http://www.zoofirma.ru/

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох ажил 1994 оноос хэрэгжиж эхэлсэн. “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд хангуулах ажлын хүрээнд шашны байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах тухай журмыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 52 дугаар тогтоолоор анх баталж байсан байна.


.
1993 онд батлагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйл, нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж, зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж иржээ.
.
Нийслэлийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй нийт сүм хийд, цуглааны тоо 2002 онд 85, 2006 онд 133, 2009 онд 183 байсан бол 2011 оны эцэст 247-д хүрсэн ба байнга өсч ирсэн динамик харагдана. 1994 оноос хойш шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан нийт сүм хийдийн 56.7 хувийг христийн, 32.8 хувийг буддын шашин эзэлж байна. Үүний дотор нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн олон сүм хийд төвлөрч зөвшөөрөлтэй нийт сүм хийдийн 28.7 хувь, христийн шашны 36.4 хувь нь тус дүүрэгт бүртгэлтэй байна. Удаад нь Сонгинохайрхан дүүрэг орж байгаа бөгөөд нийт сүм хийдийн 18.2 хувь, христийн шашны 19.3 хувь, буддын шашны 18.5 хувь нь тус дүүрэгт бүртгэгдсэн байна.Энэ бол нийслэлийн зохих албаны ажилтны 2012 онд гаргасан судалгаа тайлан. /Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн 2012 оны 10-р сарын танилцуулга /
_
Дээрх мэдээлэлд зөвшөөрөлтэй сүм хийдийн 46.9 хувь, христийн сүмүүдийн 55.7 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт төвлөрсөн байгаагаас үзэхэд орон нутгаас шилжин ирж сууршигч ихтэйд тооцогддог гэр хороололд уламжлалт бус шашны байгууллагууд харьцангуй олноор байршдаг болохыг харуулж байгааг ч онцлон тэмдэглэжээ.
_
Буддын буюу шарын шашины хүчтэй нөлөөлөлд байдаг монголчууд хэзээнээсээ “эзэнд “ дургүй хандлага мэдрэгддэг. Гэхдээ энэ хэрээрээ буддын шашны сүм хийд нэмэгдээд байгаа юм уу гэвэл үгүй байна. Сүм хийдүүдийн цэцэглэн хөгжиж байгаа статистик өөр дүнг харуулна. Үйл ажиллагаа нь тогтмолжсон сүм хийдүүдийг шашны төрлөөр нь авч үзэхэд ихэнх буюу 66.7 хувийг христийн шашин эзэлж байгаа бол 26.7 хувийг буддын, 1.5 хувийг исламын, 0.7 хувийг католик, 2.2 хувийг бөөгийн болон бусад шашны төлөөлөл тус тус эзэлж байгаа юм байна.
_
Дээрх мэдээллээс харахад манайд христийн шашны эзлэх байр суурь, үзүүлэх нөлөө нь нэмэгдэх чиг хандлагатай болсныг харуулж байна. Христийн сүмүүдийн үйл ажиллагаа тогтмол тасралтгүй тэлэх хандлагатай байгааг тэднийг хөрөнгө, санхүүгийн хувьд ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлдэг сүсэгтнүүд, үйл ажиллагааг нь санхүүжүүлэгч гадаадын найдвартай түншүүдтэй нь холбон тайлбарлаж болох юм. Гадаадын найдвартай түншүүд гэж хэн бэ ? Үүнд тэр сүм цуглааны ард гадаадын тэр баян байдаг гэж тоочиж чадахгүй ч жирийн бус, хөрөнгөтэй улс төр бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийн нэгдэл цаана нь байдаг гэсэн мэдээлэл байдаг. Нэг цуглаанд нэрээ бичүүлж ам бүл нэмсэний шагналд цагаан будаа хоол хүнсний дэмжлэг өгдөг нь манайхан шиг бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийн судсыг амархан атгах менежмент болдог. Хувь хүн бүрийн сэтгэхүй, үзэл санаа, амьдарч буй ахуй нөхцөлийг судалж тулж ажиллах Христийн сүм хийдүүдийн дэргэд манай Буддын сүм хийдүүд барагтай цоож нь онгойдоггүй арслантай авдартай адил.
_
Үнэн сүжгээр өргөх зул хүртэл шоу бизнес болж байдаг манай шашны сүм хийдүүд хүн төвтэй бус бизнес төвтэй болоод удаж байна. Зам мөрийн нэг зураастай цааснаас өгсүүлээд зулын голын өвс хүртэл тогтоосон үнэ тарифтай. Уншлага засал, унзад хоолой гаргах лам хүн гэдэг үнэн дотоод сэтгэлийн засал нигүүлсэхүйн тухай сургах төвөөсөө өдөр тутам холдож байгаа шигээ сүсэгтэн олны хүндлэл хүрээллээс ч мөн холдсоор байна. Буддын сургаалийн нүглийг тэвчих энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөртөө бий болгох тухайд анхаарах олон нийтийн сонирхолыг нэмэгдүүлэх нь цаагуураа нийгмийн амгалан тайван байдал эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Энэхүү нийгэмд өгөх гэрэл гэгээтэй нөлөөллөөс нь авч үзвэл буддын шашны сүм хийдүүд үйл ажиллагааг парагматик хандлагатай болгож тодорхой шалгуур бодлогоор дэмжиж өгөх нь төрийн анхааралд байх тал ч бий. Одоо түвд хэл дээрх шашны ном судрыг монгол хэлнээ хөрвүүлэн уншиж байгаагаа сүсэгтэн олондоо ойртож байгаа гэж маадгар тайлбарладаг том хамба нар бий. Гэтэл сүжиг итгэлээрээ гэгээрэх хүсэл байвч тарифт үнэнд өргөл барцийг нь дийлэхгүйн эрхэнд найрсаг зантай христийн сүмийн пастер луу хэчнээн залуу алхаж байгааг тоолж хэлэхэд тийм амар биш болж байна. Өнөөгийн хатуу нийгэмд олон залуус бэлэн мөнгө өгч байж бэлэн мөнгө олох орлогын үүдээ нээхээс илүүтэй дотоод талдаа итгэл олж, сэтгэлийн мухардал ганцаардал төөрөгдлөөсөө гарахыг их хүсч байгаа. Үнэ тариф барьсан уншлага засал хийх үндсэн үйл ажиллагаатай буддын сүм хийдүүд дээрх ганцаардаж цөхөрсөн, сэтгэл зүйн засал гэгээрлийг хүссэн залуусаас хэтэрхий хол байгаагаа мэдэрч сэхээрэх цаг болсон байх.
.
Одоогоос 20 шахам жилийн өмнө буюу 1993 онд батлагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” Монгол Улсын хууль бүхэлдээ өнөөгийн шаардлагаас хоцорч, төр, сүм хийдийн харилцаа болон шашны байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулахад учир дутагдалтай болсон гэж үзэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан байгаа нь цаг үеэ олсон алхам юм.
.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс 12 аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт явуулсан социологийн судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 68.3 хувь нь шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаа хэтэрхий замбараагүй хэмээн үзжээ.
.
Замбараагүйн дээр буддын сүм хийдүүд бие даасан бодлогогүй, үзэл санааны зөрчилтэй төвлөрөлгүй, ашиг орлого санхүүгийн эрх чөлөөнд хэт тэмүүлсэн байгаа нь том мененежменттэй, их мөнгө хаясан бусад шашин урсгалын сүмүүдэд дэвжин дэлгэрэх боломжийг олгож ажилгүй зорилгогүй залуусын бүлэг эзний сургаалд нэгдсээр байна.
.
Сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг цаг улирч сэтгэлээр амгалан оршихуйн төлөө орчин үеийн хүмүүс нэгдэж байгааг хүн бурхны зууч болсон лам нар мэдрэх цаг болсон байна.
.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/