Уншиж байна...


Бөө буюу зайран, удгануудыг цагааны хийгээд харын гэх зэргээр ангилдаг гэх. Цагааных нь мэдээж сайн талын гэж ойлгож болно.

Өвдсөн, зовсонд өрөвч сэтгэлээр хандан, өдөр шөнө ялгалгүй тус хүргэн явах буянтнуудыг хэлэх бөлгөө. Харынхан харин аюултай. Хар хэл ам, хараал жатга хийх юм уу харын талын “юм” хийлгэсэн хүмүүсийн хариулгыг хийж өгдөг гэдэг билээ. Бараг мэргэжлийн хараалчид гэхэд болно л доо. Баруун Монголоос гаралтай нэгэн харын талын удган саяхныг хүртэл Баянхошуунд амьдарч байсан билээ. Нэрийг нь Дарьзав гэнэ. Уг нь гурван үеэ дамнасан дан удганы талтай айл ажээ. Дээд үед нь харин сайн, сайн зайрангууд байсан гэх юм билээ. Сүүлчийн удгад нь харынх байсан юм уу, хаашаа юм. Дарьзав удган мэдээ орохын л нэг тиймэрхүү юм хэлдэг хүүхэд байж. “Балдан гуай ч тэсэхгүй байх аа. Хорол чавганцын хөл унаа нь иржээ. Халтарынд хүүхэд тогтохгүй дээ” гэж ирээд л үргэлж муу амалж явах. Хүмүүс ч түүнээс нь баахан цэрвэдэг байжээ.
Ямар сайндаа л түүнээс аль болох дөлсхийж явах вэ дээ. Тэгээд ч хэн л болсон хойно таагүй мэдээ хүсэх вэ. Халз таараад хачин юм яривал тэр нь биелж, таардаг болохоор тэр биз. Гэхдээ таарсан болгонд ч хэлээд байхгүй л дээ. Хэлье гэсэндээ л хэлнэ. Тэр нь нэг ёсондоо урьдчилан сэргийлэх арга байсан юм уу даа. Миний нэг сайн таних нөхөр тэднийд очсон байгаа юм. Тэгээд бөөн унтууцал болсон амьтан ирснээс болж бид баахан хөөрөлдсөнөө санаж байна. Уг нь архинаас холдчих санаатай, аргаа барж яваад “Дарьзав л аргална даа” гэхээр нь ээжийгээ дагуулаад очсон байгаа юм. Бага зэргийн юмыг ч аргалах нь аргалдаг гэдэг юм шүү, хөөрхий. Бөөн дараалалд дарагдсан удган гэртээ бууж байжээ. Гэхдээ “Бууна, барина” гээд учир зүггүй цамнаад, бүжээд, орилоод байдаггүй хүн гэнэ билээ. Онгодоо дуудаж жаал гөлийж сууж байгаад л хэлдэг, хэлсэн дороо засал, маслыг нь хийчихдэг юм байх. Нэгэн хархүүг үзэнгээ мань хүнийг “Хүлээзнэ” гээд хажуудаа суулгаж орхисноос элдвийг үзэж, сонссон байгаа юм. “За, хүүхээ. Үйлс чинь бүтэхгүй ээ. Хар талын юм хийлгэчихэж. Баруун хойт талаас бараавтар царайтай эмэгтэй хүн хараал хийлгэжээ. Аваар, осол тохиох чинь юу ч биш. Амь нас чинь ч гаргуунд гарах нь. Хариу хийхгүй бол горьгүй нь. Хатуухан юм хийхээс дээ” гэжээ.
Өнөө хар хүү их аминчхан нэгэн байсан бололтой. “Та ямар хариу хийх вэ?” хэмээн сонирхвол “Тэмээ л унуулаад илгээчихнэ дээ” гэсэн байна. Дашрамд дурдахад, монголчууд тэмээг хүйтэн хошуутай мал гээд цэрвэмтгий байдаг билээ. Ялангуяа тэмээ зүүдлэхийг нэг их таашаадаггүй юм. Тэр дундаа хэн нэгэн тэмээ унаад тэшүүлж одвол бараг л бурханы орноо илгээгдэнэ гэсэн үг л дээ. Тийм зүүд зүүдлэгсдийг хөгшчүүл “Хөл унаа нь иржээ. Замд нь бэлдвэл таарна” хэмээдэг. Замд нь бэлдэнэ гэдэг нь ая тааваар нь байлгана гэсэн үг юм. Тэгэхээр хараал хийлгэгчийг золигт гаргахыгаа л хэлээд байхгүй юу. Манай найзын ээж нутаг усандаа нэлээд нэр төртэй, бас ч гэж шударга, тэгээд ч удганаас эгчмэд нэгэн байжээ. Дээрх яриаг сонссон хархүү “Хэцс, хадам авгай л байна. Түүнээс гарахгүй ээ. Харыг хараар гэдэг биз дээ? Эгч хүү, тэр нөхөрт тэмээг нь унуулаад тавьчих. Арыг нь би даая” гээд тун ч хэнэггүй суусан юм байх. Ингээд удган харын арга хийхээр гурил, балин хийж эхэлжээ.
Тэр бүхнийг харж, сонсч суусан найзын маань ээж гэнэт дүрсхийгээд явчихжээ. “Хөөе, Дарьзав, яаж байгаа чинь энэ вэ? Хүний амь золих ийм санаан зоргоор байдаг юм уу? Аав ээж, ах дүүгүй хүн үү, чи? Бухимдсан эмэгтэй лам хард очоо л биз. Юун сүртэй юм. Осол, аваар чинь хараасан, хараагаагүй өдөр, шөнөгүй л гарч байдаг биш үү, энэ их хотод? Тэр болгоныг хараал гээд хариулаад байвал юу болох вэ? Чи ч гэсэн дээ, яачихсан амьтан бэ? Эр хүн байж жаал холуур харж сурах хэрэгтэй ш дээ. Хадам ч гэсэн дээ, хүний л эх шүү дээ. Наадахаа боль, би явлаа” гээд босчээ.
Удган Дарьзав ихэд сандран “Цэрэв гуай тайвшир даа. Нутаг усны ахмад хүн таны үгийг сонсохгүй яахав. Нээрээ тийм юм байна. Энэ залуугийн үйлс бүтэхгүй, ойрхон юманд орооцолддог болсон байна. Цаадуул нь юм хийлгэх нь ч хийлгэсэн бололтой. Гэхдээ би тэгж хариулахаа больё” гээд л буугаад иржээ. Заслыг ч өөрөөр хийх болсон байна. Залуу хархүү ч ухаарсан бололтой. “Уучлаарай, эмээ. Уурандаа дэмий юм хийлгэчих шахлаа. Өөрөөр аргалж болдог юм бол заавал хатуу хариу энэ тэр гээд ч яах вэ” хэмээж суужээ. Яагаад үүнийг нуршаад байна вэ гэвэл бусдыг санаа аваасай гэсэн дээ л тэр шүү дээ.
Харын арга чарга, хар дом, ид шид байдаг ч хамаа бусаар хийгээд байдаггүй гэсэн шүү. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэж үг буй. Харын арга, хараал жатга хийх юм уу хийлгэх ч тийм сайн зүйл биш гэдэг үнэний хувьтай байх аа. “Харыг цагаан, хатууг зөөлөн” гэдэг ардын сайхан үг ч бий. Удган Дарьзав манай найзыг үзээд “Айлтгүй ээ. Аяндаа өөрөө холдчих юм байна. Чи ч өөрөө хичээ. Би ч тусалъя” гээд багагүй юм хийж өгсөн гэх бөгөөд өнөө л лав архи уухаа больжээ. Тэр удган нөлөөлөв үү, өөрөө аяндаа больсон уу, ёстой чөтгөр бүү мэд дээ. Гэнэт уумааргүй санагдаад л хаячихсан гэдэг юм. Иймэрхүү тохиолдол уг нь ч элбэг байдаг юм шүү. Харин тэр биеэс нь өт авах, адистай архи уулгаад гаргах энэ тэр ч дээ, худлаа байх. Тэр аргыг хийлгэсэн хүн архинаас гарсан гэж сонсоогүй юм байна. Үүнийг товчлоод удганы хувь заяаг сонирхоцгооё.
Жилийн дараа удган найзын маань ээжийг яаралтай ирж уулз хэмээжээ. Тэд ч сандарсан байна. Манайд л нэг эвгүй юм тохиох нь дээ гээд үтэр түргэн очицгоожээ. Удган нэлээд ядруу хэвтэж байжээ. “Ашгүй, Цэрэв эгч та юу?” гээд өндийгөөд иржээ. “За, дүү нь ч баларсан байх. Үйлийн үрийг одоо яана гэх вэ. Бие дордлоо. Бусдад тус болж байна гээд буруу зөрүү зүйл бишгүй л хийсэн байна. Бүгдийг нь эцэслэн тунгаалаа. Огт хэрэггүй зүйл олныг хийжээ. Залуу хосыг ч салгасан байна. Хариу хийж байна гээд хэдэн халтар цаасны төлөө хүний амь насанд хүрсэн ч байж мэднэ. Барилгын компанийн захирал гэх нэгэн залуугийн хүсэлтээр мөнгө зээлээд өгөхгүй байна гэсэн хүнд ч юм хийж явжээ. Харин нэг хүүхний эсрэг юм хийчихээд л баларлаа. Хадамдаа хатуурхсан, хар царайтай, хатуу ширүүн хүүхнийг золигт гаргачихсан юм. Тэр шөнө өөрөө тэмээ унаж одсоноос хойш ийм болов. Их муухай зүүдлэсэн юм. Одоо ч нэмэргүй биз ээ. Тэр хүүхний ар тал их хатуу, харын талтай улс байж. Айлгүй хийчихээд амиа алдахдаа тулаад байна даа” гэжээ.
Түүнээс хойш хэд хоноод нас барсан гэнэ билээ. Хэдхэн жилийн өмнөх болсон явдлыг дурдахад ийм байна. У.САРАН

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/