Баруун зүг хөдлөх үед замын дагуу их усархаг бороо үе, үе орж байлаа. Улсын наадмаа хөдөө өнгөрүүлсэн хотынхоны цуваа нийслэл хот руу тасралтгүй цувна. Энэ цуваа элсэн тасархай өнгөрөөд эрс багасав.
Арвай хээр хотод ирэхэд биднийг Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав угтлаа. Монгол бөөгийн төлөө зүтгэж яваа улаач нар их тахилгад зорьж яваа нөхөдөө хаана ч, хэзээ ч очсон байгаа хэмжээндээ хүндэтгэл үзүүлдэг болжээ. Энэ бол Монгол бөөгийн төлөө нэгэн хамтлаг, хамт олон болж төлөвшиж байгаагийн илрэл билээ. Автозам Баянхонгор аймгийн Байдрагийн голын гүүр хүртэл тавигджээ. Тэндээс бид Отгон сумын зүг төв замаас салав.
Оройхон Отгон сумын гүүрээс гарах мөчид өмнөөс Их хайрхан цэлийтэл харагдаж, хүн бүхэнд дотроо задбиран мөргөж байлаа. Голын эрэг дээр дурсгалын зураг авахуулаад цааш хөдөлж Отгон сумын төвд ирэхэд бидэнтэй нийлэхээр Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийхэн ирсэн байлаа. Ийнхүү бид 51 хүнтэй том баг бүрдлээ. Машин тэргэндээ шатахуун авч бэлтгэлээ базаагаад шууд их хайрханы зүг хөдөллөө.



















