http://www.zoofirma.ru/

Бидний гол зорилт бол Монголчууд Мөнх тэнгэрээ, онгон байгалиа шүтэн дээдэлж ирсэн тэр өвөг дээдсийн аугаа үзлийг сэргээн хөгжүүлэх явдал. Мөнх тэнгэрээ шүтэж ирсэн Монголчуудын хувьд бөө нэн чухал үүрэг гүйцэтгэсэнтэй хэн ч маргахгүй. Аливаа асуудалд хандахдаа бид олонх болсон монголчууддаа, шүтлэгтэн нартаа хандахаас эхэлж байгаа.

Тэрнээс бөө нарт хандах нь гол асуудал биш. “Улаач” хүн тэнгэрийн зарлигаар эгэл хүнээс өөр хуулиар амьдардаг. Тиймээс тэдэнд “тэнгэрийн зарлиг” үйлчилдэг. Энэ талаар маргахыг огт хүсэхгүй байна. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд ч надад хангалттай сайн сургамжилдаг. Бид тэнгэрийн үйлээр тоглодоггүй. Харин тэнгэрийн нэр барьж бөөгийн нэрийг “бохир шавар, намаг”-т хутгагсадтай хүний үйлийн талаас нь тэмцэж байгааг ойлгохыг хүсч байна.
Монголчууд, эгэл жирийн иргэд Цэрэн бөөгийн бичээд байгаа шиг “тэнгэрийн хуралдайгаар хуралдаж байж улаач хүнд олгодог”-ийг мэдэхгүй. Надад тэнгэрээс ийм цол олголоо гээд хүнд хэлээд үз. Бөө нараас бусад нь таныг ойлгохгүй шоолно. Тэнгэрт тийм зүйл болдог, тэгээд бүхнийг хүний үйлээс ангид зохицуулаад байдаг бол тэр бүхнийг олон түмэнд тунхаглаад байдаг бол хүмүүс төөрөлдөхгүй, жинхэнэ, хуурамч бөө гэж ярилцахгүй, Мөнх тэнгэрээр “хоол” олж зогоогчид байхгүй байхсан, тэгээд МБНЭ байгууллага ч хэрэгцээгүй болох биш үү. Өнөөдөр багшийн буруугаар төөрөлдөж яваа энэ олон зуун тэнгэр шүтлэгтэн, тэнгэрийн улаач болох гэж зүтгэж яваа иргэдийг буруутгах аргагүй.
МБНЭ-ийн хувьд Мөнх тэнгэрийн үзлээ монголчуудад түгээхийн тулд ажиллаж байна. Цэрэн бөөгийн хувьд бөөгийн цолны тухай, үг үсгийн алдааны тухай яриад байна. Бидний хооронд ийм ялгаа байгаа учраас ойлголцол нэг л болж өгөхгүй байна даа.
Хориод жилийн явцад бий болсон 50 орчим бөөгийн цолыг цэгцлэх цаг нь болсон. Энэ олон цол болох “Төрийн зайран”, “суу ухаантан”, “баатар, гавьятууд”, “бөөгийн доктор”, “профессор” гээд нэр хүндүүд “мод”-ноос гарч байна. Сунжирсан энэ олон цолыг дурьдахаар өмнө ямар аугаа их хүн бэ гэж биширдэг байсан бол одоо хойч үе, залуучууд элэглэн шоолох болж байна. Бөө нар л өөрсдийгөө тодруулах гээд ийм юм санаачлаад байдгаас биш дэлхийн нэртэй суутангууд Ванга, Эйнштейн, Чингис хаан ч цол гуншин шүтэж байсангүй. Харин ажил үйлээрээ олон түмнийг араасаа дагуулж байсан.
Монгол бөөгийнхөө төлөө санаа зовьж явдаг, бий болсон замбараагүй нөхцлийг цэгцлэх зорилгоор “тэнгэр-ийн улаач нар нэгдэн МБНЭ-ийг байгуулсан бөгөөд багагүй ажлыг хийгээд байна.
Бөө гэдэг ерөнхий нэр, энэ нэр дор олны яриад байгаа жинхэнэ бөө ч, хуурамч бөө ч багтана. Олон түмэн ч түүнийг ялгахад хэцүү. МБНЭ-д гишүүн элсүүлэхдээ ялгавартай хандана гэж байж болохгүй. Хүмүүсийг сайн муугаар ялгаж ангилж байгуулагадаа гишүүнээр элсүүлнэ гэж оролдох бүтэлгүй үлгэрийг санагдуулах юм. МБНЭ-д мөнх тэнгэрээ шүтдэг шүтлэгтэнгүүд хэн ч элсэж болно.
Харин Монгол бөөгийн цол олгохдоо МБНЭ нь тун хатуу шалгуураар хандах болно. Тэгэж байж Монгол бөөгийн нэр цэвэр ариун байх болов уу. Хүний үйл болохоор хамтарч ажиллаж, зүтгэж байж л сайн мууг мэдэрнэ.
Эхний ээлжинд бид барих ёс зүйтэй болсон. Алдаа оноотой ч энэхүү баримт олон түмний дэмжлэгээр улам боловсронгүй болох нь дамжиггүй. Алдаагаа засж чадаж байна гэдэг ухаарал. Ухаарлын цаана амжилт байж байдаг. Би хэрүүл хийгээгүй ажлаа сайн болгохын төлөө мэтгэлцэж байна гэж ойлгож байгаа. Мэтгэлцэж байж үзэл бодол тэгшрэнэ. Байгууллагын нэр хүнд ч унахгүй, өснө гэж боддог. Ойлголцохгүй бол энэ мэт сунжирсан яриа үргэлжлэнэ.
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа