http://www.zoofirma.ru/


Ханбогд хайрханы эргэн тойрон орших байгалийн үзэсгэлэн олон газраар бид явсан. Үндсэн бүрэлдэхүүн нэгдсэн тахилгаа дуусгаад нийслэлрүү хөдөлж, бидний баг болох 10 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг өмнөд хилийн зүг хөдлөв. Манайхан их говийн нэг хэсэг болсон Галбын говь руу аялал чиглэсэн. Замдаа уул усны залбирал хийх, бөөгийн хүндэтгэл үзүүлэх хайрхан, баян бүрд, гол усыг туулах багийн үндсийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун нар, мөн чамгүй олон нэвтрүүлэг хийх зорилготой Өөдөө удган, зураглаачийн хэсгээс бүрдэж байлаа.


Эх орны минь үзэсгэлэнт байгаль, уул хадны өвөрмөц тогтоц, арвин баялаг түүх аялагчдын сонирхлыг татдаг. Манай улсад алдартай 33 говь бий. Үүнээс хамгийн том нь улаан хүрэн тэмээгээрээ алдартай “Галбын говь” ажээ. “Галбын говь”-ийн талбай 70 мянган хавтгай дөрвөлжин километр, урт нь 200 километр, өргөн нь 50 гаруй километр.
“Галбын говь” Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг эзэлдэг. Галбын говь нь Баян-Овоо сумын нутгийн зүүн урд Дайчин, Заг сүүжийн говиос эхлэн Саглар, Модон овоо, Цахиуртай, Хар загийн хоолойг дамжин үргэлжилдэг. Холоос харахад тэнгэрийн хаяа, шаргал элстэй нийлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагддаг. Нарны гэрэлд алтан шаргал өнгөтэй харагддаг бол нар жаргах үед хүрэн улаан өнгөтэй болж өөрчлөгдөнө. Үүнээс гадна Монголд төдийгүй дэлхийд ганцхан байдаг хүн хүрээгүй байхад өөрөө хөдөлдөг хад бий. Ихэнхдээ загийн ойгоор бүрхэгдсэн байх ба хоёр талд орших уул, толгоддоо хайлаас болон сухай, тоорой, яшил, харгана, тэсэг, хотир, загсгал зэрэг модлог, бутлаг ургамал элбэгтэй. Галбын говийн 190 шахам га талбайг заг мод эзэлдэг ба хамгийн өндөр ургасан заг 5-7 м байна. Галбын говьд “Монголын улаан ном”-д орсон чоно, шилүүс, зэрэг араатан амьтдаас гадна хулан, хар сүүлт, аргаль, янгир зэрэг ан амьтад байдаг.
Америкийн зохиолч Маркисийн номд “Монгол хэмээх гайхамшигт орон, Галбын говь хэмээх элсэн манхан надад хүчтэй сэтгэгдэл үлдээлээ. Дэлхийн олон орноор аялж, адал явдлынхаа тухай бичихдээ ийм үзэсгэлэнтэй говь үзээгүй юм байна” гэжээ.