Уншиж байна...
 
-Мөнх тэнгэрийн элч болсон улаач нараа.
-Эрхэм хүндэт МБНЭ-ийн гишүүд дэмжигчид ээ. 
- Урилгаар оролцож байгаа судлаач, эрдэмтэн, түмэн олон.
Та бүхэнд Ирж байгаа Могой жилийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж байна.
Монголын нүүдэлчдийн язгуур шүтлэг, ард түмний минь уламжлалт соёлын үнэт өв, Хүн-Байгаль дэлхийн алтан хэлхээ, өнгөрсөн, одоо, ирээдүйг холбогч мөнхийн хэлхээ, өөрт оногдсон хүмүүний амьдралаа Мөнх тэнгэрийн илч болсон улаачийн үйлд зориулах хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээж бусдаас тодорсон Удган, Зайран, түшээ нар та бүхнээрээ МБНЭ, түмэн олон бахархаж байна.
Нэн эртний түүх соёл, зан заншил ахуйгаа хадгалан байгаа Монгол бөөгийн олон мөн чанар тайлагдашгүй байж, орчин үеийн шинжлэх ухааны судалгааны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэхүү үйл явц улам гүнзгийрч  дэлхий нийтийн анхаарлыг татах боллоо.
Ийм үед манай бөө нар өдөр цагаар улам ухаажиж, өөрсдийн өмнө тулгарч байгаа жижиг, сажиг зүйлийг умартан ангижирч уужим, өгөөмөр сэтгэл, алсыг харсан тэнүүн бодлогоор нэгдэн нийлж эх дэлхий байгаль орчиноо хамгаалах, Монгол орныхоо төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө шударга үнэнчээр зүтгэх түүхийн хариуцлагатай үед ирээд байна.
 Бөөгийн түүхийн сүүлийн 20 жилд бөөг шүтдэг олон түмний тоо хүн амын 10 хувьд хүрсэн байдаг. Энэ бүхэн Манай Удган, Зайран нарын зүтгэлийн бодит үзүүлэлт, хэнтэй ч хуваалцашгүй ажлын тодорхой үр дүн мөн билээ.
Бидний энэ амжилтыг дагаад нийгэмд бас таагүй зүйлүүд бий болсоныг дурдахгүй байж болохгүй. Энэ бол бөөгийн талаар яригдаж, бичигдэж байгаа буруу, зөрүү ойлголтууд юм. Бөөгийн нэрийг барьсан залилан, гэмт хэрэг олноор гарах болсон нь нийгэмд бөөгийн тухай сөрөг ойлголт төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.
Дэлхийн даяарших үйл явцтай энэ зэрэгцэн оюун санааны ертөнцөд гадны түрэмгийлэл нэн хүчтэй түрэн орж ирээд удлаа. Олон зуун жилийн баялаг туршлагатай, тив, бүсийн хэмжээнд зохион байгуулалттай, санхүүгийн өндөр чадавхитай, оюун санааны “түйрэн”-гийн эсрэг  хэн сөрөн зогсож чадах вэ, бас эд баялагийн эзэн суусан, мөнгөтэй хөрөнгөтэй, зохион байгуулалттай, эрх мэдэлтэй, түүнийгээ буруугаар ашиглагчид засаглал, санхүүгийн олигархиуд, онгон байгаль, төрсөн газар нутгийг минь сүйтгэгчтэй хэн тэмцэх вэ гэсэн ар араасаа дагасан олон асуултад хариулт өгөх, тэгэхдээ идэвхитэй үйл ажиллагаагаараа харуулах түүхэн хариуцлага Тэнгэрийн Улаач та бидэнд ногджээ. Энэ түүхэн үүргээ ухамсарлавал Манай Удган, Зайран нар МБНЭ-д нэгдэн нийлж Түүхийн өмнө гүйцэтгэх хариуцлагатай үйлд зүтгэхээс өөр гарц үгүй юм аа.
Өнгөрч байгаа 2012 он Монголын бөө нар нэн чухал түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа.
Нэг. 2012 оны 4 дүгээр сарын 20–ны өдөр Дээд хуралдайгаа хийж МБНЭ-ийг байгуулсан билээ. Байгуулагдаад арван сар өнгөрч байгаа боловч олон бэрхшээл,  зөрчилдөөнийг даван туулж байна. Их үйлийн төлөө олонх нь дотоод талдаа нэгдэж ажиллахын ач холбогдолыг илүүд үзэж байхад, зарим нэг нь өчүүхэн шалтгаанаар замын дундаас салан одож байна. Үйл явцыг мөнгөний хэмжүүрээр хардаг, хувийн нэр төрөө дээшлүүлэхийн төлөө ашиглахыг хүсэгчид, архидан согтуурч бүтээсэн нэр хүндээ баллуурдагчид тэдний дунд байна. Энэ үг тэдэнд хатуу сонсогдож байгаа байх гэхдээ ийм дутагдлууд цаашлах тусам бидэнд саад болно. Харин дутагдалаа ойлгож засж чадаж байгаа хэн бүхэнд манай МБНЭ-ийн хаалга нээлттэй байх болно.
Хоёр. Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт 4500 гаруй бөө, сүсэгтэн олон оролцсон Их тахилга, тайлгыг, Хүннү гүрний соёлын алтан өлгий нутаг болох “Ноён” уулын тахилгыг 1500 гаруй бөө, сүсэгтэн олныг хамруулан, Туул, Хэрлэн,  Онон голд Лусын тахилга, тайлгын ажиллагаанд  500 орчим бөө нар оролцуулан зохион байгууллаа. Түүхийн явцад бөөгийн эсрэг хандагчдаас тарааж байсан, бөө нарыг нэгдэхээс айн болгоомжлогчидоос бий болгосон үг худлаа болохыг түүх харууллаа.  Бөө нар нэгдэж, хамтарч ажиллаж, ямархуу хүчтэй болохоо харуулж чадлаа. Бид тус тусдаа үйл хийж ирсэн түүхэн уламжлал бий ч, одоо цагт нэгдэн нийлж их үйлийг хийх түүхэн үед тулж ирсэнийг ойлгох ёстой. Бөө нар би гэж бус бид гэж ярьж, ажиллаж суралцаж байна.
Гурав. МБНЭ-ийн нэгдэж, хамтарч ажиллах үеийн эхний ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Энэ үйл явц аймагт бөөгийн хүрээлэн, сумдад бөөгийн Тэргүүн бөө нарыг тодруулахаас эхлэн амжилттай үргэлжилж байна. Манай бөө нар орон нутгийн бүтцээр ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хотод амьдардаг бөө нар аймаг сумын нутгийн зөвлөлийн хэлбэрээр, эсвэл яс угсааны чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ. Зүүн аймгууд нэгдсэн зохион байгуулалтад ороод байна. Улаанбаатарт амьдарч байгаа бөө нар анхлан санаачилж Говь-Алтай аймгийн нутгийн Бөөгийн Зөвлөлийг байгуулан ажиллав. Энэ бол маш чухал ажлын эхлэл, сайхан үлгэр жишээ болов.
Бид нэгдэж ажилласны тодорхой жишээ бол зөвхөн зуны гурван сард 1200 гаруй уул, усны тахилга, зан үйлийн ажиллагаа хийжээ. Энэ бүхэнд зарцуулсан цаг хугацаа, сэтгэл, хөрөнгө гээд тооцвол их зүйл гарна. Ийм их ажлыг амжуулж зохион байгуулж байсныг МБНЭ байгуулагдсанаар анх удаа тооцож үзэж байна. Тархай бутархай байсан бол хэн ч энэ их ажлын тухай мэдээлэлийг нэгтгэн тооцохгүй байв.
Дөрөв. Одоо бид бөөгийнхөө дотоод үйл ажиллагааг цэгцлэх цаг үе эхэлж байна. Саяхан хуралдсан МБНЭ-ийн 4 дүгээр хуралдаанаар “Монголын бөөгийн ёс зүй” гэсэн баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Бөөгийн ёс зүй бол цаасан дээр анх удаа буулгаж байгаа болохоос үе үеийн бөө нар мөрдөж, хэрэгжүүлж ирсэн ёс зүйн түүхэн уламжлал юм. Энэхүү уламжлалт Бөөгийн ёс зүйг Могой жилийн анхны өдрөөс албан ёсоор нийтэд зарлаж, бөө нар болон олон түмэн сүсэгтэн нар танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах болно. Монгол бөөгийн ёс зүйг нийтэд танилцуулах, сурталчлах, хэрэгжүүлэх нь МБНЭ-ийн нэн чухал, зорилтод ажиллагаа байх болно.
Тав. Олон улсын салбарт, гадаад харилцаа цоо шинээр үүсэн хөгжиж байна. Богино хугацаа өнгөрсөн боловч МБНЭ-ээс БНХАУ, ОХУ, АНУ, БНАСАУ, БНСУ, Япон, Турк Улсуудын гадаад харилцааны ажилтнууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ярилцаж санал бодлоо солилцлоо. Гадаад харилцаанд одоо үүсээд байгаа чиг чигээ барьсан, хувиа хичээсэн замбараагүй байдлыг арилгаж, албан ёсны харилцааг бий болгож байна. Гадаад харилцаанд Монгол бөөг жинхэнэ утгаар нь төлөөлж чадах чадварлаг бөө, сүсэгтэн олныг хамруулдаг болох ёстой.  Тэд монгол бөөгийн нэр төр, нүүр царайг дэлхий нийтэд сурталчилж байгаагаа мартах ёсгүй.
2012 онд Монголын бөө нар нэгдэн нийлснээ ийнхүү таван том үйлийг бүтээжээ. Хамтарч ажилласны үр дүн ийм байна.
Бидний хувьд цаашид хийх ажил их байна. Хамгийн их дутагдаж байгаа зүйл бол санхүүгийн дэмжлэг туслалцаа юм. Үйл ажиллагааны нэг тал болсон санхүүгийн дэмжлэггүйгээр ажил урагш явахад нэн хүнд байна. Одоогоор бид байгаа боломжид тулгуурлан маш удаан урагшилж байна. Цөөн хэдхэн хүний хандиваар өнгөрсөн үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. МБНЭ-ийн гишүүд дэмжигчид гишүүний татвараа цаг хугацаанд өгдөг байвал МБНЭ-ийг дэмжиж байгаа сэтгэлийн бодит илэрхийлэл байх болно.
Бөө нар, түшээ, дэмжигчидийн сэтгэлийн нэг бодит илэрхийлэл нь МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, санаж бодож байгаа зүйлээ харилцан солилцож хамтран ажиллах явдал юм.
2013 онд бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.  
Бидний хамгийн чухал зорилт бол Онгон байгалиа хамгаалах зорилт мөн. Бөөгийн зан үйл маань онгон байгаль, онцгой гайхамшигт ан амьтадаар хөлөглөн Дээд тэнгэртэйгээ, онгодтойгоо харилцаж ирсэн билээ. Дэлхий, онгон байгальгүйгээр бид юу ч биш. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн газар нутаг маань хэрэг дээрээ лиценз нэртэй алга дарам цаасаар харийханд худалдагдаж, улмаар онгочигдон бузартлагдлаа. Монголчуудын нэг хэсэг нь эх орон газар нутгаа бусдад худалдан өөрсдөө хөрөнгөжин тансаглах болж, ард түмэн үгүйрэн хоосорч байна.
Бөө нар хаана ч лус, савдагаа тахиж, зан үйлийг хийхдээ хүн-онгон байгалийн хүйн холбоог бэхжүүлж, тэр нутагт амьдарч байгаа ард түмнийг өдөр дутмын ахуй амьдрал, зан үйлтэй нь холбон нэгтгэж өгөх, шүтэж ирсэн түүхэн уламжлалаа сэргээхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Бөө нар, ард түмэн, онгон байгаль гурав амь нэгтэй ажиллаж ирсэн түүхэн уламжлалаа идэвхжүүлэх цаг үе иржээ.
2013 оны 6 дугаар сарын 22-нд Монгол Туурагтны Их тахилга, тайлгыг Улаанбаатар хотын ойролцоо хийнэ. Энэ тахилгад Монголын бүх сумдаас төлөөлөгчид ирж оролцоно. Мөн Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тыба зэрэг бусад монголчууд оролцоно. Энэ Тахилга, тайлга нь Монгол бөөгийн хүч чадал, мөн чанарыг таниулахад нэн чухал үйл болно.
Шинэ оны анхны Тайлга, тахилгаа Монголын баруун хязгаарын арван гурван хайрханы нэг “Жаргалт хаан”-ы их тахилгаар эхэлнэ. Энэ тахилга 5 дугаар сарын 25-нд болно. Баруун монголын бүх төлөөлөл оролцох бөгөөд төв болон зүүн аймгаас Удган, Зайран нар хүндэтгэл үзүүлж төлөөлөгчдөө оролцуулах юм. Эзэн Чингис хааны зарлигаар Монгол баруун хязгаарын хамгаалах, эзэн нь байх хүндтэй үүргийг хүлээсэн цагаас хойш 800 жил өнгөрчээ. Монголчууд түүхэн үүргээ ухамсарлахад энэ тахилга онцгой үүрэг гүйцэтгэнэ. Бид Их үйлийн төлөө хамтарч ажиллаж, харилцан туслаж чаддагийн бодит жишээг үзүүлэх болно.
Монгол орныхоо онгон байгалийг хамгаалах шаардлагаас уламжлан хэд хэдэн газарт Ард түмнээс ирсэн хүсэлтийг үндэслэн Тахилга, тайлгын нэгдсэн ажиллагаа хийгдэхээр байна.
Монголын бөөгийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн Удган, Зайран, Түшээ нартаа зориулсан шагнал урамшилыг бий болгоно. Тэд олон жил  хийсэн бүтээсэн үйлээрээ шагнал, нэр хүндээ хүртэж байх болно. Өмнө нь үүсээд байсан мөнгөөр цол, шагналыг худалдаж авч ирсэн зохисгүй байдлыг хална.
Монгол бөөгийн багш-бөө нартай ажиллах ажиллагаанд шинэчлэлт хийх болно. Бөөг жинхэнэ уламжлалт арга ухаанаар хөгжүүлж байгаа тэнгэрийн элч нарт айх зүйл байхгүй. Харин “хуурамч” гэх нэрийг зүүж байгаа зарим нөхдүүд биднээс дайжин зугтаж байгаа нь үнэн. Ойрын хоёр жилд тэнгэрийн улаачийн хувьд, хүмүүний хувьд ч түүхийн шалгуурт шигшигдэх хариуцлагатай үе юм. Бөөгийн нэр барьж өнгө, мөнгөний хойноос хөөцөлдөгчид анхааруулахад Тэнгэрийн гэсгээл тун хатуу гэдгийг сануулъя.
Бөөгийн үйл ажиллагааг сурталчилахад ихээхэн анхаарах шаардлага байна. МБНЭ-ийн “Монгол бөө” өөрийн цахим сурталчилгаатай болов. Цаашдаа цуврал дугаараар ном гаргана. Мөн улирлаар гардаг сэтгүүлтэй болохоор ажиллаж байна. Эрдэмтэн судлаачидтай хамтарч цуврал лекц, ярилцлага хийнэ.
Бөөгийн ёс зүйг нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг аймаг, сумын бөө нар сүсэгтэн олонтой хамтарч хийнэ. Бөө нар, сүсэгтэн олон хаана хандах, хэн дээр очихоо мэддэг болно. Ингэснээрээ бөөгийн нэр төрийг элдэв бусармаг зүйлтэй хольж хутгадаг “хуурамч бөө” нараас ангижрах болно.
Бидэнд хамтарч хийх, ажиллах их зорилго хүлээж байна. МБНЭ-дээ эвлэлдэн нэгдэж их үйлийн төлөө зориглон хөдлөх цаг үе ирлээ.
Тэнгэрийн улаач, түшээ нар, сүсэгтэн олон та бүхнийг Мөнх хөх тэнгэр, Эзэн Чингис хаан маань ивээх болтугай.
   
  МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
 
 
 

Бусад мэдээ

Feb 20, 2024 132

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/