Уншиж байна...

 

 

Монгол улс Төв Азийн эртний төрт улсуудын нэгэн бөгөөд түүний нэр нь өөрчлөгдөн солигдсоор

монгол хэмээх үг үндсэн нэр болон уламжлагджээ. МЭӨ IV зууны үед үүсэн бүрэлдсэн Хүннүгийн холбоо нь Төв болон дорнод Ази дахины анхны төрийн томоохон байдлыг бий болгожээ. Модунь бол анхны төр улсыг эмхлэн бүрдүүлсэн түүхт хүмүүн юм. Модунь хаан төрийн тусгай тамга, титэм өмсгөлтэй байснаас гадна дуут сум бүтээж хэрэглэдэг байжээ.Монгол угсаатны Тоба улсын хаан нь “Хүрэн цацаг” хэмээх тамгатай байжээ. Архангай аймгийн нутгаас малтсан булшнаас нар, сарыг дүрсэлсэн хавтгай алтыг модон хашлагын хананд хадсан олдвор олдсон нь Хүннү улсын урлагийн бүтээл байжээ. Сурвалж бичигт "Хүннү нар өглөө наранд, орой саранд мөргөдөг байсан" гэжээ. Түүнээс үзэхэд монголчууд нар сарыг эрхэмлэж байсан нь илт байна. Хүннүгийн төрт ёс (МЭӨ 209-МЭ 93), түүнийг залгамжлан буухиалсан Сүмбэ (МЭ II-IV зуун), Их Нирун улс (МЭ 330-555), Хятан (907-1125 он ) нар бүгд л төрийн засаглалын хэлбэрийн хувьд хаант улс байв. Харин тэдний дотроос Их Нирун нь төрийн хоёр ёс, төр шашныг хослон барих хандлага бүхий хаант засагтайгаараа өвөрмөц юм.

VI-ХI зууны үед Монгол нутаг дээр хэдийгээр харь угсаатны Түрэг, Уйгур зэрэг хаант улс байгуулагдан ноёрхож байсан боловч, монгол угсаатан хүчирхэг байсан үеийн Нирун улсынхаа (330-555) голомтыг ямар нэг хэмжээгээр өвлөн залгамжилж, жижиг хаант улс буюу ханлиг хэлбэрээр оршин тогтнож ХI-ХII зууны үед монгол угсааны аймаг, ханлигуудын төр ёсны шинж улам тодрон товойж, Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Онгуд, Хонхирад зэрэг харьцангуй бие даасан байдалтай ханлиг аймгууд хүчирхэгжин гарч иржээ. ХII зууны эхээр Хэрлэн, Онон, Туулын сав нутгаар Хамаг монголын хүчирхэг ханлиг байгуулагджээ .

Улаан барс жил буюу 1206 оны намар цагт Онон мөрний хөвөөн эхэнд монголын язгууртан дээдсийн их чуулган хуралдаж Тэмүүжинг шинэ тулгар нэгдсэн монгол улсын хаан ширээнд нэгэн дуугаар өргөмжилсөн байдаг. Энэ тухай "Монголын Нууц Товчоо"-нд:
"Эсгий туургатан энх тунх болж, барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүүжинг Чингис хаан цолд өргөмжлөв" хэмээжээ.

1370-1634 онд хүртэл Монгол улсын хасбуу тамгыг 22 хаан атгасныг "Бага хаадын үе” хэмээн түүхэнд тэмдэглэдэг бөлгөө. Их Монгол улс хаан төрийн эрх ёсны сүр хүчийг илтгэсэн төрийн бэлгэдлийг хэрэглэж байжээ. Үүнд: "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн бичээс сийлсэн хасбуу тамга, есөн хөлт их цагаан сүлд, хар сүлд, төрийн есөн их бэлгэдлийг (хар туг, улаан бүрээ, хар сум, цог ихт шар шүхэр, алтан илд, алтан эмээл, хүнд бүс далбарт исэр, өрлөг сайд) оруулж байжээ. XIV зууны үеийн дөрвөлжин суурьтай, суурь дээрээ хэвтээ араатан (барс)-ны дүрсэн бариултай тамга Хархорин хотоос олдсон байна. Тэр үеэс хаш тамга хэрэглэх энэ журам тогтсон бөгөөд тэргүүн дэд зэрэг хаш тамга хэрэглэх, 3-аас дээш зэрэгт алтан тамга хэрэглэх болжээ.

Монгол төрийн ёсонд тамга хэрэглэхээс гадна пайз олгож байв. Энэхүү пайз нь тэр элчийг явуулж буй газрын нэр сүрийн илэрхийлэл болж бусдад ойлгогдохын зэрэгцээ ямар ажлыг гүйцэтгэх элч вэ гэдгийг тодорхойлдог байжээ. Алтан пайзтай элч бол онц эрхтэй бөгөөд энэ нь өргөнөөрөө алгын чинээ, уртаараа хагас тохойн чинээ хэмжээтэй байсан ба түүн дээр хааны зарлиг бичээстэй байжээ. Ийм үүрэгтэй пайз нь "гэрч", "гэрчлэх" гэсэн утга агуулгатай тул "гэрэгэ" гэж нэрлэгдэх болжээ.
Барс зодолдож буй гэрэгэ: "Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг хэргийг үзсэнээр явуулбаас зохимжтой" гэсэн бичигтэй.
Жирийн алтан гэрэгэ: "Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг, яаравчлагтүн" гэсэн бичигтэй байжээ.
1911 оны 12 сарын 29-нд Монгол тусгаар улс болсныг зарлан тунхаглаж, Богд Жавзандамба хутагтыг шинэ тулгар улсын хаанд өргөмжлөн түүнд бариулсан төрийн тамга нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг батламжилж байв. Их Монгол Улсын төрийн тамганы уламжлалыг ерөнхийд нь авч хэрэглэсэн энэ тамга нь соёмбо, дөрвөлжин, худам монгол бичгээр Шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд хааны тамга гэсэн бичээстэй бөгөөд энэ бүгд бэлгэдлийн гүн агуулгатай юм. Энэ тамганы улны зузааны дээд талд тэнгэр, доод талд нь газар гэж сийлсэн нь тамганы гадна талаас нь дээд талыг мэдэж алдал эндэгдэлгүйгээр тамгаа эрхэмлэдэг байжээ.

Монгол улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ. Төрийн их цагаан сүлдийг мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө барьж байх бат бэхийг бэлгэджээ.

Сүлдний дээрх гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн шармал дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагираг унжуулжээ. Энэ цагиргууд нь бат бэхийг бэлгэдэн шигширэг болдог зориулалттай. Сүлдэндээ их цагаан өргөөгөө дуурайлган бүрхүүл хийн цагаан хялгасаар торлон гэрийнхээ ханыг төлөөлүүлжээ. Есөн цагаан торгон бүч хийж түүнээс хөх манжлага /цацаг/ зүүжээ.
Их цагаан сүлд төрийн ордонд байнга байх учиртай ажээ.
Есөн цагаан туг нь гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг.

Догшин хар сүлдийг Чингис хааны эцэг Есүхэй баатраас эхлэн Мандухай Цэцэн, Батмөнх Даян хааныг хүртэл цэргийн сүр хүчийг бэлгэдэн хэрэглэж иржээ. Түүнийг мянган хээр азаргын хөхлөөр хийдэг нь сүр хүчийг илтгэдэг бөгөөд сүлд орой дээрээ ганц хурц илдтэй байдаг нь "Дайсныг ялъя гэвэл нэгэн үзүүрт сэтгэл бодлоор тэмцье" гэсэн санаатай. Доор нь байгаа ган дөрвөн цэцэг нь "Ган мэт бат, цэцэг мэт дэлгэрч байг "гэсэн утга санааг бэлгэджээ. Сүлдний туурга нь ес есөөр байрлуулсан 81 сүвэгчтэй ба энэ нь 81 сүвэгчээр дайсныг оруулахгүй гэсэн утгатай. Бидний дөрвөн зүгт ямар санаатан байна гэдгийг харахыг бэлгэдсэн дөрвөн тийшээ харсан тольтой. Энэ сүлд нь дайны талбарт цэргийн сүр хүчийг бадраана.
Энхжин ба цэргийн аль алинд хэрэглэдэг нэгэн сүлд нь алаг сүлд болно.

Дээрх сүлдүүдээс ялгаатай нь гэвэл жадан хэлбэр бүхий оройд нь долоон бурхан одны дүрсийг шингээс урласан байдаг. Хар цагаан өнгийн дэл сүүлээр алаглуулан хийсэн байдаг бөгөөд энэ сүлд нь найрамдлын бэлгэ тэмдэг болдог. Төр цэрэг хоёр найрамдалтай байх гэсэн санааг илэрхийлдэг байна. Төрийн их цагаан сүлдүүд төр түвшин, бат бэх байхын бэлгэдэл болж ирсэн уламжлалтай.
Богд хаант Монгол улсын үед төрийн ёслол журмыг цэгцэлж, үндэсний уламжлал, өнгө аясыг нарийн тусгасан төрийн бэлгэдлийг хэрэглэх болжээ.

Тухайлбал, соёмбо сүлд төрийн хаш эрдэнийн тамга, бөс даавуугар үйлдсэн төрийн далбаа, хаан төрийн долоон эрдэнэ (хурд, чандмань, хатан, түшмэл, заан, морь, жанжин баатар) зэргийг хэрэглэж, оны цолыг "Олноо өргөгдсөн" хэмээн тогтоожээ. Монгол улсын төрийн албан ёсны эрхэм дээд бэлгэдэл онцгой тэмдэг болгон хуулиар тогтоосон Соёмбо бол сүлд бөгөөд 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон цагаан толгойн титэм үсэг юм.

Энэ нь монгол улсын өөрийн эрхт байхыг бэлгэдсэн улс төрийн гүн агуулгатай. Дээд талд нь галаар өнгөрсөн, одоо, ирээдүйд үүрд мандан бадрахыг, нар сар нь мөнхөд цэцэглэн хөгжих, гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг дундах загас нь өнөр өтгөн, сонор соргог арга билгийг, хажуугийн босоо дөрвөлжин нь хэрэм мэт бат бэх байхыг төлөөлсөн билээ.
Монголын төрийн анхны "Эрдэнийн Очир" одон тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван үндсэн зэрэгтэй ба дотор нь арван хоёр зэрэглэж ялган тогтоосон байна.

Тэргүүн зэрэг нь гурван янз байх ба нэгдүгээр одон нь мөнгөн дэвсгэр дээр шижир алтаар урлаж, дунд нь болон очирт титмийн оройд улаан чулуун шигтгээтэй байдаг. Энэ одонг Чингис хааны одон гэж нэрлээд гадаад улсын хаадыг шагнахад зориулжээ.

1921 оны Ардын хувьсгалын ялалт Монгол оронд хэмжээт эрхт хаант төр тогтоосон бөгөөд Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 сарын 26-нд Үндсэн хуулийг баталж Ардын Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглажээ.

1992 оны Монгол Улсын Үндсэн хуулинд: "Монгол улсын төрийн далбаа нь мөнх тэнгэрийн хөх өнгө түүний хоёр талд мандан бадрахын улаан өнгөтэй, ишин талын улаан өнгийн дунд алтан соёмбо байрлуулна" гэж заажээ.
Ийнхүү Монгол Улс нь төрт ёсны олон зуу мянган жилийн уламжлалт зүйлээр асар баян бөгөөд Улсын мөнгөн тэмдэгт, төр ёсны баяр ёслол, даншиг наадам, тэдгээрийн бэлгэдэл, хээ чимэг, утга агуулгыг үеийн үед ямагт хүндэтгэн дээдэлж иржээ.

Бусад видео

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/