Цаг хугацаа нисэх мэт хурдан өнгөрч, нэг л мэдэхэд намар болчихсон байна. Манай сайт, цахим хуудсанд Улаач нар, шүтлэгтэнгүүд цөөнгүй асуудал хөндөж, манай эвлэлд ханджээ. Нөхцөл байдал асар хурдтай өөрчлөгдөж байна.
Гадаад хүчин зүйлийн талаар товч дурдья.


Ерээд онд ардчилсан өөрчлөлт Монгол Улсад хийгдэж, улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан хувьсгал өрнөсөн билээ. Социализм, коммунизмын онол нуран унаж, шашингүйн үзэл хүмүүсийн толгойноос арчигдаж эхлэв. Монголын нийгмийн оюун санаанд асар их орон зай бий болов. Тэрхүү үүссэн орон зайг эзлэхээр дэлхийн шашины янз бүрийн урсгал Монгол оронд нэвтэрч эхлэв.
Олон зуун жилийн түүх, асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний эдийн засгийн туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, хаана яаж ажиллахаа мэддэг, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан 36 шашины урсгал сүүлийн 20 гаруй жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ.
Өнөөдөр Монголд Иссусын 400 гаруй сүм, Бурханы 350 хийд, 60 гаруй лалын мечид ажиллаж байна. Хамгийн орчин үеийн технологи ашиглан баригдсан, нэг сүмийг барьсан хөрөнгийн хэмжээ нь сая долларт хүрэхээр Иссусын олон сүмийг нэрлэж болохоор байна. Тэд Монгол даяар салбараа байгуулж, удирдагч нараа тусгайлан цалинжуулж байна.
Хэдэн сая америк долларын хөрөнгө зарцуулсан Бурханы хийд цогцолборууд олон аймагт сүндэрлэж, Бурханы академик сургалт явагдах томоохон Азийн төв, түүнийг тойрсон суурин амьдрал цэцэглэх тийм цогцолбор байгуулагдаж байгаа. Бурханы лам нар төсөвөөс санхүүжилт авч ажилладаг. Өнгөрсөн жил улсын төсвийн санхүүжилтийг 30 хувиар хумисан тухай гомдоллож байна лээ.
Бараг 20 гаруй хувилгаадыг “хилийн чанад”-аас тодруулж, сум болгонд бурханы хийд байгуулах шийд гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажилд эрчимтэй орж байна. Баярлах юм гэвэл тэр бүх хувилгаадыг монголоос тодруулсан явдал. Сүүлийн жилүүдэд Монголд бурханы шашины нөлөө эрс буурч байна. Түүнийг ч “Хилийн чанадад” тооцож байна.
Одоо бид өөрсдийн байдлаа тодотгоё.
Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ. Харийн бодлогын нөлөөгөөр түүнээсээ бараг салах шахсан.
1990 онд Монгол хүмүүсийн 1 хувь хүрэхтэй үгүй нь Мөнх тэнгэрээ шүтдэг хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Энэ тоо бидэнд ухрах газар байхгүйг сануулсан эцсийн хязгаар байсан юм. Манай тэнгэрийн Улаач нарын зүтгэлээр Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр насанд хүрсэн хүн амын 12-14 хувьд хүрчээ. Хорь гаруй жилийн туршид тэнгэрийн Улаач нарын түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Магтаал хожимдохгүй учраас ингээд зогсоё.
Мөнх тэнгэрийн үзлийг дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн Бөө нарын тоог хэвлэлд 10-15 мянга хэмээн бичжээ. Тэр олон бөө нарын тухай одоо ярилцья.
Нэгэн зуны улиралд бөө болгож байгаа хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нэгэн чанар дээр, нэгэн багш нэгэн овоог тойрон нэгэн өдөр, цагт 40-200 хүнийг бөө болгон “үйлдвэрлэж” байна. Тэдний хэд нь “онгод”-тойгоо золгож, хэд нь өөр бусад зүйлтэй “учирч” байгаа бол. Ямар юмтай учраад байгаагаа мэдэхгүй олон зуун иргэд байна. Хүн бүхний цаана тэдний хувь заяа, гэр бүл, эцэг эх, найз нөхөд байгаа. Нэг хүний хувь заяаг хөндөнө гэдэг цаана байгаа олон зүйлд нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Багш хүн шавь авна гэдэг тэдний хувь заяаг есөн үеэр нь хариуцна гэсэн бөөгийн бичигдээгүй хууль бий. Тэгвэл нэг багш 100, 200, 500, мянган шавьтай болж байгаа үзэгдлийг юу гэж ойлгох вэ. Тэнгэрийн “хуулийг” хэн зөрчинө вэ. Үнэнийг худлаар далдлах аргагүй.
Жилд хэдэн мянгаар Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн эгнээ тэлж байгаад баярлаж байна. Түүнийг дагаад бий болсон “эвгүй” нөхцөл байдлыг яалтай билээ.
Манай сайтад тавиад байгаа асуултад хариулах зорилгоор олон зүйлийг ил тод тавихад хүрлээ. МБНЭ-д хандсан төрийн болон хувь хүмүүсээс ирсэн баримтуудаас цөөхөн хэдийг дурдая.
Өвөрхангай аймагт бөө нэртэй хоёр зайран угаалга хийх нэрээр нэгэн иргэнийг улайссан чулуунд түлж алжээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Б гэгч Н гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлэн түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ.
Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ.
Зайран Д гэгч Иргэн Б-гэдэг эмэгтэйг угаалга үйлдэх нэрээр бүх биеийг нь түлж, 35 настай бүсгүйг 50 гарсан хүн шиг царай зүстэй болгож, нүцгэн шалдан байвал шарх нь тогтонги болдог, хувцас өмсөхөөр биеэр нь шарх нэмэгддэг болгож, гэртээ байхаас өөрөөр байх аргагүй болгож, насан туршийн тахир дутуу болгожээ.
Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд зайран М гэгч «Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай» хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Дараа нь иргэн Б-ийн машинд тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ.
Эрдэнэт аймагт нэгэн зайран шавиа болгоно гэж олон хоног нэгэн бүсгүйг зочид буудалд хүчээр байлгаж, шөнө нь “эдэлж” байжээ.
Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалсан хэрэг гарч байв.
Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 17 настай Х гэдэг охин удган болж дүвчигнэн хүүхэд зоджээ. Хохирогч болох 14 настай Е-н мэдүүлсэнээр “удган” охин тэднийг сөхрүүлж суулгаад эрхээрээ толгой тархигүй ороолгон, санаанд оромгүй үйлдэл хийж, хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд хүүхдүүд бүүр ч ихээр айжээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэл сэтгэл санааны хүнд цочролд орж нэг нь одоог хүртэл унтаж чадахгүй, шөнө хашгирч сэрдэг болжээ.
Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн алтан зүүлт, бөгж, ээмгийг гайтсан хэмээн авч шууд залгидаг удганы талаар гомдол ирэв. Арга нь нарийн байгаа биз.
Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэжээ. Нэгэн удган захаар явсаны дараа “хулгайч онгод” ороод энэ бүхнийг хулгайлж авчихлаа гэж сайрхан тайлбарлаж байх юм.
Дуудсан цагт ирсэнгүй гэж шавийнхаа нурууг эрээн алаг болтол нь ороолгож, насан туршийн сорвитой болгосон Зайран Л-ийн яргалалыг тэр залуу насан туршдаа мартахгүй.
Зан үйл хийлгэхээр ирсэн Б,Т нарыг үзэж бөөлсөн зайран Д гэгч унаж явсан эксел машин, авгайгийнх нь зүүсэн алтан эдлэлүүдийг гай, барцадыг нь арилгасан нэрээр авчээ.
Шоронгоос дөнгөж гарсан В гэгч энд тэнд хаясан бөөгийн хуяг дуулгыг өмсөж, хөдөөнөөс хотод орж ирсэн айлд бөөлж, өдөр бүр нэг хонь, 10 ширхэг архиар засал хийж дөвчигнөж, долоо хоног наргисан байх юм.
Зайран П гэгч эхнэр нөхөр хоёрыг ирж үзүүлэхэд нь нөхрөөр нь үүдийг нь мануулж, авгайг нь бузартсан байна, ариутгана хэмэн “секст”-сэн байх юм. Тэгээд дахин дахин ир хэмээн айлтгажээ. Арай дэндэнэ ээ.
Төв аймгийн Баян-Өнжүүл суманд малчин Т нь арын овоонд хэдэн бөө ирсэнийг хараад сүсэглэн очиход нь угтай байна, морь чинь хурдтай болж давхина хэмээн Бөө болгож, “онигоо” үйлдвэрлэжээ. Хүний сүшиг бишрэлээр ингэж тоглож болохгүй.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Мөнх тэнгэрт хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь байдаг.
Сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэх мэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж.
Нэгэн айлын гурван охин нүдээ бүлтэгнүүлэн айдас, хүйдсээр биднаас аврал ирж хандав. Учир нь долоо хонгийн дотор хэн нэг нь сахиусаа авахгүй бол тэдний нэг нь үхэх болсоныг нэгэн удган айлджээ. Ийм тохиолдол хэдэн зуугаар тоологдож байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болжээ. Мотоциклтой явж байгаад ойчиж хөлөө гэмтээсэн нэгнийг сахиус чинь дууджээ хэмээн айлдсан байх юм. Сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй. Энэ бүхнийг дурьдахдаа тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа хэлж байгаа юм биш. Тэдний дотор бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ¬лж байгааг уншигч олон анзаарч байгаа биз ээ.
Саяхан МБНЭ-д иргэн “С” хандаж “Б” гэдэг нэгэн бөөгийн тухай гомдолоо мэдэгдсэн. Удган Б нь түүнийг үзэнгүүт шүтээнтэй байна гээд шууд дагуулж зах дээр очоод хуяг дуулга, хэнгэрэг авахуулаад хашаандаа хуяглаж, хоёр өдөр хэнгэрэг нүдүүлж, одоо ингээд бөө болсон гэжээ. Энэ бүхэн гурван өдрийн дотор болж өргөрчээ. Тэгээд хөлсөнд нь 700 мянган төгрөг авчээ. “С” юу ч орохгүй байна шүү дээ гэхэд нөхөр нь гудамжид чирж гаргаад хөөсөн гэж байгаа. Шуурхай байгаа биз.
Хүний сайхан сэтгэлээр дөрөөлж, мөнгө зээлдэж авдаг, өгөхөө болохоор урдаас нь хараал хийнэ гэж айлгадаг. Хүний мөнгө төгрөгийг авч луйвардсан жишээ олныг дурьдаж болно. Ийм хохирогчид МБНЭ-ээр өдөр бүр ирдэг. Ийм байдал нь ёс жаягаараа яваа бөө хүнийг өөрөөрөө бахархах нэр төргүй болгож байна.
Бөөгийн нэр хүндийг шившигийн намагт унагасан ийм нөхөд хэдэн зуугаар тоологдон яригдаж байхад бид хоорондоо шийдэх чадах зүйлийн талаар маргаж цаг алдаж байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ. Яаж ажиллах вэ. Энэ бүхэн Монгол бөөгийн хөгжлийг зөв голдрилоор хөгжүүлэх тухай асуудал юм. Тиймээс өнөөдөр тэнгэрийн улаач бүр анхаарах ёстой асуудал болж байна.
Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн, Ш.Сүхбат “Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ.
Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Энэ онд хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол... биднээс илvv айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залууханаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэжээ. Б.Галаарид “Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?” хэмээн бичжээ. Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан энэ мэт хүмүүсийг бөөгийн ертөнцөөс арчих хэрэгтэй гэж нэгэн залуухан удган хэлж байхтай таарав. Бид өнгөрсөн үеийн бүтээсэн суурь дээрээ дөрөөлж ирээдүйгээ бүтээж босгоно гэдгийг мартах учиргүй.
Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ тоо 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас тооцоолжээ. Мөн тус байгууллагын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэрэгээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон шашны энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган нэг сая 500 мянгаас таван сая хүртэлх төгрөгөөр “бөө болгож” өгдөг болжээ. Онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгэн ийм хэргэмийг хүртсэнээр нийгмээс тусгаарлагдаж, өөрчлөлтдөө дасахгүйн улмаас сэтгэцийн хүндрэлтэй асуудалтай нүүр тулдаг аж. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бичжээ. Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон 20-иод хүн бүртгэгдсэн тухай ч мэдээлэв. “Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдагаар номын цагаан солио буюу мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн” хэмээн тэрбээр хэлсэн юм.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 80 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, өөрсдөдөө янз бүрийн батламжлагдаагүй цол олгосон хэдэн мянган бөө нар байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна.
Төрийн гэдэг үгийг хуулиар төр л эзэмшдэг. Монгол төрөөс олгоогүй “Төрийн зайран, удган”-ы тоо 20 дөхжээ. Энэ цолыг нэг хүний хувийн шийдвэрээр олгодог. “Төрийн зайран, удган” цолыг олон арван жил зүүж, монгол бөөд нэрээ мөнхөлсөн тэднээс үлдсэн амьдралаа монгол бөөгийнхөө төлөө жинхэнэ утгаар зориулж, хамтран ажиллахыг уриалж байна.
Түүгээр зогсохгүй нийгмийн нөхцөл байдлыг тун соргогоор тусгасан “Ард түмний баатар”, ард түмний гавьяат” цол бий болгожээ. Түүнийг тэр нөхөр л олгож байна. Сүүлийн 20 жилд бий болгосон “Мөнх тэнгэрийн удган, зайран” цол, дуртай хүндээ өгч байдаг бөөгийн докторын цол, Онцгой чадамжийн гэрчилгээ, бөөгийн үйл ажиллагаа явуулах хоёр жилийн хугацаатай “тусгай зөвшөөрлийн лиценз” зэрэг цолнууд нийтэд тараагдсан байна. Тэр байтугай Дэлхийн бөөгийн сангийн нэр барьсан “доктор”-ын дипломыг “худалдсан” гэж байгаа юм. Дэлхийн бөөгийн сантай хамтран энэхүү үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоолоо. Тэгээгүй бол олон хүн энэ хуурамч “диплом”-д мөнгөө үрэх байлаа. Тэглээ гээд хариуд нь зогсоолд тавьсан автомашиныг Том жип машинаар олны нүдэн дээр зориуд мөргөж хэмхэлчихээд, замын цагдаатай нийлээд өнөөдөр хүртэл хохиролыг барагдуулахгүй явна. Иргэдийг хохироогоод “мунадаг” байгаа юм биш үү.
Энэ олон замбараагүй олгосон цолонд олон түмэн толгой нь эргэж, чухам аль шийдвэрийг нь өнөөдөр шүтлэгтэн олон баримтлах ёстой болж байна. Төрийн үйлчилгээний байгууллага, тухайлбал боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллагад бөөгийн байгууллага, бөө хүнийг тодотгох стандарт, шалгуур үзүүлэлтийг тогтоож чадахгүй. Бөөг төр хууль гарган шийтгэж байсан болохоос биш бөөг төрийн байгууллага цэгцлэнэ гэж байхгүй. Төр төмөр нударгаа хуулийн хүрээнд л харуулна шүү дээ. Тийм байдалд оруулахгүйн тулд бид хийж чадах зүйлээ өөрсдөө цэгцлэх ёстой.
МБНЭ байгуулагдаад хоёр жил өнгөрөөд байна. Одоо МБНЭ-д бөөгийн ная орчим байгууллага нэгдэж, нэг мянга орчим гишүүнтэй, 19 аймагт бөөгийн хүрээлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. МБНЭ-ийн Дээд хуралдайгаас байгуулсан 160 орчим гишүүнтэй бага хуралдай, түүнээс байгуулсан Дээд цэцийн зөвлөл байна.
МБНЭ-ийн бага хуралдай, Дээд цэцийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Монгол бөөгийн ёс зүй” баримтыг батлан гаргаж мөрдөж байна.
Дараа нь Монгол бөөгөө уламжлалт зан үйлээр нь авч яваа “тэнгэрийн улаач” нараа тодруулан “Монгол бөөгийн цол” олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь дээр дурьдсан бөөд үүссэн олон зүйлийг зөв гольдролоор шийдэх гэсэн хамтын шийдвэр, бодлого юм. Энэ шийдвэр шүтлэгтэн олонд Монголд байгаа энэ олон мянган бөө нарын хэнд нь итгэх вэ гэдэгт хариултыг өгөхийг эрмэлзэж байгаа хэрэг юм. Бөөгийн олон байгууллагын хүлээн зөвшөөрсөн, Монгол бөөгийн ёс зүй, цолны шалгуур үзүүлэлтийг хангасан “улаач”-ийг МБНЭ-ийн шат, шатанд шалгаруулан сонгосон Дээд цэцийн гишүүдийн олон талаас нь харж, шинжиж, ярилцаж, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол бөөгийн цолыг олгож байна. Үүнээс өөр зам одоохондоо олж харахгүй байна. Тэрнээс биш Жаргалсайхан гэдэг хүн энэ цолыг ганцаар дур мэдэн олгоод байгаа хэрэг биш юм. Өөрийгөө Монгол бөөгийн уламжлалаа зөв авч яваагаа МБНЭ-д шалгуулах нь жинхэнэ бөө хүнд эгэл жирийн асуудал, улмаар монгол соёлын биет бус өвийг хамгаалж яваагаа төрдөө бүртгүүлж байгаа давхар үйл юм. Харин МБНЭ-д шалгуулах нь хуурамч бөө нарт бол асуудалтай, хүнд сорилт байх болно.
Шүтлэгтэн олон “Цэрэн Бөө”-гийн бичээд байгаа шиг “тэнгэрийн хуралдайгаар хуралдаж” хэнд нь цол хэргэм олгоод байгааг мэдэх боломжгүй. Бас жинхэнэ хуурамч бөөг ялгахад бэрхтэй. Өнөө цагт чанар, агуулгыг нь тоон үзүүлэлт, хэлбэр нь дарж “алчихаад” байна шүү дээ.
Сайтын нэгэн мэдээний дор “Цэрэн Бөө-хэдэн төгрөгөөр авсан болоо” гэсэн түүний бичсэн ганц өгүүлбэр түүнийг бүхнийг зоосны нүхээр хэмждэг, бодит үнэнийг ялгах “онгод” үгүй нь харагдаж байна. Бас ч үгүй дээр дурьдсан “бөө”-г үйлдвэрлэдэг багш нарын нэг ч юм уу гэх хардах сэтгэлийг төрүүлэв. “Цэрэн Бөө” хэдэн өгүүлбэр тэрлээд шүүмжлэх, майханд танилцуулга тарааж яваа ажилтныг үгээр биднийг “шодох” биш, харин бөөд үүссэн дээрх гажуудалыг засахад биечлэн оролцохыг урьж байна. Та дээр дурьдсан бэрхшээлтэй тулж үзсэн үү. Бид өдөр бүр тулж байна.
МБНЭ нь жилдээ хоёр томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эхнийх нь 6 дугаар сарын 22-ны хийсэн нарны нэгдсэн залбирал юм. Энэ жил бид нарны тахилга хийгээгүй. Харин нарны нэгдсэн залбирал хийсэн. Дараа жилээс энэ өдөр Хүй долоон хутагт нэгдсэн залбирал хийхийн зэрэгцээ бөөгийн байгууллагууд өөрсдийгөө бие даан сурталчлах ажлуудыг хийх болно. Шилдэг бөөгийн байгууллагаа шалгаруулах болно. Тэгэхээр та бүхэн Монгол бөөгийн өнөөгийн хөгжлийн цар хүрээг харах боломж бүрдэнэ.
Жил буриын 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол туургатан баатруудын хүндэтгэлийн цогцолборт хөшөө нэмж байрлуулах ажиллагааг хийж байх болно.
Монгол бөө төрдөө хүндлэгдэж явсан цаг үе бий. Бид, Монголчууд Мөнх тэнгэрээ шүтдэг байсан цаг үеэ дурсах биш, сэргээх цаг үе ирж байна. Бид үүнийг хийж чадна.
Жилдээ Нэгдсэн Их тахилгыг 2-3 удаа хийнэ. МБНЭ нь зөвлөлдөх хамтын удирдлагын байгууллагын хувьд Нэгдсэн тахилгыг хэн удирдах, хэрхэн зохион байгуулах асуудлаар хэлэлцэж, байгууллагынхаа хүрээнд нэгдсэн шийдэл гаргадаг юм. Үүнийг зарим хүмүүс буруу ойлгоод байгаа нь асуултаас харагдаж байна.
Эцэст нь нэг зүйлийг дурдая. МБНЭ-ээс явуулж байгаа үйл ажиллагаа нь шавь нараасаа мөнгө хуримтлуулж санхүүждэг бөөгийн багш нарын эрх ашгийг хөндөх болсон. Тиймээс шавь нараа цуглуулан, МБНЭ-д гишүүнээр элссэн шавь нарын “араас” нь жатга шидэх, шавь нартаа МБНЭ гэж “аймшиг” байдаг мэт буруу ойлголт өгөх, нэгдсэн тахилга, тайлгын нэрээр шавь нараасаа мөнгө татах, тэгсэн мөртлөө тахилгадаа оролцолгүй хувьдаа зарцуулах, МБНЭ-ийн нэрээр уулзах гэж ирсэн олныг өөрийн нэр дээр цуглуулан хувийн нэр хүндээ бэхжүүлэхэд ашиглах зэрэг зохисгүй үйлдэл гарч байна.
Гаднаас ирж буй оюуны салбарт дахь энэ их хүчирхэг довтолгоон, түрэмгийлэл, дотоодод болж байгаа бөөгийн нэрийг шаварт хутгагчид биднийг эвлэрэн нэгдэж ажиллахаас өөр замгүйг харуулж байна. Сүүлийн үед МБНЭ-ийн гишүүдийн дунд элдэв хов тарааж, дунд нь хутган үймүүлэх, зарим хүмүүсийн нэр төрийг олны дотор зориудаар гутаан доромжлох, өнгөрсөн үеийг авч явж ирсэн хүмүүсийнхээ түүхийг харлуулах зэрэг эв нэгдлийг сэвтээх гэсэн оролдлого гарч байна. Цаг хугацааны хүнд сорилтыг туулж яваа энэ цаг үед ийм үйлдлийг хийгчдэд МБНЭ-д орон зай байх ёсгүй. Бид эв нэгдэлээ хамгаалахад хатуу сахилга хэрэгтэй. Бусдын идэш болохгүй нь тулд бидэнд эв нэгдэл юу юунаас илүү чухал хэрэгтэй байна.
Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай

Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/