http://www.zoofirma.ru/

Шулуун хөх хүшууны төвөөс хөдлөөд удалгүй Шандын гол, Шар талд хүрч очлоо. Автозам хотыг эгц урдаас хөтөлж орно. Хотын туурь луу орохыг заасан тэмдэг, замын хөшөөнөөс энэ өдрийн аялал эхлэх бололтой. Зам хөтлөн таван том гэрийн өмнөх авто зогсоолд ирлээ. Дотогш орох билет аваад хашаа руу орно. Өмнөөс их хаан Хувилайн суугаа хөшөө угтана. Хөшөөний ар талд Их хааны төрсөнөөс тэнгэрт халих хүртэл бүх түүх бичээстэй ажээ.

 

Аль ч талаараа уудам саруул, сэрүүн татсан тал нутгийг санаанд оруулсан Шар талд хүрч очлоо. Өчигдөрхөн хур бороо орсон болохоор тал нутаг өвс ногоо салхины аясаар халиуран найгана. Уудам талын төв хэсэгт хаана хаанаасаа ижил шахуу талбайд их хаан Хувилайн ордны туурь харагдана.
Хөшөөнөөс Шанд хотын буурь луу жижиг унаа авч хөдөлнө. Намган хөрстэй хэсгийг өнгөрөөд голын намаг бүхий цөөрмөгийн дундуур гарна. Хааны ордоны гадаад хүрээний хаалган хэсэгт тулж ирлээ. Хаалгыг өнгөрөөд цөөш хөдөлж, хотын дотуур хамгаалалтийн бүсэд орно.
Төв хаалгаар ороод их хааны өргөөний туурьд очно. Олон давхар өргөөнөөс их хаан алсыг харах боломжтой баригдсан байдаг. Одоо энэ бүхнийг орлон ордны хана, чулуун туурь үлджээ.
Хааны ордны эргэн тойрон олон туурь харагдана. Явсаар хамгийн хойд хэсэгт Төрийн уйл ажиллагааны гол цөм болсон ордны туурь, цэргийн хүрээ боловуу нэмээр өндөрлөг газар, өнөө цагт овоо босгосон байв. Чухам үүгээр Их хааны төв ордны хэрэмийн туурь хязгаарлагдана. Эндээс эхлэн хааны ордны гадна талын хэрэм, хотын туурь үргэлжлэнэ.
Хойд хэрэмийг даваад хотын баруун хэрэмийн гадна талд өнөөгөөс олон зуун жилийг насыг элээж буй хотын хэрэмнээс үндсээ авч ургаж буй хоёр модон дээр очлоо. Бид тэнд таваг идээгээ засж, Их монгол Улсын удирдаж байсан өвөг дээдсийн өргөө байсан газарт хуур манжигаар бөөлөн бослоо. Сүүгээ өргөж, монгол шимийн архиа сацан, хуураа татах мөчид сэтгэлд нэг л сонин мэдрэмж буугаад мордоно. Их эзэн Чингис хааныг хаан ширээнд өргөмжилсөн Монголын Хар зүрхний Хөх нуурт хийх Нэгдсэн их тахилга Шар тал, Шандын булагт Хувилай хааны тууринд ийнхүү бөөллөө.
Сэвэлзүүр зөөлөн салхи сэтгэл гоголзуулж, хараацай шувуу газар шүргэм нисэх мөчид, хаа нэгтэйгээс морин хуурын дуу чихэнд зочилж, тал нутгийн, монгол газар сэтгэлд адитган бууж, уяхан зөөлөн монгол хүдэр эрийн дуу талыг цочоон цангинана. Аяа их өвөг дээдсийн минь сүнс тал нутгаа санагалзан ирсэн зочноо буухын завдалгүй тосон угтаж, ихэс дээдэсдээ мэдээгээ хүргэхээр яаран одох ажээ. Сэтгэл хөөрөн огших тэрхэн агшинд нүдэнд баярын ч гэмээр нулимас цийлэгнэн үлдэв. Хэдхэн хоногийн дараа Хар зүрхний Хөх нууртаа учрья. Монгол төр үнэлэхгүй ч улаач нар өөрсдийн ажлаа хэнтэй ч хуваалцалгүй хийж явна.
Хуур, манжигаар тойлон буугаад буцаж, авчирсан идээний дээдээ тэнгэр, газартаа өргөж, бидний энэ удаагийн бөөлөө өндөрлөв. Алс холын монгол нутгаас чиг зорин ирж, золгон баяссан бидний эхний мэндчилгээ, мэдээ аядуу сайхан болж өнгөрлөө.
Шар цэцгэнд умбах уудам тал, Шар тал, шандын голын аялал үүгээр дууссангүй. Их хааны тууриас урагш 3 км орчим яваад харуулын толгойг ашиглан хийсэн их хааны ордоны тухай музейгээр орлоо.
Хааны ордны туурьнаас олдсон хүн чулуу, ордны хана дээврийн барилгын үлдэгдэл, хэрэглэж байсан эд зүйлсээс энэ үзвэрийн газрыг байгуулжээ. Аялал жуулчлал, бүтээн байгуулалт гэдэг энэ бөлгөө.