Уншиж байна...

Ж.БАЯРСАЙХАН, ҮНДЭСНИЙ ШУУДАН
2018 ОНЫ 10 САРЫН 30
Сүүлийн өдрүүдэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээс өөр олны анхаарлыг татаж байгаа сэдэв бол Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төсөл юм. Ерөөсөө төр шашин хоёрын харилцааг зохицуулсан ганцхан хууль өнөөг хүртэл огт засвар оролгүй үйлчилсэн байдаг. Тэр нь 1993 онд батлагдсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль билээ.


Бурхангүй орон болж социалист замналаар далан жил замнасан манай улс шинэ нийгэмд алхахдаа шашны асуудлаа шийдэх ганцхан хууль батлаад орхисон гэсэн үг. Нэг талаар шашин гэхээр их номхон, дөлгөөн зүйл гэсэн ерөнхий тодотголтой явж ирсэнтэй холбоотой л доо. Гэвч түүнээс хойш нийгмийн хувьд бид шашин шүтлэгийн төрөл, түүний элдэв араншингийн алаг эрээн зам туулжээ. Дээр нь өнгөрсөн хугацаанд шашны сүм хийгээд сүсэгтний тоог нарийн гаргасан судалгаа ховор.
Хамгийн их ишлэгддэг нь манай улсад суух АНУ-ын Элчин сайдын яамны сайтад 2010 онд нийтлэгдсэн илтгэл юм. Түүнд дурдсанаар тухайн үед улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байснаас 254 нь буддын, 198 нь христийн, 44 нь исламын, долоо нь бөө мөргөлийн, тав нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд байжээ.
Харин одоо яригдаж байгаа Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төсөлд шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаанд хориглох заалтуудыг багагүй оруулсан байна. Тухайлбал, тус хуулийн төслийн 28.6-д “Олон нийтийн газарт нийтийг хамарсан мөргөл, шашны бусад зан үйл, ёслол үйлдэх ажиллагаа нь олон нийтийн болон оролцогчдын аюулгүй байдлыг хангасан, холбогдох хууль тогтоомжоор тогтоосон журамд нийцсэн байна” гэжээ.
Нэг үгээр Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хориглосон аливаа үйлдлийг шашны зан үйл нэрийн дор хийхгүй гэж ойлгогдож байна. Хэдэн жилийн өмнө бөө мөргөл хүчээ авч байлаа. Тэр үед мөн ч олон дөвчин үйлдэл гарсан даа. Бөө нар хүнийг архинаас гаргах дом хийж байгаад түлээд хөнөөчихсөн, хөлийнх нь судас хатуурсан хүнийг эмчилж байгаа гэж байлгасаар амь насаа алдахад хүргэсэн гээд үргэлжилнэ. Тэгвэл шинэ хууль батлагдвал ийм гэмт, хэргийн шинжтэй үйлдлүүд хязгаарлагдана гэж ойлгож байна.
Мөн тус хуулийн төслийн 27.1-д "Шашны байгууллага нь өөрийн зорилго, үйл ажиллагаагаараа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчихийг хориглоно”, 27.2.1 -д “Албадан гэрлүүлэх болон гэр бүлийг албадан салгахад чиглэгдсэн, эсхүл бөөнөөр гэрлэх үйл ажиллагаа явуулах, уриалахыг хориглоно" гэсэн байна. Ийм төрлийн үйл ажиллагааны жишээ ч бидэнд бэлхнээ байж байна. Христийн шашны Солонгосоос гаралтай Мүүний урсгал гэгчийн талаар нэг хэсэг баахан ярьж байлаа. Энэ урсгал бие биеэ харж байгаагүй хүмүүсийг зуучилж гэрлүүлж байв шүү дээ.
Монголоос олон хүн Солонгост байх танихгүй хэн нэгэнтэй гэрлэсэн байдаг юм. Харамсалтай нь, түүнд нь ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэлгүй өнгөрсөн. Үүн дээр хуулийн төслийн 28.8-д “Шашны байгууллагаас бусад этгээд нийтэд зориулсан мөргөлийн газар, том орон зай эзлэх шашны зориулалт бүхий хөшөө дурсгал, суварга байгуулахыг хориглоно” гэсэн заалт ч анхаарал татаж байгаа. Ер нь тэгээд иймэрхүү зохицуулалт байхгүйгээс уул болгонд суварга, мод бүрт хадаг тавих явдал даамжирсан юм. Бүр бэлэг эрхтний хөшөөг хүртэл мухар сүсгийн үүднээс барьж байлаа.
Хууль санаачлагчдын хэлж буйгаар өнөөдөр төр шашинтайгаа 22 өөр стандартаар харьцаж байгаа гэнэ. Тодруулбал, нийслэл болон 21 аймгийн ИТХ шашны байгууллагын өөр, өөр зөвшөөрлийг журмаар олгох замаар хянаж байгаа аж. 2016 оны байдлаар нийслэл болон долоон аймаг энэ чиглэлээр журам гаргажээ. Харин 14 аймаг нь журамгүй байсан гэх. Үндсэн хуульд заасанчлан ИТХ-ын шийдвэрийг дээд шатны байгууллага, төр засгийн” байгууллага хүчингүй болгох эрхгүй байдаг.
Ийм өнцгөөс харах юм бол шашинтай харилцах харилцаан дээр манай улс холбооны улсуудын адил зарчимтай явж байсан гэсэн үг. Наад захын жишээ гэхэд Орхон аймаг гэхэд шашны байгууллагын зөвшөөрлийг гурван жилээр олгодог. Тэгэхэд нийслэл юм уу зарим аймаг нэг жилийн хугацаагаар олгодог байх юм. Энэ бол нэгдсэн улсын хувьд байж боломгүй асуудал л даа.
Мөн хуулийн төсөлд Үндсэн хуульд заасан тодорхой зарчмуудыг оруулахаар төсөлд тусгажээ. Түүнд төр нь шашны байгууллагын үйл ажиллагаанд хуульд зааснаас гадуур байдлаар оролцохгүй, шашин нь төрт ёс, үндэсний эв нэгдэл, түүх, соёлын уламжлалыг нандигнана, үндэсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэжээ. Төр шашны үйл ажиллагаанд хуульд зааснаас гадуур байдлаар оролцохгүй гэхээр “цэргийн гэгээнтэн” гэх мэт элдэв явдал гарахгүй гэсэн үг. Дээр нь гадаад улсын иргэн Монгол Улсад шашны байгууллага байгуулахыг хориглох юм байна.
Хэд хоногийн өмнө болсон хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Шашин шүтэх эрх чөлөө бол Монгол Улсын иргэний салшгүй хэсэг. Энэ эрхийг баталгаатай, ямар нэгэн алагчлалгүй эдлүүлэх нэгдүгээр шаардлага манай улсад байна. Хоёрдугаарт, Монгол Улсын тар ёс, үндэсний эв нэгдэл, соёлын үнэт өвүүдийг нандигнан үр хойч үедээ өвлүүлэх ёстой. Гуравдугаарт, шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хуульд заагдсан үндэслэлээр төр оролцоно. Хуульд заагдаагүй үндэслэлээр төр оролцохгүй байх зарчмыг нутагшуулна гэж хэлэлцэж байгаа юм.
Өнөөдрийн манай улсын хууль тогтоомжоор шашны үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт байдаггүй. Гадаад улсын иргэн Монгол Улсад шашны байгууллага байгуулахыг хориглох гэж байна. Энэ олон асуудлаас гадна Монголын үндэсний нэгдсэн тодорхой нэршлийг 50 жилээс дээш жил шашны үйл ажиллагаа явуулсан байгууллагад олгоно гэдгийг ярилаа. Түүнчлэн хүүхдүүдийг шашны байгууллагын номлолд сургах тодорхой заалтуудыг хэллээ. Жишээ нь, гэрээр шашны боловсрол авч байгаа 2,500 гаруй хүүхдийн 90 хувь нь буддын шашных ч биш, христийнх ч биш, исламынх ч биш байна. Шашны ямар чиглэлээр хүүхдүүд гэрээр сурч байгаа нь асуултын тэмдэг байгаа юм” гэж байлаа.
Хориглох зүйлийн жагсаалт энэ мэтээр хязгаарлагдахгүй л дээ. Тус хуулийн төслийн
 27.2.2-д “Зайлшгүй эзэмших шаардлагатай суурь боловсрол эзэмшихэд нь саад болсон үйл ажиллагаа явуулах”,
 27.2.3-д “Гишүүд, дагагч болон бусад этгээдийг өөрийн эрхээс татгалзуулж, шашны байгууллагад ашигтай байдал үүсгэхэд нь албадах”,
 27.2.4 “Шашны байгууллагад элсүүлэх, эсхүл гишүүнчлэлээс гарахгүй байх зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр хүндэд нь хохирол учруулахаар сүрдүүлэх, хууль бус бусад үйл ажиллагаа явуулах замаар саад болох”,
 27.2.5- “Шашны зан үйл, ёслол үйлдэхдээ хүрээлэн байгаа орчныг бохирдуулах”,
 27.2.6.хандив, тусламж, өргөл барьц барихыг шаардах, албадах”,
 27.2.7-д "Сүсэг бишрэл болон эмзэг байдлыг нь ашиглан үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх”,
 27.2.8 “Гадаад улсын Засгийн газар, түүнээс санхүүждэг хуулийн этгээд, шашны байгууллагаас хандив авах”,
 27.2.9 “Шашны үйл хэрэгтээ холбоотойгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис ашиглах, садар самуун болон хууль бус бусад үйл ажиллагаа явуулах”,
 27.2.10 “Амиа хорлохыг уриалах, амиа хорлох байдлыг өдөөх, турхирах, шашны номлол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу. байдал тогтоох, хүчирхийлэл үйлдэх, шашны сэдлээр амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан этгээдэд тусламж үзүүлэхээс татгалзахыг номлох, уриалах” гэх мэтээр хориглох зүйлсийн жагсаалт хуулийн төсөлд байна.
Монгол бол шашны элдэв урсгалуудын хувьд өмнө нь нээгдээгүй атар дагшин газар. Тийм ч болохоор элдэв санхүүжилттэй шашны урсгалууд орж ирэх, батжин тогтнох бололцоотой орон гэгддэг болсон нь нууц биш. Дэлхийн болон манай улсын түүхийн тодорхой хэсэгт шашин төр хоёрын хэт ойр явдал дажин үймээн гаргаж байжээ.
Өнөөдөр дажин болдоггүй юм гэхэд нэг шашны хоёр урсгалынхан хоорондоо үг сольдоггүй байдал манай улсад бий болсон. Үүний дээр олон түмний итгэлийг авах арга хэрэгсэл нь эд хөрөнгийн байдлаар татах, насан хүрээгүй хүүхдүүдийн бүрэн төлөвшөөгүй байдлыг ашиглан шийдвэр гаргуулах дээр тогтсоор байгаа нь үнэн юм. Харин одоо энэ асуудлыг төрөөс журамлахаар Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачилсныг танилцуулахад ийм байна.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/