Уншиж байна...

Хоосон чанар гэх ойлголтоор мөнхийн хувьслыг л тэмдэглэдэг

Хоосон чанарын уг шалтгаан нь үгүйсгэлийн үгүйсгэл, түүний хязгааргүй дахин давтагдалт юм. Энэ хязгааргүйд мөнхрөн үлдсэн чанар үгүй.
Амьтай, амьгүй бүгд үүсдэг, хувьсдаг, устдаг процессыг хоосон чанар гэх нь материйн оршин байх, бүх хэлбэрээрээ мөнх үлдэхийг үгүйсгэсэн хэрэг огт биш. Энэнийг ойлгох, тооцох ёстой. Хоосон чанар бол үнэхээр хов хоосон гэсэн утга бус, харин аливаа чанар мөнх бус гэсэн утга.


Үгүйсгэлийн үгүйсгэл бол алга болгож, хоосолж, устгаж буй бус харин өөрчилж, хөгжүүлж, дэвшүүлж байгаа үйл явц мөн. Бидний дээд өвөг болох хүн дүрстэй мич үүсээд, бич болж хувьсаад, хөгжин хөгжсөөр бичин хүн болжээ. Бичин хүмүүс тохиолдсон бүх бэрхшээлийг даван туулсаар оюун ухаант хүний зэрэгт хүрчээ. Энэ үйл явцад өмнөх нь удаахдаа урган орсоор ирснийг хувьсал гэх ёстойгоос биш нэлэнхүйд нь “хоосон чанар” нэрээр үгүйсгэж боломгүй. Амьтад мэдээжээр мөнх наслахгүй. Ийм процессыг элдвээр шашинжуулж, эсвээс үгүйсгэж, аль нэг шатыг нь таслан авч хийсвэрлэн дөвийлгөх хэрэггүй юм.

Дорнын философи сэтгэлгээ бүх зүйл хоосон чанартай, амьгүй болон амьтай бүх биет эвдэрч устдаг, биет бүхэн бие үгүй болдог гэж үзсэнээрээ биетүүдийн дараачийн хэлбэр, дүрсүүд нь хоосноос (микро ертөнцөөсөө) үүсдэг болохыг дам хүлээн зөвшөөрдөг байжээ.

Хоосон гэдэг нь эртний утгаараа нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах, хэлбэр, дүрсгүй, жин хэмжээгүй оршлыг тэмдэглэж байв. Орчин үеийн ойлголтоор бол хоосны хоосон нь вакуум юм. Аливаа бүхэн макро байгаад микро болдог. Мөн микро байгаад макро болдог гэх утга бол хоосон чанар ажээ.
Чанар бүхэн хоосон чанарт шилжих, эргээд удаах чанарыг үүдэх, биет бүхэн биегүйдэх, эргээд биеийг бүтээх, хэлбэр бүхэн эвдрэх, эргээд удаах хэлбэрийг олох талаарх оюун дүгнэлт бол дорнын философи сэтгэлгээний том ололт байжээ.

Хувьсал бол аажим, бараг үл ажиглагдаж хэрэгждэг өөрчлөлт ажээ. Хувьсалд үзэгчид, шүүгчид, хөгжөөн дэмжигчид байх боломжгүй. Хувьсалд хэнийг ч болов гэрчээр татах цаг хугацааны хийгээд орон зайн нөхцөл мөн үгүй. Иймээс хувьслыг зөвхөн үзэгдлүүдээр нь таних боломжтой.

Манай галактик, манай дэлхий үүсээд, тогтвортой систем болон “нэр, нүүрээ олсон” тэр цагаас нааш өнөөг хүртэлх хэдэн тэрбум жилийн турш дахь хувьслын зам, мөр, үлдэгдэл тун олон хэлбэр, аргаар хадгалагдан хоцорчээ. Товчилж хэлбэл тоолох, тооцохын аргагүй хэмжээний их баримт үлдсэн нь үнэн юм. Энэ их баримтыг, бодитой, биетэй оршин буй үлдэгдлийг олон салбар шинжлэх ухаан судалж үнэн мэдлэг, мэдээллийг буй болгосоор иржээ. Шинжлэх ухааны салбарууд, эрдэмтэд үнэн мэдлэг, мэдээллийн их санг буй болгоод, мөн зэрэгцүүлээд тоо томшгүй олон төөрөгдлийг бас залруулжээ. Хүн төрөлхтөн хэрхэн төөрөлдөж, хуурагдаж байсны түүхийг нэн эртнээс XXI зууны эхэн хүртэлх тууш хугацаагаар бичих аваас мөн ч зузаан ном, баялаг түүх туурвигдах бизээ. Яг энэ он, энэ өдөр гэхэд л төөрөгдөл, хуурагдал хэргээ хийсээр, наад зах нь ид шидтэн гэгдэгчид хэтэвчээ дүүргэсээр л байгаа билээ. Багаар бодоход л тэрбум илүү хүн бурхадыг шүтсээр, буг чөтгөрөөс эмээсээр, ид шидэнд итгэсээр, заяа төөргөө даатгасаар, зам мөрөө “засуулсаар” л байгаа ажээ. Гэвч урьдчилан, уншлага, утлагаар засагддаг заяа төөрөг, зам, мөр гэж үгүй шүү дээ...
Хоосон чанарыг, үүссэн бүхэн хувьсдагийг, төрсөн бүхэн үхдэгийг, мөнхөд орших чанар гэж үгүйг засварлах, үгүйсгэх арга байж болох уу? Тасралтгүй сэргээх, нэг л төлөв байдлыг нь хадгалах, тордох замаар оршлыг нь мөнхлөх боломжийг онолын хувьд бүрэн үгүйсгэх аргагүй юм. Нийгэмд, оюун ухааны хүчээр “мөнхлөх туршилт” хийж ч болох билээ. Ингэхлээр хоосон чанартай сөргөлдөж, түүнийг харьцангуй болгохоор оролдож ч болох ажээ. Гэхдээ энэнийг шашин биш, бурхад биш, хутагт, гэгээнтнүүд биш зөвхөн шинжлэх ухаан л шийдэх боломжтой. Нэгэн чанарыг мөнхлөх боломжийг эрж хайх цаг ирэх л байх. Чухам тэр үед “хоосон чанарын” талаарх элдэв тайлбар, ойлголтууд хэнд ч хэрэггүй болох бизээ.

Бүрэлдсэн бүхэн задардаг, төрсөн бүхэн үхдэг, тэгэхдээ үүсээд л устаад л, дахин үүсээд л, мөн устаад л байхаас биш хорвоо хоосроно гэж үгүй. Буй бүхэн үгүйсгэгддэг, гэвч бүхэл бүтэн шинэ үе гараад л ирдэг.

Үгүйсгэгч өөрөө үгүйсгэгдэх цагт удаах үгүйсгэгч нь мэндэлж л байдаг ийм гинжин холбоо, ийм барилдлага орон зай бүхнийг эзэлж, цаг хугацаа бүгдийг элээж улиран үргэлжлэн оршсоор иржээ. Оршсоор байх, мөн хоосорсоор байх нь мөнх ажээ. Ингэхлээр хорвоо ертөнцөд нэгэн эзэн, бүхнийг, бүгдийг бүтээгч нэгэн субъект, дээдийн дээд бурхан, доодын доод заяатан гэж байх учиргүй юм. Энэ бүхэн бол гүнзгий төөрөгдөл болж анх үүсээд, дэлхий даяарыг төөрөгдүүлэн төөрөгдүүлсээр өнөөг хүрчээ. Оюун ухаант амьтны төөрөгдөх боломж ийнхүү нэн их, бүр хязгааргүй шахам ажээ...
Олон янзын уг, үндэс бүхий, олон талын зорилго, санаархал бүхий том жижиг олон шашин хүмүүсээр өөрсдөөр нь бүтээгджээ. Бүтээгдсэн бүхэн нуран унадаг жам том шашнууд, тэдгээрийн урсгал нэгбүрийг ч тойрохгүй нь тодорхой юм.
Байгалийн, бас нийгмийн, сэтгэхүйн талаарх үнэн бүхэн л үлдэж чадах авч тэдгээрт хандах, тэдгээртэй харьцах хүмүүсийн хоорондын харилцаа итгэмээргүй олон янз байж болдог нь хүн төрөлхтний өнгөрсөн түүхээр нотлогджээ. Өнөө гэхэд ч энэ байдал улс орон нэгбүрд ажиглагдсаар л байна.

Ямар нэгэн шашныг хаа нэгтэйгээс импортолж аваад улмаар ард түмнээ мухар сүсэг, сохор шүтлэгтэй болгож мунхруулаад, мунхарсан хүмүүст үйлчилдэг лам, хувраг, хутагт, хувилгаад гэгдэгч мөлжигч давхрааг нийгэмдээ буй болгох нь тэнэглэлийн дээд тэнэглэл, ард түмнээ арчаагүй болгох гутамшигт зам, мөр юм. Жинхэнэ эх оронч сэхээтэн хүн хэзээ ч ийм юм хийдэггүй, хийж ч байгаагүй. Оюунлаг хүмүүс, жинхэнэ сэхээтэн хүмүүс лам хувраг боллоо ч, хутагт хувилгаад гэгдлээ ч мухар сүсэг, сохор шүтлэгийг хэзээ ч дэмжиж, дээдэлж байгаагүй түүхтэй. Шашнаар бизнес хийж, өргөл барьцад шунагч нүгэлтнүүд, мөлжигчид л мухар сүсгийг, сохор шүтлэгийг өөгшүүлж, бүр дэврээж иржээ. Дэлхий дахинд үнэн, мөн нь биш, харин худал, хуурмаг нь ноёрхох хүртэл нь дэврээжээ.
Номч мэргэн гавж, бандита нарын дунд мухар сүсгийг, сохор шүтлэгийг, хойд дүр тодруулдаг булхай, луйврыг эсэргүүцдэг хүмүүс цөөнгүй байжээ. Албажиж хүчирхэгжсэн, төрөөс дэмжлэг авдаг шашин-сүм хийдийн том тогтолцооны нөлөө, дарамт тийм хүмүүсийн тэмцлийг нуга дардаг, бүр гэсгээж цээрлүүлдэг ч байсан нь баримттай зүйл билээ.

ХХ зууны эцэс, XXI зууны эхэн үеийн жишээ, баримтуудаас үзэх аваас шашин ба шинжлэх ухаан хоёрын хооронд “илжиг болон жороолж” өөрийгөө ч, бас өрөөлийг ч будилуулж байгаа том толгой лам нар аль ч шашны хувьд цөөнгүй боллоо. Энэ хэрэгт зарим физикчид мөн татагдан оржээ. Өөрсдийгөө өөрөө ч ойлгохгүй байгаа, өрөөл бусад нь ч тэднийг ойлгох боломжгүй хэмжээнд будилчихсан физикчид манай оронд ч бас бий. тэдний зарим нь зэрэг, цолны гадаад, дотоод олон хавтас, үнэмлэхтэй...

Дэлхий дахины түүхээс үлдсэн сургамж бол эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу, дээд доод гарвалтан, хаан хатан, харц боол хэн боловч үнэн мэдлэгт, зөв мэдээлэлд, шинжлэх ухааны ололт, амжилтанд тулгуурлаж байж л эрүүл байж, урт насалж, удаан жаргаж, хүссэн зорьсондоо хүрч байжээ. Мухар сүсэг, сохор шүтлэгт автсан, бүр хэтэрхий автсан хүмүүс дандаа л муу, муухайгаар эцэслэж, төгсөж иржээ. Амьдрал, оршлын энэ үнэнтэй маргах хүн гарахгүй бизээ...

Мөнхрөх хүсэлд автах, дахин төрнө гэж найдах, диваажин болон тамд, мөн бурхан болоод чөтгөрт итгэх нь зөвхөн өнгөрсөн түүхэнд л байсан гэнэхэн мөрөөдөл болж үлдэх цаг ирнээ! Худал зүйлд, байхгүй зүйлд итгэж, бүр шүтэж өнгөрөөсөн олон мянган жилийн хохирол, сүйтгэл, луйвар, мэхлэлтийн жинхэнэ эзэд нь хэн хэн бэ? гэж арагшаа эргэж нягтлах нь ч зүйд нийцнэ. Иймэрхүү ухаарал, тодотгол хийгдэх л болно.

Хүн төрөлхтөн өнгөрөөсөн түүхэндээ төөрөлдөж явжээ. Одоо мөн төөрөлдсөөр байна. Тэгвэл цаашид үргэлжлүүлэн төөрөлдөхгүйн тулд яах, юу хийх хэрэгтэй байна вэ? Энэ талаар улс орон нэгбүрийн оюунлаг хүмүүс бодох, судлах, зөв шийдлийг олох ёстой. Энэ бол төр засгийн, шударга сэхээтнүүдийн журамт үүрэг мөн. Харамсалтай нь энэхүү журамт үүргээ ухаарах, сахих, чингэхийг бусдаасаа хүсэх хэмжээ, түвшний боловсрол, мэдлэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд, төрийн түшээд өнгөрсөн 30 жилд бараг л байсангүй. Тэдний олонхи нь шинэ, шинэчлэгдсэн цаг үеийн мэдлэг, мэдээлэл агуулсан судалгааны ном, бүтээлүүдтэй ч танилцаж байсангүй. Тэдний олонхи нь боловсрол, соёлын байвал зохих түвшнээсээ 50 орчим хувиар доор байсан нь ч үнэн юм.


Судлаач, профессор Д.Чулуунжав

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/