Эрдэнэхайрхан буюу 50 ба 100 хэмээх цогцолборын дэргэдэх Эрхэл багийн хурлын төв хүн өнөөдөр хүн ихтэй байлаа. Монголын хорин нэгэн аймгийн төлөөлөл болсон улаач нар хуран цугларч байлаа.
Дэлхий дээр 50 ба 100 градусын огтлолцол таарсан 4 цэг байдгийн хоёр нь Атлантын далайд таардаг бол гурав дахь нь Канад улсын нутагт хурдны зам дээр таардаг. Харин 4 дэх огтлолцол нь Монгол улсын нутаг, тэр дундаа хөвсгөлийн нутагт таардаг байна.
Эл огтлолцол Мөрөн хотоос 30 км зайтай бөгөөд Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуурын баруун талд байрладаг. Дэлхий дээрх бусад гурван огтлолцол цэг дээр хүн саатах боломжгүй байдаг бол Монголын нутаг дахь цэг дээр хүмүүс ирж үзэх боломжтой, тэр цэг дээр зогсох боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
Эрхэлийн хөндийд Эрдэнэхайрханы өвөрт байх тус цэг буюу дэлхийн бөмбөрцгийн хойд өргөрөгийн 50 градус, зүүн уртрагийн 100 градусын огтлолцолд “энерги байна” хэмээн Монгол-Японы эрдэмтэд тогтоосон гэх ажээ.
Аялагчид Хөвсгөл нуур руу явах замд дайрах боломжтой. Нутгийн иргэд өглөөний нар харах, Цагаан сарын шинийн нэгний нар угтахаар зорьж очин энерги авч хийморь сүлдээ сэргээдэг байна.
Монголчууд бид эртнээс нааш байгаль дэлхийгээсээ энерги авч ирсэн ард түмэн билээ. Аливаа хүн хэрэгтэй энергийнхээ 20-25%-ийг хоол унднаас авдаг бол үлдсэн хэсгийг нойр, газар ус, сансар огторгуй, гал, салхинаас авдаг байна.
Энэхүү тодорхойлолт нь газарзүйн байрлал талаас харуулдаг бол Монгол тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн талаас Эрдэнэхайрхан, Эрхэл нуур хоёрыг хүйн холбоотой гэж тахилга хийсээр ирсэн түүхтэй.
Эрдэнэхайрханы овооны дэргэд өргөө байгуулж Монгол бөө нар тахилга хийсээр өнөөг хүрч иржээ. Энэ жилийн Эрдэнэхайрханы тахилгыг монголын нутаг, нутгийн төлөөлөл ирсэн байлаа. Эрдэнэ хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар толгойлж бөөлсөн билээ.
Есөн шонхор шувуу бүхий тугаа зайран, удган нараар амилуулсаны дараа хуяглан, их хайрханы тахилгадаа хүндэтгэл үзүүлэн бөөлсөн билээ.