logo

logo.jpg

Advertisement

Гадаад мэдээ

​БЭЭЖИНД ХИЙСЭН БИДНИЙ АНХНЫ ХАМТЫН АЯЛАЛ.

      МБНЭ байгуулагдсанаас хойш хамгийн анхны Бээжинд зочлох аялал өвлийн эхэн сард тохиов. Аялалын багт МБНЭ-ийн Дээд цэцийн удирдах зөвлөлийн гишүүд Монгол бөөгийн их зайран Д.Дарьчулуун, Залуучуудын зөвлөлийн гишүүн,Монгол бөөгийн удган Б.Чанцал, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл, Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Энхмаа, Дархан хотын бөөгийн “Самгалдай” төвийн Тунгаа, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар орсон юм. Энэ удаагийн аялал бүх л унаа дамжин БНХАУ-ын нийслэл Бээжинд очсон. Өөрөөр хэлбэл онгоц, машин, галт тэрэг хөлөглөн зорчлоо. Улаанбаатараас вагоноор хөдөлж эхний шөнө галт тэргэнд таарлаа. Нэг нэгэнтэйгээ танилцаж тоглож наадаж вагон дотор хөгжөөнтэйхөн цаг хугацаа өнгөрөлөө. Эрээн хот урьд өмнөхийг бодвол хүн цөөтөй болжээ. Бид Эрээн хотоор хэсч зах зээлтэй нь танилцлаа. Эрээнд бид хоёр дахь өдрөө өнгөрөөсөн. Шалтгаан нь Бээжин лүү онгоц их орой нисдэг болжээ. Тэгээд нэг өдрийг Эрээн хотод өнгөрүүлсөн хэрэг. Эрээн хотоос 30 км давхиад онгоцны буудалд очсон. Онгоц нэг цагаар хоцорч бууснаас бид Бээжин хотод шөнө дөлөөр буусан. Бидний гурав дахь шөнө Эрээн-Бээжингийн хооронд таарлаа. Харин Бээжин хотод нисэх онгоц газардах үед шөнийн гэрлээ асааж гоёлоо өмсөж хүлээж авлаа.             Бээжингийн орчин үеийн онгоцны буудалд миний найз нар биднийг угтаж авсан юм. Бид “Сага” хэмээн нэрлэгддэг буудалд буусан. Тэрхүү буудал манай элчингийн тэр хавьд байх агаад эргэн тойронд үйлчилгээ, зээл, захтайгаа ойрхон байлаа.             Бээжингийн эхний өглөө цэлмэг байлаа. Гэхдээ ойрын хэдэн жилд тохиогоогүй хүйтэн байв. Өнгөрсөн жил Бээжин хотод цас бараг ороогүй. Гэтэл энэ жил өвлийн улирал эхлээгүй гахам байхад цаснэвсийтэл орж, хүйтний эрч огцом чангарсан өдрүүд байв. Аялалаар яваа Монгол хүмүүст энэ харин аятаахан зохицож байлаа.             Шөнө ирсэн болохоор өглөө амарч аваад дөрөв дэх өдрийн аялалаа эхэлсэн. Бид Бээжин дэх аялалаа Яшиү хэмээх орчин үеийн загвараар босгосон худалдааны төвийг үзсэн. Дараа нь Таньмины талбайд очсон. Хүйтэн болохоор хаа сайгүй хүн цөөхөн байгаа нь ажиглагдана. Төв талбай хүнгүй шахам байлаа. Тиймээс гэрэл зургаа чөлөөтэй татуулах боломж дүүрэн байв.             Тэндээс хэд алхаад Вампужин хэмээх худалдаа, үйлчилгээний төвөөр орсон. Хэдийд ч очсон энэ гудамж хүнээр дүүрэн байдаг. Өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн гудамж, өвөрмөц сэтгэгдэл төрүүлнэ.             Тав дахь өдөр чөлөөт аялалтөлөвлөгдсөн байв. Манай аялалын хэд худалдааны захаар өдөржин явж, бараа сонирхож энэ өдрийг өнгөрөөсөн юм. Бээжин хотын өмнө байрладаг зах Монголчуудын ихээр очдог газар билээ.             Энэ өдрийн орой Хятадын зүүн мужаас ирсэн зочид, мөн хятадын цаатангийн төлөөлөгчид бидэнд хүндэтгэлийн зоог барьсан юм. Жан ноён бидэнтэй хамтарч ажиллаж Монгол бөөг бөөлүүлэн хувь заяагаа даатгуулах тухай санал тавьсан төдийгүй, МБНЭ-ийн төлөөний газраа байгуулахад дэмжихээ илэрхийлж, хамтарч ажиллах саналаа дэвшүүлсэн. Дараа нь хатагтай Хүй өөрийгөө хятадын үндэсний цөөнх болсон цаатан бөөгийн удам болохоо танилцуулж хамтарч ажилах саналаа хэлсэн. Бид саналыг талархаж хүлээж авлаа. Хүлээн авалт хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай нөхцөл, харилцан танилцах нөхцлийг олгосон.             Зургаа дахь өдөр Аялалын хэсэг Хятадын алдарт цагаан хэрэм дээр очив. Сааралтан харагдах цагаан хэрэм түүхийн гэрч болон дүнхийнэ. Ярьдаг бол энэ хэрэм ямар их түүхийг өгүүлэх бол хэмээн бодов. Монгол Улсыг тунхагласны ойн баярын өдөр таарсан болохоор манай хэд өвөг дээдсийн баатарлаг түүхээр бахархан ярилцаж, хэрхэн цагаан хэрэмийг эзэлж байсан тухай хөөрөлдөнө билээ. Энэ өдөр бидний яриа өвөг дээдсийн ялалтын тухай болж өнгөрлөө.             Долоо дахь өдөр. Бид Тианы захаар явж, шинэ жилийн бэлтгэлээ хийсэн. Шинэ жилийн чимэглэлээ хийсэн зах холоос өвөрмөц содон харагдана. Дараа нь Бээжингийн компьютерийн захаар очсон. Тэнд бид сүүлийн үеийн техник хэрэгсэлээ авч, сайтад хэрэглэгдэх материалын хангалтаа авсан.             Орой нь Шинжань-Уйгараас ирсэн монголчуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцож, үндэсний үзлийн сэргэлт, монгол туургатангуудын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Энэ нутагт ажиллахад бидэнд хол санагдавч Монголчууд амьдардаг аймгууд нь эх хэлээрээ цэвэрхэн сайхан ярих нь сэтгэлд таатай санагдсан. Бид тэнд өөрсдийн тэнгэр үзэлтнээ төрүүлэх болно гэсэн халуун итгэлээр ярилцлага өндөрлөсөн.             Манай аялалын нэг хэсэг нь зочдын урилгаар хятадын урагш орших мужид очиж бөөлж засал хийж өгсөн. Эхлээд тэд маш их болгоомжтой хандаж байсан. Гэвч бөөлөлтийн дараа бүх зүйлийг мэдэрч хамтарч ажиллах санал дэвшүүлсэн юм.             Аялалын найм дахь өдөр. Энэ өдөр бид Монгол улсад Элчин сайдаар ажиллаж байсан Хуан Жихуйтай уулзлаа. Амьдралын хорь гаруй жилээ Монгол Улсын судалж, ажиллахад зориулсан ахмад дипломатчтай бид хоёр цаг харилцан ярилцсан билээ. Дараа нь бид Бээжингийн олон улсын худалдааны төвөөр орж, бидэнд хамгийн ойр дотно хэрэглэдэг спорт аялалын дэлгүүрийн бараатай танилцсан. Энэ дэлгүүрийн бараа тахилга, аялалд хэрэглэхэд бөх бат, чанартай байдаг билээ. Тэндээс аялалын багийн хүсэлтээр ябола захаар орсон. Тэнд байдаг орчин үеийн худалдааны төвөөр орж орчин цагийн хөгжлийн өнгө аясыг мэдэрсэн.             Орой нь Баян-нуур, Алша аймгаас ирсэн монголчуудтай уулзсан. Тэнд бөө нар цөөнгүй байгаа бөгөөд МБНЭ-ийн төлөөллийг байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Тэгээд бид харилцан уулзаж байж, хамтарч ажиллах чиг хандлагаа тодорхойлохоор тохиролцов.             Аялалын Ес дэх өдөр Аялалын нэг хэсэг Баяннуур аймаг орж урилгаар засал хийхээр хөдлөв. Үлдсэн хэд нь хоёр хуваагдаж, нэг хэсэг нь амьтаны хүрээлэн очиж, түүний ойролцоо орших барааны захаар явж танилцсан. Өдөр бидэнтэй Хөлөнбуйраас ирсэн төлөөлөл уулзаж танилцсан. Тэд нутаг оронд Тэнгэр үзэл хүчээ аван тэлж, уул овооны тахилгаа хийдэг тухай ярьсан.             Орой нь хятад танилууд хүлээн авч Монгол-хятадын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар санаа зовж буй асуудлаа тоочин ярилцаж, саналаа солилцлоо. Хаа газар жир хүмүүсийн дотно харилцаа чухал үүрэгтэй байдаг. Ийм уулзалтууд бидэнд цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлж өгдөг.             Арав дахь өдөр бид Бээжингийн төв вокзалаас Эрээний зүг галт тэргээр хөдөллөө. Бээжингээс Эрээн хүртэл зузаан цас хучжээ. Йим цастай байхыг ойрын арван жил хараагүй болохоор сонирхолтой санагдана. Энэ өдрийг галт тэргэн дотор амралтын байдалтай өнгөрөөв. Хүмүүс чимээгүй тайван амрахын хүсчээ. Аялалын есөн өдөр ачаалал, хөдөлгөөн ихтэй ард хоцров. Бид орой Эрээнд ирлээ, тэгээд шууд амарсан. Арван нэг дэх өдөр бид Эрээнд удалгүй эрт хил гараад Сайшаанд очих ёстой байлаа. Гэвч манайхан захаар орж бараа сонирхосоор үд өнгөрч байхад хил гарав. Гараад бас машин тэрэг, хувийн ажил хөөцөлдсөөр орой цааш хөдөлсөн. Их ядарсан болоод уур ихтэй байсан байх. Замдаа Улаан-уулын отряд дээр хонож, хамт явсан бүсгүйчүүд галт тэргээр хот руу хөдлөв. Арван хоёр дахь өдөр Сайшаандад бөө нартайгаа уулзаж, өнгөрч байгаа жилийн тахилга, тайлгуудын мэдээлэл өгч, ирэх жилийн ажлын талаар саналаа солилцсон. Дараа нь цааш хөдөлж Чойр дээр бас ажлаа ярилцав. Бид дахин дахин яваад байх санхүүгийн боломж байхгүй учраас нэг чиглэлд явахдаа олон ажил төлөвлөсөн нь хувьдаа ажил ихтэй зарим хүмүүст хэцүү байсан байхаа. Уг нь аймгууд хэрхэн ажиллаж байгааг бусдад нь үзүүлэх зорилго агуулсан юм. Олон хоног зориулсан аялал ийнхүү өндөрлөв.             Аялагчдаас Вагоноор шууд ирж очихоор зардлыг тооцож авсан. Тэнд байх долоо хоногийн зочид буудлын зардлыг МБНЭ хариуцсан юм. МБНЭ-ийн төвд ажиллагсадад ойрхон байж, бидний зовлонг сайн ойлгодог гишүүд  байдаг. Тэгээд Д.Дарьчулуун, Б.Чанцал нар байгуулагадаа гурван сарын принтерийн хор авч хандив өргөсөн. Бид Вагон, онгоц, машин гээд бүх тээврээр аялсан. Тэгээд хэдэн юань үлдсэн юм. Уг нь шалихгүй мөнгө. Зарим нэг тооцоо хийгээд явж тэгээд үлдсэн мөнгөө буцааж авна лээ.              Энэ аялалыг эрт төлөвлөж зохицуулсан билээ. МБНЭ-ийн гурван жилийн ойн арга хэмжээг удирдаж зохион байгуулсан залуучууддаа энэ аялалыг зориулсан юм. Харамсалтай нь явах ёстой гол хүмүүс янз бүрийн шалтгаан гараад цуг явж чадсангүй.             Бид МБНЭ-ийн гурван жилийн ойг атгасан гар шиг нэгдэж ажиллаж зохион байгуулж чадсан. Тэнд ачаалалын хүндийг үүрч зохион байгуулцсан Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, Д.Даринчулуун, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайхан, Монгол бөөгийн Зайран Мөнхбаяр, Монгол бөөгийн удган Солонго нартаа баярлаж байна. Мөнхбаярын эхнэр нь төрж, Баярсайхан, Солонго нарт ажил гарсанаас бидний аялалд оролцож чадсангүй. Алдаа оноогоо бичих нь залуучуудын цаашдын ажиллагаанд хэрэгтэй. Тэд хамтарсан ажиллагааг зохион байгуулах мөн чанарт суралцах шаардлагатай. Тиймээс төгсгөлд нь шүүмжлэлтэй хандах нэг асуудал байлаа. Гол хүмүүс үүрэг хүлээж зохион байгуулсан аялал бага зэргийн бэрхшээл тулгарсан. Монгол бөөгийн зайран Нарангэрэл гол ачаалалыг үүрэх даалгавартай оролцсон. Олон жил бизнес хийгээд туршлагатай болсон, Бээжинг сайн мэддэгийн хувьд аялалд оролцогчдыг хоттой танилцуулах үүргийг түүнд хүлээлгэсэн байсан. Гэвч эхнэр нь араас нь дуудсан шалтгаанаар дөрөв дэх өдөр Монгол буцсан. Харамсалтай нь аялал хоёр хэсэг хуваагдаж, Нарангэрэл аялалаа авч явах, бид буудалдаа гаднаас ирж байгаа төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн тасрахад хүрсэн. Байгууллагаас зохион байгуулж байгаа ажил, гүйцэтгэх үүргээ эхнэртээ танилцуулж чадаагүй байж болох ч эхнэр нь хамт олны ажлыг ойлгож хүндлэх чадвар хэрэгтэй байсан болов уу. Нөгөө талдаа аялал эртнээс төлөвлөгдсөн. Бээжин очиод нэгдсэн аялалд оролцолгүй гурав хоног үнэгүй буудалд байрлаж, өөрийн бизнесийн ажлаа амжуулаад буцах байсан бол аялалын бүрэлдэхүүнд оролгүй өөрийн чиглэлээр явах байсан нь дээр байв. Түүнийг нь мэдсэн бол бид ч гол зохион байгуулагчаа өөр хүнээр сонгож тавих боломж байсан. Аялалын баг болж ажиллах, харилцан үүрэг, хариуцлага хүлээж сурна гэдэг чухал чанар билээ. Баг болж ажиллаж чадахгүй бол нэг чигт харж амжилтад хүрнэ гэж байдаггүй. Хамтарч ажиллаж чадахгүй бол ажилд нь саад бололгүй алсаас хараад явж байх нь дээр байдаг.              Хүний амьдралд хоорондоо учрах нь тохиолдол байдаггүй, бэрхшээл болгон сорил байдаг. Сорил бүхэн цаашдаа хамтран ажиллах, эс ажиллах, орших, эс оршихуйн хэмжүүр болдог. Хүн болгон заавал хамтран ажиллах шаардлага байдаггүй, цаг хугацааны сорил түүнийг шийдвэрлэж байдаг. Тохиолдож буй жирийн бэрхшээлийг амьдралдаа ийм зүйлтэй тохиолдож байгаагүй хэмээн дуу алдах нь тийм зүйлийг ирээдүйгээс даллан дуудах лугаа адил сонсогддог. Ийм тохиолдол улаач хүнд бүр илүү хамааралтай. Нэр хүнд гэдэг хамт олны дунд байж үнэлэмж нь үнэ цэнэтэй байдаг. Ганц мод гал болдоггүй гэдэг ганцаараа зүтгээд үр дүнд хүрдэггүй гэдэгтэй дүйцэх мэт. Алс холын замыг бид хамтдаа тууллаа. Нэг зорилгын төлөө хамтран ажиллаж чадах эсэхийг тодотгож өглөө. Цаг хугацааны өмнө тулж ирсэн бидэнд нэг нэгнээ таньж авах нь энэ  аялалын бас нэг зорилго байсан болов уу. Бэрхшээлийг хамтдаа давж чадахгүй бол эртхэн шиг өөр өөрийн замыг сонгон авч, баяртай гэж хэлж чадах зориг байх хэрэгтэй. Бид хамтдаа учраагүй бол хэрхэн нэг нэгнээ таних билээ.                                                                         Д.Хүрэлбаатар                                                                                                  

Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн төлөөлөгчид Бээжин хотыг зорилоо

МБНЭ-ийн төлөөлөгчид БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорилоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хот болон хөдөө орон нутгаас ирсэн удган, зайрангууд  багтсан байна. Төлөөлөгчид БНХАУ-ын нийслэлд долоо хоног байх хугацаандаа Монгол судлаач эрдэмтэн, зарим шүтлэгтэнтэй уулзалт хийнэ. Бээжин хотын Тянминий талбай, олимпын цогцолбор, Цагаан хэрэмийг үзэх юм. Мөн Бээжин хотын өнөөгийн хөгжил, цэцэглэлт, зарим орчин үеийн байгууламжтай танилцана.   Энэхүү аялалд МБНЭ-ийн гурван жилийн ойн арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй ажилласан болон цаг үеийн ажлуудад идэвхи санаачлагатай оролцсон зарим гишүүдийг  урамшуулж оролцуулсан байна. Аялалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг тавих болно.                                             Ш.Урнаа  

Монгол дахь АНУ-ын Элчин сайд Галт Монгол дахь шашины тэргүүнүүдтэй уулзлаа.

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт Монгол Улсын шашины тэргүүдтэй уулзаж, өдрийн зоог барилаа. Өдрийн зоогт МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Гандантэгчлэн хийдийн хамба лам Т.Дамбажав, Монголын Эвенгелийн Эвслийн ерөнхийлөгч Д.Батбаяр, Оросын үнэн алдартны шашины тэргүүн хамба, Монгол дахь Католикийн Сүм (Ватиканы Төлөөлөгчийн Газар)-ын тэргүүнүүд оролцлоо. Монгол дахь шашины тэргүүнүүд өөрсдийн санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломжуудаар саналаа илэрхийллээ.                                                 Б.Банзрагч

ОХУ-ийн Тува бөө нар Хайртхаан ууланд хамтарсан залбирал хийлээ.

 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2223 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний гурван жилийн хүрээнд хийгдсэн арга хэмжээнүүдэд оролцсон Тува бөө нар Богд Хан уулын ар, Хатан туул ээжийн хөвөөнд   “Монгол үндэстэн баатарууд”-ын  цогцолборыг эвдэн сүүтгэж, газрын булаан дээрэмдэж түүх дурсгалт газраа  үгүйсгэж  байгаа  хүмүүсийг эсрэг эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Тува бөө нар Монголын түүхийн эртний түүхт баатруудын чулуун хөшөөн дээр бөөлөлт хийсний дараа Хайртхаан ууланд хамтарсан залбирал хийлээ. Энэхүү арга хэмжээнд Тувагийн бөөгийн төлөөлөгчдийн тэргүүн, бөөгийн “Дүнгэр” төвийн тэргүүн Сарыг-оол Сары Каадыр-ооловна, Дэвий Долана Каадыр-ооловна, Ондар Татьяна Шаннаевна нар Тува бөөгийн өвөрмөц зан үйлийг харуулж бөөлсөн юм. Улаанбаатар хотын дэргэд орших байгалийн үзэсгэлэнт газар Бөөгийн зан үйл хийхэд МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн зарим гишүүд байлцлаа. Шаардлагатай үед, шаардлагатай цагт хоёр өөр газарт нэгдсэн залбирал нэгдэж хийх арга хэмжээг Тува бөө нартай хамтран хийх боломжийг судалж хэрэгжүүллээ.                                                        Б.Банзрагч

Тува бөө нар эртний хөшөөн дээр тахилга хийлээ.

МБНЭ нь  Богд Хан уулын ар, Хатан туул ээжийн хөвөөнд  2014 оны 09 дүгээр  сарын 22-ны өдөр “Монгол үндэстэн баатарууд”-ын хүндэтгэлийн  цогцолборын  шав анх тавьсан билээ.             Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна.  Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2223 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний гурван жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их хуралдайд тавьсан МБНЭ-ийн илтгэлд “Монгол төрийн даалгавраар харьд мөнхөд нойрссон баатруудынхаа шүншиглэсэн шороог залахдаа Монгол бөөгийн нэрт зүтгэлтэн Цэгмэд удган, Зайран Цэрэн байвайн босгосон овоо, Их бага хоёр баатруудын онгод оршин байдаг газар, Манай олон удган зайрангуудын шүшлэгт газрыг сонгон байрлуулсан билээ. Харамсалтай нь өнөөдөр энэ газар луу Монголчууд хүч түрэн довтолж бидний хийсэн ажлыг түр зогсоолоо. Харийн түрэмгийлэгчид 1939 онд монгол нутагт Монгол Улсад халдан довтолж ясаа тавьсан тэдэнд 5 га газар олгож хөшөө дурсгалыг мөнхөлсөн атлаа хувь заяаны эрхээр Монгол төрийнхөө төлөө амь насаа зориулсан Дэлхий нийтээр цацагдсан Монгол туурагтан баатруудын дурсгалд зориулсан дурсгалын өчүүхэн газрыг хөшөөг нь эвдэлж, газрыг нь булаалаа. Үе үеийн монгол бөө нарын босгосон шүтлэг рүү довтолсоноороо тэд бидний үйлийг гутаан доромжилж, бидэнтэй зарлаж буй дайнтай зүүрлэж болох харгис, хатуу үйлийг энэ шийдвэрийг гаргагчид, тэр газрыг эзэмшигчид хийлээ. Өнгөрсөн түүх рүүгээ нулимах нь хэнд хэрэгтэй юм бэ. Энэ нь Монголын түүхийг гуйвуулагчид, түүхийн луйварчдад том олз болно. Бид үнэхээр харамсаж байна.” Гэж тэмдэглэжээ.  “Монгол үндэстэн баатарууд”-ын  цогцолборыг эвдэн сүүтгэж, газрын булаан дээрэмдэж түүх дурсгалт газраа  үгүйсгэж  байгаа  хүмүүсийг эсрэг эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Тува бөө нар Монголын түүхийн эртний түүхт баатруудын чулуун хөшөөн дээр бөөлөлт хийсэн билээ. Монгол улсын  төлөө амь насаа үл хайрласан өвөг дээдэс баатарууддаа  их газар  нутагтаа залагдаж ирсэн сүнсийг тайван байлгах үйст Тува бөө нар ийнхүү нэгдлээ. Тувагийн бөөгийн төлөөлөгчдийн тэргүүн, бөөгийн “Дүнгэр” төвийн тэргүүн Сарыг-оол Сары Каадыр-ооловна, Дэвий Долана Каадыр-ооловна, Ондар Татьяна Шаннаевна нар Тува бөөгийн өвөрмөц зан үйлийг харуулж бөөлсөн юм. Тэд бөөлөх явцдаа төлөг тавьж, “Монгол үндэстэн баатарууд”-ын  цогцолборыг эвдлэн сүйтгэх ажиллагаанд Монгол бөө нар оролцсон болохыг хэлж, тийм зан үйл хийсэн “улаач”-д тэнгэрийн гэсгээл үзүүлэх болно гэдгийг айлдсан. Түүний дараа Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал Тува бөөгийн уламжлалт дэг жаягаар бөөлж, зан үйл хийлээ. Их зайрангийн онгод эртний тува хэлээр айлдвараа өгүүллээ. Бөөгийн зан үйл хийхэд МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн гишүүд болон Дээд цэцийн зарим гишүүд байлцлаа.                                                                   Б.Банзрагч    

МОНГОЛ ТУУРГАТАН БӨӨ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЦОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Монгол Улсын их хурлын дэд дарга Л. Цог Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2223 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний гурван жилийн ойд хүрэлцэн ирсэн Монгол туургатан бөө нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын их хурлын дэд дарга Л. Цог өнөөгийн Монгол Улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа.         Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2223 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний гурван жилийн ойд хүрэлцэн ирсэн Монгол туургатан бөө нарт талархал илэрхийлж, Монголчууд Мөнх тэнгэрээ шүтэх хувь тавилантай гэдгийг тодотгон хэллээ. ОХУ-ын Тува Улсын бөө нарыг ахалж ирсэн тэргүүн Сарыг-оол Сары Каадыр-ооловна Монгол Улсын их хурлын дэд дарга Л. Цогийг хүлээн авч уулзсанд хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийллээ. ОХУ-ын Буриад Улсын бөө нарыг төлөөлж, Монгол бөөгийн Удган Аюна Г.Ю.Ж Монгол бөө бусад Монгол туургатан бөө нарын хөгжил дэвшилд их туслалцаа үзүүлж байгаа тухай ярьсан юм. БНХАУ-ын Өвөрмонголын тэнгэр шүтлэгтэнгүүдийг төлөөлж, Бадама үг хэлж “Миний амьдралд шинэ содрон учрал авчирсан энэхүү уулзалтыг мартахгүй” гээд Монгол туургатангууд мөнх тэнгэр шүтэж явдагаа хэллээ. Уулзалтын явцад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн хөгжилд тулгамдаж буй асуудлаар Монгол Улсын их хурлын дэд дарга Л. Цогтод мэдээлэл хийлээ. Уулзалтын төгсгөлд уулзалтад оролцогчид дурсгалын зураг авахууллаа.                                                       Б.Банзрагч  

​АНУ-ын эдчин сайд Женифер Зимдал Галт, МБНЭ-ийн Ерөнхийлөгчийг хүлээж авч уулзлаа

                Монгол Улсад суух АНУ-аас элчин сайд Женифер Зимдал Галт, АНУ-ын төрийн департаментийн шашин, хүний эрх, эрх чөлөөний асуудал хариуцсан ажилтан Химан Ригц нар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай үдийн зоог барьж Монгол уламжлалт бөө шүтлэгийн талаар санал бодлоо солилцлоо. Өдрийн зоогт Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Көрк Мак Брайд, ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга, ажилтнууд оролцлоо.             АНУ-аас элчин сайд Женифер Зимдал Галт Монгол Улсад ирээд хамгийн анхны уулзалтаа Монгол дахь шашины тэргүүн нартай хийж байгаа ажээ.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монгол бөөгийн Дэлхийн бөө нараас ялгарах онцлого, Мөнх тэнгэрийн үзлийг Монгол төр дээдлэн шүтэж эхэлсний 2223 жилийн түүхэн уламжлал, хүнд хэцүү сорилтыг даван өнөөг хүрч ирсэн онцлого” түүхийн талаар ярилцлаа. Мөн 1990 онд Монголд ялсан ардчилсан өөрчлөлтийн дараа Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг эрчимтэй хөгжсөөр өнөөдөр хүрсэн талаар танилцууллаа.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол дахь АНУ-ын элчин сайд  Женифер Зимдал Галтыг олон мянган жилийн явцад Монгол уламжлалаа авч яваа орон нутгийн болон орчин цагт цаг үетэйгээ зохицуулан хот газарт амьдарч байгаа бөөгийн зочилж Монгол уламжлалт бөө шүтлэгийн байдалтай танилцахыг урилаа. Урилгыг Элчин сайд талархан хүлээж авлаа. Уулзалт элэгсэг дотно, найрсаг сайхан болж өнгөрлөө. Шинээр томилогдсон Монгол дахь АНУ-ын Элчин сайд Jennifer Zimdahl Galt 2015 оны 08 сарын 05-нд АНУ-ын Сенатаас Женифер Зимдал Галтыг (Jennifer Zimdahl Galt-цаашид Galt гэх) АНУ-аас Монгол улсад Элчин сайдаар томилсон билээ. Колорида мужийн Форт Колинс хотын унаган хадагтай Galt Колорида Их Сургуулийн Био-ХАА-н Шинжлэх Ухааны професор бөгөөд тэрээр Колорада келлежийг Улс төрийн шинжлэх ухааны, түүх хэлзүйн баклавр зэргээр төгссөн нэгэн юм. Хожим Жон Хопкинскийн (John Hopkins) Их Сургууль болон 2008 онд Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуульд Мастер зэрэг тус тус хамгаалжээ. Хадагтай Galt АНУ-ын Гадаад харилцааны салбарт 1988 оноос ажиллаж эхэлсэн ба 1989-1992 онуудад Югославын нийслэл Белградь дахь АНУ-н ЭСЯ-нд соёлын асуудал эрхэлсэн туслах ажилтнаар анх томилогдон ажиллаж байв. 1992-1994 онуудад АНУ-н Төрийн Департментын захиалгаар 2 жилийн хятад хэлний сургалтыг Виржиниа мужийн Арлингтон хот, мөн Тайваны Тайпэй хот дахь Америкийн Институтэд тус тус дүүргэж, 1994-1997 онуудад АНУ-ын консулын үүрэг гүйцэтгэдэг тус институтэд хэвлэлийн асуудал эрхэлсэн ажилтнаар ажилласан байна.  1997-2000 онуудад Энэтхэгийн Мумбай дахь АНУ-ын Консульд олон нийттэй харилцан албаны туслах ажилтан 2000-2003 онд Бээжин хотын АНУ-ын ЭСЯ-нд соёлын асуудал эрхэлсэн туслах ажилтан, улмаар 2003-2007 онд Шанхай хот дахь АНУ-ын Консулын Албанд олон нийттэй харилцах албыг хариуцан тус тус ажиллаж байжээ. 2008-2010 онуудад АНУ-н нийслэл Вашингтон хотод томилогдож Зүүн Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан Хорооны Төрийн Дипломат албанд дэд захирлын албанд ажилласан байна.  2010-2011 онуудад Бельгийн Бруссель дэхь НАТО-н Удирдах Төвд олон нийттэй харилцах албаны зөвлөх, улмаар олон нийттэй харилцах ахлах зөвлөхийн үүрэгт ажилд тус тус ажилласан байна.  Улмаар 2011-2012 онуудад АНУ-ын Төрийн Департментын Олон Нийттэй Харилцах Албаны ахлах Зөвлөхийн үүрэгт ажилд томилогдож ажиллаж, 2012 оноос 2015 он хүртэл буюу Монгол дахь Элчин сайдаар томилогдох хүртэл Хятадын Гуанжу дахь 450 хүний бүрэлдэхүүнтэй АНУ-н Консулын Албаны Ерөнхий Консулаар ажилласан туршлагатай ахмад дипломат хүн юм. Дашрамд дурьдахад Гуанжу дахь АНУ-ын Консулын Алба нь тус орны хилийн чанад дахь хамгийн том төлөөлөгчийн газарт тооцогддог юм. Хадагтай Galt гэрлэсэн, түүний нөхрийг Fritz Galt гэдэг бөгөөд тагнуулын сэдэвт зохиол бичдэг нэгэн бөгөөд түүний санаачлагаар АНУ-ын дидломат ажилчдын гэр бүлийнхэнд зориулсан сонин хэвлэлтэй болсон гэнэ. Энэ гэр бүл Dylan, Phoebe гэдэг хоёр хүүхэдтэй. Хадагтай Galt Хятад, Франц, Итали, Испани, Серби (Хорват) хэлтэй. Элчин сайд Galt АНУ-ын Сенатын өмнө хэлсэн үгэндээ Монгол дахь АНУ-ын компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Энх тайвны Корпусын үйл ажиллагааг өргөжүүлэх, улмаар Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хамгааалал чиглэлд идэвхтэй анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.                                                                                      Б.Банзрагч  

"Хубилай сэцэн хаан ба Юань улс" Олон улсын эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан "Хубилай сэцэн хаан ба Юань улс" олон улсын эрдэм шинжилгээний нэгдсэн хурлын нээлт өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд боллоо. Тус хуралд гадаадын 20, дотоодын 40 гаруй эрдэмтэн оролцсон юм. Тодруулбал, Хубилай болон Юань улсын талаарх хамгийн том судалгааг хийсэн Япон, Хятадын эрдэмтэн, судлаачид болон Солонгосын судлаачид хуралд оролцохоор ирсэн аж. "Хубилай сэцэн хаан ба Юань улс" олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр өдөр үргэлжлэх юм. Хубилай сэцэн хаан ба Юань улс" олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг тавьсан Төрийн шагналт, академич Ш.Бира: -Монголчууд Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж маш олон арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний ач холбогдлыг та юу гэж харж байна вэ? -Манай Монгол үндэстэн цөөхөн ч гэсэн Дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн алдартай хаад, эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн улс билээ. Энэ сайхан түүхээрээ Монголчууд бид тэр дундаа залуу үеийнхэн маань бахархаж, түүхт ойг нь энэ мэтээр цаашид тэмдэглэж байх нь маш зүйтэй юм гэж би бодож байна. Энэ бол үр хойчид минь өгөөж ихтэй, зөв зүйл юм. -Таны тавьсан илтгэлийн гол агуулга нь юу байсан бэ? -Би Чингис хаан болон Хубилайн үеийг сонирхож судалдаг. Энэ хуралд Англи, Монгол, Итали хэл дээр хэвлэгдсэн “Хубилай хаан ба дэлхийчлэл нэртэй” өгүүллийнхээ товч агуулгаар илтгэл тавьсан. -Гаднын эрдэмтдийн тавьсан илтгэлийг сонсов уу. Ямархуу хэмжээнд судалсан гэж бодож байна? -Үнэнийг хэлэхэд би жаахан хоцорч ирээд бүтэн сонсож чадсангүй. Ер нь бол Чингисийн үе болон Хубилай хааны үеийг бид бага судалсан. Ялангуяа Хубилай хааны үеийг их судлах хэрэгтэй. Учир нь Хубилай хааны түүх бол дэлхийн хааны түүх юм. Тэгэхээр энэ түүхийг судлан гэдэг их амаргүй. Тийм учраас залуу үеийнхэн маань цаашдаа сайн судлаасаа гэж хүсэж байна. Үүнийг судлахад наад зах нь маш олон хэл сурах хэрэгтэй. Хамгийн харамсалтай нь дотооддоо бид тун бага ном гаргасан. БСШУЯ-ны соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр: -"Хубилай сэцэн хаан ба Юань улс" олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ хурал хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд гадаадын 20, дотоодын 40 гаруй эрдэмтэн оролцож байна. Бид их хааныхаа ойд өөрсдийн сэтгэл хөдлөл хувийн өнцгөөс хандахаас  илүүтэй түүхэн бодит баримт дээр тулгуурлан, эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдийг үндэслэж дүгнэлтүүдийг хийх түүнээс үндэслээд төрийн бодлогодоо үр өгөөжийг нь тусгаж явах чиглэлийг барьж байгаа. Тэр ч утгаараа өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал нь Монголын түүхийг бодит үнэнээр нь сийрүүлэн бичихэд үнэтэй нэмэр оруулна гэж бодож байгаа. Хубилай хаан бол түүхэндээ олон янзаар хэлэгдэж ирсэн хаадуудын нэг. ШУА, Түүх Археологийн хүрээлэнтэй хамтраад Хубилай хаан болон Юань гүрнийг бүх талаас нь судласан салбар хуралдаануудыг өнөөдөр болон маргааш хийх юм. Японы судлаач, Отани их сургуулийн дэд захирал Такаши Мацукава: -Би Монголын Юань улс болон Монголын эзэнт гүрний үеийн түүхийг судалдаг.  Хубилай хаан Төвдийн бурхан шашныг Юань гүрэнд нэвтрүүлж, дэлгэрүүлсэн. Пагва ламтай холбоо барьж  дөрвөлжин бичгийг зохиож, улсын бичиг болгосон байдаг. Би Монголын нутагт байгаа дөрвөлжин бичгийн түүх дурсгалуудыг судалж байгаа. Тэр талаараа маргааш илтгэл тавина.  Монголын нутгаас дөрвөлжин бичгийн түүх дурсгалууд дөрвөн газраас олдсон. Хубилай хаан Японруу гурван удаа довтолсон. Тэгэхдээ үлдээсэн ул мөрөөс нь судалгаа хийж байгаа. Гэхдээ олон жил усан дотор байсан учраас судлахад их хэцүү байгаа.  Т.Болор  

​Дайралтыг ажиглахуй тэдний зүрхийг Ламын шашин үхүүлээгүй юм байна

НОВО-ДИМИТРИЕВКА ТОСГОН 1921 он 6.р сар: Тулалдаан эхлэв. Чухамхүү энд л Монголчуудын дайнч чанарыг гайхсан билээ. Морин жагсаалаар дайран орох тэднийг харваас шуурга мэт. Зуутын хамгийн түрүүнд Бишрэлт гүн Сундуй, ямар нэг хараал ч юм уу, тарнийг өндөр дуугаар хашгирах "Жаахан гэгээн" хоёр хурдалж, араас нь Монголчууд сэлмээ далайн мориныхоо дэлэн дээр бөхийн довтлох ба 320 хүний бүрэлдэхүүнтэй тэр их шуурга үхэл, ялалт хоёрынхоо алин руу яарч яваагаа үл анзаарах адил. Монголчуудын догшин дайралтыг хөндлөнгөөс ажиглахуй агуу их Чингис хааны үеийн Монгол хүмүүний дайнч зүрхийг Ламын шашин нэгмөсөн үхүүлчихээгүй юм байна, гагцхүү олон зууны унтаа нойрноос сэрээх хэрэгтэй юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх авай. Улаантнууд Монголчуудын түрэмгий довтолгоонд тэсэж чадалгүй уулын бэл даган умар зүг ухарч эхлэв. "Азийн морин дивиз"-ийн захирагч дэслэгч генерал Барон Унгерний штабын дарга хурандаа М.Г.Торноскийн  "Халх-Монгол дахь 1920-1921оны уйл явдлууд "- Түүхэн тэмдэглэлээс.  

Жуулчид их уулзаж байна.

Энэ зун МБНЭ-ийн төв байраар жуулчид их байлаа. Монголд ирсэн жуулчид энэ цаг үед жинхэнэ уламжлалаа авч яваа удган, зайрангуудтай уулзах сонирхолтой байдаг ажээ. Тэгээд тэд тодорхой байгууллагад харьяалагддаг өөрөөр хэлбэл буух эзэн, буцах хаягтай газрын “улаачтай” харилцах сонирхол их байгаа нь харагдлаа. Аймгуудын МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгүүд тэдэн дотроос Хөвсгөл аймгийн төв болон сумдад амьдардаг “улаач” нараар бөөгийн зан үйл хийлгэх нь ихэсч байна. Энэ зуны хувьд Өмнөд солонгос, АНУ, Франц, Германы жуулчид олон ирж байлаа. Жил дутам дундажаар таван зуун мянга орчим жуулчид монголд ирдэг бөгөөд тэднээс цөөнгүй нь монгол уламжлалт бөөгийн зан үйлийг сонирхох нь ихэсч байна. Тэдний нэг болсон монголд жуулчилж яваа германы иргэн Илбера, Карин хоёр МБНЭ-д ирж үйл ажиллагаатай танилцсан байна. Тэд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, Монгол бөөгөөр үйлчлүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцов. Тэдэнтэй хамт ирсэн жуулчдад үйлчлэгч нар хөдөө орон нутагт монгол бөөгийн зан үйлээр мөнгөжих чиглэлд ашиглаж, хүмүүс, иргэдийг хуурч байгаа иргэдийн талаар мэдээлэл өгсөн билээ. МБНЭ-д бөөгийн зан үйлийг мөнгөжих чиглэлээр ашиглаж байгаа иргэдийн тухай мэдээллийг нэгтгэн бүртгэж, судалж байгаа гэсэн хариултын өгнө билээ.                                                         Д.Хүрэлбаатар

Хуудаснууд

Subscribe to Гадаад мэдээ