http://www.zoofirma.ru/
Явган бөөлөх нь чухамдаа онгод тэнгэрийн эрч эрчмийг өөртөө нэгтгэн хүний энгийн бодол санаагаар биш, онгод тэнгэрийнхээ нөлөөгөөр орчлон ертөнцийн нууц чанадад нэвтрэн, үзэж мэдэрсэнээ бусдад дуулгаж, үйл засал дом хийхийг хэлдэг. Улаач онгодоо биедээ хагас оруулж, өөрийн сүнсээ харанхуйн оронд аялуулан энгийн хүний мэдэрч чадахгүйг мэдэрч тайлахыг хэлнэ гэж тайлбарласан ч байдаг. Угтаа явган бөөлөх нь бясалгалын дээд хэлбэр бөгөөд хүний амьдралын ээдрээ үйлийн үр, сайн мууг гэгээрлийн дээд өнцгөөс мэдэрсэнийхээ үр дүнд ухаан санаа нь тэлэгдэн дэлгэрч байдаг. Голдуу лус хөлөглөсөн бөө хуураар уналга болгож явган бөөлдөг бол хэнгэрэг хэц хэрэглэж явган бөөлөх ч явдал байна.
Явган бөөлөхөд хамгийн их анхаарах зүйл нь өөрийн бодол санаа болон аливаад хандах хандлагаа онгод тэнгэрийнхээ өгч байгаа мэдээлэлтэй холихгүй, ялгаж салгаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аль миний бодол, аль нь онгод тэнгэрийн мэдээлэл гэдгийг зааглаж сурах. Үүнд хамгийн шалгарсан арга бол үзүүлж засуулж байгаа хүнээсээ урьдчилан олон тайлбар мэдээлэл сонсохгүй байх. Хэрэв урьдчилаад тайлбар сонсвол улаач өөртөө ямар нэг дүр дураг ургуулж бодоод онгод тэнгэрээ сайн сонсохгүй бодолтойгоо хольж төөрөлдөх явдал байдаг. Бас дом үйл хийхдээ мэдрэмжээ хурцалж, зайлшгүй хурдан хийх зүйл, дохио санамжийг хайхралгүй орхихоос болгоомжилж, бас дийлэхгүй хэцүү үйл байвал хүчлэн хийхгүй байх нь зөв.
Ер нь улаач хүн онгодтойгоо харьцаж, үйлээ хийж, амьдралыг таньж, явган бөөлж байхдаа бясалгаж байдаг. Мөн улаач хүн онгодын заасан замаар урагшилж өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ тэлж байх хэрэгтэй. Бусдын онгодыг сайн мэдэхгүй байж худал муу үгээр олонтаа хэлэх нь буруу зүйл юм. Цаанаас өгөгдсөн өгөгдлөөрөө бөөлөх учиртай.
Улаач бүрийн онгод тэнгэр, мөн улаачийн чадвар, үйлийн үр, заримдаа цаад үзүүлж засуулж байгаа хүнээс шалтгаалан Хуяглахуу? Явган бөөлөх үү? Гэдэг нь өөр өөр байна. Анх явган бөөлж босож болно, шууд хуяглаж боссон улаач ч гэсэн яваандаа явган бөөлж болдог.
Явган бөөлөх нь олон сайн талтай. Түшээгийн хэрэг байхгүйгээр бөөлж болдог ба онгодыноо үзүүлж, мэдрүүлж, дуулгаж байгааг өөрийн мэдрэхүйтэйгээ хослуулан, илүү ойлгомжтой тайлбар хийж, олон нарийн мэдээлэл өгч, их үйлд суралцан, улам боловсрон, бүр цаашлаад жирийн үед ч онгодоо сонсож, дохио санамж мэдээллийг хүлээн авах мэдрэмжтэй болж, онгод тэнгэртэйгээ нэгэн цул болдог.
Алтан Удган