Уншиж байна...

Монгол бөөгийн шүтлэгтэнүүд эрт цагаас нааш эрхэмлэн шүтдэг юм бүхнийхээ сүнсийг хийсвэрлэн дүрсэлж, түүнийгээ байгалийн бэлэн материал болон малын болон ан амьтны үс ноос, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дүрсэлж бүтээж ирсэн түүхтэй. Хүрэл зэвсгийн үеийн хүмүүс чулуун дээр буга зэрэг овог аймгийнхаа тотемийг сийлбэрлэн зурж монгол нутагт нэлээд тохиолддог бугын чулуун хөшөөнүүд хийгээд элдэв зураг дүрсүүдийг бүтээсэн нь тухайн үеийн бөөгийн шүтлэгийн нэгэн төрөл онгод-тэнгэрийн хөрөг дүрсүүд юм.

Энэчлэн мод юмуу малын ноос үсээр онгод тэнгэрийнхээ хөрөг дүрсийг бүтээж байжээ. Жишээ нь XII зууны эцэс XIII зууны эхэн үеийн Мэргэдүүд нэлээд том хэмжээний модон онгодтой байсан бол XIII зууны үед Татарууд эсгийгээр хүний бяцхан дүрс онгодууд хийж гэртээ үүднийхээ баруун зүүн талд байрлуулах бөгөөд түүндээ эсгийгээр хөх шиг юм хавчуулан сүсэглэн биширдэг байсан гэдэг. Энэ уламжлал Алтайн урианхай, Хөвсгөлийн хавь, Тувагийн бөө нарт ХХХ зууны үед хэвээр байжээ. Онгод хүүрийн барилга-Эртний хаад, их хүмүүсийн булш бунхан зэрэг газрын доорх байгууламжийг эрдэмтэн Ёнсог “Онгод хүүрийн барилга” хэмээн нэрлэжээ. Чингис хааны цогцсыг “Монголын нууц товчоо”-нд: “...Хамгийн тэнд оршуулж Хаан зайсангуудын тулгар болж Хамаг улсын шүтээн болоод Найман цагаан гэр болов за Энх их улст тунхаг зарлаж Өмссөн цамц өргөө гэр Өрөөсөн оймсыг тэнд онголов Үнэн хүүрий нь заримууд Бурхан Халдунд онголов гэх, заримууд нь Алтай ханы ард, Хэнтий ханы өвөрт, Их өтөг нэрт газарт онголов гэх нь бий...” Онгодод архи өргөхүй-Монгол бөөгийн ёсонд онгод тэнгэрийн тахилгын үед онгод тэнгэртээ тавих их сөнгийн идээ зоогт архи ордог боловч цай, тараг, айраг,бяслаг, өрөм, шүүс, сүүнээс хойш архийг сөгнөдөг байсны дээр архин сэржим өргөх, архинд дуртай онгодод аягаар уулгах зэргээр өргөдөг. Онгодод бяслаг өргөхүй-Онгодод өргөсөн их сөнд бяслаг орох ёстой. Тэгэхдээ нарыг бэлгэдэж заавал дугуй дүрсээр шахсан бяслагийг бүтнээр тусгай тавагт тавьдаг. Онгодод их шүүс өргөхүй-“Их бүхэл тавих ёс”. Онгодод өрөм өргөхүй-Онгодод өргөх өрөмийг мөн онгодод өргөх бяслагийн хэмжээний дугуй саванд самарч загсаагаад тэр л янзаар нь авч бяслаг дээр давхарлан тавьдаг байсан. Энэ нь ертөнцийн их гэрэлт алтан нарыг дээдлэн бэлгэдсэн хэрэг байжээ. Онгодод сүүн сацал өргөх ёс-Монгол бөөгийн ёсонд хээрийн онгодын тахилгын зан үйлийн эх адагт сүүгээр 81 сацлыг гурван удаа өргөдөг. Эхнийхийг онгод тахих бөө онгодын асрыг нар зөв бүтэн тойрч, дараачийнхыг асарт ороод онгодын өөдөөс харан, хормойгоо тосч сөхрөн суугаад хувинтай сүүгээ хормой дээрээ тавьж онгодын зүг есэн тахилт сацлаар ес дахин саацаж залбирдаг бол гуравдахийг нь тахилгын зан үйлийн төгсгөлд мөн есөн удаа өргөдөг байжээ. Онгодод тараг өргөх ёс –Монгол бөөгийн ёсонд бол таргийг үү, аарц, ааруул, шимийн архи, айраг зэрэг таван тансаг идээг дангаараа төлөөлдөг гэдэг юм. Тиймээс онгодод зориулж дугуй саванд бүрэн таргийг савтай нь их сөнгийн идээний эхэнд буй цайны дараа дэслэн тавьдаг байсан. Мөн онгодын тахилгын ёслолд хөндлөнгөөс оролцож буй өрх гэр гал голомтын хүн бол заавал тухайлан бүрсэн шинэ тараг авч ирдэг ёс ч байжээ. Онгодод цай өргөх ёс-Цай юмуу цайны ургамлыг монгол бөө нар хаан төрийн хамгийн их идээ хэмээн эрхэмлэн дээдэлдэг юм. Цай нь онгодод өргөсөн их сөнгийн бүх идээний хамгийн эхэнд хэрэглэгддэг дээж идээ. Тийм ч учраас шахмал болон хуурай нунтаг цайг бэлгийн зүйлд ихээр оруулдаг. Архийг тараг мэтээр орлуулан хэрэглэж болдог бол цайг орлуулдаг зүйл байдаггүй учир цайг “хар” ч гэсэн хааны рашаан, бор ч гэсэн “Богдын рашаан” хэмээн нэрлэдэг билээ. Онгодын асар-Өөд болсон бөөгийн өмсгөл, хэрэгслийг түүний сүнсэнд зориулж хөрөглөсөн онгодын нь хамт тусгай байранд засаж тохижуулах ажлыг монгол улсад зөвхөн бөөгийн шүтлэгтэнүүд л хийдэг байсан. Ингэж засаж тохижуулсан байгууламжийг онгодын асар гэдэг. ХХ зууны гучаад онд асар 600 орчим байсан мэдээ буй.Эдгээр асрууд барагцаалбал сүүлчийн 250-иад жилд үүссэн болох нь судалгаагаар тогтоогдсоны дээр сүүлчийнхийг нь 1990-ээд онд байгуулжээ. Онгодын асрыг XII-XX зууны үед ямар нэгэн гол мөрөн, их бага усны хойд этгээдэд, өглөөний наран хамгаас түрүүлж тусах өндөрлөг газарт, их ойн урд хаяа буюу ойн цоорхойд байрлуулсан байдаг. Энэ нь өөд болсон сүнс бөөгийн онгодууд тахилга тайллагын хооронд байгаль дээрх усаар ундаалж, нэг уулыг түшин, нөгөө уулыг өшиглөж, бас нэгэн ууланд харуул тав их юмуу, уул уулсын хооронд тоглож наадаж оршдог юм гэсэн утгатай бөгөөд тэр бүхэн нь онгодын дурсамж дуудлагаар илэрхийлэгддэг. Түүнээс гадна өөд болсон бөөгийн сүнс онгодыг байрлуулахдаа гол төлөв яс овог овгоор нь нэгэн дор юмуу ойролцоо нутагт байрлуулдаг байсны дээр нэгэн яс овгийн олон онгодын дунд өөр яс овгийн цөөн тооны онгод байгааг судалж үзэхэд тэрхүү олонх болж буй яс овгийн онгодтой төрөл ургийн холбоотой болон багш шавийн барилдлагатай онгодууд байдаг нь эртний овгийн байгууллын үеийн нийгмийн харьцаа ямар байсныг харуулсан түүхийн дурсгалт зүйл болдог билээ. Онгодын асрын хэлбэр маяг-Монгол бөөгийн онгодын асар нь хайсан асартай, сөрөн асартай, сэлс дээвэртэй пин асартай, байшин асартай гэсэн дөрвөн янзын хэлбэр маягтай байдаг. Хайсан асартай онгод-Монголын түрэг угсааны хуулар овогийн бөө нарын онгодын байрыг 4 шонгийн хооронд тус бүр хоёроос гурван модоор холбон “томого” байдалтай барьж тайллага, тахилгын үеэс бусад үед мөн хоёроос гурван нарийхан модоор хөндлөн хааж хамгаалсан байдаг. Онгодын ийм байрыг нутгийнхан нь ”Хайсан асартай онгод” хэмээн нэрлэдэг. Сөрөн асартай онгод-Дөрвөн хөлт мөрний нэг талд үүд гарган баруун, зүүн, хойд талыг хашаалж дотор нь өөд болооч бөөгийн сүнс онгодыг ясны нь онгодтой хөрөглөн бөөгийн хуяг хувцас хэрэгслийн нь сүнстэй хамт асарласныг Монголын чонод овгийн бөөгийн онгодын асар гадаг. Сэлс дээвэртэй пин асартай онгод-Наран мандах зүг рүү үүдийг нь харуулан байрлуулсан урьд тал нь задгай дээвэр бүхий байр юм. Ийм байрыг харын бөөгийн шүтлэгтэнүүд “Сэлс дээвэртэй пин асар” гэж нэрлэдэг. Энэ асрын байгууламжийг тодорхойлбол: Үүдэн тал нь задгай, баруун зүүн хоймор талуудыг 4-7 модоор чигжиж барьсан нь сөрөн асартай ижилхэн. Гэвч дээвэр нь үүдний баруун зүүн талд 3 метр орчим өндөр хоёр шон зоож, хооронд нь нуруу мод тавьж, дээврийн урьд талыг нуруу модонд дэрлүүлэн, хойд талыг асрын хоймор талын ханан дээр дэрлүүлж, хойш нь 20-30 см орчим илүү гаргаж тавьсан байдаг. Энэ бол хар дархад, их /хуа/ дархад, уруд, шарнууд зэрэг монгол угсааны овгуудын хийгээд энэ нутгийн бөө нарын ховсонд сэтгэл нь хувирч ирээд энд өөд болсон буриад, соёд бөөгийн өмсгөл, хэрэгслийн сүнсийг тавиур дээр урагш хараад сууж буй /хэнгэрэгэнд нь дээлий нь нөмөргөж, дээр нь малгайг нь өмсгөн, дор нь хоёр гутлыг нь зөрүүлсэн/ байдлаар засаж, хөрөглөсөн сүнс онгодыг ясны нь онгодтой нь дэлгэж уядаг байсан. Байшин асартай онгод-Бурханы шашны Хөвсгөл орчмын зарим хүрээ хийдийн лам нар XIX зууны үеэс тэр нутагт байсан монгол харын бөөгийх их шүтээн хэд, хэдэн онгодыг хүн байх үеийн нь цусан төрлийн холбоогоорр нэгтгэн цомнож, “Хайрхад” гэсэн өргөмжлөл нэр өгч модон байшинд тохижуулан бурханы нэгэн адил тахиж тайх болжээ. Энэ байшин нь урд ханадаа хоёр цонхтой, дээрээ өрхтэйн дээр тахилгаас бусад цагт цоожлон, түлхүүрийг төрийн цагдаа хадгалдаг байв. Дархадын хязгаарт “Агарын”, “Буянт голын”, “Аралын” гэсэн гурван хайрхад байжээ. Онгодын байр-Онгодын асрууд болон ганц хар модонд хэцэлсэн онгод, хоёр хар модонд хэцэлсэн онгод, дөрвөн хар модонд хэцэлсэн тэр тэр газар нутгуудад байртай хэмээн үзэхийн дээр онгод чухам аль ууланд хаана, эсвэл тэнгэрт байртайг бөө дуудлагандаа тодорхойлдог ёс ч буй. Асар-Эртний перс, хинди хэлээр “тэнгэр”, “амьдралын хүчийг эзэмшигч” гэсэн утгатай байсан “асар”, “асури” хэмээх энэхүү нэр үгийг монголчууд хаад, ноёд дээдсийн амьд ахуйдаа суух өргөө байр, тэнгэрт халин одсоны дараа сүнс нь орших орон гэсэн утгаар авч, баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнд дээдсийн залрах хоймрын буюу баруун, зүүн талын асар, насан өөд болсон бөө дээдсийн онгодын асар гэх мэтээр нэрлэж, “асар тэнгэр байртангууд” хэмээн дууддаг. Асаргүй онгод-Бөө дээдсийн онгод дүрмийн байр болгож ямар нэгэн оромж байр төхөөрөөгүй, байгаль дээр жирийн байдлаар засаж байрлуулсан зарим ёс овгийнхны онгодыг асаргүй онгод гэнэ. Асартай онгод-Бөө дээдсийн онгод дүрмийн байр болгож зохих яс-овогт нь тохируулан бэлтгэсэн янз бүрийн хэлбэр маяг бүхий ором байртай онгодыг асартай онгод гэнэ. Онгодын буултууд-Мундарга уулнаа Агч тэнгэрийн охид, Буумал эх, Борогчин тэргүүтэй гучин гурван буумал буйн дээр үүнээс гадна өнө эртний цагт нөхцсөн бөө, удганы сүнсүүд энэ тэр уул хад, гол горхи, нуур цөөрөм, ой модны сахиус, савдаг, бурхад, хат, албин, сэтгэр, буг болон олны тусыг бүтээх буюу эсвэл барчид тотгор, гай зэтгэр татдаг хэмээн үзэж, уул ус, ой мод, тэргүүтэн онгон байгалиа шүтэн тахиж, тайллага тавилга үйлдэн, онгод буумалуудыг урин ирүүлж, тэнгэр нэрт зоригоо зуучлан айлтгахын хажуугаар бусдыг нь тайтгаруулж, тавиг хүндлэл өргөн, сацал түсрэг түсрүүлж, сархадын дээж хүртээдэг. Эднийг Хад бүрийн хаад хат, бут бүхний бурхад, дайд бүрийн гүйгчид, орон бүрийн гүйгчид, хээрийн гүйдэл, гүйдэлтэй газар, дайд бүрийг сахигчид, далай бүрт шумбагчид, замаар явагчид гэх зэргээр нэрлэдэг юм. Онгодын бүтээлэг-Их хүчтэй, догшин онгод тэнгэрүүдийг хөрөглөхдөө тэдгээр онгод тэнгэрүүдийн нүүрийг наагуур нь тусгай хаалт хөшгөөр халхалдаг. Үүнийг тэр онгод тэнгэрийн бүтээлэг гэдэг. Тухайлбал “хармайн аав” хэмээх онгодын хамжаа “хар тэнгэр” гурвалжин хар бүтээлэгтэй байдаг. Онгодын гүйдэл-Онгод байгаль дээр тодорхой газар нутаг, орон зайд байртай боловч тэрээр үргэлжийн хөдөлгөөнд оршдог бөгөөд энэхүү хөдөлгөөнийг бөө нар онгодын гүйдэл гэдэг. Онгодын гүйдэл нь онгод хоорондын ойрын гүйдэл, алсын гүйдэл гэсэн хоёр хэв шинжтэй. Ойрын гүйдэл нь ах дүү, эх эцэг, багш шавийн сүнс онгодын хооронд гүйдэг хийгээд энэ нь гол мөрөн, горхи булаг, нуур далайг гаталдагүй, бас алсын гүйдэл нь уул олгод, талын ганц цохио хад дамжин их дээгүүр явдаг гэдэг. Онгодын гүйдэл хүмүүст хэнгэрэгийн дуу, хонхинуурын хоржигнон шаагих чимээ, исгэрэлт зэргээр мэдэгддэг бөгөөд зарим тохиолдолд ойрхон зайд тайван яваа чоно, гөрөөс зэрэг ан амьтнаар ч мэддэг явдал буй. Онгодын гүйдэл нь хаврын улиралд үдэш оройн цагаар их байдаг. Тийм учраас монголчууд энэ үед хээр гадаа унтах зэргийг ихэд цээрлэдэг. Онгодын жин-Монгол бөөгийн шүтлэгийн онгодыг хүмүүст харагдах биегүй, үзэгдэх дүрс хэлбэргүй-үл үзэгдэгч хүч боловч жин хүндтэй учир хатуу зүйл байдаг хэмээн үздэг. Тухайлбал бөө хүн онгодтойгоо хамт сал дээр суучихвал даац хэтэрч усанд живэх жишээтэй. Онгодын индэр-Асартай, асаргүй онгодын өмнө хэдэн метрийн зайд тохой хирийн өндөр хад чулуун тавцан засаж дээр нь гал түлж, онгод тэнгэрт идээ ундаа, эд өлөг өргөдөг билээ. Энэхүү чулуун тавцанг онгодын индэр гэдэг. Ийм индэрүүд лус савдагт юм өргөдөг газарт ч байсан зэргээс түүнийг “индэрт” хэмээн нэрлэсэн байдаг. Онгодын мэдээлэл-Онгод нь бөө болох хүнийг эзэмдэн авч түүний биед нь нэгэнт нөхцсөнөөс хойш тийнхүү учирсан хүнтэйгээ байнгын холбоотой байж, түүнийгээ мэдээллээр хангаж байдаг. Өөрөөр хэлбэл бөө хүн тус бүрийг тойрсон тэр бөөд төвтэй онгодын нэгэн бичил орчин бүрэлддэг. Онгод мэдээллээ бөөлөх зэрэг ямар нэгэн зан үйл үйлдэж байгаа нөхцөлд ч, энгийн байдалд ч бөөд байнга өгч байдаг. Тийм ч учраас жинхэнэ сайн бөө хүн элдэв мэргэ төлгө, илбэ ховсын үйлдэл хийлгүйгээр асуудлыг шууд шийдвэрлэж оношийг нь шууд тавьж чаддаг байсанд оршино. Онгодын нутаг-Онгодын асар байгаад үгүй болсон газар нутгийг онгодын нутаг гэдэг. Хэдийвээр ийнхүү нутаг нь үлдэж, байгууламж нь үгүй болсон ч онгод нь уг нутагтаа оршсоор байдаг гэдэг. Онгодын өнгө-Аюул заналхийллээс хамгаалах, түүнийг эсэргүүцэх зорилт бүхий цөөн тооны догин онгодыг “хар онгод” хэмээн ерөнхийд нь нэрлээд бусад ихэнх онгодыг түүний эсрэг утгаар нь “цагаан онгод” гэхийн хамт хар онгод нь гол төлөв лусаас гаралтай буюу лустай онгод байдаг. Түүнээс гадна хар онгод нь зөвхөн хар өнгөтэй байдаггүй, лустай холбогдол ихтэй бол ногоон өнгөтэй байх явдал буй. Онгодын самалга-Монгол бөөгийн “хэц онгодын хэлбэр”-ийн хэцний доод захаар цагаан, хөх, цэнхэр, ногоон, цоохор өнгийн туузуудыг эгнүүлэн хадаж бэхэлснийг тухайн онгодын самалга гэдэг. Самалгыг зарим хүмүүс салбан гэж нэрлэдэг.Самалга буюу салбангийн өнгө, тоо нь онгод бүхэнд өөр өөр байдаг. Онгодын суудал-Монгол бөөгийн “хэц онгодын хэлбэр”-ийн хэцний төв, дунд, дээд захаар нь бэхэлсэн 10х15 см юмуу 20х10 см орчим харьцаа бүхий хэмжээний даавууг тэр онгодын суудал гэдэг. Онгодын суудлын өнгө, урт, өргөний хэмжээ нь онгод тус бүрт өөр өөр байна. Тухайлбал өнгө нь онгодын зан төрх чанараас шалтгаалж ууртай догшин бол хар өнгөтэй байх жишээтэй.

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 175

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/