logo

logo.jpg

Advertisement

Индэр

БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ Нэг. МБНЭ-ийн байгуулагдах үеийн бөө шүтлэгийн нөхцөл байдал

  Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 80 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, өөрсдөдөө янз бүрийн батламжлагдаагүй цол олгосон 20 мянган гаруй бөө нар байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байв. Түүний цаана бөөгөөр мөнгө ологчдын олон мянгаар тоологдох шавь нар төрж, шүтэн бишрэгч нарт хэнийг “жинхэнэ бөө”, хэнийг “хуурамч бөө” гэж ангилахаа мэдэхээ болив. Бөөгийн гэх эрүүгийн нөхцөл байдал бий болов. Бид мартамхай, тэгэхээр хэдэн жилийн өмнөх байдал, МБНЭ байгуулагдах болсон нөхцөл шалтгааныг эргээд сануулая. Нэгэн зуны улиралд бөө болгож байгаа хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нэгэн чанар дээр, нэгэн овоог тойрон нэгэн өдөр, цагт 40-200 хүнийг бөө болгон “үйлдвэрлэж” байв.  Тэдний хэд нь “онгод”-тойгоо золгож, хэд нь өөр бусад зүйлтэй “учирч” байгаа бол. Ямар юмтай учраад байгаагаа мэдэхгүй бөө нэртэн олон зуун иргэд байна. Хүн бүхний цаана тэдний хувь заяа, гэр бүл, эцэг эх, найз нөхөд байгаа. Нэг хүний хувь заяаг хөндөнө гэдэг цаана байгаа олон зүйлд нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Багш хүн, шавь авна гэдэг тэдний хувь заяаг есөн үеэр нь хариуцна гэсэн бөөгийн бичигдээгүй хууль бий. Тэгвэл нэг багш 100, 200, 500, мянган шавьтай болж байгаа үзэгдлийг юу гэж ойлгох вэ. Тэнгэрийн “хуулийг” хэн зөрчинө вэ. Үнэнийг худлаар далдлах аргагүй. Жилд хэдэн мянгаар Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн эгнээ тэлж байгаад баярлаж байна. Гэвч түүнийг дагаад бий болсон “эвгүй” нөхцөл байдлыг анзаарахгүй байхын аргагүй юм. Өвөрхангай аймагт бөө нэртэй хоёр зайран угаалга хийх нэрээр нэгэн иргэнийг улайссан чулуунд түлж алжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Б гэгч Н гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлэн түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарав. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Мөнх тэнгэрт хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь байдаг. Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ. Завхан аймгийн Нөмрөг суманд бөө нар чанар хийжээ. Чанар дээр хэт согтсон бөө нар хоорондоо зодолдсон байна. Тэгээд нэгнийхээ аминд хүрсэн явдал гарсан. Түүнийг шүүмжилж бичсэний төлөө манай байгууллагыг цагдаад өгч шалгуулж байлаа. Зөвхөн энэ л жишээнээс харахад Монголын бөөгийн байгууллага хүнд сорилуудтай тулгарч байсан нь тодорхой харагдана. Зайран Д гэгч Иргэн Б-гэдэг эмэгтэйг угаалга үйлдэх нэрээр бүх биеийг нь түлж,  35 настай бүсгүйг 50 гарсан хүн шиг царай зүстэй болгож, нүцгэн шалдан байвал шарх нь тогтонги болдог, хувцас өмсөхөөр биеэр нь шарх нэмэгддэг болгож, гэртээ байхаас өөрөөр байх аргагүй болгож, насан туршийн тахир дутуу болгожээ. Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд зайран М гэгч “Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай” хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Дараа нь иргэн Б-ийн машинд тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарлаа.  Нийслэлийн Сонгинохайрхан дүүр­гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ. Эрдэнэт аймагт нэгэн зайран шавиа болгоно гэж олон хоног нэгэн бүсгүйг зочид буудалд хүчээр байлгаж, шөнө нь хүчирхийлж байжээ. Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалсан хэрэг гарч байв. Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 17 настай Х гэдэг охин удган болж дүвчигнэн хүүхэд зоджээ. Хохирогч болох 14 настай Е-н мэдүүлсэнээр “удган” охин тэднийг сөхрүүлж суулгаад эрхээрээ толгой тархигүй ороолгон, санаанд оромгүй үйлдэл хийж, хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд хүүхдүүд бүүр ч ихээр айжээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэл сэтгэл санааны хүнд цочролд орж, унтаж чадахгүй, шөнө хашгирч сэрдэг болжээ. Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн алтан зүүлт, бөгж, ээмгийг гайтсан хэмээн авч шууд залгидаг удганы талаар гомдол ирэв. Арга нь нарийн байгаа биз.Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэжээ. Нэгэн удган захаар явсаны дараа “хулгайч онгод” ороод энэ бүхнийг хулгайлж авчихлаа гэж сайрхан тайлбарлаж байх юм. Дуудсан цагт ирсэнгүй гэж шавийнхаа нурууг эрээн алаг болтол нь ороолгож, насан туршийн сорвитой болгосон Зайран Л-ийн яргалалыг тэр залуу насан туршдаа мартахгүй.             Зан үйл хийлгэхээр ирсэн Б,Т нарыг үзэж бөөлсөн зайран Д гэгч унаж явсан эксел машин, авгайгийнх нь зүүсэн алтан эдлэлүүдийг гай, барцадыг нь арилгасан нэрээр авчээ. Шоронгоос дөнгөж гарсан В гэгч энд тэнд хаясан бөөгийн хуяг дуулгыг өмсөж, хөдөөнөөс хотод орж ирсэн айлд  бөөлж, өдөр бүр нэг хонь, 10 ширхэг архиар засал хийж дөвчигнөж, долоо хоног наргисан байх юм. Зайран П гэгч эхнэр нөхөр хоёрыг ирж үзүүлэхэд нь нөхрөөр нь үүдийг нь мануулж, авгайг нь бузартсан байна, ариутгана хэмэн “секст”-сэн байх юм. Тэгээд дахин дахин ир хэмээн айлтгажээ. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд малчин Т нь арын овоонд хэдэн бөө ирсэнийг хараад сүсэглэн очиход нь угтай байна, морь чинь хурдтай болж давхина хэмээн Бөө болгож, “онигоо” үйлдвэрлэжээ. Хүний сүшиг бишрэлээр ингэж тоглож болохгүй.            Сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэх мэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж. Нэгэн айлын гурван охин нүдээ бүлтэгнүүлэн айдас, хүйдсээр биднээс аврал ирж хандав. Учир нь долоо хоногийн дотор хэн нэг нь сахиусаа авахгүй бол тэдний нэг нь үхэх болсоныг нэгэн удган айлджээ. Ийм тохиолдол хэдэн арваар тоологдож байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болжээ. Мотоциклтой явж байгаад ойчиж хөлөө гэмтээсэн нэгнийг сахиус чинь дууджээ хэмээн айлдсан байх юм. Сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй. Энэ бүхнийг дурьдахдаа тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа хэлж байгаа юм биш. Харин бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ­лж байгааг уншигч олон анзаарч байгаа биз ээ. МБНЭ-д иргэн “С” хандаж “Б” гэдэг нэгэн бөөгийн тухай гомдолоо мэдэгдсэн. Удган Б нь түүнийг үзэнгүүт шүтээнтэй байна гээд шууд дагуулж зах дээр очоод хуяг дуулга, хэнгэрэг авахуулаад хашаандаа хуяглаж, хоёр өдөр хэнгэрэг нүдүүлж, одоо ингээд бөө болсон гэжээ. Энэ бүхэн гурван өдрийн дотор болж өргөрчээ. Тэгээд хөлсөнд нь 700 мянган төгрөг авчээ. “С” юу ч орохгүй байна шүү дээ гэхэд нөхөр нь гудамжид чирж гаргаад хөөсөн гэж байгаа. Шуурхай байгаа биз. Дорноговь аймагт хоёр залуу бөө болоод дөрвөн сар өнгөрөхөд 400 орчим шавьтай болсон тохиолдол гарав. Өндөр хэг алдартай зайрангийн угаа аваад 2 сар болж байгаа нэгэн “удган” 4 шавь босгож байхтай таарав. Олонд нэр нь түгсэн нэгэн удган Хөвсгөлийн тайгад очиж, нэртэй, төртэй зайрангаас өндөр үнэ хаяж, “онгод” худалдан авах санал тавьж байжээ. Ийм үйлдлүүдэд ямар тайлбар өгч болох вэ.  Хүний сайхан сэтгэлээр дөрөөлж, мөнгө зээлдэж авдаг, өгөхөө болохоор урдаас нь хараал хийнэ гэж айлгадаг. Хүний мөнгө төгрөгийг авч луйвардсан жишээ олныг дурьдаж болно. Ийм хохирогчид МБНЭ-ээр өдөр бүр ирдэг. Гурван настай “бөө” хэд, хэд тодорсоныг цаг үед нь таслан зогсоох арга хэмжээ авсан байна. Бөөгийн хуяг, хэнгэрэггүй мөртлөө “бөө” нэртэн ч цөөнгүй байна. Бөөгийн нэр хүндийг шившигийн намагт унагасан ийм нөхөд хэдэн зуугаар тоологдон яригдаж байхад бид хоорондоо шийдэх чадах зүйлийн талаар маргаж цаг алдаж байна. Ийм байдал нь ёс жаягаараа яваа бөө хүнийг өөрөөрөө бахархах нэр төргүй болгож байна. Гадна талаас бусдын хэлдээр ярьдаг харийн шашин газар авч, дотоод талдаа бөөгийн нэр баригчид олширсон энэ цаг үед энэ байдлаас хэрхэн гарах вэ. Яаж ажиллах вэ. Энэ бүхэнд Монгол бөөгийн хөгжлийг зөв голдрилоор хөгжүүлэх тухай асуудал яригдана. Нэгдэж, хамтарч, тодорхой бодлого, чиглэлтэй ажиллаж байж үр дүнд хүрэхээс өөр зам байхгүй юм. Тиймээс  өнөөдөр тэнгэрийн улаач бүр анхаарах ёстой асуудал нь хамтын зүтгэл байх болно. Харь амиа бодсон үзэл санаа хана мөргөхөөс өөр тавилангүй. МБНЭ байгуулагдах үед дээрх түүхэн нөхцөл байдал үүссэн бөгөөд бид ийм гараанаас үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.    

Зураг түүхийг авч үлдэнэ-45 Энэтхэг-Монголын хамтын ажиллагааны нэгэн хуудас

          БНЭУ-ын ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн Хорооны дарга доктор С.Д.Прадан тэргүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөөлөгчид Монгол улсад айлчилсан өдрүүдийг дурсан санаж байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн төлөөлөгчдийн тэргүүн Др. С. Д. Прадан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд нарт бараалхаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Тогоо, Гадаад хэргийн яамны Азийн газрын дарга С.Хүрэлбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд нартай уулзаж ярилцав. Яриа, уулзалтын үеэр хоёр тал Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1994 оны Гэрээ нь хоёр орны ашиг сонирхолд бүрэн үйлчилж, ирэх он жилүүдэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутаг, олон улсын харилцааны хүрээнд бэхжүүлэхэд баттай үндэс суурь болсон хэвээр байна гэж үзсэн. Хоёр орны хооронд нягт, элэгсэг дотно хэлхээ холбоо хурдацтай хөгжиж байгааг харгалзан үзээд хоёр тал харилцаагаа шинэ түвшинд хүргэж ахиулахаар тохиролцож байсан.             Манай хоёр орон газар нутгийн хувьд алс хол оршдог боловч эрт дээр цагаас түүх, соёлын болон оюун санааны өргөн харилцаатай явж ирсэн уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа харилцан ашигтай түншлэлийн хэмжээнд хүрч, төр засгийн удирдлагууд харилцан айлчилж, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, техник,  мэдээллийн технологи, батлан хамгаалах, эрүүл мэндийн салбар болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин тэллээ. Манай хоёр орон нэг бүс нутаг, нэг тивд оршдог бөгөөд аюулгүй байдал, стратегийн эрх ашиг, сонирхолын хувьд ижил төсөөтэй, нийтлэг зүйл их бий. Хоёр талын харилцааны болон олон улсын бодлогын асуудлаар баримталж буй бодлого ижил төстэй, бие биеээ харилцан дэмжсэн шинж чанартай байдаг. Тухайлбал Монгол Улсыг НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Олон улсын валютын сан, Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банкд гишүүнээр элсэхэд Энэтхэг улс үнэтэй дэмжлэг үзүүлж ирсэн. Ялангуяа манай орныг НҮБ-д гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XV чуулган дээр Энэтхэгийн Ерөнхий сайд Ж.Неру Монголыг дэмжсэн жинтэй үг хэлж бусад орны төлөөлөгчдөд тодорхой нөлөө үзүүлснийг монголын ард түмэн халуун дотноор дурсан санаж, гүнээ хүндэтгэж байдаг.             Энэтхэгийн тусламжаар Монголд хэрэгжүүлсэн боловсролын хөтөлбөр, сургалт үр ашигтай болсныг тэмдэглэн Энэтхэг Улсын Засгийн газар Монгол Улсын хүний нөөцийн хөгжилд туслах зорилгоор Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологи, сургалтад ҮАБЗ-ийн ажиллагсадыг хамруулахад анхаарах болов. Эхний ээлжинд төрийн мэдээллийн тогтолцооны хэрэглээний болон системийн программ хангамжийг хамгаалах, БНЭУ-ын олон улсын аюулгүй байдал судалдаг эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай холбоо тогтоож олон улсын хурал, семинар, сургалтад хүмүүсээ харилцан урьж оролцуулах талаар тохиролцов. Хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа онцгой байр эзэлж байна. Монголын цэргийн албан хаагчид Энэтхэгийн цэргийн сургуульд суралцаж цэргийн хэргийн болон гадаад хэлний мэдлэглэгээ дээшлүүлж,  олон улсын энхийг сахиулах, хүмүүнлэгийн бусад ажиллагаанд амжилттай оролцож үүргээ биелүүлэх чадамжаа дээшлүүлэхэд ихээхэн түлхэц өгч байгааг тэмдэглэж байсан. Манай ҮАБЗ-ийн ажлын албаны болон аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын ажилтнуудыг гадаад хэл, аюулгүй байдлын судалгааны чиглэлээр Энэтхэг улсад мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтанд хамруулах талаар хамтран ажиллах санал дэвшүүлснийг хүлээн авч хэрэгжүүлсэн.             Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны тухай Хэлэлцээрийн хүрээнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор Монгол цэргийн офицеруудыг Энэтхэгт сургалтад хамруулж байгаад өргөтгөхөөр болсон юм.             Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн төлөөлөгчдийн тэргүүн  Др. С. Д. Прадан тус улсад айлчилсан нь Монголын ҮАБЗ, Энэтхэгийн ҮАБЗ-ийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог бэхжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан айлчлал болсон билээ.                                             Д.Жаргалсайхан-Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын                албаны  дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа  

ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ИЛТГЭЛ № 7 Харь хэл дээр уншлагатай бусдын шашин Монголд дэлгэрсэн нь

Харь хэл дээр уншлагатай бусдын шашин Монголд дэлгэрсэн нь Ерээд онд ардчилсан өөрчлөлт Монгол Улсад хийгдэж, улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан хувьсгал өрнөсөн билээ. Социализм, коммунизмын онол нуран унаж, шашингүйн үзэл хүмүүсийн толгойноос арчигдаж эхлэв. Монголын нийгмийн оюун санаанд асар их орон зай бий болов. Тэрхүү үүссэн орон зайг эзлэхээр дэлхийн шашины янз бүрийн урсгал Монгол оронд нэвтэрч эхлэв. Олон зуун жилийн түүх, асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний эдийн засгийн туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, хаана яаж ажиллахаа мэддэг, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ санхүүгийн дэмжлэг авдаг, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан 36 шашины урсгал сүүлийн 20 гаруй жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ. Өнөөдөр Монголд Иссусын 600 гаруй сүм, Бурханы 550 хийд, 60 гаруй лалын мечид ажиллаж байна. Хамгийн орчин үеийн технологи ашиглан баригдсан, нэг сүмийг барьсан хөрөнгийн хэмжээ нь сая долларт хүрэхээр Иссусын олон сүмийг нэрлэж болно. Тэд Монгол даяар салбараа байгуулж, удирдагч нараа тусгайлан цалинжуулж байна. Монголд одоо Христийн шашны католик, протестант, мормон, иёгово, мүүн, баптист, евангели, лютеран, методист, просбитериан, пентикост /тавьтнууд/ зэрэг олон чиглэлийн урсгал нэвтрээд байна. Мөн бахай, анандмарго, ведийн урсгалууд болон бусад сектантын бүлгийн тоо нийлээд 4000 хүрээд байна. Монголд одоогийн байдлаар Иссусын сүм, хийд, цуглааны байрын тоо нь олон зуун жил оршиж ирсэн Бурханы сүм хийдийн тооноос давсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотод сүм хийдийн тоо хоёр илүү дахин олон болсон байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа хүний нүдэнд харагдахгүй, оюун санааны салбарт томоохон өөрчлөлт хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү оюун санааны салбар дахь ажиллагаа нь өөрийн гэсэн радио, телевизийн сувгуудтай болж, улам бүр хөгжлийн эрч хүчийг авч байна. Асар их хөрөнгө зарцуулсан Бурханы хийд цогцолборууд олон аймагт сүндэрлэж, Бурханы академик сургалт явагдах томоохон Азийн төв, түүнийг тойрсон суурин амьдрал цэцэглэх тийм цогцолбор байгуулагдаж байгаа. Бурханы лам нар төсөвөөс санхүүжилт авч ажилладаг. Өнгөрсөн жил улсын төсвийн санхүүжилтийг 30 хувиар хумисан тухай гомдоллож байна лээ. Бараг 20 гаруй хувилгаадыг “хилийн чанад”-аас тодруулж, сум болгонд бурханы хийд байгуулах шийд гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажилд эрчимтэй орж байна. Баярлах юм гэвэл тэр бүх хувилгаадыг монголоос тодруулсан явдал. Сүүлийн жилүүдэд Монголд бурханы шашины нөлөө эрс буурч байна. Түүнийг ч “Хилийн чанадад” тооцож байна. Монголчуудын голлон шүтдэг уул, усны нэр болон Монголчуудын нэрийг харийн Түвд нэрээр өгөх болсон, энэ нь хэдэн үе өнгөрөхөд уугуул нэр нь мартагдаж, Монголчууд нийтээрээ бурханы шашин шүтэх болсноор Түвд нэр нь эгэл жирийн Монгол нэр мэт анзаарагдах болжээ. Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчууддаа даяаршлын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ. Харийн бодлогын нөлөөгөөр түүнээсээ бараг салах шахсан. 1990 онд Монгол хүмүүсийн 1 хувь хүрэхтэй үгүй нь Мөнх тэнгэрээ шүтдэг хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Энэ тоо бидэнд ухрах газар байхгүйг сануулсан эцсийн хязгаар байсан юм. Манай тэнгэрийн Улаач нарын зүтгэлээр Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр насанд хүрсэн хүн амын 14-20 хувьд хүрчээ. Хорь гаруй жилийн туршид тэнгэрийн Улаач нарын гүйцэтгэсэн түүхэн үүрэг ийм үр дүнг авчирав. Бид олон зүйлд хүч тэнцвэргүй байдалд ажиллаж байна. Гэвч яагаад хүчирхэг байж чадаж байна вэ. Мөнх тэнгэрийн үзлийг түгээгч бөө нарт тусгайлан сүм, хийд шаардлагагүй. Өөрсдийн амьдардаг гэртээ онгодоо залдаг. Чадалтай нэг нь тусгайлан онгодын өргөө гэртэй байна. Бөөгийн Онгод Монгол гэр буюу дугуй хэлбэртэй өргөөнд байрлах дуртай байдаг. Тэдэнд онгон байгаль байхад хангалттай. Тэд ард түмнийхээ дунд нь байж, тэдний амьдралаар амьдарч эгэл жирийн хүмүүсийн жишгээр ажилладаг. Глобал даяаршлын зуунд Монголыг монголоор нь авч үлдэх суу ухааныг өвгөд дээдэс минь үлдээсэн байна. Энэ бол Мөнх тэнгэрээ шүтэж дээдлэх явдал юм. Ингэж чадвал бид Монгол үндэсний үзлийг авч үлдэнэ. Монголоороо бахархах аугаа сэтгэлийн хатыг олж чадна, бид аугаа хийж бүтээж ирсэн омогшлоороо амьсгална. Хэдий Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэг нь хүний үүсэл гаралтай зэрэгцэн тодорхойлогддог, олон улс гүрэн, нүүдэлчдийн дотроос хүч чадал, эрэмгий байдал, дайчин чанараар чухамхүү Монголчууд товойн тодорч Монголд төрт улс байгуулж, төрийн гол шүтээнээ Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг болгон дэвшүүлжээ. Энэхүү түүхэн хугацааг тодотгон үзвэл 2226 жил болж байна. Монгол бол байгалийн асар их баялагтай орон, бас бие даасан оюун санааны дархлаатай ард түмэн. Даяаршлын эрин үед Монголыг бусдад оюун санааны хувьд, генийн хувьд уусгачихгүй авч явах тэр их номлол, сургааль Мөнх тэнгэрийн үзэлд оршиж байна.

Зураг түүхийг авч үлдэнэ-44 МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БАГАНА

ИНДЭР-Зураг түүхийг авч үлдэнэ-44 МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БАГАНА Энэхүү цомхон мөрний цаана Монгол Улсын үе үеийн хилчдийн баатарлаг түүх оршино. Монгол Улсын хилийг гурвантай тойрч бүх л отряд, застав, хилчдийн амьдралтай танилцах ховор хувь тавилан надад тохиожээ. Хилийн багана бол үе үеийн хилчдийн амь, урссан цус, хувь хүний өөрийн ухамсарт амьдрал, түүний найдвартай ар тал болж ирсэн гэргий, гэр бүлийнхэний туулж өнгөрүүлсэн, одоо ч үргэлжилж байгаа эгэл жирийн иргэн хүний баатарлаг түүхийн цогцос юм. Хилийн хамгаалалтын зурваст мөнх цаст уул, ой, тайга, хээр тал, говь, заган ой, булга шанд, ховор мод, монгол нутгийн онгон байгаль дүр төрхөөрөө, тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байдаг.  Зах зээлийн хүндхэн үеийг туулж, хилээ хамгаалж ирсэн хилчдийн хувьд бас ч өөрчлөлт орсон үе байлаа. Эхлээд тойроход өмнөд хилийн багана цемент байлаа. Энэ бол 20 гаруй жилийн өмнө гэсэн үг. Түүхийг дурсаж цөөхөн зураг орууллаа. Би анх хил тойрч явсан үеийн хилчдийн төлөөлөгч нарыг тэр үеийнх нь цэргийн цолоор бичсэн болно. Бүгдийг нь тоочих бус төлөөллийг нь бичлээ. Эдгээр нэр дурьдагчдаас нилээд нь өндөр насны тэтгэвэрт гарч, зарим нь цэргийн дээд цол генерал, хурандаа, ахлах офицер болчихсон байгаа. Хилийн отрядын дарга нар гэж орон нутагтаа нэр алдартай, хилийн мэргэшсэн дарга нар байв. Миний хувьд хилийн албаны гүйцэтгэлийг хилийн зөрчилийг таслан зогсоосон байдал, харуулын албаны зохион байгуулалтаас харж явдаг. Мөнх цаст, шовх хад, өндөр уулын бүс бүхий Монгол Улсын баруун болон хойд хязгаарын бүсэд хил хамгаалалт өөрийн онцлоготой. Тухайн үеийн онцлог болсон хил дамнасан малын хулгайн асуудал анхаарлын төвд байлаа. Зэвсэг хэрэглэсэн тулгаралтууд гарч, хүний амь үрэгдэх тохиолдол гарч байв.  Тиймээс энэ бүсийн аймгуудын Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Цагдаа, Прокурор, шүүх, Иргэдийн хурлын дарга нарын оролцсон зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан, дараа нь ОХУ-ын Москвад болсон хэлэлцээрт уг асуудлаар тусгайлан хэлэлцэж, хамтын зүтгэл, хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн юм.  Энэ бүсэд хурандаа Лхагчинжав, Штабын дарга дэд хурандаа Ж.Дамдинбазар, Захирагч хурандаа Д.Баярбат, Штабын дарга Дамдинсүрэн, хурандаа Х.Лхагвасүрэн,\ҮАБЗ-ийн Ажлын албаны нэрэмжит шагнал хүртсэн\, хурандаа Б.Ловуу-Игнэн, штабын дарга дэд хурандаа Б.Гавиден, хурандаа Н.Галбадрах, хурандаа Д.Батсүх, дэд хурандаа О.Батзориг нартай анх танилцсан.  Уул, ой, тайг бүхий хойд хил хамгаалалтын бүс эзэн Чингэс хааны түүхэн холбогдолтой газрууд байдаг. Хил зөрчин ан агнуур, хурдан морьтой холбоотой зөрчил байнга гарна.  Хурандаа Л.Батсүх, хурандаа Д.Ганболд, Штабын дарга дэд хурандаа П.Базаррагчаа, Штабын дарга хошууч А.Ганбилэг, хурандаа Ж.Чойсамбуу, Штабын дарга, дэд хурандаа Т.Эрдэнэбат, Дарга хурандаа С.Бакытхан, Штабын дарга дэд хурандаа Р. Хүрэлчулуун нэртэй энд анх танилцжээ. Хилийн зүүн, зүүн өмнөд хязгаар тал хээрийн бүсийн онцлоготой хил хамгаалалт юм. Зах зээлийн эхэн үед энд хамгийн хүнд ачаалал ногдож байсан. Машины наймаа, спиртын худалдаа их гарч байсан. Байнгын тал хээрийн түймэр дэгдэнэ. Энд хурандаа Д.Гантөмөр, штабын дарга дэд хурандаа А.Чинбат, хурандаа Ц.Сэргэлэн, штабын дарга дэд хурандаа П.Наранбат, хурандаа М.Заяабаатар, штабын дарга, ахмад А.Энхтөр, хурандаа Жаргалсайхан, штабын дарга дэд хурандаа Ганбат нартай анх уулзаж байжээ. Хилийн цэргийн олон удаагийн тэргүүний отрядын дарга хурандаа Ц.Сэргэлэнг ажил сайжруулах даалгавартай өөр отрядад шилжүүлэн томилж байж билээ. Говь хээрийн онцлог бүхий өмнөд бүс байгалийн өвөрмөц төрхөөрөө маш онцлог юм. Байгалийн баялаг эрчимтэй эргэлтэд орсон энэ нутагт хилийн боомтууд ачаалал ихтэй. Овоотын отрядад миний аав 1940-1945 онд хил хамгаалж явсан. Надаа тэр тухайгаа ярихад очиж үзэхсэн гэж бодол төрдөг байв. Хүсэл биелж тэр л нутгаар бүтэн аялж билээ. Аав минь нүдэнд харагдтал ярьдаг байсан говь нутаг, хил гарч тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан тэр л газарт өөрийгөө зогсож байна гэж бодохлоор сонин байсан шүү. Отрядын алдрын тасалгаанд аавын минь зураг байсан, ихэд баярласан. Хурандаа Х.Ранжанням, штабын дарга дэд хурандаа Б.Баярсайхан, хурандаа Сайнтөр, Штабын дарга, дэд хурандаа Ё.Хадхүү, хурандаа Ц.Төмөр, Штабын дарга дэд хурандаа Д. Мэндсайхан, хурандаа Л.Манжийлаа нартай энд уулзаж байжээ. ХурандааД.Чулуунбаатарын удирдсан Монгол Улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах зорилгоор хилийн бүс зурваст инженерийн хамгалтын ажлуудыг хийж гүйцэтгэдэг ангитай танилцаж байжээ.  Цөөхөн хэдийг дурдая, тэр үед, хилийн дагуу ажиллаж байхад анх таарсан хилчдээ би мартдаггүй. Их бурхантын ахлах дэслэгч Н.Бат-Итгэл, Сүмбэрийн ахлах дэслэгч С.Баатар, Тэрэгтийн ахлах дэслэгч Б.Энхжаргал, Аглугийнахлах дэслэгч С.Мөнхнайрамдал, Халтар хошууны ахмад Л. Владимар, Адуунчулууны ахлах дэслэгч Ч.Жүгдэр, Ламтын хошууч М.Баттулга, Баянтөхөмийн ахмад С.Баясгалан, Цагаан-Овоогийн ахмад Д.Болдбаатар, Харагчингийн хошууч Д.Наранбаатар, Хөх булгийнахлах дэслэгч М.Очирсүх, Хэц уулын хошууч П.Хосбаяр, Уушигийнхошууч Б.Батсайхан, Цохиотын ахлах дэслэгч Г.Ганболд, \2004 онд тэргүүний заставаар шалгарсан\, Хангийн дэслэгч Ц.Мөнхбаатар, Ар билүүтийн хошууч Д.Боролзойбаатар, Цагаан гэрийн ахлах дэслэгч Н.Эрдэнэбаяр, Замын Шандын дэслэгч Ц.Батцэнгэл, Хутаг-өндөрийн ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ, Номтын хошууч Г.Лхагвасүрэн, Байтагийн дэслэгч Б.Жамбалсүрэн, Уушигийн дэслэгч Б.Тилекберген, Гурван хүүхэдийн хошууч Ж.Ганболд, Булганы дэслэгч Р.Эрдэнэбилэг, Их жаргалантын ахлах дэслэгч Ж.Аманбек, Ганц модны дэд хурандаа К.Муса, Улаанбайшинт хошууч Г.Батбаяр, Шарговь хошууч Ц.Пүрэвжав, Сыргаль хошууч З.Батсайхан, Арал толгойн дэд хурандаа Б.Шынарбек, Давстын дэд хурандаа Б.Цэвээнгэрэл, Боршоогын хошууч Т.Нямдорж, Цагаан дэрсийн хошууч Д.Нямхүү, Шүүлэнгийн ахлах дэслэгч Б.Баатаржав, Бүдүүн модны дэслэгч Л. Алтангэрэл, Улаан хошууны ахлах дэслэгч Д.Сонинбаяр, Гашуун сухайтын ахмад Б.Батгэрэл, Эрэн голын хошууч П.Оюунбат, Ангалагын ахлах дэслэгч С.Баярсайхан, ямар сайхан шижигнэсэн залуус байв. Доорх цөөхөн мөрөнд их ажил багтана. Хилийн ажилтай бүрэн хэмжээгээр танилцсаны дараа хилчидтэйгээ хамтарч, “Хилийн талаар төрөөс баримтлах бодлого” гэсэн асуудлаар эрдэмтэн судлаач нартай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, зарим чухал асуудлыг ҮАБЗ-ийн анхааралд оруулсан юм.  Хил хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр ҮАБЗ-өөс шийдвэр гарсан. Хилийн заставуудын барилгын асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хилчдийн нийгмийн асуудалд анхаарсан юм. Хилийн застав, отрядын автопарк шинэчлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болсон шийдвэрийг гаргасан. Хилчдийг гадаадын сургалтад хамруулах асуудлаар эхлэлийг тавьсан. Ганцхан ОХУ-д хилчид бэлтгэдэг байсан юм. Хилийн цэргийн офицерүүдийг мэргэжлийн бэлтгэлийг дээшлүүлэхэд анхаарч АНУ, ХБНГУ-ын аюулгүй байдлын төвийн сургалт, Энэтхэг, Туркэд сургалтад хамруулах боломжтой болсон. Тэр үед хилийн удирдлагаас зарим нэг нь надаас болгоомжлох хандлага гаргаж байсан. Би ч залуучуудыг сургалтанд явуулснаар зарим нэгийг нь дарамт оруулчих вий гэж болгоомжилж байв.  Эцэст нь хилийн цэрэгт хэрэгжүүлэх гэсэн хоёр санаа үлдсэн юм. Хилийн заставд цэл залуухан офицерууд ажлын гараагаа эхэлдэг. Тэдний найдвартай ар тал болсон гэргий нарын тухай “хань” цуврал нэвтрүүлэг хийлгэнэ гэж бодсон, түүнийг хагас дутуу биелүүлсэн.  Заставт голдуу залуус байдаг болохоор хүүхдүүд олонтой. Тэд хил хамгаалагчдын нэг хэсэг. Аав ээжийнхээ дэргэд сургуульд ортолоо байх “бяцхан хил хамгаалагчид” хилийн минь нэг хэсэг. Тэдэнд зориулсан алсын зайны сургуулийн өмнөх насны сургалтад хамруулахсан гэж бодож явсан. Застав болгонд “бяцхан хилчид”-дээ зориулсан салхины хамгаалалттай, тоглоомын талбай, зуны усан бассейтэй болгох юмсан дотроо мөрөөдөж явсан. Үүнийг манай заставынхан хийж чадна. Заримдаа бие хилээр явсан газруудаар зүүдэндээ аялдаг юм. Тийм аялалын дараа сэтгэл нэг л сайхан болдог. Хилээр тойрсон анхны аялалаа товчлон хүргэв. Хоёр тойролтын өртэй үлдлээ. Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, хурандаа

ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ИЛТГЭЛ № 6 Монгол бөөгийн нутаг бол дэлхийн түүхийн өлгий нутаг билээ.

Монгол бөөгийн нутаг бол дэлхийн түүхийн өлгий нутаг билээ. Монгол бөө бол гүн ухаан, шүтлэг бишрэл, зан үйл, ёс заншил, далд ухамсар зэргийг багтаасан цогц ухаан юм, нийт хүн төрөлхтөн нэгдмэл нийтлэг, үзэл суртал, гүн ухааны угшил болсон бөөгийн тэнгэрийн үзэл, даян дэлхийд нүүдэлчдийн нэгэн үзэл суртал байсан билээ.Төв Азийн нүүдэлчин морьтнууд ноёрхолоо тогтоож, эзэнт улсаа байгуулж явсан түүхийн ихэнх нь Алтайн нуруу, Орхоны хөндийгөөс эхтэй. Монгол бол нэн эртний түүхтэй улс орон бөгөөд нүүдэлчин монголчуудын овог, хүн төрөлхтөний соёлын гурван их өв бүтээлийн нэгийг цогцлон бүтээсэн гэж үздэг. Хүн төрөлхтөний суурь их соёлын нэгэн төв нь эртний Монгол нутаг юм. Тийм учраас Монгол бөөг сонирхох урсгал монгол руу чиглээд байгаагийн нэг учиг энэ юм. 5000 жилийн өмнө Монголын төв хэсэг Архангайн Чулуут голын хадан дээр тэнгэрийн эрхэсийн 1400 гаруй одыг дүрслэн тэмдэглэл, Хойд Цэнхэрийн агуй дахь эртний хүмүүсийн оромж, түүний ханан дээгүүрх зураг дүрс бол Монголчууд эрт цагаас эхлэн агуу их Мөнх тэнгэрийг судлан шүтэж ирсний гэрч мөн. Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеийн нүүдэлчдийн оюуны үнэт бүтээл "Хадны ном" болох хад чулууны дүрс бүх аймагт тааралддаг бичлэгт бөөгийн шүтлэгийн болон нүүдэлчдийн аж төрөлтэй холбоотой олон сүг дүрсүүд зурагдан үлджээ. Монголын соёл цацран мандсан ба үүн дээр тулгуурлан монголчуудын тэнгэрийн үзэл, номлол дэлгэрэн Монгол бөө хөгжсөн түүхтэй. Хүннүгийн Луушаан шанюй Христостын оноос өмнө 170-аад оны орчим буюу эдүгээгээс 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан үндэстний Хуандид бичсэн захидалд өөрийн биеийг "Тэнгэр газрын төрүүлсэн, наран саран мандуулсан Хүннү гүрний их Шаньюуй хаан" гэжээ. Монгол соёлын ховор ном судрыг цуглуулан хадгалж байдаг Монгол улсын үндэсний номын санд Б.Ринчений үзэж тэмдэглэснээр, Монгол бөөгийн дуудлагыг мөнхүү есөн эрдэнээр урлан бүтээсэн нь анхных байжээ. Монгол олон аймаг нь дотроо тус тусдаа өөрийн онгон шүтээн болох хандгай, хун шувуу, морь зэрэг амьтдыг омог аймгийнхаа гарлын тэмдэг болгож, шүтэж иржээ. Энэ бүх бэлэгдэл МБНЭ-ийн логонд бий. Бөө судлалын түүхэн сурвалжуудыг Эртний хад чулуун дээрх сүг зураг дүрслэл, Монголчуудын судалгааны бүтээл, Дэлхийн судлаачдын бүтээл гэж ангилж байна. Дэлхийн судлаачдын бүтээлийг Эртний хятадын түүхэн сурвалж бичгүүдийн тэмдэглэл, Монгол орноор аялсан хүмүүсийн замын тэмдэглэл, Оросын эрдэмтдийн бүтээл, Японы эрдэмтдийн бүтээл, бусад гэж манай эрдэмтэд хувааж иржээ.  Монголын бөөгийн шүтлэгийн тухай хамгийн эртний түүхэн дурсгалт бүтээл бол "Монголын нууц товчоо" юм. "Монголын нууц товчоо"-нд тэр үеийн бөө нарын тухай, бөөгийн тахилга, зүхэлийн тухай, бөөгийн тэнгэр шүтлэгийн тухай 60 гаруй удаа тэмдэглэж үлдээсэн байна. 1699 онд зохиосон "Юаньши" (Юань улсын түүх)энэ зохиолд Хубилай хааны үеийн Юань гүрний тухай түүхэн баримтуудыг тусган харуулсан хоёр зуун гуч гаруй дэвтэр түүхийн ном юм. Эдгээрээс хойш бөөгийн талаар анх дагнан судалсан бүтээл бол эрдэмтэн Дорж Банзаров 1846 онд Петербург хотноо "Бөө судлал буюу Монголын харын бөө" гэсэн ном бичиж бөө судлалын эхлэлийг тавьсан юм. Одоо энэ ном Монгол болон өвөрмонголд хамааралгүй хүмүүсийн нэр дээр хөрвөгдөн зохиогчийн эрхийг зөрчин худалдаалж байна. Түүхийн он удаан жилийн явцад уламжлалаа хадгалж ирсэн “Тэнгэрийн улаач” нар өөр, өөрсдийн үзэмж, цаг цагийн аяст тохируулан залсаар Монгол бөөгөө өнөөтэй золгуулжээ. Тэд түүхэн үүргээ баатарлаг хэмээн нэрлэж болох хатуу замыг туулан өнөөгийн бидний гарт өгчээ. Монгол бөөг үе үед аваад явж ирсэн түүхэн хүмүүс байсан. XX зууны эхээр дэлхий нийтэд гарсан үзэл суртлын томоохон нөлөө өөрчлөлтийн улмаас 1921 онд Монгол улсад Ардын засаг байгуулагдан болшевик үзэл суртлын нөлөөн дор Монголчууд очсон юм. Монголын эртний уламжлалт бөөгийн шүтлэг нь хүнд цохилтонд орсон. Энэ бол бөөд тулгарсан гурав дахь цохилт нь байжээ. Үзэл суртлын нөлөөгөөр олон зуун бөөг хорьж шийтгэж, буудан алж, бөөгийн шүтлэгийг хатуу чангаар хорьж цагдаж байсан үе юм. Дархад бөө нарын дотроос 100 гаруй бөө алагдсан баримт байдаг. Бүр саяхны нэг жишээ гэвэл Дархадын алдарт зайран Дамдин агсаныг мэргэ төлгө хийж, бөөгийн арга засал хийснийх нь төлөө олон удаа баривчилж, амьдралынхаа 30 орчим жилийг шоронд ял эдэлсэн бөгөөд одоо хүртэл цагаатгагдаагүй байна. Бөөгийн талаарх ном хэвлэлүүдийг гаргадаггүй байжээ.1960-аад оны үед нэрт эрдэмтэн Ренчин, алдарт зайран Дамдин нар барууны олон орноор хамт явж, кино үйлдвэрийн зааланд бөөгийн зан үйлийг үзүүлж байжээ. Коммунист засаглалын хаалттай үед Б.Ринчен "Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн" хэмээх дөрвөн дэвтэр бүтээлээ Франц улсад 1956, 1963, 1975 онуудад хэвлүүлэн гаргасан нь 1924-1970-аад онуудад орон нутгаар аялан явж үлэмж хэмжээний бөөгийн дуулал, тамлагыг цуглуулсанаа тэмдэглэн авч нийтлүүлжээ. Энэ бүтээл бөө судлаач нарт үнэтэй ховор судлагдахуун болно. Монголчуудын үндэсний соёлын нэгэн хэсэг болсон бөөгийн доторх олон тооны зан үйлд тамлага, дуудлагууд, ерөөл магтаал зэрэг ардын яруу найраг, тууль домгийн үнэт бүтээлүүд одоо нэгэнт олдошгүйгээр устан алга болсноос үзэхэд дээрх судалгааны ач холбогдол цаглашгүй үнэ цэнэтэй нь ойлгомжтой. Ц.Дамдинсүрэн "Монголын уран зохиолын тойм" номын I ботид Монголын бөө мөргөлийн яруу найргаас товчлон авч бөөгийн яруу найргийн төрөл зүйлийг жишээ баримтаар харуулжээ. Б.Содном "Монголын хар бөөгийн дуудлагын тухай" гэдэг өгүүлэлдээ бөөгийн хар шарын дуудлагуудыг тоймлон дүгнэлт хийжээ. Түүхч Ч.Далай "Монголын бөөгийн товч түүх" (1959 он) ном нь түүний Бээжингийн их сургуулийн дипломын ажлын хэмжээнд бичигдсэн бүтээл болно. Түүхч Ч.Далай гуай Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шинжээчээр олон жил ажиласан юм. Хамтран ажиллаж байсан тэр мөчөө надад эргэн дурсахад нэн таатай байдаг. Эрдэмтэн О.Пүрэв "Монгол бөөгийн шашин" (2007 он) хэмээх ном бичиж хэвлүүлсэн нь орчин үеийн бөө судлалд шинэ хуудас, шинэ үзэл санааг оруулж ирсэн юм. Миний бие эрдэмтэн О.Пүрэв гуйатай тодорхой түүхийн сэдвээр уулзаж байлаа. Газар газрын мухарт, хүний нүднээс далд, айдас хүйдэс дор Монгол бөөгөө уламжлан залсаар ирсэн тэдний дунд бөөгийн анхны байгууллага үүсэн бий болж “Голомт” хэмээн нэрлэв. Тэр үеийн нийгэм, улс төр, утга зохиолын салбарт нөлөө бүхий хүмүүс тэрхүү байгууллагыг толгойлох болов. Ийнхүү бөөгийн анхны байгууллага байгуулагдсанаар “Тэнгэрийн улаач” нарын зан үйл ёс заншил болон тулгамдсан олон асуудалд хариулт өгөх газартай болов. Түүхийн хариуцлагатай үед Монгол бөөг хөгжүүлэх, Тэнгэрийн үүргийг биелүүлэх түүхэн нөхцөл шаардлага бии болсон бөгөөд энэ түүхэн үүргийг гүйцэтгэх байгууллага, хүмүүс хэрэгтэй байлаа. Чухам энэ түүхийн захиалгыг биелүүлэхээр 1996 онд Монгол бөөгийн “Голомт” төв байгуулагджээ. Энэ байгууллага Монголын бөөг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгэсэн үүргээрээ 1950-60 онуудад Хөвсгөлийн зайран Дамдин, нэрт эрдэмтэн Ренцэн, 1990-2000-ээд онд Зайран Цэрэн Баавай, Зайран Д.Бямбадорж, Удган Д.Энхжаргал, эрдэмтэн судлаач О.Пүрэв, судлаач Ш.Сүхбат нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна. Ш.Сүхбатын бүтээлүүд монгол бөөгийн өмнөх түүхийг нэгтгэн дүгнэж, зан үйлийн зарим шинэ баримтуудаар баяжуулсан, бөөгийн албан ёсны анхны байгууллагыг байгуулж хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол бөөгийн нэгэн үе энэ хүний хөдөлмөр тэмцэл, үйл ажиллагаатай шууд холбогдоно. Ийм сайхан хүмүүстэй нэгэн үед хамт амьдарч, ажиллаж байгаагаа ховор завшаан гэж үзэхээс аргагүй билээ. Монгол бөөгийн түүхэнд хоёрдахь бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо \2003 онд\ төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, язгуур мөргөл, мөн чанар, түүхэн уламжлал, зан үйл, байгаль орчинтой холбогдох, хайрлан хамгаалах, бөөг олон түмэн, сүсэгтэнүүдэд сурталчлах, Буриад бөөгийн зан үйлийг хийдэг чанар, чандруу хийх өргөөг байгуулсан, уг бариад зогсохгүй увидас хайрлах шаталсан сургалтын систем боловсруулсан, бөөгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх журам, дэглэмийг бий болгох, Монголын баримтад кинонд Монгол бөөг анх удаа бүрэн зан үйлийн хэмжээнд мөнхөлж үлдээх зэрэгт Их Зайран Цэрэн байваа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол бөөг олон түмэнд ойлгуулан түгээх хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг нь Зайран Д.Бямбадорж юм. Монгол бөөд тэрээр өөрийн гэсэн орон зай, өнгө төрх, хэв жаягийг бүтээж эзэлсэн байна. Монгол төрийн хүндэтгэлийн ёслолд оролцож бөөлсөн өөр зайран алга байна. Тэрээр монголын төрд монгол төрийн бөөгийн уламжлагдан ирсэн олон зүйлийг сануулж өгсөнөөрөө түүхэн гавьяатай хүн. Бөө хүн хоёр амьдралтай. Д.Бямбадорж эгэл жирийн үедээ ч яруу найргийн их хүлэг дээр мордож, дүүлэн аялах дуртай. Түүний яруу найргын онгодоос дорны яруу найргын өнгө айзам, бөөгийн тухай хэн ч өмнө нь дурдаагүй уянга эгшигийг олж мэдэрдэг. Энэ ялдамд монгол бөөгийн нэр алдраар олон жил хөлөглөсөн үр шимийг хүртэгсдэд уламжлалт шүтлэгийнхээ төлөө үлдсэн амьдрал, хөлс хүчээ зориулах цаг ирсэнийг би сануулах үүрэгтэй гэж үзэж байна. Түүхийн энэ хугацаанд Монгол бөөгийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж, өнөөг хүртэл зүтгэж ирсэн гавьяа Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргалд ногдсон юм. Монгол бөөгийн өнөөгийн түвшинд хүргэх, хэдэн мянган “Тэнгэрийн улаач” нарт чиг хандлагыг нь тодорхойлж өгөхөд түүний оруулсан хувь нэмэр их билээ. Монгол бөөгийн төлөө амьдралаа зориулж, ЮНЕСКО-д хүртэл Монголын бөөг сурталчилж, олон зуун улаачийн зам мөрийг засахад хүчин зүтгэсэн, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргалын үйл ажиллагаа хийсэн бүтээсэн гавьяалаг чанараараа бусдаас онцгойрч  ялгаран харагддаг. Монгол бөө нарыг нэгдэж, төр улсынхаа төлөө нэгдмэл хүчээр ажиллахад Монголын алдарт Дамдин зайрангийн охин, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулууны гүйцэтгэж буй түүхэн үүрэг, хариуцлага их байна.  Монгол бөөгийн үйлийг залгамжлагч нар өнөөдөр ёс зүйгүй авирлаж болохгүй тийм хариуцлагатай цаг үе ирээд байгааг ойлгох хэрэгтэй юм. Дэлхий ертөнц Монгол бөөг жинхэнэ чанарлаг утгаар харж байхад бид алдах эрхгүй. Тийм болохоор хариуцлага гэгчийг яарихаас өөр аргагүй болоод байна. Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” байгууллага Монгол Улсын зүүн хэсэгт Дорнод, Хэнтий аймгуудад сургалтын бөөгийн  “сүм” байгуулж, зуны улиралд чанар хийж олон мянган бөө нарыг төрүүлэв. Буриад бөөгийн дэг жаяг, уламжлалаас эрч хүч авсан халх язгуурын бөөгийн томоохон урсгал шинээр мэндлэв. Зуны улиралд нийтийг хамарсан олон зуун шавь нарыг босгодог “халх” бөөгийн чанараар боссон бөө нар өнөөдөр хэдэн мянгаар тоологдож байна. Мөнх тэнгэр шүтэн бишрэгчдийг олон мянгаар төрүүлэхэд их үүрэг гүйцэтгэж буй Халх зайран Б.Хурцжавлангийн удирдлага дор хүчээ авсан бөө нар Хэнтий, Төв, Өмнөговь, Дорноговь, Завхан аймаг болон олон газарт бөө нарын дийлэнхийг бүрдүүлж байна. 2000 оноос хойш Монгол бөөг авч яваа зайран Д.Бямбадоржийн “Дүнгэр төв”,  Оюунбаатар зайрангийн “Тэнгэрийн сүлдэр” төв одоохондоо болоод байгаа учраас нэгдэж нийлээд Монгол бөөгөө зөв голдрилоор хөгжүүлье гэж нэг их сүйд болоод байдаггүй. Өөр өөрсдийн чигээ бариад явдаг. Харин олон түмэн болохоор Монгол бөөгийн нэр барьж, олон жил амьдарсаны хувьд тэднээс эргээд Монгол бөөгийнхөө төлөө хамтран ажиллаж сэтгэл гаргахыг хүсээд байдаг нь харагддаг. Өнөөдөр бид түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм. Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж  байсангүй. Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.            МБНЭ-ийн таван жилд зориулсан илтгэл. № Илтгэгч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

Зураг түүхийг авч үлдэнэ-43 ДЭЭД МОНГОЛЧУУДАД ЗОЧИЛСОН МИНЬ

Зураг түүхийг авч үлдэнэ-43 ДЭЭД МОНГОЛЧУУДАД ЗОЧИЛСОН МИНЬ 1. Аян замын зураг Энэ удаа Эрээн хотоос машинаар Хөх нуурыг зорин хөдөллөө. Аян зам холыг туулах ч дандаа хурдны замаар явах учир биед амар байв. Машин дотроо котпьютерт тэмдэглэл хийгээд явахад ямар ч саадгүй ажээ. Бид замдаа ӨМӨЗО-ны Хөх, Бугат, Баян гол хотоор дайрч өнгөрөв. Бугат хот бол Орос Хятадын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон аж үйлдвэрийн хот юм. Авто хурдны зам Шар мөрнийг эмжиж үргэлжлэнэ. Энэ урт зам хятадын бүтээн байгуулалтын толь болон харагдана. ӨМӨЗО-ны Нинься-хуэнски автономны районоор дайран өнгөрөв. Замын хоёр талаар шинээр байгуулсан хот, тосгод тасралтгүй үргэлжлэнэ. Шар мөрөн дээгүүр гарч Ланжоу хотод ирлээ. Хятадад хүн амын тоогоор дээгүүр ордог Ланжоу хот зарим онцлог зүйлээр бусдаас тодорно. Ганьсу мужийн ойролцоох Вэй Ли цогцолбор дурсгалаас МТӨ VII зуунд холбогдох хүрэл морь гарчээ. Энэ нь тус Ланжоу хотын бэлгэдэл болсон байна. Мөн бунхны малтлагын зураг, олдвор, зохион байгуулалтын тухай үзмэрт тавьсан нь сонирхол ихэд татаж байлаа. Учир нь гэвэл Булган аймгийн Баяннуур сумын “Шороон бумбагар” ын бунхантай тун төстэй харагдаж байлаа. Ялгаатай нь Монголын нутаг дэвсгэр дээрээс олдсон оршуулгын байгууламжийн ханан дээр зураг зурсан байдаг бол уг Ланжоу-гийн байгууламж дутуу шатсан тоосгоор нягт нямбай өрж үүдэвчийг хийсэн байна. Ланжау хотоос хөдлөөд Монголын түүхтэй салшүй холбоотой Хөх нуурын ойролцоо оршин монголчуудын Богд болон лам нарын өвөл өнжин Төвөдийг зорьдог хийдээр очсон билээ. Тэрхүү хийдээр аялахад нэг өдрийг зориулав. Шинээр байгуулсан номын сан бусдаас тодхон харагдана. Залуу лам нар энд тэнд алгаа ташин ном хаялцах ажээ. Бидэнд монголын богдын амьдарч байсан дуганыг танилцуулав.  Хийд үзэж явахад монголоор цэвэр ярьдаг ламтай таарсан бөгөөд надруу нэг л таагүй харцаар ширтэж, хэг ёг гэсэн маягаар асуултад хариулна. Тэгээд дараа нь хаанахын монгол вэ гэж орчуулагчаас асуув. Тэр энэ бол Тангад хүмүүс гэв. Тиймээ өнөө ч гэсэн тангадууд монголчуудад таагүй ханддаг эртний өв хүрч ирсэнийг ойлгов.  Энэ хийдэд монгол лам нар сурч байсан боловч 2-3 жил болоод нутгаа буцсан тухай танилцуулна билээ. Хөх Нуурт буй алдартай газар гэвээс Бурхан шашны 6 том хийдийн нэг Күмбум болно. Буман бурханы орон хэмээгдэх утгатай, шарын шашныг үүсгэн байгуулагч Богд Зонхивын өлгий нутаг билээ. Хөх Нуурын баруун хэсгийг Хайсэ ("нуурын баруун") гэх агаад үүгээр Цайдамын Монголчуус нутагладаг ба Ажиа гэгээний өлгий нутаг болно. Ажиа гэгээн нь Богд Зонхивын аавынх нь 21 дүгээр дүр, "ажиа" нь төвдөөр аав гэсэн утгатай үг билээ. Нуурын өмнөд ("Хэнанг") хэсэгт амьдрах Монголчуус нь төвдүүдэд хэт ойрхон байснаар тэдэнд уусаж бараг төвдөөр ярьдаг болжээ. Харин тэгэхэд Цайдамын Монголчуус нь төрөлх Монгол хэлээрээ ярьж "Цайдамын сонин", "Цэцэгт Цайдам" сэтгүүлүүд одоогоор гаргасаар байна.  2. Цэнхэртэн долгиотох Хөх нуур минь.  Монгол мөргөлчид, жинчид Хөхнуурын алдарт Гүнбэн хийдээс гарч Зуу xүрэх замыг “Зандан Зуугийн зам” хэмээн нэрлэж байсан нь бадарчингийн домогт тодoрхой үлджээ. Энэ зам бол ариун Зуугийн зам гэсэн утгатай, Төвөдийн нийслэл Лхаст хүрдэг тогтсон зам байж. Лхас хот Хөхнуураас баруун урд алс хол оршиx боловч аянчид, мөргөлчид Баян Хараатын нурууг шууд давч чадахгүй учир эхлээд Гүнбэнээс баруунтaaг чиглэж Боохойн гол, Туулайн гол, Цайдамын голыг гатлаад Бурхан Буудай уулаар их нуруудыг эхлэн давдаг байжээ.  Төвөдийн өндөрлөгт гарахдаа Бурхан Буудай уулыг давах л хамгийн бэрх байсан гэгддэг юм. Буудай гэдэг баруун монгол хэлээр тогоо гэсэн үг болохоор “Бурханы тогоо уул” гэсэн утгатай ажээ. Энэ уулыг бүтэн өдөр явган мацаж оройд нь гарч хоноод маргааш нь бэл рүүгээ буудаг заншилтай байсaн байна.  Тэндээс цааш Хөх нуурыг зорьлоо. Яагаад ч юм газрын байдал монголын Увс нууртай тун төстэй ажээ. Монголын нэг эгэлхэн талаар давхиж яваа мэт сэтгэгдэл төрнө. Бид шууд явсаар нэгэн жижиг шарын шашины сүмэнд ирж, нэг ламыг суулгаад Хөх нуурын эрэг дээр очлоо.  Хятадаар “Хөх нуур” гэж бичсэн пайзны дэргэд дурсгалын зураг даруулав. Тэндээс хөдөлж, нуурын эрэгт байрлах жижигхэн тосгонд ирлээ. Тэнд нутгийн олон цугларч ар монголоос ирсэн зочныг харахыг хүснэ. Гэвч хамгаалалт гаргаж тэднийг бидэнд ойртуулсангүй. Харин төлөөлөгч нар ирж уулзав. Тэд надад дурсгалын зүйл гардуулсан нь бурхан байв. Түүнийг сэтгэл гарган бүтээж, төвөдөд аваачиж амилуулсан гэж тайлбарлав. Хөх нуурын Дээд монголчуудын төлөөлөл надад ном ёсоор амилуулсан Ногоон дарь эх гардуулж өгч билээ. Сэтгэл огшоосон тэр үйл явдал насны туршид үл мартагдана. Түүнийг алсын замд монгол нутагт хүргэхээр нандигнан зохих зан үйлээр босоо байрлалаар хайрцаглан бэлджээ. Тэрхүү бурхан дээд монголчуудын нандин дурсгал манай гэрт хүндтэй байранд залагдан буй.  Хөх нуур бол хятадын шинжлэх ухаан, батлан хамгаалах салбарт өөрийн гэсэн түүхэн мөрөө үлдээсэн онцлог нутаг юм. Тэр нуурын эрэг дээр хөл тавин зогсном. Дээд монголчууд нь баруун хойд Хятадын Цинхай буюу монголоор Хөх нуур мужид төвөд, хятад болон хасаг, хуй, салар лалын шашинтнуудын дунд аж төрдөг монголчууд юм. Хөх нуурын монголчууд нь Хошууд, Цорос, Торгууд, Хойд, Халх зэрэг олон аймгийн хүмүүсээс бүрддэг. Гэвч хүн амын ихэнхийг нь ойрадууд бүрдүүлж байсан учир “Хөх нуурын Өөлд” гэж нэрлэх нь бий. Цинхай мужид Баянхар уул, Голмуд хот (олон тооны гол мөрөн гэсэн утгатай), Цайдам гэх мэт монгол нэртэй газар усны нэр олон бий. 3. Дээд монголчуудын түүх  Хөх нуурын газар нь монголчуудтай эртнээс холбоотой. Эрт цагт тэнд монгол угсааны Тогоон (Тугухунь)-ы улс оршин тогтнож байв. XIII зууны эхээр Өгэдэй хааны хүү Годангийн эзэмшилд багтах болжээ.  Хошуудын хант улс нь анх (1642-1716) 1642 онд хошуудын Гүш ханы Төвөдийн өндөрлөгт байгуулсан улс юм. Хошуудын улс байгуулагдсан нь шарын шашин Төвөд орныг эрхшээх эхлэл болсон. Хошуудын хант улсаас өмнө Хүннү Цинхай мужийн зүүн хэсгийг дараа нь Сяньбийн угсааны Тугухунь улс Хөх нуурыг хэдэн 100 жил захирч байсан бөгөөд Тугухуний хил уртаашаа 1500 км, хойноос урагш 1000 км үргэлжилж байжээ. Тугухунь улсын сяньбичууд яваандаа монгор гэж нэрлэгдэх болсон бөгөөд Их Монгол Улс унасны дараа ноёд нь хятадын Мин улсад дагаар оржээ. Хэсигийн уйгурууд 11-р зууны дунд үед Тангудын хаант улсын захиргаанд орж яваандаа Хөх нуур, Ганьсу орчмын бусад үндэстэнтэй холилдон шар югур үндэстнийг бүрэлдүүлсэн байна. 1509 онд Өмнөд Монголын нэгэн ноён өөрийн цэргийг авч Хөх нуур луу довтлон орж суурьшсан нь Их Монгол Улсаас хойш монголчууд Хөх нуур орчмыг захирах болсон анхны тохиолдол болжээ. 1566 оны Сэцэн гүний, 1573 онд Түмэдийн Алтан ханы цэргүүд нэмэгдэн ирж монголчуудын нөлөө Хөх нуур орчим улам бэхэжсэн байна. 1633 онд Хошуудын Гүш ханы цэрэг тэнд очсоноор Хошуудын улсын үндэсийг тавьжээ. 1636 онд Гүүш хан Камыг, 1642 онд Төвдийн төв хэсгийг эзэлсэнээр Хошуудын нөлөө Төвдөд бүрэн тогтсон байна. 1637 онд Халхын Цогт тайж Хөхнуурт хяналтаа тогтоогоод Төвд рүү довтлох үед шарын шашны толгойлогч IV Банчинбогд болон V Далай лам Хошуудын удирдагч Төрбайхыг Төвдөд морилохыг урьсан. Улмаар тус ондоо Ойрaдын цэрэг ирж Цогт тайжын цэргийг бут цохин устгаснаар Төвдөд хяналтаа тогтоох эхлэлийг тавьсан. 1641 онд Төрбайх Түвдийн Замба хааныг товтолж 1642 онд Замба хаан ялагдаж алагдсан. Үүний дараагаар Төрбайх бүх Түвдийг эзэлж өөрөө Шигаце орчимыг хяналтдаа байлгаж, ууган хүү Даян ханаар Лхас орчмыг захируулжээ. Ийнхүү тэрээр Төвдийн хаан болсон ба шарын шашныг мандуулагч сахиус хэмээн алдаршжээ. Тэрээр найман хүүтэй байсан ба найман хүү нь бүгд Хөхнуурт үлдэж хаант улсаа хамгаалах хүнд үүрэг хүлээсэн учраас түүхэнд найман тайш хэмээх нэрээр үлджээ. 1630-аад оны сүүлчээр Хошуудын Гүүш хан Төрбайх хүн амынхаа ихэнхийг дагуулан Хөх нуурт очиж нутагласнаар “Хөх нуурын Өөлд”-ийн үндэс тавигджээ.  1670-аад оны эхээр Ойрадын Галдан эцэг нэгтэй ах Сэцэнийг хороосонд түүний дүү Зодов баатар, Бандари, Зоригт хошууч нар харьяат албатаа авч Алтайгаас Хөх нуурт зайлан суужээ. Түүнчлэн XVII зууны сүүлчээр болсон дайн самууны үед Халхын Урианхай отгийн зарим ноёд албатаа дагуулан Хөх нуурт суужээ. Хожим тэдний зарим нь нутагтаа буцсан боловч, зарим нь Хөх нуурт үлджээ. 1698 онд Манжийн Энх амгалан хаан Хөх нуурын ноёд, тайж нарт Манжийн хэргэм зэрэг олгосон боловч, манж маягаар хошуу сум байгуулсангүй. Харин Манжийг эсэргүүцсэн Лувсанданзангийн бослого дарагдсаны дараа манж нар 1725 онд Хөх нуурт нийт 28 хошуу байгуулж, Сининд суух сайдад захируулжээ. Хожим 1738 онд Халхын 1 хошууг нэмж байгуулснаар Хөх нуурын монголчууд 29 засаг хошуутай болов. Төрбайх хаан нь Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын 15 дүгээр үе болох агаад Тарвагатайн нуруугаар нутаглаж ирсэн баруун Монголчуусын хаан юм. Төрбайх хаан нь Хөх Нуурт харъяат ардуудаа аван нүүдэллэн ирсэн нь Манж хүчирхэгжиж баруун зүүн Монголын хооронд яс хаяж түүнээс үүдэж улс төрийн тэмцэл үүссэнээс залхан дайжсан гэж ойлговол үнэнд ойрхон буух мэт ажуу. Төрбайх хааны албат 100 мянга байсан гэж үздэг. Удалгүй Хөх Нуур нутагт Халхын Цогт тайж 200 мянган харъяат албатаа авч нутагласнаар тэр хоёрын хооронд зөрчил ихсэж, Цогт тайж ялагдан Хөх Нуурын Монгол, Тангадуудыг Төрбайх хаан захирах болжээ. Улмаар төвөдүүдийг нөлөөндөө оруулж Лхасааг захиран суух болсон тул Төвөдийн Далай лам түүнийг "гүүш хаан" гэж нэрийджээ. Д.ЖАРГАЛСАЙХАН-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ИЛТГЭЛ № 5 Монголчуудын дэлхийн Эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр

Монголчуудын дэлхийн Эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр а\Соёл, боловсрол, шинжлэх ухааны хөгжил Монголчуудын хүн ам зүйн бодлого өвөрмөц байж, хүн амынхаа тоог нууцалдаг байсан. Юан гүрний эхэн үед 40 түмэн монгол, дөрвөн түмэн ойрад байсан хэмээн түүх сударт тэмдэглэгджээ. Үүнээс үзэхэд тэр үед монгол нутагт 40 түмэн монгол өрх, 4 түмэн ойрад монгол өрх бүгд нийт 44 түмэн өрх бүх айл байсан гэсэн үг мөн билээ. Юан гүрний хаад монголчуудыг хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж монгол, хятад хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ. Улс төр, шашин, соёлын талаар монгол хаад иймэрхүү бодлого явуулж байсан нь цөөн тооны монголчуудыг хятадын соёлын нөлөөнд автагдуулахгүй, харин монгол хаад ноёдын ноёрхлыг үзэл суртлын аймагт аль болохоор бэхжүүлэхийг оролдсон хэрэг ажээ. Монгол нутагт байсан тархай олон аймаг нэгдэж нэгэн улс гэр болсны үрээр нийт монголын үндэсний соёл бүрэлдэн хөгжих аятай нөхцөл тухайн үедээ бий болсон байна. Монголын эзэнт гүрэн янз бүрийн улс түмнийг нэгэн хүчтэй засаг төрд нэгтгэсэн нь тэдний соёл, уламжлал хоорондоо нэгдэн нягтарч харилцан нөлөөлөхөд түлхэц өгсөн нь тодорхой юм. Эртний монголын соёлын түүхэнд гарсан нэг том үйл явдал бол монголчуудын дунд уйгуржин бичиг үсэг дэлгэрэн улмаар нийт монгол улсын албан ёсны бичиг үсэг болон явдал мөн. Монгол энэ бичиг үсэг нь уг гарлаараа эртний Финикид /Ойрхи Дорнодын/ анх үүсэн финикийн бичгийн системд хамаарагдах бичиг үсгүүдийн нэг байжээ. Учир нь финикийн бичиг үсгээс арамей бичиг үсэг, түүнээс согдбичиг, түүнээс уйгур салбарлан гарч улмаар согд, уйгур бичиг үсгээс монголын уйгуржин хэмээх хуучин бичиг үсэг бий болсон түүхтэй. Хубилай хааны шинэ үсэг авч хэрэглэсний учир бол ихэнх эрдэмтэний үзэж байгаагаар Юан төрийг үндэслэгч нь зөвхөн монгол хэл төдийгүй их гүрний бүрэлдэхүүнд багтсан бүх улс үндэстний хэлүүдийг нэгэн зэрэг үйлчилж чадах, хятад дахь монгол төрийн олон улс аймгийн нийт дундын тусгай бичиг зохион бий болгохыг эрмэлзсэнээс болжээ. Пагва лам дөрвөлжин үсгийг түвэд, энэтхэг үсгийн үндсэн дээр монгол хэлний аялгуунд түшиглэн зохиожээ. Монгол аймгуудын дунд нэгэнт зүгшрэн тогтсон аман бичгийн буюу аман уран зохиолын хэл байжээ. Энэхүү эртний аман зохиолын хэл бол ард түмний аман зохиолын удаан хугацааны хөгжлийн үр дүн мөн байжээ. Эртний монголчуудын аман зохиол нь үлгэр, домог, дуу, шүлэг, зүйр үг, оньсого зэргийн олон хэлбэртэй байжээ. Ерөөс эртний монголчуудын дунд уран яруугаар толгой холбон шүлэглэх заншил өргөн дэлгэрсэн байжээ.  Эртний монгол хүмүүсийн дунд яруу найргийн авъяас билигтэй шүлэгчин, үлгэрчин, хуурчин хүн цөөнгүй байжээ. Монгол шүлэгчид Хабул хааны хүү Хотулаханд зориулан эр чадлыг нь магтан дуулсан олон шүлэг зохиожээ” гэж бичсэн байдаг.44 Рашид-ад-Дин.т.1 кн.2.стр 39. “Нууц товчоо” бол монголын язгууртан ноёдын талыг баримталсан зохиол боловч үзэл санааны хувьд дэвшилт зохиол гэж эрдэмтэд нэгэн дуугаар үзэж байна.2 Энэ зохиол монгол орон, эртний овог төрлийн нийгмээс феодалын нийгэмд дэвшин орж, тархай бутархай олон монгол аймаг нэгэн улс гэрт нэгдэн төвлөрч, монгол угсаатан бүрэлдэн тогтож байсан түүхэн үеийн уран зохиолын бүтээгдэхүүн гэж тодорхойлжээ. 2Б.Я.Владимирцов “Общественный срой монголов” Л. 1934: С.А.Козин “Сокровенное сказание” Введение в изучение памятника. М-Л.1941, Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” УБ. 1957. 57-61-р тал. Монголын их гүрний үед хамгийн дээд зэргийн багажаар төхөөрөмжилсөн номын сан нь 400 000 номтой байсан гэдэг.1 Алтан Ордоны улсад монгол хэл бичгийг албан баримтанд ашиглаж байжээ. XIV зууны дунд үеэс монголоор бичсэн зарим нэгэн зарлиг, ханы тунхаг бидний үед уламжлагдан иржээ. Мөн үед хамрагдах ханы нэрийг монгол үсгээр дээр нь бичсэн нь Тогтамын ханы сүүлчийн зооснуудад байдаг. Ил хаад шинжлэх ухаан, эрдэмтдийг тэтгэх талаар их нэрд гарсан байна. Хүлэгү хан өөрийн зөвлөх нэрт гүн ухаантан, одон орон судлаач Насирад-Динат-Гүш /1201-1274/-д Табризийн хойд талд Азербайджаны Марагхад одон орон судлалын төв байгуулах ажлыг даалгаж байжээ. Монголчуудын шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмэр нь зурхай, одон орон судлал, математик, физик, химийн салбарт өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсан байдаг.  Монголын их гүрэн байгуулагдсаны дараагаар монголчууд соёлт орнуудтай харилцаа холбоотой болж ирэхийн хамтад монголын хаад ноёд тансаг хээнцэр амьдралыг эрхэмлэн дагах болж, хээр талын нутгийн нүүдэлчдийн бэрх амьдралаасаа суурин газрын тохилог боловсронгуй аж байдалд аажмаар шилжин орж, байлдан дагуулсан орнуудынхаа соёлын өмнө өөрсдөө сөгдөн бууж эрдэм соёлын нь ололт амжилтад амтархан шунаж, өөрсдийн амьдралын жаргал цэнгэлд хэрэглэхийг аль болохоор эрмэлзэж байжээ. б. Төрийн байгуулалт, хууль эрх зүйг эрхэмлэх байдал Монгол их гүрний үед төрийн дээд байгууллага нь Чжүншүшэн хэмээх Дотоод бичгийн яам байжээ. Мөн Шумиюан буюу Нууц бичгийн яам, Юйшитай буюу Дэвшүүлэх буруулах яам хэмээх яамд байжээ. Дотоод бичгийн яамны шууд харъяалалд тодорхой ажил эрхэлсэн 6 яам оршиж байжээ. Тухайлбал: Түшмэлийн яам, Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүх яам, Үйлдвэрийн яам болно. Харъяа зургаан яам нь тус бүрийн оногдолт ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ. Сангийн яамны эрхлэх ажилд өрх айл, хүн амын тоо бүртгэл байцаан явуулах явдал чухал суурь эзэлж байв. Үйлдвэрийн яам хэмээх нь мал тариалангаас бусад гар үйлдвэр уран дархны ажил болон суваг малтах, усны аюулаас хамгаалах, далан үйлдэх зэрэг нийгмийн чанартай томхон ажлуудыг эрхэлж байжээ. Монголын хаад мөн л Их Монгол улсын засаг төрийн хэлбэрийг үргэлжлүүлэн, үндсэн Монгол улсынхаа засаг засаглалыг явуулж байсан ажээ. Чингис хааны дэргэд Сэцэдийн зөвлөл гэж байсан бөгөөд аливаа ажил явуулахдаа, тэдний зөвөлгөөг анхааран сонсдог байжээ. Шинэ хаан сонгох, байлдах, найрамдах зэрэг онцгой чухала суудлыг ,,Их хуралдай,, хэмээх улсын ихэс ноёдын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байжээ. Чингис хаан засаг төрийн захиран баримтлах түмт, мянгатын системийг давын өмнө зохион байгуулж хэрэглүүлсэн байна. Өгэдэй хааны үед төрийн аппарат нарийсаж гүйцэтгэх үүрэг нь уламтодорхой болжээ. XIII зууны эхэн үеэр Монголын нэгдсэн төр байгуулагдахын хамтад төр ба хууль зүйн мэдлэг ухаан нэлээд хөгжжээ. Тархай бутархай олон монгол аймаг дор дорынхоо хэв ёсыг сахин дагаж ирсэн бол харин XIII зууны эхээр эдгээр аймаг хоорондоо нэгдэн, төр улс байгуулагдахын хамтад олон аймгийн хэв ёсыг нэгтгэн эмхтгэж, улмаар нийт Монгол дундын эмхлэн цэгцэлсэн бичигдмэл хууль үүсэн гарах нь зайлшгүй болж иржээ. Үүний дүнд монголд анх удаа бичигдмэл хууль гарчээ. Энэ нь “Их засаг хууль” /Их жаса/ гэж алдаршжээ. Энэ хуульд овгийн байгууллын үеийн зарим үлдэгдэл хэв заншлын зүйл байсан боловч бүхэлдээ монгол төрийн жинхэнэ хууль мөн ажээ. Энэ хууль эзэлсэн бүх нутагт үйлчилж байсныг араб, егептийн эрдэмтэд гэрчлэн үлдээжээ. Засаг хуулиас гадна Чингисийн хэлсэн үг, зарлиг тушаалыг эмхтгэсэн “Билэг” гэдэг сургаал байжээ.  Чингисийн засаг захиргааны бас нэг шинэтгэл бол улсын заргач (шүүгч)-ыг бий болгосон явдал мөн. Хууль хэнд ч алагчилгүй хатуу үйлчилдэг байсны жишээнд асар их нөлөөтэй, тэнгэр нартай шууд харилцан ярилцдаг, агуу хүчтэй, ид шидтэй хүн гэж жирийн нүүдэлчид шүтэн биширдэг байсан Тэб тэнгэр хэмээх Хөхөчү бөөг эрэмшин дур зоргоороо аашласан хууль ёсыг зөрчсөнд цаазласан явдал орно. Үүнийг зарим нь одоо цагт бөөг устгасан мэт ташаа, гуйвуулж бичсэн байна. МБНЭ-ИЙН ИЛТГЭЛ. Д.ЖАРГАЛСАЙХАН

ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ИЛТГЭЛ № 4 Дэлхийн хамтын ажилагааны ёс дэглэмийн эхлэлийг тавив.

Дэлхийн хамтын ажилагааны ёс дэглэмийн эхлэлийг тавив. Түүхэн өвөрмөц нөхцөлд олон улс түмний янз бүрийн иргэншлийн өргөн харилцаа холбоо дэлхий даяар дэлгэрч эд, оюуны үнэт зүйлс улс түмний дунд түгэн тархаж, ард түмнүүд ойртон нягтарч байсан үйл явц нь хүн төрөлхтний дэвшил хөгжилд нааштай нөлөө үзүүлсэн болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Хөгжлөөрөө янз бүрийн түвшинд орших, эдийн засгийн болон нийгмийн өөр, өөр тогтолцоотой, өөр өөрийн шашин шүтдэг улс гүрнүүдийг хамтран ажиллах, харилцан ойлголцох дэлхийг хамарсан тогтолцоог бий болгож чадсан. Тиймээс дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагын харилцааны эхлэл тэр үед тавигдаж, олон улсын харилцаанд хэрэглэгддэг дипломат ёс, журам чухамхүү монголын их эзэнт гүрний үеээс өнөөг хүртэл хэрэглэгдэж байна. Монгол их гүрний эхний дөрвөн хааны үед явуулж байсан монголын гадаад харилцааны бүх үйл ажиллагаа жинхэнэ монгол нутгийг хамарч, монгол дахь нэгэн төвөөс чиглэгдэн гүйцэтгэгдэж байсан байна. Чингис ба Их Монгол улсын бусад хаадаас харь орнуудын эзэн, хаадад явуулж байсан зарлиг, жуух, дипломат бусад баримт бичгүүд нь уг тавигдаж буй асуудлаархи өөрийн байр суурийг нарийн үндэслэлтэй гаргаж дипломат харилцааны ёсонд нэн шинэ зүйл бий болгосон хэмээн Б.Я.Владимирцов тэмдэглэсэн байна. Өгэдэй хаан Их Монгол улсын засаг захиргаа, төрийн зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож, гадаад харилцааг ихэд өргөжүүлсэн юм. Харилцан анд бололцоход эртнээс уламжилсан нарийн хэв ёсыг баримталдаг байжээ. Анд бололцох хоёр этгээд нь газар болзон уулзаж, бие биедээ бэлэг барилцан, эрхий хурууны цусыг амсалцан андгай тангараг өргөдөг байжээ. Тангараг нь хоёр этгээдийн хоорондын нэг ёсны ам гэрээ байжээ. Тангараг өргөхдөө хоёр этгээд хүч хавсран дайсантай тэмцэх, бие биедээ үнэнч шударга байх, харилцан эрх мэдэл тэгш байх, завсрын хэрүүл маргааныг нүүр учран хэлэлцэж, учрыг нь олж байх зэрэг зүйлийг хэлэлцэн тохиролцдог журамтай байжээ.  Монгол аймгуудын харилцааны түүхэнд элч нар их чухал үүрэг гүйцэтгэж байсныг мөн тэмдэглэвэл зохино. Алс холын харь орнуудад зарагдан явдаг тусгай мэргэжсэн элч нарын эрх үүрэг үлэмж болжээ. Элчин харилцааг хөгжүүлэх хэрэгт нийт их гүрний хэмжээгээр байгуулсан өртөө их ач тустай болсон байна.Энэхүү андын харилцаа өргөжин тэлж, аймаг хоорондын элч, цаашлаад улс хоорондын албан ёсны харилцаа болсон байдаг. Их гүрний үеэр монголын гадаад хэргийн зохион байгуулалт, арга ажиллагаа, дипломатын өвөрмөц арга барил, ёс дэглэм, хэв заншил ч үүсэн бий болж байжээ. Гадаадтай харилцах дээд эрхийг хаан өөрөө барьж байсан учир бүх дипломат харилцааны хэргийг гагцхүү хааны нэрийн өмнөөс гүйцэтгэн явуулдаг байжээ. Хааны дэргэд гадаад харилцааны албан хэргийг хөтөлдөг тусгай битэгч /бичээч/ нар ажиллаж, харь орнуудад явуулах бичиг захидлыг уул орных нь хэл бичгээр зохион үйлдэж, төгсгөлд нь уйгаржин бичгийн сайд “үзэг ину” гэж уйгаржин үсгээр гарын үсэг зурж3 хааны их тамгыг дарж гүйцэтгэдэг заншилтай байжээ. Гадаад харилцааны гол чухал асуудал дайн найрамдлын асуудлыг хаан өөрийн төрөл садан ба том язгууртан ноёдын хуралдайгаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байсан нь монголын эртний овог аймгуудын ардчиллын үлдэц улбаа мөн байжээ. Нэгдсэн улс байгуулагдсаны дүнд монгол орон дэлхийн олон улс оронтой харилцах болж, улмаар монголын их гүрэн бий болсны дараагаар гадаад харилцаа нь урьдаас илүү өргөжин хөгжжээ. Монгол улс шинээр гарч ирсэн нь монгол ба хөрш орнуудын харилцааны шинж төрхийг өөрчлөн хувиргасан төдийгүй, мөн нийт Төв Азийн улс хоорондын харилцаанд томхон өөрчлөлт оруулжээ. Монгол улсын дипломатын үйл ажиллагаа нь харь орнуудад тусгай тамга тэмдэг бүхий гэрэгэтэй /мөн пайз ч гэдэг/ элч нарыг довтолгох буюу гадны элч нарыг хүлээн авах, гадаад орнуудтай бичиг захидлаар харилцах буюу элдэв төрлийн гэрээ хэлэлцээр эвсэл холбоо байгуулах, бусад улс орныг улс төр, цэргийн талаар туршин тагнах зэргээр гадаад бодлогыг гүйцэтгэн хөтлөх элдэв арга ажиллагаа тогтворжин төрөлжиж байсан байна. Чингис хаан дайны өмнөх дипломатын элдэв төрлийн бэлтгэл ажлыг их хийж, дайсан улсаа олон улсын талаар бүрэн ганцаардуулах бодлого явуулдаг байжээ.Монгол хаадын хувь улсууд юуны урьд өөрсдийн ойр зэргэлдээ улс оронтой харилцаа холбоотой байж хүч хүрэх нэгий нь зэр зэвсэг, дипломат арга мэхийн аль алины нь хэрэглэн эрх мэдэлдээ оруулан авах гадаад бодлого явуулсаар байжээ. Монгол хаад Европын орнуудад довтолгох элч зарлагын ажилдаа эрдэм мэдлэг бүхий гаднын хүмүүсийг хэрэглэж байжээ. Жишээ нь: Юан улсад анх удаа худалдааны хэргээр хүрэлцэн ирсэн Италийн Венец хотын ах дүү хоёр худалдаачин Николо Поло, Маффео Поло нарыг өөрийн элч болгон зарж байжээ. Хубилай хааны элч нар лалын шашны ариун орон Иерусалимд шашны мөргөлийн нэрээр очиж тагнах турших ба христос шашны толгой Ромын паптай харилцаа холбоо тогтоох зорилготой явуулж байжээ. Энэ бол өргөмжлөлт консулын эхлэл байв.Монголын эрхшээлд орсон солонгосын ван зарим үед Юан улс ба споны хаадын хооронд зуучийн үүрэг гүйцэтгүүлж байв. Монголын эмэгтэй элч солонгост очиж байсан нь монгол солонгосын гадаад харилцааны түүхэнд үнэхээрийн чухал зүйл юм. Эзлэгдсэн орнуудад урьдах хаадын нэгэн адил төлөөний сайд суулган захируулж, Мухамед Ялавачийг Хятадад, Масуд бэгийг Туркестан, Мавереннахр, Уйгур, Ферган, Хорезмд, Аргуныг Иранд тус тус томилон суулгажээ. Монгол хаадын улсууд гадаад бодлогоо хэрэгжүүлэн явуулахдаа тэр цагийн дэлхийн хоёр том шашин христос, лалын шашны нэр хүндийг идэвхитэй ашиглан хэрэглэж, тэдгээр шашныг бишрэн шүтэгчдийг аль болохоор биедээ татахыг чармайн оролдож байжээ. Ил хаадын бичиг бол цөм уйгуржин бичгээр монгол хэлээр бичигдсэн эртний монголын дипломатын үнэт дурсгалт бичгүүд мөн бөгөөд тэд нь монголын дипломат харилцааны бичиг баримтын хэлбэр маяг, хэллэг, найруулгыг нарийвчлан судлахад үлэмж ач холбогдолтой юм.  Монголын их хаадын үед зочин хүлээж авах, хүндлэх, үдэх олон улсад хэрэглэдэг дипломат дэг журам бий болжээ. Гадны элч нарыг хаан хүлээж авах ёс дэглэм их сүр дүрэмтэй байсан нь “Далай хаан” хаан хэмээн өргөмжлөгдөж байсан монгол хаадын сүр хүчийг илэрхийлэх зорилготой байжээ. Хаанд бараалхахын өмнө хааны өргөөний бараа бологч нараас урьдчилан элч нартай уулзаж ямар зорилготой яваагий нь сайн асууж мэдэж явдаг байсан. Мөн өргөөнд орохын өмнө элч нарыг нэгжин үзэж, хоёр галын хоорондуур оруулан “ариутгаж” өргөөний эсгий үүдний зүүн талаар босгонд хөл хүргэхгүй орохыг урьдаас сануулан хэлж хаанд бараалхуулдаг заншилтай байжээ. Элч нар хаанд бараалхахдаа зүүн хөлөөрөө сөгдөж мэндлэх ёстой байжээ. Монгол хаад “гадаадын ямар ч элстэй шууд өөрөө ярилцдаггүй, гурав дахь этгээдээр дамжуулан ярилцдаг” ёстой байжээ. Гэхдээ элч нар нь хаантай бусад хэнээс ч илүү юу дуртайгаа чөлөөтэй ярилцах давуу эрхтэй байсан гэнэ.1 Гильом Рубрук. 145-р тал.  Ийнхүү монгол улс өнөөгийн дэлхий дахинд өргөн хэрэглэдэг дипломат ёс жаяг, харилцааны соёлыг бий болгожээ.

Зураг түүхийг авч үлддэг-42 Хамтарсан сургалт зохион байгуулав

Хамтарсан сургалт зохион байгуулав Монгол Улсын төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор АНУ-аас тус улсад  суугаа Элчин сайдын яамтай хамтран “Аюулгүй байдлын стратеги” сэдвээр сургалт зохион байгуулж, төр, олон нийтийн болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын 150 гаруй хүмүүс оролцов. Энэхүү сургалт төрийн бүх байгууллагын төлөөлөл бүрэн хамарсан юм. Мөн төрийн байгууллагууд төлөвлөлт, үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар онол, практикын мэдээлэл сонсож, хамтын ажиллагааны даалгавар боловсруулж, санал бодлоо солилцож билээ.  Төгсгөлд нь Хавайн аюулгүй байдлын төвийн захирал ирж, Батлан хамгаалахын сайд Сономпил хүлээн авч уулзаж, оройн хүндэтгэлийн зоог болж, хаалтаа хийсэн юм. Чухамхүү тэр үед ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын хувьд ирсэн багш гартай уулзаж, дараагийн хамтын ажиллагааны эхлэл тавьж билээ. Дэлхийн улс орнууд аюулгүй байдалд анхаарч, улс орны хил хязгаар, зэр зэвсгийн хүчийг зузаатгах, улмаар эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, хүн амын удмын санг хамгаалах, хүнсний, экологийн болон соёлын асуудлын хүрээнд олон асуудлыг шийдвэрлэх болов. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс аюулгүй байдлын цөм нь улс гүрэн биш, хүвь хүн байх учиртайг анхааруулснаар “Хүний аюулгүй байдал” өнөөдөр дэлхийн хэмжээний бодлогын тулгуур үзэл баримтлал боллоо. Хүн өдөр тутмын амьдралын баталгаагаа дэлхий дахины үйл явдал, улс орнуудын хоорондын харилцаанаас илүүтэйгээр гэр бүл, орлого, хүнс, орон байрны тухайн нөхцөл дэх баталгаа, үр удмынхаа ирээдүйтэй холбон үзэх болсон бөгөөд өлсгөлөн, ажилгүйдэл, өвчин эмгэг, сөргөлдөөн, хэлмэгдүүлэлт, байгаль орчны элдэв бохирдлоос хамгаалагдсан байхыг эн тэргүүнд хүсч байна. Улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийн гол зорилго нь өнөөгийн төдийгүй ирээдүйн хүний сайн сайхан байдлын төлөө байх ёстой гэж үздэг. Хүн төвтэй хөгжлийн үзэл хандлагаар үндэсний болон хүний аюулгүй байдал нь тогтвортой зөв бодлого, онч мэргэн удирдлагын хүчээр хангагдана. Хүний аюулгүй байдлыг хангах нь хөгжлийн зорилго төдийгүй тухайн улс орны хөгжлийн үр дүн байдаг. Гэхдээ хүний аюулгүй байдлыг хангахад зөвхөн төрийн төдийгүй, хувь хүний өөрийнх нь үүрэг хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай. ХХ зуун хүний аюулгүй байдлын тухай ойлголтоо үндсээр нь шинэчлэх шаардлагыг хүн төрөлхтөнд бий болгожээ. Үндэсний аюулгүй байдал нь хувь хүний амьд явах, эрхэмсэг оршихуйн аюулгүй байдлын нэг урьдчилсан нөхцөл мөн боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Улс орон хэдийгээр баян, хүчирхэг байлаа ч энэ нь тухайн улс орны хүн ам айх аюулгүй, баян чинээлэг байхын баталгаа биш. Засгийн газрын үүрэг нь хувь хүмүүс өөрсдийгөө аваад явах чадах, чадвар боломжоо зүй бус хориг хязгаарлалтгүй хөгжүүлэх үндэс, суурь орчинг бий болгоход оршино. Аюулгүй байдлын үзэл баримтлалыг олон жилийн туршид хэт явцуу байдлаар, тухайлбал гадаадын түрэмгийллээс нутаг дэвсгэрээ хамгаалах, цөмийн сүйрлийн аюулаас дэлхий дахиныг хамгаалах зэргээр тайлбарлаж ирсэн. Энэ нь ард түмнээс илүү улс оронд хамааралтай. Гэтэл өдөр тутам айх аюулгүй амьдрах гэсэн хүний зүй ёсны хүсэл эрмэлзлэлийг орхигдуулсан юм. Ядуурал, тэгш бус байдал, хөгжлийн ялгаатай түвшин, улс төрийн тогтворгүй байдал зэрэгтэй холбогдон гарах зөрчил, хүчирхийлэл, гэмт халдлага, дарамт, шахалтаас хувь хүмүүсийг хамгаалах асуудал нь төсөөлөгдөж буй айдас, түгшүүрээс хамгаалагдсан байхыг шаардана. Дутагдах, гачигдах зүйлгүй байх гэдэг нь хүний аюулгүй байдлын нэлээд олон талт хандлагын илрэл бөгөөд өлсгөлөн, өвчин, байгалийн гамшиг, осол зэрэг өргөн хүрээний асуудлыг хамруулан үздэг. Дээрх хүчин зүйлүүд нь хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, дайн, удмын сангийн өөрчлөлт, алан хядах ажиллагаа зэргээс ч илүүтэйгээр олон хүнийг амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулдаг. Энэ нь зөвхөн хүчирхийлэл бус, хөгжил ба аюулгүй байдлын зорилтуудыг илүү тодорхой авч үзэхийг анхаардагаараа айдас, хүйдэсгүй байхаас ялгаатай. Үүнийг улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийн эцсийн зорилго нь өнөө хийгээд хойч үеийн хүний сайн сайхан байдал, сэтгэл хангалуун амьдралын төлөө байх ёстой гэж үздэг хүн төвтэй хөгжлийн үзэл хандлагаар хувь хүний болон улс орны аюулгүй байдал нь зэвсгийн хүчээр бус, тогтвортой хөгжлөөр хангагдана гэж хэлж болох юм Улс орнууд аюулгүй байдлаа зэвсгийн хүчээр хамгаалах үзлээс хүний хөгжлөөр хамгаалах үзэлд шилжиж байна. Хүний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлийг эх сурвалжаар нь дотоод ба гадаад, цаг хугацааны хувьд гэнэтийн ба тодорхой хугацааны, хэмжээ, далайцаар нь дэлхий дахины ба бүсийн, аюул учруулах магадлалаар нь бодит ба болзошгүй, нөлөөлөх хүчин зүйлийн шинж байдлаар нь объектив ба субъектив гэж ангилан авч үздэг. Хүн төрөлхтний оюун ухаан, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан технологийн хөгжил явагдахын хэрээр хүн төрөлхтөн хүчирхэгжиж чөлөөт байдлын хүрээ тэлсээр байгаа нь хүний аюулгүй байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрээс улс төр, эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдлыг нийгмийн аюулгүй байдал гэнэ. Хүний аюулгүй байдлын эдгээр үндсэн чиглэл хоорондоо салшгүй холбоотой, нэгийг нь нөгөөгөөс салган тайлбарлахад төвөгтэй.  

ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ИЛТГЭЛ № 3. Мөнх тэнгэрийн хүчин дор

№ 3. Мөнх тэнгэрийн хүчин дор /МБНЭ-ийн таван жилд зориулсан илтгэл. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан/ Төрийн хаантай, төрийн хуралдайтай, улс төр, өвөрмөц эдийн засаг, зохион байгуулалтын тогтолцоотой, асар хурдан эрчимтэй өөрчлөгдөх чадвартай, хүчирхэг цэрэгтэй болсон нь дэлхийн хуурай газрын ихэнхийг эзэлсэн монголын их эзэнт улс байгуулагдах нөхцлийг бүрдүүлжээ. Мөнх тэнгэрийн үзэл нь нэгэнт амьдралд бий болсон бодит нөхцөлд үйл ажиллагааг явуулахдаа онгон байгалийн далд хүчийг ашиглан давагдашгүй зүйлийг дийлж, мөнх тэнгэрийн хүчин дор их үйлсийг бүтээсэн байдаг. Түүний тодорхой жишээ нь Хүн төрөлхтний түүхэнд таагдашгүй байгаа нэгэн асуудал бол монголчууд тэр үеийн дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их гүрнийг байгуулсан явдал юм. Тэр үед хагас сая гаруйхан хүн амтай, овог аймгаараа дөнгөж нэгдсэн, зэр зэвсгийн хангамж хүрэлцээгүй, нүүдэлчин монголчууд дэлхий дахины тэн хагасаас илүүг цөөхөн жилийн дотор эзлэн авч урт удаан хугацаагаар ноёрхож байсны бодит учир шалтгааныг мөнх тэнгэрийн хүчин зүйлээр тайлбарлаж болно. Үүнд Өмнөд Хятадад 30 сая хүн амтай Сүн улс, Хойд Хятадад 60 сая орчим хүн амтай эрэлхэг дайчин Алтан улс, хүчирхэг, баян чинээлэг Тангуд, Уйгар улсууд оршиж байв. Өмнөд этгээдийн эдгээр улсууд нийлээд 100 гаруй сая хүн амтай байжээ. Баруун зүгт Дундад Ази, Иранд баян тансаг хот цогцолсон 20 сая гаруй хүн амтай Хорезмын хант улс, Дорнод Европод Ижил мөрөн, Карпатын завсар газар найман сая, Гүржид таван сая, Сирид таван сая хүн оршин сууж байсан ажээ.  Гэтэл бидний өмнө өгүүлсэн цөөн хүнтэй Монголчууд нэгэн зэрэг гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдийг эрхшээлдээ оруулж дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үзэхээс аргагүй. Гарааны байдлыг үнэлэхэд байгалийн ямар ч хүнд, хатуу нөхцлийг даван туулах тэсвэр хатуужилтай, тулалдаанд амиа эрсдэлээс хамгаалж чаддаг, эрэмгий эр зориг бүхий дайчид төлөвшсөн нь харагддаг. Тэд тэр үеийн маш хөнгөн, маняварлах чадвар бүхий унаа болсон моринд эрэмгий суралцсан, алс холын замд найдвартай ар тал болсон тээврийн гол хэрэгсэл үхэр, тэмээг чадамгай ашиглаж сурсан байсан. Цэргийн албыг 25 наснаас 70 нас хүртэл хаах Чингисийн үеийн ёс журмыг олон жил хуульчилж мөрдөж иржээ. Цэрэг дагаж яваа бүсгүйчүүд бол эрчүүдээ дайн тулалдаанд явахад тэдэнд элбэлцэж ажил үүргий нь гүйцэтгэх ёстой гэж Чингисийн Засаг хуульд заасан байжээ. Яваандаа монголын цэргийн байлдах урлаг, техник хэрэгсэл нь тухайн цаг үедээ хамгийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан техник хэрэгсэл, зэвсгээр баяжин төлжсөн байдаг. Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан инженерийн техник хэрэгсэлтэй цэрэг нь тэр үеийн хэрэм, хамгаалалтыг цаг алдалгүй нурааж чадаж байлаа.  Цэргийн шинэтгэлд цэргийн бүрэлдэхүүнд нүүдэлчин аймгийн цэргээс гадна суурьшмал иргэдээс цэрэг дайчилж оруулах, цэргийн зэвсэгт чөдөр оньст нум, хэрэм эвдэх оньс, чулуу ба шатахуун тос харвах чавх орж байсан. Дайралтад инженерийн ололтыг ашигласан шидэгч хэрэгсэл бүхий нум сум, гал шидэх зэвсгүүд, бактерлиогыг ашигласан химийн тусгай цэрэг зэрэг орчин үеийн цэрэг, армийн салбар нэгжийн үүсэл суурийг тавьсан байдаг. Мөн том жижиг хэдэн мянган усан онгоц хөлөглөсөн, хүчирхэг усан флоттой болсон байдаг.  Хүчирхэг цэргийн байлдах зэвсгийн хангалт, хээрийн байрлалт, хоол хүнсний тасралтгүй байдлыг бүрдүүлэх, аян замын явцад энэ бүхнийг зохион байгуулах өндөр чадвартай менежмент, чадварлаг ар талын удирдлага их үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй юм.  Хүчирхэг цэрэг орон бүхнээс цуглуулсан эрдэмтдийн хүчирхэг багтай болсон байлаа. Энэ нь цэргийн байлдах чадварт чухал нөлөө үзүүлэх болсон. Мөн цэргийн урлагыг төгс эзэмшсэн цэргийн жанжинууд бий болсон байлаа. Томоохон тулалдаануудад ялалт байгуулахад тэдний гүйцэтгэсэн үүрэг асар их бий. Их хаадын дэргэд байсан цэргийн жанжинууд нь цэргийн гарамгай удирдагч төдийгүй, зөвлөгч, нийгмийн зүтгэлтнүүд байсан байна. Юуны урьд цэрэг дайны бэлтгэл хийж, цэргээ сургуулилдаг буюу мэргэн харваач, анчид дотроос цэргийн жанжин шалгаруулдаг байсан монгол уламжлалт заншил хэвээр байжээ. Унгарын Мухи тосгоны дэргэд болсон түүхэн тулалдаанд европын шигшмэл 85мянган цэрэгтэй, монголын цэрэг тулгаран байлдах явцад Монгол цэргийн байлдах хосгүй ур чадварыг харуулж, тэдний 65 мянган цэргийг хиар цохин устгахад Монгол цэргээс нэг мянган цэрэг үрэгдсэн байдаг.  Хүннү гүрний үед манжийн гурван замаар хөдөлсөн цэргийн удирдлагыг нэгэн зэрэг мөнх тэнгэрийн шидийг ашиглан устгаж байсан бол, байгалийн далд хүчийг ашиглах чадвар Монголын их гүрэн байгуулах явцад улам төгөлдөржиж ашиглагдсан байдаг.  Лус, савдагийн хүчийг ашиглан байгалийн гоц үзэгдлийг бий болгох, зад барьж бороо, цас оруулах, улмаар үер, салхи шуурга үүсгэх, байгалийн хүндрэл саадыг үүсгэж байсан тухай олон бүтээлд бичиж үлдээжээ.  Тулуй хаан 1231 онд гурван түм орчим цэрэгтэй Хар луу мөрний эрэгт гучин түм орчим цэрэгтэй Хятадын Алтан улсын цэрэгтнй тулгарч хүчинд мөхөсдөн их мөрний тохой газар руу шахагдан амь үрэгдэх, эсвэл их мөрний усанд үйж үхэх хоёр зам тулгарч гэнэ.Аргагүй байдалд орсон Тулуй хаан Хангал бөөгөө дуудаж, үхлийн аюулаас гарах арга замыг дээд тэнгэрээс гуйж зад барихыг тушаажээ. Хааны зарлиг ёсоор Хангал бөө гал тахин бөөлж, тэнгэрийг дуудан аврал эрэн зад буух бүх аргыг хэрэглэсэн байна. Энэ үед олон хун шувууд гарч ирэн их дуугаар хашгиралдан байснаа гэнэт алга болж, зуны цаг байсан атал эхлээд бороо орж, дараа нь шувуун зад буун улмаар цасан шамарга болон хувирсан нь халуун зунаар ийм хүйтэн шамарга тулгарна гэж бодоогүй явсан хятад цэргүүд балмагдан сандарч, сүйрэх аюулд орж Монгол цэргийг бүслэн хаахаа зогсоож, цэргүүд нь барьсан нум сумтайгаа хөлдөн царцаж, хиаран үхэхдэхийн унацгааж эхэлсэн байна. Ингэж Тулуй хааны Монгол цэргүүд Мөнх тэнгэрийн ивээл, Хангал бөөгийн эрдэм чадлын ач тусаар эсэн мэнд үлдсэн гэдэг. Ингэж зад барьж Тулуй хааны цэргүүд сүйрэлээс аврагдсан тухай Рашид Ад Дин “Судрын чуулган-д бичиж түүхэн баримт болгон үлдээжээ. Их Монгол улсын үед эртний монголын цэрэг аж ахуйн нэгж болох удаан оршин тогнож байсан хүрээний нүсэр тогтолцоог бүрмөсөн халж хот айлын системд шилжин оржээ. Түмт, мянгат, зуут зэргийн цэргийн дээд тушаал цөм монгол язгууртан ноёдын гарт байлаа.  Монгол цэргийн удирдлагын ухаан чадал, байлдааны арга тактик сайн, цэрэг нь сахилга, зохион байгуулалт өндөр байсан байна. Монголын түүхийн салшгүй чухал бол мөнх тэнгэрийн үзэл, номлол, шашин шүтлэгийн асуудал юм. Шашны талаар их хааны явуулж байсан бодлого их л учиртай ажээ. Хэдий зарим хаад нийслэлийг нүүлгэж байсан ч Монгол нутаг Эзэнт Гүрний төв нь байсаар ирсэн. Яагаад гэвэл эцэг өвгөдийн онгод орших онгон байгаль эх нутаг Монголд байршиж байсанд оршино. Тиймээс монгол хаадын дээд шүтлэг нь мөнх тэнгэр, бөө мөргөл байсан бөгөөд бусад шашин нь дараа нь эрэмблэгдэж, тэднийг бүгд эрх тэгш хэмжээнд авч үздэг байжээ. Зөвхөн монгол оронд оршин тогтнож байсан аймгуудыг нэгтгэх төдийгүй харин соёлжсон харь орнуудыг байлдан дагуулах бодлоготой байсан Чингис болон бусад хаад нь энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн улс гүрнээ “төвхнүүлэх” хүртлээ эзлэн авсан улс үндэстний олон төрлийн шашин шүтлэгийн “тэгш эрх”-ийг хангах бодлогыг хатуу баримтлаж байжээ. Энэ бол янз бүрийн улс үндэстний шашин шүтлэгий нь ашиглан өөрсдийн ноёрхол дор олон улс гүрний ард түмнийг хооронд нь хямралдуулахгүй дуулгавартай захирч байх гэсэн монгол хаадын бодлоготой нягт уялдсан байлаа. Монголын их засаг хуульд хүртэл шашныг ялгаварлахгүй байх тухай заасан байжээ. Монголын хаадын энэ бодлогын тухай тэр үеийн Персийн түүхч Жувейни бичсэн нь: “...тэр нь /Чингис/ ямар нэгэн шашныг бишрэгч аль нэгэн шүтлэгийг дагагч биш байсан учир аливаа үгширмэл бишрэл, нэг шашныг нөгөөгөөс нь илүү үзэх, нэгий нь нөгөөгий нь дээр тавихаас зайлсхийж байв. Харин тэр аливаа бүлгийн шашны сэцэн мэргэд, санваартан нарыг дахин хүндэтгэж байсан ба ийм бодлогоо бурханы оронд орох зам” гэж үзэж байв. Өгэдэй хаан өөрөө бөө мөргөлийг голдуу итгэн шүтдэг байсан мөртлөө бас бурхны шашин болон бусад шашныг хүндлэн тэгш үздэг байжээ. Ялангуяа лалын шашинтан хүмүүстэй эвгүй харьцаж хэзээ ч болохгүй гэж сургадаг байжээ. Шашины байдал өнөөгийн Улаанбаатар хот шиг сүм хийдийн тоо мянгаар тоологдож байсангүй. Нийслэл Хархорумд янз бүрийн улс үндэстний 12 хийд, лалын шашны 2 сүм, хотын зах дахь христос шашны 1 сүм болон буддын сүм хийд ажиллаж байсан байна.2 Г.Рубрук.Путешествие в восточные страны. СПб, 1911. Стр.165. Эдгээр шашныг номлогчид нь Монголын хаадыг тус тусын шашиндаа татаж эрх мэдлээ ихэсгэхийн төлөө шаргуу чармайн ажилладаг байв. “Тэд хааны хойноос баланд шавсан батгана шиг хөөцөлдөн хаадыг дор дорынхоо шашинд ятган оруулахыг элдвээр чармайж байсан” гэнэ.3 Г.Рубрук.Мөн тэнд.146-р тал. Хархорумд байсан олон шашны төлөөлөгчид тус тусын шашны давуу талыг нотлох гэж бие биетэйгээ их өрсөлдөн тэмцэлдэж байв. Монголын хаад ч энэ талаар өөрсдийн ордонд чөлөөт маргаан зохион явуулж христос, лал, буддын шашны номлогчдын хооронд ном хаялцуулж байжээ. Хубилай эзэнт гүрний хэмжээгээр нэг шашин бий болгох оролдлогыг анх санаачлан хийгч байв.  Монголын Юан төрийн үед бурхны шашин эзэнт улсын гол шашин боловч энэхүү шашин нь ихэвчлэн хятад нутагт оршин сууж байсан монголын язгууртан нарын дунд тархаж байжээ. Харин бурхны шашин жинхэнэ монгол оронд хүчтэй дэлгэрч нийт монголчуудын шашин болж чадаагүй юм. Монгол нутагт нийт монголчуудын гол шүтдэг нь мөнх тэнгэр, бөө мөргөл хэвээр байлаа. Буддын шашин нь нийт гүрний хэмжээгээр ч төдий л тарж түгээгүй ажээ. Монголын их эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан олон улс үндэстний дунд оршин сууж байсан цөөн тооны монголчууд нь тухайн орныхоо гол шашны нөлөөнд автагдаж байлаа.  Хятадад Юан төр мөхөж монголын байлдан дагуулагчид эх нутагтаа буцаж ирсний дараагаар буддийн шашны нөлөө нь мөн бусад шашнуудын нэгэн адил багасаж бөө мөргөл урьдын адил монголчуудын дунд ноёрхох байр сууриа дахин эзэлж байжээ

Хуудаснууд

Subscribe to Индэр