Монгол харын бөө нар гал голомтын эзэн тэнгэрийг баясгахын тулд жил, жилийн намрын сард түүнийг бөөгөөр хүндэтгэн тахиулж байв. Ийнхүү тахихдаа гал голомтоо сахисан онгодыг дуудаж бөөд оруулахад гэрийн эздийн сайн сайхныг онгодод даатгаж, галдаа өөх тос, архи сархад өргөх зан үйл үйлдэхдээ өрхийн тэргүүн, эзэгтэй нарт улаан утас бариулж, утасны нэг үзүүрийг тулганы цагирагт бэхлэн гал голомтод нь мөргүүлдэг байсан бол шарын бөө нар болон лам нар галын тахилгын судар уншдаг.

 

“...Дээрх мөн тэнгэрийг тэвшин төдийхөн бүхийгээс
Доорх этүгэн эхийг өлмий чинээхэн бүхийгээс
Сүн далайг чалчааг бүхийгээс
Өөд заяасан гал, галайхан ээждээ
Өөх тосыг өргөнөм билээ...” гэх мэт дуудаад архи сархад,өөх тос өргөдөг.

Гал голомтын эзэн тэнгэр. Гал голомтын эзэн тэнгэр нь голомтын хулгана зүгт байрладаг учир гэрийн эзэгтэй нар цайныхаа дээжийг голомтын эзэнд буюу хулгана зүгт өргөдөг. Гал голомтын эзэн нь тэнгэрийг цочоохгүйн тулд дэргэд нь мод, түлээ хагалахыг ихэд цээрлэхийн дээр энэхүү эзэн тэнгэрийг ариунаар хүндэтгэн шүтэж байхын тулд гал руу ус, шүлс, элдэв муухай үнэр гаргах зүйлийг хийхгүй, хурц үзүүртэй юмаар чичихгүй, тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэрт архи сархад, өөх, тос зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.

Гал тахих зан үйл. Зул сарын 23, 24-нд буюу өвлийн адаг сарын 30-нд гал голомтоо тахидаг уламжлал нийт монгол түмний дунд түгээмэл байжээ. Энэ нь галын бурхан Галайхан ертөнцөд залрах хийгээд өөд болон дэгдэж ажаарах үестэй холбоотой хэмээн домоглодог.

Гал тахих ёсны бэлтгэл. Айл бүхэн гэр орон, хашаа, хүрээ, хот хороогоо цэмцийтэл цэвэрлэх, тулганы доор элс асган засаж, индэр хэмээн нэрлээд тулга, тогоо тосгон бэлтгэснийг утаа шүүрдэх гэдэг. Галын тэнгэр маш ариун цэвэр орчинд залрах бөгөөд бузар буртаг, хир, тоос, яс тоорог тэргүүтнээс бузартах нь амархан тул хичээнгүйлэн ёсчилон үйлдвээс зохих ба галын тэнгэрийг бузартуулбал тотгор гамшиг нь үлэмж хэмээн цээр хориг сахидаг. Гал тахилгын бэлтгэл хийж, утаагаа шүүрдэхдээ усан ариутгал, гал ариутгал, салхин ариутгал, шороон ариутгал, модон ариутгал хэмээн таван язгуур махбодоор ухияал ариутгал үйлддэг.

Усан ариутгал хэмээгч нь усанд булхаж угаах хийгээд ухияалын хорхог тэргүүтэн олон зүйл бий. Гал ариутгал хэмээгч нь галын дундуур гаргах ба галаар төөнөн ариулах хийгээд арц, ганга, агь жодоо унгатган ариутгах тэргүүтэн олон зүйл бий. Салхин ариутгал хэмээгч нь арьс нэхий, ширдэг дэвсгэр, хивс, олбог талбаг, эсгий, дээл хувцсыг хэцэн дээр тээж, салхинд тавих тэргүүтэн олон зүйл бий. Шороон ариутгал хэмээгч нь хуу домбо, данх танх, тогоо шанага зэргийг торгон элсээр зүлгэж өнгөлөх тэргүүтэн олон зүйл бий. Модон ариутгал хэмээгч нь арц, жодоо түлж үнэрээр нь ариулах ба гавар, зандангийн үнэр шингээх тэргүүтэн олон зүйл буйн дээр саваа салбартал гөвж гөвшиж ариутгах нь түгээмэл байдаг.

Галын тахилганд өргөх шар халзан толгойт цагаан хонины өвчүүг галд хуйхлан, тогоонд ус хийгээд айраг сүүгээр ес дусааж цагаалаад, өвчүүгээ тогоонд үйж, гургалдай, шаант чөмөг, үхрийн өвчүүний хэрсэн, аман хүзүү, дөрвөн өндөр, хавирга, сээр, дал зэргийг давс хийлгүй чанахыг өвчүү өтгөрүүлэх гэж нэрлэдэг. Өвчүү өтгөрүүлэхдээ улаан махыг хар ус луу шууд үйдэггүй, эрхбиш айраг сүүгээр ес домнон цагаалж байж үйдэг заншилтай юм. Өвчүү өтгөрүүлэх үес заавал гургалдай чанадаг. Гургалдай гэдэг нь цагаан мах, найз, авид, авис, хошигног гэх мэт олон нэртэй бөгөөд амны хишиг буяныг арвижуулагч, өвс ургамлын сөл шим мөний тул хишиг даллагын хөнөгт байвал зохих идээ мөн. Өвчүү өтгөрүүлэхдээ давс хийж чангаруулдаггүй. Учир нь давс ерэн есөн гэмтэй нэг эрдэмтэй гэж хэлэлцэнэ.

Өтгөрүүлж болгосон өвчүүг тэвшинд гаргаж их гэрийн хоймроор нар зөв эргүүлэн ширээн дээр тавьж гар хуруугаа арц сангаар ахин дахин ариулж, ам хамраа алчуураар ороогоод хутгаа хөнгөн эргэлдүүлэн, үе мөчийг нь хөндөлгүй өөх махыг нь хайж яснаас нь салгахыг өвчүү цөмөх гэж нэрлэдэг. Өвчүү цөмөхдөө бүдэрхийг нь авч болохгүй. Харин хуримын өвчүү байвал бүдэрхийг нь авч үлдээдэг учир бий. Өвчүү цөмөхдөө ам хамраа алчуураар ороодог нь галын тэнгэр Галайханд өргөх өвчүүнд амьсгалаа шингээж болдоггүй учиртай гэнэ. Халуун амьсгалын уураа өвчүүний ясанд шингээчихвэл сүнс зайлж тэнгэрт халина хэмээх учир хянуур болгоомжтой үйлддэг. Өвчүү цөмөх хүн угаалгын хорхогт орж биеэ ариулсан байх ба арц, ганга, сангаар унгатгаж, гар хуруугаа ахин дахин ариулж, цэвэр ариуныг сайтар сахихгүй бол Галайхан хилигнэнэ гэнэ. Хурц хутгаар үе мөчийг нь хөндөж эсгэсэн тэмдэг өвчүү өргөж болохгүй. Өвчүү цөмсөн халим өөхийг нэгэн тавагт хийж галд өргөхөөр бэлтгэн тавьдаг.

Цар таваг дээр ам шар торго дэлгээд, цөмж хайсан өвчүүний ясыг өөд нь хандуулан тавиад галын хишиг, галын амс, галын боорцог, арц, хүж, хялгана, тос, шүүмэл чихэр, бурам зэрэг зүйл овоолон тавьдаг ба харин Ордос монголын Отог, Үүшин зэрэг нутагт болсон арвайн гурилаар сэрх балин гэж ямаа унасан балин засаж түүндээ алт мөнгөн цаасаар нар, сар хайчлан дэрсэнд хавчуулаад оройд нь хатгаж ембүү эрдэнийн зүйл хайчилж хийдэг. Зарим газар өнгө бүрийн торгон утсаар чимж үүнийгээ жолоо гэж нэрлэдэг. Олонх газар өвчүүний өмсгөл хэмээн элдэв бөс торгоны өөдсөөр ороох ба самбай хадгаар боох буюу хонь, ямааны сэмжээр ороож, торгон утсаар буюу хэлхий томсон хонины унгасан утсаар бүдэрхийнээс нь эхэлж ханан эрээдсээр эрж ороодог. Энэ зан үйлийг нийтэд нь өвчүү чимэх гэж нэрлэдэг. Шинэхэн цагаан ноосоор үзэмжтэйеэ ороосон шим, амт, чанар хотол төгссөн ариун өвчүү гэж гал тахих ёсны сударт чимсэн өвчүүг ийнхүү дурдсан байдаг.

Өвчүү өтгөрүүлсэн шөлөнд улаан чавга, үзэм, шүүмэл, шар тос, бурам, тутарга /цагаан будаа/ хийж болгосныг галын амс гэж нэрлэдэг. Галын амсыг суулга, сав, тавагт гаргаж авах ба гал тахих ёсны эрхэм хүндэт идээ зоог болно.

Гуулин суулга буюу тэвш, эсвэл даллагын хөнөгт галын амснаас хийж дээр нь цөмсөн өвчүүний мах, шагайт чөмөг, дал, хонины сүүл, дөрвөн өндөр хавирга, гургалдай зэргийг хийгээд чавга тавьж шар тосоор чавгыг мялаагаад дээр газар тавьж гал тэнгэрт өргөснийг галын хишиг гэж нэрлэдэг. Галын даллага авах үест галын хишигийг гартаа барьж хоёр гараараа даллан хишиг авдаг заншилтай бөгөөд гурван хоног гэртээ байлгаж байгаад хишигээ тогтоож хүртдэг юм.

Тулганы дөрвөн талд хүж өргөх буюу галын аман дахь ширээн дээр есөн зул бадраасныг галын сан гэдэг. Галын сан тавьж гал тулгыг ариутгахаас гадна гал тахих ёсны туршид ариун сан баагиж, сангийн судрыг уншиж дуудах бэлтгэлийг хангана. Галын аман дээр цагаан толог эсгий буюу хивс дэвсэж, явган ширээ засдаг. Ширээн дээр чимж ороосон өвчүүг цар дээр тавьж бүдэрхийг нь галын зүг хандуулан дэргэд нь шимийн архи ба хар архи хоёрыг зэрэгцүүлэн тавьж, нэг аяга айраг, нэг савтай дусаал /өвчүү өтгөрүүлсэн шөлний тосыг хамж аваад, шар тос, чихэр бурам, архи дарс хольсоныг хэлнэ/, халим /халимлаж эсгэсэн өөх/ бас нэг тавагт торго бөсийн цуудас хийж бэлтгэсэн байдаг. Эд бүхнийг галын тахил засах гэдэг.

Зул сарын хорин гуравны цагаан гэгээ тасрахын үед гал тахихаар бэлтгэсэн цэвэрхэн улаан бургас, хайлаас, хар шаваг зэрэг модыг нэгэн жигд жиргэн, тулганд хайрцаглан өрнө. Доор нь аргал ивэх ба хомоол урж тавиад ноцооход бэлэн болгож,тулганы зүүн талаар сөхрөн, тахилгын бэлтгэл хангах өөр өөрийн үүрэгтэй ажлыг гүйцэтгэхээр бэлтгэсэн байдаг. Гал тахилын судал дуудах лам буюу хар хүн баруун хойт хойморт завилан сууж, судраа дэлгэнэ. Гэрт ирсэн бүх л хүмүүсийн өмнө идээ будаа тавих ба цөм хормойгоо дэвсэн сөхрөн суугаад малгайгаа авсан байдаг Гал тахилгад оролцох хүмүүс монгол үндэсний ёст дээл хувцас, хутга бүс, эмэгтэйчүүд ууж, цэгдэгтэй байх ёстой. Галайхан тэнгэр галын хайчнаас айж ширвээдэг тул галын хайчаа ширдэг доогуураа нуусан байх хэрэгтэй.

Галын дэргэд түлээ мод хагалж болохгүй. Галын зүг хутга мэсийн зүйл хандуулан тавьж болохгүй. Галын өөдөөс алцайн сууж болохгүй. Галд бохир зүйл хийж түлж болохгүй. Өвчүү өтгөрүүлсэн шөлний хоргыг дэврүүлж, хиншүү хярвас гаргаж болохгүй. Галд сүү өргөж болохгүй. Галд ус цацаж болохгүй. Галд хувцасаа ээж хатааж болохгүй. Галаар тоглож болохгүй. Гал голомтын дэргэд хэрэлдэж, маргаж болохгүй. Галаа харааж зүхэж болохгүй. Галд хөлөө ээж болохгүй. Голомтын галыг дарж унтрааж болохгүй. Гал руу нулимж болохгүй. Галаа хөөрөгдөж асааж болохгүй. Гал руу гараараа чичиж, зааж болохгүй. Галд үснийхээ сэвийг хийж болохгүй. Эмэгтэй хүний буудал буусан бол гал тахилгад оролцож болохгүй. Голомтынхоо галын дэргэд биеэ угааж болохгүй. Гал уруу аяганы шавхруу цацаж болохгүй. Тахилгатай галд тамхины иш хаяж болохгүй. Эд бүхнийг галын цээр хэмээн нэрлэж цээрийн ёсыг ширхэглэн сахих бөгөөд нэгэнт галаа тахиж эхэлсэн бол цээрийг сахиж жил бүхэн тасралтгүй тахиж байх ёстой юм.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/