МБНЭ-ийн байгуулагдсаны нэг жилийн ойд зориулсан илтгэл
Илтгэгч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан


Нэгэн жил- түүхийн хувьд авч үзвэл ахар богино хугацаа, гэвч бид, Бөө нар эвлэлдэн нэгдэж МБНЭ-ийг байгуулаад нэгэн жил өнгөрчээ, бид юуг амжуулав, бид юуг бүтээв гэдэгт хариулах гэж оролдоё.
Нэгэн жил, Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадав. Энэ нь олон асуудалд хариулт өгч байна. Бөө нар нэгдэж чадахгүй, хоорондоо таардаггүй гэнэлээ, нэгдсэн ч удахгүй тарна гэж оношлож байв. Бидний тараах гэсэн, бутраах гэсэн оролдлого ч гарч байсан.
Гэвч бид өнөөдөр Мөнх хөх тэнгэр, Эзэн Чингис хааны гэгээн сүнсний дор нэгдэн нийлж, нэг цул хүч болон Монголын Бөө нар нэгдэж чадлаа. Бөө нар бол Мөнх тэнгэрийн Улаач нар төдийгүй Их монгол Улс, Эзэн Чингис хааныхаа ариун сургаалыг түгээгч, Монгол үндэсний үзэл, Монгол генийн уг уламжлалыг үргэлжлүүлэгч, Монгол бахархал, Монгол омогшил, Монгол огшилыг биеэр үлгэрлэгчид билээ.
Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм.
Түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг олон шашин сүүлийн 20 жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ.
Энэ бүхний нөгөө талд нь түүхийн олон зуун жилийн турш Харийн гүрний бодлогод эзлэгдэж, тэдний үзэл суртал болсон шашин, сурталд хүчээр дагаар орсон, Бөө нарыг бөөнөөр нь генецит хийж устгасан, зан үйлээ хийх наад захын бололцоог хууль цаазаар дарангуйлан хавчсан, Бөө шүтлэгийг хүй нэгдлийн харанхуй бүдүүлэг зүйл мэтээр хүмүүст ойлгуулсан тийм л цаг хугацааг туулж өнөөдрийг хүрч иржээ.
Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах болно. Мөнх тэнгэрийн улаач бол бусдад үлгэр жишээ үзүүлэгч манлайлагч байх ёстой.
Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
Нэгэн жил-Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Даяаршилын энэ зуунд, ялангуяа хөрсөн доороо асар их баялагтай Өвөг дээдсээс минь онгон дагшинаар хадгалж ирсэн нутаг Лиценз нэртэй алга дарам цаасаар харийнханы эзэмшилд очиж, эрчимтэй сүйтгэгдэж байна.
Бидний хийж байгаа Тахилга тайлга бол эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.
Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ, Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг мөн.
Нэгэн жил-Монгол Бөөгөө уламжлалт дэг жаягаар хөгжүүлэхийн төлөө тэмцэл байлаа. Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Энэ бол Монгол бахархал, Монгол Бөөгийн гайхамшиг билээ. Монгол бөөгөө уламжлалаа баримтлан, нууцаа хадгалан хөгжүүлэх түүхэн үүрэг өнөөгийн Тэнгэрийн Улаач нарт ногджээ.
Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн бөөгийн нэгдлүүдийн түүхийг давтахыг хүссэнгүй. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Бидний зорилго амжилттай биелж байна. Монголын арван хоёр аймагт салбараа байгуулжээ. Ийм хэмжээнд ажилласан Монгол Бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Д.Энхжаргал нартаа та бүхний өмнөөс талархал илэрхийлэхийг хүсж байна. Мөн орон нутагт МБНЭ-ийн салбарыг байгуулж, идэвхтэй ажиллаж байгаа Монгол Бөөгийн Буриадын Их Удган Гэрэлтуяа, Зайран Ганболд нартаа МБНЭ-ийн Дээд цэцийн өмнөөс болон МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийг хүсч байна.
Энэ сайхан хүмүүсийн зүтгэл бүтээлийг үгүйсгэн хэн нэгэн нь саяхан манай сайтад “удган хүүхнүүд, банди” нар, “МБНЭ-д хэнд ч хэрэггүй хүмүүс цугларсан газар” хэмээн бичжээ. Бидний ажлыг үгүйсгэхдээ, арга ядсандаа энэ зүйлийг бичжээ. Ингэж аяглах нь хэнд хэрэгтэй юм бэ.
Монгол Бөөгийн Нэгдсэн байгууллага байгуулах нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш ээ. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг Та бидний өмнө байна.
Өнгөрсөн 20 жил зөвхөн Бөөгийн нэрийг ашиглан хувьдаа өндөр алдарт хүрсэн, бөөгийн нэрээр бизнес хийж ашиг олсон ч хүмүүс бий. Одоо тэдэнд биднээс хэлэх үг бий. Монгол Бөөгийнхөө төлөө ажиллах цаг иржээ. Одоо би гэдэг үгнээс татгалзаж бид гэж ярьж суръя, бид гэж хамтарч ажиллаж суръя. Бөөгийн нэрийг худалдан амьдрагчдыг энэ мөчөөс хуучин заншлаасаа татгалзаж, шинээр амьдарч бөөгөө хөгжүүлэхийг уриалж байна. Бас зарим нэг нь “од”-ын өвчнөөр өвчилж, бөөгийн уг бариад цөөхөн жил болж байгаа мөртлөө ахмад үе, ах захынхаа дээгүүр харайж янз бүрийн цол хэргэмийг өөрсдөдөө хүртээж маяглаж байгааг яалтай билээ. Манай нэртэй Зайран энэ үйлдлийг “Хав”-ийн нүүрэнд арслангийн маск өмсгөсөн ч биеэ нь “хав” хэвээрээ харагдана шүү дээ” гэж тун оновчтой хэлсэн билээ.
Мөнх тэнгэрийн төлөө зүтгэж, өөрийн бүхий л амьдралаа зориулсан “Тэнгэрийн улаач” нарын зүтгэлийг үнэлдэг газар алга байна. Төрөөс үнэлэх нь тун ховор байдаг. Тиймээс энэ байдлыг зарим хүмүүс овжин ашиглаж, янз бүрийн цол, нэрийг бий болгож, түүнийгээ худалдан ашиглаж байна. Янз бүрийн хуурамч цол, ганц хүний үзэмжээр олгодог, элдэв тэмдэгээс татгалзая. Ямар нэгэн сэдвээр бүтээл тууриваагүй, эрдмийн зөвлөлөөр орж сэдвээ хамгаалаагүй бол “хуурамч” доктор цол авахаас татгалзая. Ийм хуурамч алдар цол нь өнөөдөр хэн ч мэдээгүй үедээ хэрэгтэй юм шиг санагдаж байж магадгүй, маргааш олон түмэн мэдээд ирэхээр нүүр хийх газаргүй “онигоо” болно. Бөө нар нэг нэгэндээ цол, гуншин өгдөг мэт сэтгэгдэл нийгэмд бий болно. Үүнээс сэргэмжлэх ёстой. Монгол төрөөс шийдвэр гаргаагүй байхад “Төрийн” гэсэн Зайран, Удганы цол олгох, Төрийн шагналыг дууриасан дууриаж “Ард түмний баатар”,“Ард түмний гавьяат”,.....бүр сүүлдээ төрөөс гаргасан “Ашигт малтмалын зөвшөөрөлийн лиценз”-ийг дууриасан залуу “Тэнгэрийн улаач” нарт зориулсан “лиценз” бий болгожээ. Цаашдаа ийм инээдэмтэй, онигоотой зүйлээс татгалзаж сурья.
Өөрөө бүх зүйлийн толгойд байх ёстой мэт аягладаг өвчин мэт зүйлээс зарим бөө нар татгалзах цаг нь ирсэн байна. Олон жил бөөгийн нэр хүндийг ашиглаж явахдаа цаг үеээ мэдэрч Монгол бөөгөө нэгтгэх талаар яагаад бодож, сэтгэж ажиллаагүй юм бэ. Тэгээд бөө, шүтлэгтэн нар нэгдээд ажиллаад эхлэхээр энэ байгууллагыг зөвхөн “Бөө хүн” удирдах ёстой гэж олон түмэнд мэдэгдэж, улмаар хийж байгаа ажлыг саармагжуулах нь хэнд хэрэгтэй юм бэ. “Тэнгэрийн улаач” нар шүтлэгтэн олон хамтарч “Мөнх тэнгэр”-ээ шүтэж байгаа цагт бөөгийн байгууллагыг “Тэнгэрийн улаач” болон эгэл жирийн хэн ч удирдаж болно. Харин бөөгийн ёс зүйд хяналт тавих, бөөгийн нэр, цол олгох зэрэгт зөвхөн Бөө хүнэээр ахалсан, тийм бүрэлдэхүүнтэй “мэргэшсэн” баг ажиллах нь гарцаагүй билээ.
Нэгэн жил-Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчуудаа даяршилын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Олон мянгаар тоологдох бөө нар бий болж байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардах болжээ. Бөөгийн гэх гэмт хэрэг бий болж, бөө нарыг хуурамч, жинхэнэ хэмээн ангилах болжээ. Нийгэмд үүссэн ийм байдлыг арилгахын тулд МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Зайран Батсайхан, Одонхүү нараар ахлан “Монгол бөөгийн ёс зүй”-г боловсруулж, МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцүүлж, бөө нар нийтээрээ мөрдөж эхэллээ. Монгол бөөгийн ёс зүйг боловсруулахад сэтгэл зүтгэл гаргаж ажилласан Зайран Батсайхан, Одонхүү нартаа талархал илэрхийлэхийг хүсч байна.
Бид хэлэлцэж гаргасан “Монгол бөөгийн ёс зүй”-гээ олон түмэнд сурталчлах, хэрэгжүүлэх ажилд шамдан орох цаг ирлээ. Үүнийг хэрэгжүүлэхэд МБНЭ-ийн гишүүд дэмжигчид манлайлан оройлж оролцох ёстой.
Монгол бөөгийнхөө төлөө амьдралаа зориулсан “Тэнгэрийн Улаач” нартаа нэгдсэн журмаар алдар нэр, цол олгохоор боллоо. Энэ цолыг МБНЭ-д нэгдсэн бүх байгууллагууд хүлээн зөвшөөрч байгаа тул МБНЭ-ийн Дээд цэцийн болон Хяналтын цэцийн гишүүд бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан байх болно. Манай иргэд, шүтэгч нар ийм батламжтай, цолтой “Тэнгэрийн улаач” нараар үйлчлүүлж байхыг уриалж байна.
Мөн Монгол бөөгийнхөө төлөө сэтгэл, биеэ зориулан ажилласан “Тэнгэрийн улаач” нартаа МБНЭ-ээс одон, медалиар шагнаж байхаар тогтлоо. Энэ бүхэн бол бөөгийн үйл ажиллагааг шинэчлэх, цэгцлэх чиглэлээр бидний хийж байгаа ажлын эхлэл юм.
Нэгэн жил-бид МБНЭ-ийн бага хуралдай таван удаа, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүдийн хуралдайг арван удаа хийж, цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ. Бидний хамтарч ажиллаж сурч байгаагийн илэрхийлэл бол хуралдаан бөгөөд хамтын шийдвэр, бодлого бол бидний эцсийн шийдвэр, манай гишүүдийн хэрэгжүүлэх ёстой даалгавар болж байна. Бид ойрын жилүүдэд Монгол бөөгөө хөгжүүлэх хэтийн зорилттой, жилийн төлөвлөгөөтэй, нэгдсэн тахилга тайлга хийх төлөвлөгөө, хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдтэй болжээ. Бид бусдын өмнө хэлэх үг, зорилготой болжээ. Бид хамтарч ярилцаж, ажиллаж сурч байна. Цаашид ч энэ чиглэлээр хийх ажил их бий.
МБНЭ-ийн сонгуульт ажил бол зөвхөн нэрийн хуудсанд чимдэг хэдэн үсэг биш бишээ. Сонгуульт ажлын цаана хүлээх хариуцлага, үүрэг бий. Энэ үүрэг, хариуцлагаа биелүүлж чадахгүй бол хамтарч ажиллахын утга учир байхгүй юм. Тиймээс МБНЭ-ийн Дээд цэц, Хяналтын цэцийн гишүүнээр сонгогдоод ажилдаа хариуцлаггүй хандаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Энэ нь сонгосон бага хуралдай, нөгөө талдаа хувь хүнээс шууд хамааралтай байна.
МБНЭ-ийн бага хуралдайн гишүүнээр сонгогдоод хуралдаа ирдэггүй, татвараа төлж МБНЭ-ээ дэмждэггүй гишүүддээ хариуцлага тооцож МБНЭ-ийн бага хуралдайн гишүүнээс хассан. Цаашид Монголын бөөгийнхөө төлөө жинхэнэ сэтгэл зүрхнээсээ зүтгэж чаддаг хүмүүс бага хуралдайн гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг тавих болно. МБНЭ-ээс зохион байгуулсан ажилд оролцох идэвхтэй оролцоо, гишүүний татвар, хандив бол нэг чухал шалгуур үзүүлэлт байх болно.
Одоо бид МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөлийн зарим гишүүдтэй хариуцлага тооцохыг хүсч байна. МБНЭ-ийг байгуулахдаа Дээд цэцийн гишүүнээр сонгохдоо тодорхой үүрэг хүлээсэн хүмүүс бий. Гэвч энэ итгэл найдварыг биелүүлсэнгүй. Түүгээр зогсохгүй МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд тун цөөхөн оролцсон төдийгүй өөртөө нь холбоотой гарсан шийдвэрийг өнгөрсөн хугацаанд биелүүлсэнгүй, МБНЭ-д шавь нараасаа нэг ч гишүүн элсүүлсэнгүй.
МБНЭ-ийн нэрийг өөрийн нэр хүндээ өсгөхөд ашигладаг төдийгүй өөрийгөө МБНЭ-ийн Ерөнхийлөгч хэмээн тунхаглаж ёс зүйгүй авирлахыг нэг бус удаа гаргалаа. Тэгсэн атлаа МБНЭ-ээс татгалзаж гарсан хүмүүстэй нэгдэж ажиллаад байгаа бид юу гэж ойлгох вэ. Бүгдэд нь тал алдахгүй гэж дунд гүйж, зальжин маягаар ажиллаж, нэр төр хайгчдад сонголт олгоё, бас хариуцлага тооцоё.
Ийм зохисгүй үйлдлийг удаа дараа гаргасан, сонгуульт ажлаа хийгээгүй МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Эрдэнэбаярт хариуцлага тооцож, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас чөлөөлөх саналыг Бага хуралдайд оруулж байна.
МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажилдаа хайнга хандаж байгаа Зайран Чинбатад анхааруулга өгөхийг хүсч байна.Бид зөв сонголт хийж, хамтарч тэмцэж, ажиллаж сурах хэрэгтэй байна.
Нэгэн жил-Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд Дэлхийн бөөгийн сантай хамтарч ажиллан Монголд түүний нэрийг зээлдэн залилан хийж байсан үйл ажиллагааг таслан зогсоолоо.
ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар саналаа танилцуулж хамтран ажиллах эхлэлийг тавьлаа.
ОХУ-ын Буриадын Бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн , Халимагын тэнгэр үзэлтэн ,Өвөр монгол, Японы эрдэмтэн, АНУ-ын бөө нартай уулзаж бөө судлалын талаар санал бодлоо солилцлоо.
Гадаад хамтын ажиллагаа нь зөвхөн хэдэн хүний асуудал биш бөгөөд бидний хамтын зүтгэл нэн чухал юм. Манай МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ц.Отгонсүрэн ОХУ-ын буриадын бөө нартай хамтарч ажиллах чиглэлд идэвхтэй ажиллаж байна.
МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Буянбадрах Дэлхийн байгаль хамгаалагчдын Их хуралд, МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Чинбат Монгол туурагтны Их наадамд тус тус төлөөлөгчөөр оролцсон байна.
Нэгэн жилийн хугацаанд хийсэн ажлын талаар ярилаа. Одоо МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдэд энэ зун хийх ажлын талаар саналаа солилцохыг хүсч байна.Энэ жилийн хувьд нэгдсэн тахилгыг гурван удаа хийх бөгөөд эхний тахилга бол 2013 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд хийгдэх Арван гурван Алтайн толгой хайрхан Жаргалт ханы их тахилга юм. Өнө эртнээс тахиж шүтэж ирсэн энэ хайрханы тахилга бол Монголчуудын сэргэн мандалтын эхлэлийг тунхагласан, өвөг дээдсээс улбаалан өнөөг хүртэл цусаа үл хайрлан, хөлсөө газар шороондоо шингээн тэмцэж ирсэн баатарлаг, хөдөлмөрч ард түмний минь үеийн үед үл мартан тунхаглаж Монгол төр, эзэн Чингис хааны ариун сүнсийг баярлуулж, зуун зуунаар тасарсан бөөгийн нэгдсэн их залбирал, Их хэнгэрэгийн аянга мэт дууг Мөнх хөх тэнгэртээ хүргэх сэтгэл баясгаж, итгэлийг огшоосон, монгол бахархалыг бадраасан “Тэнгэрийн улаач” нарын Их үйлс байх болно. Алс холын баруун хязгаарт болох энэ их тахилгад оролцох бүх хүмүүсийнхээ төлөө “Тэнгэрийн улаач” нар залбирал үйлдэж, сэтгэл санаа итгэл зорилгоор хамт гэдэгээ илэрхийлэхийг хүсч байна.
Хоёр дахь их тахилга бол Монгол орны гол төв газарт хийгдэх Монгол туурагтаны Их тахилга юм. Монгол туурагтны алтан өлгий нутаг болох гурван голын билчэр, Ихэс дээдэс минь Монгол овогуудаа нэгтгэн улмаар дэлхийг эзэлсэн Их гүрнийг байгуулсан түүхийн эхлэл, Алтан нутгийн минь Зүрх уул, Бурхан халдуны Их тахилга үүнтэй зэрэг хийгдэх юм.
Улсын нийслэл Улаанбаатар хотын ойролцоо болох Их тахилга нь 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нарны тахилгаар эхэлнэ. Энэ тахилга бол Тэнгэртээ болон газартаа Монголын төрд “Тэнгэрийн улаач” нар нэгдсэн их хүч болсоны илэрхийлэл, өвөг дээдсээс өнөөг хүртэл Монголчууд бидэнд уламжлан үлдээсэн эх орныхоо онгон сайхан байгалиа хамгаалах их тэмцлийн Тунхаглал, монгол туурагтнууд тэнгэрийн зарлигаар холбогдон ажиллах Их үйлсийн эхлэл байх болно. Энэ тахилгад Монгол бөөгийн бүх байгууллагууд, Тэнгэрийн улаач нар, сүсэгтэн олноо оролцохыг уриалж байна.
Энэ намар хийгдэх гурав дахь тахилга бол Монголын хөл уулын Их тахилга юм. Өнө эртнээс монголчуудын нэгдлийг тунхагласан их тулаанууд, өвөг дээдсүүдийн уухиан дуу, морьдын төвөргөөнийг хөрсөн дээрээ тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар нутагт болох Их тахилга бол зон олны минь олон зуун хүлээж ирсэн их хүлээлтийн “тэсрэлт” болно.
Эдгээр их үйлийн бид хийхгүй бол өөр хэн хийх билээ-“Тэнгэрийн улаач” нар минь ээ. Монголын бөө нарын хувьд дотооддоо хийж цэгцлэх ажил их бий. МБНЭ байгуулагдсанаас хойш Бөө нэрийг зээлдэн гэмт хэрэг хийгсэдийн тоо эрс багассан. Харин залилан хийгсэд улам нууц байдалд орж, арга нь нарийсч байна. Гэлээ ч тэнгэрийн үйлээр тоглох эрх хэнд ч байхгүй бөгөөд ийм хүмүүст тэнгэрээс өгөх гэсгээл туйлын хатуу байх болно.
МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г цаасан дээр буулгаж, “Тэнгэрийн улаач” нар мөрдөж ажиллах “үндсэн хууль” болгон тунхагласан билээ. “Монгол бөөгийн ёс зүй” бол амьдралаар улам баяжиж, боловсронгуй болж байх их ажлын эхлэл гэж ойлгох хэрэгтэй. Мөнх тэнгэрээ шүтэгчдийг тэнгэр ивээх болно.
МБНЭ-ээс Бөө нарыг Мөнх тэнгэртээ зүтгэсэн зүтгэл, амьдралаа зориулсан их үйлийг нь үнэлж цол, нэр, шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ. Эхний ээлжинд МБНЭ-ийн Дээд цэцийн болон Хяналтын цэцийн гишүүдэд цол, нэр олгосон бөгөөд эдгээр гишүүд оролцсон ажлын хэсгүүд байгуулагдсан бөгөөд дараагийн шатанд МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдэд тусгайлан шалгаж цол нэрийг олгох болно.
Тиймээс бага хуралдайн гишүүд хүсэлт, уг барьсанаа тодорхойлсон багшийн тодорхойлолт, Дээд цэцийн болон хяналтын гишүүдийн батлан даалтын хамт МБНЭ-д ирүүлж болно. “Монгол бөөгийн ёс зүй”-д тунхагласан хэмжээнд багш болон батлан даалтыг гаргасан байхыг зөвлөж байна. Томилогдсон Ажлын хэсэг тусгай шалгуур үзүүлэлт, чиглэлийн дагуу шалгалтыг хийх болно. Энэ ажлыг бид хоёр сарын хугацаанд багтаан хийх шаардлагатай.
Дараа нь энэ зуны улиралд МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл, Хяналтын цэц, Бага хуралдайн гишүүд оролцсон ажлын хэсгүүд байгуулж, бусад бөө нарыг шалгаж, цол нэр олгох ажлыг хийх болно. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд багш бөө нарын үүрэг их бөгөөд шавь нараа нэгтгэн, зардлыг нь хариуцаж цол нэр олгох ажлыг зохион байгуулах шаардлага тулгарч байна.
Бөөгийн байгууллагууд болон багш нар нэгдсэн Тахилга, чанар хийх үедээ МБНЭ-албан бичгээр хүсэлт ирүүлэх нь зүйтэй. Уг хүсэлтийн дагуу Ажлын хэсгийг томилж, шалгуур үзүүлэлтийн дагуу шалгах цол, нэр олгох ажлыг хийх болно. Энэ ажиллагаа бол хаана, хаана их цаг хугацаа шаардагдсан шахуу ажил төдийгүй хэн нь хэн бэ гэдгийг тодруулсан үйл ажиллагаа байх болно.
Монгол бөө цэгцлэгдэх нь нэн чухал үйл явц бөгөөд бөөгийн нэр хүнд өссөнөөр бөө шүтлэг нь цэцэглэн дэлгэрч зон олны минь ажил үйлс арвижан дэлгэрэх сайхан цаг үе ирэх болно. МБНЭ-ийн гишүүдээс өөрсдийн түүхэн үүргээ гүнзгий ухаарч зохион байгуулж байгаа ажилдаа идэвхтэй оролцохыг хүсч байна.
2. Санхүүжилтийн тайлан.
Нөгөө талын шалгуур үзүүлэлт бол МБНЭ-ийг санхүүгийн хувьд дэмжих гол дэмжлэг бол гишүүний татвараа төлөх, хандив туслалцаа юм. Гишүүний жилийн татвар 30 мянган төгрөг гэж бодоход нэг медалийн үнэ 12-17 мянган төг, одон 25-30 мянган төгрөг болно. Энэ тооцоог харахад та бүхнээс авч байгаа татвар эргээд гишүүддээ зориулагдаж байгаа. Тиймээс өнөөгийн нөхцөлд санхүүгийн дэмжлэг нэн чухал гэдэг нь тодорхой асуудал юм.
Бид МБНЭ-ийн дүрэмд заасны дагуу санхүүгийн тайлангаа тавьж байна.
МБНЭ-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан “Эвлэлийн бүх шатны байгууллага хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүр гишүүдэд мэдээлж байна.” Гэж заасныг үндэслэн 2012 санхүүгийн жилийн тайланг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлд улмаар МБНЭ-ийн Бага хуралдайд танилцуулж байна.
МБНЭ-ийн 2012 оны Санхүүгийн тайланг танилцуулахдаа МБНЭ-ийн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Хандивлагчдын нэрсийн жагсаалт, мөнгөн дүн, түүний зарцуулалтыг хандив цуглуулах болсон арга хэмжээ бүрээр тухайн үед нь гаргаж жил дутам дээд шатны байгууллагад мэдээлнэ.” Заасныг үндэс болгон гурван хэсэгт хуваан танилцуулгыг бэлтгэлээ.
НЭГ. МБНЭ-ийн Дээд хуралдайг зохион байгуулахад нийт 2 290 000 төгрөг зарцуулсан байна. Гол зардал нь хуралдайн төлөөлөгчдийг хооллох, хурлын заал, хурлын фонд хийхэд зарцуулагджээ.
ХОЁР. Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан “эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тахилга тайлгын ажиллагаанд зориулсан арга хэмжээнд мандат олгосноор 2 155 000 төгрөг хуримтлагджээ. Түүнийг Тахилга, тайлгад бүрэн зарцуулсан байна. Энэ хуримтлалаас тухайн үед МБНЭ-д ажиллаж байсан Мөнхзулд 200 000 төг, Отгонбаяр 100 000 төгрөг авсаныг өнөө болтол төлж барагдуулаагүй байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд баривчлагдан хоригдож байсан учраас зарцуулалтад хяналт тавьж чадаагүй болно.
ГУРАВ. МБНЭ-ээс зохион байгуулсан Шинэ жилийн арга хэмжээнд нэг хүний 70000 төгрөгөөр урилгыг борлуулсан бөгөөд 79 хүн төлбөрт /цагаан хоолны 3 хүн-21000 төг/ нийт 5 530 000 төгрөг хуримтлагджээ. Урилгаар 25 хүн оролцсон бөгөөд түүнд хуримтлалаас 1 750 00 төгрөг зарцуулжээ.
ДӨРӨВ. МБНЭ-ийн Батлах олголт 131 гишүүнд олгосноос 3 800 000 төгрөгний хуримтлал бий болжээ.
Гишүүдийн хандиваар 4 870 000 төгрөг цугларсанаас Дээд хуралдайд 2 290 000 төгрөг, Хөх нуурын тахилгад 1 480 000 төгрөг зориулалтаар нь зарцуулжээ. Гурван гишүүнээс ирсэн 1 100 000 төгрөгийг санхүүгийн тайланд тусгаж зарцуулжээ.
Ерөнхий журнал 2012 онд МБНЭ-ийн үлй ажиллагаанд Д.Жаргалсайханаас 14,934077 төгрөг зарцуулжээ. Зарцуулалтын зардлыг дэлгэрэнгүй тооцвол:
Хандив 2012 он
№ Огноо Хандив Мөнгөн дүн Тайлбар Зардлын ангилал
МБНЭ-ийн Дээд хуралдайд
1 Д.Жаргалсайхан 2.000.000₮ Дээд хуралдайд
2 Энхзаяа 100.000₮ Дээд хуралдайд
3 Д.Саранцэцэг 50.000₮ Дээд хуралдайд
4 Д.Энхцэцэг 20.000₮ Дээд хуралдайд
5 Ч.Чинбат 60.000₮ Дээд хуралдайд
6 Олдох 60.000₮ Дээд хуралдайд
Дүн 2 290 000
Хар зүрхний Хөх нуурт
8 Д.Энхжаргал 500.000₮ Хөх нуурт
9 Л.Юра 500.000₮ Хөх нуурт
10 Ч.Дангаасүрэн 300.000₮ Хөх нуурт
11 Д.Энхжаргал Майхан Хөх нуурт
12 Хишигжаргал 180.000₮ Эвлэлийн туг
Дүн 1 480 000
12 Д.Батчулуун 500.000₮ МБНЭ
13 Гантогоо 100.000₮ Тугны догь МБНЭ
14 Ч.Батболд 500.000₮ МБНЭ
Дүн 1 100 000
Нийт 4 870 000
Би зөвхөн ойрхон хугацаанд хийх ажлын талаар ярьлаа. Бидэнд Бөө шүтлэгээ хөгжүүлэх талаар хийх асар их ажил бий. Бид эхлээ ч үгүй байна гэдгийг дурдахыг хүсч байна.
Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/