Уншиж байна...
 Эрхэм хүндэт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С. Клечески,
Эрхэм хүндэт зочид оо, энд байгаа албаны элч нараа
                                                            (Нэгдүгээр хэсэг. Ярих хэлбэрээр)
 Юуны өмнө Монголын сайхан оронд төрийнхөө элч болон томилоглож, албан үүргээ гүйцэтгэн амьдралынхаа алтан цаг хугацааг зориулж яваа Танд Монголын өвөрмөц соёлын өвийг тээж яваа улаач нарынхаа өмнөөс болон хувиасаа ажлын их амжилтыг хүсье.
 Монголын минь, нүүдлийн соёлын иргэншлийн тасархай болсон бидний бяцхан өргөөнд зочилж, хүндэтгэл үзүүлж, хүрэлцэн ирж танилцаж байгаад нэн таатай байна. Энэ бол бидэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл гэж хүлээн авч байна.
 Таныг АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсоныг сонсоод намтар түүхтэй нь танилцаж байхдаа НАТО-той харилцах асуудлыг эрхлэн ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилласан байсан зэрэг нь миний хувьд Зэвсэгт хүчний салбарт 10 гаруй жил ажилласан Зэвсэгт хүчний хурандаа цолтой, Монгол Улсынхаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны анхны даргаар томилогдон Монгол Улсынхаа гурван ерөнхийлөгчийг дамжин цөөнгүй жил ажилласны хувьд зарим асуудлаар санал солилцоход дөхөм юм байна гэж бодож явлаа.
Миний хувьд цөөнгүй жил олон асуудлаар монгол орныхоо ардчилал, хөгжил, дэвшлийн төлөө АНУ-ын элчин сайдын яамны хамт олонтой хамтарч ажилласан, Та бүхнээс их зүйлд суралцсан жилүүд байлаа.
 Миний хувьд тэнгэр үзлээ шүтдэг, бөө мөргөлөө дээдэлдэгийн хувьд 2012 онд МБНЭ байгуулагдаж, олон бөөгийн байгуулагууд нэгдэн хийсэн дээд хуралдайгаас энэ байгууллагын анхны удирдагчаар сонгон томилсон билээ.
 Хатуу дэглэмтэй, шашингүй үзлийг эрхэмлэдэг, нэг намын ноёрхол нуран унасан түүхэн үе 1990 оны үед насанд хүрсэн хүн амын 1 хувь бөө шүтлэгээ шүтдэг байсан. Энэ бол бидний ухраж очсон эцсийн цэг байсан юм.
 Хэдий хатуу хяналттай цаг үе байсан боловч Монголын үе, үеийн нэртэй эрдэмтэд монголын тэнгэр шүтлэгт цагаа зориулж бүтээлээ туурьвадаг байсан. Сүүлчийн бодит жишээ бол 1960-аад оны үед нэрт эрдэмтэн Б.Ренчин монголд шашин шүтлэг, бөө мөргөл хаалттай байсан тул өөрийн гурван боть бүтээлээ францад хэвлүүлж байсан.
 Нэрт эрдэмтэн Ч.Далай, Ш. Бира, С.Дулам, О.Пүрэв, Ш.Сүхбат, Эйнштейны шагналт О.Лхагва нарын шинжлэх ухааны нэрт зүтгэлтэнүүд, тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн талаар олон мянган бүтээл бичжээ.
 Үнэнд гүйцэгдсэн 1960-аад оны үеийн намын удирдлагууд шинжлэх ухааны байгууллагад үүрэг өгч монголын кино үйлдвэрийн зааланд Хөвсгөлийн алдарт зайран Дамдинг бөөлүүлж байсан билээ.
 Монголын бөө шүтлэг түүхийн маш хүнд хэцүү замыг туулан соёлын биет болон биет бус өв уламжлалаа өнөөг хүргэж ч ирсэн түүхтэй. Дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн төрт улсыг байгуулсан, Хүннү улсаас эзэн Чингис, Өгөөдэй, Хувилай хааны удирдсан Монголын эзэнт гүрэн байгуулах хүртэл өндөр хөгжсөн тэнгэр үзэл, бөө мөргөл нь арвин түүхтэй. Нийгэм янз бүрийн байгуулалтай орнууд хамтран орших, эдийн засгийн олон хэвшлийг уялдуулан зохицуулах, харилцаа, холбоо, дэд бүтэц, зам, тээвэр, худалдаа, наймаа, улс хоорондын харилцааны дипломат дэг ёс гээд олон зүйлийг бид дэлхийн түүхэнд бүтээлцсэн.
 Монголын түүхийн сүүлчийн 300 гаруй жил харь гүрний эхшээлтэй шууд холбоотой байдаг. Харийн гүрний түрэмгийлэл, тэнгэр шүтлэгтэй улаач нарыг “генецит” хийж устгахаас эхэлсэн байдаг. Энэ бүхэн шашин шүтлэггүй тоталитар дэглэмийн үед үргэлжилсэн билээ. Эрх чөлөөгүй, шүтэх эрхгүй хавчидмал байдал монгол үндэстэн, олон улаачийн аминд хүрч байсан түүх бий.
1990 онд Монголд ялсан ардчилал бидэнд хүний эрхийн үнэт зүйл, шашин шүтэх эрх чөлөөг олгосон юм. Ардчилсан өөрчлөлтийн үр дүнд бид шашин шүтэх эрх чөлөө, хүний эрхийн олон амжилтад хүрсэн.
Сүүлийн жилүүдэд монголд тэнгэр үзлийг гол тулгуур болгосон олон байгууллага үүсч хөгжиж байгаа нь бөө мөргөлд чухал ач тустай юм. Энэ бүхэн бөө мөргөлийг улс төрөөс ангид байж, бөөг төлөвшилөө олоход тус нэмэр болох юм. 
Монгол бөө шүтлэгийг төрийн байгууллага огт тоож харьцдаггүй юм. Гэлээ ч бид бөөгийн байгууллагаа хөгжүүлж, уламжлалт соёлын өвөө үргэлжлүүлэн авч явах болно. Бидэнд ногдож байгаа түүхэн үүргээ ойлгож байна. Биднийг монголын төрөөс хүлээн зөвшөөрөх цаг ойрхон ирсэн.
Монголын бөө шүтлэг нь орчин цагтай хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь үндсэн зорилт болж байна. Монголын нүүдлийн соёлын салшгүй хэсэг бөө мөргөл нь монгол зан заншил өөрийн өвөрмөц төрхөөрөө онцлоготой.  
Бөөгийн Онгод шүтээн нь ахуйдаа зохицож, монгол гэртээ авч нүүдлэж явдаг, уян хатан боломжтой, байгаль хүнтэй нягт холбоотой, зан үйлээрээ уялдаж байдаг. Тиймээс монгол бөөд сүм, хийд шаардлагагүй байдаг. Нийтийг хамарсан зан үйл нь байгаль дээр голдуу зуны улиралд явагддаг онцлоготой. Цаашдаа суурин иргэншилд тохирсон удирдлагын төвүүд байгуулан ажиллахаар зорьж байна.
Манай шүтлэгийн гол нь дээд мөнх хөх тэнгэр буюу харанхуйн орон далд ертөнцийн тухай сургааль байдаг. Орчлон ертөнц дээр болж байгаа өөрчлөлтүүд нь амьдралын үүсгэж, цэцэглэн хөгжүүлж, мөхөхөд шууд нөлөөлж байгаа зүйл тогтолцоог мөнх тэнгэрийн хүч гэж үзжээ.
Дараагийн гол шүтээн бол их хаад, элэнц, хуланц, ихэс, өвөг дээдэс, эцэг, эхээ буюу бодит хүнийг эрхэмлэн шүтдэг.
Гурав дахь нь гол шүтээн бол эх болсон дэлхий, онгон байгалиа хайрлан дээдлэх зан үйл, шүтлэг юм.
МБНЭ-ийн дээд байгууллага нь Дээд цэцийн хуралдай буюу хамтын хуралдаанаар шийдвэр гаргадаг байгууллага юм. Дээд цэцийн хуралдаан гишүүнд нь бүх язгуур, овгийн удирдагч нар ордог. Үүнд халх, дархад, урианхай, дөрвөд, ойрд, баяд, тува, цаатан, хотгойд, буриад, өөлд, хотон, барга, үзэмчин, хамниган, цахар язгуурын бөөгийн удирдагч нар байна.
Мөн ДЦХ-н гишүүдэд орон нутгийн байгууллага болох аймгуудын бөөгийн хүрээлэнгийн удирдагчид, сумдын бөөгийн зөвлөлийн удирдагч нар ордог. ДЦХ нь Бөөгийн зөвлөл, Төлөөллийн зөвлөл, Залуучуудын зөвлөл гэсэн хэсгүүдийн хуралдаантай байдаг. Эдгээр байгууллагууд хамтын шийдвэр гаргадаг. Хуралдаан нь байнгын үйл ажиллагаатай бөгөөд 45 хоног дутам болдог. Орчин цагийн технологын хөгжил нь бидэнд заавал цугларах бус, хурлын байрны хүндрэлээс гаргаж, утас холбоо ашиглан хуралдаанаа хийх боломж олгодог.
                      (Хоёрдугаар хэсэг, бичиг, фото альбум хэлбэрээр)
2012 онд Монголын бөөгийн шашины болон төрийн бус хэлбэрээр ажилладаг 80 орчим байгууллага нэгдэж МБНЭ-ийг байгуулсан билээ. Хамтын шийдвэр гаргадаг дээд байгууллага нь Дээд хуралдай, Дээд цэцийн хуралдай бөгөөд 70 гаруй удаа хуралдсан байна.
Энэхүү хуралдайд Ойрад, дөрвөд, Урианхай, Тува, Дархад, Цаатан, Буриад, хамниган, халх,  хотгойд,  Өөлд, хотон, барга, үзэмчин, цахар бүх язгуур, угсааны бөөгийн төлөөлөл, насны хувьд ахмад, идэр, залуу үе, , Монгол бөөгийн манлайлагч нар бүрэн хамарч оролцсон билээ.
Бүтцийн хувьд аймаг, хотод бөөгийн хүрээлэн, сум, дүүрэгт бөөгийн зөвлөл ажилладаг, Аравтад жирийн улаач нар, зуутад багш бөө нар, мянгатад бөөгийн зөвлөл, түмтэд бөөгийн хүрээлэн, түүний бөөгийн удирдагч нар зангидан ажилладаг. Онгодыг өргөө нь иргэдийн амьдардаг гэртээ гал, голомтдоо залагдаж, байгаль дээр өөрсдийн зан үйл, үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Манай улаач нар ард түмнийхээ дунд нь байж, тэдний амьдралаар амьдарч эгэл жирийн хүмүүсийн жишгээр ажилладаг. 
Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж  байсангүй. Мөнх тэнгэрийн төлөө зүтгэж, өөрийн бүхий л амьдралаа зориулсан “Тэнгэрийн улаач” нарын зүтгэлийг үнэлдэг газар алга байна. Олон зуун жил уламжлалаа авч яваа, 20-30 жил соёлын өвийг тээж зүтгэж яваа улаач нараа төрдөө уламжлаад байхад төрийн шагналаа өгдөггүй атлаа бөө болоод 1-2 жил болж байгаа өвөрмонгол улаачид төрийн одонгоо өгч ялгавартай хандаад байгаад бид гайхдаг юм.
Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг юм. Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийж, Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд өөрсдийн хувь нэмэрээ оруулж ирлээ. Даяаршилын энэ зуунд, ялангуяа хөрсөн доороо асар их баялагтай Өвөг дээдсээс минь онгон дагшинаар хадгалж ирсэн нутаг, Лиценз нэртэй алга дарам цаасаар харийнханы эзэмшилд очиж, эрчимтэй сүйтгэгдэж байгааг эрс эсэргүүцдэг. Бидний хийж байгаа Тахилга тайлга бол эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрдэг.
Гадны бодлого Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт тун хатуу ханддаг байлаа. Бөөг мөхөөх гэсэн оролдлого хэзээч амжилтанд хүрч байгаагүй юм. Сүүлийн 300 жилийн түүхээс харахад бөө нар генецитэд хядагдаж, хэлмэгдэлд өртөж, амь насаа алдаж, хүмүүст тэнгэрийн зан үйлээр үйлчилж, өргөл, зэм авсан хэрэгт буруутгагдан амьдралынхаа олон арван жилийг шоронд өнгөрөөсөн гашуун түүх байдаг.
Ардын засаг, нам төр барьж байх үе, хоёрхон жилд, 1937-1939 онд 17400 лам нар цаазлагдаж байсан. Дархад бөө нарын дотроос 100 гаруй бөө алагдсан баримт байдаг. Бүр саяхны нэг жишээ гэвэл Монголын бөөгийн нэрт төлөөлөл Дархадын алдарт зайран Дамдин агсаныг мэргэ төлгө хийж, бөөгийн арга засал хийснийх нь төлөө олон удаа баривчилж, амьдралынхаа 30 орчим жилийг шоронд ял эдэлсэн бөгөөд одоо хүртэл цагаатгагдаагүй байна.
Мөн 2012 онд Ноён уулыг хамгаалах бөөгийн нэгдсэн тахилгын дараа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг баривчлан багагүй хугацаанд хорьж байсан. Эдгээр түүх бол хүн шашин шүтсэнийхээ төлөө ногдуулж байсан ял зэмлэлийн тодорхой жишээ юм.
Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй бөө нар, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл байлаа.
Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчуудаа даяршилын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Олон мянгаар тоологдох бөө нар бий болж байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардах боллоо. Нийгэмд үүссэн ийм байдалд зохицуулахаар МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г боловсруулж, бөө нар нийтээрээ мөрдөж эхэлсэн. 
МБНЭ нь бөө нарт цол олгох журмыг Бага хуралдайгаар хэлэлцүүлэн баталж, удган, зайран цол, тэмдэг, өргөмжлөлийг олгох ажиллагааг хэрэгжүүлсэн билээ.
Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Энэ бол Монгол бахархал, Монгол Бөөгийн гайхамшиг билээ.
Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно. Дэлхийн 42 орны бөө шүтэгч, судлаачид бидэнд ханддаг.  МБНЭ-ийн хамт олон БНСУ-д явагдсан ЮНЕСКО-той хамтарсан олон улсын бөөгийн фествальд оролцож, дэлхийн тавцанд монгол бөөгийн нэр төрийг харуулж чадсан. Дэлхийн байгаль хамгаалагчдын Их хурал, Монгол туурагтны Их наадамд оролцож, ОХУ-ын буриад, Тува, Халимаг, Өвөрмонголд бөө нартай холбоотой ажиллаж ирлээ. 
АНУ-ын зохих байгууллага, Дэлхийн бөөгийн сантай хамтарч ажиллан Монголд Америкт докторын зэрэг хамгаалсан хуурамч диплом ашиглагчдыг илрүүлж залилан хийж байсан үйл ажиллагааг таслан зогсоож байсан.
Бид Монгол төрийнхөө төлөө амиа зориулсан баатруудынхаа хүндэтгэлийн цэцэрлэг хүрээлэн байгуулах, Тэнгэр шүтлэгийн музейтэй болох зорилт тавин ажиллаж байна.
Эрхэм хүндэт сайдаа, Зочид оо,
Та бүхнийг Монгол бөөгийн тухай зарим асуудлыг бэлтгэсэн зурагт танилцуулга, киноноос үргэлжлүүлэн үзэхийг хүсч байна.  (Гуравдугаар хэсэг, кино, хөдөлгөөнт дүрсэн хэлбэрээр)
Бидний танилцуулгыг таалан сонирхосон Та бүхэнд баярлалаа.
Та бүхнээс сонирхох зүйл байвал бид хариулах болно.
           МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
 
 
 
 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/