http://www.zoofirma.ru/

Сибирийн бөө нар Байгаль нуурын Ольхан аралд цугларав. Оросын зүүн хэсэгт ой, хээрийн түймэр дэгдэж, их түймэр газар авч байгааг зогсоох зорилгоор сибоийн бөө нар нэгдэн цугларч байна. Сибир бол дэлхийн уушиг билээ. Яагаад гэвэл асар их нутгийг эдлэн оршдог сибирийн ой, тайг, хээрийн бүс бол дэлхийн агаарыг сэлбэж байдаг гол байгалийн цогцолбор юм.


Монголчуудын өвөг дээдэс эрт дээр үеээс эх дэлхий бол хүний оршин тогтнох гол цөм учраас онгон байгалиа хамгаалах нь Монголын тэнгэр үзэл, бөө мөргөлийн сургаалийн үндэс байсаар ирсэн. Цаашид ч байсаар байх болно. Тиймээс Монголын болон МБНЭ-ийн төлөөлөл нар сибирийн түймэр ундраахаар цугларсан олон бөө нартай эв санаа нэгтэй байж, дэмжиж Байгаль далайн Ольхун аралд болсон бөөгийн нэгдсэн тахилгад оролцсон билээ. Нэгдсэн тахилга бол эх дэлхийнхээ байгалийг хамгаалах нэгдсэн их үйлсийн нэг тод илрэл, жишээ болж байна. Бид ингэж бодож, сэтгэж энэ үйл ажиллагаанд оролцож байна.
Байгал дэлхийгээ хамгаалах тэмцэлд “Буриад-Монголын бөө мөргөлийн эртний уламжлалын дагуу ... дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бөөгийн цугларал”-т боллоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, энэхүү ажиллагааг зохион байгуулж байгаа Буриадын “Тэнгэри” бөөгийн байгууллагын тэргүүн Байр Цыендоржаевтай уулзав. Бид зав зайг ашиглан сонирхосон асуулаар ярилцлаа. Мөн тахилгад оролцож буй олон бөө нартай уулзаж, санал бодлоо солилцсон билээ.
Дараа нь Украйнаас ирсэн бөөгийн төлөөлөлтэй санал солилцлоо. Украйн бөө монгол бөөгийн талаар сайн ойлголттой байсны дээр ирэх жил монголд аялах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байлаа.
8 дугаар сарын 4-ны өдөр өглөөнөөс эхлэн бөө нар тахилгын бэлтгэл ажлыг эхэлсэн байлаа. Бөө нар бөөгийн Ольхун аралын зүгт чиглэлээ авч байрлалаа эзэлжээ. Жин үдийн сайн цаг болоход бөө нар тахилгын зан үйлээ эхэллээ. Дөрвөлжин татсан гортиг дотор оролцох бөө нар байрласан байлаа. Урд эгнээнд нэгэн шугаманд онгоддоо өргөх идээгээ тавьсан байлаа. Хамгийн ар талд хоёр тогоонд шүүсээ бэлтгэх ажээ.
Бүгд зэрэг онгод, сахиусаа залж бөөлж эхэллээ. Оролцогчид бүгд байгаль дэлхийгээ, сибирийн их ойгоо түймрээс авран хамгаалах зан үйлд нэгдэн оржээ. Бүгд бөөлж дуссаны дараа таван зайран нэгдэн бөөлж эхэллээ. Ойгоны их ноёдын онгодыг оруулж бөөлж байлаа.
Тэднийг бөөлж дуусахад манай халх хуягтай бөө талбайд үлдэж олон иргэдийг дугаарлуулан төөрөг тавьж байлаа. Тиймээс зохион байгуулагчид түшээ, зайранд анхааруулан бөөлөлтийг зогсоож, талбайг чөлөөтэй болгов.
Түүний дараа Буриадын “Тэнгэрэ” бөөгийн тэргүүн Байр Цыендоржаев хуяглан бөөлж, “Бух ноён”-ы онгодыг залж, толгойлон бөөлөлтөө эхэлсэн билээ. Цугларсан олон бүгд сөхрөн сууж, “Бух ноён”-доо залбиран мөргөж, дөрвөн зүгт цугларсан олонтой дөрвөнтэй мэндчилж, залбиран бөөллөө. Тахилгад оррлцогчид бүгд сөгдөн, “Бух ноён”-доо мэндчилж, хадагаа өргөж байлаа.
Урд талд бэлдэж тавьсан бургас модондоо цугларсан хадагаа өргөж, шүүсээ дээр нь тавьлаа. Бүх бөө нар хэнгэрэг юугаа дэлдэж, дуудлагаа дуудаж, өргөх идээ, шүүсээ авч цугларсан олныг бүтэн тойрсоны дараа галаа асааж, цунцалан өргөнө билээ.
Шүтлэгтэн олны өмнө хийгдэх гол арга хэмжээнүүд ийнхүү дэс дараатай хийгдэж дууслаа. Сибирийн их тайгад гарч буй түймрийн эсрэг, байгалиа хамгаалах зорилгоор хийсэн тахилга амжилттай болж өнгөрлөө.
Мөн өдрийн бусдын зохион байгуулж байгаа арга хэмжээг хүндэтгэх мэдрэмжиндээ тулгуурлан, (тахилгын талбайд бусдын анхаарлын татахгүй байхаар) МБНЭ-ийн төлөөлөл, байгууллагын тугаа зөвхөн орой өргөж, монгол бөөгийн тухай баримтад киногоо гаргаж сонирхуулсан билээ.
Энэхүү арга хэмжээнд монголоос хоёр бөө оролцсон юм. Эх дэлхийнхээ төлөө энэ хүртэл зүтгэж яваа улаач нараараа бахарханам. Шүүмжлэлтэй хандахад манай бөө нар нэгдсэн тахилгад оролцохын хамт онгод, сахиусаа хийж байгаа зорилготой уялдуулахыг аль болохоор хичээх хэрэгтэй юм. Гэтэл манай бөө нар хуяглан бөөлж, сахиусаа залангуутаа иргэд оролцогчдын төөргийг үзэж, бөөлөлт хувийн шинж чанартай болгож, зохион байгуулагчид сануулга өгч, сахиусаа буулгахаа хүчээр болиулахад хүргэж байлаа. МБНЭ-ийн дүрэм, журамд зааснаар нэгдсэн тахилгын үеэр хувь хүнд зориулсан зан үйл хийхийг хориглодог юм. Энэ бол манай байгууллагын улаач нарын хувьд тогтсон зүйл билээ. Монгол бөөгийн ёс зүйд “бусдын онгодыг хүндэтгэж, өөрийн онгодыг дээдлэх” ёсон бий билээ. Манай залуу бөө нар энэ мэтчилэн олон зүйлд суралцах зайлшгүй шаардлага байгаа юм.