Энэхүү өгүүллэгийг улс төрийн хилс хэрэгт амь насаа алдсан, амьдралаараа хохирсон 1922, 1936-1940,1956, 1960-аад, 1980-д онд хэлмэгдсэн олон зуун мянган иргэдийн гэгээн дурсгалд зориулав. Бид өнгөрсөн хэлмэгдлийн түүхээ мартах ёсгүй, бас дахин давтах эрхгүй. Гэвч хэлбэрээ өөрчилсөн боловч одоо ч хэлмэгдэл зогсоогүй байна. 

 

Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно. Хурандаагийн шийр болох Бум хурандаагаас хойш 50 жил өнгөрчээ. Тэр явдлаас хойш юу өөрчлөгдөв өө. Хүн өөрөө цаг үеийн бүтээгдэхүүн, хүн амиараа хохирдог хэлмэгдүүлэлтийн тогтолцоо, хүн, биеэрээ, гэр бүлээрээ хохирдог болон өөрчлөгдсөн цаг үедээ иржээ.
Цэеэ хурандаа өөрийгөө чухамхүү азтайд тооцно. Олон жил зүтгэж явсан мэргэжилээсээ гэнэт хөөгдөн холдож, ажил ч үгүй, амьдрал хэцүүхэн, ханийхаа гар харан “дүүжигнэсэн” хэдэн жил нэгэнт ард хоцорчээ. Нийгмийн шинэчлэх их салхи хуйсагнасан их өөрчлөлтийн жилүүдтэй Цэеэ хурандаа таараагүй бол их хэлмэгдүүлэлтийн хувь заяа түүнийг хэнч биш болгох байлаа.
Өвлийн хүйтэн жаврыг сөрөн хийгдсэн жагсаал цуглаан, хөдөлгөөн нийгэмд өөрчлөлтийг эргэлт буцалтгүй болгожээ. Тотарлитар тогтолцоо амьдрах чадваргүй болж, хуучин нийгэм шинэ нийгмээр жирэмсэлж, улмаар шинэ тогтолцоо мэндэлсэн, нийгэмд тэсрэлт болсон өөрчлөлтийн үетэй Цэеэ хурандаа нүүр учрав. Юутай азтай, юутай сайхан тохиолдол вэ. Тэгээгүй бол Цэеэ хурандаад Лоохууз, Сүрмаажав шиг гашуун тавилан хүлээж байлаа. Тэдгээр хүмүүсийг нийгэм сайн танина. Харин Цеэе хурандааг цэргийн хэдээс бусад нь мэдэхгүйгээрээ онцлоготой. Тэрээр амьдралдаа улс төрийн хэлмэгдэл гэж гашуун зүйлийг байдгийг мэдэрсэний хувьд их өөрчлөлтөд хамгийн түрүүнд бие, сэтгэлээ зориулсан нэгэн болжээ.
Хуучин тогтолцоог намгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Төрийн дээр, бүхний дээр нам оршин байж, нийгмийг удирдаж байсан социалист тогтолцооны мөн чанарт Цэеэ хурандаа “чанагдсан” нэгэн байлаа.
Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно. Өнгөрсөн амьдралаа дурсан санана. Тэгээд залуу насаа, өнгөрсөн намтараа санагалзан дурсав. Дэлхий даяар улс төрийн уур амьсгалд өөрчлөлт орж, социалист орнууд гэж нэрлэгдсэн коммунист тогтолцоонд салхи сийгэх болов.
Хүний амь олон мянгаар хядагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явцад үнэлэлт дүгнэлт өгөх комисс, Намын Төв хорооны Хянан шалгах хорооны дарга Х.Гэндэнгээр ахлуулан байгуулагдаад 1930-аад оноос 1950-иад оны дунд үеийг хүртэл хугацааны үйл явцыг нэгтгэн цэгнэж, дүгнэлт гаргажээ.
Намын Төв Хорооны Улс төрийн товчооны нууц тогтоол гарч шүүх, прокурорын байгууллагын ажлыг сайжруулж, Дотоод Явдлын Яамны үйл ажиллагаанд намын хяналтыг бүх талаар сэргээж, тус яамны дэргэдэх намын байгууллагын ажлыг эрс сайжруулж, Дотоод явдлын яамны намын хороог өргөтгөн Намын Төв Хороонд шууд харъяалуулах болжээ.
Сталиныг тахин шүтэж байсныг илчлэн шүүмжилсэн ЗХУКН-ын 20-р их хурлаас нэлээд өмнө тус улсад Х.Чойбалсанг тахин шүтэж байсны хор уршгийг ойлгон мэдэрч, засан залруулах арга хэмжээ авч эхэлж байсан нь Монголын нийгмийн улс төрийн амьдрал хөдөлгөөнд орж эхэлсний зүй ёсны үр дүн, нийгмийн амьдралыг сталинизмын үзэл санааны ноёрхолоос чөлөөлөх, нэг хүнийг тахин шүтэхийн хор уршгийг арилгахыг нийгмийн тэргүүний хэсэг эрмэлзэж байсны шууд тусгал байлаа. Түүнчлэн Монголын нийгмийн амьдралд ардчилал, олон ургальч үзэл, улс төрийн шинэ сэтгэлгээг үүсгэн хөгжүүлэхийг эрмэлзэн буй шинэчлэгч хүчин төрөн гарч байгааг харуулав.
Чухам энэ үед жирийн малчны хүү, залуухан офицер дэслэгч Цэеэ цэргийн сургуулиа артиллерийн мэргэжлээр төгсөн, анхны томилгоот албан тушаалуудад очсон үе таарав. Цэргийн хүний залуу нас алс холын цэргийн ангид, баруунаас зүүн, өмнийн хязгаарт албаа хааж эх орноо хамгаалах үйлст чин халуун сэтгэлээр зүтгэлээр эхэлсэн билээ. Цэргийнхэний дотор зургаан хүүхдээ зургаан өөр аймагт төрүүлж бүртгүүлсэн гэр бүл олон байв. Тэд эх орондоо ингэж л эх орныхоо хаа хэрэгцээтэй газарт зүтгэж байсан цаг үе байлаа.
Яг тэр үед Намаас кампанит ажил зохион сэхээтнүүдийг чөлөөтэй үгээ илэрхийлэн ажлын дутагдлаа хамтаар хэлэлцэе хэмээн уриалжээ. Нийт нам даяар бүх шатанд хэлэлцүүлэг явагдав. Нэгэн намын хуралд дээр цэл залуухан Цэеэ дэслэгч үг хэлжээ. Тэрээр бодож, саналгүйгээр “Намын Төв хорооны нарийн бичгийн дарга, Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргыг нэг хүн хийж байгаа нь нэг хүнд албан тушаал төвлөрч байгаа хэрэг бус уу” хэмээн хэлсэн байна. Энэ бол байдаг л жирийн үг, гэхдээ хожим энэ үг хүзүү ороодог тийм нийгэмд амьдарч байна гэдгийг эгэл жирийн цэрэг хүн яахан мэдэх билээ. Энэ үед үг хэлсэн Цэеэд арга хэмжээ аваагүй ч тусгайлан хувийн хэрэг хөтөлж, тэмдэглэгдэв.
Монгол даяар өрнөсөн хэлэлцүүлэгээр сэхээтнүүд үзэл бодол, санасан бүхнээ илэн далангүй ярьж, нам, засгийн удирдагчдыг шүүмжлээд, улс орныхоо хөгжлийг цаашид түргэтгэх чиглэл бүхий олон чухал санал гаргаж, өргөн шүүмжлэл, аппаратын хүнд суртлыг халан өөрчлөх гэсэн олон түмний эрмэлзэл, оргилсон идэвх нь зарим удирдах зүтгэлтний айлган цочоожээ.
Нам уламжлалт аргаа хоёрдахь удаагаа хэрэглэхээр шийдэв. Нийтийг хамруулсан хэлэлцүүлэг болж өнгөрөнгүүт бүх шатны хуралдааны тэмдэглэлд дүн шинжилгээ хийж, нам засгийг шүүмжилсэн, хөрөнгөтний үзэл гаргасан этгээдүүд, намдаа үнэнч нөхөр гэсэн хоёр заагт хуваах ажил хийгдэв.
Олон ургальч үзэлд угаас дургүйцэж байсан удирдах зарим зүтгэлтэн, сэхээтнүүдийн хурц шүүмжлэлийг мушгин гуйвуулж буруутгах замаар ардчилсан уур амьсгалыг яаравчлан дарахад чиглэв. Хэсэг хугацааны дараа элдэв шүүмжлэл хэлсэн хүмүүсийг бүртгэж авсны дагуу “Сэхээтний төөрөгдөл” хэмээх кампанит ажил зохион сэхээтний цэвэрлэгээ явуулж асар олон хүнийг ажил төрөлгүй болгож, намаас арга хэмжээ авав.
Намын Улс төрийн товчоо 03 тоот нууц тогтоол гаргаж, Нийгмийг аюулаас хамгаалах яамд, “иргэдийн улс төрийн санаа сэдлийг судалж үндсэрхэг, үгүйсгэх үзэл баримтлагчдын үндэсгүй мэтээр гуйвуулан чалчигч этгээдүүдийг судлан илрүүлж нам, засгийн удирдлагыг мэдээллээр хангах, нам засгийг шүүмжилсэн, хөрөнгөтний үзэл гаргасан этгээдүүдийг цаг тухайд нь илрүүлж хатуу арга хэмжээ авч байхыг” үүрэгдэв. Энэ үеэс мэдээлэгчийн зохион байгуулалттай бүтэц босгож иргэдийг биенийх нь эсрэг тагнах турших сүлжээ байгуулжээ. Сүлжээ нь нууц нэртэй итгэгдсэн хүмүүсээс ердийн ховч, гэнэн чалчигч нар хамарч байв. Сүлжээнд нийтдээ 150-200 мянган хүн, хов матаачид хамаарч байлаа. Мөн энэ үеэс бүх хүнд хавтас нээж, Намын хянан шалгах хороо, Захиргааны хэлтэс хэмээх байгууллагууд энэ ажлыг эрхлэх болов. Тэд намын гишүүдээ хяналтанд байлгах, нөгөө талаас боловсон хүчин сонгоход ашиглах гол материал, эзнийх нь тухай хов, матаасыг хүртэл хавсарган нууцалж хадгална. Тэрхүү материалыг хадгалдаг газар нь Намын Хянан шалгах хорооны архив байлаа.
Угийг ажил хэрэгч, шуурхай, дайчин залуу ахмад Цэеэ доод албан тушаалуудад хурдан дэвшин ажиллаж нэг л мэдэхэд ЗХУ-д артиллерийн мэргэжлээрээ дэд докторын зэрэг хамгаалав. Гэр бүлтэй болж, амьдрал нэг хэвийн үргэлжлэнэ. Эрдмийн зэрэгээ хамгаалж ирээд Цэргийн ерөнхий сургуульд багшийн ажил хийх болов.
Намын удирдлага дотор тэмцэл хаяахан жирийн гишүүдийн чихийг дэлсэнэ. Намын дарга байсан Дамбын албан тушаалыг авахын тул намын бүгд хурлаар удирдлагаас зайлуулж доод тушаалын албанд шилжүүлэв. Үүнд Д.Дамба, Ю.Цэдэнбал нар улс төрийн хэлмэгдлийн асуудлаар ноцтой зөрчилдөж байсан нь нөлөөлөв.
Цэдэнбал хөлөө хугалаад Москвад удаан хугацаагаар эмчлүүлэхдээ Зөвлөлтийн намын хоёрдугаар дарга Козловтой уулзаж Цэдэнбалыг огцруулах санаа хэлсэн Цэндийг ирээд ажилдаа оронгуутаа намаас хөөн хөдөө цөллөө.
Хятадад эмчлүүлж байсан Төмөр-Очир буцаж ирэхдээ Өвөр Монголд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа учир бид хоцорч болохгүй гэсэн мэдээтэй, саналтай иржээ. Ингээд түүний идэвхитэй санаачлагаар Монголд Чингисийн ойг даруухан тэмдэглэв.
Удалгүй Монголд болж буй үзэл суртлын алдаагаа яаралтай залруулах үүрэг иржээ. Даруй арга хэмжээ авч, Төмөр-Очирыг үндсэрхэг үзлийг хөхүүлэн дэмжиж, монголын ард түмний олсон амжилтуудыг үл тоомсорлох үзэл гаргаж, нам, улсын удирдах боловсон хүчнийг гүтгэн дайрч, хутган үймүүлэх арга хэрэглэн, намын нэгдлийг задлан эвдэх ажил явууллага хийснийг илчлэн түүнийг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны болон Төв хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас халж, намаас хөөж, Баянхонгор аймгийн барилга угсралтын конторын даргаар томилж, нутаг заан суулгажээ.
Эзэн Чингис хааны 800 жилийн ой тэмдэглэх хүрээнд үйлдсэн марк ил захидлыг шатаан устгаж, мөн ойд зориулж бичсэн Пүрэвдоржийн “Чингис”, ”Тусгаар тогтнол” зэрэг бүтээлийг хориглож зохиолчийг нь олон жил гадуурхах болсон.
Цэргийн намын байгууллагын гишүүдийн дунд энэ мэдээлэл албан ёсоор хийгдэв. Идэр залуухан хошууч Цэеэ юмны мөн чанарыг танихыг эрмэлзэнэ. Яагаад үзэл бодлоо илэрхийлж болдоггүй, яагаад шударга үнэнийг хэлж болдоггүйг учрыг тунгаан бодно. Түүндээ хариулт эрэлхийлнэ.
Удалгүй Намын бүгд хуралд болж, хурлын үеэр НАХЯ-ы цэргүүд төрийн ордныг бүсэлж хэнийг ч орж гаргуулахгүй хяналтандаа авлаа. Ингээд шүүмжлэгчдийг “намын эсрэг бүлэг” гэж нэрлээд тэднийг намын төв хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, намаас хөөж, шүүхийн тогтоолгүйгээр гэр байшинг нь хурааж, өвлийн хүйтэнд задгай машин дээр ачин алс аймгууд руу цөлж залхаав. Удирдлагын эсрэг хандвал хэрхэн залхаадагийг гишүүддээ сануулав бас харуулав.
Намын төв хорооноос дэлгэрэнгүй захидал гаргаж намын байгууллагуудтай хаалттай хурлууд танилцуулж, байдал, нэр нь тодорхой болов. Намын Төв хорооны 4-р бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг хэд, хэдэн үндсэн зүйлээр буруушааж “намын эсрэг бүлэг” гэж үзжээ.
Хань хамсаатан нь гэж үзсэн олон арван хүнийг албан тушаалаас халж, нам захиргааны арга хэмжээ авч хөдөөд нутаг заан суулгаж, тодорхой албан тушаал үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хааж, мөрдөн хавчиж, хамгийн бага цалинтай биеийн хөдөлмөрийн хүнд ажил оноож, орон нутгаасаа гарахыг хөл хорив. Тэд түүнээс хойш хүний эрх, эрх чөлөөг үл эдлэн хэдэн арван жил цөллөгийн нөхцөлд амьдарч, ажил амьдарлаараа хохирсон билээ.
Удалгүй Ардын армийн гол боловсон хүчин бэлтгэдэг ЦЕС-д “намын эсрэг үзэлтнүүд” -ийн хань хамсаатангууд болох Нямбуу, Говаа, Сандагсүрэн, Лувсандорж нар албан тушаалаас буун, Нам, улс төрийн тэнхимд багшаар томилогдож ирлээ. ЦЕС, ЦЕДС нь ийнхүү намын хянан шалгах, захиргааны хэлтсийн хатуу хараа хяналт бүхий сургууль болж хувирав. Улс төрийн лухагарууд цаанаа л нэг өөр харагдана. Мэргэжлийн тэнхимийнхэн улс төрийнхөөс холхон байхын эрмэлзэнэ. Тэглээ гээд мэдээллээс яаж хол байхав.
Цэргийн сургуулийн хашаанд дэд хурандаа Цэеэийн амьдрал буцална. Удалгүй тэрээр Батлан хамгаалах салбарын артиллерийн мэргэжлээр анхны шинжлэх ухааны доторын зэрэг хамгаалж, ЦНДС-ийн артиллерийн тэнхимийн эрхлэгч хүртэл албан тушаалд дэвшив.
Тухайн үед сургуульд ажлаараа хоцорч явсан тэнхимыг хүлээж аваад мэргэжлийн хүний хатуу чанд гараар удирдав. Угийн хатуу зарчимч, хэтэрхий гэмээр шударга зан чанар дээд албан тушаалтнуудад таашаагддаггүй байлаа. Улс орон даяар явагддаг Намын анхан шатны дайчин чадварын үзлэгээр хариуцсан тэнхим нь улсын тэргүүний хэмээн алдар хүртэж, түүнээс хойш артиллерийн тэнхим сургуульдаа ямагт манлайлагчдын эгнээнд явах болсон билээ. Түүний ажлаас өө хайгаад олдохгүй тийм л дайчин ажиллана.
ЦЕДС-ийн хурлын зааланд үе, үе сургуулийн намын гишүүд сууцгааж, нэгдсэн мэдээлэл сонсоно. Тэгэх бүрт улс орон даяар болсон үйл явдал тодорхой болдог байлаа. Манай хэд тэрүүхэндээ шивнэн байдлыг сонсож суудагсан. Тэдний дунд Цэеэ дэд хурандаа бодошрон бодол болон сууна.
Биеийн тамирын улсын хорооны хэрэг мандав. Түүнийг дагалдаад томоохон бүлэг хэрэг илрэгдэв. Атаа жөтөөрхөл, хов живнийхэн спортыг удирдах ажилтнуудыг намаас арга хэмжээ авахуулж, цол хэргэмийг нь хурааж, заримыг нь Шаазан ваарны үйлдвэр, вагоны жолооч машинист болгож санаа амрав.
Шинжлэх ухааны академ, Шинжлэх ухаан техникийн улсын хороо, Дээд боловсролын улсын хорооны дарга нарын хооронд Монголын шинжлэх ухааныг хэн нь тэргүүлэх асуудлаар нэлээд хэдэн жилийн өрсөлдөөн болжээ. Бөөн матаасны эцэст Намын хянан шалгах хороо, намын байгуулалтын захиргааны хэлтэс, НАХЯ, Цагдан сэргийлэхтэй хамтарсан шалгалт оруулснаар хэрэг шийдэгдэв.
Нэгэн мэдээлэл дээр нөгөө хөдөө туслах малчнаар хөөгдөн цөлөгдсөн Лоохууз сүүлийн арав гаруй жилд өөрийн овсгоо хөдөлмөрөөр нэлээд хөлжиж, хоёр хувийн машинтай, гахайн туслах аж ахуйтай болж, хөдөлмөрийн бус орлогоор амьдарч байгаа нь илэрч, түүний урласан эмээл, гөлөм зэрэгт хадаас цавуу гэх мэтийн импортын бүтээгдэхүүн орсон байна хэмээгээд зургаан жил шоронд хорих ял өгсөнийг мэдээлэв. Нэг л зуугдаа бол насан туршдаа өөдлөхгүй гэдгийг нам нь гишүүддээ яс маханд нь шингэтэл мэдрүүлнэ.
Одоо Цэеэ хурандаа сургуульдаа нэр хүндтэй удирдах ажилтан, эрдэтмэн профессор болсон байлаа. Хэлэх үг, санаагаа хэнээс үл айн хэлчихнэ. Шалгалтынхан нүүрэн дээр гөлдөгнөж, яаж ч үл чадна, цаашаа очиод шалгалтыг үл тоогчийг чинээгээрээ матна. Тогтолцоо ийм юм чинь яах ч аргагүй.
Улс төрийн товчооны гишүүнээр олон жил ажилласан Жалан-Аажав нь Намын төв хорооны нарийн бичгийн дарга, АИХ-ын орлогч дарга байлаа. Гэнэт тэтгэвэрт гаргав. Тэтгэврийн өвгөнийг улс төрийн онц ноцтой хэрэгт буруутгагдан, “1964 оны намын эсрэг бүлгийн далд удирдагч нь тэр байсан юм байна” гэсэн дүгнэлт өгч улс даяар хэлэлцэн жигшүүлж, намаасаа хөөж, ялтан болж хөдөө цөлөв. Түүнийг Завхан аймгийн алслагдсан суманд нь цөлж, цагдаагийн офицер байсан хүүг нь сумын дэлгүүрийн ачигчаар бага цалинтай туслах ажилчин болгожээ. МУИС-д багш байсан охиныг нь халж ажилгүй болгон, байр сууцыг нь хураав. Урьд өмнө Жалан-Аажавтай хамт ажиллаж байсан, түүнтэй найз нөхөр багш шавийн барилдлагаатай бүх хүмүүсийг самнан намын шийтгэл оногдуулж ажил төрлөөс нь халав.
Энэ түүхэн нөхцөлт үед Цэеэ хурандаа ЦНДС-ийн Улс төрийн хэлтсийн дарга, орлогчтой бяцхан зөрчилдөв. Тэр нь байдаг л нэгэн жирийн ажил албаны маргаан байлаа. Цэеэ хурандаагийн хэлсэн үг хурц, үнэн болохоор улс төрийн хэлтсийн дарга, орлогч нар мухардан ялагджээ. Тэгээд дээшээ гомдлон матах ажлаа хийж, Намын хянан шалгах хороо, Намын төв хорооны захиргааны хэлтсийнхэд “алтан хошуу” хүргэв. Нөгөө архив гэгчээ ухаж үзтэл, хувийн хэрэгт нь бага залуу насандаа тэртээ он жилүүдэд намын хэлэлцүүлэгт хэлж байсан үг нь тодоос тод тэмдэглэгдсэн байх нь тэр. Ийм цаг үед нэр алдар албан тушаал, хувийн ашиг завшаан хөөцөлдөгчид үүгээр далимдуулан завшиж, сайшаал шагнал, өндөр тушаал олж, санасан бүгдээ биелүүлдэг цаг үе тохиодог, түүнийгээ ч алдахгүй ашиглана. Ийм ажлыг Намын хянан шалгах хороо, намын байгуулалтын захиргааны хэлтсийнхэн хэмээх шагналын дээжийг хүртэж, цолны дээд зүүдэг нөхөд гол үүрэг гүйцэтгэнэ. Тэдний гарт хэн нэгний хувь заяа орсон бол дахиж амьдралд хөл дээрээ босдоггүй байлаа.
Цэеэ хурандаа өглөөний наран ургахтай уралдан ажил дээрээ ирэв. Хурандаагийн өрөөнд олон хүнтэй комисс сүр бараатай морилов. Тэдний гарт нь олон жилийн өмнөх хурлын протокол хуудас харагдана, байдал эвгүйтжээ.
ЦНДС-ийн хурлын зааланд намын гишүүд бүгд цугларч суужээ. Цэеэ хурандаагийн намч бус, зарчимгүй байдлыг нь дурьдаж тэртээ 30-аад жилийн өмнө залуу, халуун насандаа намын хуралд хэлж байсан үгийг нь онцолж, намын эсрэг бүлгийн далд гишүүнээр олон жил хумсаа нууж явсан түүнийг илчилж, намаас хөөж, ажлаас нь халж, цэргийн цол, эрдмийн зэргийг үл хэрэгсэн ажилгүй болгож, “гудамжид гаргаж байгааг зарлан тунхаглах нь тэрээ. Тэр мөчөөс эхлэн иргэн Цэеэ болов.
Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно. Одоо бүх зүйл тодорхой болж, итгэл найдварын гогцоо тасрав. Тэмцэж, хөлсөө урсган олсон амжилт бүтээл, хувьсгалт ёсоор зүтгэж явсан нам, түүнийг хөсөр хаяв. Цагаа тулбал нам гэдэг нь хэнийг ч хэнч биш болгож чаддаг “махны машин” ажээ.
Дэлхийн улс төрийн байдалд огцом өөрчлөлт гарч, Монгол улсын баримталж байсан онол мухардалд орсон нь нийгэм-улс төр, эдийн засгийн хямралд хүргэж, социалист систем богино хугацаанд задран унаж, Монголд шинэчлэлийн хөдөлгөөний үүсч, хүн төрлөхтний нийтлэг голдиролд нэгдэн нийлэх, өөрчлөн байгуулалтыг эхлүүлж, Монгол орноо зогсонги байдлаас гаргаж, шинэ нийгэмд урган орох явцыг түргэтгэсэн улс төрийн томоохон үйл явц өргөх үетэй золгов. Цэеэ хурандаа азтай нэгэн байлаа. Гэр бүл нь хэлмэгдлийн салхинд өртөхгүй өнгөрөх тийм азтай цаг хугацаатай золгожээ.
Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно, тэр хүний эрх, эрх чөлөөт шударга нийгэм байгуулахын төлөө санаа шулуудан тэмцэхээр болжээ. Улс төрийн шинэ намууд, олон намын тогтолцоо бүрэлдэн төлөвших үйл явц гүнзгийрэв. Монгол улсад хууль ёсоор бүртгэгдсэн албан ёсны 6 нам үйл ажиллагаа явуулж эхэллээ. Энэхүү бодит өөрчлөлтийг харгалзан АИХ-ын 11 дэх удаагийн 9-р чуулганаар шинэ Үндсэн хуулийг баталсан нь Монгол улсад 70 шахам жил оршин тогтносон захиран тушаах хүнд суртал дэглэмийг халж, шинэ улс төрийн тогтолцооны үндэс суурийг тавих эрх зүйн нөхцөл бүрдэв.
Коммунист тогтолцооны сүүлчийн найдвар болсон намаа авч үлдэхийн тул намын удирдлагууд арга ухаан самбаачлана. Намын дүрэмд “Намын архив, сан хөрөнгө нь түүний халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.гэж тодотгов. Засгийн эрхэнд байсан давуу байдлаа ашиглан Монголын түүхийн салшгүй хэсэг болсон үнэт баримт бичгүүд, Засгийн газрын ордноос машин, машинаар намын цагаан байр луу ачигдаж байлаа. Тэр баримт дотор нь Намын улс төрийн товчооны хурал, Хянан шалгах хороо, намын байгуулалтын Захиргааны хэлтсээр хэлэлцэж байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн материалууд, “иргэдийн улс төрийн санаа сэдлийг судалж үндсэрхэг, үгүйсгэх үзэл баримтлагчдын үндэсгүй мэтээр гуйвуулан чалчигч этгээдүүдийг судлан илрүүлж нам, засгийн удирдлагыг мэдээллээр хангах, нам засгийг шүүмжилсэн, хөрөнгөтний үзэл гаргасан этгээдүүдийн материалууд, иргэдийг биенийх нь эсрэг тагнах турших сүлжээ, хүн хов матаачидын баримтууд байв. Ийм арга барилд сургасан бүтэн нэг үеийнхэний түүх тэнд байлаа.
Тэр нэгэн өдрүүдэд, тэр жалганаас тэнгэр олгойдон цэнхэр утаа суунаглав. Түүхийн чухал гэрч материалууд, олон хавтаст хэргүүд шатаж дуустлаа утаа болон замхарна. Шатаж устаж буй материал бүхний цаана түүхийн “цагаан үе” үлдэж, утаа болон тэнгэрт дэгдэнэ. Удирдлагын бодлогоор эхлүүлсэн, манайхны гараар үйлдсэн, их харгислал, хэлмэгдлийн түүх энэ утаа шиг бүү замхарах болтугай.
Мөнх хөх тэнгэр минь өршөө.
Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Feb 08, 2021 80

ЭРДЭНЭБАТЫНХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/