http://www.zoofirma.ru/
Монгол бөөг хөгжүүлэх талаар оюун санаагаа уралдуулж олон жил санал бодлоо солилцох ажил явагдлаа. Миний бие  2011 оноос янз бүрийн газарт болж байсан уулзалт ярилцлага, эрдэмтдийн санал солилцсон ажил хэргийн яриануудад оролцож байлаа. Монгол бөө нар нэгдэж, нийлж ажиллах бодит ажил нэгэнт хийгдээд эхэлсэн байхад тэд яагаад МБНЭ-ийн ажилд идэвхтэй оролцохгүй, энд тэнд нөгөөх уулзалт яриагаа хийгээд явна вэ? МБНЭ-ийн үйл ажиллагаа болохгүй, санаанд нь таарахгүй байж болно. Гэвч санаандаа таарах чиглэлд биечлэн оролцоод засаад явж чадахгүй байна вэ? Нэг хэсэг нь МБНЭ-д сонгуульт ажил хүлээгээд байгаа мөртлөө түүнийгээ хийж чадахгүй байна. Тийм мөртлөө энд тэндэхийн ажилд хошуу дүрээд явахыг юу гэж ойлгох вэ? Ярьж чадаж байна, хийж чаддагаа харуулах хэрэгтэй байна. Нэг хэсэг нь энд тэндэхийн мөнгө санхүүгийн чадавхтай хүнийг тойрон эргэлдэх ажээ. Бид нэг болон нэг хэсэг хүний санал бодол бус нийтийн эрх ашигт нийцсэн санал бодлоо нэгтгэж ажилладаг эвлэлдэн нэгдсэн байгууллага байгуулсанаа санах ёстой. Миний бодож байгаа ийм байдлаар ажиллах ёстой гээд санал хэлээд явах биш чухамдаа үлгэрлээд хийх тийм хүмүүс, ус агаар шиг хэрэгтэй байна.
Монголын өнөөгийн хөгжлийн үед төрийн олон нийтийн байгууллагуудын туршлагаас харахад нийт гишүүдээ ахмад үе, залуу үе гэж ангилах, ялган зааглах, ялгавартай хандах, эсвэл хөрөнгөлөг, чинээлэг хэсэг, ядуу дорой бүлгийг зааглан үйл ажиллагаа явагдаж ирсэн байх юм. Олон санаат оргож, буцаж, олон газарт очиж, доншуучилж явсан түүх бий. Энэ тухай Монголын нууц товчоонд олонтой бичиж сургамжилсан байдаг. Ийм хүмүүс ямагт хагалан бутаргах аюулыг өөртөө тээж энэ тэндэхийн олон газарт бүхий л сонгуульт албанд нэр нь зоогоостой явсан байдаг.
Мөнх тэнгэрийн шүтлэгийг өнөөгийн монголын улс төрийн амьдралын бохир заваан зүйлтэй хутгаж болохгүй. Үүнийг мөнх тэнгэр ч хүлээж авахгүй. Харин Монгол Улсынхаа хувь заяаны төлөө, өндөр хөгжлийн төлөө залбирч, мөнх тэнгэртээ айлтгаж болно. МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгыг бид олон түмэндээ хамгийн ойр дотно, энгийн хэлбэрээр, тэдэнд ямар нэг дарамт шахалт үзүүлэхүйгээр хийхийг эрхэмлэнэ. МБНЭ нь бөөгийн тахилга зан үйлээ хариуцдаг. Харин орон нутаг баяр наадмаа хариуцсан хэлбэрээр хийж, аль болох иргэдийн сайн дурын итгэл үнэмшилд тулгуурлаж ажлаа зохион байгуулсан.
Мөнх тэнгэр биднийг хүлээж авч өглөг буянаа хайрласан. Энэ бүхнийг зөв сэтгэлээр, зөв үзэл санаагаар, зөв хэлбэрээр хийснийг нутгийн олон иргэд санал нэгтэй дэмжсэн. Ийм зүйл хийж эхэлсэнийг өөр маягаар урвуулан ашиглаж болохгүй. Бид уламжилж ирсэн бөөгийн дэг жаяг, үе дамжиж ирсэн бөө нарын үзэл санааг авч баяжуулж хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Нөгөө талдаа Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэгийг мухар сүсэг болон шашинлаг хэлбэр лүү, хувь хүний үзэл санаа оруулсан хэлбэрээр хийж болохгүй нь амьдралд харагдаж байна. Бөө шүтлэг нь өнөөдөр хөгжлийн нэн эмзэг үедээ явж байна. Тийм учраас бөөг хөгжүүлэхэд нэгдмэл бодлого, уламжлал дэг журам, эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн арга билэг хэрэгтэй юм.
МБНЭ-ийн 2014 оны зорилтууд
МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцэж, зохион байгуулсан Нэгдсэн тахилга бол Монгол бөө нэгдэж чаддагийг харуулж, эвийг их хүчийг эх орныхоо оюуны дархлааг бэхжүүлэх, онгон сайхан байгалиа хамгаалах, монголчуудын эв нэгдлийн мөн чанарыг илэрхийлэх тийм агуулгыг багтааж байна.
Жил бүрийн 6 дугаар сарын 22-ны өдөр Хүй долоон хутагт нэгдсэн нарны тахилга, залбирал хийж байхаар санал болгож байна. Ингэснээрээ наадмын бэлтгэлд гарсан иргэдтэй холбогдож хамтарч ажиллах боломж бүрдэнэ. Мөн наадмын үйл ажиллагааны нэг хэсэг болж, олон түмэн оролцдог нийтийг хамарсан тахилга болгож болгох боломжтой билээ. Нөгөө талдаа Бөөгийн зан үйлийг нийтэд сурталчилдаг томоохон арга хэмжээ болгохыг зорьж байна.
2014 онд нэгдсэн 2 их тахилга хийнэ. Өмнөговь аймгийн Хан богд суманд өмнө зүгийн Говийн их тахилга хийнэ. Дараа нь Монгол орны хоймор Хөвсгөл нуурт их тахилга хийгдэнэ. Бусад аймгуудад бүсчилэн тахилга хийгдэх бөгөөд өнөөдөр Хэнтий аймгийн Биндэр суманд Зайран Б.Хурцжавхлан удирдсан их тахилга, Говь-Алтай аймгийн бөө нар нэгдэж Цээл суманд нэгдсэн тахилга хийх санаачилгыг МБНЭ-д ирүүлээд байна.
Бид үйл ажиллагаандаа:
-МБНЭ-ийн жилийн татварыг тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан төлж хэвших,
-Энэ өвлийн улиралд багтаан Монгол улсынхаа хэмжээнд бөөгийн хүрээлэнгүүдээ байгуулж дуусгах,
-Аймгуудын хэмжээнд бөө нарын судалгааг гаргаж дуусах,
-МБНЭ-ийн эгнээг бэхжүүлэх,
-МБНЭ-ийн бүх байгууллагууд, туг, дарцагтай байх бөгөөд тахилгад оролцсон тохиолдолд тэмдэг даруулж хэвших
-МБНЭ-ийн бага хуралдайн гишүүд 2014 онд хийх ажлын саналаа өгөх
-МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн нь аль нэг аймаг, нийслэлийн дүүрэгт хамаарагдаж, зохион байгуулалтын ажилд идэвхтэй оролцох,
-МБНЭ-ийн бага хуралдайн гишүүд 2013 оны 12 дугар сарын 10-ны дотор 2013 оны ажлын тайлангаа ирүүлэх шаардлагатай.
Тайландаа:
-Уул, усны болон тахилгын дүн, хийсэн ажлууд, зан үйлдоролцсон иргэдийнтоо, түүнээс онцгойлсон гоц үзэгдэл, орон нутагт ажилласан тухай,
-МБНЭ-ийн анхаарвал зохих асуудлууд болон санал дүгнэлтээ өгөх нь зүйтэй.
Нэгдсэн ихтахилгад оролцохдоо:
-Өөрийн биеэр оролцох
-Төлөөллөө оролцуулах, түүнийг албан ёсоор МБНЭ-д мэдэгддэг байх, мөн санхүүгийн дэмжлэг үзүүлж оролцож болох юм.
Дэлхийн түүхийн сургамж нь аливаа эзэнт улс нь өөрийн цаг тооллоо эзлэгдсэн  улсууддаа тулган хүлээлгэж, мөрдүүлж ирсэн нь үнэн билээ. Монголын их гүрэн өөрийн зурхай он тоололтой байсан. Гэвч монгол гүрэн задарч хүч чадал нь доройтон, Манжийн хараат улс болсон. Тэр үеэс бид харийн гүрний он тооллоор явж, хаврын баяраа тэмдэглэж иржээ. Манжийн Их гүрний нийслэл байсан Нанжин, Ухань, Бээжинд  хаврын ногоо цэцэг дэлгэрч зон олон баярлаж хаврын баяраа тэмдэглэж байхад харин монголд идэр есийн жавар тачигнаж, өвлийн ид хүйтэн арилаагүй байдаг. Бидний он тооллын ялгаа ийнхүү хаврын баяр цагаан сар, еэвэн сараар ялгагдаж харагддаг.
Бид уламжлалт зурхайгаа сэргээж мөрдөхийн зэрэгцээ түүндээ бөөгийн ёс заншлыг тусгасан өдрүүдийг тэмдэглэсэн зурхай сэргээж ашиглах шаардлага байна.
МБНЭ-ийн веб сайтад Монгол бөөгийн календарь хийж эхэлсэн боловч тогтмол ажилладаггүй, нөгөө талаас зурхайчийн байнгын туслалцаа дутсанаас эргээд хасахад хүрсэн юм.
Монгол бөө судлалын өнөөгийн хүрсэн түвшинг нэгтгэж гаргаж тавьсанаар бөөг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно. Бөөгийн сургалтад хамрагсад нь бөөгийн нууцыг чандлан хамгаалах талаар Мөнх тэнгэртээ тангараа өргөж байх нь чухал юм. Өргөсөн андгай тангарагаа насан туршдаа мөрдөх ёс зүйтэй байх шаардлагатай байна. Монголын уламжлалт цагаан сарыг МБНЭ-ийн гишүүд шинийн 5–ны өдөр өглөөний 9-14.00 цагт МБНЭ-ийн төв байранд ирж золгож байхаар тогтов.