Уншиж байна...

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өчигдөр дөрөвхөн настай бяцхан охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт нарт холбогдох шүүх хурал боллоо. Хуралдаанаар уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар болсон юм. Ингээд шүүхийн танхимд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.

 

Шүүх хурал нэлээн ширүүхэн боллоо. Учир нь нэгэн цагт хамтран амьдарч ирээдүйн амьдралаа төлөвлөж байсан Т.Цогт, Г.Маралмаа нар нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч байв. Тэгэхдээ тэд нэгэн рүүгээ огт харсангүй. Эгц өөдөө харж мэдүүлгээ өгсөөр. Өдгөө зургаан сартай Т.Цогтын хүүхдийг тээж буй Г.Маралмааг хоёр ч удаа ухаан алдан шүүхийн танхимаас гарахад Т.Цогт Г.Маралмаа руу нэг ч удаа харсангүй.
Шүүх хурлын үеэр Т.Цогт охиныхоо талаар ярьж, нулимс дуслуулах үед шүүх танхимд буй “Ээж бүхний дуу хоолой” төрийн бус байгууллагын бүсгүйчүүд ихэр татан уйлцгааж, танхимд буй зарим нэг хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнэж байхад харин охины төрсөн эх н.Өнөржаргал ямар ч эмоци гарсангүй, Т.Цогтын ярихыг сонсон суув.
Харин Г.Маралмаагийн хувьд зургаан сартай жирэмсэн учир эмнэлгийн тусламж авахыг хүсч буйгаа шүүх бүрэлдэхүүнд уламжилсан юм.
Шүүх хуралд оролцож буй талийгаач охины төрсөн эцэг эх, хойд эх нарын дүр төрх нэг иймэрхүү.
Тэд юу гэж мэдүүлэв
Шүүх хуралдаанд хэн юу гэж мэдүүлэв, ямар тайлбар өгөх нь маш чухал. Шүүгдэгчдийн мэдүүлгээс тухайн хүний зан төрх, засрах байдал зэрэг харагдана.
Г.Маралмаа: Би охиныг алаагүй
Талийгаач охины хойд эх Г.Маралмаа шүүх хурлын үеэр “Би охиныг алаагүй. Тиймээс надад оноох гэж байгаа ял тохирохгүй байна” гэх утгатай мэдүүлгийг дахин дахин өгч байв. Тэрбээр “Би охинд гар хүрч байсан тохиолдлууд бий. Гэхдээ үхэлд хүргэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан тохиолдол байхгүй. Хааяа бөгс нь дээр нь алгаддаг байсан. Би тэгэж хүн зодох хэрцгий хүн биш. Харин Т.Цогт охиноо цагдаагийн суран тэлээгээр хоёр ч удаа ороолгосон. Тэгэхэд охин толгойгоороо газарт унаж байгаа харагдсан. Охин өөрөө гүйж яваад үүдний шатнаас хоёр удаа унасан. Энэ нь үхэлд хүргэсэн байх. Ер нь одоо бодоод байхад тэр өдөр ГССҮТ-д сахиад үлддэг байж. Хүний хүүхдийг асран хамгаалж чадаагүйдээ харамсч байна” гэсэн юм.
Т.Цогт: Охиноо алдсандаа харамсч байна. Би ямарч ял үүрэхэд бэлэн байна
Харин Т.Цогтын хувьд “Би охиноо алдсандаа маш их харамсч байна. Тиймээс ямарч ял үүрэхэд бэлэн” гэх утгатай мэдүүлэг өгч байлаа.
Т.Цогт: “Хойд эцгийн гар харуулахгүй гэж охиноо авчихаад ийм байдалтай байгаадаа Өнөржаргалаас уучлал гуйж байна. Эцгийнхээ үүргийг гүйцэтгэж, бяцхан охиноо хамгаалж, асарч чадаагүй миний буруу. Ажил амьдрал, нэр төрөө алдсандаа, цагдан хоригдсондоо харамсах зүйл надад байхгүй. Би хайртай бяцхан үрээ алдчихсандаа л харамсч байна. Ханиа сонгож чадаагүй нь миний буруу. Ямар ч шийтгэл хүлээхэд би бэлэн байна” гэв. Мөн хэргийн тухайд “Хоёрдугаар сарын 14-ний өдөр Г.Маралмаа “Охин шатнаас унасан. Саруулын /Г.Маралмаагийн найз/ хүүхэд ирж тоглож байхдаа хазсанаас хөхрөлт үүссэн” гэж тайлбарласан. Би энэхүү үгэнд нь итгэсэн. Тэр шөнө охиноо ГССҮТ-д авчрахад “Өнөө шөнөдөө ажиглаад хононо. Маргааш 60 мянган төгрөгийн үнэ бүхий зураг авна. Гэр лүүгээ аваад явж болно. Авч харихаар бол гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөрэй” гэсний дагуу бичиг хийж, гарын үсэг зураад охиноо гэртээ авчирсан.
Г.Маралмааг би бөө байсныг мэдэлгүй хамтран амьдарсан. Гэтэл удалгүй Г.Маралмаа надад бөө гэдгээ хэлж, “Би бөө. Чи ч гэсэн сахиустай юм байна. Бөө бол. Хэрвээ бөөгийн сахиусаа авахгүй бол охин чинь үхэх юм байна” гэж хэлсэн. Би ч айгаад бөө болсон. Гэхдээ бөөгийн зан үйл хийж байгаагүй. Г.Маралмаа сахиусаа буулгах үедээ охиныг минь “эхийнхээ хормойны бузар шингэсэн” гээд ороолгодог байсан.
Охин минь амиа алдахаас 2 хоногийн өмнө Г.Маралмаа утасдаад “Охин чинь бөөлжиж, өмдөндөө бааж шээчихээд цэвэрлүүлэхгүй байна. Хурдан ир” гэсэн. Би гэртээ яваад ортол талийгаач охин минь гэрийнхээ үүдэнд номхон зогсч байсан. Би ч бас тэрүүхэн үедээ уур хүрээд баасыг нь цэвэрлээгүй. Тэгээд дахиж өмдөндөө бааж шээж болохгүй гэж хэлээд суран бүсээр хоёр удаа ороолгосон минь үнэн. Тэр үед охин минь уйлалгүй “Уучлаарай аав аа” гэж хэлсэн. Одоо бодоод байхад хөх няц болоод бие нь өвдсөн охиноо мэдэлгүй зодож дээ гэж харамсч байна” гэсэн юм. Тэрбээр охиныхоо үхэлд өөрийгөө шууд бусаар хамааралтай гэдгээ хүлээлээ.
Талийгаач охины төрсөн ээж: Н.Өнөржаргал: Оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийн хохирлыг Г.Маралмаагаас нэхэмжилж байна
Харин охины төрсөн ээж н.Өнөржаргал оршуулгын зардлыг Г.Маралмаагаас нэхэмжилж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “2014 оны наймдугаар сард охиноо Т.Цогтод нэг сар харуулсан. Энэ хугацаанд өөр дээрээ авчран, усанд оруулахад нуруу нь хөхөрсөн байдаг. Охиноосоо асуухад “Маралмаа аниа өвөө болоод модон могойгоор ороолгодог. Би алгаа хавсраад баярлалаа өвөө” гээд мөргөдөг байсан” тухай мэдүүлэв. Мөн охин нь “Маралмаа аниа чамайг харахаар дургүй хүрээд байна гээд зоддог. Аавыг ажлаас ирэхэд Маралмаа аниа намайг ховлоод, уйлахаар аав бас намайг зоддог” гэж хэлж байсан тухай ч ярьсан юм. Түүнчлэн тэрбээр оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийн хохирлыг Г.Маралмаагаас нэхэмжилсэн юм. Охиныг өнгөрөх үеэр Т.Цогтын ажлын газраас 577 мянган төгрөг, Т.Цогтын ар гэрээс 500 мянган төгрөгийг Өнөржаргалд өгч байжээ.
н.Өнөржаргал нь охиноо үрчлүүлэхээр гэрээ байгуулсан байсныг Т.Цогтын өмгөөлөгч шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан юм.
Өмгөөлөгч н.Тунгалаг: Т.Цогт охиноо Г.Маралмаагийн гарт амиа алдсаныг дуулаад хорих ангид орилж уйлсан
Харин Т.Цогтын өмгөөлөгч н.Тунгалаг “Т.Цогт охиных нь үхэл шатнаас унаснаас биш хойд эхийн зодуураас болсныг хавтаст хэрэгтэй танилцаж, өмгөөлөгчөөрөө тайлбарлуулсны дараа мэдэж, хорих ангидаа орилон уйлж, үсээ зулгааж байсан” гэдгийг шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байв.
Юутай ч шүүх хурлын танхимд талийгаач охины төрсөн эцэг эх, хойд эх нар ийнхүү мэдүүлэв.
Г.Маралмаагийн хувьд өмнө нь нөхөр, таван настай охины хамт амьдарч байсан. Охиноо хадам ээж дээрээ үлдээн Т.Цогттой амьдрах болсон. Мөн 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч, нэг жилээр тэнсэж байжээ.
Шүүхээс хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалт буцаасан. Ингэхдээ Т.Цогтын охиноо хоёр удаа ороолгосон нь үхэлд хүргэсэн байж болзошгүй эсэх, мөн охин Т.Цогт, Г.Маралмаа нарын байнгын дарамтад байсан уу гэдгийг дахин шалгахаар буцаасан юм. Хэргийн мөрдөн байцаалт эхнээсээ дахин явагдана. Үүний дараа прокурорын байгууллагад хянагдана. Улмаар дахин шүүхийн танхимд шүүх хурал болох юм.
Б.Анир

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/