Залуу насны эрч хүч, хиймор лундааг харуулсан галтай цогтой сайхан тоглолт үзэгчдийг баясуулан бөхийн өргөөний нэгэн оройг мялаав. Бөхийн өргөөний бүх суудал үзэгчдээр дүүрч, урлаг сонирхогчид, найз нөхөд, эцэг, эх, хамаатан садан, анд нөхөд нь нэгэн оройг хамтдаа цэнгэн баясаж дуу хуураар бялхан өнгөрөөв.
Хүний амьдралд мартагдашгүй, дурсамжаар дүүрэн тийм өдрүүдийн нэг энэ өдөр тохиолоо. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Т.Төмөр-Очир, Б.Пүрэвсүх нар хамтран анхны бие даасан тоглголтоо хийлээ. Монгол дуугаа өвөрмөц үндэсний хэв маягаар илэрхийлсэн, үндэсний бахархал, омогшилыг төрүүлсэн сайхан уран бүтээлийн цэнгүүн болж өнгөрлөө.
Энэ оройн бас нэг онцлог бол тэдний уран бүтээлийг төрсөн нутаг болох Өмнөговь аймгийн Булган нутгийн зон олны төлөөлөгчид хүрэлцэн ирж дэмжсэн явдал юм. Түүгээр зогсохгүй нутгийн төлөөлөл нь уран бүтээлээр хүч нэмэн дэмжсэн явдал билээ. Өөрөөр хэлбэл энэ орой Өмнөговь аймгийн театрын уран бүтээлч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Уранчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, Т.Мөнхсүлд нар , Булган сумын нутаг нэгт анд Б.Цэрэн-Очир, О.Оюун-Эрдэнэ, Ж.Энхболд нар өөрсдийн уран бүтээлээр нутгийн залуучуудаа дэмжиж оролцлоо.
Урлагын тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Н:Чулуунхүү, Э.Бүрнээбаяр, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Т.Батсайхан, Б.Цог, О.Баянмөнх, Т.Бямбахүү нар, ХЦДБА, “Соронз”,”Жонон”, “Бөртэ” хамтлагуудын уран бүтээлээрээ залуучуудаа дэмжиж урам хайрлалаа.
Залуу уран бүтээлчид тоглолтоо Зайран Хурцжавхлангийн удирддаг Монгол бөөгийн “Язгуур шүтээн холбоо”-ны хамт олонд зориулан шинээр зохиосон сүлд дуугаар өндөрлүүлсэн билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү нар тайзан дээр гарч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Төмөр-Очирт Мөнх тэнгэрийн үзэл санааг сурталчлах үйлс оруулж буй хувь нэмрийг үнэлж, Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медаль, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Пүрэвсүхэд “хүндэт өргөмжлөл” гардуулав. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урлагын тоглолтод хүрэлцэн ирсэн түмэн олонд талархал илэрхийлээд “Монголчууд Мөнх тэнгэрээ шүтэж явахдаа ямагт хүчтэй байсныг санаж явах ёстой, та биднийг эзэн Чингис хааны ариун сүнс ивээж явах болтугай” гэв. Мөн Бөөгийн “Язгуур шүтээн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ц.Оюунбат баяр хүргэж, холбооны өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулсан байна. Ийнхүү “Тэнгэрийн улаач”-ийн маань уран бүтээлийн тоглолт сэтгэл хөдлөм сайхан болж өнгөрлөө.
Б.Банзрагч