Уншиж байна...

Үүр шөнийн заагаар зүүдэндээ мэгшин уйлсаар гэнэт сэрэв. Дэр минь зөндөө норсоныг бодвол чамгүй удаан уйлсан бололтой. Уулзаагүй удсандаа юм уу, баярласандаа ч юмуу, хэн нэг нь эхийн минь сүнсийг доромжлон сэрээснээс ч болсон юм болов уу, тэр шөнийн зүүд эгэл биш байлаа. Ээжтэйгээ уулзсан энэ шөнийн зүүдээ бүгдийг эргээд сэргээж санахыг оролдлоо. Тэгээд бас ээж минь тэнгэрийн орныг зориод хэдэн жил болсоныг тооцож үзэв. Есөн жил өнгөрчээ. Хүмүүс өндөр насласан гэх бөгөөд аав минь 100, ээж минь 90 наслажээ. Тэд нэгэн гэр бүл болоод 63 жил хамт амьдарчээ. Амьдралын залгамж болсон үр хүүхдүүд нь өнөөдөр та бүхнээ санан дурсаж сууна.


Ертөнцийн тооллоор бол маш богино хугацаа, хүний насаар бол их л хугацаанд тооцогдох он, жилүүд өнгөрчээ. Тэгээд ээжийгээ баярлуулж байсан бас зовоож байсан зарим мөчүүд санаанд бууж ирлээ. Ээж минь найман хүүхэд төрүүлж бойжуулсан, төрөөс алдарт эхийн хоёр одон хүртсэн монголын мянга, мянган эгэл ээжүүдийн нэгэн байлаа. Бага насанд үлдсэн дурсамжаа санав.
Хамгийн түрүүнд бүр багын, бүдэг, бадаг санах тээр жилийн дуулиант явдал санаанд буув. Хамгийн том ах маань Чигэстэйн голоос ус авахаар үдэд яваад ирсэнгүй ихэд удав. Ажлаас ирсэн ээж минь эгчийг юу болсоныг тодруулахаар араас нь явуулж билээ. Гэр тэрчигтээ түргэн авав. Голын дундах цооногийн дэргэд хоёр арвын бидоныг дүүрэн устай орхижээ. Бидонтой ус нилээд зайрмагтсаныг үзвэл ихэд уджээ. Бүгд л муу юм бодов. Аавыг ажлаас нь дуудаж тэр хавьдаа бужигнаж байтал битүү цана, туураг болсон ах тээр холоос гулгасаар айсуу харагдлаа. Найз нараасаа гуйж олдсон тэшүүрээр шавиагаа ханатлаа гулгахаар Улиастай хотоос Алдархаан сум ороод ирсэн нь энэ байжээ. Тэр явдлаас хойш бид тэшүүртэй болсон юмдаг.
Зуны ид халуун өдрүүд үргэлжилж байлаа. Гэрийн дэргэдэх гэрлийн шонгийн модонд дунд ах минь өглөөнөөс хойш хүлээтэй байх агаад гэрийн бүслүүрт тэр үедээ маш ховор бүх л төрлийн чихэр өлгөөстэй харагдана. Тэрээр манайд үе дамжин ирсэн ээжийн бор авдар дахь чихрээс хулгай хийсэн учир зохих “шийтгэлээ” эдэлж байгаа нь тэр байлаа. Бид зуны халуунд нойтон алчуур толгойд нь тавих, аманд нь цай зальгуулах туслалцаа үзүүлнэ. Хамтдаа шийтгэлийг амсаж, хүмүүжиж байгаа нь тэр юм. Угтаа бол ахынхаа хүлээсийг тайлах, уях нь хэдэн секундын ажил, бас сүүдэрт байлгаж байгаад аав, ээжийгээ ажил тарах эргээд уяж болондоо. Гэхдээ аав, ээжийн шийдвэр гэртээ хууль учраас хүүхдүүдээс хэнч үл зөрчинө. Тэр л бидэнд үлдэх сургамж байжээ. Цаг ямагт ч бусдын хөдөлмөрийн үр шимийг хүндэлж, амьдралдаа үнэнч шударгыг эрхэмлэн амьдрасаар энэ насаа өнгөрүүллээ.
Эмээ минь, хожим ээж минь хаяа нэгхэн амьдралын түүхээ дурсана. Эмээ ээж нутагтаа хувьсгалт ёс тогтоход залуучуудын байгуулагад элсэж үсээ тайруулсанаа ярьдаг байж билээ. Түүнийхээ горыг амсаж, эсэргүүний жилүүдэд баригдаж, үсээ тайруулсан бүсгүйчүүлийг нэгэн эгнээнд жагсааж, нэгээс гурав тоолуулан гурав дахь хүн бүрээр амийг авч тахиж байсан тухайгаа ярьж, надад хоёрын тоо таарч амьд үлдсэн шүү хэмээн бидэнд хуучилна. Манайхан хувьсгалын жилүүдэд гурван ч удаа хөрөнгөө хураалгаж байсан ч, мал нь түргэн өсдөг юм хэмээн хуучилна.
Аав ээж хоёр малаа даган амьдарч, завсар зайнд нь нэг нь мужаан хийж, ан эрхэлж, нөгөө нь дээл, хантааз оёж амьдралаа залгуулна. Амьдрал өөрөө тухайн нийгмийн тусгал байдаг болохоор тэр үеийнхэний дундаж амьдрал болох дөрвөн жилийн сургуулийн боловсрол эзэмшсэн аав минь дайны жилүүдэд хилийн цэрэгт зургаан жил албаа хааж байжээ. Ээж минь монгол, латин, кирилл үсгээр уншиж бичнэ, тогтоох гэсэн зүйлээ гайхалтай сайн цээжилнэ. Олон хүүхдээ өсгөхийн тулд амьдрал аав, ээж хоёрыг минь, бас биднийгээ шуурхай, хөдөлмөрч байхад сургасан билээ.
Хүүхдүүд өсч томрох дутам амьдрал хоёр хуваагдаж, аав малаа дагаж хөдөөд, Донойн хөндийд, ээж хүүхдүүдийнхээ сургуулийг бараагдан төв газар Улиастайд суурьших болов. Тэгээд амьдралын хэвшилээ өөрчлөх цаг хугацаанд тулж ирэв.
Аав, ээж хоёр маш их зориг гарган, айлд 500 гаруй толгой малаа орхиод нийслэл хот хэмээн их айл руу зориглон хөдөлсөн байдаг. Хожим бодоход аав, ээж минь хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө амьдралдаа эрс өөрчлөлт хийсэн, маш зоримог алхам байсан юм билээ.
Хотод анх ирээд анх буусан газар Улаанхуаран хэмээх цэргийнхэн голдуу байрладаг газар байв. Одоо ч тэнд миний амьдрал үргэлжилж байна. Энэ л газарт жаран жил болжээ. Хугацаа маш хурдан өнгөрчээ.
Мэргэжилгүй болохоор ээж минь хотод ирээд Улаанхуарангийн тоосгоны үйлдвэрт тэр үеийн нэрлэдгээр “баюунд” нормочингоор ажилладаг байлаа. Шатаах зууханд маш хүнд нойтон түйпуу өрж, шатаасан тоосгыг зөөж гаргаж өрнө. Энэ бол эмэгтэй хүнд ахадсан ажил байсан. Гэхдээ л хүүхдүүдийнхөө төлөө чадах бүхнээ хийж байжээ. Хичээл тармагч зургаан эрчүүд ээжийн ажил дээр цугларч, өөр, өөрсдийн тоосго зөөдөг үүргэвчээ үүрч, ээжийн нормийг тэр дор нь гүйцээнэ. Энэ бүхний дараа бид өөр, өөрсдийн “тоглох, наадах” гээд хүүхэд насны ажилаа эхэлнэ. Тэр хүүхдүүд дотор ирээдүйн төрөл мэргэжлийн цэргийн олон хурандаа нар, хотын дарга нар цүнхээрээ хаалга хийчихээд хөл бөмбөг тоглож өссөн.
Арван жилийн тэр жилүүдэд ээжийн минь толгойд цагаан үс үзэгдэх болж, зуун ширхэг үс түүвэл “морожин” авч өгнө. Тэр хөлсний хөдөлмөрийг их хийсэндээ.
Идэр нас хүрч ирлээ. Амжилтад хүрэх болгонд бүхнээс түрүүн ээжий минь баярлана. Цэргийн сургуульд суралцаж, Сүхбаатарын нэрэмжит цалинтан болов. Бүх хангалтыг улсаас өгдөг цэргийн сургуульд нэрэмжит цалин нь тэр үедээ өндөр цалин байлаа. Хамгийн эхний цалингаа аваад дээжээс нь ээждээ дуртай баавгайтай чихэр, аавдаа шил архи, тус бүр 25 төг дагалдуулж өгч, курсын дарга Батсүх \Пяткад\ нижгээд шил архи, үлдсэн мөнгөөр тамхи, чихэр, боов авч майхан цуванд дээр асгаад курсынханы дунд тавьж, тэмдэглэж билээ.
Тэгэхэд Ээж, аав хоёр минь ихэд баярлаж билээ. Миний амьдрал цаг хугацааны хэмжүүр болсон “цаг”-ан шагнал дагаастай, түүнээс ээж минь ямагт адис авна. Цэргийн сургууль төгсөхөд Батлан хамгаалахын сайдын, ОХУ-д удирдлагын академи, Москвагийн нийгэм эдийн засгийн их сургуулийн захирлын, АНУ, ХБНГУ-д сургуулийн дурсгалын цаг дагаастай. Гол нь би онц сурахын төлөө биш, монгол гэдэг эрхэм нэрийг бусдын өмнө “ихэмсэг” байлгахын төлөө тэмцэж явсан.
Хүүхдүүд томорч гэр бүл болон салаалав. Эрчүүд нь хот хооронд тээврийн жолооч болж, эмэгтэйчүүд нь улаанхуарангийн сүүний үйлдвэрт ажлын гараагаа эхлэв. Хүн бүхэн ажилтай байж, өөр, өөрийн амьдралаа авч явсан тэр жилүүд жаргалтай байжээ.
Ээжийн минь 49-ний жил том ах минь геологийн авто баазад жолоочоор ажиллаж байхдаа судалгааны ажлаар янз бүрийн бэрх, бартаад замаар аялж яваад осолдож, нэг геологч нас барсан хэрэгт оров. Ерөөс хэдхэн хоногийн дотор ээжийн минь үс цав цагаан болж билээ. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө юутай их санаа зовж, сэтгэл нь ямар их хямардагийг тэгэхэд мэдэрч билээ. Түүнээс хойш ээж минь цав цагаан үстэй болсон юм.
Оюутан байхдаа аав, ээж хоёроо дагуулан оросын сибирээр нэгэн зуны турш аялж, Москваг үзүүлэв. Тэр л миний ээж, аавдаа зориулсан, хамтдаа удаан аялсан, цаг хугацаа байжээ.
ҮАБЗ-ийн ажлын албаны анхны даргаар томилогдоход хамгийн их баярласан хүн бол аав, ээж хоёр минь байлаа. Аавын минь нүдэндээ нулимас цийлэгнүүлэн үнсэж, ээж минь тос шаргалтсан хийцтэй цайгаар дайлж тэрүүхэн хавьдаа бөөн баяр болж өнгөрсөн. Төрд ажилласны баярт мөчийн нэг нь энэ байлаа.
Өндөр настай болсон ээж минь өдөржин мэдээ үзэж, улс орны аюулгүй байдлын холбоотой мэдээллийг сонсож, гол, гол санаа зовоож буй асуудлуудыг намайг ирэхэд танилцуулна. Миний хийж буй ажилд санаа их зовж байгаагийн илэрхийлэл болов уу. Сэтгэлийг нь амраахын тул бүгдийг нь сонсоно. Ээжийн минь цээжлэх ой ухаан гайхалтай шүү. Хэдий миний мэдсэн мэдээлэл байдагч ээжийн ярих зүйлд олон түмний санаа бодол нэвт шингэсэн байдаг байлаа.
Улсад 30 жил зүтгэсэн хөдөлмөрийг төр нь үнэлж, одон, медаль чамгүй л хүртсэн. Авах, авахдаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Улсын их хурлын дарга Энэбиш нартай хамт, төрийн ёслолын танхимд ёс төртэй авч байсан билээ. Ажил, их хөдөлмөрийн үр дүнг төр нь үнэллээ гээд бодож явсан шагналыг өмнөд солонгост олон жил ажиллаж, мөнгө хийсэн нөхөр, насаараа жолооны курсын захирал хийсэн “он жав”-ууд мөнгөөр аваад зүүсэн, түүнээс хойш миний хувьд шагнал нь үнэ цэнэгүй болж, цээжинд зүүх чимэг, бусдад өөрийгөө харуулах “аархал” болж хувирсаныг мэдрэв. Тэгээд ч зүүдэггүй юм. Авсан шагналаа аав, ээждээ үзүүлж, үнсүүлэх хүртэлээ л зүүдэг байлаа. Шагналтай гээд хүн магтсангүй, шагналгүй гээд хүн муулсангүй.
Намайг ажилгүй болгосон дарга нартаа баярладаг юм. Тэд жирийн малчины хүүхдэд гарын “шүүсээ” амтлуулсан л даа. Тэдний ачаар ээж, аав хоёрыгоо хорвоог орхиход, би тэднийгээ амьсгал хураахад нь дэргэд нь байж чадсан юм.
Хүн дандаа л хамт байх юм шиг бодсоор насыг өнгөөрнө. Ээж минь ухаан алдаж, бид, бүх үр хүүхэд нь цугларсан байлаа. Ээж минь унтаж байгаа юм шиг хэвтэнэ, амаараа амьсгална. Хэл нь амьсгалыг нь түгжих гэж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрнө. Ээжийн судасыг тэмтэрч цохилтыг нь мэдрэх гэж оролдов. Насаараа эмч хийсэн бэр бидэнд одоо найдах хэрэггүй шүү гэж анхааруулсан байлаа. Ээж минь ухаан орохдоо аав, бид хоёрыг дуудав. Ээждээ үнсүүлчихээд аавтай хоёуланг өрөөнд үлдээгээд би өрөөнөөс хурдан гарсан юм. Энэ бол ээжтэйгээ уулзсан сүүлчийн уулзалт байлаа. Төдөлгүй ээж минь ухаан алдав. Бид өрөөнд орлоо. Тэгээд хэд, хэд хүчтэй амьсгалсанаа, урт гээчийн амьсгал аваад тэнгэрийн орныг зорисон.
Үүрд мартахгүй гэх л юм. Үнэндээ жирийн амьдралд бол үр хүүхдүүдээс өөр дурсах хүн байдаг юм уу. Алдар нэр, гавьяа шагнал цаг үедээ амьдарч, цаг үедээ дуурсагдан өнгөрөх ажээ. Хэдэн арван жил өнгөрөхөд ихэнх зүйл мартагдана.
Ээж минь тэнгэрийн орон зориход түүнрүү өдөр болгон хөтөлдөг байсан харгүй зам хаагдаж, аагтай, шар тостой сүүтэй цай, боорцогоо аваад явсандаа. Орчин цаг түүний үргэлжлэл байж чадсангүй.
Миний зовлонт мөч аав, ээж хоёр минь тэнгэрт зорьсоны дараа тохиосон билээ. Түүндээ баярлаж явдаг юм. Малчны хүүхэд намайг хэн хамгаалах вэ дэ. Өөрөө, өөрийгөө л хамгаална. Төрийн нууц задруулсан хэргээр хоёр ч удаа эрүүгийн хэрэг нээж баривчлагдаж, хоригдож байхдаа, аав, ээжээ зовоогоогүйдээ баярлаж явдаг юм. Орчин цагт монголд над шиг тусгай байгуулагаар дахин, дахин шалгагдсан хүн ховор байх аа. Энэ бүхэн бол төрдөө үнэнч шударга зүтгэсний төлөө “шагнал” юм.
Номын өргөөнд суудаг ажлын ширээний дэргэд хүн анзаарахгүй газарт аав, ээжийн зураг бий. Тэд үргэлж надтай хамт байдаг гэж боддог шүү.
Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/