http://www.zoofirma.ru/

Зургаа. Эрдэм шинжилгээний хурал ба Нэгдсэн их тахилгын дүн.
Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын дүнгийн хурал болж, Галын наадам, Лусын тахилга, Хайрханы тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн удган Оюунтуул, Мөнхбүрэн нар бөөлөлтийн үеийн онгодын айлдвар, сургамжийн талаар мэдээлэл хийсэн.


Тахилгад оролцсон ОХУ-ын “Дээж” бөөгийн төвийн тэргүүн Б.Б.Балдахинова, Амгалан нар санал бодлоо ярьсан билээ. Монгол бөөгийн хөгжилд хувь нэмэр оруулж, мөнх хөх тэнгэрийнхээ төлөө зүтгэж яваа улаач нараа МБНЭ-ээс шагнаж урамшууллаа. Өвөрмонголын бөөгийн төлөөлөл нилээд олон хүнтэй иржээ. МБНЭ нь жилийн явцад оролцсон оролцоог нэгтгэн дүгнэж, шинэ жилийн арга хэмжээний үед цол, шагналаа гардуулдаг уламжлалтай.
Энэхүү арга хэмжээнд оролцсон ОХУ-ын улаач нар Владимар Н, Амгалан, түгээ М.Анхтуяа нарт мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан билээ.
Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын дүгнэж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ.
Монголын бөөгийн гол үндсэн баримт болсон МБНЭ-ын батлан мөрдөж буй “Монгол бөөгийн ёс зүй”-д “Бөө хүн өөрийн онгодыг дээдлэж, бусдын онгодыг хүндэлж явах учиртай. Өндөр чадвартай нэр хүндтэй бөө бол улс орон ард түмнийхээ бахархал мөн.“ гэж тодорхойлсон байдаг. Энэ нь улаач хүнд асар их өндөр шаардлага тавигдаж байгаагийн илэрхийлэл юм. Цаг үе маань өөртөө өндөр шаардлага тавьж ажиллахыг ч харуулж байна.
Буддагийн лам нар Энэтхэг болон бусад улс оронд очиж шашины сургуульд бага наснаасаа суралцаж, өндөр боловсрол, хэл эзэмшиж байна. Христын шашин олон мянган жилийн хөгжлийн явцад боловсрол эзэмших өөрийн системтэй болж, өндөр хөгжилтэй орнуудад очиж удирдах ажилтнуудын нэгдсэн сургалтанд сууж, зорилт, чиг хандлагаа тодорхойлж байна.
Харин бид яаж байна вэ. Тэнгэрийн улаач хэмээн өөрсдийгөө тодотгодог бид зөвхөн онгод, сахиуснб хүчинд итгэж, хүний хувьд өөрсдийгөө боловсруулахад тун бага анхаарч байна. Монгол бөөгийн сошиалын ертөнцийг анзаарч үзэхэд бөө мөргөл, түүний үзэл бодлын түхай тун аятайхан зүйлүүд бичигдэж байгаа. Гэхдээ голдуу хувь хүний маргаан дийлэнх суурийг эзэлж байна. Энэ нь монгол бөө мөргөлийн олон асуудлыг нэгтгэж боловсруулсан зүйл бага байгаатай холбоотой.
Монгол бөөгийн тулгамдсан асуудал юу байна, түүнийг өнөөгийн цагийн нийгмийн зорилтуудтай холбох шаардлага гарч ирдэг. Үүнд тэнгэр үзэлтнүүд, бөө мөргөлтнүүд бэлэн биш байна. Тун аятайхан санаанууд дэвшүүлж, хэрэгжүүлж эхэлдэг боловч бидний боловсролын цар хүрээ, өөрсдийн мэдлэгийн хөгжүүлсэн байдал зэрэг олон зүйлээс шалтгаалан хэрүүл маргаан болж өргөсөн тэлж, улмаар “бөгс бөөрний” явдал ч болж бүр ичгүүр сонжуургүй байдалруу орчих явдал гарлаа. Энэ бол бүхэлдээ бидний хоцрогдолтой талыг мэдрүүлээд байгаа юм.
Аливаа зүйлийн сайн талыг олж харж дэмжихийн оронд өөрт байдаг ганц нэг мэддэг зүйлээр хэрүүл болгон тэлж, хоорондын дотоод зөрчил үүсгэдэг байдал, олон хүнийг бөө нартай хамтран ажиллахаас залгахад хүргэдэг. Ихэнх тохиолдолд хувийн “амбиц”-аа тэргүүлж тавих явдал их байдаг. Бөөгийн байгууллагууд голдуу 20-30 болон хэдэн зуугаар нэгдэн цугларч тахилгын зан үйл хийдэг, үүнийгээ үндсэн ажил гэж ойлгож бусад чухал ажлуудаа орхигдуулдаг. Цаашид бөөгийн төвлөрсөн байгууллага нь байнгын ажиллагаатай болох шаардлага тулгарч байна. Үүнд олон зүйлээр бэлэн биш байна. Ялангуяа бөөг авч явах манлайлагч нарт анхаарах шаардлага тулгарч байна.
Бидний тэнгэрт нэгдэн залбирсан хүч зорилгодоо хүрч монголын төр ариусан цэгцрэх үйл явц өрнөж байна. Тэнгэрийн айлдсанаар ихэс дээдсийн дотоодын хямрал, зөрчилдөөн, төрийн бузарлагчдын хоорондын тэмцэл монголын төрийн ялзралыг илчилж, монголын ард түмний хүсч байгаа хүчирхэг, ариун төрийг бий болгох болно. Тэнгэр шүтлэгтэн, бөө нарын Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилга энэ зорилгод чиглэн зан үйлээ хийлээ. Ирэх жил болох нэгдсэн тахилгаар Монгол төрийн төлөө чин ариунаар зүтгэх төрийн зүтгэлтэн нараа мөнх тэнгэр, их эзэн Чингис хааны ариун сүнсэнд мэдүүлэх болно.
Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилга амжилттай болж өндрөллөө.
ОНОЛ ПРАКТИКЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ХИЙВ.
МБНЭ-ийн залуучууд Хар зүрхний Хөх нуурт тодорхой асуудлаар онол практикын эрдэм шинжилгээний хурал хийх санаачлагыг дэмжсэн юм. Хагас бүтэн сайныг, бас сайн өдрүүдийг товлон хийсэн нэгдсэн их тахилгын дараа ажил албандаа зорьсон хэсэг нь буцаж, үлдсэн хэсэг нь онол практикын хуралд оролцлоо. Цаашид нэгдсэн тахилгын үеэр онол арга зүйн хурал зохион байгуулж, улмаар тэлж олон улсын эрдэмтэн судлаачид оролцсон хурал хийх боломжийг судлаж энэхүү хурлыг хийсэн билээ. Энэхүү хурлаараа дараах асуудлаар бэлтгэсэн илтгэлүүдээ тавьлаа.
1. Монгол тамгын соёлоо хамгаалах зорилт, бөөгийн оролцоо
Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл
2. Чулуун зэвсгийн олдвор, Хүн чулууг хамгаалахад бөөгийн зан үйлийг ашиглах нь
Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
3. Ноён уулаа хамгаалахад бөө нарын гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, үр дүн
Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа
4. Дэлхийд гайхагдсан палентлогийн олдворуудыг хамгаалахад бөө нарын оролцоо, боломжууд Монгол бөөгийн тэргүүн удган Баттогтох
5. Их хаадын хоригт халдсан түүх, бөө нар зан үйлээр хамгаалах зорилт
Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж
6. Монгол төхийн төлөө амиа өргөсөн баатруудын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилтыг хэрэгжүүлэх талаар хийж буй ажлууд
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
гэсэн илтгэлийг тус тус хэлэлцлээ.
Бид энэ удаа МБНЭ-ийн удаа дараагийн дээд цэцийн хуралдайгаас дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр онол-практикын бага хурлыг хийлээ. Хуралд Монгол бөөгийн их удган Бадамсүрэн сайн бэлтгэж оролцсоныг тэмдэглэж байна. Цаашид ийм ийм арга хэмжээг зохион байгуулах боломжтой байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ч боломж байгаа нь харагдлаа.
Д.Хүрэлбаатар