Бурхан халдун хайрханаа зорив. ( Нэг.2020 оны 6 дугаар сарын 4-ны өдөр )
Бурхан халдуны нэгдсэн тахилга цаг үеийн байдлаас болоод хорио цээрийн байдлаас харьцангүй цөөхүүл хийхээр шийд гарч, зар тараагдсан байлаа. Гол арга хэмжээнүүдэд бөөлөх улаач нар байхаар төлөвлөсөн юм. Гэвч манай хамт олон Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгад идэвхитэй оролцохоор зорьсон байна. Хэдий хотоос тус тусдаа хөдөлсөн боловч Бурхан халдуны Цагаан аралд 41 машин хөлөглөн олон улаач нар хүрч ирсэн байлаа.
Ойрд бороо орсон бололтой Мөнгөнморьт сум өнгөрөөд цөөнгүй ус, шавар бүхий бартаа ихтэй байлаа. Одоо бүх зүйл анхны тахилгуудыг бодвол эмх цэгцтэй, хариуцлагатай болсон. Хүн бүр заасан газруудад буудаллаж майхнаа барьж байлаа.


Цэвэр агаарт сайхан амарч, өглөө босоод тахилгын бэлтгэл ажилд орсон. Ар араас цуварч цуваанууд ирсээр бидний эгнээ өргөжиж эхлэв. Дархан, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар, Бага нуур, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Орхон, Дархан-Уул, Дундговь, Архангй, Өвөрхангай, Дорнод, Булган аймгийн төлөөлөл хүрэлцэн ирэв.
Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийнхэн гурван машинтай, Говь-Алтай аймгийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй ирж буудалсан билээ. Ийнхүү тахилга эхлэхэд бэлэн боллоо.
Галын тахилга боллоо. (Хоёр. 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр. 21.00, Нохой цаг)
Нэгдсэн тахилгын Галын тахилгыг толгойлж бөөлсөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар бол цөөнгүй жил бөөлсөн, Хөвсгөлийн Эрдэнэ хайрхан буюу 50Х100-ын овоонд олон жил толгойлон бөөлж байсан түүхтэй, туршлагатай, уламжлалт бөөгийн үйл ажилагааг өвлүүлэн залгамжилж яваа залуу зүтгэлтэний нэг билээ.
Нарны тахилгад Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар толгойлж бөөлөх саналаа 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн өгч байсан билээ. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр, өвчны учир бөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Бид яаралтай шийдэлд хүрч, Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатарыг хийхээр томилсон байна.
Бурхан халдун хайрханы Цагаан аралд МБНЭ-ийн гишүүд цугларч асуудлаа хэлэцэн бөөлөө хийх газруудаа сонгосон юм. Өмнөх хийж байсан тахилгын газрууд болон одоо хийх тахилгуудын газрыг уялдаа холбоотой сонгоно билээ.
Оройн 21.00 цагт Бурхан халдун хайрханы Галын нэгдсэн тахилга үйл ажиллагаагаа эхэллээ. Өмнөх Галын тахилгуудаас сургамж авч энэ удаагийн галын тахилга толгойлж бөөлж байгаа бөөгийн удирдлага дор хийгдсэн юм. Тиймээс маш эмх журамтай болсон. Бөөлөлтийн явцад оролцогчид хэнгэрэг, хуураар дэмжин хөгжөөж, хүчээ нэгтгэн тэнгэртээ залбирсан.
Нарны тахилга боллоо. (Гурав. 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр. 05-07 цагт)
Өглөөний гэгээ туяарах цагт тахилгадаа оролцогчид эртлэн босч өргөх цай идээнийхээ дээдийг бэлгэх бөлгөө. Нарны тахилга бол онцгой тахилга юм. Монголчууд нарны тахилга хийдэг өвөрмөц зан заншилтай ард түмэн билээ.
Өглөөний гэгээнээр монгол бөөгийн тамлага дуудлага, хэнгэргийн дуу агаарт цуурайтан Бурхан халдун хайрханы Нарны тахилга эхэллээ. Энэ удаа МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү толгойлон бөөллөө.
Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү зөвхөн монголдоо төдийгүй монгол туургатны дунд танил болсон нэгэн. Тэрээр монгол туургатан болох Өвөрмонголын Чингисийн цогцолбор дахь онгодын өргөөнд, Хувилай хааны хээрийн ордны тууринд хуур, манжигаар бөөлсөн байдаг.
ОХУ-ын Тувагийн бөө нартай хамтран Енисей мөрний эрэг дээр хамтарсан бөөлөөнд оролцож, монгол онгодын өвөрмөц төрхийг харуулж байсан. ОХУ-ын Халимаг Улсад болсон Ойрдын их наадамд оролцож, Ганц модны булаг дахь хээрийн онгонд уламжлалт бөөлөөгөөр хуяглан бөөлсөн нэгэн билээ. Байгаль нуурийн Ольхоны арал дахь Бөөгийн аралд хуяглан бөөлж, монгол бөөгийн намтар түүхийг баяжуулсан нэгэн билээ. Буриад бөө нарын тахилгын зан үйлийг нүдээр харж, байгаль, орчинтой уялдуулан судалсан улаач юм. Мөн монголдоо бөөгийн байгуулгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, нийгмийн зүтгэлтэн, бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа, өнөө цагийн бөө мөргөлийн манлайлагч нарын нэг билээ. Тэрээр 2015 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн.
Бурхан халдун хайрханы Нарны тахилгад Монгол бөөгийн Тэргүүн дээд удган П.Дуламжав тэргүүлж бөөлсөн билээ. Тэрээр бүхий амьдралаа уламжлалт монгол бөөгийн төлөө зориулсан нэгэн билээ.
Хайрханы тахилга боллоо. (Дөрөв. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 07-09 цагт)
Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга бол Бөө нарын хамтын хүч, чадал, эв нэгдлийн илэрхийлэл байлаа. Тиймээс оролцсон улаач бүрийн идэвхитэй оролцоо, хамтын залбиралын үр дүнг бодитой харагддаг. Нэгдсэн тахилга бол хамтын бүтээл юм.
Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга бол энэхүү тахилгын гол оргил байлаа. Их хайрханы зүгт Монголын төрийн далбаа залагдаж, улаач, шүтлэгтэн олон бэлтгэлээ ханган жигдрэн сууж, залбирал үйлдэхэд бэлэн болсон байлаа.
Үндсэн тахилга болох Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгад Монгол бөөгийн их зайран П.Батжаргал толгойлон бөөлж, зан үйл, үйл ажиллагаа эхэллээ.
Монгол бөөгийн уламжлалт дэг жаягийг ягштал харуулсан энэхүү бөөлт содон соргог байлаа. Бөөгийн тамлага дуудлага, хэнгэргийн дуутай хослон Цагаан араалд цууриатан нэгдсэн тахилгын Хайрханы тахилга эхэллээ. Харин улаач хүний нүдээр бол бөөлөө бүхэн өвөрмөц онцлоготой байдаг. Тэр бүхнээс сурах зүйл их бий. Улаач нарын нүд, мэдрэмж мэдэх хэрэг билээ.
Тахилгын оргил үе болох Хайрхандаа улс орноо өргөх мэдүүлэлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулан, галаар дамжуулж тэнгэртээ заллаа. Тэрхүү мэдүүлэгт:
НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ҮЕЭР МӨНХ ХӨХ ТЭНГЭР, ЭЗЭН ЧИНГИС ХААН, ИХЭС ДЭЭДСИЙН АРИУН СҮНСЭНД ӨРГӨН СОЁРХОХ МИНУ:
2020 оны 6 дугаар сарын 6-10-ны өдөр Бурхан халдун хайрхан, Хар зүрний Хөх нуур
Монгол Улс эрт үеээс төрт ёсоо дээдэлсэн, мөнх тэнгэрийн хүчин дор үзэл бодлоо зангидсан, түүний дор бусад шашинаа эрх тэгш хүндэлсэн, их засагт хуулиа дээдэс, доодосгүй хүндлэн сахисан ёс зүйтэй, шудрага шүүхтэй, уламжлан бэлтгэсэн хүчирхэг удирдагч, төрийн зүтгэлтнүүд, ухаалаг хатадтай, шинжлэх ухаанг өндөр хөгжүүлж, түүнийг авч явдаг эрдэмтэн, мэргэдтэй, Их хуралдай хэмээх хамтын шийдвэрээ баталгаажуулдаг хуралдаантай, нийгмийн байгуулал, хөгжлийн янз бүрийн түвшинд байгаа олон хэвшлийн эдийн засаг, нийгмийн байгуулалыг удирдсан, дэлхийн түүхэнд анх удаа цаасан мөнгө гаргаж, хямралд өртсөн зарим орныг эдийн засгийг уялдуулан зохицуулж байсан, олон улсын дипломат дэг журмуудыг анхлан санаачлан сэдэж, гадаад харилцааг эрчимжүүлж, улс хоорондын зам харилцааны сүлжээг худалдаа наймаатай уялдуулж өгсөн, холбоо харилцааны хамгийн хурдан өртөө хэлбэрийг өдөр дутамдаа ашигладаг, хуурай газрыг хамарсан монголын амар амгаланг мэдрүүлсэн бодлоготой, хүчирхэг, баатарлаг цэрэг эрстэй, эрүүл мэнд, бичиг үсэг, соёлыг гайхам сайхан хөгжүүлсэн, төрт улс бүтээж явсныг энд дурдсу.
Чингэхдээ зөвхөн Монголчууд өөрсдөө шүтэн дээдэлдэг Мөнх хөх тэнгэр, огторгуй, харанхуйн орон, далд ертөнцийг холбосон өвөрмөц тэнгэр үзэлтэй, дээр нь ихэс дээдэс, өвгөд хөгшид, эцэг, эхээ дээдлэн хүндэлдэг бодит шүтээнтэй, байгалиа онгон дагшнаар шүтэж, хамгаалж, дэлхийн ертөнцийг байгалиа хамгаалах ёстойг эртнээс ухааруулж ирсэн алсын хараатай түүхт ард түмэн.
Монголчууд сүүлийн зуун жилд шашингүй үзэлт, социалист, коммунист нийгэм байгуулах гэж 70 орчим жил явжээ. Нийгэм, эдийн засаг, зам харилцаа, холбоо, боловсрол, соёлоо хөгжүүлж зарим амжилтанд хүрсэн нь үнэн. Гэвч хоорондоо хямарч, хамгийн үнэт эрдэнэ болсон өндөр мэдлэг боловсрол, чадалтай олон сайхан иргэдээ хэдэн арван мянгаар хэлмэгдүүлэн хядаж марташгүй түүх, сургамжийг хойч үедээ үлдээжээ. Сүүлчийн 30 жилд Ардчилсан нийгэм байгуулах нэрээр зорьсон чиглэлээсээ “хадуурч” замнав. Тэгээд хатуу гишүүнчлэлтэй намыг хэтэрхий шүтсэн, түүний нэрээр цөөнх нь баяжсан, цэрэгжсэн дэглэмрүү хэлтийдсэн, хий үзэгдлийн манангийн сүнс нь хорогдсон газар, гажуудсан “ардчилал”-ыг бүтээжээ.
Энэхүү түүхэн жилүүдийн эцэст өнөөгийн хөгжлийн төвшинд хүрч ирэв. Бүх чиглэлээр дэлхийн холбогдох байгууллагууд Монгол улсын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт гаргасан болохоор бид давтан дурдахыг хүсэхгүй байна.
Улс орноо авч явах их сонголтын өмнө бид ирээд байна. Энэ бол Улсын их хурлын сонгууль билээ. Өнөөдөр сонгуульд зуу, зуун сая төгрөгийн хөрөнгө хаяан эрх мэдлээ бэхжүүлэх гэсэн хүн амын цөөнх болсон хүчин хүчин байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтөнгүүд хэрхэн төрд зүтгэдгийг бид харсан. Хөрөнгөтэй мөнгөтэй нь тэднийгээ дэмжтүгэй.
Нөгөө талд хөрөнгийн чадваргүй нэр цэвэр, шинэ үе, дэвшигчид байна. Хөрөнгө чинээгүй боловч их орныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэх нэр дэвшигчдээ жирийн олон түмэн дэмжтүгэй. Тэд бол та бүхний тасархай жирийн иргэд, та бүхэн айж, эмээж, болгоомжилгүй тэдний төлөө саналаа өгөгтүн. Мөнгөтэй хөрөнгөтэй нь бус эгэл жирийн иргэд бидний итгэлийг дааж чадна. Тэд бидний зовлонг, бас засах замыг мэднэ.
Бид өвөг дээдсээс хэрэгжүүлж, төрт улсын байгуулж ирсэн түүхэн туршлагандаа тулгуурлан сонголт хийх боломж байна. Энэ бол монгол улсынхаа төлөө зүтгэх чин хүсэлтэй мэдлэг боловсролтой, чадвартай, эх оронч иргэдээ сонгуульд дэмжих явдал юм. Энэ бол нам харгалзалгүй хийх сонголт билээ. Ийм өвөрмөц сонголтыг зөвхөн монголчууд хийж чадна. Намгүй төрт улсыг байгуулж ирсэн, төрт ёсыг бид сэргээн цогцлоож чадна. Бид дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн шигээ, шинэлэг өвөрмөц төрийг байгуулж чадна. Олон улаач нар Мөнх хөх тэнгэртээ үүнийг ДААТГАН мэдүүлсүгэй.
Монгол эх орныхоо онгон байгалийг сүйтгэгчид, байгалийн баялагийг харийнханд худалдагсад, олон нийтийн хөрөнгийг шамшигдуулан баяжигчид, төр нийгмийн хөрөнгийг луйвардагчид, төсвийн хөрөнгөөр бэлжигчид, Төрийн эрх мэдлийг хууль бус зүйлд ашиглагчид, шинэ цагийн хэлмэгдүүлэгчид, олон улсын хэмжээнд хар тамхины сүлжээнд элсэн оролцогчид, монгол улсын дипломат ёс зүйг зөрчигчид, албан тушаал ашиглан хөрөнжигч нар, хил дамжин хууль бусаар наймаа эрхлэгч, олон тэрбумын хөрөнгөөр казино, мурийтай тоглогчид, Монгол улсын нэр төрийг сэвтээгч нарыг дээд тэнгэртээ мэдүүлж ЗҮХЭЛ хийх нь зүйтэй гэж үзлээ.
ҮҮНИЙГ ТҮМЭНД ТҮГЭЭСҮГЭЙ. МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС СЭРГЭН МАНДАХ БОЛТУГАЙ гэсэн байлаа.
Бурхан халдун хайрханы Хайрханы тахилга өндөрлөж, хайрхандаа идээ өргөлийн дээжээ цунцалаар хий байдлаар өргөв. Монгол бөөгийн их зайран П.Батжаргал бол энэ цагийг эзэлсэн төр улс, түмэн олны төлөө амьдралаа зориулж яваа нийгмийн зүтгэлтэн билээ. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан. 2014 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн. Түүний хөдөлмөрийг үнэлж Төрийн дээд “Алтан гадас” одон, Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, “Алтан шонхор”, Мөнгөн шонхор” , “Хүрэл шонхор” медалиар шагнагдсан. Монголын бөөгийн байгуулгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, нийгмийн зүтгэлтэн, бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа, өнөө цагийн бөө мөргөлийн манлайлагч нарын нэг билээ.
Тэнгэрийн тахилга боллоо. (Тав. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 11.00-13.00 цагт)
Монголын бөө нар нэгдсэнээс хойш нэгдсэн тахилгын тэнгэрийн болон галын тахилгын аль нэгийг Буриадын бөө нар өөрсдийн ёс заншилаар хийж хэвшсэн билээ. Монгол бөөгийн дотор буриад бөө нэгэн том язгуур чиглэл болон хөгжиж ирсэн бөгөөд өвөрмөц онцлог шинж агуулгыг өөртөө шингээсэн байдаг. Энэ удаа нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг буриад ёс заншилаар хийсэн билээ. Өнөө цагт Монголын буриад бөө, улаач нарын өмнө Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн их зайран Б.Болд, нэртэй зайран Оюунбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Загдаа, Монгол бөөгийн тэргүүн удган Жавзмаа нар манлайлж байна. Буриад бөө нэгдэж ажиллах сонирхол муутай. Биеэн даан ажиллах илүү сонирхолтой. Шавийн тоонд хязгаар тавьдаггүй нь бөөг бие даасан олон ханлиг болгоход хүргэсэн.
Одоо цагт монгол бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд тууштай яваа ганц улаач бол Монгол бөөгийн их удган Отгонсүрэн билээ. Цагийн их бэрхшээлүүдийг давж, үзэл санаандаа үнэнчээр нэгдэн ажиллаж буй их удган маань буриад бөөгийн хөгжилд эвлэлдээ их түшиг тулгуур болж яваа билээ. Тэр бөөгийн хөгжлийн энэ үед нэгдэж ажиллахын ач холбогдлыг гүнээ ухамсарлаж, харыг үзэж хар болж, шарыг үзэж хөрвөж шарвалгүй өнөөг хүрч ирсэн монгол буриад бөөгийн их удган, нийгмийн зүтгэлтэн юм. Тахилгын гортигыг тойрон улаач, дэмжигчид байрлалаа эзлэнгүүт Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Монгол бөөгийн их удган Отгонсүрэн толгойлж бөөлж эхэллээ. Түүний араас түүний шавь болох Монгол бөөгийн зайран Одбаяр тэргүүлж бөөллөө. Багш нь буриад боловч шавь нь өөрийн толгой онгод болох халх жаягаар бөөлсөн билээ. Энэхүү тахилгад идэвхитэй бэлтгэж оролцсон бүрэлдэхүүнийг төлөөлж, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг тэргүүлж бөөлсөн билээ. Сэтгэл нийлсэн хамт олны зүтгэлээр ийнхүү тэнгэрийн тахилга амжилттай болж өнгөрлөө.
Тахилгын сонирхолтой агшин. (Зургаа. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 12.30-13.00 цагт)
Тахилга бүр өөрийн содон зүйлтэй байдаг. Энэ удаа ч тийм байлаа. Онгодын юу гэж айлдаж, зан үйл хийх ёстойг таахын аргагүй. Амьдрал баян гэж хүмүүс ярьдаг. Онгодын үйл хязгааргүй баян, таашгүй. Улс орныхоо төлөө сэтгэл зүрх нь цохилж, түүнийхээ төлөө тэмцэж яваа улаач нар олон. Цагийн уртад өвөг дээдэө, өмнөх үеийн улаач нар хуяг дуулгаа үүрээд зон олныхоо төлөө залбирч, бөөлж явсан. Түүхэнд нэрээ мөнхөлсөн олон сайхан улаач нар байдаг. Хийсэн үйл, ид шидээрээ олонд алдар нэр хүндтэй болсон байдаг.
2016 оны сонгуулийн дараа улаачийн онгодын өргөөнд 76 их хурлын гишүүд, төрийн зүтгэлтэн нарыг нэг бүрчлэн залж, тэнгэрийн оронд шүүхээр нэр заан байршуулсныг улаач нарын онгодын өргөөгөөр орох явцдаа танилцаж байлаа. Цаг хугацаа дөрвөн жилийг зааж, улс орны залж явах удирдлагаа сонгох сонгуульд тулж ирэв. Тиймээс тэднийг тэнгэрийн орны шударга үнэний шүүлтүүрт орох зан үйлийг энд хийсэн билээ.
Нэгдсэн их тахилгын үеэр Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хаан, ихэс дээдсийн ариун сүнсэнд өргөн соёрхохын зэрэгцээ, “Монгол эх орныхоо онгон байгалийг сүйтгэгчид, байгалийн баялагийг харийнханд худалдагсад, олон нийтийн хөрөнгийг шамшигдуулан баяжигчид, төр нийгмийн хөрөнгийг луйвардагчид, төсвийн хөрөнгөөр бэлжигчид, Төрийн эрх мэдлийг хууль бус зүйлд ашиглагчид, шинэ цагийн хэлмэгдүүлэгчид, олон улсын хэмжээнд хар тамхины сүлжээнд элсэн оролцогчид, монгол улсын дипломат ёс зүйг зөрчигчид, албан тушаал ашиглан хөрөнжигч нар, хил дамжин хууль бусаар наймаа эрхлэгч, олон тэрбумын хөрөнгөөр казино, мурийтай тоглогчид, Монгол улсын нэр төрийг сэвтээгч нарыг дээд тэнгэртээ мэдүүлж ЗҮХЭЛ хийх нь зүйтэй” гэж үзэж зан үйл хийсэн билээ. Энэ бол өвөрмөц зан үйл байсны зэрэгцээ, тухайн улаачийн онгодуудын тэнгэрийн даалгавруудыг биелүүлсэн хэрэг байсан тул бид хүндэтгэн оролцсон билээ.
Лусын тахилга боллоо. (Долоо. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 14.30-17.00 цагт)
Эртний монголчуудын өвөг дээдэс хүн ба байгаль ертөнцийн харилцаанд нэг чухал хүчин зүйлд Лус, савдагтай харьцах ордог. Бурхан халдун хайрханы тахилгыг олон улаач нар хийсээр ирсэн. Алдаа онооны дэнсэн дээр үйл явц өрнөж, үйл хэрэг болоод л өнгөрдөг.
МБНЭ-ийн санаачилгаар, олон шилдэг улаач нар нэгдэж, хамтарсан үйл хийсээр найман жил өнгөрч байна. Нэгдсэн тахилга бол бөө хүний шалгуур, нөгөө талдаа ямар түвшинд хүрсэнийг харуулдаг тодорхой үзүүлэлт болдог.
Монгол улс орчин цагийн аясаар төр барих “ноёд”-оо дөрвөн жилээр сонгодог болсоор 30-н жилийн нүүр үзэж байна. Монгол орноо зөв голдиролоор хөгжүүлэхэд эдгээр сонголтууд чухал үүрэг гүйцэтгэдэг болсон учраас олон улаач нар нэгдэж, сонгуулийн жил дөрвөн жилийн давтамжаар Нэгдсэн тахилга хийж, Мөнх хөх тэнгэр, ихэс дээдэсийн ариун сүнсэнд залбирал хийж мэдүүлэх болсоноор найман жил болж байна.
Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга нь Лусын тахилгаар өндөрлөсөн билээ. Тиймээс энэхүү тахилга өөртөө өндөр хариуцлагын хүлээж хийгдсэн.
Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Лусын тахтлгын бэлтгэл ажил өндөрлөж, оролцогчид байрлалаа эхлэхэд МБНЭ-ийн Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, хуяглан босч бөөлсөн билээ. Лусаа дуудан уянгалаг дуун одоо ч чихэнд хадаатай байна. Монгол бөө мөргөлийн уламжлалыг биечлэн залж яваа улаачийн нэг, нийгмийн зүтгэлтэнд Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн ордог. Түүний бөөлөө бүр мөрөө тод үлдээдэг.
Бурхан халдун хайрханы Лусын тахилга өндөрлөж, хайрхандаа идээ өргөлийн дээжээ цунцалаар хий байдлаар өргөв. Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн бол Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа нэгэн. 2018 оны “Шилдэгийн шилдэг- Удган” шагналыг хүртсэн нэгэн.
НЭГДСЭН ТАХИЛГЫН ДҮН, СУРГАМЖ
Эртний Монголчуудаас уламжлан олон зуун жилийн туршид ард түмний дунд ам дамжсан үлгэр домог гэх мэтчилэнд уул усны эздийн тухай, лус, савдгийн тухай өгүүлсэн нь ихээхэн арвин байдаг. Бөөгийн арга ухаанд хүн ба байгаль ертөнцийн амьдралын тогтолцоон дахь үйл явцад амьд бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэж эн тэргүүнд үздэг.
Өвөг дээдэсийн оршихуй “Онгод”-той буюу “Тэнгэр”-тэй бөө нар зан үйлээр савдаг лусын хүчтэй холбоотой байж, тэдний ивээл хайрыг хүртэн, хүч чадлыг нь ашигладаг.
Би цэрэг хүн, тиймээс дайн тулааны талбарт хүний амь эрсдэг тухай өрөөсгөл ойлголттой явж ирсэн. Монголын бөөгийн нэгдсэн байгууллагыг удирдаад цөөнгүй жил өнгөрөхөд улс орон, түмэн олон, онгон байгалиа хамгаалахын төлөө халуун амиа өргөж байгаа олон улаачтай таарлаа. Түүнийг жирийн олон түмэн мэдэхгүй өнгөрдөг. Олон сайхан дайчинаа, хамтран зүтгэгч нараа алдах тусам сэтгэл эмзэг болдог. Хамгийн сүүлчийн жишээ дурьдая. Энэ нь биднийг шоолох буюу шүүмжлэх зүйл болох ёсгүй. Манай зарим бөө нэртэн хүмүүсийн бичээд байгаа шиг хөнгөн гоймоо хандах зүйл ч биш юм. Хамгийн хатуу сургамж юм. Бурхан халдуны тахилгад толгойлж, тэргүүлж бөөлсөн хоёр улаач нэгэн цаг хугацаанд амиа өргөсөн түүх нүдэн дээр болоод л өнгөрсөн. Ямар хэцүү байсан гээч. Энэ бүхэн бид улам чамбай ажиллахыг сургамжилж байдаг.
Энэ бүхний сургамж нь орчин цаг үед нэгдэж, хамтарч ажиллахын чухлыг сануулаад байдаг. Түмэн олонд нэртэй олон улаач байдаг боловч, хамтран ажиллах талдаа хойрог, биеэ тоож, амиа хичээсэн нь олонх билээ. Бөө хүн бие даан хийх олон зан үйл байдагч, төр ниймийнхээ сайн сайханы төлөө хамтран хийх тулгамдсан зүйл цөөнгүй. Нэг хэсэгтээ хүч чадалдаа дулдуйдан агсарч явах үе байдагч бас алдаа онооны дэнсэнд хөтлөгдөн бусдаас туслалцаа авах үе улаач хүнд тохионо.
Бид дүнгийн хуралдаан дээр хамтран зүтгэгч нараа дурсан нэг минут хүндэтгэл үзүүлж, хийгдсэн тахилга бүрийн айлдвар, дүнгээ танилцуулж, санал бодлоо солилцож, шагнал урамшуулалтаа гардуулсан. Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга амжилттай болж өнгөрлөө. Монголын хорин нэгэн аймгийн төлөөлөл бүрэн цугларч чадлаа. Дэлхий нийтийг хамарсан өвчин, дотоодод тогтоосон хатуу дэг журамын дагуу Нэгдсэн тахилга Бөөгийн төв байгууллагын цөөн хэдэн хүний хүрээнд болно гэж төсөөлж байлаа. Харин тэгсэнгүй, өргөн бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө. Тахилгаас тахилгад улам бүр үйл ажиллагаа сайжирч, чадалтай бөө нарыг эгнээ өргөжин тэлж байна. Хамтын хүч биднийг их зүйл рүү хөтөлж байна. Хамтдаа өргөсөн нэгдсэн залбирал тэнгэртээ хүч нэгтэй хүрч, үйл ажиллагаанд тодорхой илрэл болон өрнөсөөр байна.

1 (2)
1 (2)
2
2
3
3
4 (2)
4 (2)
5
5
6
6
7
7
8
8
9
9
DSC_8693
DSC_8693
DSC_8766
DSC_8766
DSC_8944
DSC_8944
DSC_8997
DSC_8997
1
1
DSC_9195
DSC_9195
DSC_9227
DSC_9227
0
0
Previous Next Play Pause
1 (2) 2 3 4 (2) 5 6 7 8 9 DSC_8693 DSC_8766 DSC_8944 DSC_8997 1 DSC_9195 DSC_9227 0

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/