзэгдэлтэй аялал” зохион байгуулан 10 долларын тасалбар худалджээ. Харь гарагийнхантай холбоо тогтоосон гэсэн болгон зүүднээс цаашгүй гэсэн дүгнэлтийг Лос-Анжелесийн бие цогцсоос гарч хийсэн аяллыг судалдаг төвийн ажилтнууд хийжээ. Тэд 20 хүн оролцсон туршилт хийсэн байна. Туршилтын өмнө тэдэнд хэрхэн богино хугацаанд гүн нойрон давтаж, махан бие цогцсоосоо "гаран” аялахыг зааварчилжээ. Тэдний талаас илүү хувь нь зааврын дагуу ажиллаж чадсан бөгөөд бүр долоо нь харь гарагийн төлөөлөгчидтэй харилцаж чадсан гэж судалгааны удирдагч Михаил Радуга ярьсан байна. Судалгаанд оролцсон сайн дурынхны нэг ярихдаа "бие цогцсоосоо гараад харь гаригийн хүн хайсан. Миний өмнө харь гарагийн гурван хүн гарч ирсэн. Тэд бидний төсөөлдгийн адил том нүдтэй том толгойтой бус харин "Юу ч биш” кинонд гардаг зүйлтэй илүү адилхан байв. Тэд надтай холбоо тогтоохгээгүй, харин намайг айлгахыг оролдсон. Эцэст нь надад айдас төрснөөр би сэрсэн” гэжээ. "Хүмүүс харь гарагийнхныг харахаараа түргэн нойрссон, бие цогцсоосоо гарсан байснаа үнэн хэрэгтээ ойлгодоггүй. Ингэж зүүдлэх нь их бодитой болсон мэт санагдаж, хуурамч зүйл гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Гэхдээ хамаг учир харь гарагийнханд бус, хүний ухамсрын боломжид байдгийг, хүн болгонд тийм зүйл тохиолдож болохыг судалгаа харуулж байна” гэж Михаил Радуга нотолжээ. Судлаачийн хэлснээр, жил бүр АНУ-ын нэг сая орчим иргэн нойрсох үедээ бие цогцсоосоо гарч аялснаа ойлгодоггүй бөгөөд үүнийгээ жинхэнэ бодитой болсон гэж үздэ гбайна.    

Икс гараг дэлхий дээрх амьд биетийн 90 хувийг үгүй хийнэ

Дэлхийн сүйрлийн талаар гуч гаруй жил судалгаа явуулж, баримт нотолгоо цуглуулсан хоёр эрдэмтэн тун анхаарууштай мэдээлэл цацсан байна. Энэ нь саяхан шинээр нээсэн манай нарны аймгийн ес дэх буюу Икс гарагийн дэлхийд үзүүлэх хорт нөлөөлөлтэй холбоотой юм. Тэтгэвэртээ гарсан ч судалгааны ажлаа үргэлжлүүлж буй профессор Даньел Уитмайр тун удахгүй манай гарагт солирон бороо орно гэж мэдэгдэв. Одон орон судлаачдын сэтгүүлд гарсан нийтлэлээс нь харахад Икс гарагийн эргэлт 27 сая жилд нэг удаа удааширч түүнийг тойрон орших Куйперийн бүслүүр буюу солирын бүслүүр таталцлаас гарч Нарны аймаг дотор тэнэдэг юм байна. Икс гарагийн нөлөөний гэж тодорхойлдог 27 сая жил тутамд нэг удаа болдог их сүйрлийг анх 1984 онд олж мэдсэн бөгөөд 500 сая гаруй жилийн турш хэдэн арван удаа давтагдсан байна. Хэдийгээр олдоогүй ч гэлээ нарны ихэр буюу Немезида нэртэй улаан одой гараг гэдэг онолыг Профессор Уитмайр анх дэвшүүлж байсан түүхтэй. Икс гарагийн эргэлт удааширснаар солирон бүслүүр суларт Оортын үүлний нөлөөгөө нар руу хүчтэй татагдаж, замдаа таарсан бүхнийг устгадаг. Анх гарсан цэгээсээ нар хүртэл 33 сая жил зарцуулах бөгөөд 27 сая жилийн дараа манай гарагийг дайран өнгөрнө. Ингэхдээ дэлхий дээрх амьд биетийн 90 орчим хувийг үгүй хийх аюултай аж. С.Дамдин  

​Хунгийн хараал

Залуу хүү Эрхэм Энхтуяа гэж нүд алдам хөөрхөн охинтой дэр нэгтгээд удаагүй байв. Нутгийн атаач хүмүүс, - Цандэлэгийн хүү тийм царай муутай доожоогүй байж Жаргалсайханы гэр нэвт гэрэлтэй, гэгээн цагаан царайтай Энхтуяатай суучих юм даа. Хөшилдсөн хөрслөг бор залуус хөдөөгүүр дүүрэн байхад тархи нь гашилсан хүүхэд юм аа. Жаргалсайханы мянгат малчны сэтэрт нь хоргодсон юм байх даа. Чаавас гэж... Тэдний мянгат малчин тэндээ л байдаг юм байгаа биз гэхчилэн хэл, амаа билүүдэх улс орон байлаа. Удалгүй Жаргалсайханы бэр Энхтуяа Соёл, урлагийн их сургуулийн бүжгийн ангид элсэн орж, намар нь нөхөр Эрхэмийгээ олны нүдэн дээр үнсээд, - Хайр нь санана шүү. Өдөр болгон ярьж байгаарай. Хонио сайн таргалуулж, бүх үнээгээ буханд сайн гаргаарай. Хайр нь зун ирээд овойж оцойтол цагаан идээ хураана гэжээ. Бас л атаач, жөтөөч нар амаа билүүдэн, - Хөөрхий, Эрхэм өвдгөө тэврээд унтах цаг чинь ирж байгаа нь энэ. Энхтуяа сар болоод л Эрхэмийг мартана. Хотын олон баячууд, жентельмэн залуусыг Энхтуяа мэтийн нүдний ялгаа арилаагүй, ядаж Улаан-Үд, Эрээн орж үзээгүй амьтан хөл алдана гэцгээв. Гэвч өвлийн амралтаар Энхтуяа ирчихсэн Жаргалсайханы хамаг ажлыг нугалж буцахад нь, - Өнгө орж, өөдлөж яваа айл ч өөр юм. Нөгөө бэр нь ирчихсэн. Өвлийн идэшний шийр тагалцагаар стужень (цэлцэгнүүр) хийгээд мах, шөлний хэрэггүй гээд түүнийгээ аваад явсан гэнэ. Үгүй дээ л гэхэд ганц ямааны гулууз авдаг байгаа гэж бас л цагаан хэл үерийн ус шиг хэсэг давалгаалав. Хавар нь Энхтуяа хайр руугаа залгажээ. - Би Хунт нуур бүжгийн нутгийн олны хэсэгт тоглох боллоо. Надад хунгийн хэрэг болоод байна. Миний хайр олж өгч чадах уу гэжээ. Харзтайн нууранд хоёр хун ирснийг харсан байлаа. Хун алах их нүгэлтэй юм гэдгийг Эрхэм хар бага насандаа өвгөдөөс сонссон байв. Гэвч хайртынхаа төлөө Эрхэм юу ч хийхээс буцахгүй байв. Эцэг, эх хоёроосоо тас нуув. Нэг шөнө хэдэн сумтай калибраа Харзтайн нуурын зэгсэнд нууж амжив. Хоёр өдрийн дараа үүрээр хунгаа отож зэгсэн биеэ далдлав. Хоёр хун сайран дээр өд сөдөө засан гоёмсоглон үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Эрхэм бас ч тийм тэнэг эр биш байв. Охин хунгийг нь үлдээе. Хойтон үр төлтэй болж үржинэ гэж таамаглав. Том хунг нь буудлаа. Уран хүзүү нь ганцхан цогнойлсноо сайран дээр гулдайн унах нь үнэхээр хайран байв. Нэгэнт хийсэн нүгэлтэй үйлийг яалтай билээ. Эм хун нь цурхиран дуугарч, хэсэг эргэлдсэний дараа тэнгэрээс чулуу мэт шунгинан эр хунгийнхаа хажуугийн хатуу сайрыг чулуу мэт мөргөн уналаа. Эрхэм үнэнч хайрыг үнэнхүү үхлийн нүдээр үзээд үнэхээр балмагдлаа. Хунгаас өөр амьтан бол нэг сумаар хоёр туулай гэж хэлэх байв. Сарын дараа Энхтуяа болон гоцлол бүжигчид “Хунт нуур” бүжгэн жүжигчид тэргүүн байр эзлэсэн тухай телевизийн бүх сувгуудаар цацагдаж, Энхтуяагийн баяр баясгалан гийсэн царай дэлгэц дүүрэн мэдээтэй гарав. Сумынхан нь Эрхэмд баяр хүргэж, онгироо хөөрүү зарим нь Эрхэм нь түрүүлчихсэн юм шиг үнсч үлгэн, найз нь архи барьж гүйцгээв. Эрхэм Хараа голоос ус авахаар ирлээ. Дөчин бидоноор хутгаад татах гэтэл дийлсэнгүй. Харин савтай усандаа татагдан ус руу уналаа. Бидон дүүрэн устай Эрхэмийг Хараа гол ханзарч буй мөсөн доогуураа хаман одлоо. Нус, нулимс, будагтайгаа холилдсон Энхтуяа мэргэн хүнээс, - Хунгийн хараал гэсэн хоёрхон үгийг сонсчээ.  

Хуудаснууд

Subscribe to Далд ертөнц