logo

logo.jpg

Advertisement

Далд ертөнц

​Үйлийн үр ба зургаан ертөнц

Зургаан ертөнц Бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу. Ингэж олон төрлийг дамжихдаа урьд өөрийн хийсэн үйл, нисваанисын шүтэн барилдлагаараа зургаан зүйлтэй эх, үр, садан, дайсан, нөхөр болон ээлжилж, үүнийгээ үйл түйтгэрээсээ болоод дараагийн төрлөө авахад өмнөх төрөлдөө ямар зовлон эдэлж, хэнтэй садагнаж байснаа санахгүйгээр дахин муу, сайн үйлээ ээлжилж үйлдсээр байдаг хэмээдэг тул энэ орчлонгийн зургаан зүйлийн эргүүлгээс гэтлэн гарах нь бид жинхэнэ амар амгаланг олох цорын ганц зам болох юмсанжээ. Тэгвэл энэ орчлон хорвоо, эргэн эргэн төрж байдаг зургаан зүйлийн амьтан гэж юу болох талаар сударт юу гэж дурдсан байдагийг тайлбарлая: Тэнгэрийн орон Хүслийн таван эрдмийг төгс эдэлж амьдардгаар нь Хүсэлт орон буюу Амармаг тэнгэрийн орон хэмээсэн. Үүнд Дөрвөн их хааны язгуур, Гучин гурван тэнгэрийн орон, Тэмцлээс хагацсан тэнгэрийн орон, Төгс баясгалант тэнгэрийн орон, Хувилгасанд баясагч тэнгэрийн орон, Бусдын хувилгасанд баясагч тэнгэрийн орон хэмээх зургаан орон багтана. Хүсэлт тэнгэрийнхэнд өлсөх, ундаасах байх бөгөөд үнэр хийгээд рашаанаар амьдарна. Царайны өнгө нь хөх, шар, цагаан, улаан болоод галбарваасан модноос гарах төгс эдлэлийг эдлэх хэмээсэн. Эд байгаад үр байдаггүй нь Хүсэлт тэнгэрүүд бөгөөд үрээс бусдад шунах хийгээд хаан, боолын ялгавар ч буй. Хүсэлт тэнгэрийнхэн хувилж төрөх хийгээд хүсэл эдлэх цагт дусал гарахгүй, хий гүйнэ. Гучин гурван тэнгэрийн орноос дээш нар, сар байхгүй боловч өдөр, шөнийн томьёо байдаг бөгөөд цагийн эрхээр цэцгийн дэлбээ хумигдах, шувууд өгүүлэл гаргах, нойр хүрэх үеийг шөнө хэмээх ба түүнээс солигдвол өдөр хэмээнэ. Гийгүүлж үйлдэх нь өөрийн биеийн гэрлээр болох болой. Ер тэнгэрүүд хүслийн эрдмийг төгс эдлэх амгалангаасаа үхэн егүүтэхийн цагт үхлийн таван ёрыг үзвээс зовлонг асар эдлэх буй. Үхлийн таван ёр нь: – Биеийн өнгө гоо бус болох – Дэвсгэртээ үл баясах – Цэцгийн эрихнүүд нь хуучрах – Хувцсанд хир тогтох – Биеэс урьд үгүй хөлс гарах эдгээр болой. Ийн егүүтэхийн цагт буяны үлдэгдэл үгүй болвоос гурван муу заяанд эрх үгүй унах болой. Мөн асури лугаа тэмцэлдэх үест алагдах, таслагдах зовлонг амсах бөгөөд тэргүүн огтлогдвоос үхэн, үлдсэн гишүүн нь таслагдваас дахин төлжин ургах болой. Агуу хүчин төгссөн тэнгэрүүд хямралдваас хүчин буурай тэнгэрийн хөвгүүд өөрийн орноос үлдэн хөөгдөх хийгээд буяны цогц агуу их төгссөн тэнгэрүүдээс буян өчүүхэн тэнгэрийн хөвгүүд айн сүрдсэнээр ихэд сэтгэл хямран үлэмж зовлонг эдлэх буй. Дүрст тэнгэрийн арван долоон орон: Хүсэлт тэнгэрээс дээш Эсэруагийн язгуураас Доор үгүй Агнистын орон хүртэлх арван долоон орны тэнгэрүүд нь хүсэл тачаалаас хагацсан боловч дүрсэнд тачаахаас хагацаагүй болохоор Дүрст буюу Өнгөт тэнгэрийн орон хэмээн өгүүлсэн. Дүрст тэнгэрийн орныхон нь дияан хийгээд хуран мэдэл үгүй дияанаар өнө удаан амирлан орших амгаланг олж мэдэрсэн ч машид амирлах хутагтын амгалан, үлэмж үзэхийг олоогүй болохоор дияанд ашдын амгаланг олоогүй болой. Энэ тэнгэрийн орныхон хувцастайгаа төрдөг бөгөөд өөрийн биеийн хэмжээнээс хоёр дахин том хувцас өмсөнө хэмээн номлосон. Дүрст тэнгэрийн оронд өдөр, шөнө байхгүй болохоор тэдгээрийн биеийн хэмжээ хэдэн бээр буй тэр хэмжээний галаваар хэмжигдэх насыг насална. Дүрсгүй тэнгэрийн орон: Урьд төрөл алинаас насан юүлж, энд төрөл аваад нэрийн суурь цогц төдий бүтсэнээр өнгө, хэлбэр тэргүүтэн бие үгүй, заах орон үгүй боловч тогтоон барих сэтгэлийн ялгавраар дөрвөн оронд оршихоор номлосон. Дүрс үгүй тэнгэрийн орны тэнгэрүүдэд зовлонгийн зовлон үгүй боловч самадигийн амгалангийн чанарт галавт хэлбэрэлт үгүй оршсон тэд магад машид гэтэлсэн бус тул түүнээс дахин унана. Муу заяаны зовлонгийн давалгаанаас давсан мэт боловч өнө үл оршин, хуран үйлдсэн нь огоот урвах хэмээхийн зовлонгоор хөнөөгдмүй хэмээсэн. Дүрс үгүй тэнгэрийн орныхон биет бус тул биеийн хэмжээ байхгүй. Түүний хувилсан дүрс ч заалт мэтээр бол цаглашгүй болой. Нас нь 20-80 мянган галав байна. АСУРИЙН ОРОН Асури нарын орон нь Сүмбэр уулын усны төвшнөөс доошхи хөндийд оршино. Тэр нь Сүмбэр уулын усны төвшнөөс доош 84000 бээр байхаас 11000 бээрийн хэмжээнд хөндий хоосон дөрвөн сууринд асурийн дөрвөн орон оршино. Асури нар хэдий тэнгэр мөн боловч башир хуурмаг ихтэй болоод тэнгэрийн эрдмийг үнэхээр авч оршдоггүй тул “тэнгэр бус” буюу “асури” хэмээн нэрлэсэн. Асуриуд тэнгэрийн цог учралд үл тэсэхийн атаагаар сэтгэл энэлэгдээд тэнгэр лүгээ тэмцэлдвээс биеэ огтчуулах хийгээд хагалуулах тэргүүтэн зовлон олныг амсах ба тэдгээрт билэг төгсөвч тийн боловсролын түйтгэрт мөн тул үнэнийг үзэж чадахгүй хэмээн номлосон. Тэнгэр, асури нар харилцан тэмцэлдэх үест толгой хийгээд бэлхүүс нь тасарваас үхэх ба үе гишүүн хийгээд хуруу сарвуу нь тасарваас дахин төлжин ургана. Асури тэдгээрийн биеийн хэмжээ нь хагас гөрөш, насны хэмжээ нь Гучин гурван тэнгэр нарын орныхтой адил буюу 36 сая жил хэмээсэн. ХҮМҮҮНИЙ ОРОН Тив бүхэн өөрийн хойд талыг Сүмбэр уул хэмээн үзэх бөгөөд энэ нь наран ургахын эрхийн дагуу юм. Сүмбэр уулыг тойрсон тивүүдийн хэлбэр ямар байна, түүнд орших хүмүүсийн нүүрний хэлбэр тэр лүгээ адил, дөрвөн тивийн дагуул бага тивийн хэлбэр нь гол тив лүгээ адил, хэмжээ нь гол тивийн хагас лугаа адил хэмээн номлосон. Тив эдгээр бүгд үндсэн алтан дэлхийд шүтсэн Хүмүүний орон болно. Эдгээр бүгдийн гадуур эргэн тойронд нь төмрийн чанарт уулс тогтсон бөгөөд долоон алтан уулын гаднах уул болон төмөр уулны хооронд давст усаар дүүрсэн Гадаад их далай хэмээгч оршино. Дөрвөн тив, бага найман тив хийгээд Сүмбэр уул, нар, сар, алтан уулс хийгээд далайнууд, ойр орчмын төмөр хүрээ уул, хүсэлт орны зургаан тэнгэрүүд эдгээрийг дөрвөн тивт ертөнцийн орон хэмээнэ. Замбуутив: Сүмбэр уулын урд зүгт гадаад далайн дунд оршино. Хэлбэр нь тэрэг буюу дал мэт, хэмжээ нь гурван талдаа хоёр, хоёр мянган бээр, бага талдаа гурван бээр хагас, эргэн тойрон 6003.5 бээр. Эргэн тойрон усаар хүрээлэгдэж, өөрийн мөн чанар нь хуурай газар оршдогоор нь ийнхүү нэрлэсэн гэх ч замбу бригча модны нэрээр нэрлэсэн гэх нь ч бий. Энэ тивийн баруунд Гөвүүр, зүүнд Өөр гөвүүр хэмээх хоёр бага тив буй. Хүмүүсийн зарим нь маш ядуу, өвчин олон, нас богино байх ба зарим нь дүр сайхан, их баялаг, нас урт байх, зарим нь ямагт нүглийн үйлийг үйлдэн хүчир их муу үйлийг хураана. Зарим нь орчлонгоос уйсан бусад амьтдыг асрах, энэрэх буяны сэтгэл хүчтэй төрөх тэргүүтэн буян, нүгэл хоёрын аль нэгний үүднээс элдэв үйлийг хурааж чаддаг. Иймээс замбуутив үүний хүмүүс үйлээс төрдөг үйлийн газарт алдаршсан. Мөн гурван санваар гурвуулаа төрдөг, орчлонгийн хотол чуулган бүгдийг бүтээн чаддаг хийгээд тус тус ялган онох билэг хийгээд орчлонгоос уйсах бодь сэтгэл түргэн төрдөг ба буян нүглийн үйлийн үрийг үзэх, номонд боловсорч чаддаг онцлогтой. Товчилвоос, ахуй үйл хийгээд эцсийн тус бүгдийг шүтээнгүйгээр бүтээж чаддаг тул болой. Бусад гурван тивд энэ мэт бус болно. Ер замбуутивийн хүмүүн нүгүүд төрөх, өтлөх, өвдөх тэргүүтэн найман зовлонгоор нэрвэгддэг. Замбуутивийн хүний насны хэмжээ нь магадлалгүй бөгөөд ерөнхийдөө анх нас цаглашгүй байснаас эцэстээ арван насны хэмжээнд хүрнэ хэмээсэн. Одоо 60-50 насны үедээ буй бөгөөд завсартаа арвижих, хомсдох нь ч олон байна. Зуун нас төгс хүмүүсийн биеийн хэмжээний том нь өөрийн тохойгоор дөрвөн тохой, бага нь гурван тохой хагас болой. Замбуутивийн баруун, зүүнд энэ гол тивийн дагуул болох Гөвүүрт, Өөр гөвүүрт бага тивүүд оршино. Бага тивийн хэлбэр нь гол тивтэйгээ адил дал мэт, хэмжээ нь гол тивийн хагастай адил байна. Хүмүүсийн биеийн хэмжээ нь гол тивийн хүмүүсийн биеийн хагас төдий хэмээсэн хийгээд энэ тив нь үндсэн алтан дэлхийд шүтсэн хүний орон мөн. Хүмүүсийн эдлэх, хэрэглэх, зовлон жаргал бүгд Замбуу тивийн хүмүүн лүгээ адил болой. Үлэмж биетийн тив: Сүмбэр уулын зүүнд энэ тив орших ба түүний хэлбэр нь тал саран мэт, хавтгай тал нь Сүмбэр уулыг харж байрлах бөгөөд хэмжээ нь гурван талдаа хоёр, хоёр мянган бээр, бага тал нь 350 бээр, эргэн тойрон 6350 бээр буй. Тив түүнд төрсөн хүмүүсийн бие бусдаас их том тул Үлэмж биет хэмээсэн. Үлэмж биет тивийн баруунд биет, зүүнд Их биет хэмээх хоёр бага тив буй. Энэ тивийн төгс эдлэл цаглашгүй бөгөөд хүмүүс нь сайхан дүрстэй, насан урт, ихэд баялаг амьдарна. Тэдгээрт сахил төрөх төдий байвч авч орхихыг ялган онох билгүүн муу тул орчлонгоос уйсах ба бодь сэтгэл хүчтэй, хатуу төрөх тэргүүтэн дээдийн зам нугууд сэтгэлд нь төрөхөд бэрх болой. Арвай будаа, мах, гурил бүгдийг эдлэх хийгээд эд таваарын арилжааг үйлдэн, тухайлан үйлдсэн өмчийг эзэмшин элдэв үйл, эд бүхэнд шунах ч буй. Мөн сэтгэл хямрах болоод бэр өгч авах, хаан, харцын ялгавартай. Бие нь өлсч ундаасах, халж хөрөхийн зовлонтой хийгээд өвөл, зун, хавар, намрын улирал ээлжлэх болой. Биеийн хэмжээ нь зуун нас төгс Замбуутивийн хүмүүсийн тохойгоор найман тохой буй. Харин өөрсдийн тохойгоор гурван тохой хагас бөгөөд бага тивийн хүмүүсийн биеийн хэмжээ нь тэдгээрийн биеийн хагас, хагас лугаа хэмээсэн. Насны хэмжээ 250 жил байна. Үхэр эдлэгч тив: Сүмбэр уулын баруунд орших бөгөөд хэлбэр нь дугариг бөгөөд эргэн тойрны хэмжээ нь долоон мянган бээр хагас буй. Түүний хөндлөнгийн хэмжээ хоёр мянган бээр хагас байна. Тив түүнд голлон үхэр хийгээд их эрдэнийг төгс эдэлдэг тул Үхэр эдлэгч хэмээн нэрлэсэн. Баруун болон зүүнд нь тус тус Төгс хөдөлгөөнт, Дээд замд одогч бага тивүүд оршино. Энэ тивийнхэн төгс эдлэл элбэг болоод хүмүүс нь сайхан дүрст, насан урт, баялаг ихээр амьдарна. Тэдгээрт сахил төрөх төдий боловч ялгаж салгах билгийн хүч бага болохоор орчлонгоос хүчтэй уйсах ба бодь сэтгэл ч хүчтэй хатуу төрөх нь бэрх. Мөн дээдийн замууд ч сэтгэлд нь төрөхөд бэрх байна. Арвай буудай, гурил, мах, боорцог идэх хийгээд ган, зуд, айх хийгээд амрах сэтгэл ээлжлэх, эд хийгээд эрдэнэсийн худалдаа наймаа ч үйлдэх бөгөөд тухайлан үйлдсэн ба эс үйлдсэн өмч, сууц бүгд буй. Бэр авах, өгөх хийгээд өвөл, хавар, зун, намрын улирал ээлжлэх хийгээд хаан, харц, боолын ялгавартай, эцэг эхээс үр тариа хүртэл бүхэнд шунах болой. Биеийн хэмжээ нь зуун нас төгс Замбуутивийн хүмүүний тохойгоор арван зургаан тохой буй. Харин өөрсдийн тохойгоор гурван тохой хагас төдий хэмжээтэй хэмээсэн. Насны хэмжээ 500 жил байна. Яруу бус дуут тив: Сүмбэр уулын хойд зүгт орших ба хэлбэр нь дөрвөлжин, хэмжээ нь тал бүртээ хоёр, хоёр мянган бээр, эргэн тойрондоо нийлээд 8000 бээр тэгш оршино. Тэнд төрсөн амьтан тэдгээрийг үхэхээс долоо хоногийн өмнө “Чи үхнэ” хэмээх муухай дуу огторгуйгаас сонсогдох вишази хэмээх чөтгөрийн хэлээр өгүүлдэг тул Яруу бус дуут хэмээн нэрлэгдсэн. Баруун, зүүнд тус тус Муухай дуут, Муухай дуутын нөхөр хэмээх бага тивүүд оршино. Энэ тивийнхэн төгс эдлэл хийгээд дүрс нь тэнгэр лүгээ адил бөгөөд харилцан хямрал тэмцэлгүй, нүгэл, буян алиныг нь ч эдэлдэггүй болохоор үхээд дээшээ одох тэргүүтэн буяны үрийг мөн чанараар эдлэх боловч шүтээн бие түүнд орчлонгоос уйсах бэлгэ чанар төрдөггүй тул хутагтын мөрийг шинээр олохгүй бөгөөд буяны ёсны сахил ч төрөхгүй болой. Хүмүүсийн царайны өнгө нь бүгд цагаан хийгээд зөвхөн үр, будаа иднэ. Ган, зуд үгүй ба амгалан хийгээд айх сэтгэл ээлжлэх нь үгүй, эд хийгээд үр тариа, алт мөнгөний худалдаа ч үгүй бөгөөд тухайлж үйлдсэн өмч байхгүй болой. Мөн бэр авч, өгөх нь байхгүй, халж, хөрөхийн зовлон үгүй, хаан, боол, харцын ялгавар ч байхгүй. Энэ тивийнхэн бүхэнд шунах нь үгүй бөгөөд үр будаа байгаад эд байдаггүй болой. Биеийн хэмжээ нь зуун нас төгс Замбуутивийн хүмүүний тохойгоор гучин хоёр тохой буй. Харин өөрсдийн тохойгоор гурван тохой хагас болой. Бага тивийн хүмүүсийн биеийн хэмжээ нь гол тивийн хүмүүсийн биеийн хагас, хагас төгс хэмээсэн. Насны хэмжээ 1000 жил байна. АДГУУСНЫ ОРОН Адгуусанд өгүүлж баршгүй олон зүйл язгуур байх боловч тархмал хийгээд живэнги орших хоёр язгуурт хураан ангилна. Тархмал язгуур нь хүний болон хүсэлт тэнгэрийн оронд ч байна, живэнги орших нь их зонхи гадаад их далайд орших бөгөөд түүний хав харанхуй ёроол хязгаарт ч цогцлон овоорсон мэт оршмуй. Их хүчит адгууснууд өчүүхнээ барьж идэх, тэнгэр, хүмүүний эдлэлд хэрэглэгдэх тэргүүтэн өөрийн эрх үгүй, бусдын эрхэнд баригдсанаар алагдах, занчуулах ба хорлогдон зовно. Бас бус харанхуй орон хийгээд усанд төрөөд тэндээ өтөлж, үхэх хийгээд хүнд үүргээр зүдрэх, тариаланд эдлэгдэх, үс ноосоо хяргуулах, туугдах ба алагдах ёс адил үгүй олон зүйлээр нэрвэгдэх буй. Маш өлсөх, ундаасах, даарахаар нэрвэгдэх, гөрөөчин тэргүүтэнд элдэв үүднээс хөнөөгдсөнөөр тэдгээрт цаг үргэлжид аюул ер тасрахгүй болой. Адгуусны насны хэмжээний урт нь нэгэн завсрын галавт насалж чадах бөгөөд насны ахарт магадлал үгүй. Маш богино нь нэгэн түр хормын насны хэмжээтэй ч байх. Адгуусны хамгийн бага хэмжээ нь үсний үзүүрийг тав хуваасны нэгэн хувь төдий хэмжээтэй ч буй. Ихийн хэмжээнд загас залгигч матар мэт нь 2700 бээр хэмжээтэй ч байх. Мөн лусын хаан Баясгалант хийгээд Шадар баясагч хоёр бээр Сүмбэр уулыг гурав дахин ороож, биеэ дэвсгэрээсээ үл хөдөлгөсөн ч цээж нь Сүмбэр уулын оройд хүрэх хэмээн номлосон. Эдгээр адгуусанд өндөгнөөс төрөх, умайгаас төрөх, илч, чийгнээс төрөх, хувилж төрөх зэрэг дөрвөн төрөл буй. БИРДИЙН ОРОН Замбуутивийн доор таван зуун бээр хэтэрвээс бирдийн Цайвар шар хэмээх балгад буй. Тэр хааны харшид нүглийн үйлээр хаягдаж, төгсгөл нь буяны үйлээр төгссөн тэнгэрийн цог учрал лугаа тэнцэх төгс эдлэл бүрдсэн бөгөөд буян, нүглийн авах, гээхийг ном ёсоор үзүүлдэг Эрлэг номун хаан хэмээгч заларна. Түүний нөхөрт бирдийн гучин зургаан язгуур буй. Ер хармыг дийлэнх шүтсэнүүд бирдэд төрөх бөгөөд тэдгээрүүд үргэлжийн өлсөх ба ундаасах, мах, арьс, цус нь хатан хатингартаж, түлэнхий хожуул мэт болоод, нүүр нь үсээр бүрхэгдэн, ам нь маш ангаснаар үргэлжид зовно. Бирд үүнд анхдугаарт, идэх уух нь дотроосоо шалтгаалан зовох, хоёрдугаарт, идэх уух нь гаднаасаа шалтгаалан зовох, гуравдугаарт, идээ ундаанаас шалтгаалан зовох үндсэн гурван зовлон байна. Бирдүүд ус, булаг хийгээд далай, цөөрөм хараад гүйн очихуйд тэнд илд, жад барьсан амьтад гэдрэг нь үлдэн хөөх хийгээд ус тэдгээр нь идээ бээр, цусанд үзэгдээд ууж, эдэлж үл чадна. Бирдийн ам нь зүүний сүвэгч төдий, гал бадарсан, сүвээ гэдэс нь үлэмж уул мэт том тул их далайн усыг уувч хоолойн мухар уужим болоод, амны халуун хороор уусан дусал хатаж үйлдэнэ. Ийн тэдгээр идээ, ундыг саадгүй олсон ч өөрөөс шалтгаалан идэж, ууж үл чадна. Галын илчин амнаас нь бадарснаар идсэн уусан бүгдийг шатааж орхино. Мөн өтгөн, шингэн элдэв ялгадас, илжирсэн ялзарсан өмхий үнэрт бузар зүйлийг идэж уух хийгээд зарим нэг нь өөрийнхөө махыг ч тасдан иднэ. Ариун болон сайн идээ ундааг хэзээ ч эдэлж үл чадна. Тархмал бирдүүдийн орон нь магадлал үгүй бөгөөд тэнгэр, хүмүүний оронд ч байна. Бирдүүдийн насны хэмжээ нь хүмүүний нэгэн сарыг нэг хоногт тооцсоноор өөрийн жилээр таван зуу насалж чадна. Заримууд нь таван мянга хийгээд түм насалад үл үхэх ч буй. Биеийн хэмжээ нь нүглийн эрхээр их, бага элдэв боловч бирдийн бага нь нэг төө, томыг нь мянган бээр хэмээсэн. Эдгээр бирдүүд умайнаас төрөх хийгээд хувилж төрөх үйлтэн болой. ТАМЫН ОРОН Халуун там: Замбуу тивийн доор 20000 бээр өнгөрвөөс Амлашгүй их тамын дээд босго байна. Орон түүний хэмжээ зүг бүхэндээ 20000 бээрийн дөрвөлжин болой. Түүний доод суурь нь тэндээс дөрвөн түмэн бээр бөгөөд түүний дээр Маш халуун там, Халуун там, Их уйлан дуудагч, Уйлан дуудагч, Хураан дарагч, Хар шугамт, Дахин сэргэгч тамууд дээр дээрээсээ давхарлан оршино. Эдгээр найман халуун там бүхэнд ойр орчмын арван зургаан тамын орон буй. Тамд төрсөн амьтад маш тэсэшгүй зовлонг зуун голти жил эдэлж нүглийн үйлээ барагдахыг хүртэл амь лугаа үл хагацна хэмээсэн. Тэр ч хүмүүний 50 жилийг Дөрвөн их хааны 1 хоног, түүний 30 хоногийг 1 сар, 12-ыг нь нэг жилд тооцсоноор дөрвөн Их хааны насны хэмжээ нь 500 жил болно. Тэр 500 жилийг нэг хоног, тэр хоногийн гучийг нэг сар, 12 сарыг нэг жилд тооцсоноор 500 жил нь Дахин сэргэгч тамын насны хэмжээ болно. Түүнчлэн хүмүүний 100 жил болон 200, 400, 800, 1600 жилүүд нь зэргэмжлэн Гучин гурван тэнгэрийн орноос Бусдын хувилгасанд эрхээр болгогч тэнгэрийн орныг хүртэл тэдгээр орны нэг хоногийн хэмжээ болно. Энэ мэтчилэн тэнгэрийн 1000 жил, 2000, 4000, 8000, 16000 мянган жилүүд нь зэргэмжлэн Хар шугамт тамаас Халуун тамыг хүртэл эдгээр тамын орны нэг хоногийн хэмжээ болно. Энэ хоногийн хэмжээгээр тооцон эдгээр тамын амьтад өөрийн жил үүгээр 1000-16000 хүртэл жил насалж чадах буй. Маш халуун тамын амьтад завсрын галвын хагас хийгээд Амлашгүй тамын амьтад завсрын нэг галав насалж чадна. Ер тамын амьтдын биеийн хэмжээнд магадлал үгүй бөгөөд хилэнц нүглийн үйлийг хэр хүчтэй үйлдэж хурааснаар түүний бие нь нэн их хэмээн хураасан нүглийн их, багаар бие нь том, жижиг байхаар номлосон. Ойр орчмын там: Тэдгээр найман там бүрт дөрвөн хаалгатай төмөр хүрээ хэрэм тус бүр бий. Тэдгээрийн гадуур мөн дөрвөн хаалгатай төмөр хүрээ хэрэм буй. Тэр хаалга бүрт амьтны үлэмж там буюу ойр орчмын дөрөв, дөрвөн тамын орон буй бөгөөд эдгээр нь Галт нурман гуут там, Өмхий балчиг буюу баасны балчиг, хүүр мэт үнэрт там, Тонгоргон замт там, Олом үгүй цусан мөрөн нэрт тамууд юм. Галт нурман гуут там нь өвдөг далдрах төдий галт нурман гуу буй бөгөөд тамын амьтад тэд орон эрж одохдоо түүнээ гишгэхүй үед арьс хийгээд мах, цус бүгдийг нурам болгон сүйтгээд өргөхийн цагт тэдгээр дахин төлжин ургах болой. Өмхий балчиг буюу баасны балчиг, хүүр мэт үнэрт там нь өмнөх тамтай залган орших бөгөөд орон эрэгч амьтад бээр гатлахуй үед түүнд унаж толгой далдран живнэ. Тэр балчигт орших хурц, урт хошуут өт хорхойнууд тэдгээрийн арьс, мах, шөрмөс, яс, чөмгөнд тултал нүхлэн уудлаж идэн үйлдэнэ. Тонгоргон замт там нь өмхий балчигт тамыг залгаад зүйл бүрийн хутганы ир зэрэглэсэн зам буй. Орныг эрэгч амьтад түүнээ одоод хөлөө тавихад арьс, махыг нь тасдаад, өргөвөөс дахин төлжих болой. Үүн лүгээ залгаад илдэн навчит ширэнгэн ой буй бөгөөд түүнд одвоос сүлбэгдэн хөл, гар тэргүүтэн үе гишүүн нь хэрчигдэн тасарваас сахлаг ноход ирж иднэ. Түүн лүгээ залгаад төмрийн ширэнгэн ой орших бөгөөд түүнээ одохын цагт модноо тэвдүүлэн мацуулна. Мацахын цагт өргөсний үзүүр дорогш хатгаад, буухын цагт дээш хандаж үе гишүүнүүд сүлбэгдэн хэрчигдэнэ. Тэр цагт төмөр хошуут хэрээ ирж эгэм ба толгой дээр нь суун нүдний цөцгийг нь ухан идэх болой. Эдгээр нь мэсийн хорлол тул нэгд үйлдмүй. Олом үгүй цусан мөрөн нэрт там нь төмөр ширэнгэн ой лугаа залгаад олом үгүй буцлам шүүт усаар дүүрсэн цусан мөрөн орших бөгөөд орныг эрэгч амьтад түүнээ одож, мөрөнд унаснаар дээш, доош одоод чанагдах нь галан бадарч усаар дүүрсэн тогоонд буурцаг чанах мэт болой. Цусан мөрөн түүний хоёр захад гартаа бэрээ, гох, тор барьсан тамын сахиулаад сууж гадагш үл гаргах хийгээд гох ба тороор гадагш гаргаж, гал бадарсан их сууринд гэдрэг унаган, “Юу хүсмүй?” хэмээн асуух буй. Тэдгээр нь “Би бээр юу ч үл мэдэх, юу ч эс үзэх, тийн атал өлсмүй, ундаасмуй” хэмээхүйд гал бадарсан төмөр моголцгийг аманд нь гудрах бөгөөд буцлам ширмийг ч аманд нь цутгана. Энэ тамын насны хэмжээ магадлалгүй боловч тэдгээр амьтдын зовлонг амсах үйлийн хүч барагдах хүртэл энэ тамд зовлон амсах буй. Хүйтэн там: Замбуутивийн доор халуун тамын харалдаа нэгэн түмэн бээрийн чанад дахь мөсөн хонгилд хүйтэн там оршино. Түүнээс 32000 бээрийн доор цэврүүт там буй бөгөөд бусад долоо нь түүнээс хоёр, хоёр мянган бээрээр зааглагдан оршино. Хүйтэн там үүнд хүйтэн нь үлгэрлэж болшгүй ясанд шингэснээр тэнд төрсөн тамын амьтдын биеийг тачигнатал чичрүүлэн, үлэмж хүйтнээр энэлүүлэхүйд тэд хамаг биеэ хумин эвхэрч, усан цэврүү суун, тэр цэврүү зуу болон түүнээс дээш үлэмж хагарахуйд амьтад тэр цэврүүг идэх бөгөөд бөгснөөс нь цус, шар ус, тос, чөмөг сэлт савирч ихэд зүдэн ядарч, шүд нь тачигнан, үс нь сэрвэгнэж үлэмж хүйтнээр энэлэн уйлан дуудах болно. Хүйтэн тамын насны хэмжээ нь Магадагийн гүнцдийн наян зоорийг гүнцдээр дүүргээд, тэндээс зуун жил болгон нижгээд нижгээд гүнцэд гаргаснаар тэдгээр гүнцдийг хоцроолгүй барснаас цэврүүт тамын насан асар урт хэмээсэн. Бусад доорд тамуудын нас нь урьд урьдаас хорин хувь илүү хэмээн номлосон. Хэсэг бусаг там: Энэ орон нь халуун, хүйтэн там тэдгээрийн ойр орчим хийгээд хүмүүний орны муу гаслант хоосон тал, их далайн захуудаар орших буй. Энэ тамд насны хэмжээ магадлалгүй боловч тэдгээр амьтдын зовлонг амсах үйлийн хүч барагдах хүртэл уг тамд гэсгээгдэх буй. Эдгээр тамын амьтад бүгд зөвхөн хувилж төрөх болой” хэмээсэн ба мөн: Энэ ертөнцийг янагуух дор бодвол элдэв зүйл амьтдын санааны эрхээр ертөнцийн оронд хэмжээ элдэв зүйл буй. Үнэмлэхүйд бодвол ертөнцийн оронд хэмжээ үгүй бөгөөд амьтны буян хийгээд хилэнцийн үйлийн эрхээр болох буй. Ертөнцийн орон эдгээрийг сэтгэлээр тийн шинжилбэл үйл нүгүүд далай мэт санаанд багташгүй. Нэгэн үсний үзүүрт ч санаанд үл багтах орон нугууд тоосчлон элдэв зүйл хэлбэртэй оршино хэмээсэн. Илбэчин бээр тарниар элдэв зүйл үзүүлэх мэт амьтны үйл нүгүүдээр сэтгэшгүй орон нугууд гарна. Тэр мэт зургийн дүрс нүгүүдийг зураачин үйлээр зурах мэт ертөнцийн орон нугууд эдгээр бүгд сэтгэлийн үйлээр зурсан зураг мөн. Зүүдэнд үзэгдэх элдэв зүйл үзэгдэл үнэн хийгээд худал хоёулаа мөн мэт орчлонгоос хэтэрсэн үзэгдэл элдэв зүйл бүгд үнэн хийгээд худлаас ангижирсан хэмээн мэдэж үйлд. Нүглийн үйл хураасны сэтгэлийн нүүрэнд муу заяаны орон ургана. Буяны үйл хураасны нүүрэнд сайн заяат орон хийгээд төгс эдлэл ургаж үзэгдэх бөгөөд түүгээр үл барам билгийн чанадад хүрсэн үнэхээр эцсийн үе дэх арилсан машид хэтэрсэн тэр ч өөр өөрийн буянаар бүтнэ.” хэмээжээ.    

​К.Раел харь гаригийнхны захиасыг дамжуулагч

Дэлхийн Раелийн хөдөлгөөний тэргүүн, Францын иргэн К.Раел харь гаригийнхан буюу Элохимтай 1970-аад онд уулзсан нэгэн. Уулзсанаар зогсохгүй тэр гаригт зочилж өнгөрсөн үеийн суут хүмүүсийг харжээ. Элохимын захиасыг дэлхийнхэнд хүргэх зорилгоор тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл яваа юм байна. Тиймээс Раелийн хөдөлгөөнийг улс бүрт өрнүүлээд байгаа аж. Мөн харь гаригийнхны захиасыг үг бүрчлэн буулгаж ном болгон гаргажээ. Раелийн хөдөлгөөний тэргүүн Монголд анх ирсэн үеийнх нь сэтгэгдэл ярилцлагыг Я.Мөнгөнцэцэгийн бичсэнээр толилуулж байна. 1. Харь гаригийнхны захиасыг дамжуулагч  “Би Монголд анх удаа ирж байна. Манай Раелийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж байгаа орон бол Япон. Гэхдээ энэ хөдөлгөөн Монголд санасныг бодоход сайн өрнөж байна. Дөрвөн жилийн өмнө үүссэн гэхэд одоо 500 гаруй гишүүнтэй болжээ. Миний бичсэн “Харь гаригийнхны захиас” ч хүмүүст их хүрсэн бололтой. Энэ нь буддын шашны сургаалтай тун ойролцоо учраас монголчуудад ойр байсан байх. Харь гаригийнхны захиас бол хүн төрөлхтнийг аврах зорилгоор өгсөн захиас юм. Олон жилийн өмнө дэлхийд дайн болоход тийм ч аюултай байгаагүй. Харин одоо цөмийн зэвсгийн дайн болж дэлхий сүйрэх дээрээ тулна. Дэлхийг аврах нэг л арга бий. Тэр нь энх тайвныг бий болгох. Дэлхийн хүн төрөлхтөн нэг л гариг дээр амьдарч байгаа учраас улс үндэстэн гэж ялгарч, хил хязгаар тогтоох хэрэггүй. Үүнийг 1973 онд харь гаригийнхан захиж, хүн төрөлхтний гарал үүслийг тайлбарласан юм. Хүнийг бурхан бүтээгээгүй. Дарвины эволюцийн онолоор сармагчингаас ч үүсээгүй. Элохим дэлхий дээрх амьдралыг бүтээсэн. Тэр генийн шинжлэх ухааныг 25 мянган жилийн өмнө нээж бидэн шиг хүнийг бүтээсэн юм. Шинжлэх ухааны аргаар тусгай лабораторид бий болгосон үйл ажиллагааны үр дүнд бид үүссэн юм. Элохим өөрийн үр садаа аюулаас аврахаар захиасаа надад үлдээсэн нь энэ. Элохим гэдэг чинь тэнгэрээс ирсэн хүмүүс гэсэн утгатай үг. Хүмүүс цөмийн зэвсэг, цэрэг дайнд зарцуулаад байгаа мөнгөө энх тайвныг бий болгоход л зориулчихвал болно.  Одоо Элохимын Засгийн газрыг дэлхийд байгуулахаар бид явж байна. Харь гаригийнхныг харсан хүн Монголд олон байдгийг би сонсч байлаа” хэмээн яриагаа өндөрлөж сэтгүүлчдээс асуулт хүссэн юм. Түүнээс дараахь асуултуудад хариулт авлаа. - Та ярьж байгаа зүйлээрээ дамжуулан ямар нэгэн шашныг сурталчлаад байгаа юм биш үү? – Дэлхий дээр байгаа шашны бүх урсгалыг Элохим нааш нь илгээсэн. Христийн Моза, Аллахын Мухаммед, Будда, Есүс бүгд түүний элч. Ер нь тэрээр дэлхий рүү  40 гаруй элчийг илгээсэн байдаг. Тэд бүгд амьд сэрүүн Элохимын дэргэд байгаа. Хэзээ нэгэн цагт дэлхий дээр ирэх боломжтой. Элохим өөрийн захиасыг дэлхийд дамжуул гэж намайг сонгосон юм. Тиймээс би Есүстэй өөрийгөө ах дүү гэж боддог. - Тэгвэл Элохим ертөнцийн эзэн гэсэн үг үү? – Тийм ээ. Тэр ертөнцийн эзэн. - Та харь гаригийнхны үл үзэгдэх хөлгөөр тэдний гаригт очсон гэсэн. Хөлөг дотор ямархуу байдалтай байсан бэ. Мөн тэр гариг руу очиход хэдий хэрийн хугацаа шаардсан бэ? – Элохимтай анх яаж уулзсан, түүнтэй юу ярьсан, тэр гаригт хэрхэн очсон тухай “Харь гаригийнхны захиас” номд тоочсон байгаа. Элохимын тухай бодох зуур л тэнд оччихсон байдаг. Тиймээс одоогийн шинжлэх ухаанаар үүний учрыг олж чадахгүй. Чингэс хааны үед энэ эрнийхэн онгоцоор таван цагийн дотор нисээд очиход тэд ойлгохгүйтэй адилхан шүү дээ. - Харь гаригт очоод Есүс, Буддаг харсан гэсэн. Тэд ямархуу төрхтэй байх юм? – Дэлхий дээр амьдарч байхаасаа арай өөр дүр төрхтэй болсон байна лээ. Тэдний ямар царайтай байх нь гол биш. Биеэс нь ямар сайхан гэрэл цацарч байсан нь гайхалтай. - Элохимын Засгийн газрыг Монголд байгуулах боломж бий юу? – Бүрэн боломжтой. Аль ч улс зөвшөөрвөл болохгүй гэх газаргүй гэсэн хариултууд өгөөд дахин асуулт хүлээн авахаас татгалзсан юм. Дараа нь Брэгиттэ Бойзеллерээс тодруулга авав. - Клонийн аргаар анх Дооли хонийг хувилсан талаар тодруулъя? – 1997онд Дооли хонийг хувилсан л даа. Тухайн үед олон хүн үүнийг эсэргүүцэж байлаа. Тэгэхэд К.Раел “Хүн хэзээ нэгэн цагт мөнх амьдрахын эхлэл нь энэ юм гэдгийг зөвөөр ойлгоосой” хэмээн хэлж байсан юм. Гурван жилийн дараа эрдэмтдийг нэгтгэж, мөнгөтэй ч болсон учраас Клонийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Ингээд 2002 онд анх удаа үр суулгах туршилт амжилттай болсноор өнөөг хүртэл үргэлжилсээр байна. - Эхийн хэвлийд хиймлээр суулгасан үр зулбах тохиолдол бий юу? – Өндгөн эсийн гажгаас болоод зулбах тохиолдол гарна. Эсвэл хувилах гэж буй тухайн эс тохирохгүйгээс ч юм уу ийм зүйл болдог. - Нас барсан хүнээс амьд эс авч хувилсан уу? – Орост нас барсан нэг хүний яснаас амьд ДНХ олсон нэг л тохиолдол байгаа. Гэхдээ түүнийг хувилаагүй хадгалж байна. Удахгүй туршилт  хийж хувилах байх. - Ер нь нас барсан хүнээс амьд эс олдох нь ховор юм уу? – Оросоос олсон энэ хүн хөлдөж нас барсан байсан. Хөлдүү биед амьд эс байх магадлал өндөр. Саяхан бид Африкийн барнаас хувилах  аргаар хулгана гаргаж авсан. Энэ мэтээр нэг амьтнаас тэс өөр амьтан гаргаж авах боломжтой. - Хорт хавдартай эрхтнийг дахин хувилж эрүүлжүүлэх боломж хэр вэ? – Байлгүй яахав. Тухайн өвчтэй эрхтний эрүүл хэсгийг авч дахин ургуулж эмчилж болно. - Амьд хүнийг  хувилна биз? – Тухайн хүнээс эсийг нь авч боловсруулаад түүн дотроос ДНХ-г нь авч ургуулна. Түүнийг хувилахад мэдээж өндгөн эс шаардлагатай. Үүний тулд тухайн эмэгтэйд үр хөврөл тогтох боломжийг судалсны дараа болдог. Хувилсан хүн бол анхныхаа хүнтэй царай төрхөөрөө ихэр мэт адилхан боловч өссөн орчин энэ тэрээсээ шалтгаалан өөр хүн болж төлөвшинө. Өмнөх хүний биеийн хөгжлийн гажгийг  засах боломж бий. - Хувилсан хүн урт наслах уу? – Бид өтийг туршилтад оруулахад хувилсан нь жирийнхээсээ 2-3 дахин урт хугацаанд амьдарсан байдаг. Гэхдээ хүний хувьд ерөнхийдөө адилхан наслах боловч биеэ солиод байгаа гэдгээрээ удаан амьдарч байгаа шүү дээ. - Монголд үүнийг хийх боломж хэр вэ. Энэ талаар манай эрдэмтэдтэй харилцах бодол бий юу? – Энэ талын үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг танайд нээгдсэн гэж би сонссон. Тэд надтай холбоо тогтоогоод харилцах юм бол хамтарч ажиллахад бэлэн байна. Гэхдээ Монголын хуулинд Клонийн аргыг зөвшөөрсөн эсэхийг судалж байж шийднэ. 2. Дуучин, дуу зохиогч Раел 1946 оны 9 дүгээр сарын 30-нд Клауде Ворилхон нэртэйгээр Францын Вичи хэмээх газар төрсөн бөгөөд тэрээр Амбертад байдаг эмэг эх, нагац эгч хоёр дээрээ өсжээ. Яруу найраг, дуу зохиох, дуу дуулах дур сонирхолдоо автсан Раел 15 настайдаа гэрээ орхин гарч Парист очин Клауде Сэллэр хэмээх зохиомол нэрээр дуулах болжээ. Бельгийн од дуучин Жак Брелийг ихээхэн шүтэн бишрэгчийн хувьд тэрээр түүний анх уран бүтээлийн гараагаа эхлэж байсан Парисийн бүх кабарет цэнгээний газруудад, ялангуяа L Echelle de Jacob-д дуулж байв. Тэрээр Le Miel et la cannelleбуюу (Бал шанц хоёр) хэмээх дуугаараа нилээд нэрд гарч, Францын од Далидагийн хуучин нөхөр Люсиен Мориссегийн Disc AZ CEO хэмээх дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсныхаа дараа 1966-1971 оны хугацаанд 5 бичлэг хийлгэсэн байна: Sacrée sale gueule (Түүний анх 1965 онд бичүүлсэн бичлэг). Dans un verre de vin Le Miel et la cannelle (Honey and cinnamon) (1966) Madam’ Pipi (Mrs. Toilet attendant) (1966) Monsieur votre femme me trompe (Mister, your wife is cheating on me) (1966) Quand on se mariera (When we’ll get married) (1966) Mon amour Patricia (My love Patricia). (1971) Тэрээр РАЕЛ болсныхоо дараа дуулах, дуу зохиох авъяасаа чөлөөт хайр дурлал, үл хүчирхийлэл, ялгааг хайрлах хайр гэх мэт Раелийн философийн үнэт зүйлс, сургаалиудыг баяжуулахад зориулсанд бид маш их таатай байдаг. Раел нийтдээ 2000 гаруй дуу зохиогоод байгаа билээ. 3. Уралдааны машин жолоодогч Раелийн 9 настайгаас илэрсэн өөр нэг авъяас, дур сонирхол бол авто машины уралдаан юм. Шинээр гарсан бүх уралдааны машинуудад хүрч үзэх боломжтой болохын тулд тэрээр авто спортын сэтгүүлч болжээ. Тэрээр өөрийн гэсэн авто машины уралдааны тухай сэтгүүл, Auto Pop гаргасан нь Францын уралдааны машины тухай сэтгүүлүүд дотор нэг номер нь байсан бөгөөд түүнд зээлдүүлсэн машинаар өөрөө уралдаж үзэх боломжтой болсон юм. Ингээд тэр Алайн Прост зэрэг аваргуудыг төрүүлсэн Францын Магни Коурс дахь алдарт Уинфийлдийн уралдааны машины сургуулийг дүүргэжээ. Франц дахь Албигийн уралдааны зам дээр хийсэн анхны уралдаандаа тэрээр маш туршлагатай, нэртэй нисгэгч нарын дунд орон толгойн хэсэгт барианд орсон нь хэн бүхний гайхашралыг төрүүлж байв. Удалгүй тэрээр эхний тойрогт амжилттай уралдах авъяасаараа олны танил болсон бөгөөд заримдаа эхний тойрогтоо 7 хүртэлх машиныг гүйцэж түрүүлдэг байв. 1973 оны 12 дугаар сарын 13-нд биднийг бүтээсэн харь гаригийн эрдэмтдийн нэг түүнтэй уулзаж, энэ сонирхлоо орхиход хүрснээс хойш түүний амьдралд эрс өөрчлөлт гарсан юм. Харин 1994 онд түүний алдарт учралаас хойш 20 гаруй жилийн дараа, түүнийг уралдахыг харахыг хүссэн олон Раелчуудын хүсэлтээр мэргэжлийн авто спортын машины уралдаанд дахин оролцохыг Раел зөвшөөрч олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд оролцох болсон юм. Дэлхий дээрх ҮМНБ-н үзэгдлийг тайлбарлах анхны төв болох UFOland-н хэсэгчилсэн ивээн тэтгэлгээр Раел энэ дур сонирхлоо дагах болсны зэрэгцээ бүтээгчдээс түүнд өгсөн захиасуудыг сурталчилсан хэвээр байна. Le Mans-н уралдааны аварга Жан Клауд Андрюэт, Депэйллер зэрэг хамтран нисэгч нарын хамтаар Италийн Монза, Испаний Спа, АНУ-ын Дэйтона, Канадын Монтреал, Японы Сүзүки зэрэг дэлхийн эргэн тойронд буй олон шилдэг замууд дээр уралдаж байснаар Раелийн нэр хүнд элит нисгэгчдийн тоонд зүй ёсоор тооцогдож байна. Мэдээж хэрэг, Раел бол дэлхийн хамгийн хурдан шашны тэргүүн мөн! Өнөөдөр Раел мэргэжлийн авто спортоос тэтгэвэрт гарсан боловч чөлөөт цагаараа онлайн хэлбэрээр автомашины уралдаанд оролцож тоглох дуртай хэвээр. Ялангуяа Live for Speed сайтад өөрийн rael.org/racing нэрээр уралддаг бөгөөд дэлхийн хамгийн шилдэг тоглогч нарын нэг болоод байна. 4. Элохимын элч 1973 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 27 настайдаа уралдааны автомашины тухай сэтгүүлээ амжилттай удирдан гаргаж байх үедээ Раел Францын төвд орших Пью де Лассолас хэмээх галт уулын цэцэрлэгт харь гаригийн хүнтэй уулзсан гайхамшигт учрал болсон юм. Энэхүү харь гаригийн зочин түүнд бидний гарал үүслийн тухай шинээр дэлгэрэнгүй тaйлбарлаж, ирээдүйгээ хэрхэн зохион байгуулах тухай мэдээлэл өгсөн нь Intelligent Design хэмээх номонд нь тэмдэглэгдсэн юм. Тэр газар зургаан удаа дараалан уулзсаныхаа дараа Раел түүнд өгсөн даалгаврыг хүлээн авч хүн төрөлхтөнд энэхүү цоо шинэ захиасыг хүргэх, хүмүүс Бүтээгчдээ буюу Элохимийг ухамсартай, баярлаж талархсан хүний хувьд ямар нэг төөрөгдөл, айдасгүйгээр найрсгаар угтан авахад бэлтгэх болсон юм. Энэхүү асар том үүргийг бодож тунгаан хэдэн сар өнгөрсний дараа Раел ходоодны шархлаа өвчин тусч, эцэст нь маш их дуртай авто спортын сэтгүүлчийн ажлаа орхиж, түүнтэй уулзсан харь гаригийн хүн болох Яавээгийн өгсөн үүрэгт өөрийгөө бүрэн зориулахаар шийдсэн байна. Уг учралаас хойш нэг жилийн дотор тэр уг үйл явдлын тухай ном бичиж хэвлүүлэн, хэвлэлийн бага хурал зарлаж Францад хоёр удаа гол телевиз, радиогийн нэвтрүүлэгт орж ярилцлага өгсөн юм. 1974 оны 9 дүгээр сарын 19-нд Парист болсон энэхүү анхны олон нийтэд зориулсан бага хурал 2000 гаруй хүний анхаарлыг татаж чадсан байна. Үүний дараахан тэрээр MADECH холбоог байгуулсан нь энэхүү агуу үйлсэд түүнд туслахыг хүссэн бүлэг хүмүүсээс бүрдсэн бөгөөд хожим нь Раелийн хөдөлгөөн болсон юм. 1974 оны сүүл гэхэд уг холбоо 170 гишүүнтэй болсон байв. Тэд одоо 97 улсын 70000 гаруй гишүүн болж өргөжөөд байна. 1975 оны 10 дугаар сарын 7-нд түүнд хоёр дахь учрал тохиосон бөгөөд энэ удаад түүний хоёрдугаар номд бичигдсэн нэмэлт мэдээллийг болон “Intelligent Design” номын хэсгийг өгсөн байна. Энэ үеэс эхэлж Раел дэлхийн эргэн тойронд аялж Бүтээгчдээ найрсгаар угтан авах хүсэл зорилго нэгтэй хүмүүсийг цуглуулан тив бүрт бага хурал, семинарууд зохион байгуулж ирсэн. Тэр мөн Мэдрэхүйн бясалгал Sensual Meditation зэрэг хэд хэдэн ном бичсэний дотор түүний сургаалиудын гол хэсэг болсон манай гаригийг илүү ухаалгаар удирдах тухай Оюунчлал “Geniocracy”, мөнх наслах боломж ба шинжлэх ухааны ачаар хүсэн хүлээж болох сайхан ирээдүйн тухай Хүнийг хувилахыг дэмжье “Yes To Human Cloning” зэрэг ном бий. Өнгөрсөн он жилүүдэд хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж ирсний дотор сургуулиудад бэлгэвч хэрэглэхийг дэмжин сурталчлахаас эхлээд гар хангалгыг дэмжин сурталчлах хүртэл; “Ялгааг тэвчих төдий хандах нь хангалтгүй, ялгааг хайрлах ёстой” гэсэн уриатай цөөнхийг дэмжих дэлхий нийтийн компанит ажлаас эхлээд хүний эрхийг хүндэтгэн үздэггүй бүх шашны ном судрыг цензүрдэх шаардлага тавих хүртэл, Клонайд байгуулах замаар хүнийг хувилахыг дэмжихээс эхлээд дэлхий дээрх бүх хүмүүс хоол хүнсээр хангагдах цорын ганц боломж GMO-г дэмжин сурталчлах хүртэл, Clitoraid буюу бэлэг эрхтнээ засуулсан эмэгтэйчүүдэд туслаж тэднийг дахин бэлгийн таашаал эдлэх боломжтой болгоход туслах холбоо байгуулахаас эхлээд Африкийн уламжлалт бүх омгийн ахлагч нарыг нэгтгэж Африкийн Нэгдсэн Улс байгуулахыг уриалах хүртэл олон үйл ажиллагаа явуулаад байна. Раел дэлхийн эргэн тойронд ажиллаж буй томоохон телевизийн нэвтрүүлгүүдэд зочилж ярилцлага өгсний дотор 60 минут, CNN, FOX, BBC-н мэдээний хөтөлбөрүүд, Breakfast with Frost, Entertainment Tonight зэрэг цөөн хэдэн нэвтрүүлгийг нь нэрлэж болно. Тэр шинжлэх ухааны тухай өөрийн алсын харааг тайлбарлахаар Америкийн Конгресст уригдаж, дэлхийн олон удирдагч нарынд зочилж ирсэн бөгөөд 2000 онд Конго улсын Ерөнхийлөгч Денис Сассоу Н’Гүессо анх түүнийг албан ёсоор хүлээн авч уулзсан юм. Мөн түүнийг олон уран бүтээлчид төдийгүй тэднээс Францын зохиолч Мичел Хоүэллбеск, Хью Хефнер нарыг хүмүүсийг хэлж болно. Буддын шашны Майдар ч бай, Еврейн шашны Мессиах ч бай, Христийн шашинтнуудын Парацелет ч бай, эсвэл дэлхийн эргэн тойронд буй овог аймгуудын өгсөн өөр ямар нэр ч бай, дэлхийн дээрх шашин соёл бүхэнд ямар нэг элч ирэхийг хүсэн хүлээсэн байдаг. Энэхүү хүсэн хүлээсэн элч нь өмнөх элчүүдийн нэг адил хүн бүрийн таалалдаа авах гэж бус, биднийг Бүтээгчид биднээс юу хүсэн хүлээж байгааг мэдэгдэх гэж ирдэг. Энэ бол Раелийн сүүлийн 30 жил дэлхийн эргэн тойронд эцэж цуцашгүйгээр аялан явж хийж байгаа тэр зүйл бөгөөд ингэхдээ тэрээр өөртөө ямар нэг зүйлийг өмчлөх бус харин тэдний 2035 он гэхэд барьсан байхыг хүссэн Элчин сайдын яамандаа Бүтээгчдээ угтан авахын төлөө бүх зүйлээ зориулахыг зорьж байна.  “Гэрэлт цалиг”  

Ошогийн гурван удаагийн үхэл

Амьдрал заримдаа бидэнд ер бусын агуу хүмүүсийг бэлэглэдэг. Тэдний нэг нь 20-р зууны агуу хүмүүсийн нэг, гэгээрсэн багш Ошо юм. Ошогийн агуу нь юундаа байсан юм бэ гэвэл, тэрээр дотооц ухааны салбар буюу сүнсний ухаанд гурван том хувьсгалч өөрчлөлт хийсэн явдал юм. Нэгдугээрт, Ошо Өрнө Дорны дотоод ухааны шилдэг арга техникуудийг хослуулж шинэ нэгдлийг бий болгосон, хоёрдугаарт, бясалгалыг зөвхөн намуун тайван байдлаар хийдэг байсан уламжлалт арга дээр нэмж идэвхт бясалгалын аргуудыг бий болгосон, гуравдугаарт, олон мянган жил ургэлжилсэн багшаас шавьд уламжлах арга бүхий дотоод ухааны сургалтын тогтолцоог шинэчилж багшгүй бясалгах замыг бий болгосон юм. Үнэхээр ч, бурханы шашинтан монголчуудын дээдлэн шүтдэг 14-р Далай лам Данзанжамцын хэлснээр: Ошо бол орчин цагийн их гэгээрсэн Мастер. Тэрээр хүн төрөлхтөнд ухамсрын хөгжлийн хүнд хэцүү үеэ даван туулахад боломжтой бүх аргуудыг хэрэглэж буй туслагч мөн” юм. Ошо 1953 оны 3 сарын 21-нд гэгээрсэн юм. Дотоод ухаанд бясалгалыг нэг төрлийн үхэл гэдэг. Бас бясалгал хийж гэгээрсэн хүн энэ хорвоогийн хамгийн агуу үхлээр үхсэн гэдэг… Ошогийн эцгийг Бабулал гэдэг байсан юм. Тэрээр 1908 онд төрсөн. Удмынхаа бизнеcийг үргэлжлүүлэн даавууны наймаа эрхэлдэг байсан. Ошогийн аав зөөлөн, мэдрэмтгий, нөхөрсөг, өгөөмөр хүн байсан гэдэг. Бабу лал шашин шүтдэг хүн байсан бөгөөд сүмд явж, мацаг барьж, ариун судар шаштир уншдаг байж. Амьралынхаа суулчийн арван жилийг тэрээр Пунад хүү Ошогийнхаа ашрамд өнгөруулсэн юм. Тэр өөрт нь хүүд шавь орж тогтмол бясалгал үйлддэг байсан. Ошогийн эх Сарасвати Бай баян айлын охин байсан юм. Тухайн үеийн орны ёс заншлын дагуу тэрээр 7 настайдаа гэрлэсэн байна. Сарасвати Бай их зочломтгой хүн байсан гэдэг. Ошогийн эцэг эх хоёр заяаны сайхан хосууд байсан гэдэг. Тэдний гэр бүл энэтхэгийн уламжлалт шашны нэг болох жайн шашныг шүтдэг байсан. 1931 оны 12 сарын 11-нд бие биенээ хайрласан эгэл жирийн, нээлттэй эдгээр хүмүүсийн гэр бүлд нэгэн хүү мэндэлжээ. Энэ үйл явдалд өвөө эмээ хоёр нь үнэхээр баярлаж. Шинэ төрсөн хүү үнэхээр үзэсгэлэнтэй, нүд булаам байсан тул урьд нэг төрөлдөө хаан байсан байх гэж бодогджээ. Тиймээс хүүг хаан буюу “ража” гэж нэрлэсэн юм. Хүүгийн бүтэн нэрийг Ражниш Чадра Махам гэдэг болж. Хүүгийн эцэг эх гэр бүлийн бизнесээ эрхлээд тун завгүй байдаг байсан тул эмээ өвөө нь дуртайяа өсгөхөөр авч үлдсэн байна. Ошогийн төрсөнтэй холбоотой нэгэн ер бусын баримт байдаг. Ошо төрөөд гурав хоног юу ч идэж уугаагүй юм. Бас дөнгөж төрсөн бусад хүүхдүүд шиг уйлаагүй гэдэг. Хамгийн гайхалтай нь түүнд энэ байдал таатай байсан байна. Тэгээд дөрөв дэх өдрөөсөө Ошо гэнэт юу ч болоогуй юм шиг мөөмөө хөхөж эхэлсэн байна. Энэ гайхалтай үзэгдлийг олон жилийн дараа Ошо тэж тайлбарласан байдаг. Ошогийн урьд төрөл 700 жилийн өмнө ууланд амьдардаг их багш байсан юм. Тэрээр газар газраас ирсэн олон тооны шавьтай дотоод ухааны сургуулийн мастер байж. Мастер 106 насалсан байна. Жанч халахаасаа өмнө Мастер 21 хоногийн мацаг эхлүүлсэн байна. Мацаг дуусахад Мастер гэгээрэх ёстой байв. Гэхдээ түүний өмнө нэг сонголт байлаа. Үүрдийн мөнхөд уусан алга болохын өмнө дахин төрөх үү, үгүй юу гэдгээ шийдэх. Тэр өөрийн шавь нар руу харцаа чиглүүллээ. Шавь нарынх нь дотор замынхаа дунд гацчихсан тусламж хэрэгтэй олон шавь байлаа. Бас тэрээр Өрнө Дорын шашны нэгдлээс үүсэх агуу боломжийг ч олж харж байв. Олон төрөлдөө хязгаарын дээдэд хүрэх гэж тэмүүлсэн тэрээр зорилгодоо тун ойрхон очсон байв. Гэлээ ч тэр дахин нэг удаа төрөхөөр шийдсэн юм. Ариун хайр, нинж сэтгэлийн үүднээс Мастер шавь нартаа буцаж ирж үнэнийг хуваалцан, гэгээрэлд хүргэнэ гэж амласан юм. Гэвч… мацаг дуусахаас 3 хоногийн өмнө түүнийг амийг хөнөөсөн гэдэг. Яг л Есүс, Сократыг ямар учраас хөнөөсний адилаар… 700 жилийн дараа хүний биеийг олж төрөөд Ошо хамгийн түрүүнд 21 хоногийн мацгаа дуусгав. Мэндлээд гурав хоног мөөмөө идээгүй нь “урьд” төрөлтэй нь холбоотой аж. Будда нар ухамсартайгаа энэ хорвоогоос хальж, мөн ухамсартайгаар энэ хорвоод буцаж ирдэг. Бас эцэг эхээ ухамсартайгаар сонгож, төрөхдөө ч ухамсраа хадгалсаар байдаг. Дараа нь хэсэг хугацааны дараа “мартах” үйл явц явагддаг. Гэсэн хэдий ч өмнөх төрлүүддээ хураасан сүнсний нөөц хүч хорогддоггүи юм. Гагцхүү сэрэх цагаа л хүлээж байдаг. Санах цагийг хүлээж байдаг. Хүн бүрийн дотор. Тиймээс өнөө цагт түүнтэй хамт байгаа олон шавь нар нь бас “тэр цаг үе”-с ирцгээсэн юм. Тэд өөрсдийн Мастертайгаа дахин учирцгаасан юм. Бяцхан Ражниш бусдаас өөр зан байдалтай хүүхэд байсан. Тэрээр байнга л туршилт хийн, үнэнийг эрж, олон хүнд хэцүү аргуудыг өөр дээрээ хэрэглэдэг байсан. Нялх балчир наснаасаа тэрээр үхэл хэмээгч үзэгдлийг туйлаас сонирхон судалсан. 5 настай байхад нь хамгийн хайртай охин дүү нь нас барахад бяцхан Ошо мацаг барьж яг л жайн лам шиг ёс үйлдсэн гэдэг. 5 настай хүүг удаан хугацаанд ятгасны эцэст л хоол унданд буцан орсон байдаг. Ошогийн өвөө зээ хүүгээ ер бусын хүүхэд гэдгийг нь мэдэрч байлаа. Хүүгийнхээ тухай мэдэж авахын тулд өвөө нь тухайн цагийн нэртэй нэгэн зурхайчид ханджээ. Харамсалтай нь, зурхайч түүнд хүү чинь 7-с илүү наслахгүй гэж айлдав. Хүүгийн зурхайг тэрээр цааш нь үзсэн ч үгүй. Ямар ч утгагүй учраас. Тун удалгүй зурхайч өөрөө хорвоог орхин одож түүний шавь нь Ражниш хүүгийн зурлагыг үргэлжлүүлэн зуржээ. Түүний төөрөг үнэхээр сонин байж. Ражниш хүү 7 жил тутамд үхэлтэй тулгарна гэж буув. 7,14, 21 насандаа. Ингэхдээ 21 насандаа тэрээр гарцаагүй үхнэ гэжээ. Ийм хачин зураг төөрөг буусан нь тодорхой шалтгаантай байсан юм. 7 нас, 14 нас нь Ошогийн амьдрал дахь эргэлтийн цэгүүд байсан. Энэ үед Ошо үхлийг гүн гүнзгий мэдэрч харин 21 насандаа бүрэн төгс үхсэн юм. Гэхдээ тэр махан биеэ орхиогүй. Өөрөөр хэлбэл, тэр гэгээрсэн будда болсон юм. Ошогийн нэг дэх үхэл Ошог 7 настай байхад хамгаас хайртай өвөө нас барсан юм. Ошо энэ хүнд үеийг түүлан өнгөрүүлсэн боловч өвөөгийнхөө үхлийг өөрийн үхэл мэт хүлээн авсан байдаг. Дөрвийн дөрвийн хоног үргэлжилсэн өвөөгийнх нь үхэл түүнд яг л ертөнц нурж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэр өвөөгөө нас барсны дараа амьдрах хүсэлгүй болсон. 3 хоногийн турш тэрээр дээш харан огт хөдөлгөөнгүй хэвтсэн юм. Тэр амь гарсан боловч энэ гурван хоног түүний хувьд үхлийг мэдрэх анхны туршлага байлаа. Үүнээс хойш ганцаардлын мэдрэмж, бид бүгдээрээ энэ ертөнцөд ганцаар оршдог, хувьлаг оршдог гэдэг мэдрэмж түүнийг орхиогүй юм. Өвөөгөө нас барсны дараа Ражниш эцэг эхтэйгээ цуг Жабалпур хотоос холгүй суурьшин амьдрав, Ражнишийн эмээ нь түүнд маш их хайртай байсан бөгөөд насан өөд болтлоо өөрийгөө зээ хүүгийнхээ шавь гэдэг байсан. Ражниш дунд сургууль орсон. Гэвч сургуульд орсон эхний өдрөөс л дунд сургуулийн боловсрол хэт явцуу, бүтээлч биш гэдгийг ойлгосон. Тэрээр багш нарыгаа байнга цочроож, байнга хэрэг төвөг тарьдаг байсан юм. Анхнаасаа л түүний бүхий л сонирхол оюун ухааны хил хязгаараа хэрхэн давж гарах вэ гэдэг байсан бүдүүлэг, босогч гэсэн нэр зүүсэн Ошогийн хувьд энэ явдал дам байдлаар ашигтай зүйл болж хувирсан юм. Түүнийг сургууль, бусад хүмүүс цааш түлхсэн байдаг. Гэхдээ азтай нь өөр руу өөрөөсөө сурах. Ошо байдаг нэг хулигаан, муу сурлагатан байгаагүй юм, Тэр зүгээр л юмыг өөрөөр сурдаг хүүхэд байсан юм. Ражниш нийтийн номын сангийн хамгийн залуу уншигч болж хувирлаа. Шүлэг бичиж, зураг зурж эхэлсэн. Өөрийн бодлоо бусдад илэрхийлж, маш сонирхолтой түүх ярьдаг нь түүнийг бусдын дунд их нэр хүндтэй болгосон юм. Өөрийн амьдрал дахь эхний багшаа Ошо усан сэлэлтийн багш гэж хэлсэн байдаг. Тэр хүн усанд үнэхээр дуртай байсан тул амьдралынхаа ихэнх цагийг голын эрэг дээр өнгөрүүлдэг, усанд сэлэн, байнга бясалгал хийдэг хүн байж. Түүний амьдрал бүхэлдээ голд ойрхон оршихуй болж хувирсан хүн байж. Мастер Ражниш руу хараад “Усан сэлж сурах арга гэж байдаггүй юм, Сурах боломж ч үгүй, Энэ зүгээр л дадал болохоос биш мэдлэг биш” гэсэн. Тэгээд түүнийг ус руу шидчихсэн. Хүн өөрийн амиараа дэнчин тавьж байх үедээ хийж болох бүхнийг хийдэг. Ражниш хэд хэдэн удаа усанд живсэн юм. Гэхдээ л тэр сэлж гарч чадсан байдаг. Усанд байх үедээ тэр оршихуй бүхэллэг чанартай гэдгийг мэдэрсэн юм. Бас “энд ба одоо” гэдэг төлөвт оршихыг мэдэрсэн юм. Энэ нь түүний анхны бясалгал байж. Үүнээс хойш Ражниш өдөржин голын эрэгт өнжих болсон юм. Тэр ганцаараа юм уу найзуудтайгаа элсэн дээр бясалгал хийдэг болж. Үүний зэрэгцээ тэрээр үхлийн тухай мартдаггүй байсан бөгөөд хүүрийн газар очиж олон цагаар шарил чандраладаг газар хэвтдэг байж. Ошогийн эцэг эх ингэж байгааг нь хараад зурхайчын хэлсэнийг санан зовж эхэлсэн юм. Ингээд тэрээр 14 нас хүрлээ. 14 насандаа Ошо хоёр дахь удаагаа үхэлтэй тулгарсан юм. Ошогийн хоёр дахь үхэл Ошог үхнэ гэж хэлсэн нас буюу 14 нас хүрлээ. Энэ удаад Ошо үхлээ ухамсартайгаар угтан авахаар шийдэв. Тэр гэрийхэндээ энэ удаадаа үхэл гарцаагүй ирнэ, түүнийг тойрохгүй нь лавтай гэж хэлээд бэлэн байвал зүгээр гэж нэмж хэлжээ. Гэр бүлийнхэн нь шоконд орж яахаа мэдэхээ болив. Гэсэн ч түүнд саад болохгүй гэж шийджээ. Ражниш өөрийн бодсоноо хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудав. Эхлээд тэр сургуулийнхаа захиралд очиж удахгүй үхэх гэж байгаа тул 7 хоногийн чөлөө өгөөч гэжээ. Захирал багш буруу сонсчихов уу, яав гэж бодоод Ражинашийг амиа хорлох гэж байна гэж ойлгон, юу болоод байгааг тайлбарла гэж шаардав. Ражниш зурхайчийн өгүүлснийг хэлээд, үхлээ хүлээх гэж байгаа тул хичээлээс чөлөө авах гэсэн юм аа гэв. Үнэхээр үхэл ирвэл түүнийг ухамсартайгаар хүлээн авах хэрэгтэй, туршлага болог гэж үзэж байгаагаа бас хэлэв. Хэрэг явдал Энэтхэгт болж байсныг санах хэрэгтэй. Тэнд шашин бүр урьд хойд төрөл, ухамсарт үхлийн тухай номлодог. Тиймээс сургуулийн захиралд хэлэх үг олдсонгүй. Тэр түүнд чөлөө өгчээ. Ражниш тосгоны ойролцоо байдаг нэгэн хуучин сүмийн балгасанд хүрч ирлээ. Жинхэнэ үхэл түүн дээр ирээгүй ч Ражниш “үхдэл” болохын тулд чадах бүхнээ хийсэн юм. Тэрээр хэд хэдэн аймшигтай мэдрэмжүүдийг даван туулсан байдаг. Гэхдээ түүний ойлгосон хамгийн гол юм гэвэл, өөрийгөө үхэж байгаагаа мэдэх үедээ хүн тайван, үг дуугүй болдог юм байна аа гэсэн ухаарал байв. Дөрөв дэх өдөр сүм дотор нэгэн могой гулсан орж ирлээ. Ражниш түүнийг харан хэвтэж байв. Гэвч тэр айдас мэдрэхгүй байлаа. Тэр: “Үхэл энэ могойгоор дамжин ирж байж ч магад. Юунаас нь айхав? Хүлээ!” гэж боджээ. Могой түүн руу гулсан ирээд дээгүүр нь давж гулсаад цааш оджээ. Хэрэв хүн үхлээ хүлээж авах юм бол айдас үгүй болдог. Хэрэв амьдралаас зүүгдэх юм бол айдас байсаар л байдаг. Хэрэв нэгэн цагт үхлийг бодит байдал гэж хүлээж авах юм бол тодорхой алслал үүсдэг. Тэрхүү алсын цэгээс хүн амьдралын үйл явдлын урсгалыг үзэгч мэт ажиглаж эхэлдэг. Ингэснээр хүн үхлийг ямагт дагадаг зовиур, шаналал, гуниг, цөхрөлийн заагийг давдаг. Ийнхүү Ражниш үхэж буй бодгалийн юу мэдэрдгийг бясалган байж, эрчимтэйгээр даван туулснаар их эрт үхлийг ухамсарладаг нэгэн болсон юм. Үүнээс хойш тэр тасралтгүй бясалгаж, болж байгаа бүхнийг хүлээн авч эхэлсэн. Үхлийг ч гэсэн… Бүхнийг хүлээж авдаг энэ төлөвөө хадгалж хөгжүүлснээр Ошо алсдаа гэгээрсэн будда болж чадсан юм. 21 насанд тохиолдсон дараагийн үхэл хүртлээ Ошо өөрийн насандаа нийцсэн зүйлсийг сонирхсоор иржээ. Тэрээр улс төр судалж эхэлсэн, найзуудтайгаа янз бүрийн юм сэдэж, шинийг сурч байсан. Тэрээр маш идэвхтэйгээр сүнсний замналаар явж, дотогшоо гүнзгийрэх шинэ шинэ аргуудыг нээж илрүүлсээр байлаа. Тэрээр урьдын нэгэн адил эргэн тойронд буй нөхцөл болзолт ертөнцтэй зөрчилдсөн хэвээр байсан тул муу нэр зүүсээр байв. Гэхдээ тэр огтоос бууж өгөөгүй юм. Ошогийн гурав дахь үхэл Ражнишийн бясалгал улам бүр эрчимжиж байлаа. Тэдгээрийн нэг нь модны орой дээр нуруугаа модонд наан суух нэгэн хүчтэй бясалгал байв. Гэгээрэхээсээ нэг жилийн өмнө Ражниш анх удаа сүнс биенээс салах үйл явцыг мэдэрчээ. Тэрээр энэ тухай ийнхүү өгүүлсэн байдаг: “Нэг шөнө би маш гүнзгий бясалгалд орсон тул махан бие минь модноос унасныг анзаараагүй юм. Мэдэнгүүтээ би ийш тийш хартал бие маань тэр доор газар хэвтэж байгааг харлаа. Би үргэлжлүүлээд модны орой дээр сууж байвч бие маань газарт хэвтэж байгаа нь үнэхээр хачин санагдав. Модны орой дээр байгаа надтай газарт байгаа бие маань хүйснээс гарсан мөнгөлөг, хурц өнгийн утсаар холбогдож байлаа. Цааш юу болохыг тааж хэлэхэд хэцүү байсан бөгөөд биедээ хэрхэн буцаж орох вэ гэдэгт санаа зовж байлаа. Тэр шөнө би анх удаа өөрийн биеийг хажуунаас олж харсан юм. Түүнээс хойш биеэ мэдрэх энгийн физик мэдрэмж нэгмөсөн устсан. Үхэл гэдэг зүйл ч миний хувьд оршихоо больсон. Яагаад гэвэл, бие махбодь сүнс хоёр гэдэг нэг нэгнээсээ салангад орших хоёр өөр зүйлс гэдгийг мэдэрсэн юм. Энэ үйл явдал хир удаан үргэлжилснийг хэлэхэд хэцүү байна. Өглөө үүрээр нэг тосгоноос нөгөө руу лонх зөөж байсан хоёр эмэгтэй модны хажуугаар өнгөрсөн юм. Тэд газар хэвтэж байсан миний биеийг олж харсан. Би, миний биеийг гайхан харж байгаа тэр хоёрыг модны орой дээрээс харж байлаа. Тэд миний духанд гараа хүртэл тэрхэн зуур таталцлын хүчинд авсан мэт би биедээ буцан орж нүд минь нээгдсэн. Үүнээс хойш би энэ аргыг зургаан удаа туршиж үзсэн.” Үүнээс хойш Ражниш нэгмөсөн өөрийн төв руу шидэгдсэн юм. Тэр бардам сэтгэлгүй болсон. Түүнд хэн нэгэн болох, ямар нэгэн юманд хүрэх хүсэл үлдээгүй юм. Ражнишд одоо Бурхан, Нирван сонин биш болсон. “Буддаг дуурайх” гэдэг айхтар өвчнөөс бас нэгмөсөн ангижирсан байна. Тохиромжтой цаг тулж ирэв, хаалга бараг нээлттэй байлаа. Ийм төлвийн үед амьдрал үхэл мэт байдаг. Хувь хүн үгүй болсон тул асуулт хэн ч тавих вэ дээ? Асуулт асууж болох бүх материалууд оршихоо больсон. Ингээд 1953 оны 3 сарын 21-нд 21 насандаа Ражниш бүрэн гүйцэд өөр дээрээ ирсэн юм. Тэр гэгээрсэн юм. Түүнээс өмнө олон хүн гэгээрч байсан. Гэхдээ хэн ч өөрийн гэгээрлийн тухай ийм тодорхой өгүүлж байгаагүй юм.  “Их оюунлаг хүн” сэтгүүл  

​Удганы сүнс ууль болон ирдэг болжээ

Хөвсгөлийн Ренчинлхүмбэ суманд хориод жилийн тэртээ болсон нэгэн явдлыг нутгийн яруу найрагч эрхмээс сонссоноо хүргэе. Хөвсгөл аймаг тэр дундаа дээрх сумын дархдууд хэзээнээсээ бөө мөргөл, удган зайрангийн бараг төв нь болсоор ирсэн билээ. Тиймээс ч “Хөвсгөлийн хүнтэй хамаагүй хэрэлдэж, муудалцаж болохгүй” гэсэн яриа гарсан буй за. Энэхүү яриа яагаад ч юм одоо ч амь бөхтэй байдаг. Энд өгүүлэгдэх удганы жинхэнэ нэрийг мэдэх хүн байхгүй. Ид шид, онгод омог ихтэй тул ихэд цээрлэн “Цэ” удган хэмээдэг байжээ. Үе дамжсан онгодтой гэгдэх тул орон нутгийнхан байтугай цагдаа, шүүх НАХЯ-ныхан хүртэл цэрвэдэг юм байх. Сумын Намын үүрийн дарга нь “Цэ ажааI Амьтан хүн бужигнуулахгүйхэн шиг ажил төрлөө амжуулаарай” гэж амаараа хүртэл зөвшөөрөл өгч байх вэ. Хамаа намаагүй бүжиглэж цамнаад байдаггүй ч хааяа нэг буухаараа хавь ойрынхныгоо үймүүлээд хаячихдаг байж. Архи, дарс уумхай ч айл амьтнаар ороод байдаггүй гэнэ. Сумын төвөөс холгүйхэн ганц гэрээр суудаг байж. Ганц охинтой ч тэр нь хүнтэй суугаад аймгийн төв бараадсан болохоор хааяа нэг айлчилж ирнэ үү гэхээс барагтаа бол бараагаа харуулдаггүй байсан нь мэдээж. Наяад оны сүүлчээр тус суманд гэнэт халдварт өвчин гарч, цахилгаан мэнэн гээд сүйд болжээ. Нэг айлын гурван хүүхдийн хоёр нь эндэн, нэгийг нь аймгийн эмнэлэг рүү авч оджээ. Ингээд суманд карантин тогтоосон байна. Тэр өвчин цахилгаан мэнэн бишийг аймгийн комиссоос өмнө тогтоосон ганц хүн Цэ удган ажээ. Нэг өдөр сумын эмнэлгийн үүдэнд Цэ удган нэлээд халамцуухан буусан байна. Тэрээр эмч хүүхний өрөөнд орж ирээд “За, эмч минь. Юу болоод байна даа. Ямар ч халдварт өвчин байхгүй. Би үе дамжсан онгодоороо андгайлж байна. Тэдний хүүхдүүд болохгүй юмаар оролджээ. Түүнийг нь би аргалъя. Хорио мориогоо цуцлана биз” гэжээ. Хорио цуцлах эрх эмчид байх биш.  Гэхдээ нутгийн хүн болохоор эрхбиш удганы ур чадварын талаар сонсолгүй яах вэ. Тэгээд ингэж хэлжээ. “Хориог аймгаас цуцлах байх. Би мэдэхгүй. Тэгэхдээ та тэрийг даавал сайн байна. Гурван хүүхэдтэй айлын хоёр нь эндчихлээ шүү дээ. Аймаг явсан нэг нь яах ч юм билээ. Би аймгаас ирэх шийдийг хүлээе” гэжээ. Эмч аймгийн комисстой холбоотой байсан нь мэдээж. Аймгийн төвийн эмнэлэгт очсон хүүхэд Сэхээний тасагт хүнд байгаа дуулджээ. Өвчин гарсан айлд хүн хар оруулахыг хорьсон ч хээгүй, хэнэггүйгээрээ алдаршсан Цэ удганыг хэн хорих билээ. Яваад буучихжээ. Айл амьтан ч хаая, хүүе болоод явчихаж. Удган уурлах, айлгахын хооронд ийн хэлжээ. “Танай дунд хүү бусдыгаа чирчихэв бололтой. Болдоггүй газрын бут хугалжээ. Багыг нь би аргалъя. Айлтгүй ээ” гэжээ. Ингээд цамнаж бөөлж гаралгүй хаачихав. “Энүүхэнд ургадаг хэдэн яргайгаас авчихжээ. Тэр чинь болдоггүй гэдгийг та нар мэддэггүй хэрэг үү? Тун ч тоогүй юм болжээ” гэжээ. Гэрийн эзэгтэй, “Мэдэлгүй яах вэ. Манай хүн гэж нэг тэнэг хар юмны л хийсэн хэрэг. Хотоос хүн ташуурын иш хийх яргай захилаа гээд сүржигнээд байсан юм. Тэгж, тэгж өөрөө авалгүй хүүхдээр хугалуулчихгүй юү” гээд уйлжээ. Тэгээд ташуурын иш болгохоор авсан яргайг нь “амилуулаад” тэр газар нь булуулжээ. “Танайд дахиад нэг сайн хөвүүн заяана. Заяаг нь бүү гомдоогоорой. Аймаг явсан хүүхэд өнөө шөнө эдгэж хоноод ирнэ” гээд оджээ. Ёстой хачин юм маргааш нь болжээ. Сумын эмчийн утас хангинасныг авбал “Танайхаас ирсэн хүүхэд эдгэж хонолоо. Шинжилгээний хариу мэнэн биш гэж гарсан. Хориог цуцал” гэжээ. Сум даяар хөөр хөөрцөг болохын хамт удганы талаар шуугиад явчихаж. Түүнээс хойш бүр ч дархлагдсан бөгөөд хүүхдийн аав шөлний хониор эргэж, сумын дарга хүлээн авч сүйд болсон гэдэг. Хоёр хүүхдээ алдсан залууст хойтонгоос нь нэгэн хүү заяасан нь одоо том эр болсон нь мэдээж. Түүнээс хойш сумын дарга, эмч бусад хүмүүс ч Цэ удганаас цэрвэлгүй зарим зүйлийг хэрхэхийг асуудаг болсон байна. Цэ удган заримдаа айлын гадуур согтуу давхиж явахдаа санаа авах, сэрэмжлүүлэх зүйл хэлдэг байж. Нутгийнхан ч хэлснээр нь бололгүй яахав.  Нэг удаа сумын Намын үүрийн даргын гадуур давхиж өнгөрөхдөө “Чи амьтны хамраас цус гаргах нь ээ. За, яахав. Зайлбаргүй юмыг яалтай. Харин нэг хөгшин мэгж өөрөө ирэх байх. Түүнийг л аваарай. Илүү юм харж болохгүй шүү. Танайх удахгүй аймгийн айл болно” гэжээ. Сайндаа ч биш сумын Намын хорооны дарга идшиндээ нэмэр хийхээр гахайн авд мордох гэж байж. Бүх юм үнэхээр хэлснээр нь болсон байна. Тэр олон гахай үргээхэд очиж очиж нэг хөгшин мэгж өмнөөс нь ганцаараа давхиж ирж. Удган хэлээгүй бол түүнийг өнгөрөөж орхилгүй яахав. Гахай мундсан биш. Нөхөд нь “Та энэ олон гахайнаас очиж очиж үүнийг аваад байх даа яахав” гээд гайхаад хоцорчээ. Тун удалгүй дарга тушаал дэвшин аймгийн Намын хороонд очсон гэнэ билээ. Тиймэрхүү зүйл алийг хэлж барах вэ. Төдөлгүй удган нас барсан тул нутгийн олон хэлэлцээд дархдын ёсоор оршуулсан байна.  Тэр цагаас хойш тэр хавиар нэгэн ойн ууль харагддаг болжээ. Зүгээр нэг ууль биш нь мэдээж. Харин сайн мэдээ хэлж ирдэг нь хачин шувуу байж. Ууль уг нь урт настай шувуу биш л дээ. Одоо хүртэл үзэгддэг гэхээр удганы сүнс мөн болж таараад байгаа юм. Нутгийн бөө нар тэрхүү уулийг аргадаж, тахисаар өнөө хүрчээ. Нэгэн өдөр найрагчийн өрхөн дээгүүр эргэлдсэн бөгөөд дөнгөж шүлэг тэрлэж асан тэрбээр аймаг руу шилжиж ажилд орохсон. Болбол хот явж шүлэгч болохсон гэж боддог байсан үе таарч л дээ. Тун удалгүй аймгийн сонинд ажилд орж, түүнээсээ хотод ирж, хэдэн ном гаргаж, “Болор цом”-д ч хэдэнтээ дээгүүр давхисан билээ. Зөвшөөрөл аваагүй тул нэрийг нь хэлж чадсангүй. Гэхдээ шүлэг найраг сонирхогч хүмүүс эрхбиш “Тэр л болов уу?” хэмээн таасан гэдэгт найднам. Зөнч ууль хэдэн жил түүгээр эргэлдэхийг хэлэх боломжгүй билээ. Сайхан мэдээ дамжуулдаг сайн шувуу байж байхад гэмгүй биз ээ.  У.Мичид  

Сохор үнэн

ХХ зууны аугаа зөнч Ванга юуг өгүүлсэн вэ?  Нэр алдартай хүмүүс өөд болсны дараа тэдгээрийн нэр ихэвчлэн худалдааны брэнд болж хувиран, хүмүүс түүнийг нь өөрийн хүсэл зоригоор ашигладаг билээ. Энд зөвхөн элдэв пүүс, дэлгүүр, зоогийн газруудын нэрний талаар ярьсангүй. Тухайн алдар нэртэй хүний амьдралыг өгүүлсэн ном, зохиол бичигдэж, телевизийн болон дэлгэцийн бүтээлүүд туурвигдаж байна. Тэгвэл эдгээр зохиол, бүтээлүүдэд гол баатрын үнэн бодит намтар түүхээс бараг юу ч өгүүлэгддэггүй аж.  Зохиогчид болон найруулагчид зохиолоо эргэлзээтэй эх сурвалжуудын хэлж ярьсан, бичиж үлдээсэн зүйл дээр тулгуурлан бичих юм уу өөрийн уран сайхны хэтрүүлэгт эрх чөлөө олгодог юм. Ингэснээр “... -ийн тухайн өгүүлэх бүх үнэн бодит” зүйлийн оронд уншигчид юм уу үзэгчид хий хоосон зүйл, элдэв таамаг, цуу яриа, батлагдаагүй мэдээллийг хүртдэг билээ. Чухам ийм л зүйл Болгарын алдарт домч, зөн билэгтэн Вангад тохиолджээ. Түүний тухай өгүүлсэн арав гаруй кино бүтээгдсэн аж. Гэвч тэдгээр дотор хэдэн хувь нь үнэн бэ гэдгийг хэлэхэд эргэлзээтэй. Энэ талаар зөнч Вангагийн гарын шавь нарын нэг Людмила Ким ярьсан байна.  Болгарын домч, зөн билэгтэн Ванга зөвхөн Болгар болон ОХУ, үсрээд л хуучин ЗХУ-ын хүрээнд танил нэгэн байсан юм. Бусад улс, орнуудад түүний талаар бараг хэн ч сонсоогүй байдаг. Зөн билэгтэн эмэгтэй өөрөө хэзээ ч тэмдэглэл хөтөлж байсангүй. Түүний хэлж ярьсан, зөгнөсөн зүйлийг багтаасан ном зохиолууд харь хэлэнд бараг орчуулагдаагүй билээ. Тэгэхээр энэ зөнч эмгэн Нострадамусын хэмжээнд хүртлээ танигдаж, алдарших нь өнгөрсөн хэрэг биз ээ. Цаг үе нь тийм байсан юм. Тэрбээр дэндүү хаалттай нийгмийн үед амьдарч байлаа. Бас түүний тухай өгүүлсэн кино хальснууд маш цөөн үлджээ. Гэхдээ элдэв дүрс бичлэгүүд түүний гайхалтай чадварыг судласан материалууд байдаг гэнэ.  Тэдгээр нь бүгдээрээ тусгай албадын маш нууц зэрэглэлийн архивуудад хадгалагдаж байгаа юм. Ванга өөрөө ч удаан хугацааны туршид тэдгээр албадын хараа хяналт дор амьдарсан билээ. Түүний шавь болох Людмила Ким заримдаа Вангаг авахаар төр, засгийн үйлчилгээний машинууд ирээд авч явдаг байсан, эргэж ирээд Ванга хэнд ч, юу ч ярьдаггүй байсныг дурсав. Тэрбээр нийслэл Софи хот руу явж одсон уу, аль эсвэл хилийн чанад руу явсан уу гэдгийг хэн ч тааж мэдэшгүй юм. Албан ёсны түүхэн эх сурвалжуудад өгүүлснээр бол Ванга хэзээ ч өөрийн эх орныг орхиж яваагүй гэнэ. Тэгвэл түүнийг Москвад аваачин уулздаг байсан гэдгийг батлан ярих хүмүүс ч байдаг аж.  Вангаг сонирхох хүмүүсийн тоо буурахгүй байна Вангагийн нэр манай хойд хөрш ОХУ-д дэндүү алдартай билээ. Ингэж алдаршихад хүргэсэн хүмүүс бол түүний үеэл дүү эмэгтэй, зарим нэг зөн билэгтнүүд, Павел Глоба нарын одон орон судлаачид юм. Глоба ирээдүйг харж, зөгнөсөн түүний үйлдлүүдийг он тооны дараалалд оруулж, цэгцэлсэн гэдэг. Харин Ванга өөрөө хэзээ ч яг таг нарийн он, сар, өдрийг хэлж байгаагүй аж. Мөн тэрбээр хэзээ ч ерээд оны эхээр Орос Улсад нэрд гарч байсан үзмэрчид, ховсчид, зөн билэгтнүүд болох Алан Чумак, Анатолий Кашпировский, Жунагийн шавь нарыг хүлээж авч уулзаж байсангүй. Григорий Грабовойг ч хөөж гаргасан гэдэг. Гэвч эдгээр хүмүүс үүнийгээ илчлэхээс ичиж, түүнтэй уулзаж ярилцсан мэтээр ярьдаг байсан юм. Ийнхүү үнэнээс хол зөрүү зүйл ярьж эхлэнгүүт дагаж худлаа намирагсад ч олширчээ. Тийм учраас л үе үе Вангагийн шавь нар энд тэнд тодрон гарч, алдарт зөнч эмгэний нэрээр нэрлэгдсэн элдэв эм тан олноороо бий болоход хүрэв. Ийнхүү залилан мэхлэгч этгээдүүд Вангаг эрэлттэй брэнд болгон мөнгө хийж байгаа билээ.  Хэсэг хугацааны өмнө Людмила руу Оросын нэгэн томоохон телевизийн сувгийн ажилтнууд утасдаад, Вангагийн тухай өгүүлэх ээлжит киноны оролцогч болж, зөвлөхөөр нь ажиллахыг хүсчээ. Зөнч эмгэний мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээгдсэн, телевизээр гарсан олон тооны нэвтрүүлэг, баримтат кинонууд үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан тул тэрхүү киног асар богино хугацаанд хийхийг зорьжээ. Тэгээд ч өдгөө телевиз, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэн нэг мундаг хүний тэмдэглэлт ой болох дөхөөд ирэнгүүт тэдний тухай ярьж бичиж, өгүүлэх дуртай байдаг билээ.  Аль Зөвлөлт засгийн он жилүүдийн үед телевизийн редакторын ширээн дээр урьдчилаад биччихсэн эмгэнэлийн үгс хэдэн арваараа хэвтэж байдаг байжээ. Тэдгээр дээр нэмж өөд болсон хүний амьдралын сүүлчийн мөчүүдийн талаар өгүүлсэн мэдээллийг оруулаад л болох нь тэр. Бусдыг удирдлагатайгаа ярьж, тохирсон байдаг байв. Хэн нэг алдар нэртэй хүн гэнэт таалал төгссөн тохиолдолд тэрхүү бэлэн материалыг шууд л маргаашийн дугаар дээр гаргах юм уу дэлгэцээр нэвтрүүлэх боломжтой байсан юм. Мөн хэн нэгний тэгш ой тохиоход бэлтгэн нэвтрүүлэг, нийтлэлүүдийг бэлддэг байжээ. Үүнийг шуурхай ажиллагаа гэж нэрлэдэг байсан аж.  Удалгүй энэ бүх цензүр олон нийтийн эрэлт хэрэгцээгээр солигдсон байна. Ард түмний санааг юу илүүтэй зовоож байна вэ гэдгийг мэдрэх нь чухал юм. Элдэв дуулиантай салалт, гэнэтийн үхлүүд, шуугиант хэргүүд, алдартнуудын амьдралыг цаг тутамд мэдээлэх нь чухал болжээ. Харин аргачлалууд нь харамсалтай нь хэвээрээ үлдсэн гэдэг. Харин ч илүү дордсон болов уу.  Хэрэв өмнө нь тухайн хүний намтар түүхийг мэргэжлийн хүмүүс бичиж, эмхэтгэн, удирдлагууд нь нарийн шалгуураар оруулдаг байсан бол өдгөө цахим ертөнцөд Википедияд чөлөөтэй нэвтэрдэг болсноор тэнд тавигдсан намтруудыг янз бүрийн чадах, чадахгүй хүмүүс бичиж, мэдээллээ ч элдэв батлагдаагүй эх сурвалжуудаас авч байгаа нь ихэнхдээ алдаатай, эндүүрэл бүхий, эс бөгөөс албаар гуйвуулсан байдаг юм. Улмаар интернэтэд тавигдсан тэдгээр материалын алдаанууд цаашлаад номноос ном дамжин бичигдэж, кино бүтээлүүдэд ашиглагдах болжээ.  Өдгөө Людмила ээлжит нэгэн телевизийн сувгаас залгангуут бараг автоматаар шахуу “Та бүхэн Ванга багшийн маань туулж өнгөрүүлсэн амьдралыг сайн мэдэх үү? Хаанаас тэр вэ?” гэж асуудаг болсон гэнэ. Утсан харилцуурын цаана байгаа хүн балмагдсандаа дуугаа хурааснаар баттай нарийн мэдээлэл үгүй гэдэг нь илэрхий болдог аж. Энд өөр юу ч ярих билээ дээ. Болгарын зөнч эмгэний амьдралыг нэг бус зохиолд бичиж, дурдатгал болгон гаргаж, кинонд өгүүлсэн билээ. Энэ бол Орост шүү дээ. Харин болгарчууд бол Вангагийн тухай, түүний зөгнөсөн зүйлүүдийн талаар ерөөсөө дурсахыг боддоггүй байна.  Түүн дээр очиж уулзсан гэдгээ олон түмэнд зарлах нь эгэл жирийн болгар хүний хувьд өөрт учирсан элдэв асуудлаа гадны хүчин зүйлийн тусламжтайгаар шийдвэрлэх гэсэн сул дорой нэгэн гэж хэлэгдэхэд хүргэх алхам юм. Дээр нь Болгарын Үнэн алдартны сүм хийд Вангаг хүлээн зөвшөөрөөгүй билээ. Тиймээс эх оронд нь түүнд хандах хандлага янз бүр аж.  Болгарын нийслэл Софи хотод байдаг Гэгээн Софиягийн сүм хийдийн хамба лам Протоиерей Ангел Ангелов гэгч Вангагийн тухай “Тэр их итгэхэд бэрх, байж боломгүй алдар нэр, түүнийг дагаад тэр үеийн төр, засгийн зүгээс сонирхдог байсан байдал нь Вангаг үгүй хийсэн. Тэгээгүй бол Ванга хүмүүсийг сүм хийдэд очиход хүргэдэг тийм сайхан сэтгэлтэй эмэгтэй хэвээр үлдэх байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Түүнийг дэндүү домогт өгүүлэгддэг хүн болгосон. Тэр хэзээд сүм хийдийн бүтээгдэхүүн гэж ярьдаг байсан. Гэхдээ түүний хийж байсан үйл болгон сүм хийдийн номлолтой бүрэн зөрчилддөг юм” гэж ярьжээ.  Зовлонд унагсдын Дарь эх Хэвлэлийнхний анхааралд дэндүү их өртдөг хүн бол Вангагийн үеэл дүү Красимира Стоянова билээ. Энэ эмэгтэй Вангагийн эгч Любагийн охин бөгөөд нэг ёсондоо түүний нэрийн худалдааны төлөөлөгч, нэг ёсны намтар түүхийг судлаач нэгэн юм. Өдгөө Красимира Стоянова Софи хот дахь өөрийн байшинд амьдардаг аж. Тэр байшинг түүнд нагац эгч нь бэлэглэсэн гэдэг. Түүний бичсэн анхны ном Вангаг амьд сэрүүн байх үед буюу 1990-ээд онуудын эхээр хэвлэгдэн гарчээ. Харин Ванга өөрөө ийм ном гарахын эсрэг байсан гэлцдэг. Энэ ном хүмүүсийн гарт очих гэж нэлээдгүй зүдрэх байх даа гэж Ванга зөгнөжээ. Түүний хэлснээр болсон юм. Ном албан ёсоор хэвлэгдэн гарахыг хүлээлгүйгээр хэн нэгэн гар бичмэлийг нь хулгайлж олшруулаад тараачихсан билээ. Номон дотор ч он, сар, өдрүүдийг хольж хутгасан байдаг. Хамгийн таагүй зүйл юу вэ гэвэл зөнч эмгэний төрсөн өдрийг өөрчилсөн аж.  Аугаа зөнч Вангелия Пандева Гуштерова өөрийн төрсөн өдрийн талаар ярих дургүй, түүнийгээ тэмдэглэдэггүй байсан гэж Людмила ярьжээ. Харин тэрбээр жил бүр Гэгээн Параскевя Петкагийн өдрийг аравдугаар сард ёслол төгөлдөр тэмдэглэдэг байв. Сүүлд тодорхой болсноор бол энэ хугацаа түүний төрсөн хугацаатай тун дөхөж очдог юм. Үеэл дүү нь түүнийг 1911 оны нэгдүгээр сарын 31-нд мэндэлсэн гэдэг бол бодит байдал дээр зөнч эмгэн 1911 оны аравдугаар сарын 03-ны өдөр төржээ. Зарим нэг хүмүүс Вангаг үнэхээр л Петка гэж нэрлэдэг байв. Түүнд бас ард түмнээс олгосон өөр нэг нэр байсан нь Зовлонд унагсдын Дарь эх юм.  Түүнд ноогдсон тэр их уй гашуу, зовлон зүдгүүрийг хэн хүн дааж гарахад бэрх байсан биз ээ. Гэтэл тэр зөвхөн өөрийн зовлон зүдгүүрийг тээж, давж гаралгүй дээр нь бусдын зовлон зүдгүүрийг ч хүлээн авч, нимгэлэхийг оролддог байлаа. Гэр бүлээ, бүх ах, дүү нар болон тэдгээрийн хүүхдүүдийг тэжээж байсан гэдэг. Бүгдээрээ гайгүй боловсролтой болцгоо гэж үүрэгдсэн аж. Хүүхдүүдэд их сайн байжээ. Тэдэнтэй хөгжилдөн тоглох дуртай байсан бөгөөд хүүхэлдэй, тоглоомон бамбарууш зэргийг цуглуулдаг байв. Өөрөө тэр хүүхэд гаргаагүй юм.  Эр нөхрөө нас барангуут нэг хүү, нэг охин өргөж авчээ. Таван настай хүү өөрөө түүний гэрт хүрээд ирсэн гэдэг. Ширүүн бороотой өдөр хаалгыг нь тогшоод тэр чигээрээ гэрт нь үлдсэн байна. Хамгийн сонирхолтой нь, тэр хүүг хэн ч эрж, хайж ирээгүй аж. Венета гэдэг бяцхан охин бага хүүхэд нь болжээ. Энэ эмэгтэй хэзээ ч ажил хийж байгаагүй бөгөөд байнга л ээжийнхээ дэргэд байж, ар гэрийнхээ ажлыг амжуулдаг байлаа. Өдгөө тэрбээр тэтгэврийн насны хөгшин билээ.  Дмитрий өмнө нь прокуророор ажиллаж байсан бөгөөд өдгөө Болгарын үндсэн хуулийн шүүхэд ажилладаг юм. Эгч Люба нь Красимирагаас гадна Дмитрий, Анна гэдэг хоёр хүүхэдтэй гэнэ. Анна нь бага зэрэг юм үзэж, хардаг нэгэн аж. Эмч мэргэжилтэй энэ эмэгтэй хүмүүсийн дотор эрхтэнийг нэвт харж чаддаг чадвараа ажилдаа ашигладаг байна. Өдгөө энэ эмэгтэй Грек Улсад ажиллаж, амьдардаг юм. Нагац эгч нь түүнийг өөр улсад буюу ЗХУ-д дээд боловсрол эзэмшээд харь эртэй сууна гэдгийг нь хэлж өгчээ. Бас түүнийг дотор эрхтэний эмчилгээнд томоохон нээлт хийнэ гэж хэлсэн аж. Тэдний гэр бүлээс өөр хэн ч эмчилгээ, домын үйл хийдэггүй хэдий ч бүгд мундаг мэдрэхүйтэй гэнэ.  “Яагаад ч юм ихэнх хүмүүс Вангагийн хамаатнууд болон нутгийнх нь хүмүүсээс хэдэн яриа аваад, дээр нь үзэмжээрээ архивт хадгалагдаж буй түүний илэн далангуй өчил бүхий баримтат дүрс бичлэгийг нэмээд, хэд хэдэн гүн гүнзгий утгатай таамгуудыг дэвшүүлээд, зөнч эмгэний өсөж, хүмүүжсэн газрын байр байдлыг ганц нэг удаа гаргаад л болчихно гэж боддог юм. Тиймээс би тэдэнтэй хамтарч ажиллахаас татгалздаг. Би Ванга эгчийнд олон жилийн туршид жилдээ хэд хэдэн удаа очиж байсан. Түүний төрөлх Рупита тосгонд удаан хугацаанд амьдарсан. Энэ гайхалтай эмэгтэйтэй хамт ажиллах нэр төртэй эрхийг эдэлсэн хүн. Түүний чадвараас суралцан өөрөөс нь өндөр үнэлгээ авч байлаа. Гэвч хэзээ ч түүний энэ гайхалтай чадварыг бүрэн гүйцэд тайлж, ойлгож чадаагүй юм. Тэр надад “Чи бол миний дүү, итгэлтэй хүн. Тиймээс хүссэн үедээ ирж байгаарай” гэж хэлдэг байв. Би түүнийг зүгээр л дэндүү ихээр хайрладаг байсан юм. Эгэл жирийн ард түмэн ч түүнийг дэндүү ихээр хайрладаг байсан. Ард олныг хэн ч хуурч чадахгүй. Түүн дээр өөрийн зовлон зүдгүүрийг тээгээд, уй гашуудаа автан ирж байсан олон хүн зөвлөгөө, туслалцааг нь аваад баяр хөөртэй буцаж байсныг би харсан. Хэлсэн, зөвлөсөн зүйлийг нь яг таг сахиж, биелүүлсэн бол эдгэрээд, хүссэн зүйлдээ хүрч байсан юм. Тэгэх тоолонд Ванга эгч маань дотроосоо гэрэлтээд баяр хөөрөөр бялхдаг байж билээ. Тэр үнэндээ дэндүү дулаан, сайхан сэтгэлийг өөрөөсөө ялгаруулж байлаа. Үүнийг хэн ч жүжигчилж, хийж чадахгүй юм шүү” хэмээн Людмила ярьжээ.  Людмилагийн ажиллуулдаг төв дотор Вангагийн янз бүрийн байдалтай гэрэл зургууд олноороо өлгөөтэй байдаг. Гэхдээ тэр бүх хөрөг зургууд нэг л зүйлээрээ ялгардаг юм. Тэр бол ил цагаан байдал гэнэ. Тэнд буй нэг ч гэрэл зураг хиймэл харагдахгүй. Ванга өөрөө зураг авахуулах гэж бэлтгээгүй нь илхэн байна. Үнэндээ бол тэр тэдгээр зургууд дээр амьдарсаар л байгаа аж. Харин ч тэр энд, бидний дэргэд, үнэтэй зөвлөгөөгөө өгч байгаа мэт мэдрэмж төрдөг гэнэ.  Вангагийн дүрд тоглоод эмгэнэлтэйгээр таалал төгссөн Марина Голуб Жүжигчин хүүхнүүд дэлгэцэнд түүний дүрийг мөнхөлж, бүтээх хэрэггүй хэмээн Ванга хатуу хэлж, сэрэмжлүүлж байсан ч, жижигхэн зүйл ч элдэв таагүй явдалд хүргэж магадгүй гэж анхааруулж байсан ч үгэнд ороогүй хүмүүс цөөнгүй бий. Жүжигчин Марина Голубын эмгэнэлтэй үхэл олон хүнийг цочроосон билээ. Тэр гайтай осолд орохоосоо өмнөхөн тэрбээр Вангагийн дүрийг нэгэн баримтат кинонд бүтээжээ. Жүжигчин Елена Яковлева айж, мэгдэж байсан ч Вангад тоглохгүй байж чадаагүй гэдэг. Манай үзэгчид түүнийг “Интердевочка” киноны гол дүрийг бүтээснээр нь, мөрдөгч Каменскаягийн дүрд тоглосныг нь мэдэх билээ. Гэтэл энэ удаа тэрбээр зөнч, бараг гэгээн хүний дүрд тоглох хэрэг гарчээ. Елена олон ангит кинонд Вангагийн өтөл насны дүрийг амилуулдаг бөгөөд энэ нь түүний хувьд нэгэн зэрэг асар хүндтэй бас аймшигтай санагдсан гэнэ.  Анхлан бол Вангагийн дүрд ЗХУ-ын Ардын жүжигчин Инна Чурикова тоглох байжээ. Инна Михайловна кинонд тоглох гэрээнд гарын үсэг зурахаар явж байгаад “Ленком” театрын гаднах шатан дээр хальтирч унаад гараа хугалж орхисон аж. Төдөлгүй гай киноны найруулагч Сергей Борчуковт тохиолджээ. Мань хүн галт тэргэнд дайруулаад, хөлнийхөө эрхий хурууны хагасыг бяцлуулсан гэдэг. Киноны зураг авалтын багийг Болгар Улсаас ч анхааруулж байсан гэдэг. Тэд “Болгоомжтой байгаарай! Энэ эмэгтэйн хувь заяагаар оролдвол зүгээр ч нэг өнгөрөхгүй шүү” гэж сэрэмжлүүлжээ.  Зураг авалтын үеэр янз бүрийн зүйл их тохиолдсон аж. Гэхдээ л НТВ сувгийн бүтээсэн “Вангелия” олон ангит кино олон хүний нүдийг хужирласан бас яригдсан тийм мундаг кино болж чадсан юм. Гэхдээ түүн дотор бүдүүлэг алдаанууд ч бий. Жишээ нь, Гитлер Ванга дээр ирж байгаа хэсэг гардаг. Үнэндээ бол ийм зүйл хэзээ ч болж байгаагүй аж. Бас Лаврентий Берия дайтахын оронд Германд зарим нэг газар нутгаа өгчихсөн нь дээр гэж хэлдэг нь ерөөсөө батлагдаагүй зүйл билээ. Вангагийн найз Ольгагийн хүүгийн төрсөн өдрийг буруу тэмдэглэсэн зэрэг алдаанууд их бий. Нэг ангид нь Вангагийн өргөмөл хүүг байшингийн манаач гэж хэлдэг бол Петрич хотын захирагч Бараков Благойг хувийн жолооч гэдэг байна.  55 жилийн хугацаанд Ванга дээр 500 мянга гаруй хүн очиж бараалхан элдэв асуудлаа лавлаж, зөвлөгөө авсан гэдгийг зарим нэг хүн тооцоолон гаргасан байдаг. Тэрбээр 1941 оны дөрөвдүгээр сард удахгүй Дэлхийн II дайн эхэлнэ гэж хэлээд оносны дараагаар хүмүүс түүний гэр рүү зогсоо зайгүй хөлхөж эхэлсэн юм. Вангаг өөд болох хүртэл тэр жим тасраагүй билээ. Харин тэрбээр цыганууд, ашиг хонжоо хайгчид болон амар хялбар аргаар мөнгөтэй болохыг хүсэгчдэд татгалздаг байсан аж. Түүн дээр үе үе тоглолтын үр дүнг мэдэх гэж, сугалааны тохирлын тоонуудыг урьдчилан мэдэх гэсэн хүмүүс ирдэг байсан гэнэ. Бас зөнч эмгэн том дарга нартай уулзахаас зайлсхийж, улс төрийн таамаг дэвшүүлэхээс эмээдэг байв. Дэндүү сониуч хүмүүст дургүй, нэгэнт үхлийн хар тамга даруулсан тийм хүмүүстэй ярихаас татгалздаг байжээ.  Зарим нэг ойр дотны хүмүүсийнхээ үхэлд маш тайван хандаж байсан гэдгийг Гэгээн Матрона Московскаягийн тухай дурдатгалаас уншиж, ойлгож болох юм. Матрона, Ванга хоёр хэрвээ уулзалдсан бол тэд юун тухай ярилцаж, ямар нээлтүүдийг хийх байсан вэ гэдэг сонин асуулт гардаг билээ. Гэвч тэр хоёр нэг нэгнийгээ үздэггүй, хоорондоо төмөр хөшиг татсан байсан байжээ. Хоёуланг нь тусгай албад нарийн хараа хяналтдаа байлгаж байсан гэдэг. Хилийн дээс алхаж болохгүйгээс гадна хэзээ ч баривчлагдаж мэдэхээр тийм хүмүүс байсан аж. Зүгээр л амьд сэрүүн байгаагийнхаа төлөө шүү дээ. Тэр хоёрыг зөвхөн итгэл үнэмшил нь л аварч чадсан. Ванга найз нөхдүүдтэйгээ уулзахаар Рожин болон Рылийн сүм хийдүүд рүү очдог байжээ.  Өөрийн цуглуулсан хөрөнгө мөнгө болон ард олны хандиваар Ванга өөрийн байшингийн эсрэг талд Гэгээн Петкагийн Үнэн алдартны сүм хийдийг байгуулсан юм. Түүний доторх таазыг Болгарын нэрт зураач Светлин Русев чимэглэжээ. Тэр сүм цасан цагаан өнгөтэйгөөс гадна хэмжээгээр том, чулуун ханатай болжээ. Харин Ванга гэрийнхээ хажууд модон дугана барихыг илүүд үзсэн гэдэг. Өөрөө ч хаяа орж байхад амар гэж үзсэн хэрэг. Гэвч түүнд ийм зүйл хийхийг нь зөвшөөрөөгүй гэнэ. Сүсэг бишрэл нь түүний амьдралыг тодорхойлж байв. Тэрбээр ирээдүй сайхан сэтгэлтэй хүмүүсийн гарт байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Эв найрамдалтай амьдрах юм бол хүн төрөлхтөн он удаан жилийг хамтдаа туулна гэж зөгнөж байв.  Ванга эмгэн өөд болохоосоо хоёр жилийн өмнө буюу 1994 онд “Хүмүүнд ердөө ганцхан зан чанар буюу сайхан сэтгэл л тус болно. Худал хуурмаг энэ дэлхийн газар хөрснөөс алга болох тэр цаг мөч ирнэ. Хүчирхийлэл, хулгай дээрэм үгүй болж, хүмүүс амьдралын үнэ цэнийг ойлгож мэдэрснээр түүнийг хайрлан хамгаалах болно. Ухаалаг байцгаа! Худал хуурмаг үгэнд бүү итгэ, тэгвэл та бүхэн аврагдах болно. Өөрийн оюун ухааныг сайхан зүйл рүү чиглүүл” гэж айлджээ.  “Би амьдралаас уйдлаа...” Хэтэрхий олон хүний хөлд дарагдаж, дэндүү их бодож гашилган, эрх мэдэлтнүүдийн зүгээс байнгын хараа хяналтад байж, гэр бүлийнхнийхээ мөнхийн гуйлгад дарагдсан Ванга эмгэн 80 насыг зооглоод өөрийн алдартай “Би ядарч гүйцлээ” гэдэг үгээ хэлсэн юм. Амьдрал өөрийн урсгалаар ширүүхэн өрнөж байлаа. Зөнч эмгэн өөрийн мундаг чадварыг алдаагүй аж. Ванга цөмийн дэлбэрэлтүүдтэй, Европ тив дахь бүх амьд зүйл устаж үгүй болоход хүргэх Дэлхийн III дайныг “үзсэн” гэж ярьж байв. Азаар ийм зүйл одоогоор болоогүй байна.  Людмила харин багш Вангад нь “ОХУ дахь үймээн самуун, Ойрхи Дорнод дахь дайн дажнууд хар арьст Ерөнхийлөгч албаа өгснөөр дуусгавар болно” гэсэн бодол байсныг өгүүлэв. Түүний орыг эмэгтэй хүн залгаад АНУ-ын баримтлах улс төрийн бодлогыг бүрэн өөрчилнө гэж тэр ярьжээ. Тэр нь Хиллари Клинтон байж мэдэх юм. Мөн Ванга Орос Улсад ч эмэгтэй Ерөнхийлөгч гарч ирнэ гэдгийг хэлсэн удаатай. Одоогоор тийм хүчтэй лидер эмэгтэй тус улсад байхгүй байна. Орос Улс эхлээд жижиг хэсгүүдэд хуваагдаад, дараа нь дахин нэгдэх гэнэ. Бас тэрбээр дэлхий даяар нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болно, тэр нь улаан өнгөтэй байна гэж хэлж байжээ. Дэлхий дээр одоогоор түгээмэл хэрэглэгдэж байгаа ийм мөнгөн тэмдэгт бол Хятадын юань билээ.  Шууд хэлэхэд Вангад шавь байгаагүй юм. Тэрбээр нэг удаа “Хэн ч надад заагаагүй шүү дээ. Тэгэхээр би хэн нэгэнд яаж зааж зүрхлэх билээ дээ” гэж хэлсэн байдаг. Бас тэр өөрийн ур чадварыг залгамжлагчаар хэн нэгнийг тодруулаагүй байна. Людмила мэтийн ганц нэг хүмүүс зүгээр л түүний дэргэд байхдаа үг яриа, үйл хөдлөлийг нь даган дууриаж, ажиглаж, асууж суралцдаг байсан юм. Үе үе энд тэнд шинэ Ванга гарч ирлээ гэх мэдээлэл дуулддаг. Тэгэхээр зөнч эмгэний нэр алдар одоо ч хүмүүсийн ам дамжин түгсээр байгаа аж.  Ванга эмгэн өөд болсны дараа Болгар Улсад нэгэн шуугиан дэгдсэн билээ. Өв залгамжлагчид нь түүний үлдээсэн эд хөрөнгийг булаацалдан төр, засагтайгаа шүүхдэлцсэн юм. Ванга Петрич хотын хамгийн ахмад настай нийгмийн зүтгэлтэн болох доктор Наполеоновын нэр дээр гэрээслэл бичиж үлдээжээ. Түүн дотроо зөнч эмгэн өөрийн бүх хөрөнгө мөнгө, Петрич болон Рупит хотууд дахь байшингуудаа улсдаа өгч, өөрийн нэрээр нэрлэгдсэн санд хандивлажээ. Гэр бүл нь үүнтэй эвлэрээгүй аж. Түүний амьдарч байсан байшинг удаан хугацааны туршид лацтай байлгасан юм. Эцэс төгсгөлгүй шүүх хуралдаанууд дуусгавар болж, өдгөө Вангагийн амьдарч байсан байшинд түүний гэр музей ажиллаж байна. Жуулчид ийшээгээ ирэх дуртай билээ. www.wikimon.mn  

​Монголчуудын хас дүрс

Хас дүрсийн тухай монгол хүн бүхэн бидний өвөг дээдэс эртнээс хэрэглэж ирсэн билэг тэмдэг гэж мэддэг боловч утга учрыг нь гүйцэд сайн мэддэггүй билээ. Эрт цагт муу хэрэг хийсэн хүнийг үхэхэд нь булаад буруу хасаар дардаг байсан, мөн зарим айл гэрийг буруу хасаар хаслаж хөх тэнгэрээс нь салгаж болдог байжээ. Монгол цэрэг харь улсын хэрэмт хотуудыг эзлэхээр дайрахдаа хас тэмдэг ашиглан хүчийг нь хэрэглэдэг байсан байна. Буриад хүмүүс хоорондоо хэрэлдэж муудалцаад салахдаа тэр газар шороон дээр хас зурж орхиод бид муу бүхнээ энд дарлаа гэж бэлэгддэг байна. Эзэн Чингис хаан маань Тив Тэнгэр бөөг үхүүлээд хасалсан гэдэг нь бас иймэрхүү зан үйл хийсэн тухай хэлсэн биз ээ. Гэртээ буруу эргэсэн хас шүтээн залсан нэгэн айлд тэр омгийн сахиус онгод нь буухгүй удам угсааны хүүдээ хилэгнэж уурлан өөрийнхө гараар гал голомтоо хасалсан үр минь ээ гэж ихээхэн догширч хатуурхаж байсан билээ. Хас дүрсийн Г хэлбэртэй хэсгийг нь түлхүүр гэх бөгөөд бидний мэдэх фашистын Германы хас нь дөрвөн түлхүүртэй зөв хас байх нь. Хас нь халх, буриад, хамниган гэх мэтээр ангилагддаг байна. Халх хас нь 3,5,7,13,15,21,33 түлхүүртэй байхад хамниган хас нь 4,6,7 түлхүүртэй, харин буриад хас 3,5,9,11,13,19 түлхүүртэй байсан байх юм. Сондгой тооны түлхүүртэй зөв хас нь тол туяатай учир эзэндээ аз жаргал авчирдаг гэж хууччуул үздэг байжээ. Харин 4,6 түлхүүртэй хас нь гай чирэх муу шидтэй гэдэг байсан бөгөөд үхээрийн үүдийг хаах болон боож үхсэн хүний сүнсийг эргэж ирэхгүйгээр залахдаа эдгээр хасаар дардаг байсан байна. Эртний монголчууд маань хасын гайхамшигтай тэнгэрлэг хүчийг мэдэж амьдрал ахуй, дайн тулаандаа ашиглаж иржээ. Хамгийн сонин нь Оросын хаанд дагаар орохоор Манжийн хаанаас зугтаж очсон буриад монголын ноёд эсгий гэрийн тоононы чинээ хэмжээтэй буриад хасыг цул алтаар хийж барьсан гэдэг байна. Тэр хасыг хэдэн түлхүүртэй хийсэн нь тодорхойгүй ч уран гоё хээ хуараар чимэглэсэн, угсарч задалж болохоор хийсэн болов уу. Миний бодлоор тэр цагаас л Орос гүрэн Хөхрөгч Тэнгэрт танигдан дэлхийн нэгэн их гүрэн болохын эхлэл тавигдсан байх даа гэж би л хувьдаа боддог юм.    

Эмгэн шиг болчихсон нөхөрт нь эхнэрийн онгод “буулгасан” байжээ

Батцогт, Шүрээ хоёр зургаан хүүхдийн эх, эцэг болж, 20 гаруй жил нэг гэрт амьдарсан атлаа гэрлэлтээ цуцлуулжээ. Архи дарс, хүүхэн энэ тэр гээд дэл сул явдлаас болов уу, эсвэл хөрөнгө, мөнгөний асуудал байв уу гээд ойр дотныхон нь гайхаад учрыг олоогүй байна.  Хүүхэд байхаасаа л наймаа хийж, хөрөнгө мөнгө болоод амьдралын үнэ цэнийг сайн мэддэг Батцогт бол хувийн дэлгүүр, зоогийн газар гээд юм юмыг хөл дээр нь босгосон болохоор эхнэрээсээ салахдаа бүгдийг өөрийн нэр дээр авсан шигээ хоёр томыгоо ээжтэй нь үлдээгээд дөрвөн багыгаа “Би хоолонд нь хүргэж өгнө” гээд дагуулаад явсан аж.  Сайхан амьдралыг салгах, хоёр тийш болгох саналыг тавьсан атлаа Шүрээгийн сэтгэл шимширч байхад Батцогт:  - Чамайг амрааж, тайван байлгах гэж би замаа тавьж өглөө шүү. Чи хүнтэй сууж болно. Харин хэнтэй гэдгээ их зөв сонгоорой… гэж хэлэхэд нь бүсгүйн дургүй хүрч, бараг “Чамаас салсандаа баяртай байна” гээд хэлчих шахжээ.  Гаднаас нь харахад дэндүү сайхан боловч дотогш харвал бүр ор, хөнжил рүү өнгийвөл ямар хэцүү байсныг хэн ч мэдэхгүй учраас Шүрээг зэмлэх, буруутгах хүн олон байжээ. Тэр битгий хэл, “Чамд Батцогт шиг хань олдохгүй” гэж зэмлэх нь бүсгүйд маш хүнд байсан гэнэ. Нөхрөөсөө салах өргөдлөө харьяа дүүргийн шүүхэд ахин дахин гаргасны эцэст хоёр тийш болсондоо Шүрээ санаа амарч, сэтгэл нь онгойх шиг, нэг их хүнд дарамтнаас салах шиг болсондоо дотроо баярлавч бүх хүний зэмлэл түүнийг нэг хэсэгтээ л залхаасан байна.  Анх суухад л нөхөр болсон Батцогтын гэрийнхэн гурван өрөө байр авч өгсөн ажээ. Тэр байраа авах гэж зүтгээгүй харин ч эгчийнхээ хуучин байранд дөрвөн хүүхэдтэйгээ төвхнөсөн байна. Ингээд Шүрээ том хүү, охин хоёртойгоо хуучин гэртээ үлджээ. Хүү нь сургуулиа төгссөн, охин нь ганцхан жилийн дараа төгсөх болохоор Шүрээд түүртэх, санаа зовох асуудал байхгүй болсон байна. Мөн гэр бүлээрээ эрхэлж байсан наймаа, арилжааныхаа ашиг орлогыг тэнцүүхэн хуваахад нь Шүрээ айх шиг болж, “Энэ ер нь яагаад надад ийм их юм өгч, сайхан зан гаргаад байгаа юм бол..?” хэмээн гайхаад өнгөрсөн байна. Нөхрийнхөө хувь болгон үлдээсэн дэлгүүрээ ажиллуулж, өөрийн мэргэжлийн дагуу хааяа жижиг аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн тайланг гарган өгч амьдралдаа нэмэрлээд ёстой л хүслээрээ амьдарч байжээ.  Хэвийн сайхан байсан амьдрал жил хагасын дараахнаас эхлээд уруудаж, эрүүл мэндийн хувьд ч нэг л таагүй болж эхэлсэн аж. Хүү нь өөрийн гэсэн ажил албатай, охин нь сургуулиа төгсөөд Солонгост үргэлжлүүлэн суралцаж байсан болохоор уг нь Шүрээгийн төсөөлснөөр бол улам сайн, сайхан байх ёстой атал эсрэгээрээ, болохгүй бүтэхгүй нь давамгайлж, сэтгэл санаа нь хүртэл тавгүйтэн “Юу болох гээд байгаа юм бол?” гэх бодол, айдас давамгайлах болжээ.  Шүрээтэй байнгын холбоотой ажилладаг нэгэн компанийн захирал найз нь “Чи тайлан тэнцэл буруу гаргасан байна. Санаатайгаар намайг хорлох гэж ийм юм хийж байгаа юм уу?” гээд уурлан довтолжээ. Өөрийн гараар хийж өгсөн тайлангаа үзтэл яах аргагүй буруу, алдаатай байж. Шүрээ уучлалт гуйсан боловч оройтож, нөгөө компани торгууль хүлээж, ихээхэн алдагдалд орчихсон байжээ. Олон жил, бараг ажилласан өдрөөсөө эхлээд үйлчлүүлэгч олонтой, тэр хэрээр ашигтай ажилладаг байсан дэлгүүр нь алдагдалд орж, хүн орж ирэхээ больсон байна. Барааныхаа нэр төрлийг өөрчилж, үйлчлүүлэгч татахын тулд үнэ хямдруулсан “бонус” амласан хэд хэдэн өдөрлөг зохиожээ. Ингэсний хүчинд дэлгүүрийн ашиг, орлого нэмэгдсэн байна. Гэвч өдрөөс өдөрт Шүрээгийн бие тавгүйрхэж, айдас нүүрлээд байжээ. Хэдэн шөнө хар даран зүүдэлж, сүүлдээ гэртээ суухаасаа айх болсон байна. Аргаа барсан бүсгүй байраа зарахаар шийдэж, хүүтэйгээ санал солилцсон чинь:  - Аавын минь голомт болохоор би эндээ баймаар байна. Олон жил амьдарсан орон гэрээ зарж, өөрчиллөө гээд амьдрал сайжирна гэж үү. Харин ч байрнаасаа хөдөлсөн чулуу шиг эв, эендээ орох гэж хугацаа алдах байх аа… гэсэн байна.  Нэгэнт хүү нь ингэж хэлсэн тул Шүрээ ч гэсэн бодлоосоо буцаж, өөрийгөө зэмлээд өнгөрсөн байна. Энэ үед хүү нь найз охиноо гэртээ авчирч, бэр нь хэдхэн сарын дараа төрнө гээд тэдний ам бүлд томоохон үйл явдлууд өрнөж байжээ. Шүрээ салсан нөхөртэйгээ ярьж, зөвлөх гэснээ болиод амьдрал болоод сэтгэлд нь цучил нэмэн тулж, түшиж явдаг Эрдэнээдээ амьдралаа ярьж, зөвлөлдсөнөөр Батцогтынх гэх айл амьдарч байсан байрыг хүүдээ өгөхөөр шийдсэн байна. Шүрээ хувцсаа чирээд айлд очиж суухыг хүсээгүй аж. Хэдэн сар айлын нэг өрөө байр хөлсөлж, “Ханилан суух” санал тавьж, хэдэн жил бараа түшиг болж яваа Эрдэнээтэйгээ нэг гэрт оржээ. “Хөлсний байр зарлага ихтэй”, “Хүний бэлэн юман дээр очихгүй” гэсэн хоёр үзүүрт бодолдоо хөтлөгдсөөр яваад дэлгүүрээ барьцаалан зээл авч, байр худалдан авснаар хоёр дахь амьдралаа эхлүүлжээ.  Урьд нь ор хөнжилдөө орж, биеийн жаргал эдлээд сайхан байсан бол нэг гэрт, шинэ байранд орсноосоо хойш Шүрээ Эрдэнээтэй ойртох гэхээр л цэв хүйтэн бие, аймаар харц нь түүний айдсыг төрүүлээд байх болсон аж. Бүсгүй хүний ааш авир дийлдэх биш, энэ байдлаас болж тэр хоёр үргэлж ам зөрсөөр нэг их удалгүй хоёр тийш болжээ. Ингээд ганц бие бүсгүй банкны зээлээ, бас хоёр ч найзаасаа гуйж авсан 20 гаруй сая төгрөгийг хугацаанд нь өгч чадаагүй байна. Дэлгүүрээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлэх гэсэн боловч бие нь өвдөж, бүр эмнэлэгт хэвтжээ. Ийнхүү хугацаа алдаж явсаар байтал түүнийг нэг л өдөр хуулийн байгууллагад дуудаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэгтлээ мэргэ, төлгө хийлгэж, засал, дом гэж гүйдэггүй бүсгүй хүнд байдалд оронгуутаа сайн бөөд бараалхжээ.  - Чи онгодоо гомдоож, бүр хилэгнүүлсэн байна… гээд,  - Салсан нөхөр чинь танай эмээгийн талын их том удганы онгодыг авчээ. Уг нь чи авах ёстой байж… Ингэж онгод солигдож бууснаар та хоёр тохирохоо больж, салсан байна…  Шүрээ энэ удаа маш их харамсаж, өнгөрсөн амьдралаа, яагаад Батцогтоос салснаа, бас Эрдэнээ ямар төрхтэй болдгийг гээд бүгдийг эргэцүүлэн боджээ.  Олон жилийн өмнө Батцогт, Шүрээ хоёр хамт явж байгаад машин нь онхолдсон байна. Энэ үед Батцогт ямар ч бэртэл гэмтэл аваагүй бөгөөд Шүрээ гурав хоног ухаангүй байгаад сэргэхдээ:  - Эмээ, эмээ… Намайг битгий орхиоч би айгаад байна гээд их уйлжээ. Эмнэлгээс гарч ирэхэд нь Шүрээг хадам ээж нь угтан аваад,  - Миний охин азтай юм аа. Аваад явчих шахлаа шүү. Хүнд үзүүлсэн… Чи сахиусаа авч удган болох учиртай гэнэ хэмээсэн байна.  - Манай амьдралд тустай юм бол Батцогтыг бөө болгоё. Цаадахь чинь чадна. Би чинь сүсэг муутай, чадахгүй. Ингэж хэлээд хавьтуулаагүй ажээ.  Удаагүй байтал Батцогт, Шүрээ хоёрыг хадам ээж нь Хэнтий рүү авч явж нэгэн бөөгийнд зочилсон байна. Шүрээ “Засал хийлгэж, онгод сахиусыг аргадаж байна” гэж бодсоноос биш тэр хоёрыг үүрийн таван жингээр хөлдөж үхтэл хамт суулгахдаа  онгод, дуудлагыг солих буруу, хар үйл хийж буйг ойлгоогүй гэнэ. “Тэр үед Шүрээгийн онгод сахиусыг Батцогтод авахуулсан” гэдгийг хадмаас нь өөр хэн ч мэдээгүй байна. Хувь хүнээс болоод банкнаас авсан зээлээ төлөх гэж өөр бусдаас дахин дахин зээл авснаар өрийн сүлжээ нь аалзны тор шиг болсон Шүрээ хорих ялаар шийтгүүлжээ. - Би Батцогттой нэг оронд ороод хэвтэнгүүт л сонин юм болдог байсны учрыг сүүлд мэдсэн. Эрт мэдсэн бол засал хийлгэж, янзлуулаад нөхрөөсөө салахгүй байсан гэж Шүрээ ярьж байна. Тэр эр, эмийн харилцаанд орох гэхээр нөхөр Батцогт нь яг эмгэн шиг дуу хоолойтой, хэлж байгаа үг, илж, таалах нь хүртэл эмээ шиг болсон учраас бүсгүй нөхрөөсөө жигшиж, дайжин “Энэ ижил хүйстэн болчихож” гээд салсан ажээ.  Нөхөр нь ч “Би өөрийгөө ойлгохгүй байна…” гэхээс өөр юу ч хэлж чадахгүй явсаар тэд хоёр тийш болцгоож байжээ. Нэгэнт эмэгний талын хүчтэй онгодыг өөрт шингээсэн учраас Батцогт Шүрээг биеэсээ холдуулж чадахгүй байсны илрэл нь Эрдэнээ хүртэл төрхөө өөрчилчихдөг байснаар илэрсэн гэнэ. Тэгээд ч Шүрээгийн ойлгосноор, учир мэдэх бас нэг бөөгийн ярьснаар бол “Онгодоо аваагүй”, гэхдээ нөхөртөө шилжүүлснийг мэдээгүй нь Шүрээг их айхтар юмнаас аварчээ. Тиймээс шоронд орсноор түүнд үйлийг үүрүүлсэн гэнэ. Хэрэв Шүрээ өөрөө зөвшөөрч, онгодоо түлхсэн бол үхэх байсан аж.  - Би банкинд болоод хувь хүнд зээлж авсан мөнгөнийхөө бүх хүүг төлсөн. Тэгэхээр тэд хохироогүй, мөнгө нь өсч үржсэн байгаа биз. Яахав, шүүх хурал дээр хамгийн сүүлийн мөнгийг өгсөн. Боломж маань тийм байсан. Одоо ямар ч өргүй. Гэсэн хэдий ч зургаан жилийн хорих ял эдэлж байна. Энэ бол миний үүрэг ёстой үйл лай юм.  Миний эмээгийн ээж буюу эмэг эх маань эр хүн шиг авирладаг хүн байжээ. Тарвага зурам агнадаг, тэр байтугай өвлийн идэш хоолоо хүртэл өөрөө хийдэг байж. Уг нь миний эмэг ингэж явах ёсгүй их том онгод, хүчтэй сахиустай хүн байжээ. Гэвч тухайн нийгэм, цаг үедээ тэр хүн юун сахил авах, сахих, зүгээр л хар явсан нь өлзийтэй юм шиг санагдаад, ойлгоод ингэж нүгэл хурааж, үйл тарсан байна. Тэр үйл нь гурав дахь буюу тав дахь үедээ үүрэгдэх учиртай гэнэ. Тэгээд би эмэг эхийнхээ үйлийг үүрч яваа хүн. Энэ яриаг би зохиогоогүй. Мэддэг, чаддаг хүн зураг харж байгаа юм шиг хэлээд өгсөн. Би итгэсэн, итгэдэг. Энэ бүхнийг тоочиж ярьж байгаагийн учир нь “Аливааг тунгааж, ухаарч явахгүй бол хаана ч очиж унаж болох нь ээ” гэдгийг санаж, мэдээсэй гэснийх. Бид их юмыг хайрцаглаж, нууж, бас ихийг бөхөөж, үгүй хийсэн ард түмэн юм байна. Тиймээс цээр, цээрлэл бүхэн эргээд заавал ирж байна. Одоо хүүхдүүд, ялангуяа залуус ураг төрөл, удам угсаа, амьдрал болоод хүн байхын утга учрыг сайн ойлгож, ухаарах хэрэгтэй. “Сүсэгтэй, сүсэггүй”, “Санааных” гэдэг бол байж болохгүй “Санаа, заяа” хоёрыг бид хэнээр, хэнд яаж удирдуулах вэ гэдгээ сонгоно гэдэг чинь их утга байна шүү. Бусдын болоод далд хүч, төлгө төөрөгт итгэ гэсэн үг биш гэдгийг ойлгож байгаа биз дээ… хэмээн Шүрээ ярьж байна. Онгод сахиусаа хилэгнүүлж, гомдоосон гэх бүсгүйн яриа бас нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах шиг.  Эх сурвалж www.wikimon.mn  

Сансрын туннелийн орос хүүгийн сүнс...

Энэ түүхийг манай нэг найз ярьж өгсөн юм. Манай найзыг Дорж гэе л дээ. Үнэхээр худал юм ярьж байхыг нь үерхэж, нөхөрлөсөн цагаасаа огт үзээгүй. Гэхдээ үнэмшихэд бэрхтэй нэгэн түүхийг халгаж, халгаж ярьж өгснийг нь та нартай хуваалцая. Манай хүн Сансарт гэртэй. Тэндэхийн нэгэн байрны оршин суугч. Насаараа л тэнд амьдарч байгаа төрийн алба хаагч. Илүү дутуу үггүй, худал хуурмагт дургүй нэгэн. Гэхдээ л түүнд нэг ийм явдал тохиолджээ. Ингээд түүний ярьсныг сийрүүлье. ...Би ажлаасаа тараад хэдий бүрэнхий байсан ч алхахаар шийдлээ. Өдөржин ширээний ард сууж хөшсөн биеэ тэнийлгэх гэж тэр шүү дээ. Тэгээд Сансрын туннелийн доогуур явган замаар алхаж байтал нэг жаалхүүтэй таарав. Орос л болохоос ердийн л нэг жаал шиг харагдсан. Эхлээд тэр 14-15 настай гэмээр санагдсан. Ер нь тодорхой хэлэхэд хэцүү. Магадгүй, арай ахмад байсан болов уу. Яг насыг нь тодорхой хэлэх боломжгүй үе эмэгтэйчүүдийг харахад байдаг даа. Заримдаа Ганданд мөргөж байгаа эмэгтэйчүүд. Яг тийм. Тэр хөвгүүн бусад 70-80-аад оны хүүхдүүдийн өмсдөг шиг хувцастай. Сүүлд бодохноо л тийм байсныг анзаарсан. Гэхдээ түүнээс өөр юм миний анхаарлыг татсан юм. Айлгасан гэхэд болно. Эхлээд түүнтэй харц мөргөлдсөн санагдаж байна. Гэтэл нүд нь хов хоосон, яг үхсэн загасны нүд шиг. Түүнд ямар ч амьдын тусгал байсангүй. Яг л хов хоосон мэт. Би ийм юм амьдралдаа харж байсангүй. Цаашаа бүр долоон дор юм болсон. Түүнийг ойртох үед түүнээс ямар нэг муухай, өвөрмөц сонин үнэр үнэртлээ. Бүүр нэг хуучин хувцас хунар, эм тарианы үнэр шингэчихсэн мэт. Бас захын махны тасгаар орох үед үнэртдэг үнэр ч юм шиг. За, бүр зөнөчихсөн, гудамжны өвгөний үнэр шиг санагдаад явчихлаа. Гэнэт би хоромхон зуур яг л рентгенээр түүнийг харах шиг болов. Түүний дотор эрхтэн бүгд өмхийрч муудсан юм шиг харагдав. Ерөөсөө бүх холбоос нь тасраад ялзарч муудсан юм шиг харагдсан. Ялангуяа зүрх орчмоор нь. Тэнд яг л өт язганаад байгаа юм шиг ямар нэгэн юмнууд арвалзаж байв. Би барьж явсан цүнхээрээ ширвээд хариугүй л “Түй” гээд нулимчихсангүй. Гэвч тэр надад ямар ч анхаарал хандуулсангүй. Урдахаа харахгүй байгаа юм шиг л чигээрээ алхаж байлаа. Би яг л үхээд өмхийрсөн малын сэг зэмний хажуугаар гарах мэт болсон. Харин түүнийг нэлээд холдсон хойно л агаар жаал цэвэрших шиг болсон доо. Сандарсандаа би тамхи асаагаад түүний явсан зүг хартал юу ч байхгүй болчихсон байв. Сансрын туннель дор ганцаараа алхахдаа ийм жихүүдэс хүрэм зүйлтэй учирч явсангүй. Гэртээ ороод аймаар ядарч туйлдсан, бас хоолоо халбагадах тэнхэлгүй болсноо анзаарсан.  Яг л хамаг эрчим хүчээ соруулчихсан юм шиг. Харин бодоод байхнээ тэр хүү тухайн үеийн орос сургуулийн дүрэмт хувцастай байсан санагдаж байна... Дорж ийнхүү ярьсан юм. Социалист нийгмийн үед Улаанбаатарт олон л оросууд байсан. Бас, мэдээж хүүхдүүд. Гэхдээ туннелийн барилга баригдаж байхад дээрээс том төмөр унаж, доогуур тоглоцгоож байсан орос, монгол хүүхдүүдийн нэгнийг нь онож, амийг нь хөнөөсөн гэдэг бил үү, нэг тийм юм сонсож байснаа Дорж ярьж дууссан хойноо санаж билээ. С.Мандах Эх сурвалж www.wikimon.mn  

Зүүдний тухай сонирхолтой баримтууд

Бүр эрт дээр үеийн хүмүүст зүүдийг тайлбарлах шаардлага байсан бөгөөд тиймээсзүүд нойрыг тайлбарладаг анхны хүмүүс гарч ирсэн биз. Тэр үед аливаа бодит байдалд итгэж, тиймээс зүүд болон бодит амьдрал хоёрыг зааглаж чаддаггүй байж. Бүх зүүд хүмүүсийн амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэдэгт тэд итгэж, тиймээс зүүд нойрыг тайлбарлах гэж оролддог болсон байна.Эртний Египетэд хүмүүс зүүдийг онцгой анхаарч, тэр ч байтугай зүүдийг ивээгч бурхададзориулан сүмийн цогцолбор ч барьж байжээ. Ийм цогцолборуудад тусгай тайлгач нар буюу хүний зүүдийг манагчид ажиллаж, хүн бүрийн биш, харин зөвхөн нэр цуутай хүний зүүдийг тайлбарладаг байж. Энэ тайлгач нарзүүд бүрийг тайлбарлаж, чухамхүү тиймээс зэгсний цаасанд зүүдний анхны тайлбарыг бичиж байжээ. Сүмд зүүдний ийм тайлбарыгбас л дээдсийн хүрээллийнхэнуншдаг байсан байна. Гэвч Дундад зуун гарахад, зүүдэнд хандах хандлага эсрэг тийшээ өөрчлөгджээ. Тэр үед сүм хийд асар их нөлөөтэй болсноор зүүдний тайлбарт дургүй болж, түүнийг шулмын гар хөл хэмээн нэрлэж, зүүдлэх үед шулам өөрөө хүнийг эзэмддэг хэмээн тайрбарлаж байжээ. Сүүлд нь сүм хийдийн нөлөө суларч ирэхэд, зүүдний тайлал хэрэггүй гэсэн бодол хүмүүст төрж, улмаар түүнийг зүгээр л ямар нэг чимээ шуугиан хэмээн үзэх болж, харин шинжлэх ухаан, сэтгэл судлалын ертөнцөд Зигмунд Фрейд гарч ирснээр зүүдэнд хандах хандлага дахиад л эрс өөрчлөгдсөн байна.Харин Фрейдийн зүүдний тайлбарыг хүмүүс өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа. Харин өнөөгийн ертөнцөд зүүд тайлбарлагчид маш олширч, ингэснээр луйварчид үүнийг далимдуулан, элдэв буруу тайлбархийх болж байна. Тийнхүү одоо зүүдний тухай зарим сонирхолтой баримтыг танилцуулая: 18 өдөр 21 цаг 40 минут – энэ бол өөрийн төрөлдөө Гиннесийн номд орсон цорын ганц дээд амжилт буюу тодруулвалхүний зүүдлээгүй дээд хугацаа гэнэ. Зүүдлэхдээ хүн ямар нэгэн өвчин тусч байгааг урьдчилан мэдэж болдогийг анагаах ухаан нотлосон бөгөөд жишээ нь, хэрвээ цээжээр өвдөж байна гэж зүүдлэвэл, энэ ньгуурсан хоолойн үрэвслийн шинж тэмдэг мөн. Олон хүн хар-цагаан өнгөөр зүүдлэдэг, ийм зүүд нь 20 орчим %-ийг эзлэдэг, хараагүй хүмүүс ч зүүдлэдэг. Ерөөс бүх хүн зүүдлэдэг, зарим хүн зүүдээ мартаж, юү ч зүүдлээгүй хэмээн мэлздэг. Сомнифобия гэдэг ньзүүдлэхээс айдаг хүмүүсийн айдас юм. Төгсгөлд нь дурдахад, 8 цаг биш, харин 6-7 цаг унтах нь илүү ашигтай гэдгийг судалгаа нотложээ.  

​Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун болгон өөрчлөх төслийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун болгон өврчлөх тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх, эсэхийг дэмжлээ. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлээд буй. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог бөгөөд дэлхийн өвд нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчид Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг дурджээ. Тиймээс Хэнтийн нурууны далайн түвшнээс дээш 2361.5 метрт орших Хэнтий Хан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж уг төслийг хэлэлцүүлж буй юм. Энэ хүрээнд тус газар нутгийн хадгалалт, хамгаалалтын асуудпаар шинээр ямар нэг бүтэц байгуулахгүйгээр Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулахаар тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн олонх нь уулын нэрийг өөрчлөх нь цаг үеэ олсон асуудал мөн, эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж байсан ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Засгийн газрын тогтоолоор 2013 онд Бурхан Халдуныг “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг, олон арван эрдэмтэн, суддаачийн уйгагүй хүчин чармайлтаар Бурхан Халдун уулыг дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Улмаар Дэлхийн өвийн газрын өмнө хүлээсэн үүргийн дагуу биД менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуулан, нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс газрын зурагт тэм- дэглэгдээгүй Бурхан хадцун уулыг тэмдэглүүлэхийн тулд Хэнтий хан гэдэг нэрийг өөрчлөх шаарддагатай байна” хэмээн учирлав. Мөн гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ ажлыг бид арван жилийн өмнөөс хөөдөлдсөн. Хан Хэнтий нуруунд Их, Бага Хэнтий гэж бий. Бага Хэнтий нурууны оргилыг Асралт хайрхан гэж нэрлэдэг. Их Хэнтий нурууны оргилыг монголчууд эртнээс Бурхан Халдун гэж нэрлэж ирсэн. Хуучнаар ЗХУ-д Монголын газрын зургийг хийлгэхдээ Бурхан Халдун уулын нэрийг тавилгүй, Хэнтий хан уул гэж тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Хан Хэнтий нурууны нэршлийг тэр чигээр нь өөрчлөхгүй, нэг оргилынх нь нэрийг сэргээх гэсэн хэрэг” хэмээн гишүүдэд тайлбарласан юм. Улмаар тус төслийг хуралдаанд оролцсон гишүүд зуун хувь дэмжив. 

Хуудаснууд

Subscribe to Далд ертөнц