logo

logo.jpg

Advertisement

Гадаад мэдээ

Басан Захаров: Халимагууд сэргэн мандах цаг ирнэ

Байгуулагдаад удаагүй байгаа Ойрад-халимаг түмний чуулганы Гүйцэтгэх хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа Басан Захаровын үзэж бугаар Бүгд Найрамдах Халимаг Улс (БНХУ) яваандаа татан буугдаж магадгүй ажээ. Тэрээр Дэлхийн монголчуудын нэг хэсэг болох халимагуудын өмнө өнөөдөр ямар бэрхшээлүүд тулгарч байгаа, тэднийг шийдвэрлэхэд Чуулган ямар үүрэг гүйцэтгэхээр болсон талаар АРД-тай ярилцлаа. 2015 оны 12 дугаар сарын 12-нд Элст хотноо Ойрад-халимаг түмний чуулган хуралдсан билээ. Халимаг Улсын бүх район, түүнчлэн Астрахань, Москва хотуудаас 222 төлөөлөгч чуулжээ. Төлөөлөгчид тогтоол гарган Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгож, Чуулганы шийдвэрүүдийг амьдралд хэрэгжүүлж байхаар тогтжээ. Түүнчлэн төлөөлөгчид Гүйцэтгэх хорооны даргаар "Теңгрин Уйдл" (Сүүн Зам) Орчин цагийн ойрад соёлын хөгжлийн төвийн тэргүүн Басан Захаровыг санал нэгтэй сонгосон байна. — Ойрад-халимаг түмний чуулганы зорилго юү вэ? Чуулганыг яагаад чухам энэ үед зохион байгуулав? — Бидний зорилго маш тодорхой: үндэстнээ хийгээд республикээ хадгалж үлдэх явдал юм. Өнөө үед халимагууд оюун санааны, соёлын гүн хямралд орчхоод байна. Эх хэл, соёлоо гээж байна. Гудамжинд халимагаар ярьдаг хүн нүдний гэм болов. ЮНЕСКО-гоос гаргасан устаж буй хэлний тоонд халимаг хэл маань цохиж явна. Манай зан заншил, үндэсний баярууд утга чанараа алдаж, ёс төдий тэмдэглэгддэг болж байна. Республикийн нийгэм-эдийн засгийн салбар базаахаа болилоо. Боловсруулах үйлдвэрлэл үгүй болж, хөдөө аж ахуй уналтад оров. Газрын хэвлийн баялгийн олборлолт Холбооны чанартай компаниудын гарт шилжив. Орос Улсын бүс нутгуудын нийгэм-эдийн засгийн хөгжлийн бүхий л үзүүлэлтээр Халимаг Улс сүүл хавьд байр эзэлсээр 20 жил өнгөрч. Эдийн засаг нуран унаснаар хөдөлмөрийн цагаачид олшров. Хүн амын дөрөвний нэг нь республикээ орхин гараад байгаа энэ үед бид үндэснийхээ сүйрлийн ирмэгт тулж ирлээ гэж хэлж болохоор байна. Эдгээр чиг хандлагууд халимагуудын өмнө өнөөх Хамлетын асуултыг тавиад байна: орших уу, эс орших уу? — Яагаад ийм байдалд хүрчхэв? — Сүүлийн зуун жилд Ижилийн ойрадууд буюу халимагууд дэндүү их зовлон амслаа. 1918–1957 онд халимагуудыг хоёр ч удаа аймаглан устгасан. Эхнийх нь Оросын иргэний дайны үеэр, тэр үед хүн ардын 50 хувь нь хядуулсан. Залгуулаад 20–30-аад оны үед Халимаг болон Ижил голын сав нутагт болсон хэд хэдэн удаагийн өлсгөлөнд нэрвэгдэв.  Дараа нь Дэлхийн II дайны үед халимагуудыг Сибирь лүү цөлсөн. Ингэхдээ Сибирийн бүхий л нутгаар ганц-хоёр өрх бүлээр тарааж суурьшуулсан юм. 30 жилийн турш хэчнээн хүн зүй бусаар одсныг тоолоход ч бэрх. Дөрвөн хүн тутмаас нэг нь л амьд үлдсэн гэдэг.  "Халимаг" гэдэг үгийг хориглож, толь бичгээс хүртэл авч хаясан. Эрдэмтдийн үздгээр бол ийм хохирол амссан үндэстэн мөхөж алга болдог юм. Яагаад гэвэл гэр бүл, нийгэм, соёлын дэг жаяг, холбоо сүлбээ бүр мөсөн алдагддаг аж. Гэлээ ч халимагууд амь зуусаар, нутагтаа эргэн очоод улс орноо сэргээн төвхнүүлж чадсан.  Гэвч соёлын хядлага үргэлжилсэн юм. 60–аад оноос авхуулаад сургуулиудад сургалт зөвхөн орос хэлээр явагдаж, үндэсний түүх, соёлын хичээл заахыг хорив. Өнөөдөр ч халимаг хэлээр сургалт явуулдаг, халимагийн түүх, соёлын гүнзгийрүүлсэн сургалттай ганц ч сургууль, анги алга. Сурах бичиг ч алга. Өнөө үед ОХУ-ын боловсролын стандарт ийм л байна.  Иймээс манай зон олны хамгийн идэвхтэй хэсэг нь ард түмнээ төлөөлж, түүний хөгжлийг хариуцах албан бус нэгжийг бий болгохоор Чуулган чуулуулсан юм. — Халимагийн төр засгаас Чуулганд яаж хандсан бэ? — Товчхон хэлэхэд таагүй хүлээн авсан. Тэргүүний засаг захиргааныхан* бидэнд Чуулган хуралдуулахад байр сав гаргаж өгөхгүй гэдгээ шулуухан хэлсэн. Тэгээд бид Чуулганаа хотын захад, хуучин хүнсний захын халаалтгүй байранд хуралдуулсан.  Өдгөө цагийн Орос дахь цагийн байдлыг мэддэг хүнд манай төр засгийнхны байр суурьд гайхах зүйл байхгүй. Төрд суугаа улсын дунд манай үндэсний, эсвэл бүс нутгийн эрх ашгийг боддог хүн тун ховор.  Аль Илюмжиновын** үед тогтсон татаасаар дээшээ гардаг тогтолцоо одоо хүртэл байна. Өөрийн чадлаараа өсөж дэвжих боломж алга. Үүнээс болж хамаг залуучууд Москва, Санкт-Петербург, цаашлаад гадаад руу, авьяас чадварыг нь үнэлэх тэр газар луу одож байна. Манай Чуулган энэ гаж тогтолцоог нь ганхуулж мэднэ гэсэн болгоомжлол байгаа юм. Гэлээ ч бид Чуулган болохоос хоёр хоногийн өмнө Улсын тэргүүн М.А.Орловтой уулзаж, сайшаалын үг сонссон. Халимагийн нөхцөл байдал, ялангуяа эдийн засаг, соёлын салбар маш хүнд байдалд байгааг төр засгаас хүлээн зөвшөөрч байгаа. Ингэхдээ тэд Иргэний хэлэлцүүлэг зохион байгуулж, биднийг шахан зайлуулаад, эхлүүлсэн ажлыг маань өөрийн болгож авах гээд байгаа юм (инээв). Гэвч тэд нэг юмыг ойлгохгүй байгаа юм. Бид ойрад-халимаг түмнийг төлөөлж, зөвхөн ойрад-халимагуудын өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр ухаан санаагаа чилээж байна. Республикийн нийт хүн ардын төлөө биш (халимагаас өөр үндэстнүүдэд хамаагүй гэсэн үг – орчуулагчийн тодруулга). Нөгөөтээгүүр, бид Иргэний хэлэлцүүлэг зохион байгуулахыг дэмжиж байгаа. Төр засагтай ярилцаж, манай үндэстнийг хадгалж үлдэхэд чиглэсэн ажлуудад анхаарал хандуулахад дахиад нэг талбар бий болоход илүүдэхгүй. — Чуулганаас гаргасан тогтоолд юу тусгагдсан бэ? — Тогтоолыг хэд хэдэн хэсэгт ангилж болно: 1. Ойрад-халимаг түмний улс төр-эрх зүйн байдал ОХУ-ын Үндсэн Хуульд республикүүд нь ОХУ-ын бүрэлдэхүүн дэх төрт улс юм гэж заасан байдаг. Халимаг Улсын Үндсэн Хуульд ч тэгж заасан байсан. Гэвч Кирсан Илюмжинов Халимагийн ерөнхийлөгч байхдаа 1994 онд хууль бусаар Халимаг Улсын Үндсэн Хуулийг хүчингүй болгож, оронд нь "Тал Нутгийн Цааз Бичиг" гэдэг баримт бичгийг баталж гаргасан. Түүнд Халимагийг Оросын зүгээр л субъект гээд заачихсан юм.  Бид хууль тогтоомжийн дагуу республиктээ ОХУ-ын бүрэлдэхүүн дэх ардчилсан, эрх зүйт төр улс гэсэн статусыг нь буцаан олгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Бид салан тусгаарлагчид биш, зүгээр л улс орныхоо Үндсэн Хуулийн хэрэгжилтийг шаардаж байгаа. Халимагуудын хувьд энэ заалтыг сэргээх нь улс төр-эрх зүйн маш чухал ач холбогдолтой үйл явдал болох юм. 2. Халимагийн төрийн албан ёсны хэл — халимаг хэл байна гэсэн заалт бэлгэдлийн шинж чанартай байгааг амьдралд бодитой хэрэгжүүлэхийг шаардаж байна. Халимаг хүн төрийн албанд орж ажиллах бол эх хэлээ мэддэг байхыг шаардаж байгаа. Мөн ойрад-халимаг түмний түүх, соёлын материалууд боловсруулж, сургуулийн сургалтын хөтөлбөрт заавал оруулах хэрэгтэй. 3. ОХУ-ын Хэлмэгдсэн ардуудыг цагаатгах тухай хууль халимагууд дээр бүрэн хэрэгжихгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Орост хачин гажуудал тогтчихоод байгаа нь улс төрийн хэлмэгдэгсдийн нөхөн олговрыг тухайн бүс нутгуудад нь даатгачихсан явдал юм. Тэгээд энэ хөрөнгийг Халимаг Улс өөрөө гаргаж байгаа нь халимагууд өөрсдийгөө цөллөгөнд явуулчихсан юм шиг болчхоод байгаа юм.  Бид улс төрийн хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох асуудлыг Холбооны хэмжээнд гаргаж, нөхөн олговрын хэмжээг Чернобылийн гамшгийн хохирогсдын нөхөн олговрын хэмжээтэй тэнцүүлэх, эсвэл ОХУ-ын тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж өсгөх хэрэгтэй гэж үзэж байна. 4. Өнөөдөр бидний үндэсний баялгууд бодит байдал дээр Халимагийн мэдлээс гарч, Холбооны чанартай компаниудын эзэмшилд орчхоод байна. Үндэсний баялгийг Халимагийн ард түмэнд хүртээлгүй гадагш гаргаад байна шүү дээ.  Энэ бол шударга бус. Иймд бид республикийнхээ төр засагт хандаж, зохих саналуудыг боловсруулан Холбооны түвшинд асуудал тавьж шийдвэрлүүлэхийг санал болгож байгаа. 5. Халимагууд бид монголчууд юм. Манай хоёр ард түмнийг ойртуулахад бодитой алхмуудыг хийх шаардлагатай. Төр засгийн хэмжээнд мэдээллийн, соёлын харилцаануудыг тогтоож, төслүүд боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй.  Түүнчлэн бид Дэлхийн ойрад-халимаг түмний конгресс байгуулах санал гаргаад байгаа. Үүгээрээ бид дэлхийн ойрадуудыг нэгтгэх юм. 6. Бид Дээрхийн Гэгээн Далай ламд виз олгохгүй байгааг ОХУ дахь буддистуудын сүсэглэх эрхэнд бүдүүлгээр халдаж байна гэж үзэж, ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас буддистуудын шашны тэргүүн Далай ламд БНХУ-д ирэх нөхцөл бололцоо бий болгохыг шаардаж байна. — Ярианы эхэнд та үндэстнээ, мөн республикээ хадгалж үлдэх нь чухал гэж хэлсэн. Үндэстний хувьд бол ойлгомжтой байна. Республикийн тухайд юү гэх вэ? — ОХУ-д "засаг захиргааны нэгжийг тэлэх" гээч юм яваад байгаа. Энэ яадаг юм гэхээр, үндэсний бус нутгийг оросын том бүстэй нэгтгэчихдэг асуудал юм. Жишээ нь манай монгол ахан дүүс болох буриадуудаас засаг захиргааны хоёр буриад нэгжийг нь салгаад авчихсан. Агийн болон Үст-Ордын Автономит тойргууд байхгүй болсон. Иймэрхүү санаа, санаачилгыг байсхийгээд Оросын улс төрчид хэвлэлд нийтэлж гаргана. Саявтар В.В.Путин ч өөрөө засаг захиргааны нэгжийг тэлэх боломжууд дуусаагүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, "нэгдэн нэгдэцгээхэд бэлдээрэй" гэсэн дохио юм.  Халимагийн нэлээд хэдэн төрийн байгууллагыг хөрш районуудын төв болох Ростов, Астрахань, Волгоград гэсэн хотуудын холбогдох байгууллагад захирагддаг болгочхоод байгаа. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хүчний байгууллагуудын даргын суудалд дандаа гаднаас хүн томилох болсон. Холбооны удирдлагын төвийн байр суурь ойлгомжгүй байна. Нэг бол халимагуудад итгэхгүй байгаа юм уу, эсвэл халимагуудын дунд чадвартай улс байхгүй гэж байгаа юм уу? Үгүй бол республикийг татан буулгах ажлууд хийх гээд байгаа юм уу? Магадгүй бидний мэдэхгүй өөр дөрөв дэх хувилбар ч байгаа юм бил үү? Ямар ч байсан энэ бүхэн нэг л сэжигтэй. Уг нь халимагууд хэзээ ч Оросоос салан тусгаарлах бодол тээж байгаагүй. Харин ч эсрэгээр, халимагууд Орост дагаар орсон цагаасаа эхлээд нийтлэг төр улсынхаа үнэнч хамгаалагч нь байсаар ирсэн. Чингис хааны үр сад болсон халимагууд өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байсан юм. Орост хамгийн хүнд бэрх цагт, Османы эзэнт гүрэн, Польш-Литвийн холбоо, Швед зэрэгтэй дайтах үед шийдвэрлэх мөчид чухамхүү халимагууд ялалтыг оросын талд авчирч байсан юм. Гэтэл одоо халимагуудад дэмжлэг хэрэгтэй болоход төр засгаас ойлгомжгүй дохио зангаа гаргах боллоо. Энэ бүхэн бидэнд таалагдахгүй байна. Бид ОХУ-ын Үндсэн Хуульд заасны дагуу эрх зүйн бүхий л боломжийг ашиглаж, өөрийн хэл, соёл, түүх, мөн үндэснийхээ төр улсын эрх ашгаа хамгаалахад бэлэн байна.  Хэрвээ манай төр улсыг үнэхээр татан буулгахдаа хүрвэл Монгол Улс, монголчууд халимагуудад сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна. — Төрөөс засаг захиргааны нэгжийг нэгтгэн томсгох бодлогын цаад зорилго нь юу юм бол оо? — Кремльд үндэсний бүс нутаг байх нь улс орныг задрахад хүргэх аюултай гэсэн бодол байдаг бололтой. Үнэн хэрэгтээ бол тийм биш юм. Хэрвээ улс орон маань иргэдийнхээ эрх ашиг, хэрэгцээг хангаж чадахгүй бол тэртэй тэргүй задран унана.  Тухайлбал, 90-ээд онд салан тусгаарлах хандлагууд гардаг байсан, ингэхдээ ийм санаачилгыг гол төлөв оросууд өөрсдөө гаргадаг байлаа. Туурга тусгаарлах саналууд оросын бүс нутгуудад гарч, Уралын Бүгд Найрамдах Улсыг байгуулах, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсыг байгуулах ярианууд гардаг байв. Ийм асуудлыг энгийн иргэд биш, бүр бүс нутгийн удирдагчид нь тавьж байсан удаатай. Саяхан Москвад төр засгийн зөвшөөрөлтэйгөөр "Кавказыг тэжээхээ больё!" гэсэн уриатай олныг хамарсан жагсаалууд болж өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, улсыг задлах үйлдлийг оросууд өөрсдөө гаргаж байна. Халимагууд харин ч ийм үйлдэл гаргаж байгаагүй юм. Холбооны төр засгаас республикүүдийг татан буулгалаа гэж бодъё. Зөрчилдөөн л нэмэгдэнэ үү гэхээс, ямар ч үр ашиг гарахгүй. Улмаар төв нь суларч, республикүүд нь сэргэнэ. Сэргэх сэргэхдээ бүр бие даасан улс болж сэргэх вий. Ингэвэл Орос Улсад ямар ч ашиггүй. Миний бодлоор Халимагийг татан буулгавал Кавказын республикүүд дээр сөрөг үр дагаврууд гарна. Хуучин цагт Оросын өмнөд хэсэгт гол хүч нь Халимагийн хаант улс байсныг, мөн халимагууд оросуудын цорын ганц найдвартай холбоотон нь байсныг Кавказ даяар сайн мэдэж байгаа. Хэрвээ Халимагийн төр улсыг дахин татан буулгавал Умард Кавказ ОХУ-ын бүрэлдэхүүнд нэг их удахгүй дээ. Халимагийг өөр бүс нутагтай нэгтгэх тухай мэдээллүүд алсын хараа муутай улс төрчдийн хов жив болж үлдэнэ байх гэж найдъя. — Та республик дахь нөхцөл байдал, төр засагтай харилцах харилцааны тухай ярьсан. Нөхцөл байдлыг сайжруулахад Чуулганы тогтоолд зааснаас гадна ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ? — Маш гоё асуулт байна. Тогтоолоор хөндсөн асуудлуудыг шийдвэрлэх ажлууд хэдэн жилээр сунжирч болно, гэтэл байдал өдөр ирэх тусам улам муудсаар байна.  Бид Монголын түүх, тэр дундаа ойрад-монголын түүхээр үндэсний чанартай боловсрол олгох хэрэгтэй гэж үзэж байна.  Бараг зуун жилийн өмнө төрд большевикууд гарснаар Халимагийн боловсролын тогтолцоо үндсээрээ өөрчлөгдсөн. Ойрадын бүх түүхийг гэрэл гэгээгүй, судлах шаардлагагүй "дан зовлон зүдгүүрийн хэлхээ" хэмээн зөнд нь орхисон байдаг. Оюун санаа, соёлын сор болсон сэхээтнүүдийг хэлмэгдүүлж, сүм хийдүүдийг нурааж, лам нарыг нь алж хядсан. Бараг зуун жилийн энэ хугацаанд халимагууд олон эрдэмд шамдан суралцсан боловч өөрийн түүх, соёлоо судласангүй.  Боловсролын тогтолцоог хэлмэгдүүлэлтээр нухжин дарж, ард түмнийг Сибирьт цөлөхөд өнөөгийн дүр зураг гараад ирж байгаа юм.  Мөнх Хөх Тэнгрэрийн буянаар Монгол Улстай, Шинжааны ойрадуудтай харилцаа холбоо сэргэж эхлэв. Одоохондоо нэг их өргөн биш ч гэлээ энэ харилцаа бидний соёл сэргэж, ухамсар сэрэхэд сайнаар нөлөөлж байна. Бод доо, нэг хэсэг халимагууд бол монгол биш гэдэг ойлголт тархаад байлаа шүү дээ. Одоо бол мэдээж тэгж хэлэх хүн үгүй болсон.  Бид өөрийн "ойрад" хэмээх нэрийг сэргээх гэж хэчнээн их хүч хөдөлмөр зарсан гэж бодно оо. Одоо хүртэл зарим эрдэмтэд ойрадууд бол халимагуудын өвөг дээдэс гэсэн Зөвлөлтийн үеийн улиг болсон уншлагыг давтаад байдаг юм шүү дээ. Ямар ч байсан нэгдүгээрт үндэсний боловсролыг бий болгох нь зүйтэй. Ташрамд дуулгахад, би "Хосгүй сайхан Халимаг орон" гэдэг төслийг эхлүүлчхээд байгаа. Манай түүх, соёл, үндэсний гүн ухааны холбогдолтой сонин содон баримтуудыг нэг номд багтаах ажил байгаа юм. Бидний энэ өв соёл буддизм, күнзийн сургаалийн алинаас ч дутахааргүй гүн гүнзгий юм шүү дээ.  Тэрчлэн тусгайлсан цахим хуудас нээж, орчин цагийн урлагийн үзэсгэлэн гаргах санаатай. Магадгүй үзэсгэлэнгээ Монгол Улсад ч аваачих юм бил үү. Түүх, соёлоо мэдэх нь өсвөр үеийнхэнд бахархах сэтгэлийг суулгаж өгдөг. Тэд өвөг дээдсийнхээ адил түүхэнд ул мөрөө үлдээж, ирээдүй хойчистоо үлгэр дуурайл болох хүслээр бадрах учиртай. Халимагууд сэтгэлийн хат, дайчин чанараа хадгалж үлдсэн ард түмэн. Хамт олноороо эерэг бүтээн байгуулалтыг бий болгоход мэдлэг л хэрэгтэй. Бидний үндэстэн сэргэн мандах цаг ирнэ гэдэгт итгэж байна.  Бид мэдээллийн орон зайгаа бий болгох хэрэгтэй. Манай республик өөрийн гэсэн мэдээллийн орчингүй болчхоод байна. Бүхий л республикийн нутаг дэвсгэрийг хамарсан республикийн чанартай ганц ч мэдээллийн хэрэгсэл алга. Төрийн хэвлэлийг унших хүн цөөн учраас бага тиражаар гардаг. Өөрийн радио байхгүй, телевиз нь хоногт хэдхэн минутын эфиртэй, тэр нь Халимагийн нутаг дэвсгэрийн дөнгөж тэн хагас дээр л цацагддаг. Бид мэдээллийн орон зайгаа бий болгохоор зориод байгаа. Республикийн бүхий л нутгийг хамарсан FM-радио байж болох юм.  Санасан, зорьсон юм их бий. Бид бууж өгөхгүй. — Та Монгол Улсын монголчуудад юү хэлэх сэн бол? — Монгол бол бидний өвөг дээдсийн өлгий нутаг, монгол төр улс тэнд л байна. Монгол Улс дэлхийн бүх монголчуудын соёлын, оюун санааны гал голомт болно гэж найдаж байна. Бид үүнийг хүсэж байна. Бид монголоороо баймаар байна. Үүнийг бид та нарын хамт л хийж чадна.  Бид үргэлж та нарынхаа амжилт ололтод баярлаж, гай зовлонд шаналж байдаг. Бид та нартай нэгэн бүхэл, ахнр-дүүнр (ахан дүүс). Танай ерөнхийлөгч бол бидний ч ерөнхийлөгч юм.  Монголын төр мандан бадарч, монголчууд эрүүл энх, аз жаргалтай байгаасай! Мөнх Хөх Тэнгэр минь монголчуудын үйл хэргийг ивээж байх болтугай! Танилцуулга: Басан Захаров, 1972 оны 6 дугаар сарын 29-нд Элстэд төрсөн. 1994 онд Халимаг Улсын Их Сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн. 1996–1999 онд Халимагийн залуучуудын холбоог тэргүүлсэн. 2004–2005 онд БНХУ-ын Залуучууд, спорт, аялал жуулчлалын сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан. 2010 онд "Теңгрин Уйдл" (Сүүн Зам) Орчин цагийн ойрад соёлын хөгжлийн төвийн тэргүүнээр, 2015 оны 12 дугаар сард Ойрад-халимаг түмний чуулганы даргаар тус тус сонгогдон ажиллаж байна. * Тэргүүний засаг захиргаа гэдэг нь хуучнаар Ерөнхийлөгчийн засаг захиргаа юм. 2005 оны 10 дугаар сарын 24-нөөс эхэлж БНХУ-ын хууль тогтоомжийн дагуу БНХУ-ын тэргүүнийг "ерөнхийлөгч" гэж нэрлэхийг больж, "тэргүүн" гэдэг болсон.  ** Кирсан Илюмжинов (Үлүмҗин Кирсан – халимагаар) — БНХУ-ын анхны ерөнхийлөгч, Дэлхийн Шатрын Холбооны ерөнхийлөгч. Орчуулсан: Armbar Kimura 2016.03.30  

Mount shasta хэмээх Мөнх цастай сайхан хайрхан дээр очиж үзлээ

Дэлхийн 7 том энергийн төвийн нэгд зайлшгүй багтдаг Mount shasta хэмээх Мөнх цастай сайхан хайрхан дээр очиж үзлээ. Биднийг нутгын уугуул иргэн John Brennan хэмээх нутагтаа алдартай Индиан бөө гэгдэх 85 нас зооглож буй ах их л найрсаг хүлээн авч замчиллаа.  4,5 цаг тасралтүй алхасаны дараа ус ч үгүй, Өвс ногоо ч үгүй хад асгаар баахан алхасны эцэст олон зуун жилийн тэртээгээс Нутгийн Омгийнхон болон Удам дамжсан индиан бөө, тэнгэр сахиустангуудын мөргөж залбиралаа үйлддэг байсан ариун газар гэж нэрлэж заншсан ойн цоорхойд дагуулж очлоо. Тэнд очиход үнэхээр үзэсгэлэнтэй... Ойр орчимоо ундаалан амь өгч буй хоржигнон урсах жижиг боловч амттай цэв хүйтэн уулын ур урсаж, мод аваачаад тарьсан гэлтэй нов ногоохон моддын сэржигнэх чимээ үнэхээр гайхалтай байсаан. Тэр индиан бөөгийн хаягруу дараах хаягаар нэвтрэх боломжтой. Бид бүгд л их ядарч байсан ч гол зорилгоо марталгүй нар жаргахаас өмнө үйлээ зэхэхээр бэлдсэн юм. Үйл эхлэхийн өмнө хамт явсан John Brennan ахад лавлах зүйл байсан учираас онгодтой минь хөөрөлдөж амжсан юм... Юутай ч хавдартай байсан дүү маань үйл хийсний 1 сарын дараа эмнэлэгт очиход ямар ч хавдарын ул мөр алга болсон байна гэсэн баяртай мэдээлэл ирсэн. Хамт байж үргэлж туслаж дэмжиж байсан ах эгч дүү найз нартаа мааааш их баярлалаа.... Тэнгэр та бүхнийг минь ивээх болтугай.... Chimee Udgan    

​ОХУ-ын Буриадын бөөтэй уулзав.

      Мөнх тэнгэрээ Монгол туургатан нарт хил хязгаар гэж үгүй билээ. Тэдний нэг болсон ОХУ-ын Буриадын удган Валентин Батуевтай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, бөөгийн байгууллагыг ажиллуулж ирсэн туршлагаа солилцож, хамтарч ажиллах саналаа ярилцлаа.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай Валентин Батуев ярилцахдаа Буриад онгодоо залаад 30 орчим жил болж байгаа бөгөөд Монголын хилийн ойролцоо хэд хэдэн хайрхадыг тахидаг. Түүнд Буриад түмэн олон идэвхтэй оролцдог тухай ярьсан юм. Түүнчлэн Буриад бөө нар Мөнх Хөх Тэнгэр болон Буриад-Монголын газар нутгийг хамгаалагч өвөг дээдсийн сүнсийг тахих үйлд Уст-Ордоос ахуулаад Ага хүртэлх ОХУ-ын Буриадын бүх аймгуудад хийдэг ажээ. Өөрөө санаачилж  бөөгийн байгууллага байгуулж байгаа тухай мэдэгдээд зарим уул, усны тахилгуудыг хамтарч хийх талаар МБНЭ-д хүсэлтээ тавьсан юм. Монгол улаач нар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд урилгыг хүлээж авлаа.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын бөөгийн ная гаруй байгууллагын төлөөлөл болсон бөө нар хамтран ажиллаж байгаа талаар мэдээлж, Тэнгэрийн улаач нарын хамтарч хийсэн Нэгдсэн тахилгуудын талаар мэдээлж, зарим тахилгуудын киног үзүүлж харилцан ярилцлаа. МБНЭ-ийн нэгдсэн тахилгуудад Валентин Батуев болон бусад буриад “улаачдыг” ирж оролцохыг урилаа.             Мөн энэ жилээс Байгаль нуурын Ольхинд очиж залбирал хийх төлөвлөгөөтэй байгаагаа танилцууллаа.                                                                     Б.Банзрагч           

​Монгол дахь Католик шашины тэргүүн хамба С.Радилатай уулзлаа.

Монголын бөө “Дэлхийн шашины байдлын тухай” илтгэлд орж, олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдлөө. Сүүлийн зуунд дагнаж ноёрхож ирсэн Буддагийн шашин төрийн хуулиар Монгол Улсад зонхилох шашин хэмээн дагнан хүндлэгдсээр өнөөг хүрч иржээ. Монголын төр уламжлагдан өнөөг хүртэл явж ирсэн Бөө шүтлэгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байсаар байна. Гэвч цаг хугацаа өөрчлөгдөж, Монголчуудын 25 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр мөнх тэнгэрийн үзэлээ дээдэлдэг, 14,6 хувь нь бөө шүтдэг болжээ. Хүсээгүй ч, хүссэн ч монголчуудын дунд Мөнх тэнгэрийн үзэл хүчтэй дэлгэрч байна. Төр хэзээ нэг цагт Монгол бөө шүтлэгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх цаг ирнэ.             Сүүлийн  улиралд Монгол дахь шашины тэргүүнүүд албан ёсоор 3-н удаа уулзлаа. Монгол Улсын хуулийн хүрээнд явуулж байгаа ажлынхаа тухай харилцан мэдээлэл хийсэн. Дэлхийн бүх л улсад хүлээн зөвшөөрөгддөг шашинууд манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэдгээр шашины тэргүүн нар ингэж уулзах болсон нь сайн хэрэг.             Монголд бөөгийн шүтлэгийн төв байгууллагыг хүлээн зөвшөөрч, албан ёсны уулзалтад оролцуулах болсон нь шинэ зүйл. Бид харилцан ойлголцох үүднээс хамтарч уулзаж санал бодлоо солилцож байх нь одоо цагт нэн чухал асуудал билээ. МБНЭ-ийн төлөөлөл анх удаа Монгол дахь Католик шашины тэргүүн хамба С.Радилатай уулзлаа. Уулзалтад Католик шашины тэргүүн, ажилтнууд түүний ойр дотны хүмүүс оролцлоо. Монгол дахь Католик шашины тэргүүн хамба С.Радила бол өөрийн амьдралаа Католик шашны үйл хэргийн төлөө бүрэн зориулсан, Монголд олон жил амьдарсан, бидний зан үйлийг сайн мэддаг, эгэл даруухан нэгэн билээ.  Монгол бөөг төлөөлж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам нар оролцлоо.   Тэргүүн хамба С.Радила өмнө нь манай улс төрч, эрдэмтэн Дулам, түүний хүү бөө судлаач Бум-Очиртой уулзаж байсан тухайгаа бидэнд ярьсан юм. Өөрөөр хэлбэл бөө судлаач, бөө хувь хүмүүстэй уулзаж байснаа хуучлав.   МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол дахь Католик шашины тэргүүн хамба С.Радилатай өмнө нь 2 удаа Монгол дахь шашины тэргүүн нарын уулзалт дээр уулзаж, санал бодлоо солилцож байсан билээ. Тэр уулзалтын үеэр албан ёсоор уулзахаар тохиролцож, тэр нь 3 дахь уулзалт дээр биелэлээ олж байгаа нь энэхүү уулзалт байлаа.   МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын уламжлалт бөө шүтлэгийн түүх, түүнийг төрт ёсонд дээдэлж ирсэн Монгол төрийн уламжлалын талаар яриагаа эхэлсэн. Монголчууд Мөнх тэнгэрээ шүтэж байхдаа дэлхийн хэмжээнд алдаршсан таван их гүрэнг байгуулж ирсэн тухай, өнөөдөр монголчуудын дунд хүчтэй дэлгэрч байгаа Мөнх тэнгэрийн тухай ойлголтуудыг танилцууллаа. Хүн төрөлхтөний нийтлэг эрх ашиг болсон Дэлхий ертөнц, байгаль орчиноо хамгаалах, хүн олноо дайн дажингүй энх амгалан байлгаж, Энх тайвны төлөө хамтран тэмцэх бэлэн байгааг уламжиллаа. Дэлхийд олон оронд тархан түгсэн шашины хувьд Монгол нутаг дээр байгаа хүн төрлөхтний гайхамшигт өв болсон үнэт зүйл болох Ноён уул, Бурхан халдун, Баянхонгор аймгийн Цагаан агуй гээд олон үнэт соёлын өв устаж байгаад анхаарч, хамтарч тэмцэх шаардлага байгааг уламжилсан юм.      Цаашид ажлын уулзалт хийж, шашины тухай асуудлаар байнгын санал, бодлоо солилцож байхаар тогтлоо.  Уулзалт ярилцлага бие, биенээ ойлгож хүндэтгэсэн найрсаг сайхан болж өнгөрлөө.   Түүхэн уламжлалаас: Монголын хаадын энэ бодлогын тухай тэр үеийн Персийн түүхч Жувейни бичсэн нь: “...тэр нь /Чингис/ ямар нэгэн шашныг бишрэгч аль нэгэн шүтлэгийг дагагч биш байсан учир аливаа үгширмэл бишрэл, нэг шашныг нөгөөгөөс нь илүү үзэх, нэгий нь нөгөөгий нь дээр тавихаас зайлсхийж байв. Харин тэр аливаа бүлгийн шашны сэцэн мэргэд, санваартан нарыг дахин хүндэтгэж байсан ба ийм бодлогоо бурханы оронд орох зам гэж үзэж байв. Лалын шашинтыг хүндэтгэн таалдгийнхаа адил христос, буддын шашинтнуудыг ч их хүндэтгэн болгооно. Тэд зарим талаар шашинтай болсон ч ихэнхдээ үхширмэл бишрэлийн бүх илрэлээс зайлсхийдэг хэвээрээ байгаа бөгөөд Чингис хааны засаг хуульд шашны  бүх бүлгийг эрх тэгш үзэж, нэгий нь нөгөөгөөс ялгаварлахгүй байх тухай заасан зүйлийг гажуудуулдаггүй ажээ”.1 Нийслэл Хархорумд янз бүрийн орноос христос, несториан, лал, буддын шашны төлөөлөгчид олон тоотой оршин сууж монголчуудын дунд тус тусын шашин шүтлэгийг дэлгэрүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж байсан нь сурвалж бичгүүдээс тодорхой. Хархорумд бусад шашны 12, хотын зах дахь христос шашны 1, сүм лалын шашны 2 сүм байсны гадна буддын шашны нэгэн сүм бусдаас онцгой гоёмсог байжээ. Монгол нутагт нийт монголчуудын гол шүтдэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Гэрийн эзэд цай хоолныхоо дээжийг онгод шүтээндээ өргөж байснаас гадна гадаа гарч дөрвөн зүгт мөн тахил өргөдөг заншилтай байв.1 “МНТ” 1872 “МНТ” 234-278.3 Нэг фут-30,5 см.4 П.Карпини. Г.Рубрук. 91-ртал.             Найр наадам бол тэр цагийнхаа ард түмний аж амьдрал, эртний овгийн уламжлал, бөө мөргөлийн тахил ёслолтой нягт холбоотой байсан ажээ.3 П.Карпини, Г.Рубрук. 36-37-ртал.                                                     Д.Хүрэлбаатар

​Монгол туургатанаас ирсэн мэндчилгээ

 Мөнх тэнгэрийн үзэл санааг шүтдэг, Монгол туургатан Буриад, Тува, Халимагаас  ирүүлсэн шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна. Ayna Gambalova. МБНЭ-ийн Улан-Үдэ дэхь бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган. Та бүгэдэндэ Бишэн жэлэй Сагаан Сарын амар мэндээ!  Даагамнай далантай, Буруумнай булшантай,  Хүбүүднай хүсэтэй,  Басагаднай сэбэрхэн, Үбгэд, хүгшэднай сарюун,дорюун! Баян тарган, элбэг дэлбэг сагаалхамнай болтогой! Эзэн Чингис Хаанай үри саданарай үлгы Онон хатанай эльдин хонгор хоймор Балжин хатанай гуниг дуунай уянга Бабжа Барас Баатар хүбүүнэй һүлдэ шэнгээһэн Алхана уула сахюусантай Арюухан Ага хатан эжытэй Ага найман эсэгын арад түмэнэй зүгһөө Хүхэгшэн модон Хонин жэлээр Та бүгэдэниие мэндэшэлнэб! Хүхэ мүнхэ тэнгэридээ шүтэжэ Хүрьһэтэ алтан дэлхэйгээ аршалжа Эрдэнитэ шухаг энээхэн наһандаа Эгүүридэ амгалан ажаһуухамнай болтогой! Буян хэшэгтэй, абьяас бэлигтэй, элүүр энхэ, зол жаргалтай ажаһуухамнай болтогой! Сарыг-оол С. К. Тувагийн Кизил хотын Бөөгийн “Дүнгэр” төвийн тэргүүн, МБНЭ-ийн гишүүн, Удган Шагаа биле! Losar la Tashi Delek! С наступающим годом Огненной Обезьяны! Эртип турар эрги чылым  Эргилдезин хүлээдипти.  Чаа келген Мечи чылым  Маажым, оожум моорлап келди! Мендээ, мендээ!  Мендилежип, чолукшужуп  Уткуп турар Мечи чылывыс  Ууттунмас буян-кежикти,  Ундаравас сагыш-сеткилди  Улус-чонувуска хайырлазын!  Улуг, биче төрел чонум  Мечи ышкаш чиик, сергек,  Өөр-чонум, ха-дуңмам,  Өөрүшкүлүг омак чорзун!  Өлчей-кежиктиг чорзун!  Өдээн долган аал малы  Өрү тайгаа чаттылып оъттазын!  Думаа-ханаа ыңай турзун!  Делегейге чаа-чалбак турбазын!  Дески чаагай тайбың делгерезин!  Хоор чонум хей аъды,  Кезээде бедик чорзун!  Курай, курай, курай! Дорогие мои друзья! Глубокоуважаемый, президент шаманов МОНГОЛИИ! Поздравляю Вас и Ваших близких с Новым 2016 годом! Новый год всегда несет надежду на лучшее и яркое. Мы верим, что именно нам повезет со здоровьем, работой, окружением и , конечно, миром. Пусть обязательно сбудутся все планы и задумки! Пусть новый год будет легким как в материальном, так и в духовном плане! Спасибо уходящему году за добро, которое обязательно останется в нашей памяти! С НОВЫМ ГОДОМ!Пусть охраняют Вас духи Тенгри! Basan Zakharov. Халимагийн тэнгэр үзэлтэн, нийгмийн зүтгэлтэн.   Җә, өөрд-хальмгуд, моңһлмуд, үвләс сән-менд һарвт!? Цуг тадниг Цаһан Сарла йорәҗәнәв! Эн сәәхн Цаһан сарин өдрлә Цуг тадниг йөрәҗәнәвидн! Җил болhн Цаhаhан кеҗ, Үвләс амулң -менд hарҗ, Бәәсн hазр-уснаннь өлзә буйнд багтҗ, Идән-чигән элвг-делвг болҗ, Окн Теңгрин аршанд күртҗ, Менд амулң бәәцхәй  

АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД МУХАМЕД ЕЛСАНОУСИТАЙ УУЛЗЛАА

Вашингтон хот дахь Хойд Америкийн Шашин болон энх тайвныг бүтээгчдийн сүлжээний захирал, доктор Мохамед Элсаноси  Монгол дахь Шашины тэргүүнүүдтэй болон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзалт хийж, санал бодлоо танилцууллаа. Өнөөгийн нөхцөлд шашины хөгжлийн чиг хандлагын талаар ноён Мухамед Елсаноуси яриагаа эхлэв. Түүний ажилладаг байгуулагад дэлхийн 50 гаруй орны нэр хүндтэй, нөлөө бүхий шашины байгууллагаад хамтран ажиллаж байгаа ажээ. Дэлхийн шашины хөгжлийн явц нь 1950-аад оноос өмнөх үе буюу уламжлалт шашин, түүнээс хойшхи хугацаа болох орчин үеийн шашины хөгжлийн талаар танилцуулаад Шашины байгууллагууд хамтран дэлхийд энх тайвны үйлсийг хөгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргаж байгаа тухай, энэ чиглэлээр шашины томоохон бүлэглэлүүд нэгдэж ажиллаж байгаа тухай танилцууллаа. Америк, Европын шашины хүчирхэг байгууллагууд нэгдэж хамтран ажиллах тунхаглал гаргаж түүнийгээ хэрэгжүүлж ажиллаж байна. Саяхан Марроко Улсад дэлхийн шашины байгууллагуудын удирдлага цугларч одоогоос 1400 жилийн өмнө боловсруулж гаргасан шашины сургаалийг судалж, түүн дээр үндэслэж Маррокогийн тунхаглал гаргасныг мэдээллээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголын бөөгийн төв байгууллага байгуулагдаад гурван жил болж байгаа Монголд ажиллаж байгаа хамгийн залуу шашины байгууллага гэдгийг дурьдаад түүхэн уламжлалаар одоогоос 2220 гаруй жилийн өмнөөс Монголын төрт улс болох Хүннү, Сүннүгийн үеээс Мөнх тэнгэрийн үзлийг төрийн хэмжээнд эрхэмлэн дээдэлж ирсэн. Энэ үзэл санааг их эзэн хаан Чингис төгөлдөржүүлэн хүн төрөлхтний өмнө хэрэгжүүлж Мөнх тэнгэрийн дор хүний ертөнцийн бүх шашинууд энх тайвнаар эрх тэгш зэрэгцэн орших түүхийг бүтээсэн байдаг. Түүний тод жишээ бол Монголын их гүрний нийслэлд дэлхийн бүх шашины сүм хийдууд зэрэгуэн оршиж, ажиллаж байсныг дурьдав. Одоо шашин хоорондын зөрчилдөөн өсөн нэмэгдэж байна. Шашинууд энх тайвнаар эрх тэгш зэрэгцэн орших үзэл санаа хүн төрлөхтний өмнө тулгамдсан асуудал болж байна. Шашин хоорондын зөрчилдөөнгүй сав ертөнцөд хүн амьдрах үзэл санаа боломж бололцооны талаар яригдах болсоныг дурьдав. Тухайн улс орны шашины байдал нь нийгмийн толь болж байдгийн зэрэгцээ хүн төрлөхтний оюун санааны хөгжлийн чиг хандлага, энх тайван, эрх тэгш хамтран ажиллахад шашин чухал үүрэг гүйцэтгэж байгааг” тэмдэглэж хэллээ. Ярилцлагын төгсгөлд Вашингтон хот дахь Хойд Америкийн Шашин болон энх тайвныг бүтээгчдийн сүлжээний захирал, доктор Мохамед Элсаноси  цаашдын хамтын ажиллагааны талаар саналаа хэлж, шашины байгууллагууд хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн оршихын төлөө хамтран ажиллах зорилгод нэгдэж ажиллахыг хүслээ. Уулзалтад Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд оролцов Зарим Монголд ажиллаж байгаа шашины байгууллагуудын удирдагчид Монголын бөөгийн удирдлагын төлөөллийг Дашчойлон хийд, Ватиканы төлөөний газарт ирэхийг урилаа. Зарим Арабын Улсууд Монголын тэнгэр шүтдэг байгууллагатай хамтран ажиллах санал ирүүлсэн бөгөөд холбогдож санал солилцох асуудлаар уулзалт хийхээр Шашины байгууллагын тэргүүнтэй тохирлоо.                                     Д.Хүрэлбаатар  

Дэлхий дахинд валютын дайны аюул нүүрлэж байна

Дэлхийн эдийн засаг валютын ээлжит шинэ дайны ирмэгт тулж ирээд байна. Дэлхийн тэргүүлэх төв банкуудын сүүлийн үеийн мэдээллүүдээс шинжээчид ийм дүгнэлт гаргахад хүрчээ. Сүүлийн үед эдийн засгийн өсөлтдөө түлхэц өгөхийн тулд  улс орнууд үндэсний валютынхаа ханшийг зохиомлоор бууруулж эхэлсэн нь дайны цагийн байдалд хүргэж мэдэх аюултай үзэгдэл болж байгаа аж.Олон улсын валютын сангаас гаргасан олон таагүй статистик мэдээ, ээлжит таамагалуудаар бол валютын дайнд дахин гарах нөхцөл бүрдээд байна. Дэлхийн ДНБ-ний өсөлт удааширч байгаагын дээр  хөгжиж байгаа орнуудад бүр зохистой төвшингөөс доогуур шургаад байгаагын  улмаас хөрөнгө оруулалтын салбар сонирхол татахаа болжээ. Мөнгө байхгүй бол хөгжил  үгүй гэдэг. Статистикаа сайжруулахын тулд жишээ нь Европын төв банкнаас гүйлгээнд нэмж мөнгө оруулах бодлогыг зөөлрүүлэх тухай гарцаагүй мэдэгдэл хийх ёстой болсон. Яагаад гэвэл, 10-р сард доллартай харьцуулахад нэгдсэн валют 2011 оны дээд хэмжээнээс нэмэгдсэн байна. Сүүлийн долоо хоногт гэхэд европын зохицуулалтад нилээд хэдэн орны төв банкууд нэгдлээ. Эдгээрээс эхнийх нь Шинэ Зеландын Төв Банк байлаа. Үндэсний валютын ханш дэндүү өндөр болсон учраас үүнийг зогсоох ёстой. Австралийн эрх баригчид ийм сэрэмжлүүлгийг хэлж байсан. Гэвч иймэрхүү үйл ажиллагаанууд шинэ эрсдлүүдэд хүргэж мэднэ гэж эдийн засагч Марк Рубинштейн анхааруулж байна. «Валютын дайн болж байгааг бид байнга харж байна. Тэдгээр нь дэлхийн бөмбөрцөгийн янз бүрийн хэсэгт гарч байгаа, энэ нь юуны өмнө эдийн засгийн бүс нутгуудын дотор гарч байгаа тэгш бус байдлуудтай холбоотой. Урд өмнө энэ аргыг хэрэглэж байсан, хэрэглэж ч байгаа, цаашид ч хэрэглэх болно. Гэхдээ үүнд бас сөрөг талууд бий. Хэрвээ валют  хүчтэй, хурдтай сулрах юм бол, энэ нь эдийн засагт сөрөг нөлөөтэй» гэж Марк Рубинштейн үзэж байгаа аж.   Аль нэг валют сулрахад бусад валютын ханш нэгэн зэрэг нэмэгдэнэ. Энэ процесс цаашид гинжин холбоотой байж мэдэх юм. Зарим орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшний бууралт бусад орнуудыг хариу арга хэмжээ авахад хүргэдэг. Энэ нь олон улсын худалдааны хэмжээг бууруулахад хүргэнэ. Эсвэл олон улсын валютын системийг сүйрэлд хүргэж мэднэ. Жишээ нь, 1944 оноос 70-аад оны эхэн үе хүртэл үйлчилж байсан Бреттон-Вудын валют байна. Тэр үед АНУ долларын ханш эрс буурснаас, тус улс мөнгөн тэмдэгтээ алтаар үнэлэхээс татгалзсан. Дэлхийн санхүүгийн бүх систем АНУ-ын эдийн засаг, доллароос шалтгаалж байгааг сүүлийн үед тус улсын төсөв, төрийн өрийн дээд хэмжээний асуудлаар тойрон үүссэн ширүүн санал шүүмжлэл харуулав. Эдүгээ доллар нөөцийн ганц валют хэвээр байна. Үнэн чанартаа бүх дэлхий АНУ-д зээл олгож байна. Саяхны төсвийн хямралаас зохих дүгнэлт хийвэл ийм ажиллагаа харин эцэс төгсгөлгүй үргэлжлэхгүй бололтой. Өнгөрсөн зууны 70-д оны эхээр орчин цагийн валютын систем төлөвшсэн үед доллар дэлхийн худалдаанд зонхилож байв. Тэр үед долларын ханшийг алттай холбон үзэхээс татгалзах бүрэн төгс шийдвэр гаргажээ. Долларт итгэсээр байна. Доллар худалдах дэд бүтцийн сүлжээг байгуулсны ачаар америкийн эдийн засаг дэлхийд томоохон хэвээр байна. АНУ-ын эрх баригчид хөрөнгө оруулахад аль болохоор туслаж байгаа. Үнэт цаас худалдах замаар ч АНУ-ын эдийн засагт хөрөнгө оруулж байна. Хөрөнгө оруулалт АНУ-д зайлшгүй чухал.     Тус улсын төсөв иэхээхэн алдагдалтай байдаг. Зарлага нь орлогоос хэдэн зуун тэрбум доллароор давж байна. Гэвч америкийн облигаци хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хэрэгсэл гэгдсэн учир бэрхшээл гарахгүй байгаа юм. Дэлхийн бүх алт валютын нөөцийн тэн хагас гаруй нь долларт ногдож байна. Гэвч АНУ-ын өр өсөн нэмэгдсээр байна. АНУ өрөө дарж чадахгүй гэж хөрөнгө оруулагчид үзвэл өрийн хэр хэмжээ долларын байдалд нөлөөлж мэдэх юм. Гэвч АНУ-ын ойрын болон дунд хугацааны тодорхой төлөвлөлтийг хэн ч мэдэхгүй байна. Энэ нь гол эрсдэл болсон. Инфляцийг урамшуулах болон дэлхийн хамтын нийгэмлэгт таагүй өөр арга замаар өрөө барагдуулж болно. Энэ бүхэн эцсийн эцэст дэлхий дахиныг валютын дайнд хүргэж байгаа юм.  Гадаад худалдааны эргэлт 20 орчим хувиар буурчээ    Энэ оны нэгдүгээр улиралын тайлант хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр 111 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 391 сая ам.доллараар буурсан талаар Монголынбанкны албан сайтад өгүүлжээ.  Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын байдлаар гадаад худалдааны эргэлт  5 тэрбум 798.4 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 19.2 хувиар буюу 1 тэрбум 377.2 сая ам.доллараар буурчээ. Үүнд экспорт 324.7 сая ам.доллараар, импорт 1052.5 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлсөн байна. Мөн хөрш орнуудтай хийсэн худалдаа ч тийм сайнгүй байна. Нийт бараа эргэлтийн 63.4 хувь буюу 3 тэрбум 673.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 12.7 хувь буюу 733.5 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн Р.Этүгэн

Гадаадад байгаа монголчууд "муу хүмүүс" үү?

Нэг. "Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана" Дэлхийн нилээд олон оронд тархан суугаа 200 мянга орчим монголчууд тухайн орондоо ажиллаж олсон мөнгөнөөсөө Монголдоо байгаа аав ээж, ах дүү, амраг садан, үр хүүхдүүддээ сар болгон "тусламж" болгон илгээдэг.  Баяр хөөр, нус нулимс дагуулсан тэр их мөнгө Монгол орны хөгжлийн сайн муу үзүүлэлтүүдэд багагүй хувь нэмэр оруулжээ. Улсын болон хувийн тодотголтой ихэнх Их дээд сургуулиудын санхүүжилт, шинээр баригдсан болон баригдаж байгаа чанартай чанаргүй олон орон сууцнуудын санхүүжилт, нийслэл хотод нэг хүнд ноогдох тоогоороо тэргүүлж Гиннесийн номонд орох дөхөөд байгаа олон олон зочид буудал, баар цэнгээний газруудын орлого, эмнэлэг, эрүүлжүүлэх байрнуудын хураамж, Төрийн маш олон албан хаагчдын цалингаас гадуурх "нэмэлт орлого" зэрэгт дээрх мөнгөнүүд зарцуулагдсан.  Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажиллаж, "амьдралын хүнд ачаа"-г ар гэрээ санасан сэтгэлтэйгээ хамтад үүрч, бусдын эрхшээлд хүссэн ч хүсээгүй ч оногдсон ажлаа хичээж хийж зүтгэж байсан тэд, энэ их мөнгийг "жаргаж" биш зовж олсон. Тэдний хөдөлмөрөөс урссан хөлс, шаналлаас урссан нулимс, бэртлээс урссан цус болгон нь "мөнгө" болон Монгол руу одож байсан. Ухаантай сайхнаар зарцуулж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа босгосон нь зөндөө л бий байх, урагшгүйгээр үрж, зугаацан цэнгэж, амьдралаа үрж өөрийгөө ч өрөөлийг ч "тамалж" зовоосон нь бишгүй л байх. Харин үүнийг сайнаар дурсаж, сэтгэлээсээ талархаж байгаа нь хэд юм бол? Үүнийг үнэлж, тэднийг хайрлаж өрөвдөж байгаа нь хэд юм бол? Эргээд ачилж, халамжилж байгаа нь хэд юм бол? Модноос ургаж, газраас үржиж байдаг мөнгө гэж хаа ч үгүй. Хүний нутаг, гүний хошуунд холын зочинд хадган дээр "мөнгө" барьж угтдаг заншил гэж огт үгүй. Харь нутгийн хөрс хатуу, хууль нь чанга. "Чи энэ хуулийн өмнө, энэ хөрсөн дээр хөдөлмөрлөөд олох мөнгөө олж чадвал чад, эс чадвал чи энд хэн ч биш" гэдэг бичигдээгүй хууль бий. "Гадаадад арчаагаа алдаж, аяга таваг угааж, хувийн жаргал хөөж амиа хоохойлсон" гэж тэднийг нэрлэх аваас алдас болно. Монгол хүн хэзээ ч аав ээж, ахан дүүс, үр хүүхдээ "хөсөр хаяж", зөвхөн хар амиа бодож чаддаггүй юм. Тийм болохоор л тэр их мөнгө Монгол руу урсаж, Монголын хөгжилд бага ч атугай нэмэр болсон . Үүнийг хэн дуртай нь зоргоороо чалчиж, бас үгүйсгэж чадахгүй. "Үнэн юм үнэнээрээ л үлддэг". Хоёр. Тэд Монголын "нэрийн хуудас" болж яваа Би Америкийн ихэнх хотуудаар яван эрж бэдэрч, хайж сурагласаар лавтайяа 60 орчим хүнтэй уулзаж ярилцлага хийжээ. Өндөр хөгжилтэйд тооцогддог энэ орны нийгэм соёл, техник технологи,  эдийн засаг үйлдвэрлэлийн бүх салбарт монголчууд амжилттай ажиллаж, үнэлэгдэж байгааг харж мэдрээд, гайхаж бахархсан. НҮБ, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк тус бүрд олон монгол залуус алба хашиж, Майкрософтод Л.Бат-Өлзий тэргүүтэй 12 монгол залуу, Яахоо, Майкрософтод М.Сувдмаа, Applle компанид Д.Энх-Амгалан, Фейсбуукт Мэргэн, Intel -д Энхтүвшин, АНУ-ын Ерөнхийлэгчийн сурталчилгааны албанд Ч.Ганболд ажиллаж байна.  АНУ-ын Ерөнхийлэгчийн мэдэлд байдаг "Марина" армид Р. Хосбаяр "ахлагч" цолтой алба хааж байгаа бол өдгөө нилээд олон монгол залуус Америкийн армид алба хааж байгаа. Дэлхийд шилдэгт тооцогддог Канадын "Нарны цирк"-ийн алдартай "О" шоунд Ж.Эрдэнэчимэгийн дасгалжуулсан 8 монгол охин \Лас-Вегас\ тасралтгүй 15 жил нугарч, Жофферийн балетийн театрт Б.Мөнгөнчимэг төгөлдөр хуурчаар ажиллаж\Чикаго\, Сиэтлийн болон Бостоны балетийн театрт Б.Болд, Алтанхуяг нар бүжиглэж, дэлхийн хэмжээнд Монголын сонгодог урлагийн цар хүрээг мэдрүүлж явна.  Залуу реппер В.Тулгат, дуучин Номинжин нар АНУ-д төдийгүй дэлхийн хэмжээнд өөрсдийгөө сорихоор хөдөлмөрлөж, хичээж явна. Алдарт Харвардын ИС-д Ph.D хамгаалсан Мандухай MIT-ийн  ИС-д, Д.Ганмаа Харвардын ЭМ-ийн ИС-д , Ц.Уранчимэг Беркелейн ИС-д, Түмэннасан, Отгонцэцэг нар Бентлейн ИС -д  багшилж, компьютерийн программист мэргэжилтэй хэрнээ Ш.Баатар Станфордын ИС-д археологийн чиглэлээр судалгааны ажил хийж байна. Биологи, физик, хими болон АУны чиглэлээр судалгааны ажил хийж байгаа 20 орчим судлаачид бүгдээрээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Ph.D цолтой эрдэмтэд. Эдэн дотроос дэлхийн хэмжээний шинэ нээлт, судалгааны ажилд оролцсон нь цөөнгүй.Өдгөө Холливуудад албан ёсны бүртгэлтэй У.Бямбажав маш олон сурталчилгаанд оролцдог төдийгүй, сонирхогчдын сумо барилдааны дэлхийн 3 удаагийн аварга болж амжсан.  Дэлхийн хэмжээний компани болон байгууллагуудад ажиллаж байгаа монголчууд бол дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа мэргэжилтнүүд. Нэрт хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх АНУ-д ажиллахын хажуугаар Монгол дахь урлагийн байгууллагуудын захиалгаар "Гамлет" жүжгийн хөгжим, "Ану хатан" зэрэг киноны хөгжим, өнгөрсөн зуны Монгол дахь наадмын нээлтийн хөгжмийг бичжээ. Сүүлийн жилүүдэд бизнесийн салбарт монголчууд амжилт гаргаж, өөрсдийн орон зайгаа бий болгож эхлэв. Монголчууд бид энэ оронд суурьшиж эхлээд ердөө л 20 орчим жил болж байгаа гэхэд чамлахааргүй амжилт. Бидний хувьд Америкийн хэмжээнд мэдэж байгаа хэсэг нь энэ. Гэтэл Ази, Австрали, Европын олон оронд  үүний адил монгол залуус минь хичнээн мундаг явж байна гээч. Энэ бүх амжилтын өмнө тухайн хүний нэр овгоос илүүтэй "Монгол" гэдэг нэр дуурсагдаж явдаг. Тэр болгонд " монголчууд мундаг юм аа" гэх үнэлэмж заавал дагалдаж явдаг. "Хэ тийм мундаг юм бол Монголдоо ирээд Монголоо хөгжүүлэхгүй юугаа хийгээд байгаа юм бэ?" гэж санаан зоргоор эгдүүцэх хүмүүс цөөнгүй бий. Дэлхийн хэмжээ, Монголын хэмжээ гэж харьцуулбал зөрөө нь зөндөө их. Магадгүй өнөөгийн нөхцөлд өөрийгөө цааш нь  хөгжүүлэх, илүү их боломж рүү тэмүүлэх, өсч өндийж байгаа залуу үеийнхэнд боломж чадварыг мэдрүүлэх "үлгэр жишээ" нь тэд байх. Тэд илүү боломж, илүү орон зайг бий болгох тусмаа Монголын хөгжилд, заавал УИХ-ын гишүүн болохгүйгээр нөлөөлөх боломжтой болж мэдэх. Тэдний нэр нөлөө нь алсдаа, хурдан морь "уяж", хусуур сойзоор "гангардаг" бизнесмен, улстөрчдөөс давж гарах биз. "Монгол хүн, монгол морь хоёр заавал нутгаа тэмүүлдэг" гэдэгчлэн мэдлэг нь тэлж, ухаан нь задарч яваа тэдний сэтгэлд Монгол эх орон нь ямагт оршиж байгаа гэдэгт би итгэдэг. Гурав. Өөрийн зардлаар өөрийгөө хөгжүүлж байгаа монголчууд Монголчууд гадаадад гарах гэж "хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж" байсан үе бий. Америкийн, Европын, Солонгосын виз нь "аз жаргалын алтан түлхүүр" мэт санагдаж, үнэлэгдэж байсан үе бий. "Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзэх" гэж, өөрийгөө "хэн?" гэдгийг сонжиж, өрөөл бусадтай харьцуулан дүгнэх гэж, амьдрал үзэж нүд тайлах гэж, өндийлгэж ядах амьдралын баганаа өөрөө тулж босгох гэж, өөртөө мэдлэг эс гэхэд мөнгө хураах гэж, өрөөл бусдын өмнө цэх зогсох хүч олох гэж бодож санаж зүтгэсэн нь дэндүү олон. "Их санасан газар есөн шөнө хоосон"  хонохдоо, их мөрөөдлийн үзүүрт хатуу амьдралтай тулахдаа нулимсаа залгилж, шүдээ зууж зүтгэсэн  өдрүүд олон. "Монгол хүн" болохоороо муугаа бусдад үзүүлэхгүй гэж тэсч гарсан нь олон, мунхаглаж тэнэгтээд сөхөрч унасан нь ч цөөн. "Би яагаад бусдаас дор явах ёстой юм бэ?" гэж өөртөө шазуур зууж, "маргаашийн өдөр эднээс илүү л гарах болно" гэж сэтгэлээ хатуужуулж зүтгэсэн нь даанч олон. Тэд хэзээ ч эх орноосоо "урвагч" байгаагүй. Аяга таваг угааж, хими цэвэрлэгээнд ажиллаж, өндөр настанг асарч, барилга засварлаж, шал зүлгэж, айлын хүүхэд харж, хоол зөөж, бусдын гутал тосолж байсан өдрүүд тэдэнд "ажил хүнийг голдог болохоос, хүн ажлыг голдоггүй юм" гэдгийг яс маханд нь тултал ойлгуулсан. Аажимдаа дээшлэн такси, трак барьж, ажлынхаа газартаа менежер болж, суши хийж, ахлах тогооч болж, ажил олгогч болж дэвшихээрээ мөнгөний үнэ цэнийг өөрийн үнэ цэнэтэйгээ хамтад нь мэдэрдэг болцгоов. Харин өдгөө өөрсдийн бизнестэй болцгоож, харь бусадтай өрсөлдөн орон зайгаа бий болгохдоо  өөртөө итгэж, "монгол хүн" гэдгээрээ бахархаж, бусдад тусалж дэмжих чадвартай болж байна. Энэ л бүх хугацаанд тэд, өөрийн "бор зүрхээрээ" л шударга хөдөлмөрөөр зүтгэцгээсэн. Хэн нэгнийг "хулхидсангүй", газар нутгаа "арилжсангүй, аль нэгэн банкнаас зээл аваад "бултсангүй", эрх мэдэлт нэгэнд авилгал өгч "зусардсангүй", "намайг харж үзсэнгүй" гэж төр засагтаа гомдоллосонгүй. Үүнийхээ төлөө тэд, яагаад бусдаас ичих ёстой гэж? Амьдарч байгаа орныхоо хууль журмыг чандлан сахиж, үйлчлүүлэгчээ хүндлэн инээмсэглэж, ажлын цагаа яс баримталж, алив ажлыг чанартай гүйцэтгэж, элдэв хаягдлаа хогийн саванд хийж, энд тэнд зорчихдоо оочер дарааллаа баримталж, хэнээс ч хамааралгүйгээр амьдралаа өөрсдөө авч явж, хэн нэгний өөдөөс эгц харан инээж сурсан тэд. Өрөөл бусадтай барьцаж шуналгүйгээр "хөнжлийнхээ хэрээр хөлөө жийж", үнэтэй брендэд "дарлуулалгүйгээр" өөртөө таацуулан цэвэрхэн хувцаслаж, унах машин ярих гар утсаа "хэрэглээ" гэж тооцож, аз жаргалын түлхүүр нь мөнгө биш, ажил амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хэлдэг гэж ухаарч, алсдаа Монгол орондоо очиж өөрийн чадал боломжоороо амар амгалан ажиллаж амьдарна гэж мөрөөдөж, боломж эв нь таарвал бусдад жаахан ч атугай тус болох сон гэж сэтгэл нь чилж яваа тэд эгэл жирийн л монгол хүмүүс.  Тэд ирээдүйд Монгол орны хөгжилд, монгол хүний сэтгэлгээнд сайнаар нөлөөлж чадах, өөрийн чадал боломжоор өөрийгөө хөгжүүлж чадсан "үнэт баялаг". Тэд хэзээ ч хаана ч өөрчлөгдөж чадахгүй "монгол хүн". Дөрөв. Тэд монгол хэл, соёл, зан заншлыг харьд сурталчилж, мэдрүүлж яваа хүмүүс Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд очиж "концертоо тоглон үнэлэгдэв" гэж өөрсдийгөө сурталчлаад байгаа урлагийнхан, хошин шогийнхон чинь уул шугамандаа тэр оронд байгаа монголчууддаа л тоглолтоо сонирхуулж, эх орон, элгэн саднаа санаж бэтгэрсэн сэтгэлийг нь уяраасны төлөө тодорхой хэмжээний мөнгө олоод ирж байгаа хэрэг шүү дээ. "Ардын засаг ч гэж юу  байлаа, авдаг өгдөг нь ч хаана байлаа" гэдэгчлэн дэлхий даяар тархан суугаа монголчуудынхаа буянаар гадаад оронд очиж "гахай шувууны мах зооглож" байгаа нь тэр. Дөнверийн "Тулга" клубийн санаачилсан "Уран үгсийн чуулган"-ы ач тусаар өдгөө Монголын нэрт зохиолчид, яруу найрагчид өөрсдийн жимээ гаргаж буй. Миний мэдэхийн Станфордын ИС дээр болсон хэд хэдэн урлаг соёлын арга хэмжээ Америк Монголын соёлын харилцаанд бага бус нөлөөлж буй. АНУ-ын Конгрессийн Номын сан, Индианагийн ИС-ийн номын сан, Беллингхим хот дахь Вашингтоны ИС-ийн номын санд монгол номын арвин баялаг цуглуулга бий болсон нь мөнөөх л Монгол эх орноо сурталчлах гэсэн оролдлогын сайн үр дүн. Өдгөө Вашингтон ДС, Чикаго, Денвер, Лос-Анжелос, Сан-Франциско хотуудад монгол сургуулиуд байгуулагдаж, тэнд суралцаж байгаа хүүхдүүд монгол хэлний яруу сайхан хэллэг, монгол бүжгийн уян налархай биелгээ, эх орон ээж ааваа, эрдэмт багшаа зурсан олон зургууд, монгол дууны уянгалаг эгшигээр бусдыг баярлуулж, бахдуулж байна. Харьд өсч өндийж байгаа тэднийг "монгол хүн" хэвээр нь өсгөх гэж, монгол ахуйд нь сургах гэж тэд хичнээн их хүсч, мэрийж байгаа гэж санана. Америкийн олон хотуудад сайн дурын санаачлагаар байгуулагдсан "Монгол Соёлын Төв"-үүд болон бусад олон байгууллагууд монгол хэл, соёл, урлаг, зан заншлаа сурталчлах гэж ямар олон ажлууд зохион байгуулдаг гээч. Тэдний л хичээл зүтгэлээр өдгөө Америк оронд "Монгол судлал" өргөжиж,  монгол бичиг,ардын урлаг, уран зургийг гадаадынхан илүүтэй мэдэх болж байна. Хэн ч тэднийг албадаагүй, хэн ч тэднийг ятгаагүй, хэн ч тэднийг  цалинжуулаагүй. Харин тэд "монголоороо бахархаж, монголоороо гайхуулж, монгол гэдгээрээ омогших" гэж үүнийг чин сэтгэлээсээ хийдэг юм. Хэдийгээр цээжээ дэлдэн хашгирдаггүй ч, тэдний сэтгэлд жинхэнэ "эх оронч" зүрх цохилж байдаг юм. Саяхан нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцохдоо "Монголын үндэсний баяр болох наадам бол монгол хүнд монгол гэдгийг нь мэдрүүлэх вакцин юм" гэж дурдсан. Өдгөө монголчууд оршин суугаа аль ч оронд наадам, цагаан сар бол монголчуудын үндэсний их баяр цэнгэл гэдгийг мэддэг болсон. Монгол дээл хувцсаараа гоёж сүүдэрт тухлан суусан монголчууд, өмсгөлөө өмссөн бөхчүүдийн эр бяр, уран мэхэнд нь уулга алдаж, тоос татуулан уралдах бяцхан хүүхдүүдээ харан "самсаа нь шархирч", айргаа ууж, хуушуураа амталж, нэгэн өдөр харь нутгийн дэвсэг дээр "эмээлт морь шиг дэрвэлзэж, эзэн хүн шиг таахалзан" нааддаг юм. Гайхаж харсан хэний ч өөдөөс "бид бол энэ дэлхийн давтагдашгүй монгол үндэстэн" гэж омог бардам харцаар хариулдаг юм. Монгол нутгийн дэнж дээр хотойлгон байж уухайлдаг монгол наадам, өдгөө даян дэлхийн дэвжээн дээр дуурсанхан байж зэрэгцдэг болсон нь хөх толботой төрж, жилдээ нэгэнтээ үүгээрээ гайхуулж бардамнадаг монголчуудын омогшил. Ийм бардам сүрлэг монголчууд хэзээ хаана, хэнд уусна гэж? Тав. Тэд Монголын ирээдүйг бэлтгэж байна Сайн муу элдвээр хэлдэг ч, монголчууд бид дэлхийн олон оронд цагаачилсаар даруй 20 орчим жилийг үджээ. "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэдэг хэллэгээр, арав гаруй жил зөвхөн мөнгөний төлөө алжааж ядартлаа зүтгэсэн тэд, өдгөө нуруугаа тэнийлгэж, эргэн тойрноо өөр нүдээр харж байна.  Сунаж унатлаа зүтгэж цуглуулсан мөнгө нь "баялаг" болсонгүй, ухаарч мэдэрсэн бүхэн нь өөрийнх нь" баялаг" болон шингэж байгааг ойлгож байна. Үр хүүхдүүддээ байр сав, банкин дахь мөнгө, элдэв эрдэнэс хурааж өвлүүлсэнд орвол "эрдэм мэдлэгтэй", энэ амьдралд өөрийгөө аваад явчих чадвартай болгох нь "үлдэцтэй" болохыг ухаарч байна. Яг үнэндээ өөрийгөө бодвол Монгол руугаа буцчихмаар байвч, үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод "тэсч үлдэж" байгаа монголчууд олон бий. Тэд үр хүүхдээ дэлхийн хэмжээний мэдлэгтэй болж, түүнийгээ Монгол орныхоо төлөө зориулаасай гэж хүсч байна. Эрдэм чадалтай, авьяас билэгтэй хүүхдийг нь хараад "монголчууд чинь ийм мундаг бил үү? " гэж гайхаасай гэж мөрөөдөж байна. Цагаачилж ирсэн эхний үеийнхний ихэнх нь харь нутагт "харлаж", хамаг л зовлон зүдгүүрийг өөрсдөө үүрсэн. Тосоод авах ачтангүй, хэлээд өгөх ахмадгүй, заагаад өгөх мэдлэгтэнгүй байхад тэд л зовлонгоороо бүхнийг туулсан. Араас нь нэхэж ирэх бусаддаа зааж хэлэх болсон, арга боломж нь олдвол тус болохтой болсон, аажим аажимдаа мэдээллийн сувагтай болсон. Бие биенээ сураглаад, ядаж л ажилд сургаж заагаад, дэмжээд л хамтдаа зүтгэж байж л босч өндийж байв. "Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой" гэдэгчлэн сайдалцаж муудах, салж хагацах үе, алдаж онох агшин зөндөө л байсныг нуух юу байхав. Гэхдээ "нэр хугарахаар яс хугар" гэдэгчлэн хүний газар "нэрээ хичээж" байсны хүчинд жилээс жилд монголчууд маань мундаг болж байгаа. Заримдаа бие биенээ муу хэлж байвч аажимдаа нэгдэж нягтарч л байна. Өөрсдөө хөлсөө урсгадаг болохоор хэн нэгний зүтгэлийг ойлгож дэмжиж л байна. Сэтгэлгээний хувьд тэд, монгол бахархлаа сэтгэлдээ хадгалсан "дэлхийн" хүмүүс болж өндийж байна. Хаана ч гудайхгүй, хэнд ч гологдохгүй. Монголоос одоо ирж байгаа залуусыг хараад би л лав баярладаг. Тэд мөнгө олох гэж биш, эрдэм өвөрлөх гэж ирдэг болж. Харьд байгаа өндөр боломжийг халаасандаа биш, толгойдоо багтаах гэж ирдэг болж. Тэд бидний туулж өнгөрүүлснийг хүндэтгэж, гэхдээ ирээдүйг харж байна. Уулзаж ярилцсан залуус болгон "сурах юмаа сурч аваад л хурдхан шиг Монголдоо очноо" гэж ам бардам хэлж байна. "Би монгол залуу болохоор бусдаас заавал илүү байх ёстой" гэж боддог болж. "Монгол хүн" гэдэг үгийг "дэлхийн бренд" гэж хэлдэг болгох гэж тэд яарч байна. Сайхан хэрэг шүү. Гэхдээ тэднийг ийм болгон хувиргахад гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын бага ч болов тус, дэм оролцсон. Тэдний гаргасан жим тэртээх он жилүүдэд амаргүй байсан ч, урсан урсах он жилүүдэд дардан болсоор л. Энэ зам дээр тэдний урссан хөлс, шаналсан сэтгэл, цөхөрсөн нулимс шингэсэн байгаа. Ийм болохоор би тэднийг хайрлаж, бас өмөөрдөг юм.                                              ЗААВАЛ МОНГОЛДОО БАЙЖ Л ХӨГЖҮҮЛЭХ ҮҮ? Энэ тухай бичиж ярихаар "Та нар тийм мундаг юм бол Монголдоо ирээд хөгжүүл л дээ" гэж зэмлэдэг юм. Бас тавладаг юм. Улс орны хөгжил гэдэг хувь хүний хөгжлөөс л эхтэй. Хувь хүн болгон хогоо хогийн саванд хийчихдэг бол, хууль журмыг дагаж мөрддөг бол, өөрт ноогдсон ажлаа чанартай хийчихдэг бол, хийсэн ажлынхаа хөлсөөр сэтгэл хангалуун амьдардаг бол, хэн нэгэнд авилгал өгөлгүйгээр шударгаар өрсөлдөж чаддаг бол, хэн нэгэнтэй зодолдолгүйгээр учраа ололцож чаддаг бол, ногоон гэрэл асахаар нь гарцаар гачихдаг бол, ном уншиж байж ухаарал авдаг бол хөгжиж л орхино. Түүнээс биш, гадаадаас ирсэн хүн болгоныг сайд болгоод, УИХ -ын гишүүнээр сонгоод байна гэж юу байх вэ? Тэд чинь үүнийг хүсэхгүй болохоороо л  тавлаад байгаа юм шүү дээ. Бараг 4 хүний нэг нь гадаадад ажиллаж амьдарч үзсэн болохоор тэдэнд итгэдэг юм,  бас сайхан цаг ирж яваа гэдэгт. Гадаадад ажиллаж амьдарч байгаа ч олон олон мундаг залуус "Монголын нэр"-ийг дуурсгаж яваа, олон олон залуус харь нутгаас Монгол руугаа хандсан олон сайхан үйлсийг санаачилж, хэрэгжүүлж байна, бусдад үлгэр жишээ болж байна, бас залууст тусалж дэмжиж байна. Энэ бүхэн Монголынхоо л төлөө юм шүү дээ. Хэдийгээр "би эх оронч хүн" гэж хашгирдаггүй ч монгол хүн болгоны сэтгэлийн чанадад "Монголдоо нэг ийм юм хийчих юм сан" гэдэг зовинол оршиж байдаг, бас боломжийг хүлээж байдаг. Яагаад гэвэл тэд чинь эх орондоо хайртай хүмүүс. "Эх орон" гэдэг үгийн үнэ цэнийг дэндүү сайн мэддэг."Эх орныхоо төлөө" гэсэн сэтгэл нь цээжин дотроо байхад, газар нутгийн хол ойр нь хязгаарладаггүй юм. Бас олон олон монголчууд маань эх орон руугаа буцаж байна. Лавтайяа сүүлийн 3 жилийн хугацаанд Америкт байгаа монголчуудын гуравны нэг орчим нь буцлаа. Хүн болгоны сэтгэлд "буцах тухай" бодол л эргэлдэх болж. Буцаж очсон нь адил биш, янз янз л байгаа байх. Гэхдээ тэд гараа хумхиж зүгээр суухгүй л байгаа, тэд тэгж чадахгүй. Харь оронд сурч мэдсэнээ Монголдоо "баялаг" болгох гэж хичээж л байгаа.  Алдаа оноо, амаргүй үеүд бий л байх. Гэхдээ л тэд шантрахгүй л дээ. "Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн" -г Монголдоо байгуулах гэж бараг 3 жил зүтгэж байгаа Германд амьдарч байсан Д.Эрдэнэчулуун гэдэг залууг мэдэх юм. Тарьж байгаа мод, бут, цэцэгс болгон нь Монголын хөгжлийн төлөө ургаж байна. Ийм залуус олон бий. Тэгэхээр бид хөгжихгүй яах юм бэ?  "ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС ХҮНИЙ ХҮҮ ЭРДЭМ ӨВӨРЛӨН ИРНЭ" гэж тэртээх нэгэн цагт их зохиолч Дашдоржийн Нацагдорж  хэлсэн сэн. Ерөөлөөр болог. Гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын гэр бүлдээ гуйвуулсан мөнгөний дүн болон түүний Монгол улсын ДНБ (Дотоодын Нийт Бүтээгдэхүүн)-д эзлэх хувь.  Статистикийн баримт Тайлбар: Дээрх үзүүлэлтэд 2005 оноос хойш ДНБ -д эзлэх хувь багассан нь Уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой аж.  

Оны сүүлчийн гадаад хамтын ажиллагааны уулзалтууд боллоо.

    2015 оны хамгийн сүүлчийн гадаад хамтын ажиллагааны уулзалтууд Бээжин, Хөх хотод болж өнгөрлөө. Бээжинд хүйтэн сэрүүн, агаар нь битүү манан утаанд умбана. Олны анхааралд өртдөг болохоор Бээжин хот дэлхий даяар утааны тухай шүүмжлэлд өртөнө.             Харин Улаанбаатар хотын гэр хороололд Бээжинтэй харьцуулашгүй гүн харанхуй утаанд умбаад цөөнгүй жил өнгөрч бид ч байдаг зүйл мэт хэвийн хүлээж авдаг болжээ. Тэгээд өөрийн толгойд залрах Тэмээг харалгүй хүний толгойд байх хялгасыг шүүмжилж сууна. Шууд бус хэлбэрээр олон хүн өвчин тусч байгаа. Архаг өвчтэй ч болж байгаа. Энэ бүхэнтэй бид дасчээ. Үүнийгээ ядуугийн зовлонгоор халхавчлана.             Бээжин хотын утаа зөвхөн нийслэл хотын асуудал биш ажээ. Хотод байгаа үйлдвэрүүдийг гаргасан. Дараа нь түүнийг дагаад хотын гадна дүүрэг дэх айл өрхүүдийн асуудлыг шийджээ. Хотын эргэн тойрон дахь дүүргүүдийг орчин үеийн барилгажуулах ажил эрчимтэй хийндэж байна. Хотоос автомашины захуудыг нүүлгэжээ.Одоо барааны захуудыг гаргаж эхлээд байна. Дараа дараагийн үе шаттай асуудлыг шийдвэрлэж байгаа боловч энэ бүхэн нийслэл хотын асуудал биш ажээ. Өөрөөр хэлбэл Бээжин хотыг тойрсон мужуудын агаарын бохирдолтын асуудлыг давахар шийдэж байж Бээжин хот цэвэр агаартай болно. Тэр болтол дахиад хэдэн жил хэрэгтэй.             Бээжинд цас орсоны дараа агаар багагүй цэвэршив. Гэхдээ утааны манан бүрхсэн хэвээр байх ажээ. Энэ өдрүүдэд Бээжинд бидний хамтын ажиллагааны уулзалтууд болж өнгөрөв. Миний хувьд хорин таван жил үргэлжилсэн хамтын ажиллагааны он жилүүд ард хоцорч байна. Анх Эрээн хотод ирж байхад хөдөөний ядуухан тосгон байж билээ. Одоо Хятад улс хөгжлөөрөө биднээс хол түрүүлсэн. Анх Бээжинд хөл тавьж байсан 1991 онд анхны танилцсан хятад хүн бол орос хэлтэй настан байсан. Тэр үед сард 2 удаа барааны эргэлт хийдэг байв. Нэг жилийн босгон дээр эргээд ирэхэд Ританы зах нүүж танилцсан орос хэлтэй хятад маань нүүгээд явчихсан байсан. Тэрнээс хойш олон зуун хятад хүмүүстэй танилцаж хамтарч наймаа хийлцэж, хамтарч ажилласаар 25 жил өнгөрчээ.             Бизнесийн түвшинд олонтой хамтарч ажиллаж алдаж, онож явлаа. Тэгээд өнөөдрийн харилцааны түвшинд хүрчээ. Олон сайхан хүмүүстэй танилцсан байна. Хэн хэнийхээ амьдралд тус болох хэмжээнд харилцан ажиллаж иржээ. Бидний харилцаа бизнесийн салбарт өрнөж ирсэн. Цаашид ч үргэлжлэнэ гэдэгт итгэдэг. Ойрын хэдэн жилд хятад улс гадаад хамтын ажиллагааны чиг хандлагад өөрчлөлт орсон гэлээ ч тодорхой хугацааны дараа хамтын ажиллагаа урдын адил эргээд эрчимтэй хөгжинө гэдэгт огт эргэлзэхгүй байна.             Энэ удаа ч бид өнөөгийн түвшинд хамтарч ажиллах боломжоо ярилцсан юм. Бид Монголд аялал жуулчлал хийгдэхэд хамтарч ажиллах боломжийг илүү их сонирхож байна. Хэзээ нэг цагт монголын нүүдлийн соёл, онгон байгаль, цэвэр агаар, орчинд амрахаар хятад хүмүүс монголыг зорих болно.             Хөх утаанд умбах Бээжин хотын дараа Хөх хотод буугаад мордлоо. Очих бүрт хот улам бүр өргөжин тэлж, өнгөжин жавхаажих нь нүдэнд тусна. Бусдын ололтыг зөв үнэлж сурч байж бид хөгжлийн гарцаа олж харах болно. Муулсанаар ажил явдаггүй. Сайныг нь аль болохоор илүүтэй олж мэдрэхийг хүснэм. Нүдэн дээр илт хурдтай хөгжиж буй хятад орон бидэнд холоос биш ойроос сургамж авч хөгжихийг заагаад байгаа юм биш үү.             Оны сүүлчийн өдрүүдэд хятадад уулзсан уулзалтууд ажил хэрэгч, амжилт бүтээл арвинтай байлаа. Бидний ажилд амжилтын зэрэгцээ алдаа оноо ямагт дагалдаж явдаг. Саар зүйл байлаа ч ажил урагшилж байна. Гадаад хамтын ажиллагаанд тулгарсан зарим үл ойлголцол ард хоцорч, шинэ илүү зүйл рүү тэмүүлж явна. Ажил хэрэг гэдэг ийм л байдаг. Хамтын ажиллагааны шинэ өндөрлөг өөд урагшилж явна бид нар.                                     Д.Хүрэлбаатар

Хуудаснууд

Subscribe to Гадаад мэдээ