Эрдэнэхайрханы тахилгад хүч нэмэн нэгэн тахилга нэмэгдсэн нь Хүүхдийн овооны тахилга байлаа. Энэхүү тахилга 60 жил тасарч энэ жил сэргээн тахиж буйгаар онцлог байлаа.
Эрдэнэхайрханы зүүн өмнө талд байрлах овоог дээхэн цагаас хүүхдийн овоо гэж нэрлэсээр иржээ. Ийнхүү нэрлэдэг байсны учир нь эрт эдүгээс хурдан морины барианы газар байж хүүхдийн дуу, хурдан морины төвөргөөн шингэсэн газар байжээ.
Одоо бол хүүхдийн овоо хэмээн нэрлэх бөгөөд энэ овоонд очсон хүүхэдгүй гэр бүлүүд сүслэн мөргөж нэг овоо босговол үр хүүхэд заяана хэмээн ярилцдаг. Тийм учраас эцэг эхчүүд үр хүүхдээ дагуулан очиж энэхүү овоонд мөргүүлэн тойруулж хүүхдийнхээ аз жаргалтай амьдрал, буян заяаг нь даатгадаг байна. Ийнхүү гэр бүлийн аз жаргалын шүтээн болгон энэхүү овоог иргэд шүтэх болжээ.
Энэхүү Хүүхдийн овоог Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа толгойлон бөөлж тахилга хийлээ. Тахилга дээр хүрэлцэн ирсэн олон хүүхдэд бэлэг тарааж, мөнх тэнгэрийн хишиг хүртээлээ. Бөөлөлт ч сайхан болж олны талархалыг хүлээж байв.