СЭРҮҮЛЭГ СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА

 

ҮАБЗ-д ажиллаж байхад ч, ажлаа өгсөнөөс хойш ч ярилцлага авах хүсэлт тавьж байсан. Ярилцлага өгч байгаагүй юм. Сүүлийн үед Хурцын асуудлыг шийдтэл хэвлэлээр ямар нэг ярилцлага өгөхгүй гэдэг байсан. Хурц эх орондоо ирлээ. Цаг хугацаа боллоо гэж үзээд төрийн албаны боловсон хүчний бодлогын бодит үнэнийг хүмүүст ойлгуулах, цаашид сургамж болж үлдэх нь зүйтэй гэж үзэж энэхүү ярилцлагыг өгөхөөр шийдлээ гэсэн юм. Тэр иргэний болон цэргийн салбартаа мэргэшсэн ажилтан, суралцаж төгссөн бүх сургуулиудаа алтан медаль эсвэл онцлох ром, нэрэмжит цалинтай төгсөж байжээ.

 

Та ҮАБЗ-ийн албаны даргаар ажиллаж байсан хүн. Яагаад гэнэт ажлаа өгөх болсон бэ? Жирийн нэгэн ажлын өдөр болох 2009 оны 6-р сарын 27-ны өдөр өглөө 8 цаг 15 минутад ажилдаа ирсэн. Тэр өдрийн ажил төлөвлөсөнийхөө дагуу л явагдаж байлаа. 12 цаг 30 минутын үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга дуудаад “Би Ерөнхийлөгчтэй албан тушаалын тохиролцоо хийсэн. Чи өргөдлөө бичээд ажлаас чөлөөлөгд” гэсэн. Би хуулийн хүрээнд өөрчлөгдөхөд бэлэн, харин хувийн хүсэлтээр халагдахгүй гэдгээ хэлээд өрөөнөөс нь гарсан. Энэ уулзалтаас 2 цагийн дараа ажил хүлээж авах ажлын хэсэг томилж, намайг “төрийн албанаас шийтгэл ногдуулж халсан тухай” түүний захирамжийг танилцуулсан юм. Өрөөнөөсөө юу ч авч гарахгүй байхыг анхааруулсан. Түүнийг нь биелүүлсэн. Тэгээд өрөөнөөсөө барьсан цүнхтэйгээ гарсан даа. Хувийн бичиг баримтуудаа авч амжилгүй шууд гудамжинд хөөгдсөн. Тэр нь бас зорилготой ажиллагаа байж. Хожим шүүхэд нотлох баримтгүй болгодог юм билээ. Ажлаас халагдах процесс маш хурдан болж, өдрийн 16 цаг гэхэд ажлаасаа халагдсан байв. Урьж ирж ажиллуулаад юмаа хийлгэчээд хөөгөөд явуулсан юм шиг л энэ үйл явдлыг би дэндүү “харгис” ажиллагаа гэж боддог. Уг нь монголын төрийг ёс жудагтай гэж бодож явсан. Хамтран зүтгэж яваад амиа бодож бусдыг золиосонд орхидог зан чанар цэрэг хүнд хамгийн адгийн чанарт тооцогддог. Ийм л хүмүүс өндөр цолны боол болон тодордог цаг үе юм даа. Миний хашиж байсан албан тушаал нь төрийн мэргэжлийн албан хаагчид хамаардаг Төрийн албаны тухай хууль болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхий менежер, төрийн захиргааны албан тушаал юм. Дэлхийн олон улсад ийм түвшиний албан тушаалтанг тусгайлан үнэлдэг, хариуцлагатай ажил гэж үздэг. Төрийн албаны болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолоор бол төрийн албан хаагчийг ажлаас халах, шийтгэл ноогдуулах нь нарийн заалт, процедуртай байдаг. Хууль хэнд ч адилхан тэгш үйлчлэх ёстой. Гэтэл энэ цаг үед тэр бүхэн “тоглоом” шиг зүйл болжээ. Хүн алдаж болно, эсвэл тодорхой шалтгаанаар ажлаас өөрчлөгдөж болноо. Хэрэв алдаа гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу буруутайг нотолж, эсвэл өөр ажилд шилжүүлэх тохиолдолд үндэслэлийг гаргаж албан тушаалтаны нэр төр эрх ашигт муу нөлөө үзүүлэхгүйгээр тухайн албан тушаалтантай зөвшилцсөний үндсэн дээр өөр ажилд томилох ёстой байсан л даа. Гэтэл намайг дээрх хууль эрх, ёс зүйн бүхий л хэм хэмжээг бүх талаар зөрчиж гэнэт халсан. Гэнэтийн ийм шийдвэр нь ямар зорилготой, хэнд ашигтай байв???. Төрийн ажилд уламжлал, залгамж чанар байх ёстой. Энэ чанар миний хийж байсан ажилд нэн чухал ач холбогдолтой. Миний бие хохирох бага хэрэг, харин төрийн ажил илүүтэй хохирно. Хийж байсан зүйлээ, цаашид хийх ажил, тулгамдаж байгаа асуудлуудын талаар шинээр томилогдсон хүнд хэлж ярих зүйл их байсан. Гэтэл ийм боломжийг ч надад олгоогүй. Бодвол ажил нь биш албан тушаал эрх мэдэл нь хэрэгтэй байсан юм байлгүй. Надтай адил үндэслэлгүй халагдсан цөөнгүй тохиолдол байдаг нь хэвлэл мэдээллээр ч гэсэн харагддаг л юм билээ. Ардчилсан, хуулиа дээдэлж шударга ажиллахаар тангарагласан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “хамар дор” ийм явдал болоод өнгөрсөн. Урьд нь бизнес эрхэлж байсан, мөнгө хөрөнгөтэй нэгэнд бол төрийн албанаас халагдахад амьдралд нь нэг их алдах зүйлгүй л болов уу. Харин насаараа төрийн албанд зүтгэсэн жирийн нэг албан хаагч гэнэт халагдана гэдэг бол амьдралд нь том цохилт болноо доо. Хэн нэгэн эрх мэдэлтний үзэмжээр хэзээ ч халагдаж мэдэх нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс ажилдаа яаж хандах нь ойлгомжтой. Энэ бүгд нь өнөө үед төрийн албан хаагчдыг сайн ажиллах нөхцлөөр хангасан эрх зүйн сайн орчин, хамгаалалт хэрэгтэй байгааг харуулж байна. -Та Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд гурван ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар 8 жил ажилласан туршлагатай төрийн албаны хүн. Нууц биш бол манай уншигчдад ажил үүргийнхээ талаар ярьж өгөөч. -ҮАБЗ-ийн ажлын албаны даргын нэр хүндтэй, хариуцлагатай ажилд ажиллаж байх хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ҮАБЗ-ийн тэргүүнээр, С.Төмөр-Очир, Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, М.Энхболд, С.Баяр нар гишүүнээр, Р.Болд, Д.Готов, П.Сүндэв, М.Ганболд нар нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас манай албаны ажлын талаар ямар нэг зэмлэл гарч байгаагүй. Манай алба жилийн ажлын дэлгэрэнгүй тайлангаа ҮАБЗ-ийн Тэргүүн, гишүүдэд цаг хугацаанд тайлагнаж ирсэн. Жил бүрийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтад ямар ч зөрчил дутагдалгүй, хангалттай үнэлэлт дүгнэлт авч ирсэн. Намайг ажиллах хугацаанд ажлын алба маань ҮАБЗ-ийн 200 гаруй удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, түүгээр хэлэлцэх 400 гаруй асуудлыг боловсруулсан байна. Үүнд төрийн болон гадаад бодлого, эдийн засгийн бодлогын олон асуудал, байгаль орчин, хөрс, усны бодлого, батлан хамгаалах, энхийг сахиулах гээд тулгамдсан олон чухал асуудлууд хамаарч байна. Энэ бол бидний ажлын ил харагдаж байдаг багахан хэсэг юм. Энэ хугацаанд дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд, төлөөлөгчид, эрдэмттэй уулзаж, санал бодлоо солилцож, харилцан ажиллаж байв. Амьдралын маань багагүй хугацаа энэ албатай холбоотой. Эргээд бодоход хэлэлцэх асуудлыг тодруулах, бэлтгэхэд ихээхэн цаг хугацаа зарцуулдаг байжээ. Үүний тулд төрийн байгууллагуудаас ирж байгаа мэдээллүүд, олон арван эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн тайлан, материалуудыг уншиж, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачид, жирийн иргэдтэй уулзаж санал бодлыг сонсох, орон нутагт ажиллаж бодит нөхцөл байдалтай танилцах зэргээр их ачаалалтай ажиллаж байжээ. ҮАБЗ-ийн ажлын алба анх 10 орчим хүнтэй байгуулагдсан. Түүний анхны даргаар томилогдон найман жил ажиллажээ. Цөөн хүнтэй байхад хүч тарамдуулж олон зүйлд бус тодорхой цөөн асуудлыг сонгон шийдвэрлэхэд анхаардаг байлаа. Дараа нь эрдэм шинжилгээний хүрээлэнтэй болсон. Гэвч өнөө цагийн “өвчин” гэхүүдээ бие даасан тусгай байгууллага байх гэсэн хүрээлэнгийн удирдлагуудын зүтгэлээс болж нэг чигт харж ажиллахад үнэхээр хүнд байсан. 2008 оноос алба маань өргөжиж орон тоогоор томоохон яамны хэмжээний болсон. Энэ нь өргөн хүрээнд ажиллах боломж олгосон. Тиймээс сүүлийн үед хэд хэдэн томоохон асуудлыг хөндсөн судалгаа хийж, асуудлыг шийдвэрлэх талаар төсөл боловсруулсан. Харамсалтай нь түүнийгээ хэрэгжүүлэх талаар ажиллах боломж гарсангүй. ҮАБЗ-д Төрийн байгууллагуудаас мэдээ, тайлан ирдэг. Гэвч төрийн байгууллагууд хэтэрхий улс төрждөг, мэргэшсэн мэргэжилтнүүд нь тогтвор суурьшилтай ажилладаггүйгээс ирсэн мэдээлэл бодит амьдралаас зөрөх тохиолдол цөөнгүй. Манай нэртэй эрдэмтэн судлаачид, төрийн зүтгэлтэнгүүдийн зүтгэлээр Үндэсний аюулгүй байдлын асуудлуудын хууль эрх зүйн орчны үндэслэл, эхлэлийг сайн тавьсан гэж үздэг. Харин үргэлжлүүлэх, чанаржуулах асуудал анхаарал татсаар байна. Миний хувьд хууль хэрэгждэггүй өнөө үед нэгэнт бүрдэж бий болсон аюулгүй байдлын орчинг судалж үнэлэлт өгч ажиллахаас ажлаа эхэлсэн. Монгол эх орноо нэг хүний нүдээр харж, бараг бүх газруудад очиж байдалтай биечлэн танилцсан нь хэн хүнд олддоггүй маш ховор хувь тавилан гэж боддог шүү. Эх орныхоо газар нутгийг сайн мэднэ. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд манай улсын аюулгүй байдлын орчин ихээхэн өөрчлөгдсөн. Түүнд голлон анхаарлаа хандуулдаг байлаа. Монгол хүн аюулгүй орчинд амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд бидний хамтын бүтээл чиглэж байдаг. Энэ хүрээнд төр, гадаад бодлого, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин, батлан хамгаалах, боловсрол, хүний хөгжил гээд олон асуудал яригддаг. Тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зарим үүрэг нь манай албанд ногддог. Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байгууллагын ажилтай танилцах, бодитойгоор бий болсон аюулгүй байдлын орчинг судлахад багагүй цаг зарцуулсан. Аюулгүй байдлын орчны судлаад ирэхээр олон асуудлыг цогц байдлаар тодорхой бодлогоор шийдвэрлэх шаардлага урган гардаг. Тэгж л шийдвэрлэхгүй бол амжилтанд хүрэхгүй. Монгол Улсынхаа бүх сумын төрийн байгууллагын ажил, түүний дотроос Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгчтэй уулзаж, эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Дараа нь сумын иргэдтэй уулзахаар сумын ажил, иргэдийн эрүүл мэнд, эрүүгийн нөхцөл байдал тодорхой болдог. Аль суманд ямар асуудал анхаарал татаж байгаа, ямар өвчлөл давамгайлдаг, эмнэлгийн унааны байдал, эмч, багш нарын хангалт, сургуулийн сургалт, сурагчдын дотуур байрны нөхцөл, ирээдүйн иргэдийн боловсрол, хүний хөгжил, гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал гээд аюулгүй байдлын нөхцөл, орчинг сайн мэддэрч нарийн судалгаатай байсан. Ард иргэдээсээ байнгын тогтмол мэдээлэл авч, хариуг нь өгч хамтарч ажилласан. Улсын хэмжээнд Зэвсэгт хүчний бүх анги, салбарууд, Онцгой байдлын ерөнхий газрын бүх нэгжүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын бүх хэлтэс, албадууд, орон нутгийн Цагдаагийн хэлтэс, сум дундын тасаг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажил, амьдралтай бүрэн танилцсан. Алс суманд ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч цагдаагийн амьдрал ахуйд бага ч гэсэн тус дэм болохыг эрхэмлэж ажиллаж ирсэн. Хүлээсэн үүргийнхээ дагуу Цагдаагийн ажилд хойрго тусладаг Засаг дарга, ИТХ-ын дарга нартай хатуухан хариуцлага тооцдог байлаа. Мөн гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд, лабориториуд, хилийн боомтуудын өнөөгийн байдалтай танилцсан. Стратегийн ач холбогдолтой бүх орд, томоохон уурхайнууд, химийн хорт бодисоор хордсон газар нутаг гээд бүхий л газарт хүрч шуурхай ажилладаг байв. Монгол Улсын дархан хилийг гурвантай тойрч, түүнийг хамгаалж байгаа бүх отряд, заставууд, хилчдийн ажил, амьдралтай ойр дотно танилцсан. Тэсгим хүйтэн аагим халуунд албанд албаа гүйцэтгэж байгаа дайчидтай уулзаад атга чихэр, блок тамхи өгөөд явдаг. Тэдний албаа гүйцэтгэж байхыг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Тэмдэглэлээ уншиж байхад олон зуун байгууллага, олон мянган хүмүүстэй уулзсан байна. Энэ бүхний эцэст бодлогын чанартай, хооронд нь уялдуулан зохицуулах маш олон тулгамдсан асуудал тодорч байгаа юм. Хамгийн сүүлд “Монгол Улсын хилийн боомтууд”-ын асуудлаар бүрэн хэмжээний судалгаа хийж, бодлогын баримт бичиг боловсруулсан. Түүнийг зохих байгууллагуудад танилцуулсан эсэхийг мэдэхгүй. Их хөдөлмөр шингэсэн. Хилийн боомтуудын өнөөгийн байдлыг газар дээр нь танилцаж, Орос, Хятад Улсын хилийн боомтуудтай харьцуулж судалсан. Эдийн засгийг эрчимтэй эргэлдтэд оруулахад боомтуудыг цогц бодлогоор хөгжүүлэх асуудал нэн чухал юм. Өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэхэд анхаарах асуудлаар саналаа тодорхой тусгасан. -Таны ажлаа өгөөд шүүхэд хандсан гэсэн, шийдвэр нь яаж гарсан бэ? Учир мэдэх хүмүүс таныг ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэх юм билээ. Таны хувьд гомдолтой байдаг байлгүй. -Тийм ээ, эхлээд би төрийн албаны зөвлөлд хандсан. Гомдлыг шалгах олон хүнтэй комисс томилогдож, учир шалтгааныг олохоор 3 сар ажилласан. Тэр хугацаанд бүх зүйл болоод өнгөрдөг. Миний асуудлыг шалгахдаа томилсон комисс нь нэг ч удаа надтай уулзалгүй, нэг талыг бариад шийдвэр гаргачихсан. Шийдвэр гаргах хуралд нь биечлэн оролцох хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Эцэст нь дүгнээд бодоход хуулийг хуульчид л нарийн мэдэрч завхруулж байдгийг олж харлаа. Өнөөдрийн өнгө төрх иймэрхүү байна. Цаг үедээ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол тэр нь нийгмийнхээ хөгжлөөс хойш нь чангаагч хүч болдог. Тийм газрын нэг нь Төрийн албаны зөвлөл болсон байна лээ. Төрийн албаны зөвлөл нь бохир зүйлээс төрийн албыг хааж чаддагүй, зөв зүйлийн төлөө хамгаалж тэмцэж чаддагүй, хүчтэйн өмнө тал засаж, хүчгүйн дээр дарамталж байдаг газар болжээ. Үүгээрээ тэнд шинэчлэлт хийгдэх ёстой газрын нэг яах аргагүй мөн байна лээ. Дараа нь би хууль бусаар ажлаас халагдсаны хувьд шүүхэд хандсан. Миний гаргасан гомдлын дагуу нийслэлийн захиргааны хэргийн шүүх, дараа нь Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаанаар асуудлыг авч хэлэлцэж намайг ҮАБЗ-ийн ажлын даргын албан тушаалаас үндэслэлгүй халагдсан гэж тогтоож, эргүүлэн тавих шийдвэр гарсан. Харамсалтай нь энэ шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй явна. Монгол Улсад эрх мэдэлтэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болдог жишээнүүдийн нэг нь энэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүхийн салбарт хийхээр “зарласан” шинэчлэлтийг олон түмэн талархан хүлээж байгаа. Гэтэл түүний аппаратад ажиллаж байгаа зарим албан тушаалтанд шүүхийн шийдвэр хамаагүй байгаа юм. Тэд бүх шатны шүүхийн шийдвэрийг эрээн цаас болгон хувиргаж, нааш цааш шидлэн доог тохуу болгон тоглож байна. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй албан тушаалтанд хүлээлгэх хуулийн хариуцлага нь тун инээдэмтэй юм билээ. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжүүлэх хариуцлагын тогтолцоо байхгүй гэж үзэж болно. Хэрэгждэггүй хуультай газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж нүсэр байгууллагыг татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлээд байх хэрэг байгаа юм уу ? Жирийн иргэн хүний хувьд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, ШШГЕГ-ийн дарга гээд зохих бүх газарт хандсан л даа. Тэгээд хууль нь “гууль” учраас бүх зүйл дууссан. Монгол Улсад тодорхой албан тушаалтнууд хууль биелүүлдэггүй, түүнээс болоод хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комисст хандсан тэндээс ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад Албан шаардлага хүргүүлсэн байна лээ. Жирийн нэг төрийн албан хаагч асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэхэд хоёр жил зарцуулаад үр дүнг үзээгүй явж байна. Одоо надад очих, хандах газар байхгүй. Асуудал ийм байгаа нь монголын төрийн өнөөгийн нүүр царай, төрх, гуниг, гутамшиг. -Ер нь Монгол төрийн нэн чухал энэ албанд ямар шалгуураар томилогддог юм бэ? Би Ажлын албанд ажиллагсадаа энэ байгууллагад ажиллана гэдэг өндөр нэр хүндтэй ажил, тиймээс энд сурах гэж ажилладаг бус юу сурч мэдсэнээ эх орондоо зориулах ёстой тэр газар гэж хэлэх дуртай. Энэхүү хариуцлагатай ажилд хамтран ажиллаж байсан өндөр бэлтгэгдсэн, ажил хэрэгч мэргэжилтнүүддээ баярлаж явдаг. Тийм хүмүүст ажлын чигийг нь тодорхойлоод өгөхөд өөрсдөө санаачилгатай ажиллаад асуудлыг боловсруулаад ирдэг, урамтай шүү. Хүний сайхан сэтгэлийг дэмжиж ажиллахыг хүсдэг. Мөн миний ажилд байнгын туслалцаа үзүүлж хамтарч ажиллаж байсан ҮАБЗ-ийн Шинжээчид, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай, С.Батхуяг, Академич Ч.Далай, Т.Дорж, Л.Хайсандай, С.Энхбат, Н.Жанцанноров, эрдэмтэн Пүрэвбаатар, Гэндэнбаатар, Ш.Бат-Эрдэнэ нартаа их баярлаж явдаг. Дарга болгоны өмнө бөхөлзөж, “арга”-ыг нь олж тал засан амиа зогоодог, арчаагүй цөөн нэгэнтэй ч хамт ажиллаж байсан. Тийм хүмүүс мэргэжилдээ тааруухан, өгсөн үүрэг даалгаврыг өмнөх туршлагадаа тулгуурлан, урьд нь хийж байсан зүйлээ багахан зассан болоод биелүүлсэн болж, цаг нөхцөөж, ажил явуулахад саад, чөдөр тушаа болж, өнөөдрийн хүмүүсийн ярьдагчлан “хор” найруулж амиа зогоодог. Хийсэн “ялаа”-ны хэмжээтэй ажлаа “тэмээн”-ий дайтай болгон хүнд ойлгуулах авьяас тэдэнд заяасан байдаг. Хэн нэгний ивээлээр явж ирсэн байж болно. Гэхдээ өөрөө чадвартай байх хэрэгтэй. Ийм хүмүүс төрийн ажлын залгамж, уламжлалт байдал алдагдсан завшааныг тун чадмаг ашигладаг юм билээ. -Ингэхэд та ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар ирэхээсээ өмнө ямар ажлууд хийж байсан бэ? Ямар мэргэжилтэй вэ? -Энэ албанд ирэхээсээ өмнө зэвсэгт хүчинд 12 жил ажилласан. ЦИС-д сурч байсан дөрвөн жилдээ сонсогчоос тасаг, салаа, жагсаалын дарга гээд, офицер болоод бага дэслэгчээс бусад бүх цолыг зүүж үзсэн, хоёр удаа хугацаанаас өмнө цэргийн цолоор шагнагдсан. Одоо Зэвсэгт хүчний хурандаа цолтой. Анхны томилолт БХИС-д ажлаараа хоцрогдож яваа салбарт байсан. Салбарын офицерууд гар нийлэмжтэй ажилласнаар тун багахан хугацаанд тэргүүний салбар болгож билээ. Тэгээд харьцангуй богино хугацаанд салбараас дивизийн масштабд янз бүрийн албан тушаалд дэвшин ажилласан. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллаж байхдаа нийт 200 гаруй удаа гадаадын хүндэт төлөөлөгчид болон төрийн ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж ажиллахад оролцож байсан. Арми надад тэсвэр хатуужил олгож, сахилга батад сургасан. Арав орчим жилийг иргэний салбарт бүр тодорхой хэлбэл дүүргийн боловсрол шинжлэх ухаан, хүн эмнэлэгийн салбарыг хариуцсан зохион байгуулагч, МАХН-ын дүүргээс эхлэн бүх шатны байгууллагад ажиллаж байсан төдийгүй, МАХН-ын төв Хорооны Хяналтын Ерөнхий Хорооны хянан шалгагчаар ажиллаж байлаа. Цэргийн нэгдсэн дээд сургууль, ОХУ-ын Москвагийн Нийгэм Эдийн засгийн Их Сургууль, ОХУ-ын Удирдлагын Академийг төгссөн. Цэргийн улс төрийн ажилтан, эдийн засагч, социологийн мэргэжилтэй. ХБНГУ, ОХУ-д мэргэжил дээшлүүлж байсан. 90 оны үед ОХУ-д сурч байсан юм. -90 оныг яаж хүлээж авсан бэ? -Өө энэ үед миний амьдралд том өөрчлөлт гарсан гэж үзэж болно. Аливаа залуу хүн бүрийн нэг адил сурч боловсрох хүсэлдээ хөтлөгдөн 1989 онд Цэрэг улс төрийн академид орж суралцахаар уралдаант шалгалтад орсон юм. Энэ уралдаант шалгалтанд би тэргүүн байранд шалгарч, Академид явахаар бүх шатны хурлаар хэлцэгдэж батлагдсан байсан боловч амьдралдаа архи, тамхи хэрэглэж үзээгүй намайг архи уусан хэргээр гүтгээд хасчихсан. Хожим нь сонсоход нэгэн даргын хүүхдийг тэнцүүлэхийн тулд намайг золиосолсон байж билээ. Би жирийн малчны хүүхэд л дээ. Хамгаалалтгүй цорын ганц хүн нь би байсан. МАХН-ын Хянан шалгах хороонд хандсан бөгөөд мөн л олон сар сунжирсан шалгалтын дүн Цэргийн академийнхан сургуульд явсанаас долоо хоногийн дараа гарч, намайг гүтгэсэн нь тогтоогдсон л доо. Намайг дараа жил сургуульд явуулна ч гэж амласан. Гэвч би цаг хугацаа алдахыг хүсээгүй, нөгөөтэйгүүр уралдаант шалгалтаар нэгд шалгараад хасагдсан шарандаа нилээд хөөцөлдөж заргалдсан нь дарга нарын “уур”-ыг хүргэсэн юм байлгүй намайг бүр армиас халчихсан. Хэсэг ажилгүй байсны дараа дүүргийн МАХН-ын хороонд ажиллаж байгаад ОХУ-д тэр үеийн “коммунист намын” дээд сургуульд явсан юм. Очтол тэр сургууль татан буугдсан ба сургуулийн захиргаа оюутнууд нь сургуулиа өөрчлөн байгуулж нийгэм эдийн засгийн дээд сургууль болгохоор том тэмцэл эхэлсэн. Нэгэнт очсон сургууль нь татан буугдсан тул надтай очсон Монголчууд буцсан. Миний хувьд дахиад сурах бололцоогоо алдана гэдэг туйлын хүнд цохилт болсон. Ингээд би сургуулийнхаа багш оюутнуудын тэмцэлд нэгдэж орсон. Улс төрийн суулт, үргэжлээд өлсгөлөнд биечлэн оролцсон. Бидний тухай мэдээ, өгүүлэл тэр үеийн “Правда” сонинд их гардаг байсан. Бидний тэмцэл ялалтаар төгсөж өнөөгийн ОХУ-ын Нийгэм эдийн засгийн их сургуулийг байгуулж байсан юм. Хэдийгээр тэнд ганц Монгол оюутан оролцож байсан ч гэсэн асуудлыг “олон улс”-ын статусаар тавьж ярих боломжийг олгож байсан юм билээ. Энэ үйл ажиллагаанд оролцсон тул сургуулийн захиргаанаас надад сургууль төгсөх хүртлээ хоёр өрөө байранд амьдрах, сар бүр хоёр сарын оюутны тэтгэлэгтэй тэнцэх цалин олгож, буцсан монгол оюутнуудыг дуудан ирүүлж сургуулийн зардлаар үнэгүй сургах тухай миний саналыг дэмжсэн. Энэ бол тэр үедээ том хүндэтгэл байлаа. Залуу нас эрч хүчтэй байжээ. Ингээд би энэ сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 90-ээд оны үйл явдлыг ОХУ-д өнгөрүүлсэн. Өөрчлөн байгуулалтын үйл явцыг газар дээр нь харах боломж олдсон. Москвад онц байдал тогтоосон, мэдээллийн бүх сувгууд хаагдсан тэр үед сэтгүүлч нөхрийнхөө мэдээнүүдийг МИАТ-ын нисэгчдээр дамжуулан “Өнөөдөр” сонинд явуулж байлаа. -Таныг яагаад энэ чухал албанд тавих болсон юм бэ? -Та Н.Багабанди ерөнхийлөгчийн үед энэ албанд томилогдсон. Н.Энхбаяр ерөнхийлөгчийг ажиллаж байхад ч үргэлжлүүлэн 4 жил ажилласан. Харин яагаад ардчилсан ерөнхийлөгчийн үед ажлаа өгөх болсон бэ? Ажлын албанд ажиллагсад нь хүчний байгууллага болон иргэний салбарын мэргэжилтнүүдээс бүрддэг. Энэ хоёр салбарт ажиллагсад мэргэжлийн болон зан харилцааны төлөвшил ондоо байдаг. Миний хувьд энэ салбаруудад ажиллаж байсан нь сонголт хийхэд их нөлөөлсөн болов уу. Нөгөөтэйгүүр өөр хүчин зүйл байсан биз ээ. Энэ алба нь мэдээллийн нэн чухал зангилаа төв юм. Тиймээс сонирхолын бүлэглэлүүдийн анхаарлын төвд байж, тэнд өөрийн хүнээ байршуулах оролдлого байнга байсаар ирсэн. Энэ ажилд 8 орчим жил ажилласны 2.5 жилд нь нарийн бичгийн дарга томилогдолгүй ажилласан. Нэг жилд нь төрийн нууц задруулсан гэсэн зүйл ангиар мөрдөн байцаагдаж их дарамттай өнгөрүүлсэн. Монгол банкад алт тушаах нь багассан үе. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Нарийн сухайтын чиглэлд нүүрс тээвэрлэдэг хятадын жолооч нарын гар дээр гаалийн лац их хэмжээтэй байдаг, дуртай үедээ тэр лацаа хэрэглэж байгаа тухай мэдээлэл ирсэн юм. Тэнд томилолтоор гурав хоног ажиллаад нь газар дээр нь уг асуудлыг үнэн болохыг тогтоосон. Тэгээд буцаад хотод ирэхэд намайг бүх сонинуудад янз бүрээр гүтгэн доромжилсон мэдээ, өгүүллэгүүд гаргасан байсан. Үүнийг тун шуурхай зохион байгуулдаг юм билээ. Төр ийм л үед хүнээ хамгаалах ёстой санагдсан. Хүнийг айдастай, дарамт шахалттай амьдруулна гэдэг хэн ч тооцож чадамгүй, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг амсуулж, амьдралын наснаас хороож байдгийг биеэр мэдэрсэн. Эрүүгийн хэрэгт холбогдуулж, ял сонсгож, хүнийг айдас хүйдэстэй амьдруулах сонирхол хэнд байв. Хийгээгүй хэргийн төлөө байцаагдаж, ял сонсоно гэдэг хатуу “тоглоом”, түүнд гэр орноороо чирэгддэг. Амьдралд шударга хүн байдаг болохоор тэдний туслалцаатайгаар амьдралын хатуу ширүүнийг даван туулсан. Нэг жилийн хугацаанд “төрийн нууц задруулсан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, байцаагдаж өнгөрөөсөн. Тэр үед “Сэрүүлэг” сонинд тавьсан мэдээнүүд далд байсан зүйлийг ил болгож, олон санаархлуудыг тас цохиж, надад тулган хүлээлгэж байсан дарамт шахалтыг зайлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгээгүй бол энэхүү дарамт шахалт хэдий хугацаанд үргэлжлэх байсан бол гэж боддог юм. Тиймээс “Сэрүүлэг” сонинд, сэтгүүлчдэд би ямагт талархаж явдаг юм. -Та ажлаа өгөөд 2 жил өнгөрчээ. Энэ бага биш хугацаа шүү дээ. -Төрийн алба, бизнес, төрийн алба гэсэн хэлбэрээр ажиллаж байгаа хүмүүс илүү хожиж байгаа нь үнэн. Өнөөдөр ийм л дүр зураг харагдаж байна. Би төрд тасралтгүй ажилласан жирийн нэг төрийн албан хаагч, өнөөдөр над шиг ажлаас халагдахад амьдралын баталгаа алга. Улс орныхоо төлөө зүтгэж ирсэн мянга, мянган иргэдийн нэгэн адил миний мэтийн хүн төрийн албанаас гэнэт халагдахад амьдралд хүнд цохилт болон тусж байгаа. Тэгээд төр нь харж үзэхгүй бол бүх зүйлээ шинээр эхлэх болж байна. Амьдралын баталгаа алдагдаж, “тугал хариулах цаг” ирлээ. Үнэндээ хариулах тугал нь олдохгүй бололтой. Би төрийн бус байгууллага байгуулж ажиллаж эхэлж байсан. Дутуу зүйл их байсан. Түүнийг нь далимдуулаад булаагаад авсан. Үнэхээр ичгүүртэй хэрэг. Төрийн зарим байгууллага ч энэ ажилд хутгалдсан. Сэтгэлээр хамгийн ядуу хүмүүс бусдын хийсэн зүйлийг булааж амьдардаг. Сэтгэл санаа тавгүйдэх үедээ цаас, үзэг нийлүүлж бухимдалаа тайлдаг. Олон арван өгүүлэл, нийтлэл бичжээ. Түүнийгээ дахин дахин уншиж, сэтгэлээ тайвшруулдаг. Манай нийгэмд байгаа бурангуй зүйлийг шууд илэрхийлбэл намайг амьдралын хатуу ширүүн зүйл угтана. Тэр зам туйлын хүнд. Харин уран зохиол, ёгтлол, нийтлэлийн хэлбэрээр илэрхийлэх нь олон түмэнд ойлгомжтой, нийтэд хүртээмжтэй гэж боддог. Чөлөө цаг гарвал фото зураг сонирходог. Тэдгээр нь арвижсаар олон мянган зураг, баримт хуримтлагджээ. Нөгөө талаар уран бүтээлийн минь нэг үндэс болдог. Шударга үнэнийг бичсэний төлөө олон шахалт дарамт ирнэ. Гэхдээ надад айх юм алга. Нийгэмд шударга, үнэнийг тогтоохын төлөө тэмцэх л болно. Төрд шударга зүтгэснийхээ төлөө амьдрал маань хохирч, цаг хугацаа алдаж, хүнд хэцүүг туулдаг. Ийм л хувь заяа ногдсоноос хойш үүрэхээс аргагүй. Өнөө цаг үед шударга үнэн хүчгүйтэж байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тутам зарим зүйлийн үнэ цэнэ улам тодорхой болно. -Таны ажлыг Хурц авч үргэжлүүлэн ажилласан. Энэ тухай ярьж өгөөч. Миний хийж байсан ажлыг хэн залгамжилж авав гэдгийг сонирхдоггүй хүн ховор биз ээ. Миний хийж байсан ажлыг Хурц хүлээж авсан. Гэхдээ өнгөрсөн хугацааны дийлэнхид албан ажлаа хийж чадсангүй. Надаас ажил авч байсан үеийн Хурц өөрчлөгдсөн байхаа. Хүн амьдралын хүнд хэцүүг биеэр туулах дутам ухааждаг, тэгж найдаж байна. Хэн хэн нь төрдөө зүтгэсэн. Гэхдээ нэгийг нь төр ивээлдээ авч байхад нөгөөг нь гудамжинд ажилгүй хаяснаараа бид хоёрын амьдрал ялгаатай. Ажилгүй байлаа гээд амьдрал зогсох биш дээ. Хэвлэлд гарсан материалуудыг уншиж байхад янз бүрийн бизнест нэр холбогдсон хүмүүс нэн чухал төрийн албыг дүүргээд байвал төрд зүтгэсэн ахмад үе, өнөө үеийнхний улс орныхоо төлөө зүтгэсэн зүтгэл талаар болж, шудрага ёс, үнэнч хөдөлмөр гэдэг зүйл улс төрчдийн ард түмний өмнө ярьдаг хоосон лоозон болж хувирч байна.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/