МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА
Арван зургаа. Тэнгэр уйлсан энэ жилийн Тува нутаг.
1. Бидний мартаж буй түүх буюу Тувагийн замд
Хил гараад арав орчим км яваад засмал замд оров. Засмал зам эхлэх газарт бүтээн байгуулалт явагдаж шинэ хотхон баригдаж байгаа харагдсан. Замын урд талаар зэрэгцэн их уст Тэсийн хол цэлэлзэн урсана. Миний мэдэхийн монголын хамгийн гүн устай гол билээ. Замын хоёр талаар өвөрмөц тогтолцоогоо гайхуулан янз бүрийн хадан уулс үргэлжлэнэ. Тавь орчим км яваад Эрзин тосгонд ирлээ. Энэ тосгонд өмнө нь хонож байсан түүхтэй.


Тосгоноос цааш давхисаар модтой хайрханы өвөрт байрлах Самагалтай тосгонд ирлээ. Энд бид машиндаа шатахуун аваад цааш аялалаа үргэлжлүүллээ. Тосгодод шинээр цөөн ч гэсэн барилгууд нэмэгдэж баригдсан харагдана. Модтой хайрханыг өгссөөр хөтөл дээр байрлах бөөгийн болон буддагийн суварга бүхий өргөлийн газарт ирлээ. Төв замын хоёр талд байрлах энэ өргөлийн газарт нэгэн эмэгтэйтэй тааралдаж ярилцах гэсэн боловч хэл ойлголцсонгүй. Ойрхоноос сайн зүс харж танилцаад өнгөрсөн. Тэндээс хөдлөөд явсаар цөөнгүй км явсаны дараа замын хажууд тэрхүү бусгүй зогсож байгаатай дахин таарсан нь сонин учрал байлаа.
Өндөр хайрханыг давсаны дараа уудам тал угтаж энэхүү талаар давхисаар их хөндийд орших Кызыл хотод ирлээ.
2. Бөөгийн “Дүнгэр” төвөөр зочлов.
Өмнө ирж байснаас зарим зүйл шинээр нэмэгдсэнийг анзаарав. Бөөгийн “Дүнгэр” төв хотын төв замын дагуу байрладагаараа онцлоготой. Тэнд биднийг очиход бөөгийн “Дүнгэр” төвийнхөн угтаж билээ. Бүгд цугларчээ. Хашаан дотроо монгол гэр барьж тэнд биднийг хоолоор дайлсан билээ.
Бид Тувад байх хугацаанд хийх, үзэх ажлаа тохиролцож, ойрын хугацаанд хийж байгаа ажил, үйл явдлаа ярилцсан билээ. Тэндээс гараад бид Сара Оолын гэрт зочилж, түүний гэр бүлийнхэнтэй танилцсан юм. Орой нь саунд сууж аян замын алжааллаа тайлсан билээ.
Хот өргөжин тэлж байна. ОХУ-ын БХЯ-ын сайд Шаогугийн үед энэ хот өргөжин тэлж хөгжиж байна. Хотын төвд байх захиргааны барилга, төв төлбайд очлоо. Тува улсын түүхэнд их үүрэг гүйцэтгэсэн Буянжаргалын хөшөө сүндэрлэнэ. Түүний нэртэй зочид буудлаар оров. Нэгэн цагт Буянжаргалаа буудаж хөнөөсөн түүхтэй Токо буюу Тогоо хэмээх Тувагийн нэртэй цэргийн зүтгэлтэний зураг байна. Лениний одонгоор долоон удаагийн шагнагдсан социалист хөдөлмөрийн баатар цэргийн жанжины түүх байна. Жижиглэсэн масштабаар бол монголын Тогоо хэмээх цэргийн жанжины бусдыг няцалж өөрөө өндийсөн түүхтэй түн адил түүхтэй юм.
Төв талбайд үхэр хөлөглөсөн хүний хөшөө байна. Энэ бол савдагийн хөшөө ажгуу. Биднийг музей үзэх үед үнэт олдворын хэсэг ажиллаж, тувагийн нутгаас олдсон алтан эдлэл болон үнэт зүйлсийн үзмэрүүд бүхий тусгай хамгаалалтай хэсгийг үзэх боломж олдлоо. Зураг авахыг хориглодог тул бөөтэй холбоотой онгод байж болох зарим зургийг авч чадсан билээ.
Тува Улсын их сургуулийн шинэ барилга содон харагдана.
Хотын зүүн хэсэгт Цэргийн кадетийн сургуулийн иж бүрэн барилгын цогцолбор бэлэн болж энэ жилээс сургалт эхлэх бөгөөд монголоос хүүхдүүд ирж суралцах ажээ. Ийнхүү цэргийн томоохон сургууль бэлэн болжээ. Хоёр томоохон сургууль шинэхэн барилгатай болсон нь шинэчлэлийн явц сайн байгааг харуулж байна.
3. Албан ёсны уулзалт хийв.
Монгол Улсаас Тува Улсад суугаа Ерөнхий консуль Ганчимэгтэй МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Тувагийн бөөгийн төлөөлөл Сара Ооловна нар гурвалсан албан ёсны уулзалт хийлээ. Монголын тэнгэр үзэл, бөө мөргөлийн тухай дэлэгрэнгүй мэдээлэл хийж, сонирхосон асуудлаар ярилцлаа.
Бидний уулзалт харилцан мэдээлэл өгч, сонирхосон асуудлаар хариулт өгч найрсаг сайхан болж өнгөрлөө. Өмнөх ерөнхий консулын газрыг бодвол өнгө зүс орж, уулзалтын хүндэтгэлийн танхимтай болжээ.
4. Хамтарсан бөөлөлт хийлээ.
Хотын баруун хэсэгт өндөрлөг газарт мөргөлийн газар эртнээс ажиллаж иржээ. Энд бөө мөргөлийн овоо, буддагийн шашины суварга хоёрыг байгуулжээ. Энд дөч гаруй төрлийн өвчинг эмчилэхэд тустай рашаан байдаг ажээ. Хоёр монгол гэр барьж, үйлчилгээний төв байршуулжээ.
Эрэг дээрээс Енесей мөрөн тод харагдана. Кызыл хотын зүүн хэсэг үзэгдэнэ. Тува бөө нар эхлээд цунцал өргөх галаа бэлтгэнэ. Цунцал дотроо өргөх идээгээ байрлуулдаг онцлоготой ажээ. Бэлтгэл хангаж байх үед удган дуудлагаа уянгалуулан эхлэх бөлгөө.. Тэгээд галаа асаангуут бөөлөлт эхэллээ. Тува бөөгийн удган эхэлж бөөлөв. Түүнийг бөөлж дуусагуут араас нь Тува зайран бөөлөлтөө хийсэн юм.
Монгол бөө нарын хувьд усны урсгалын эх рүү харж байрласан нь сонин санагдсан болов уу. Бид тайлбар хийсэн билээ. Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур, манжигаар онгодоо оруулж бөөлсөн юм. Хуур эгшиглэн тамлага, дуудлагаа дуудаж, онгод орж ирэв. Хамт байсан бөө нар төөрөг тавьж тулгамдсан асуудлаа асууж байлаа.
Бороо зөөлөн шивэрч байсан боловч хувцас нэвт норсон байлаа. Бидний савдаг, лусандаа холбон залбирсан бөөлөлт ийнхүү өндөрлөлөө. Түүхийн арвин их мэдээлийг өөртөө шингээсэн бөөгийн тамлага, дуудлагыг өөртөө шингээн баясч энэ өдрийг хамтдаа баясан баярлалаа.
Хотын зүүн хэсэгт байрлах малчны овоонд очиж залбирч, өргөл өргөлөө. Алсыг харж алхах малчин хүн, түүний эргэн тойрон үхэр, морь, тэмээ, хонь, ямаа, сарлагын хөшөө байна. Төв замаас орой дээр нь гартал асвальтан зам тавьжээ.
Энэ өндөрлөгөөс хөндий бүхэлдээ, Кызыл хот тэрчигтээ харагдах ажээ. Бид эртний тахил бөөгийн “Дух медведев” байгууллагаар орлоо. Анх ирж байхад орж байсан барилгаа дулаалгын давуун материалаар битүү хучжээ. Бусад зүйл огт өөрчлөгдсөнгүй хэвээр байлаа.
Өрөөнүүд нь хүнгүй байв. Хананд нь тэдний хуяг, дуулгууд өлгөөтэй байх бөгөөд сууж ажилладаг ширээнүүд эзэнгүй харагдана. Ихэнх удган, зайрангууд тахилга, тайлгаар хөдөө, гадагшаа явсан гэж тайлбарлаж байв ч хуяг дуулга нь энд байгаа нь нэгийг хэлнэ.
Енесей мөрнийг гүүрээр гарч явсаар өндөр уулын оройд орших нэгэн овоонд хуяглан бөөллөө. Уулын оройгоос алсад байгаа Енесей мөрөн, Кызыл хот тов тодорхой харагдана. Эргэн тойрон түймэр гарсан учраас бороо олон өдөр орсон ч түймэр унтраагүй тул битүү утаан дунд сүймийн харагдана. Бүрэнхий болохын алдад хот гэрлээ асааж байршил нь ямар хэмжээтэй байгаа нь харагдах бөлгөө.
Уламжлалт ёсоор цунцал өргөх мэт модоо өрж, өргөх идээ, зүйлсээ өрж тавина. Тэгээд дуудлагаа дуудаж сүү өргөх бөгөөд дараа нь галаа асаана.
Гал асаж эхэлмэгц бөө хуяглан бөөлөх бөгөөд хэнгэргээ цохин, тамлага дуудлагаа их тод хийж бөөлнө. Бөөлөлтийн байдлыг анзаарахад дуудлага нь дуу аялах мэт уянгалаг бөгөөд хэнгэргээ цохин дуулж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ удаагийн бөөлөлтийн зураглалыг авахуулсангүй. Хийж байгаа газар, бөөлөлтийн цөөхөн зураг авахууллаа.
Энэ удаа өндөр уулын орой байсан боловч салхи үгүй, намуухан зөөлөн сэвэлзсэн байдалтай байлаа.
Кызылээс хойш нилээд яваад Цэцэрлэг хэмээх бяцхан тосгоны хажуугаар өнгөрч өндөр уул өөд өгслөө. Өтгөн ойн дунд юу байгаа нь эс харагдана. Ганцхан содон тэмдэг нь энэ өндөр ууланд засмал зам тавьсанаар бүх зүйл тодорхойлогдоно. Өндөрлөг газраас тээр доорх ой мод, алсад дүнхийх уулс үзэгдэнэ.
Машин өгссөөр нилээд дээр гарах үед төв асьфалтан замаас салж, уулын замаар дээш өгсөв. Замын хажууд тахилга хийдэгийн тэмдэг болсон хадаг цуудар өлгөсөн модод байх бөгөөд бид тэнд буудаллав.
Дугуйлан тавьсан чулуунууд дотор авчирсан модоо өрж, өргөх идээ, дээжээ тавьж голд нь хонины сүүл тавьдаг ажээ. Галаа арцаар асаана. Бадран асах гал хуурай модыг асааж эхлэнгүүт сүүгээ өргөн дуулагаа эхлэнэ.
Дараа нь хуяглан босч, хэнгэргээ дэлдэн дуудлага, тамлагаа уянгалуулан эгшиглэнэ.
Ой, хөвч ямар ч хэнгэрийн дууг дэм өгч цуурайтуулан сүрлэг дэм өгнө. Хэнгэрэгийн дуутай хамт удганы уянгалаг хойлоо хэнгэрэгийн дуутай хамт хоршин дуу мэт өрнөнө. Гал аажимхан асна, гал өрнөн асах үед бөөлөлт эрчимжиж, гал бадамлах үед бөөлөлт дуусна.
Нутаг нутгийн бөөлөлт өөр өөрийн онцлоготой, өвөрмөц жаягыг өөртөө шингээсэн байх юм. Олон зүйл бидний өв уламжлал нэгтэйг сануулах ажээ.

5. Саяаны нурууг давав, баяртай Тува.
Бид Тувагийн толгод дунд сүлжин явсаар аажимдаа өндөр уулыг өгсөх болов. Туран, Арадан, Танзынбей тосгоноор дайран их уулыг өгсөж эхэллээ.
Өндөр уулын давааны орой дээр нарах үед урт туннел таарах бөгөөд түүний нэг талыг багана хэлбэрээр шийдсэн хувилбартай туннел байв. Хэзээ нэг цагт олон сар, хоног зарцуулан байж давдаг давааг орчин цагт хэдхэн минут зарцуулан давахаар болгожээ. Цаг хугацаа, хөгжил гэж энэ буй заа. Туннель дуусмагц тусгайлан зассан тавцан, автозогсоол байх бөгөөд эргэн тойрон үзэсгэлэнтэй тод сайхан харагдана. Их оргилын асга хад бүхий хэсэг, эргэн тойрон орших их ой бишрэм сайхныг мэдрүүлнэ.
Дахин ирэхийн ерөөл тавьж, Тувагийн нутгаас гарч байна. Үзэсгэлэнт сайхан нутаг, газрын хөрсөндөө бүхий баялагийг шингээсэн энэ нутгийн ард түмний түүх бол хэзээ нэг цагт монголтой холбоотой байсан арвин судар билээ.

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/