Уншиж байна...

Балчир Тэмүжинийг эцгийн буурин дээр хаягдахад түшиг болж үлдсэн Мэнлиг эцгийн долоон хөвүүний дундах нь Хөхөчү тэв тэнгэр гэх бөө байжээ. Эцгийн гавьяанд эрэмшсэн Мэнлигийн долоон хөвүүн Хасарыг элбэж занчив гэнэ. Хасар хаан ахдаа уйлан хайлан гомдол мэдүүлэхэд нь Чингис “Амьтанд дийлддэггүй хүн гэдэг биш бил үү, чи? Яагаад дийлдэв?” хэмээн дүүгийнхээ амыг асуугаад буцаасан байдаг. Удалгүй Чингис хааны ардаас олон хүн Хөхөчү тэв тэнгэр бөөд очиж захирагдав гэнэ.

Тэдгээрийн дотор Отчигин ноёны харьяатууд ч мөнөөх бөөгийн албат болжээ. Отчигин ардаа эргүүлж авахаар өөрийн биеэр очиход нь ах дүү долоо элбэж Отчигины амыг авч, Тэв тэнгэр бөөд мөргүүлээд буцаасан аж. Энэ явдал Чингисийн чихэнд даруй хүрч, боломж гармагц Тэв тэнгэр бөөг урдаас бэлтгэсэн гурван бөхөөр нугасыг нь таслуулан хороодог. Ингээд Чингис хаан “Тэв тэнгэр миний дүү нарт гар хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэх тайлбар хийжээ.

Энэ бүхнийг Монголын нууц товчооноос эшлэн авлаа.

Зовлон гэмээ нь цочоож ирэхийн цагт бид бурхныг хайдаг. Уул ус, мод чулуу, айлын чавганц гээд хавьтсан таарсан бүхнээсээ “ид шид” эрнэ. Амьдралын зовлон түмэн янз. Энгийн аргаар шийдэж болохоос аваад “ид шид” хүртэл хэрэг болдог ярвигтай эд. Ид шид нь ч олон зүйл. Нэгэн цагт монголчууд гай зовлон тохиолдох бүрийд хуйгаараа Гандангийн дэнжийг зорьдог байлаа. Ах ламын морины уяан дээр амьтан хүн багтаж ядан багширч, багш лам гэрийнхээ хойморт хоолой шахан малилзаж, олз омгийн ихийг хурайлан даллаж байсансан. Буддагийн сургаал номлолоос илүүтэй тарни шившлэгээр зэвсэглэсэн бурсан хуврагууд түмний зовлонтой нүүр тулж, аргалж, янзалж, арыг нь дааж явсан цаг саяхан. Энэ хорвоогийн юм бүхэн мөнх бусын мөн чанартай хэмээх Буддагийн сургаал ёсоор болж, лам багшийн тарни шившлэг хүний зовлонг өдгөө нимгэлж “хүчирхэхээ больжээ”. Арав, таван мянгаар яригддаг төвд номын хүч “суларч”, хэдэн арван саяар үнэлэгдэх суврага хүмүүсийн сүсэгт сэв суулгасан ч байж мэднэ. Харин таван зууны тэртээ шарын шашинд шахагдсан бөө мөргөлийн ээлж ирсэн бололтой.

Юмс шинэхэн дээрээ сонихон байдаг хойно хүн бүхэн бөө рүү хошуурч байна. Сайтар мартагдсан эртний бөө мөргөл өнөө цагийн элдэв мэдээллээр цэнэглэгдэж, зүрх зүсэм маркетингаар зэвсэглээд цоо шинэ өнгө аясыг олж монголчуудын “зовлонтой барилцаад” авлаа. Өрх бүрээс бөө төрүүлэх элдэвтэй арга бодож олсон энэ бизнес Монгол улсын 500 мянга гаран өрхийг бүрэн эзлэх ариун дайныхаа оргил хэсэгт явна. Удалгүй тэд дотроо зохион байгуулалтад орж, “жинхэнэ” ба “хулхи” гэх хоёр хэсэгт хуваагдах ширүүн тэмцэл хийнэ. Одоохондоо монголчуудын уламжлалт жалга довны үзлээр ястан болгон өөрийн онцлог бүхий бөөлөх дэг жаягтай, хүч чадал нь ч харилцан адилгүй гэх сурталчилгаа ид явагдаж байна. Энэ фронтыг бөө мөргөлийн сүүлчийн голомт болсон цаатан түмэн нутагладаг Хөвсгөл нутгийн харьяатууд, Сэрүүн дуганаа коммунистуудад сүйтгүүлсэн буриадууд өнгөлж яваа бололтой. Монголын зонхилох ястан халхууд ч зангаргаараа зайгаа эзлээд авчээ. Монголд харьцангуй цөөн тоотой орос, хятадын эрлийзүүд маань ч энэ талбарт цөөдөхгүй царайтай.

Амьдрал санаан зоргоор нь явж өгөхгүй байгаа, анагаах ухаанаар хараахан эмчлэгдэхгүй өвчин туссан, тэр бүү хэл бие дээр нь элдэв яр шарх шавсан хэн боловч бөө болох нигуртай аж. Найман зууны тэртээ Хөх тэнгэрийн тааллыг хүн зонд дамжуулж явсан бөө өдгөө хүн бүрийн өвөг дээдсийнх нь сүнс байдлаар бууж байгаа юм гэнэ. Өвөг дээдэс шиг нь эрхэм юм хүнд үгүй хойно нэгэнт “буугаад ирвэл” хүлээж авахгүй ээ гээд суувал ядаж л хүн чанар талаасаа жаахан тиймхэн. Ингээд л бөөгийн тоо үхэгсдийн тоотой уралдан өсөж явна.

Зовлонгоос салах арга хайсан түмний эрлийн үзүүр бөө мөргөлийн зүг нэгэнт хандсан байна. Учир нь олддоггүй уурга тархи, сэтгэлийн зүрхний зовлонд бөөгийн зан үйл тун давгүй зохидгийг барууны сэтгэл судлаачид үнэлдэг юм билээ. Ан авд гарах, тэмцэл тулаанд орох тоолондоо нийтээрээ зүрх зоригоо чангалж гал тойрон гуугчин бүждэг бүдүүлэг ард түмний ёслол хөгжил дэвшлийн шуурганд учраа алдсан бидэнд ч бас хэрэг болдог аж. Хаа ч, хэзээ ч хүний мөн чанар нэг юм хойно аргагүй биз. Сэтгэл заслын ухаанд хэрэглэж болохуйц олон арга чарга бөөд байгааг “засал авсан” олон хүн гэрчилнэ. Тэгээд ч психотерапи хэмээх ерөнхий нэршилтэй сэтгэл заслын арга дотор бөөгийн хэрэглэдэг айлгах, ичээх, цочоох, аргадах, өрөвдөх, өргөмжлөх, итгүүлэх хувилбарууд тухай бүрдээ нэртэйгээр хэрэглэгддэг юм.

Энэ цагийн бөө номлол сургаал, дэг жаягийн хувьд их баяжжээ. Ерөөс таван зуун жилийн тэртээгээс бөө мөргөл шарын шашинтай сүлэлдэж эхэлсэн юм. Өдгөө бөө нар “хар”, “цагаан”, “шар” гэх ерөнхий ангилалтай мэтээр ойлгогдож байгаа. Хорчины цагаан зүгийн бөөгийн тухай Өвөр Монголын судлаач Нямын бичсэнийг үндэс болговол шарын шашныг эрс эсэргүүцдэг бүлэг бөөг “хар зүгийн”, мөнөөх шашны тавиг ёсыг хүлээж авсан хэсгийг нь “цагаан зүгийн” хэмээн нэрлэх болсон аж. Харин одоо хараал хийдэг нь “хар”, ерөөл тавьдаг нь “цагаан” өнгөтэй болж шарын шашин, бөө мөргөл хоёрыг уялдуулдаг хэсгийг нь “шар” гэх болсон юм билээ. Үзэл суртал нь айл өрхийн амьдралаас аваад нэлээд глобаль шинжийг олж дэлхийн дулаарал, экологийн тэнцвэр, цөлжилт зэргээр баяжаад зогсохгүй улстөрийн өнгө аястай ч болоод авч. Бас 2012 онд дэлхий сүйрнэ гэх Маяагийн хуанлиг ч иш татаж, фэнг шү Ганбаагийн “хөх цэрэг”-ийг ч олоод сонсчихсон явна.

Төрд огт дансгүй атлаа “төрийн зайран” хэмээн биеэ өргөмжлөгчөөс аваад төрсөн биед нь оршсон гэх өвөг дээдсийнхээ онгодыг үхэн хатан нууж яваа ч улс бий. Насанд хүрээгүй хүүд нь дээдсийн сүнс оршсон нэрээр хүүдээ шил шилээр нь архи сөгнөж суугаа ээж захаас аван. Өөрийнхөө амар жаргалын төлөө айл хөршөө унтуулахгүй үүр цайтал хэц хэнгэрэг дэлддэг хувиа хичээгч бөөг мэдэх биз. Айлын эхнэрийн хүсэлтээр нөхрийг нь сөгтгөхөөр очоод зодуулаад гарсан бөө ч дуулдсан. Бас л нэг зовсон эхнэрийн гуйлтаар нөхрийг нь засах гэж байгаад түлж алчихаад зовлон дээр нь хагацал нэмсэн бөө чиг гарсан. Шинэ цагийн эрхэм бөө, тэнгэрийн улаач нараас сэрэмжилж явахад ер илүүдэхгүй бололтой. Чингисийг тэнгэрийн элчээр өргөмжилж, даяарыг хурааж өгсөн Хөхөчү тэв тэнгэр бөө эзэнтэйгээ эд хөрөнгө, эрх мэдэл булаалдаад нугасаа хугалуулсан түүхийг бөө нар бодууштай л юм. Хүнд зовох нэг цаг байхад жаргах үе ч бас бий. Жаргал гэмээ нь согтоож ирэхийн цагт бурхныг бид мартдаг.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/