Уншиж байна...

Монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн шашин нь бөө мөргөл. Бөөгийн улаач, онго, шүтээнд өөрсдийн амьдралаа даатгах нь сүүлийн үед элбэгшив. Ялангуяа ойрын хэдэн жил бөөгийн бороо буюу бөөг бөөнөөр нь төрүүлэх аян өрнүүлсэн юм шиг л болчихлоо. Энэ нь Ерөнхийлөгчийн дургуйцлыг хүргэж, бүр бөө нарыг “хянах”-аар сэтгэл шулуудав бололтой. Төрийн тэргүүн өвөг дээдсээс өдгөөг хүртэл уламжилж ирсэн энэ шашиндаа юунд ингэж хатуурхав. Түүний гэнэтийн энэ шийдвэрийг зай¬ран, удгадын зарим нь таалж, зарим нэг нь дургуйцэж байгаа гэнэ.

Тэгвэл тэд Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт яагаад дургуйцэж бас яагаад таалж байгаа, мөн бөөтэй холбоотой ямар ямар жигшүүрт хэрэг гарав гэдгийг сурвалжиллаа.
Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал. Гэтэл, гэнэн мөрөөр сүсэглэн ирж буй хүмүүсийг “Би бөө. Таны амь амьдралыг тэнгэр шүтээнд даатгаад, аюул ослоос аварна, танай удмынхны замыг цайруулж, сайн сайхан болгоод өгье” хэмээн “уургалан” авах бөө нар олширсон.
Эсвэл хэн нэгэн өвчин, зовлон тусч, аргаа барсандаа бөө гэгчийг зориход өмнөөс нь “Өө та угтай /онгодтой/ юм байна. Бушуухан угаа авахгүй бол амиа ч алдаж мэднэ, Бүр танай хамаатан, саданд муу зүйл тохиолдоно. Гэхдээ тэр муу муухай зүйлээс холуур байлгах боломж бий. Та төдөн сая төгрөг аваад ирвэл бүх юм “ок” болно” гэж айлган сүрдүүлж, түмний сэтгэл санаагаар тохуурхах бөөгийн “хар бизнес” хэрээс хэтэрлээ. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр бөөгийн нэр хүнд ч энэ хэрээр навс унаж, удам залгасан, ард түмэндээ олон жил ач буянаа өгч яваа зайран, удгадад сөргөөр нөлөөлж байгаад нийгмийн нэг хэсэг нь бухимдаж байна. Тэгвэл хуурамч, зуурдын, хулхи бөө нар гэж хэн бэ. Түүнийг яаж таньж болох вэ гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байна.


Д.Дарьчулуун: Жинхэнэ бөө хүн дээд тал нь 3-5 шавь төрүүлэх ёстой

Энэ талаар Азийн бөөгийн “Тив дэлхий холбоо”, Монгол бөөгийн “Голомт төв”-ийн баруун урианхайн долоон үеийн зайран Д.Дарьчулуунтай цөөн хором ярилцлаа.


-Та Ерөнхийлөгчийн гаргасан зарлигтай хэр санал нийлж байна вэ?

-Миний хувьд түүнийг зөв гэж үзэж байгаа. Яагаад гэхээр борооны дараах мөөг шиг олширч буй худал, үнэн бөө нар тэнгэрээ доромжилж дууслаа. Гэхдээ тэр зарлигт нэг дутагдал байна.

-Ямар дутагтал?

-Бөөг бөөлүүлэхийг зогсоох талаар ярьсан гэж сонссон. Тэр үнэхээр байж болохгүй асуудал. Тэртээ тэргүй онгод нь ороод ирсэн бөөг яах юм бэ. Бид ямар 1937 онд амьдарч байгаа биш дээ. Ардчилсан нийгэм шүү дээ. Хүний шашин шүтэх, эс шүтэхийг хэн ч боймолж болохгүй. Харин тэр хулхи гэгдээд байгаа бөө нарыг хууль хяналтын байгууллага олж тогтоох хэрэгтэй.

-Тэгвэл тэр хулхи, зуурдын бөө нарыг яаж таних боломжтой вэ?

-Хөх тэнгэр, од, сар, нар, ариун сайхан лусын хаадтай жинхэнэ бөө хүн л харьцдаг. Жинхэнэ бөө гэдэг бол бөөгийн удамтай, бас байгалиас тодордог. Бөө болоход наанадаж гурван жил хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ядаж арцаа зөв уугиулах, онгодоо яаж буулгах зэрэгт суралцах хугацаа юм. Гэтэл шинээр бөө болж байгаа хүмүүс суралцахаасаа илүүтэй шууд онгод ярьдаг болж. Хэрэв тэр хугацааг давж таван жилээс дээш бөөлж чадвал тэр хүнийг зуурдын бөө биш гэж болно. Өнөөх хуурамч, зуурдын бөө гэдэг нь тэнэмэл сүнсээр бөөлдөг хүмүүсийг хэлдэг. Ийм онгодууд эргээд эзнээ хорлодог жамтай. Бас ах дүү, хамаатан садандаа муу нөлөөтэй.

-Багшаас бөөг төрүүлдэг гэх юм. Тэгээд өчнөөн сая төгрөг нэхэж, олон хүмүүсийг хохироосон хэрэг олон гарч байгаа. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Дээр хэлсэнчлэн таван жилээс дээш хугацаагаар бөөлж байж уул усандаа гардаг. Харин долоон жилээс дээш бөөлсөн хүн багшилж болох дэгтэй. Тэгтэл одоо бөө гэсэн нэрийдэлтэй хэн дуртай нь баахан шавь төрүүлдэг болж. Шавь авлаа гэхэд 3-5-ыг л төрүүлэх ёстой. Түүнчлэн олон сая төгрөг нэхэх нь байж болохгүй зүйл. Тэр шавиар ирж байгаа хүн өөрийнхөө өргөлөөр л бөө болох учиртай юм. Ерөнхийлөгч хэлсэн, хэлээгүй зуурдын бөө нарыг тэнгэр аяандаа тун удахгүй цэгцлэх болно. Эцэст нь хэлэхэд Монгол түмэн минь хан гэхийн ханиадгүй, хархирах гэхийн зовлонгүй байх болтугай.

БӨӨГИЙН ЗАСАЛ ХИЙХ НЭРЭЭР АРХИ ӨГЧ ХҮЧИНДЖЭЭ

Тэрбээр ийн хэллээ. Тэгвэл хуурамч, зүй бус бөө нарын гайгаар хаана ямар аймшигт хэрэг гарав. Одоогоос долоо хоногийн өмнө нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ. Одоо хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн одоогоос нэг сарын өмнө Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлсэн гэнэ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ. Өнгөрсөн онд бөөтэй холбоотой дөрвөн том хэрэг гарсан нь Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалан “Миний эхнэр бол, эс тэгвэл хоёулаа тэнгэрийн зарлигаар үхье” гээд гарынх нь судсыг боож байхад охины ар гэрийнхэн олж цагдаад мэдэгдсэн тохиолдол гарчээ.

Эцэст нь хэлэхэд хууль хяналтынхан бөө нартай хатуу тэмцэнэ гэж байгаа ч хуурамч, зуурдын бөө нарыг ямар аргаар илрүүлэхээ мэдэхгүй байгаа гэнэ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын нэрээ нууцлахыг хүссэн ахлах дэслэгч нэгэн “Уг нь дээрээс энэ төрлийн хэрэг болон хуурамч бөө нарыг олж тогтоох даалгавар ирж байгаа. Гэхдээ нэг хэцүү нь шууд очоод чи хуурамч бөө гээд баривал хүний эрхэд халдсан болно” гэсэн юм.
Л.БААТАРХҮҮ

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 175

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/