Уншиж байна...
Зайран П.Ганболд: Миний удамд өөрийгөө зориуд буудуулаад амьд үлддэг ид шидтэй бөө ч байсан
 
Хөвсгөл аймгийн Бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их зайран Ганболдтой уулзаж ярилцсан билээ.
 
 -Сүүлийн үед бөө нар нэгдсэн зохион байгуулалтанд орж байна.Танай Хөвсгөлийнхөн нэгдэж чадав уу?
-Тиймээ. Нэг үеийг бодвол зохион байгуулалт сайтай болох шинжтэй.Энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны үеэр Хөвсгөлдөө бид цугларсан.Бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргалсайхан тэгэхэд очсон юм.Ингээд анхныхаа хурлыг хийлээ.Урьд нь Монгол бөөгийн өлгий энэ нутагт маань бөө нар ингэж бөөнөөрөө цуглаж байсангүй. Үүнд би их бэлэгшээж  байгаа.
 
-Бөө нар нэгдэх нь илүү ашигтай юу?
-Сүүлийн жилүүдэд маш олон бөө гарч ирлээ.Нэгдэхээс өөр замгүй.Би нутгийнхаа ахмад бөө нартай уулзаж байгаа.Би Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнг тэргүүлэх болсон.Бөө бол манай үндэсний маш том соёл юм шүү дээ.
 
-Чанаргүй, хуурамч бөө нарыг яах ёстой юм бэ?
-Сайны хажуугаар саар гэгчээр чанаргүй олон бөө гарч байгаа нь үнэн.Учраа олохгүй байгаа хүмүүсийг бөө болгож байна.Ямар ч удам угсаагүй хүмүүс бөө болохыг хязгаарлах нь зөв.Баатар эрсийн сүнсийг өөртөө авсан бөө ч гэх шиг, би ер учрыг нь ойлгохгүй байгаа юм.Тэр баатар эр нь заавал одоо бөө болж төрөх ёстой байсан юм уу.Би нутгийнхаа л заншлаар ярьж байна.Халх урианхай, буриад гээд ёс жаяг нь арай өөр байгаа юм.Минийхээр бол бөө хүн уул ус, байгаль дэлхийтэйгээ харьцаж бөөлдөг.Гэтэл тиймэрхүү сүнс талаас нь бөөлдөг бөө байдаг бололтой юм.Манай хөгшчүүд хэлдэг л дээ, уул ус онгодтойгоо харьцаж бөөлөх хэрэгтэй гэж.Манай Улаан-Уулд 80-аас дээш гарсан настайчууд ховордлоо.Би бөө судлаач хараахан болоогүй ч гэсэн тэднийхээ үгийг сонсон тэмдэглэл хөтөлж байгаа.Зарим нь мэдэхгүй юмаа мэддэг болж ярьдаг болж.Энэ их хэцүү юм.
 
-Монголчууд бүгдээрээ хөх тэнгэртэйгээ харьцаж бөөлж чадна гэж зарим нь ярьдаг юм билээ?
-Уламжилж ирсэн юмаа ингэж үгүйсгэж ярьдаг тал бий л дээ.Удмаа залгаж авч үлдсэн хүмүүсийн л тусгай том мөргөл юм шүү дээ.
 
-Дархадын бөө нарын гол нууц нь юундаа байна вэ.Энэ нутгийг бөөгийн голомт гэцгээдэг шүү дээ?
-Энэ бол мэдээж бөөгийн шид юм.Өнөө цагт ид шид гэдэг юм маш ховор боллоо.Бөөгийн удам угсаа тасраагүй нь тэрхүү ид шидтэй холбоотой юм гэж би боддог шүү.Миний өвөө уул усаа даган 1962 он хүртэл бөөлсөн байдаг.Түүний аав Равсал зайран гэж байлаа.Өлийн овоон дээр нэг хүнтэй тааралдахад бие нь сумын төвдөө, гэртээ байж байх жишээтэй, тийм шидтэй хүн байсан гэдэг.Мөн нисдэг бөө нар ч байсан шүү дээ.Дархадын ард түмэн маань бөөгийн ид шид талыг илүү түлхүү авч үздэг юм.
 
-Нисдэг долоон бөөгийн тухай домог мэт яриа бий биз?
-Бөө нарыг шатаасан гашуун түүх бий.Дүрэлзсэн гал дундаас Дархадын долоон бөө амьд гарсан гэдэг. Ер нь эрт дээр үед Дархадын нутагт бөөгийн ид шидээ үзүүлж  чаддаггүй нэг ч бөө байгаагүй. Бөө болгон ямар нэг ид шидтэй байсан.Үүгээрээ ч хүчирхэг байжээ.Хөвсгөлчүүдийн хувьд бөөгийн удам тасраагүйгээрээ онцлог юм.
 
-Та зөвхөн эцгийнхээ талаас л бөөгийн удамтай хүн үү?
-Үгүй ээ, ээжийн талд ч бөө удам байсан юм билээ.Аавын талаас миний мэдэх таван сайн бөө байсан.Ээжийн талд Цогт гэдэг бөө байлаа.Энэ Цогтын аав нь Равсал гэж хүн байв.Цогт гэдэг хүний талаар домог мэт олон сайхан дурсамж үлджээ.Түүний өргөж тавьсан гурван том хад чулуу бий.Мөн ургаа мод ч байдаг.Ээж маань эхээс гурвуулаа, бүгд эмэгтэй.Дарх хийдэг хүн байсан.Ээжийн нэг дүүгийн хүү нь улсын начин цолтой Бадрал гэдэг хүн юм.Хамгийн бага охин дүүгийнх нь том хүүд бөөгийн удам ирнэ гэдэг байжээ.Тэгээд би төрж, одоо бөө болоод явж байгаа нь энэ л дээ.Өвөөгийн галын гурван онгодыг нь хураасан байсны хоёрыг нь өнгөрсөн жил гаргаж тавьсан.Нийт таван онгод байсан.Үлдсэн гурвыг цаг нь болохоор гаргана.Хугацаа зааж захиж үлдээсэн байна лээ.
 
-Онгодыг ил гаргах нь нарийн учир шалтгаантай байх уу?
-Тийм ээ.Бүгд л учир холбоостой.
 
-Бөөгийн зан үйлээс болоод олон хүн хэлмэгдсэн дээ, танайхан ч бас өртсөн үү?
-Тэгсэн. Өвөөг минь хэд хэдэн удаа барьж явсан гэдэг.Гэхдээ буцаад л ирж байсан.Миний хувьд ээж талаасаа л бөөгийн онгод аваад байгаа.Ширдамба гэдэг нагац ах маань 90 гаруй наслаад өөд болсон.Түүний ярьсныг би бичиж авч үлдсэн.Нагац маань өөрийгөө буудуулж ид шидээ үзүүлж явсан гэдэг.Тэр над руу бууд гэж өөрөө хэлээд үрлэн сумтай буугаар буудуулсан байдаг юм.Гэтэл бууны суманд тэр үхээгүйгээр барахгүй биед нь жижигхэн цагаан сорви л үлдсэн гэнэ лээ.
 
-Бөө нарт төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэж та үздэг үү?
-Тэгэлгүй яахав.Үндэсний маань нэг том соёл гэдгийг би дээр хэлсэн шүү дээ.Манай Хөвсгөлд одоо гадаадын хүмүүс аялал, янз бүрийн ажлаар очиход дарга нар маань бөө нараа бөөлүүлж үзүүлэн нүүр тахалж байна.Хөвсгөл далай, цаатангууд, гүн цэнхэр тайгыг нь харах гэж гадныхан очдог л байх.Гэхдээ ихэнх нь хамгийн түрүүнд бөөг нь үзье гэдэг юм.Гадаадынхан бөө нарын бөөлөхийг хараад маш их бахархдаг.
 
-Монголчуудаас илүү мэдэрч байна гэсэн үг үү?
-Бараг илүү их биширдэг юм шиг байна лээ. Яахав, одоохондоо манай монголчууд бөөгөө  сайн мэдрэхгүй байгаа юм уу даа. Яваандаа гайгүй ойлголттой болох байлгүй дээ.Төр засгаас сайн дэмжиж өгөх хэрэгтэй юм. 
 
-Зарим улс төрчид сонгуульд бөө нарыг ашигладаг гэдэг.Танай нутагт тийм үйлчилгээ үзүүлдэг бөө бий юү?
-Иймэрхүү яриа байдаг л юм.Хувь хүний асуудал учраас хамаагүй яриад байж бас болохгүй.Ер нь бөөг хараал жатга талаас нь муу муухай харагдуулах гэж зарим нь оролдох юм.Хүмүүс өвчин зовлонд баригдаад лам хуврагаар хүртэл яваад аргаа барахдаа бөө нартаа очдог.Сүүлийн үед бөө рүүгээ хүмүүсийн санаа бодол эргэж байна.Бөөгийн зан үйлийн нэг хэсэг нь байгаль дэлхийгээ хамгаалах, нөгөө талдаа хүмүүст шууд тус болох явдал юм.Биднийг цуглаад хурал хийж байхад нэг нөхөр ярьж байсан, та нар тэр хужаа нарын гэдсийг нь дүүртэл бөөлөөд өгөөч гэж.Бидэнд тийм эрх байхгүй.Бид тэнгэрийнхээ зарлигийг дамжуулна, байгаль дэлхийгээ тахиж, хамгаална.
 
-Бөөгийн чадлаар мөнх тэнгэртэй харьцаж чаддаг бөө олон байсан байх аа?
-Одоо тийм чадвартай бөө байхгүй гэж хэлж болохгүй.Мөнх тэнгэртэй харьцаж байгаа олон бөө бий.Тэд хамгийн эгэл даруухан явж байна.Цаашдаа ч гарч ирнэ дээ, тийм хүчтэй бөө нар.Халх бөө нарт сүнс дуудаж бөөлөх явдал байдаг.Манай нутгийнхан болохоор хөх тэнгэртэйгээ харьцаж бөөлдгийг би дээр хэлсэн шүү дээ.Халх бөө нар хүний нэрээр онгодоо нэрлэж байна, Дамдин аав гэх мэт.Хөвсгөлд дандаа газар усныхаа нэрээр онгодоо нэрлэдэг.Байгаль нь унаган чигээрээ үлдсэн нууц нь үүнд байдаг байх гэж би бас боддог юм.
 
-Хүний сүнс гэхээр түмэн янзын юм байдаг биз?
-Тэгэлгүй яахав.Арван хувьд нь өвөг дээдсийнхээ сүнстэй харьцаж байгаад дутуу хаядаг явдал ч ажиглагддаг.Ер нь хаанахын уул усанд харъяалагдахыг нь олж харьцах л хэрэгтэй байх.
-Хүмүүс ихэвчлэн ямар хэрэгцээнээс болоод бөө нарт хандаж байна вэ?
-Хүнд янз бүрийн хэрэгцээ шаардлага тохиолдоно л доо.Сүүлийн үед хавдрын өвчин их түгээмэл боллоо.Хүмүүсийн тал хувь нь өвчин зовлонгоо илааршуулах гэж бөө рүү очиж байна.
 
-Танай нийгэмлэгийнхэн ойрын үед ямар томоохон тахилга хийх вэ?
-Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээс зүүн аймгуудын хэмжээнд их тахилга хийнэ.  Дорнодын нутагт Хөл уул гэж бий.Тэнд бид тахилгад оролцоно.Энэ сарын 12-нд болно.Хөвсгөлд ирэх хавар томоохон тахилгатай.
 
-Хөвсгөлд нэг гайхалтай эмчилгээ хийсэн бөөгийн тухай зарим нь мэр сэр ярьцгаадаг.Тэр ямар эмчилгээ хийсэн юм бэ?
-Америкаас  нэг  хүн  өвчтэй  хүүхдээ авчирч  Гооз  гэдэг бөөгөөр эмчлүүлсэн юм билээ. Тухайн үед энэ хүн теле камераар бичлэг хийгээд ганц нэг телевзээр цацсан байсан.  “Монгол бөөгийн голомт” төвийн бөө нар төөргийг нь үзэхэд оролцсон. Одоо манай нутагт  Гооз бөө амьд сэрүүн байж л байгаа. Түүнээс ч илүү гайхамшигтай зүйл хийсэн бөө нар байдаг шүү дээ, манай нутагт.Тэр бүгдийг монголчууд маань дутуу ойлгож, зарим нь бүр огт мэдэхгүй байгаа байх.Бөөгийн ийм сайн сайхан талыг сурталчлахаасаа илүү муу талаар их ярьдаг болжээ.Муу бөө ч бас олон болж. Худлаа бөө нар нь бизнес хөөж,  тэдний гайгаар бөөгийн нэр хүнд унаж байгаа нь тун харамсалтай юм.
 
-Ер нь хараал хийхийг бөөгийн ёсонд хүлээн зөвшөөрдөг үү?
-Жатга, ховс, хараал гурвыг хориотой л гэдэг ш дээ.Харин хариулга хийдэг.Янз бүрийн хэл аманд өртсөн хүний юмыг бөө нар л засч янзалдаг.Хараал туссан хүнийг үзээд бөө нар хариуд нь цаад хүнд нь юу гэж хараал хийх билээ.Тийм юм байхгүй.Хүний ёсноос гажууд юм шүү дээ.Тиймээс бусдыг бөөгийн хараал гэдгээр айлгах хэрэггүй юм.Ерөөсөө бөө гэдэг чинь хамгийн шударга харилцаа юм гэж ойлгох хэрэгтэй.Бөө нар зурхайг тэр болгон хэрэглээд байдаггүй.Хүн нэг бүрчлэн харж, үзээд хэлж, засдаг онцлогтой.
 
-Монгол бөөгөөс буддын шашин их зүйл авсан гэдэг?
-Тиймээ, бөөгөөс будда их юм авсан.Гэхдээ, жишээ нь зулыг бөө нар хэрэглэдэггүй байж.  Харин гал түлж бөөлдөг.Мөн эрхи, хадаг байна.Эдгээрийг бөөгийн ёсонд хэрэглэж байгаагүй гэж би үздэг юм.Одоо хаа сайгүй хадаг уяастай.Ингэж бөөд бас шарын шашны юм их холилджээ.
 
-Бөө нар онгодоо дуудахдаа архи  хэрэглэдэг. Ийм ёс урьд нь байсан юм уу?
-Архи ууж онгод дууддаг юм гэж байгаагүй шүү дээ.Эрт дээр үед одоогийнх нь шиг шилтэй спирт, архи ямар байсан биш.Энэ бол маш буруу зүйл юм.Харин сүүний архиа л өргөл мөргөлдөө ёс болгож хэрэглэж байсан байх.Түүнээс биш бөө нь архи уугаад согтож унаад байх нь утгагүй шүү дээ.Уул овоон дээрээ гараад хурим найр хийж байгаа юм шиг архи уугаад суух гэж юу байх билээ.Хурим найр ч гэсэн дэг жаягтай байдаг.Бөөд хамгийн зохимжгүй зүйл бол энэ архи юм.
                                                                                                                                          Ярилцсан Б.Отгонбаяр
 

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/