Уншиж байна...

Би аливаа нэг түрэмгийлэл дайныг магтан дуулахыг хүсэхгүй байна. Хаад ноёдын шийдвэр хэрэгжүүлэгч нь эгэл жирийн ард олон байдаг. Одоо ч энэ байдал хэвээр байна. Төр улс шийдвэрээ гаргахад түүнийг хэрэгжүүлэх үүрэг нь эгэл жириин ард олон баатруудын нуруун дээр ирдэг. Тиймээс Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлэх гэж яваад алтан амиа зориулсан эгэл жирийн баатруудынхаа гэгээн алдарыг дуурсах үүднээс энэхүү баатруудынхаа харийн нутагт нойрссон газраас хүндэтгэл үзүүлж, сүнсийг нь шингээж шүншиглэсэн шороог эх нутагт нь залж авчирч байрлууллаа. Олон зуун жил тэдний хүссэн хүлээсэн хүслийг нь биелүүлж эх нутагт нь тэднийг авчрах хүндтэй үүргийг Монгол бөө нар гүйцэтгэлээ. Эх орон, ард түмэн, хойч залуу үе хэрхэн хүндэтгэхийг цаг хугацаа харуулна. Эх орон, төрийнхөө даалгаварыг биелүүлэх гэж яваад харийн нутагт ясаа тависан тэдний буруу гэж байхгүй.


Хубилай 1260 онд Юань гүрний хаан сууринд өргөмжлөгдөөд даруй зургаан жил өнгөрөөд байхад Японы хаанаас Хубилай хаанд элч зарж хүндэтгэл үзүүлсэнгүй. Бэлэг дурсгал ч илгээсэнгүй. Гэтэл Хубилайгаас өмнөх Хятадын хаадтай Японы хаад байнгын харилцаатай байдаг байжээ. Үүнийг Хубилай хаанаас японы ванд илгээсэн анхны Жуу бичиг нотолж байна. Хубилай хаан нарийн учир шалтгааны улмаас анхныхаа Жуу бичгийг Японы ванд 1266 онд буюу "Их Монгол улс байгуулагдсаны 60 жилийн ой"-оор явуулсан нь учиртай бизээ. Тэр үед тэнгис далайгаар тойрон хүрээлэгдсэн Япон улс нь дөрвөн зууны туршид Хятадын эх газраас тусгаарлагдаж, Хятадтай харилцах соёлын болон худалдаа наймааны аливаа харилцаагаа бараг бүхэлд нь таслагдсан байжээ.
Тиймээс Хубилайн хувьд Японыг эзэлж хараат болгоно гэхээсээ илүү хятадуудын дунд нэр хүндээ өсгөх гэсэн зорилгын үүднээс энэхүү тэнгисийн аян дайныг хийхээр Хубилай хаан шийдсэн гэсэн түүхчдийн таамгийн би дэмжддэг. Энэ үеийг хүртэл монголчууд хэзээ ч тэнгис далайд тулалдаж байсангүй. Солонгосчууд япончуудад угийн дургүй ч монголчуудын төлөвлөсөн шиг Японыг ноёлох явдалд зууч болохыг хүсэхгүй байжээ.
Хубилай хаан 1266 оны намар, Хятадад шинэ эзэнт гүрэн тогтсон тухай хэл хүргэж, эзэн хаанд алба гувчуур төлсүгэй хэмээн Японд анхныхаа элчийг зарав. Тэнгис далайг гатлахад туслагтун хэмээн солонгосчуудад зарлиг буулгав. Арга буюу Хубилай хааны элчүүдийг хүлээж авсан солонгосчууд Японы арлуудыг тойрон хүрээлэх тэнгис далайн догшин давалгаа, аймшигт шуургын тухай дүрслэн ярьж, тэднийг айлгаад эл явдлаас нь буцаахаар чармайв. Хубилайн элч нар Японд очих аюутай тухай солонгосчуудын хэлж ярьсныг сонсоод зүрхшээн мохож хятад руу эргэж яаралтай буцав. Эл үйлдэлд Хубилай хаан уурсан хилэгнэв. Мөн солонгосчуудыг итгэх аргагүй хэмээн үзэв. Тийнхүү туслахаас татгалзаад зогсохгүй элч нарыг ятгаж Японд хүрэхэд саад боллоо хэмээн "харъяат" улсыг донгодон анхааруулсан жуу бичгийг 1267 оны зун бичиж Солонгосын хааны ордонд хүргүүлжээ.
Ахин элч зарахаар шийдэн үүнд солонгосчуудын зүгээс ямар нэг түвэг учруулахыг тэсвэрлэхгүйгээ мэдэгдэв. 1268 онд дахин элч мордуулжээ. Энэ удаад солонгосчууд хамтрахаас өөр аргагүй болов. Япон үндэстэн өөрийн хаан ор суусныг зарлан тунхаглаж, өөрт нь элч төлөөлөгч илгээж, алба гувчуур өргөн барих болсныг мэдүүлсүгэй хэмээн Хубилай хаан Монголын элч нарыг тэргүүлэх Ёслолын яам, Цэргийн яамны хоёр түшмэлд зарлиг буулгав. Япончууд Хубилай хааны элчүүдийг найртай хүлээж авсангүй. Тэр үед Киото дахь Японы хааны ордон ямар ч хүч чадалгүй, бодит байдал дээрээ засгийн эрх мэдэл Камакура төвтэй цэргийн засаг болох Бакуфугийн гарт орсон байжээ. Бакуфугийн дотроос Шоогуны Шадар Туслах Хожо Токимунэ хамгийн нөлөө бүхий хүн байсан учир монголчуудыг хүлээн зөвшөөрөх өчүүхэн ч бодолгүй байв. Самурай ангийнхны хүч чадал, Японы арлуудын эх газраас тасархай орших байрлал, хүрч болшгүй байдал зэргийг харгалзан үзээд тэрбээр өмнө нь Шадар туслах байсан Хожо Масамурагийн хамт Монголын элч нарын саналаас эрс татгалзав.
Японы хааныг "жижиг улсын хаан" хэмээн бичсэн Хубилай хааны Жуу бичигт тохирох хариуг урьдчилан хэсэг хэлэлцээд хэдий ордны түшмэдүүд нэгэн эвлэрлийн захидал ноороглон бичээд Бакуфугаар зөвшөөрүүлэхээр хуулбарыг нь илгээсэн боловч Шоогуны Тэргүүн Туслах түүнийг нь хориглон монголчуудад Японы засгийн газраас ямарч хариу өгүүлэхгүй элчүүдийг буцаав.
Хубилай хаан эл хариуд 1271 оны эхээр өмнөхтэй адил утгатай Жуу бичиг бүхий элчүүдийг дахин илгээв. Элчүүдийг дагалдсан солонгосчууд япончуудад Монголын их цэргийн аюулын тухай сэрэмжлүүлэг сэм өгсөн ч япончууд ахиад л Монголын элч нарыг ордондоо хүлээж авахаас эрс татгалзсан юм. Иймээс элч нар буцах замдаа Японы 2 загасчинг олзлон Хятад руу авч одов.
Хубилай хаан загасчдыг хүлээн авч идээ будаагаар дайлаад тэднээс нутагтаа буцаж очоод захирагч нараасаа Хятадын эзэн хаан, Монголын эзэмшил газруудын их хааныг ёсчлон хүндэтгэл үзүүлж, алба гувчуур бүхий элч илгээ хэмээн гуй гэж шаардан дагалдах бараа бологчдоороо хамгаалуулж Солонгос хүргээд цааш Япон руу үдэж гаргуулав. Чингэж хоригдоод суллагдсан 2 загасчин Япондоо очоод сураг тасарчээ.
Хубилай хаан сая л япончуудын эл "эрээ цээргүй" занд гайхан мэгдэж, ихэд уурсан хилэгнэжээ. Монголын хаадын хаан, Хятадын эзэн хаан болохын хувьд тэрбээр харийн ямар нэг улсад доромжлуулаад байж хэрхэвч чадахгүй байсан юм. Монгол уламжлал ёсоор элч нарыг ямар ч үед зохих хэмжээнд хүлээж авах учиртай. Харин хятад уламжлал ёсоор Эзэн хааныг бүх газар нутгийн дээдийн дээд хаан хэмээн хүндлэх ёстой байлаа. Чухам энэ нь Японд өөрийнх нь элч нарыг өчүүхэн чинээ ч хүндлэн хүлээж аваагүй Хубилай хаан зүгээр хараад байж тэвчихгүй байсныг тодорхой илэрхийлж байгаа юм. Гэвч тэрбээр илүү хүчтэй, хатуу бодлого авч хэрэгжүүлэхээсээ өмнө Япон руу бас дахин нэг удаа элч зарж явуулсан байна.
Чжао Лианпи элч нарыг тэргүүлэн 1272 оны хавар замдаа гарчээ, 10-р сард Кюшю арлын зүүн эрэгт оршин Имазу хотод хөлөг онгоцныхоо зангууг буулгалаа.Японы хаан буюу вантантай уулзах шаардлага тавихад нь эрс татгалзсанд Чжао Японы хаанд Хубилайн Жуу бичигт 2 сарын дотор хариу өгөх тухай тулган шаардах бичиг өгөв. Японы хааны ордныхон монголчуудад аядуу хэрнээ тодорхой бус хариу өгөхийг хүсч байсан ч цэргийн эрхтнүүд нь аливаа буулт хийхээс татгалзаж байв. Тиймээс Камакурагийн дайчид хүчээ зузаатгаж, улмаар Хятадын элч нарыг арлаас хөөн явуулжээ. Хожим Бакуфугийн эл түрэмгий, молхи үйлдлийг "Япон дайн өдөөн зарласан"-тай адил байв хэмээн бичсэн ажээ.
Чжао Лианпи 1273 оны 6-р сард Хятадад эргэж ирж Японы газар нутаг, ёс заншил, харуул хамгаалалтынх нь тухай Хубилай хаанд илтгэн мэдээлжээ. Чжаог жудаггүй хүлээн авч, цадиггүй үдэж мордуулсан тухай Хубилай хаан сонсоод асар их гайхширчээ. Японыг эзлэхийг алгуурлан хойшлуулах тусам тэд улам бүр эрээ цээрээ алдаж байсан тул Хубилай уг хэргийг яаравчлахаас өөр аргагүй болсон байна. Япон улсын эсрэг Хубилай хааны явуулсан дайн нь Сүн улсыг байлдан эзлэх бодлогын нэг хэсэг гэж үзэж болохоор байгаа юм. Юу гэвэл, япончууд Өмнөд газар дахь Хубилайн дайснуудтай хөлтэй их худалдаа наймаа хийж байжээ. Тиймээс Японыг ялснаар хоёр дайсныхаа хооронд дахь худалдааны харилцаа холбоог таслах, улмаар Сүн улсыг доройтуулахад чухал хүчин зүйл болох байлаа.
Хубилай хаан Японыг довтлохоор нэг хэсэгтээ бэлтгэжээ. Тэрбээр Япон тэнгисийг гатлах Японы арлуудын өмнөд этгээдийг дайрч довтлох цэргүүдийг тээвэрлэх хөлөг онгоцуудыг хийхийг солонгосчуудад даалгажээ. Гурван зуун хөлөг онгоцонд тус бүр 200 цэргийг хоёр сар орчмын хоол хүнстэй, агт морьдыг нь ундны цэвэр усны хамт ачсан байв. Хубилай хааны жанжид хятадын дотоодын усанд 30-аад жилийн турш дайтсан туршлага дээрээ задгай тэнгист аялах Солонгосын цэргийн хөлөг онгоцны хөнгөн найдвартай бүтцийг нэмж, бас умард Хятадад аж ахуйн тээвэрт хэрэглэж байсан тэргэт хөлгийн дэвшилтэт аргыг сайжруулан авснаар сая Монголын Юан гүрний гэгдэх жинхэнэ далайн цэргийн флот байгуулагджээ.
1274 оны 11-р сарын эхээр 7000 орчин солонгос жолооч, сэлүүрч, үйлчлэгчээр газарчлуулан 900-аад том жижиг байлдааны усан хөлөг онгоцонд 15000 монгол, хятад, зүрчид, уг аян дайнд оролцохдоо дурамжхан байсан солонгос усан цэргүүдийг суулгаж Хаппогоос /өнөөгийн Пусан хот/ Японыг зорин хөдөлжээ.
Цюсима аралд хүрч хэдэн өдрийн ширүүн тулааны дараа тус арлыг эзлэн авчээ. Цаашлаад Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Хэрэг бишдэж эхлэж буйг ойлгож, хүчирхэг дайчин эрсээс айн бэмбэгнэсэн Япончууд цэргийн хүчээ чангатгаж эхлэв. Харин Япончуудын аз болоход 10 сарын сүүл буюу 20-ны орой далайн хүчит хар салхи дэгдэж Монголын усан флотын талаас илүүг далайн ёроолд живүүллээ. Монгол цэргийн сүр хүчээс сүнсээ зайлтал айсан Япончууд хар салхи дэгдээх хараалын ном уншиж байсантай холбоотой гэж бичиж үлдээсэн нь их байдаг. Эхний илгээсэн усан флотын тэн хагас нь далайн хар салхинд сүйрсэн тухай мэдээ авсаны дараа Хувилай хаан их сэтгэлээр унасан гэх боловч Японыг эзлэх төлөвлөгөөнөөсөө няцаахгүй байдаг. Түүний үнэнч шадарлагч туслахууд 7-н жилийн турш судалгаа хийж өмнөх усан флотоосоо илүү хүчирхэг ангийг бэлтгэжээ.
Хоёр дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Ингээд 1281 оны 6 сард Хувилай хааны 2 дахь хүчирхэг усан флот Японы Цюсима арал дээр хөл тавьсан байна. Хувилай хааны илгээсэн хоёр дахь усан флот дайралтаа Цюсима, Хиродо, Хаката (одоо Фукуока) болон Такашима арлуудаар хүчтэй хийж байжээ. Ингээд Монгол цэргийн дайралт 6-р сараас 8-р сарын хооронд тасралтгүй үргэлжилж харамсалтай нь 8-р сарын 2-нд мөн л далайн хар шуурганд өртөж гол хүчээ алдан сүйрчээ. Монгол цэргийн дайралт идэвхитэй хийгдэж байсан гэх дээрх нэр бүхий арлууд нь Японы зүүн өмнөд хэсгийн арлууд бөгөөд өөрөөр хэлбэл хар салхи судлаач эрдэмтэний хэлснээр хар салхи үүсдэг голомт бүс нутаг гэсэн үг юм. Ингээд хоёр дахь усан флот мөн л хар салхи идэвхитэй дэгддэг сарууд болох 7-11-р сар гэж үзвэл Хувилай хааны хоёр дахь усан флот 8 сард далайн хар шуурганд өртсөн байгаа юм.
Усан цэргийн Археологичдын судалгаагаар Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг.1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг. Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн.
Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот
Японы түүхчдийн бичсэнчлэн “хуйлран боссон харанхуй хар давалгаа үүр цайхын алдад намжиж, нар мандахад далайн хөх мандал хэзээд мөнхийн ийм амар амгалан мэт нам гүм цайвалзан дүнсийнэ. Хэдхэн өдрийн өмнө л далайн эргээр бүрхэн байсан том том хөлөг онгоцоос өдийд юу ч үлдсэнгүй. Тэдгээрийг далайн ёроолд живүүлснээ хэнд ч мэдэгдэхгүй хэнд ч харуулахгүй гэсэн юм шиг гэм буруугаа нуусан хүчит хар далайн давалгаа гэнэт ингэж тайвширч буй нь, барьсан их олзондоо ханаж цадсан аварга араатан амс хийн нойрсохтой адил ажээ. Гэвч мяралзан жирэлзэх торгомсог хөхөлбөр далайн мандал дээгүүр модны хэмхэрхий, хүмүүсийн эд хэрэгсэл зах хязгаар нь үл харагдам хөвөж, далайн мангас ханхаж цацан илүүдүүлэн туригсан зүйлс эргийг битүү зулсан байх нь харагдана. Салбарч хэмхэрсэн ч их бие нь засаж янзалж болохоор нүсэр том байлдааны хэдэн хөлөг онгоц эрэгт тулан зогссон байх агаад хөл дээрээ арайхийн тогтож ядсан хөхөлбөр хүрэн бор царайтай хүмүүс хуяг дуулгаа дааж ядан хуурай газарт хөл тавихын алдад бүгд элгээрээ газар тэврэн үхэдхийн унана. Махчин шувууд, цахлай гээд зүйл бүрийн жигүүртэний далавчинд тэнгэрт дүүжлээстэй нарны цацраг газарт үл тусах агаад махчин жигүүртэнүүд эргээр зулсан үхэгсдийн шарилыг үл тоон арайхан амь тавьж амжаагүй хүмүүсийн халуун цусны үнэр аван толгой дээгүүр тасралтгүй эргэлдэж, зарим нэг нь сульдаж ядарсан хүмүүсийг тоншин алдан доошилон, хүч аван хөөрөх нь тохуурах мэт санагдана” гэжээ.
Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн шалтгааныг археологийн олдвор, түүхэн баримт сэлтийг үндэслэн шинжлэх ухааны талаас нотлон харуулахыг зорьсон. Хувилай хааны хүчирхэг усан флот далайн хар салхинд сүйдсэний дараагаар түүхэн сурвалж бичгүүдэд амьд үлдсэн гэмээн тэмдэглэгдсэн Монгол цэргүүдийн хувь заяа хэрхсэн бол гэж бодохоор болдогсон бол эргүүлэн лавшируулан судалж үзмээр санагдаж байсан юм. Олон олон түүхэн баримт бичиг, зохиол туурвилаас Хувилай хааны байгуулсан хүчирхэг Юань гүрэн, Японыг эзлэхээр хоёр ч удаа оролдлого харамсалтайгаар төгссөн эмнэлэгт түүхийг бид мэдэх болсон. Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн тэнгисийн хар салхи Япончуудын хараал хийсний үр дүнд дэгдсэн үү эсвэл усан флотын далайд гарсан он цаг хугацаа, газар нь үнэхээр байгалийн аймшигт үзэгдэлтэй нэгэн мөчид таарсан азгүйтэл байв уу гэдгийг шинжлэх ухааны талаас тайлбарлахыг оролдсон Японы археологчид, түүхч эрдэмтэдийн баримт, судалгааны материалууд байдаг. Өнөөдрийг хүртэл Kamikaze /divine wind/ гэх далайн хар салхины тухай Японы ард түмний дунд яригддаг нэгэн домог бий. Японы арлыг эзлэн түрэмгийлэх атгаг санааг агуулсан басхүү ард түмнийг зовлон гасланд унагахыг оролдох гадны хар хүчээс аварч байдаг нэгэн далдын ид шид байдаг нь тэнгисийн догшин хар салхи юм.Өөрөөр хэлбэл Японы арлуудыг эзлэн түрэмгийлэхээр далай тэнгисийг гатлан ирэгч хэн бүхэн эх газарт мөр гаргах хувьгүйгээр тэнгисийн харанхуй ёроолд үүрд нойрсох болно гэсэн домог яриа юм.
Үхлийн хар салхи дэгдсэн тэрхүү цаг хугацаа нь Хувилай хааны хүчирхэг усан цэргийн флот Япон руу халдан довтолсон он цагтай давхцсан байж болох уу гэдгийг шинжлэх ухаан талаас тайлбарлахыг оролдлоо.
7 дугаар сараас 11-р сарын хооронд Ази Номхон далайн орнуудын эрэг орчмоор далайн хар салхи хамгийн ихээр идэвжиж дэгддэг болохыг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бичвэрүүдээс харж болохыг эрдэмтэн хэллээ. Үнэхээр л олон жилийн дунджаас харахад 7-11 сарын хооронд хар салхи хамгийн идэвхитэй мөнхүү далайн хар салхины хүч хамгийн өндөр байдаг нь харагдсан.
2003 оны 9-р сард Японы Такашима арлаар хүчтэй хар салхи дэгдэж байжээ.Мөн түүнчлэн Японд асар их хохиролыг авчирч байсан хүчит хар салхи болсон он дарааллыг харахад 7-11 сарын хооронд Японы зүүн өмнөд хэсгээр гол голомт нь дэгдэж баруун хойшоо таран хар салхины хүч сулардаг байна. Эндээс харахад магадгүй Хувилай хааны хоёр ч удаагийн усан флот түүхэнд хамгийн том хамгийн хүчирхэг гэж тэмдэглэгдэн үлдсэнтэйгээ адилхан хамгийн азгүйн байж болох юм.
Магадгүй энэ бүгдээс харахад Япончууд Хувилай хааны сүр хүчит флотоос айн, хар салхи дэгдээх divine wind буюу Kamikaze хар домыг хийж байсан байж болох ч шинжлэх ухаан талаас нь харахад Монголын усан цэрэгт яалт ч үгүй азгүйтэл таарсан байж болох талтай.Монголын усан цэрэг ийнхүү хар салхинд өртөж сүйрсний дараагаас Kamikaze –гийн хар домд итгэх итгэл Япончуудын дунд улам хүчээ авч өнөөдрийг хүртэл энэ үзэл нь хүчтэй хадгалагдсаар ирсэн байж болох талтай.
Японы эрдэмтэдийн 15 жилийн турш далайн тэнгисийн гүнээс олдсон, усан онгоцны 500 гаруй модон эд ангийг судалж үзэхэд олдвор дээр судалгаа хийсэн арвин туршлагад үндэслэн нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна.
Хувилай хаан хоёр дахь усан флотоо 4000 мянга гаруй хөлөг онгоц байхаар тооцож тэрхүү хөлөг онгоцуудыг нэг жилийн дотор барьж дуусгах зарлигийг шадар жанжинууддаа буулгажээ. Далай тэнгисийн байлдааны зориулалттай хөлөг онгоц бүтээхэд тухайн үедээ хөлөг онгоц хийх технологоо гайхуулж байсан дундад улсын уран дархачууд, солонгосын хөлөг онгоц хийдэг ажилчид гардан ажиллаж харин монгол жанжид зөвхөн хянан шалгах үүрэг гүйцэтгэж байв. Судалгааны багийхан улаан лакаар дурайтал бичсэн Хятад ханз үсэг бүхий хөлөг онгоцны үйрч бутарсан мод олжээ. Энэ нь Chinese inspection government /Хятадын хянан шалгах хороо гэх үү дээ/ гэсэн утга бүхий ханз байлаа.13-р зуунд тус хороо нь Дундад иргэн улсад хийсэн гол мөрний хавтгай ёроолтой завийн чанар стандартыг шалгах, хянан зохицуулах үүрэг бүхий газар байсныг түүхэн сурвалжуудад бичиж үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангасан гол мөрөнд гарч болох хөлөг онгоц дээр баталгаа болгон энэхүү тамгыг дардаг байжээ. Энэ бүхнээс харахад Хувилай хааны 4000 гаруйн хөлөг онгоцонд далай тэнгисийн хүчит давалгаанд үл тэсэх, байлдааны бус зориулалттай хөлөг онгоц байсан гэсэн үг юм. Тэнгисийн цэргийн түүхчид судлаачдын үзэж байгаагаар 13-р зууны технологоор 4000 гаруй байлдааны зориулалт бүхий, чанартай далай тэнгисийн хөлөг онгоцыг бүтээхэд дор хаяж 2-3-н жил хэрэгтэй гэнэ. Иймээс магадгүй тухайн үед Хувилай хааны жанжинууд хөлгийн тоог гүйцэхийн тулд гол мөрний хөлөг онгоцыг байлдааны зориулалтаар тоноглож флотонд нийлүүлсэн байх магадлалтай байна.
Энгийн эдгээр онгоц нь далайн хар салхины эхний хүчтэй давалгаанд нь зомгол болон үйрсэн нь дамжиггүй юм. Тэнгисийн хөлөг онгоцын бат бөх чанарын амин сүнс болсон мөнхүү тэнцвэр хадгалагч тэнхлэгийн тулгуур модыг шинжилэхэд чанарын шаардлага хангахааргүйгээр хийгдсэн байжээ. Иймээс чанаргүй угсарсан тэнхлэгтэй хөлөг онгоц болон гол мөрний зориулалттай хавтгай ёроолтой хөлөг онгоцууд хамгийн түрүүнд далайн ёроолд живэхэд хүрсэн бизээ. Аймшигт хар салхинаас амьд үлдсэн Арахаан тэргүүтэй Монгол дайчдын /зарим эх сурвалжид Монгол жанжин Арахааныг Шар тэнгисийн орчим таалал төгссөн гэдэг бол энэ баримтат кинон дээр Арахааныг тэр шуурганаас амьд үлдсэн гэж хэлж байлаа/ хувь заяа цаашид хэрхэн шийдэгдэж, тэднийг чухам ямархан хатуу ширүүн тавилан хүлээж байсныг тэнгэр мэдэх бизээ. Магадгүй энэ бүгдийн нууцыг бидэнд хэлэх баримт олдворууд ар араасаа олдох ч биз.

2003 онд Японы Нагасаки мужийн хотын Арайке тэнгисийн /Ariake sea/ эрэг орчмоос Хувилай хааны үеийн нэгэн газрын зураг олджээ. Энэхүү газрын зураг нь Японыг эзлэхээр ирсэн Монгол цэргүүдийн хэрэглэж байсан газрын зураг болох нь олон талаар батлагддаг. Газрын зураг олдсон Арайке тэнгис /Ariake sea/ нь Хувилай хааны усан флотын гол дайралтаа хийж эцэст сүүлд нь далайн хар салхинд сүйрсэн Хакашима арлаас баруун урагшаа буюу Японы өмнөд зүгийн гол газрын нэг юм. Тэгэхээр хар салхинаас амьд үлдсэн Монгол цэргүүд Японы дотор газар руу бага багаар нэвтрэн орж байсны баримт нь энэхүү газрын зураг бизээ.
Одоогийн тооллоор 1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааныг элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйтэс байсангүй. Харин ч харийнхан тэдний эх орноо гэх их аугаа эх оронч үзэл, төрдөө үнэнч байдлыг ихэд хүндэтгэсэн билээ.
Цэл залуухан насаа чиний төлөө зориулая гэж хэлж, бас хийж чадсан Монгол элч нар эх нутгынхаа зүг сүүлчийн удаа харж зогсоно. Тэрхэн мөчид эх нутагтаа үлдсэн эцэг, эх, ах дүүс, анд нөхөдөө сүүлчийн удаа дурсан санаж байсан байхдаа. Тэд бол Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуус байлаа. Тэд амь өршөөхийг харийнханаас гуйсангүй, эх орныхоо төлөө алтан амиа зориулав. Тэдний биенд цаазын илд бууж байх тэр эцсийн мөчид ч Монгол гэсэн тэр сайхан нутгаа дурсаж байсан. Алтан амиа эх орныхоо төлөө зориулсан эрэмгий баатарлаг залуусынхаа түүхийг Монголчууд бид мартаагүй.
Тэр цагаас хойш 740 жилийн дараа тэр газарт нэгэн Монгол бөө зогсож байна. Мөнх тэнгэрийн дуудлагаар, Монгол бөө нарын даалгавраар энд нойрсож байгаа баатруудын сүнсний эцсийн хүслийг биелүүлэхээр энд ирсэн аж. Тэр сүнсний эцсийн хүсэл бол эх орондоо эргэж очих тэр хүсэл байсан юм. Тэр хүсэл биелэлээ оллоо. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт Монгол элч нарын сүнс шингэсэн шүншиглэсэн шороог Монгол бөө нар авчирч залж байрлууллаа. Магадгүй өнөөгийн залуучууд энэ түүхийг мэдэхгүй байж болно. Гэхдээ сануулах нэгэн самбар хөшөө болон сүндэрлэв. Энд нойрсох цэл залуухан насаа эх орондоо өгсөн баатруудын түүх бол Монгол төрийн төлөө амиа зориулсан өнөө цагийн хнэршлээр бол монгол төрийн элч, дипломатууд түүх, өнөөгийн залуучуудын үлгэрлэн дууриах бахархал, монгол омогшил, сэтгэл улалзан бадрах огшил билээ. Энэ ажиллагаанд Монгол төрийн элч, дипломатуудаас нэг ч хүн ирээгүй ч, энэ түүхийг авч явсан нэрт дипломатын үр, ач нар оролцсон билээ.
Энэ сонин түүхийн эзэдийн шүншиглэсэн шороо, хүндэтгэлийн самбарыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт байрлуулсан. Хэрхэн хүндэтгэл үзүүлэхээ уншигч олон мэдсүгэй.
Мөнх тэнгэр, эзэн Чигисийн ариун сүнс биднийг ивээх болтугай.

Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан,
Зэвсэгт хүчний хурандаа

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/