Уншиж байна...

–28 хоногийн хөл хорио дөнгөж тавигдлаа. Бүтээн байгуулалт, газар тариалангийн ажил ид эхэлдэг улиралд сар шахам хөл хорио тогтоосон нь эдийн засагт хэр нөлөөлөх вэ?
-Монголын эдийн засаг үндсэндээ хавар, намар гэсэн хоёр улиралд хамгийн идэвхтэй байдаг. Энэ нь манай орны эдийн засагт улирлын нөлөөлөл өндөр байдагтай холбоотой. Өвлийн улиралд барилга, уул уурхай зэрэг гол бүтээн байгуулалтын салбарууд зогсдог. Хаврын улиралд тухайн жилийн үйл ажиллагааны сууриа тавьж, намар нь түүнийхээ үр дүнг хүртдэг олон бизнес бий. Хамгийн өндөр идэвхжилтэй саруудын нэг болох дөрөвдүгээр сард хатуу хөл хорио тогтоосон нь энэ оны эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой.


Уг нь 2020 оны дөрөвдүгээр улирлаас дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлсний үр дүнд 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн сэргэж, өсөлт өндөр гарах хүлээлттэй байна. Харин хөл хорио, цар тахлын тархалтаас шалтгаалсан өмнөд хилийн боомтуудын үйл ажиллагааны хязгаарлагдмал байдал нь үүнд сөргөөр нөлөөлж байна. Энэ байдлаар бид дотооддоо цар тахлаа бууруулж чадахгүй, нөхцөл байдал хэвээр удаан хугацаанд үргэлжлэх юм бол дахиад л Монгол Улсын эдийн засаг болон төсөвт маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнийг 2020 оны эхэнд Монгол Улсын Засгийн газраас хилийн хорио тогтоосны улмаас эдийн засаг хүчтэй агшсантай адилтгаж болох юм.
-Монголчууд хэрэглээнийхээ бүтээгдэхүүний дийлэнхийг гаднаас авдаг. Гэтэл цаашдаа бид өөрсдөө үйлдвэрлэгч улс байх ёстойг Covid-19 мэдрүүлж байна. Үндэсний үйлдвэрлэлийг яаж дэмжих вэ. Их л сайндаа мах, гурил, төмсөө дотоодоосоо хангаж байна. Эсгий шаахай үйлдвэрлэж байна. Үүнээс өөрөөр Монголын үндэсний үйлдвэрлэл гэж бараг алга.
 -Өнөөдрийн тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг яах аргагүй мөн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ерөнхий бүтэц нь худалдаа үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуй болоод байна.
Сүүлийн 30 жил эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх, тогтвортой бодлого баримталж ирээгүйн үр дагавар, илрэл нь өнөөдрийн энэ байдал. Хятад арав гаруй хоног хилээ хаахад л Монголд өргөн хэрэглээний бараа хомдсож, үнэ  нь өсч байх жишээний.
Энэ бүхэн  импортоос хэт хараат байдлын буруу. Үүнийг цааш нь засч залруулахын тулд дунд, урт хугацаанд томоохон төслүүдээ хөдөлгөж, түүний орлогыг эдийн засгийг “солонгоруулахад” ашиглах шаардлагатай. Эдийн засгийг “солонгоруулна” гэж бид арав гаруй жил  ярьж байна. 1990 оноос өмнөх эдийн засгийн бүтэц харьцангуй хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж ирсэн байдаг. Одоо бид эдийн засгийн бүтцийн хувьд 1990 оны өмнөхөөсөө ч дордчихоод байна. Өнөөдөр бидэнд хамгийн ойрхон байгаа салбар нь уул уурхай болон хөдөө аж ахуйд түшиглэсэн боловсруулах, эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм. Монгол Улсын экспорт уул уурхайн салбарын түүхий бүтээгдэхүүн. Иймд бид нүүрсээ угааж, цэвэршүүлэх, зэсийн баяжмалаа ашиглан зэс хайлуулах үйлдвэр байгуулах, төмөрлөгийн үйлдвэрийг барих чиглэл рүү явах хэрэгтэй.
Дараа нь бид хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх салбар руу өндөр технологи, боловсон хүчин рүү хөрөнгө оруулалт хийх нь чухал. Энэ бол төрийн бодлогоор дэмжигдэх асуудал. Ер нь богино хугацаандаа бид эдгээр салбартаа л тулгуурлах байх. Одоогийн Засгийн газарэнэ чиглэлд нилээд анхаарч, тодорхой ажлуудыг эрчимжүүлэх чиглэлд ахиц гаргаж байгаа нь сайшаалтай. Цаашлаад банк санхүү, мэдээллийн салбар, аялал жуулчлалын салбар гээд хөгжүүлэх боломжтой салбараа шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж хөгжүүлэх нь зүйтэй. Энэ нь бидний хүч сорьж амжилттай байж чадах, өөрсдийн давуу талд бүхий салбаруудаа тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Түүнээс бид бүхнийг дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл өрөөсгөл болно.
-Монголын эдийн засаг уул уурхайд түшиглэн явдаг. Хямралаас гарах ганц гарц бол уул уурхай. Уул уурхайг бодлогоор хэрхэн дэмжих ёстой вэ?
-Төр эдийн засагт оролцохдоо бүх үйл ажиллагаанд орж хутгалдах биш бодлого, эдийн засгийн зөв орчныг бүрдүүлэх ёстой. Бодлого гэдэгт хууль эрхзүй, гадаад харилцаа, татвар, бүх талын эдийн засгийг дэмжсэн цогц суурь нөхцлийг бүдүүлэхийг л төрийн оролцоо гэж ойлгодог. Нөгөө талд дэд бүтцийг сайн бэлтгэж өгөх асуудал. Үүнийг төрийн зүгээс хатуу болон зөөлөн дэд бүтэцийг бүрдүүлэх байдлаар дэмжих бодлогын орчин гэж ойлгож болно.
"10 их наядын төлөвлөгөөний хүрээн"-д  Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон бусад томоохон төслүүдйиг урагшлуулах ажлыг хийж байгаа нь удаан хүлээгдсэн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх найдлага төрүүлж байна.
Энэ нь төрөөс үзүүлж байгаа дэмжлэгийн нэг хэлбэр. Одоогоор уул уурхайн салбарт төрөөс бодлогын дэмжлэг чухал байна. Хэдийгээр би уул уурхайн салбарын хүн биш ч гэсэн бодлогын хувьд харьцангуй сул байна уу даа гэж ажиглагддаг. Учир нь сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих олборлох, ялангуяа уул уурхайн суурийг нэмэгдүүлэх хайгуулын чиглэлд хязгаарлагдмал хумих чиглэлийн бодлого бариад байх шиг. Энэ нь уул уурхайн салбарын цаашдын хөгжилд тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй.
–Ингэхэд Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр эдийн засагт сэргээш болж чадаж байна уу?
-Монгол Улсын хувьд 2020 онд төсөв дээр том дарамт авсан. Өнгөрсөн онд  хүн амын эрүүл мэнд, орлогыг хамгаалах асуудал дээр төвлөрч бизнесийг орхигдуулсан тал бий. Харин хоёрдугаар сарын 10-нд зарласан "10 их наядын төлөвлөгөө" харьцангуй тэр алдааг зассан. Засгийн газар энэ төлөвлөгөөг УИХ-ын дэмжлэг, Монголбанкны оролцоотой хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөө нь эдийн засгийн чиглэлд ажлын байр, том төслүүд, хөдөлмөр эрхлэлт, орон сууцжуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр хэрэгжиж байна.
Би хувьдаа энэ төлөвлөгөө цагаа олсон, бодлогын сонголтын хувьд ч сайн төлөвлөгөө гэж үзэж байгаа. Учир нь эдийн засаг суларсан энэ үед эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд мөнгөний захаар дамжуулж бага хүүтэй эх үүсвэрээр бизнесийг дэмжих нь их чухал арга хэмжээ болж байна. Иймд төрөөс авах ёстой арга хэмжээг чадлаараа л авсан. Хамгийн гол нь "10 их наядын төлөвлгөө" үр дүнтэй зорилтот бүлэгтээ хурдан очих зэрэг хэрэгжүүлэлтийн механизм дээр илүү анхаарах нь зүйтэй. “10 их наядын төлөвлөгөөн”-д тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмсэн, ипотекийн зээлийн санхүүжилтыг нэмэгдүүлэн зэрэг нь маш чухал шийдвэр юм. Дээрх гурван арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд 1 их наяд гаруй төгрөг эдийн засаг руу ороод байна. Энэ нь мэдээж эерэг нөлөө үзүүлж л таарна. Харин харамсалтай нь Улсын Онцгой комиссын хийж хэрэгжүүлж байгаа цар тахалтай тэмцэх бодлогын хэрэгжилт, тактикийн шийдвэр гаргалтын алдаанаас болж дээрх төслийн эерэг нөлөөллийг саармагжуулчих шиг боллоо.
ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОЖ ЧАДААГҮЙН УЛМААС НИЙГЭМД ХАЛАМЖЛУУЛАХ ДАВХАРГЫГ БИД ӨӨРСДӨӨ ҮҮСГЭСЭН
–“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг банкуудын эх үүсвэрээр олгож эхлээд хоёр сар өнгөрсөн байна. Зээл жинхэнэ эздэдээ хүрч чадаж байна уу? ЖДҮ шиг эрх мэдэлд ойрхон хүмүүс аваад өнгөрөх юм биш биз гэсэн хардлага бий?
-Нийгмийн хардлагын хувьд бодит нөхцөл байдал дээр суурилаад өөрийнхөө үзэл бодлийг хэлье. Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүсэлт нь боломжит эх үүсвэрээс илүү давчихсан. Өнөөдрийн байдлаар дээрх зээлд 650 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан гэх мэдээлэл байна. Мэдээж, зээл авч чадаж байгаагаасаа илүү авч чадахгүй байгаа хүн олон байна. Тиймээс ажлын байрыг дэмжих  зээлийн хувьд харьцангуй зөв механизмаар явж байгаа эсэхийг л ажиглах хэрэгтэй. Монголбанк, Сангийн яам “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглах, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зээлдэгч болон зээл олгож байгаа банкны үйл ажиллагааг хянах үүрэгтэй. 
Хэрэв “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглаж, зөрчил гаргасан тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардах бөгөөд холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх журамтай. Тиймээс ЖДҮ шиг эрх мэдэлд ойрхон хүмүүст зээл  өгөх боломж нь харьцангуй хязгаарлагдмал гэж харж байна.
Арилжааны банкууд санхүүгийн  эрсдэлийг өөрсдөө хүлээж байгаа учраас зээлийн эргэн төлөлт нь маш найдвартай зээлүүдийг олгож байж л эрсдэлд орохгүй.
Нөгөөтэйгүүр Зээлийн батлан даалтын сангаас харьцангуй өндөр шаардлага тавьж байхыг үгүйсгэхгүй. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал суларсан учраас найдвартай зээлдэгчийг олно гэдэг эргэлзээтэй бөгөөд хэцүү. Тиймээс зарим зээлдэгчдээс татгалзаж байгаа байх.
–Covid-19-ийн улмаас халамж ихэссэн. Халамжийн бодлого том зургаараа эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Халамжийг бид цар тахлын өмнөх болон цар тахлын онцгой нөхцөл дэх гэж ангилж харахыг хичээх нь зөв. Covid-19-ийн өмнөх буюу Монгол Улс уул уурхайгаас ихээхэн орлого олж эхэлсэн үетэй зэрэгцэж бий болсон халамж нь улстөржсөн, улс төрийн амлалтыг биелүүлэхэд чиглэсэн Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй хэт хавтгайрсан халамжийн бодлого байсан. Улстөржсөн шийдвэрийн улмаас шууд болон шууд бусаар нийгэмд мөнгө тарааж ирсэн нь нөөцийн буруу хуваарилалтаас гадна нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээ суулгах, хөдөлмөрлөх идэвхийг сулруулах нөлөөтэй. Ийм үйл ажиллагааг арав гаруй жил хүчтэй явуулсан.
Эндээс Монгол юу ч хожоогүй. Харин ч  эсрэгээрээ Монгол Улсын хүний хөгжлийн сангийн алдагдалд орж, түүний үлдэгдэл болох 1 их наяд орчим төгрөгийг Ирээдүйн өв сангаас саяхан хааж, энэ сангийн үйл ажиллагаа түүх болж байх жишээтэй байна. Халамжийн буруу бодлого Монголд хэт хавтгайрсан.
Covid-19-ийн үеийн халамжийн бодлогыг бол дэмжиж байгаа. 30-аад жил эдийн засгийн тодорхой бүтцээ сайжруулж, иргэдээ ажилтай орлоготой болгож чадаагүйн улмаас нийгэмд халамжлуулах давхаргыг бид өөрсдөө үүсгэсэн. Тэрхүү давхаргын хүмүүсийн амьдрал цар тахлын үед хүндрэх учраас хамгаалах бодлогыг явуулахаас өөр аргагүй. Үнэхээр бид чадамжтай иргэдтэй байсан бол байдал өөр байх байлаа. Харин цар тахлын дараа иргэдийн амьжиргааны сэргэлттэй уялдаатай холбоотойгоор халамжийг аажим зогсоох шаардлагатай. Цаашдаа Монгол Улс халамжийн бодлогоос хүн амын хөгжил ажил эрхлэлтийг дэмжсэн бодлого руу шилжих алхмыг хурдан наашлуулах хэрэгтэй гэж хувьдаа бодож байна.
 -Ярилцлагын төгсгөлд эдийн засаг яг хэзээнээс сэргэнэ гэсэн хүлээлт байгаа талаар асуумаар байна? 
-2021 оны эхний улиралд эдийн засгийн сэргэлт эхэлсэн. Тухайн улирлын эдийн засгийн өсөлт ч тоон үзүүлэлтийн хувьд өндөр гарах байх. Мөн энэ оны эдийн засгийн өсөлт 5 орчим хувийн хүлээлттэй байгаа нь бас үнэн. Харин бид цар тахлын сөрөг нөлөөллийг хэзээ арилгаж, эдийн засаг хэвийн байдалдаа орох, цаашид бодит өсөлтийг бий болгож чадах вэ гэдэг нь өөр асуудал.
Бид 2021 онд өмнөх оны ухралтаас эдийн засгийн хувьд дээшилж сайн явж чадвал оны төгсгөл, үгүй бол дараа жилийн эхнээс эдийн засгийн бодит өсөлт бий болж эхэлнэ гэж харж байна.
Гэхдээ үүнд бид одоогийн төлөвлөж байгаагаар энэ оны эхний хагаст цар тахлыг намжааж чадах эсэх нь хамгийн голлох нөлөөтэй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1899

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 191

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/