logo

logo.jpg

Advertisement

Гадаад мэдээ

АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочилсон нь Монгол бөөгийн түүхэнд онцгой үйл явдал боллоо.

Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2225 жил өнгөрчээ. Чухамхүү энэ ойн жил АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочиллоо. Энэ бол сүүлийн хэдэн зуун жилийн туршид Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон анхны нэр хүндтэй зочин болж байгаараа онцгой үйл явдал юм.   Хүндэт зочин АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галтыг Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, барга, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаа, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайхан, Монгол бөөгийн тэргүүн удган Н.Мягмарсүрэн, Монгол бөөгийн зайран Г.Ялалтбаатар, Монгол бөөгийн удган Б. Солонго, Монгол бөөгийн удган Г.Балжмаа нар угтаж авлаа. Мөнх тэнгэрийн шүтээн, Монгол бөөгийн онгодын өргөөгөөр АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галтыг ороход Монгол заншилаар хүндэт зочиндоо мөнгөн аягтай сүү, цагаан хадаг барин угтлаа. Хүндэт зочиныг суудалдаа морилонгуут Морин хуурын гайхамшигт эгшигээр гэрийн онгод, зочиндоо аялгууны дээжээ өргөлөө. МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Мөнх тэнгэр шүтлэгийн түүхэн уламжлал” сэдвээр танилцуулга хийлээ. Танилцуулгадаа “Дээд буурлууд Хүннү, Сүннүгийн үеэс тэнгэр үзэл төлөвшин цэцэглэж, их эзэн Чингис хааны үед хөгжлийнхөө дээд төвшинд хүрч тэнгэрийн “Улаач” нар монголын төрд их хүчээ өгч байсан түүхэн уламжлалтай. Монголчууд хамгийн хүчирхэг байх үедээ мөнх тэнгэрийн хүчийг төр нь ашиглаж байсан баялаг туршлагатай. Мөнх тэнгэрийн үзлийг төрийн төвшинд шүтэж эхэлсэний 2225 жил өнгөрчээ. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг нь цаг хугацааны хүнд хэцүү сорилтыг даван өнөөг хүрч ирсэн түүхтэй. Тэрхүү түүхийн онцлог мөчүүдийг танилцуулагдаа дурьдав. 2012 онд МБНЭ-ийг Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгтэн нар болон бөөгийн холбоо, нийгэмлэг, академи, төв зэрэг 80 гаруй байгууллагууд нэгдэн байгуулсан билээ.          Өнөөдөр Монголчуудын 14,6% нь мөнх тэнгэрийн үзэл бөө мөргөлөө шүтэх болжээ. МБНЭ нь 20 гаруй мянган тэнгэрийн улаач нарыг багтаасан, хорин нэгэн аймагт бөөгийн хүрээлэн, сумдад зөвлөл байгуулан үйл ажиллагаа явуулж байна. МБНЭ нь Дээд цэцийн хуралдайгаа сар дутам тогтмол хийж, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх бодлого, чиг хандлагаа боловсруулж хамтын шийдвэр гарган ажилладаг. Бид Монголын бөөгийн байгууллагыг хөгжүүлэх 15 жилийн хугацаатай стратеги төлөвлөгөө баталж, түүнийгээ шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр жил бүрийн төлөвлөгөөндөө тусган ажилладаг. МБНЭ-ийн бага хуралдайг 10 гаруй удаа, Дээд цэцийн хуралдайн хуралдааныг 40 гаруй удаа хийж,  Бөөгийн ёс зүйн баримт бичгийг хэлэлцэн батлаж, бүх бөө мөрдөж ажиллахаар болсон. Монгол бөө нар шалгуур үзүүлэлт хангасан нөхцөлд Монгол бөөгийн цол, хөдөлмөр бүтээлийг үнэлж, баталсан журмын дагуу шагнал олгож байх шийдвэр гаргасан байна. МБНЭ нь Монгол үндэсний язгуурын шүтлэг болох бөө шүтлэгтэнгүүд хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол бөөг таниулан сурталчлах, бөөгийн төв байгууллагын үндэсийг тавих, салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлж ажилладаг.     МБНЭ-ээс дэлхийн Монгол туургатны төв болсон Ноён уул, Монголын бахархалт хайрхан, зүрх уул Бурхан халдун, Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймгийн Цэнгэл хайрхан, Монголчуудын тулгуур болсон хөл уул Дорнод аймгийн Хөх уул, Өмнийн хаалт болсон 33 их говь, Монголчуудын хоймор болсон Хөвсгөл нуурын, Монголын түүхийн салшгүй хэсэг болсон Хар зүрхний Хөх нуурт Нэгдсэн их тахилгуудад зохион байгуулж, 200-4000 тэнгэрийн “Улаач” нар оролцжээ.   МБНЭ-ийн дэргэд “Залуучуудын байгууллага” үүсэн байгуулагдаад удаагүй байгаа ч “Тэнгэрлэг залуус” аяныг амжилттай зохион байгуулж, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууд, алслагдсан дүүргүүдийн амьдралын боломж бололцоо тааруу, хайр халамж дутагдаж байгаа өрх толгойлсон эмэгтэй, өндөр настай азай буурлууд, эмнэлэгт урт хугацаагаар хэвтэж буй хүнд өвчтөн, сахиж байгаа эцэг эхчүүдэд сэтгэлийн өргөл болгон түлээ түлш, хүнсний бараагаар туслалцаа үзүүллээ. Нийт 600 мянган мод болон модлог ургамал тарих ажлыг зохион байгууллаа. МБНЭ нь дэлхийн 42 орчим улсын бөөгийн байгуулагууд, бөө нартай хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж байна. Монгол туургатан болсон Тува, Буриад, Халимаг болон Өвөрмонголчууд, барга, хорчин, цаатан, Шинжаны монгол ястнуудтай хамтран ажиллаж байна. МБНЭ-ээс Мөнх тэнгэрийн үзэл санааг сурталчилсан уран сайханы кино 1, баримтад кино 35, Монгол бөөгийн ёс зүйгээр 6 удаа, Монгол бөөгийн түүхэн уламжлалт ёсоор авч яваа удган, зайран нар, манай ахмад, дунд үе, залуучуудын тухай нэвтрүүлгийг 28, дагнасан концерт 2 удаа тус тус зохион байгуулсан байна. Бид цаашдаа гурван асуудал дэвшүүлэн ажиллаж байна. 1. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, 2. Нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн музейтэй болох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд олон жил болж байна.” гэв.   АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галтын сонирхосон асуултад оролцогчид хариулж, зарим зан үйлийг дүрс бичлэгээр сонирхуулав. Энэхүү зочлол Монгол соёлын үнэт өв болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн талаар харилцан ойлголцол, цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой боллоо. Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардууллаа.   АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт МБНЭ-ийн удирдлагуудын урилгыг хүлээн авч өдрийн хүндэтгэлийн зоогт оролцсоноор зочлол өндөрлөв.     АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт Монгол бөөгийн төлөөлөлтэй дурсгалын зураг авахууллаа.                                     Д.Хүрэлбаатар        

ЦЭЦГИЙН БАЯР ТЭМДЭГЛЭВ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэцгийн баярын арга хэмжээ Төмөр замын соёлын ордонд болов. Хэдий Улаанбаатар хотод хүйтний эрч нэмэгдэж, хасах градус зааж байсан боловч улаан цэцгийн дунд баярын арга хэмжээ болж байгаа нь содон байлаа. Арга хэмжээнд Монгол Улсын төрийн өайгууллагын төлөөлөгч нар оролцлоо. Баярын арга хэмжээнд БНАСАУ-ын Элчин сайд, соёл урлагын төлөөлөгчид оролцож уран бүтээлийн тоглолт боллоо. Уг арга хэмжээнд МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчдийн бүхэлдэхүүнд Монгол бөөгийн зайран Цагаанхүү, Одбаяр, Монгол бөөгийн удган О.Болормаа, Сарантуяа нар багтсан байна. Кимирсен гэж нэрлэгдэх цэцгийн үзэсгэлэн жил бүр уламжлал болон зохиогдож байгаа. Энэхүү цэцгийн үзэсгэлэнг 1998 оноос хойш «Улс үндэстний нар» бол­сон Ким Ир Сений төрсөн өдөрт зориулан жил бүр зохион бай­гуулдаг. БНАСАУ бол ЗХУ-ын дараа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон манай эртний найрамдалт орон. Солонгосын ард түмний жолоодогч Ким Ир Сен болон Монгол Улсын үе үеийн удирдагчдын үндэс уурийг нь тавьсан манай хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь БНАСАУ Монгол Улстай харилцах “ЖҮСӨНЬ” нийгэмлэгийг үүсгэн санаачлагч бөгөөд Солонгосын Нийгмийн Ухааны Эрдэмтнүүдийн нийгэмлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан юм. Сүүлийн жилүүдэд дээд, өндөр болон бусад түвшинд явагдаж ирсэн улс төрийн яриа хэлэлцээний үр дүнд харилцан ойлголцол нэмэгдэж, хамтын ажиллагааг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчилж хөгжүүлж байна. Ардчилсан Солонгос Улсад хаврын цэцгүүд дэлгэрсэн 2015 онд МБНЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод баярын арга хэмжээнд оролцож байсан билээ. Төлөөлөгчид Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшигийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатаны хөшөөнд хүндэтгэл үзүүлж бөөлөх ажиллагаа амжилттай болсон билээ.                                                 Б.Алдармаа    

АНУ-ЫН ЭСЯ-Д ШАШИНЫ ТЭРГҮҮНҮҮД ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХИЙВ.

Энэ өдөр АНУ-ын ЭСЯ-д МБНЭ, Буддагийн шашин, Христ, Ислам, Үнэн алдартны шашин, Ватиканы шашины тэргүүнүүд цуглаж, Монгол дахь шашины үйл ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа.             Уулзалтанд оролцогчид шашины тухай илтгэл оруулах саналын түвшинд санал бодол, тулгамдаж байгаа асуудлуудаа хөндөн ярилцлаа. Уулзалтад оролцсон бүх тэргүүнүүд энэ онд хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагаа, хууль зүйн орчинг өөрчлөх болсон шалтгааныг хөндөж байлаа.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Шашин бол нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд оролцож төрийн ачааллийг хугаслаж байдаг маш чухал хүчин зүйл. Харамсалтай нь цаг зуурын асуудалд илүүтэй анхаарч манай төр харалган ажиллаж байна.              Шашины асуудлыг хариуцсан төрийн байгууллагын албан тушаалтан 4 жил дутам сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөж байдаг нь шашины талаар бодлого боловсруулах, хууль эрх зүйн байдлын өөрчлөлт гаргахад түвэг учруулсаар өнөөг хүрчээ. Энэ талын хуулиуд олон жил дуншиж гарч чадахгүй 10 гаруй жил өнгөрлөө. Асуудлыг сайн мэдэхгүй хүмүүс хууль гаргавал нэн хортой үйл явдал болно.             Дэлхий нийтээр анхаарал татсан үйл явдлын нэг бол Турк улсад төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгагдаад байгаа тэрслүү сөрөг үзэлтэн, исламын номлогч Фетхуллах Гюллений холбоотой сургуулиудыг Туркийн Ерөнхийлөгч Эрдоган хаах арга хэмжээг авсаар байна.             Гюллений сан нь дэлхийн 120 гаруй оронд 1000 гаруй сургууль, Турк улсдаа 300 гаруй сургуультай аж. Сангаар дамжуулан оюутан сурагчдыг солилцооны хөтөлбөрөөр өөр орнууд руу сургадаг аж. Эдгээр сургуулиуд нь шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт толгой цохих боловсон хүчин бэлтгэдэг гэдгээрээ боловсролын салбарт дээгүүр бичигддэг бөгөөд исламын шашны үзэл суртлыг далд хэлбэрээр сурталчилдаг гэжээ. Нью-Иорк таймсд бичсэнээр Гюллений сан нь боловсролын томоохон сүлжээ болсон хэмээжээ. Гэтэл үүнийг Монгол Улсад Туркын террорист үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хүмүүс байна гэж ерөнхий мэдээлэл цацаж байгаа нь нэн аюултай юм. Олон жил тайван амгалан явсан Монголд исламын шашиныг терроризмтай холбон ерөнхий байдлаар хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Шашин шүтлэгийн эрх чөлөөг террортой холбож болохгүй.             Хүн амын дунд бөө шүтлэг 20 хувьд хүрч олон мянган бөө нар үйл ажиллагаа явагдаж байгаа энэ үед нийгмийн захиалгаар Бөөгийн нэгдсэн байгууллага үүсж, үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Бусад шашины байгууллагыг бодвол манай байгууллага материалаг баазын хувьд ядуу байна. Гэхдээ энэ бүх бэрхшээлийг даван туулж монгол бөө хөгжинө гэдэгт итгэлтэй байна.” Гэлээ.             Монгол дахь шашины тэргүүнүүд тогтмол уулзаж асуудлаа ярилцаж байхаар тохиролцоонд хүрлээ.                                                                                 Б.Банзрагч                      

БӨӨ ШҮТЛЭГИЙГ ҮНЭ ЦЭНЭГҮЙД ТООЦДОГ БОЛОЛТОЙ

 Дулааны улирал эхлэнгүүт монголыг зорьсон жуулчдын цуваа хөвөрдөг. Монголын нүүдлийн соёл иргэншил тэднийг соронзон мэт татдаг. Энэхүү соёл иргэншлийг тээж яваа хөдөөгийн эгэл жирийн ардууд, малчдын амьдрал өвөрмөц содон билээ. Алс холын нутгийн малчдын амьдрал, мал аж ахуйн цоголгоог үзээд явахад суурин амьдрагсадад сонин сайхан санагдана. Түүнээс гадна монголын онгон байгаль тэдний үзэх дуртай зүйл болжээ. Хүн төрөлхтөн даяаршлын эрин зуунд байгаль дэлхийгээ хамгаалах нь тулгамдсан асуудал болжээ. Гэтэл эрт үеээс монголчууд байгалиа онголон хамгаалж ирсэн зан үйлүүд тэдний анхааралд орсон байна. Хүн байгалийн хүйн холбооны нарийн нандин зүйлийг тэд ихээхэн анхааран судлах болжээ. Монголын түүхийн дээд буурлууд болох Хүн гүрнээс Эзэн Чингис хааны үе хүртэл түүний дараах үед гадаадын түрэмгийлэлийн эсрэг ард олны оюун санааны үзэл санааг зэвсэглэн босгох түүхэн үүргийг хүлээн тэргүүн эгнээнд зогсож байсан хүмүүс бол Төр, нийгэм, байгаль хүйн холбоонд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Монголчуудын нэрлэснээр Тэнгэрийн “Улаач” нар буюу бөө нар байсан билээ. Монголд ирсэн жуулчдын нэг хэсэг нүүдлийн соёл иргэншлийн суртал, сургааль болсон Хөх мөнх тэнгэрийн үзлийг судлах болжээ. Мөнх тэнгэрийн сургааль бол зөвхөн Монголчуудад зориулагдсан үндэсний онцлогыг өөртөө нэвт шингээсэн үзэл билээ. Чухамхүү энэхүү сургаалийг төрийн түвшинд шүтэж байхдаа Дэлхийг эзэлсэн том гүрнүүдийг байгуулж, олон улсыг хамарсан эдийн засаг, нийгэм, улс төр, дипломат, цэрэг дайны бодлогыг хэрэгжүүлж хүн төрөлхтөнд мөрөө гүн үлдээсэн түүхтэй. Энэ түүхийн улбааг өнөөгийн дэлхий нийт анхааран эргэж судлах болжээ. Тэгээд МБНЭ-ийг зорьж ирэх нь олширлоо. Тэдэнтэй уулзаж байхад Мөнх хөх тэнгэрийн үзэл санаа, бөө мөргөлийн зан үйлийг үнэ цэнэгүйгээр үзэх сонирхол хэт давамгайлах боллоо. Ийм байдал хавтгайрах шинжтэй. Үүнд монголчууд бидний тархай бутархай, эв нэгдэлгүй, амин хувиа хичээсэн байдал шууд нөлөөлж байна. Монголчуудын энэ байдалд тэдэнд хэтэрхий давуу талыг өгч байна, цаашид ч өгөх шинжтэй. Байдлыг харж байхад Монгол бөөгийн түүхэн уламжлалаа авч яваа улаач нар одоогоор хараахан хамрагдаагүй байна. Хамрагдсан ч тэдэнд юугаа харуулахаа сонгож чадаж байна. Олон жишээнээс нэгийг дурдая. Саяхан МБНЭ-д хоёр АНУ-ын иргэн ирж уулзсан юм. Тэд бөөлж байгаа удган, зайрангийн зураг авахаар яваа ажээ. Тэдэнтэй хийсэн уулзалтын ярианаас үзэхэд тэдэнд зориулж бид ямар ч үнэ цэнэгүй, тэдний хүссэнээр бөөлж зургаа авахуулах ёстой болов. Монгол бөөд бүх зүйл үнэ цэнэтэй гэдгийг бид тэдэнд тайлбарлан ойлгуулсаны дараа тэд үнэлгээгүй бөөлөх бөө монголоор нэг байгаа гэж анхааруулаад гарч одсон юм. Тиймээ, Монголчууд, монголоор нэг байгаа бөө нар гадаадынханыг ийм зүйлд сургаж байгаа бололтой. Хаана ч очсон хэсэг бүлгээрээ аялан яваа бөө нартай таарч болно. Тэдний зургийг ямар ч үнэ цэнэгүйгээр авч болно. Бусдын зүйл, цаг хугацаа, үйл хөдөлгөөн үнэ цэнэтэй, харин бидний гэх зүйлүүд ямар ч үнэ цэнэгүй юм гэж үү.  Бид нэгдсэн нэг байгууллагад зорилго чиглэлтэй хамтран ажиллаж, тодорхой бодлоготой, хэтийн болон ойрын төлөвлөгөөтэй хамтран ажиллаж байж, даяаршлын эринд оюун санааны салбар дахь гадны “довтолгоон”-ыг сөрж зогсож, Монгол дархлааг хамгаалж, үндэстнээ авч үлдэх зам мөрийг зааж, ирээдүйд хүчирхэг Монгол Улс байгуулах, мөнх хөх тэнгэрийн үзэл санаа Монголд баттай ялах цаг үеийг авчирч чадна. Тийм цаг үе ирнэ гэдэг би итгэдэг. Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр нь ивээн тэтгэдэг тийм сайхан хувь заяатай, дэлхийн олон үндэстний дотор цөөхөн заяасан хувь тавилантай хүчирхэг ард түмэн.             Д.Жаргалсайхан               

ЭРЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БА МБНЭ-ИЙН САЛБАР АЖИЛЛАЖ ЭХЛЭВ.

БНХАУ-ын Эрээн хотын баруун дүүрэгт олон улсын үзэсгэлэн худалдаа болж өнгөрөв. Шинэ дүүрэг буюу шинэ Эрээн хотын хэсэгт байгуулагдсан шинэхэн барилгад  энэхүү олон улсын үзэсгэлэн  худалдааг зохион байгуулжээ. Төв хаалганы хэсгийг улаан өнгийн хэвсээр битүү хучиж, хаалганы дотно хэсгийг хүндэтгэлийн туузаар чимэглэсэн харагдана. Төв хэсэгт үзэсгэлэн худалдааны онцлогыг тусгасан Монгол гэр, ахуйг харуулсан өвөрмөц цогцолбор байгууламжийг хийжээ. Төв хэсгийн баруун талд БНХАУ-ын худалдааны байгууллагууд байрлаж, өөрсдийн авчирсан бүтээгдэхүүнүүдээ сурталчилж, тайлбарлана. Олон байгууллага оролцсон нь илт байлаа. Харин зүүн хэсгийг ОХУ-ын байгуулагуудад зориулан байгуулсан нь төв байгууламжаас нь тодорхой харагдана. Оросын талаас оролцоо муу байлаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Монголын талаас олон байгууллага ач холбогдол өгч идэвхитэй оролцсон байна. Манай хувийн үйлдвэрлэл эрхэлдэг олон чиглэл өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж сурталчилж байгаа нь харагдана. Арьсан бүтээгдэхүүн, мөнгөн эдлэл, үндэсний дээл гээд олон эд зүйлс нүд хужирлана. Манайханы худалдаанаас хүнсний бүтээгдэхүүн, тэр дотроо махан бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ их, гүйлгээ сайтай, олон хүн бүчсэн харагдана.  Манайхтай зэрэгцээд арабын худалдаачид наймаагаа дэлгэжээ. Тэд голдуу гар урлалын зүйлс дэлгэн тавьсан харагдана билээ. Модоор ахуй хэрэглээний  олон зүйлсийг хийж тавьжээ. Бид энэхүү үзэсгэлэнг үзэхэд бараг 2 цаг зарцуулсаныг үзэхэд нилээд өргөн хэмжээний худалдаа зохион байгуулсан байна. Энэ өдөр бас нэг үйл явдал болсон нь МБНЭ-ийн салбараа Эрээн хотод байгуулах эхлэл тавьсан явдал байлаа. Харин суурин төвөө хэрхэн байгуулж ажиллуулах, хүмүүст хүргэх талаар саналаа нэгтгэж чадав. Өнгөрсөн жилүүдэд МБНЭ-ийн үйл ажиллагааны талаар өвөрмонголчууд суурь мэдээлэлтэй болж чадсан байна. Тиймээс үйл ажиллагаа эхлэхэд нөхцөл боломж бүрджээ. Эрээн хотод ажиллах анхны томилолтыг Хөвсгөлийн аймгийн харьяат, Монгол бөөгийн тэргүүн удган Цэцгээ гүйцэтгэлээ. Тэрээр зөвхөн Эрээн төдийгүй түүний эргэн тойронд орших хэд хэдэн газарт ажиллах юм. Бидний Эрээнд салбараа байгуулах, үйл ажиллагаагаа эхлүүлэх эхний зорилт ажил хэрэгч боллоо. Хийх ажил их бий. Монгол үндэстэнгүүд хамтын зүтгэлээр мөнх тэнгэр үзэл хаа сайгүй дэлгэрэн хөгжиж байна. Түүний нэг илрэл МБНЭ-ийн үйл ажиллагаа Эрээн хотод эхлэлээ тавьлаа. Энэхүү ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан биечлэн оролцож, цаашид хийх ажлын талаар тодорхой чиглэл, зөвлөмж өглөө. Мөнх тэнгэрийн үзэл санаа, Монгол бөөгийн шүтлэгийн зан үйлд хил хязгаар үгүй билээ. Монгол үндэстэн хэн боловч Мөнх тэнгэрээ шүтэж явахад амьдрал нь үргэлж дээшээ цэцэглэн дэвших болно.                                     Д.Хүрэлбаатар  

​ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Эрээнээс Хөх хот руу онгоц цагтаа нислээ. Өндрөөс газрын өнгийг шинжэхэд бороо хур ихтэй ч газартаа ус шингэц муутайгаас ногоо муу гарчээ гэж хэлж болохоор байлаа. Шинэ нисэх онгоцны буудалд газардахад үд дундын хурц нар биднийг угтлаа. БНХАУ-ын Өвөрмонголд Монголын бөө нар хамтран ажиллаад цөөнгүй жилүүд өнгөрчээ. Одоо Хөлөнбуйраас, Баяннуур, Алша, Шинжаны уудам нутагт амьдран суугаа Монголчуудын дунд бөөгийн уламжлалт зан үйл тасраагүй өнөөг хүрч ирсэн гэж үздэг.  Эдгээр нутагт амьдраг суугаа Монголчууд голдуу Хамилган бөөгийн төрөл болох хэлбэрүүд Хорчин бөөгийн зан үйл хийх нь анзаарагддаг. Энэ бөөгийн хэлбэр нь Буддагийн шашины зан үйлтэй ихэд холилдсон хэлбэр билээ. Тиймээс зарим хүмүүст энэ нь бөөг Буддагийн шашинтай олон үйлээр хольж хутгахад хүргэдэг. Нөгөө талдаа буриад бөөгийн зан үйлүүд ихэд орсон нь анзаарагддаг. Ойрын жилүүдэд Монголд бөө эрчимтэй хөгжсөний адил Өвөрмонголд бөө эрчимтэй хүрээгээ тэлж байна. Энэхүү хөгжилд хувь нэмэрээ оруулж байгаа “Улаач” нарын үйлийг дэмжүүштэй. Гэхдээ олон сайн зүйлийн зэрэгцээ муу үйл дагалдаж байдгийн адил анхаарал татсан асуудлууд байна. Хэдэн жил дараалан уул овооны тахилга зохион байгуулах талаар зайран Д.Бямбадоржийг урьж аваачин зан үйл хийсэн сурагтай. Тэндээс суралцан бас өвөрмонголын нутгийн уламжлалаас оруулан уул, хайрхан тахих нэгдсэн ойлголт бий болгохыг оролдож буй ажээ. Түүнчлэн хэд хэдэн удган хүлээж авч хамтран томоохон хайрхадыг тахисан тухай яригддаг. Мэдээлэлд анхаараад үзэхээр энэхүү тахилгуудыг хийсэн манай удган, зайрангууд уламжлалт арга хэлбэрээс илүүтэй өөрийн тахидаг арга хэлбэрээр хийсэн  харагдана. Сүүлийн үед бөөгийн уг барьж, шинэ бөө төрүүлэх талаар эрчимтэй ажиллаж байгаа удган, зайран, тэдний дотор нэг гэр бүлийн хоёр удган зайран ч байна. Хурцжавхлан багшийн шавь нараас цөөнгүй “Улаач” хилийн гадна ажиллаж байна.  Энэ бүхэн бөөг түгээн хөгжүүлэхэд түрлэг болж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа арга бэлэгийн хувьд анхаарал зүйл багагүй байна. Монгол бөөгийн нэр барин бөөгийн занүйл хийж, бусдыг хууран мэхэлсэн тохиолдол ч байна. Монгол бөөгийн хувьд нэгдсэн ойлголт, үр дүнд хүрээгүй байгаа өнөө үед хувь “улаач” нар дээр тулгуурласан бөөгийн хамтын ажиллагаа явагдах нь илүү үр дүнтэй байна. МБНЭ гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар анхаарч ажиллаж байсан. Гэвч тодорхой хүмүүсийн амиа бодсон ажиллагаа хамтын бөгөөд багийн “тоглолт”-ыг нураасан түүхтэй. Энэ талаар сүүлд тодорхой, дэлэгрэнгүй бичих болно. Зуны дэлгэр улирал эхэлж, халуу дүүгсэн энэ өдрүүдэд Өвөрмонголын Хөх хотод хэд хэдэн уулзалтууд хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалт бүр өөрийн онцлогтой байж, шинээр сонгогдсон УИХ-аас байгуулагдсан Монголын Засгийн газрын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байгаа төрх харагдана. Уулзсан жирийн өвөрмонгол иргэд, хүмүүс ч хамтын ажиллагааны тухай их сонирхоно. Энэ бүхнийг хамтын ажиллагааны чиглэлд байдал сайжрах болов уу гэсэн горьдлого тээсэн сонирхол болов уу гэж хувьдаа дүгнэж явлаа. Өвөрмонголд байсан энэ хэдэн өдрүүдэд ширүүн аадар бүхий, аянга цахилгаантай, устай бороо орсон, дараа нь хурц нар шарсан өдрүүд байлаа. Хэдий эдийн засгийн хурдац саарч байгаа гэж бичигдэж байгаа ч Өвөрмонголын хөгжил эрчимтэй, хурдтай явагдаж байна.                         Д.Хүрэлбаатар

АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ГАЛТ,МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАНТАЙ УУЛЗАВ

   2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн шинээр томилогдож ирсэнтэй холбогдуулан оройн хүлээн авалт хийсэн юм. Хүлээн авалтын үеэр АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хадагтай Женифер Зимдал Галт, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж ярилцав.         АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хадагтай Галттай, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ярилцах явцтай түүхийн олон зуун жилийн хүнд замыг туулсан, түүхэн уламжлалт Монгол бөөгийн тухай тайлбарласан юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хадагтай Женифер Зимдал Галт АНУ-ын ЭСЯ-аас Монголын төрийн байгуулагуудтай хамтран хийсэн болон нийгмийн социологийн судалгаанд үндэслэн Монгол бөө мөргөлийн өнөөгийн нийгэмд эзэлж байгаа байр суурийг бодитой тодорхойлж, “Дэлхийн шашины тухай” илтгэлд оруулж, департаментадаа танилцуулан, улмаар дэлхийн 200 орчим улсад үндэсний хэл дээр орчуулан тарааж, таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Тиймээс АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хадагтай Женифер Зимдал Галтыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын соёлын олон мянган жил уламжлагдан ирсэн, үнэт өв болсон Монгол бөөгийн өргөөнд зочилж, бөө мөргөлийн өнөөгийн хөгжлийн байдалтай танилцахыг урьсан юм.             АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хадагтай Женифер Зимдал Галт  урилгыг хүлээн авч холбогдох ажилтнууддаа үүрэг өгч, Монгол бөөгийн өргөөнд ойрын хоёр сард багтаж зочилохоор боллоо.                                     Б.Банзрагч

АНУ-ын судлаач залуутай уулзлаа.

Дээд элэнц, өвөг дээдсээс уламжилж ирсэн Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн үйл ажиллагааг гадаадын судлаачид сонирхон судалсаар олон жил болж байгаа билээ. Энэ ажиллагаа сүүлийн жилүүдэд улам идэвхжих болсон.             Энэ удаагийн уулзсан судлаач бол АНУ-аас ирсэн Брайн Жони юм. Судалгааны ажлын талаарх товч танилцуулга хийлээ. Тэрээр “Би Монголд бөө мөргөл болон уул уурхайн хоорондох зөрчилдөөний талаар судалгаа хийж буй юм. Миний судалгаа хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь Монголын Бөө, улаач нарын мэдэгдэж байгаагаар Ноён Уулын ойролцоо Центерра/Бороо Голд компаны уул уурхайн үйл ажиллагаа нь ариун дагшин газрыг хөндөх гэж буй талаарх маргааныг голлон судална. Бөө, иргэний хөдөлгөөн мөн компаниудын төлөөлөгч нараас ярилцлага аван улс төр шашин шүглэгийн харилцан холбоог олж мэдэх зорилготой. Судалгааны хоёрдох хэсэг нь Дархад, Буриад бөө, улаач нарын орон нутагт нь бичил уурхайн (гар аргаар) үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж буйг тодруулна. Үүнд ариун дагшин газар уул уурхайн үйл ажиллагаа явуулах ирээдүй. Тэдний байр суурийн талаар бичил уурхайчид болон бөө, улаач нараас ярилцлага авна.” Гэлээ.             Энэхүү судалгааг ЭсАйТи хөтөлбөрийн судалгааны ажлын ёс зүйн стандартын дүрмийн дагуу байгууллагын эрдмийн зөвлөлөөс  баталсан байна.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан АНУ-ын судлаач Брайн Жонийн асуултад дэлэгрэнгүй хариулт өглөө. Уулзалтын явцад судалгааны ажлын цуушдын чиг хандлага, хамтын ажиллагааны талаар санал солилцсон болно.                                                      Б.Банзрагч

​ЗЭГСТ НУУРЫГ АШИГЛАНАЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИНЭ ЦОГЦОЛЦОР БАЙГУУЛЖЭЭ.

Өвөрмонголын Хөх хотоос Бугат хотруу автохурдны замаар шинэ аялал жуулчлалын цогцолбор луу хөдлөв. Хурдны замаар 40 орчим минут давхиад Буддагийн Алтан сүмийн дэргэдээс урагш эргэн туслах замруу орж улмаар үндэсний хээгээр чимгэлсэн төв хаалганы өмнө ирлээ. Төв хаалганы барилгыг хагас дугуй хэлбэрээр байгуулж, монгол агуулгыг тусгасан байна. Хэдэн жилийн өмнө энд ирэхэд зэгс бүхий нуурыг тойрон Хөх хот түүний эргэн тойрон оршин суугчдын ирж амарч, загас баридаг Монголд байдаг шиг жирийн нэг зэгстэй нуур байсан билээ. Нуурын эргэн тойрон битүү намагтай  байсан. Одоо тэр намгийг хатааж амралт жуулчлалын цогцолбор байгуулжээ. Эхлээд бүх байгууламжаа холбосон зам байгуулжээ. Хаалга өнгөрөнгүүт асарт залрах Алтан хааны суугаа хөшөө нүдэнд тусав. Ордос дахь Чингис хааны хөшөөнөөс хийц ураар илүү хийсэн санагдав. Монголыг Манжид дагаар ороход түүхэн үүрэг гүйцэтгэсэн Алтан хааны үүргийг ийм хэмжээнд үнэлэх нь ойлгомжтой. Олон зуун жил Монголыг мөхөөх гэсэн зорилгыг гагцхүү Буддагийн шашинд тулгуурласан улс төрийн бодлогыг хэрэгжүүлж чадсанаар оюун санааны салбарт ялалт байгуулж, Монголчууд Мөнх тэнгэрийн үзлээсээ салж, доройтон буурсан түүхтэй. Тиймээс Алтан хаан түүхэнд ингэж үнэлэхээс аргагүй. Алтан хааны хөшөөг тойруулан Монгол гэр барьж, зочид буудал, хоолны газруудыг байрлуулжээ. Гэр, хөшөө сайхан хослож харагдана. Энэхүү байгууламжаас урагш хүүхэд залуучуудын тоглох тоглоомны газруудыг байгуулжээ. Тэнд ирсэн хүмүүс дуртай тоглоомоор тоглох боломжтой. Нуурын эрэгт очих боломжгүй байхаар чөлөөт амралтын байгууламжийг хийсэн байна. Нуурын эрэгт очихын тулд тасалбар авч орно. Эргийн дагуу чөлөөтэй явах зам, харгуй хийсний зэрэгцээ усны мандал дээгүүр зугаалах боломж бүхий сүүдрэвчүүдийг байгуулжээ. Нуурын эрэгт очихын тулд тусгай байгууламжаар дамжин тасалбар авч орно. Эрэгт очиод төрөл бүрийн 4-өөс хамт олноороо аялах усан онгоц, 2 хүний усны мотоцикл, резинэн завь, чиргүүл бүхий усан тоглоомуудаар үйлчлүүлэх боломжтой. Усан онгоц, мотоцикль нь өөр өөрийн үнэлэмжтэй байх нь ойлгомжтой. Нуур хэмжээгээрээ Ховдын Хяргас нуурын хэмжээтэй. Эргийн дагуу байсан зэгснүүдийг хяргаж, нуурын эргийг чөлөөлсөн харагдана. Нуурын эргэн тойронд битүү байгууламж байгуулжээ. Ийнхүү Өвөрмонголын Ордос дахь Чингисийн цогцолбортой энэ тэнцэхүйц амралт зугаалгын газрыг Хөх хотын ойролцоог нуурт байгуулах ажлыг бараг нэг жилийн дотор хийжээ. Бид голдуу ярьж чаддаг бол Өвөрмонголчууд ярьсанаа ажил болгож чаддагаа харуулж байна. 2004 онд Монгол Улсын хилийн боомтуудыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах шийдвэр гаргасан билээ. Түүнтэй зэрэгцээд Хөх хотын зүүн хэсэгт эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаа Өвөрмонголын удирдлага зарласан байсан. Түүнээс нэг жилийн дараа Хөх хотод очиж чөлөөт бүсийг байгуулсан ажилтай танилцаж байхад ажлын явц хурдацтай өрнөж, дуусах шатандаа орж байсан. Гэтэл бид түүнээс хойш 12 жил өнгөрч байхад Монголын хилийн дагуу боомтуудыг түшиглэн байгуулсан Сэлэнгийн Алтанбулаг, Дорноговийн Замын Үүд, Баян-Өлгийн Цагаан нуурын чөлөөт бүсүүдхашаанаас өөр хийгдсэн ажилгүй өнөөдрийг хүрчээ. Бид ярьж чаддаг, шийдвэр гаргаж  чаддаг боловч хийж, бүтээх талдаа шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй. Энэ нь бидний хоцрогдол юм. Тэгэхэд Өвөрмонголчууд гадаад, дотоодын аялагч, жуулчлагчдыг татсан хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг хийж дуусаад ашиглалтанд оруулчихсан байна. Өвөрмонголын Хөх хотын ойролцоо байдаг зэгст нуурыг ашиглан байгуулсан аялал жуулчлалын томоохон цогцолбортой танилцсан сэтгэгдлээ Та бүхэнд танилцуулахад ийм байна.                         Д.Жаргалсайхан              

АНУ-ын тусгаар тогтнолын 240 жилийн ойн баярыг тохиолдуулан Элчин сайд Женифер Зимдал Галт хүндэтгэлийн хүлээн авалт хийв.

2016 оны 7-р сарын 5-ны өдөр АНУ-ын тусгаар тогтнолын 240 жилийн ойн баярыг тохиолдуулан Элчин сайд Женифер Зимдал Галт хүндэтгэлийн хүлээн авалт хийв. Хүлээн авалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг оролцохыг урьсан байна. Ийм уулзалт чухал ач холбогдолтой байдаг. Учир нь тун богино хугацааны дотор  уулзаж чаддаггүй, олддоггүй хүмүүстэй ярилцаж ажил амжуулах боломж бүрддэг. Тэгээд энэ хүндэтгэлийн зоогийн үеэр МБНЭ-ийн Ерөнхийлөгч 20 орчим хүнтэй ажил төрлийн яриа өрнүүлж чадлаа. Зоогийн үеэр Монголын буддагийн тэргүүлэх зүтгэлтнүүд, Иссусын холбооны Ерөнхийлөгч, Ватиканы төлөөлөгч, Үнэн алдартны шашины тэргүүн болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа шашины зонхилох байгууллагын удирдагч нартай ярилцаж санал бодлоо солилцлоо. Бид шашины үйл ажиллагааг зөвлөлдөх байгууллага байгуулах талаар өнгөрсөн жилээс ярилцаж байгаа билээ. Монгол Улсаас гаргаж байгаа шашины тухай хуулийн төслөөр санал солилцохоор тохиролцов. Төрөөс боловсруулан гаргаж байгаа хуулийн төсөл олддоггүй. Харин энэ төсөл тэдэнд байгаа ажээ. УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Булгантуяатай ярилцаж уулзахаар тохиролцов. Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, DeFakto нэвтрүүлгийн  Д.Жаргалсайхантай санал бодлоо солилцлоо. ХБНГУ-ын Элчин сайд Г.Тийдмантай ярилцлаа. Хугацаа нь дуусаад буцаж байгаа аж. Цаашдын хамтын ажиллагааг аль болохоор тус дэм болохоо элчин сайд илэрхийлсэн. Хүндэтгэлийн зоогийн төгсгөлд Элчин сайд Женифер Зимдал Галт, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар уулзаж ярилцсан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы урилгыг хүлээн авч Элчин сайд Женифер Зимдал Галт МБНЭ-ийн үйл ажиллагаатай танилцахаар болсон.             Уншигч олондоо Хоёр зуун дөчин жилийн өмнө Америкийг үндэслэгчид Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурж, ард түмний өөрсдийгөө удирдах дархан эрхийг тунхаглан зарласан, хувь хүний нэр төрийг дээдлэх зарчимд суурилсан, эрх чөлөөний нийтлэг үйл хэргээр нэгдсэн, ирээдүйд хөгжин цэцэглэх хэтийн төлөвөөр зоригжсон Америкийн Нэгдсэн Улс мэндэлсэн баярын өдрийн талаар мэдээлэе.    Элчин сайд Женифер Зимдал Галт хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгч Обама  ардчиллын талаар Америкийн хийсэн итгэмээргүй туршилтыг” “илүү төгс холбоо” руу тэмүүлсэн тасралтгүй үйл явц хэмээн тодорхойлдог. Америкчууд бид ардчиллыг эцсийн зогсоол биш харин аян зам гэж хардаг. Монгол болон дэлхий даяарх шинэ, хуучин бусад ардчилсан орнуудтай хамтдаа туулж яваагаараа бахархдаг тэр зам.  Ардчиллын төлөө тэмцэж, түүнийг хадгалж хамгаалах нь ялангуяа АНУ, Монголын хувьд энэ жил тохиож буй сонгуулийн дуулиан шуугиантай ийм үед нэн чухал гэдэгт бид итгэдэг. Ардчиллын 26 жилийн хугацаанд 14 дэх удаагаа засгийн эрхийг тайван замаар шилжүүлж байгаа Монгол Улсын төр засаг, ард иргэдэд баяр хүргэж байна. Америкийн Нэгдсэн Улс шинээр сонгогдсон засгийн газартай хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Аливаа ардчиллын үндэс суурь нь ард түмний хүсэл зориг, үйл хэрэг гэдгийг сонгууль батлан харуулдаг.” Хэмээн онцлож тэмдэглэлээ.    Хэлсэн үгнээс анзаарахад АНУ-д сайн дурын ажил бол өдөр тутмын үзэгдэл бөгөөд хүмүүс цаг заваа цэцэрлэгт хүрээлэн цэвэрлэх, орон гэргүй хүмүүст гэр орон барьж өгөх, гадаадаас солилцоогоор ирсэн оюутнуудыг хүлээж авах, өргөн хэмжээний нийгмийн үйлчилгээ үзүүлдэг шашны байгууллагуудад ажиллах зэрэгт зориулдаг нь Америкийг илүү хүчирхэг, “илүү төгс холбоо” болгохын төлөө гаргаж буй хүчин чармайлт юм.  Сайн дурын үйлс Монголд ч тод томруун байгаагийн нэгэн жишээ болж энэ сайхан орны өнцөг булан бүрт англи хэл заах, нийгмийн эрүүл мэндийн салбар болон  залуучуудыг чадваржуулахад туслах чиглэлээр ажиллаж буй Энх тайвны корпусын 120 гаруй сайн дурын ажилтнуудаар би бахархдаг. Энэ жил бид Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монголд анх ирж ажилласны 25 жилийн ойг тэмдэглэж байна.  Өнгөрсөн сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудтай энд уулзаж, “манай хоёр орны хооронд найрамдалт харилцааг” тогтооход “гарамгай үйл” бүтээсэнд нь талархал илэрхийлсэн. Сайн дурын ажлын үзэл санаа Монгол даяар асч эхэлж байгааг харахад таатай байна. Энэхүү галын нэгээхэн оч нь сайн үйлсийг амьдралд хэрэгжүүлж байгаа, АНУ-ын Засгийн газрын солилцооны хөтөлбөрүүдийн 1500 гаруй монгол төгсөгчдийн гайхалтай чадварлаг бөгөөд эрч хүчтэй холбоо юм.     Бичил тэтгэлэгт Англи хэлний Аксесс хөтөлбөрийн зөвлөх хийдэг төгсөгчид маань АНУ-д суралцах хүсэлтэй хүүхдүүдэд болон амьдралын боломж муутай залууст зөвлөгөө өгдөг. Сайн дурын ажлын энэхүү үзэл санаа манай Элчин сайдын яаманд ч түгэн дэлгэрч байна. Манай ажилтнууд мод тарьж, Туул голын эргийг цэвэрлэж, манай Тэнгисийн цэргийн албан хаагчид өнчин ядуу хүүхдүүдэд зориулан хандивын тоглоом цуглуулдаг.  Өөрийгөө бусдад зориулах буюу сайн дурын ажил бол бид бүгдийн хамтын хариуцлага юм.   АНУ-ын ЭСЯ-ны хамт олон эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг дэмжиж, эдийн засгаа солонгоруулахад нь Монгол Улсад туслах чиглэлээр шаргуу ажиллаж байна.   Хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын бололцоо хэр байгааг судлахаар ирсэн АНУ-ын бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн сард хүлээн авлаа.  Ил тод байдлын хэлэлцээрийг аль болох эрт хэрэгжүүлэх нь АНУ-ын болон гадаадын бусад хөрөнгө оруулалтыг татахад чухал алхам болох талаар Монгол Улсын Засгийн газарт бид уриалсаар байгаа.  Мянганы Сорилтын Корпорац Монголын Засгийн газартай байгуулах хоёр дахь компакт гэрээний төсөл дээрээ ажиллаж байна.   Бид Монгол Улстай НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нягт хамтран ажиллаж байгаа.  Бид харилцан ашигтай солилцооны хөтөлбөрүүдийг дэмжиж, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх чиглэлээр ажилласаар байна.  5-р сард бид АНУ-ын Конгрессын Ардчиллын түншлэл хөтөлбөрийн төлөөлөгчдийн 8 хүнтэй бүрэлдэхүүнийг хүлээн авсан бөгөөд тэд Монголын парламенттай цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан.  Мөн Төрийн нарийн бичгийн дарга Керригийн Монголд хийсэн анхны айлчлалыг зохион байгууллаа. Тэрээр 2.5 сая ам.долларын шинэ хөтөлбөрийг энд зарласан нь Монголын залуусыг АНУ болон Ази тивийн зарим орнуудын үе тэнгийнхэнтэй нь холбох замаар ардчиллын манлайлагчдын шинэ залуу үеийг төлөвшүүлэхэд туслах юм.  Манай хоёр орны хооронд нэгэнт тогтсон бат бэх батлан хамгаалахын харилцааг улам бэхжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.                                                                                                                           Б.Банзрагч

Хуудаснууд

Subscribe to Гадаад мэдээ