http://www.zoofirma.ru/

Монголын улстөрчид улс орноо удирдаж чадахаа больж, жинхэнэ нийгэмд тодорсон, олонд танигдсан идтэн шидтэнгүүдээр бүрдсэн Засгийн газар байгуулах тухай яриа газар авчээ. Үнэн хэрэгтээ мөнгийг арвижуулаад өгдөг Б.Сарандаваа мэт нь байхад Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нараар яах юм гэх хүмүүс маш олон байна. Өвчинг нь үлээгээд анагаадаг нөхдүүд байхад Эрүүл мэндийн сайд Н.Удвалаар яадаг юм. Ядаргаа л биз дээ.

 

Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүртэл буулгаж, оронд нь З.Бат-Отгон гэгч эмэгтэйг сонгохоор болжээ. Яагаад гэвэл тэрээр өөрийгөө “Эмэгтэй Чингис” хэмээн нэрлэж чадах тийм зоримог, өргөн мэдлэгтэй нэгэн учраас тэр гэнэ. Лав нэг удаа “Мандухай бол эмэгтэй Чингис” хэмээн хэлж сууна лээ. Тэгэхээр тэр маргааш “З.Бат-Отгон би вээр эмэгтэй Чингис мөн билээ” хэмээн хэлж чадна. Ингэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биш З.Бат-Отгон болой. Гэхдээ З.Бат-Отгонд нэг том өрсөлдөгч бий. Тэр нь зохиолч Н.Нагаанбуу. Тэрээр Чингисийн төрсөн өдрийг тогтоож, бараг би төрсөн хүүхэд нь гэж хэлэхээ шахсан. Үүнээс нь харвал Н.Нагаанбууд Чингисийн алтан ургийн сүүлчийн хаан болох хүсэл байх нь дамжиггүй. Тэгэхээр энэ хоёр эрхэм “тэнгэрт хоёр нар байдаггүйтэй адил Монголд хоёр хаан байх учиргүй” хэмээн хэн нэгнийгээ хөнөөж магадгүй. Эсвэл шинэ цагийн ёсоор өрсөлдөж болох юм. Гэхдээ л сонгуульдаж энэ тэр болж, мөнгө гарздахгүй, шууд нэгнийхээ нурууг хугалаад хаячихна биз дээ. Магадгүй, томоохон тохироо хийж, нэг нь Ерөнхийлөгчөөр үлдэж нөгөө нь Засгийн газарт дээгүүр морилох магадлал бий.
Эх сурвалжийн хэлж байгаагаар хамгийн маргаантай салбар нь эрүүл мэнд. Тиймээс Эрүүл мэндийн сайдад бараг л монголын өрх бүрээс нэг хүн өрсөлдөж буй бололтой. Яагаад гэхээр бүгд л хүн анагаадаг, босгодог ид шидтэнгүүд учраас энэ салбарынхаа сайдыг өөр зарчмаар тодруулах юм гэсэн.
Харин мань фортуна Н.Батбаяр “би ч гэсэн ид шидтэй, тэнгэрийн амьтан. Тэгэхээр энэ засагт би хэрэгтэй” хэмээн дайрч байгаа аж. Гэтэл цаадуул нь энэ Н.Батбаяр ханаж цадтлаа идэж уусан. Яасан хахаж үхдэггүй дурак вэ. Сүүлдээ бүр биднийхээ нэрийг бариад хүртэл идэж уудаг болжээ. Яасан ч чамайг засгийн хаалгаар шагайлгахгүй. Харин Төрийн ордны хамгаалалтын албаны даргаар үлдвэл үлд, эс чадвал зайл гэсэн аж. Нөгөө талаас Эдийн засгийн хөгжлийн шинэхэн сайдаар томилогдоод байгаа “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл “Яахав, хөөрхий сайд байсан хүнийг ядахад яаманд жолоочоор боловч үлдээж болохгүй юу” гэхэд Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Чингис хаан академийн тэргүүн Ерөнхийлөгч П.Давааням “ийм зүйл ярих юм бол чи өөрөө манай засгаас зайлаарай. Наад фортунаг чинь шоронд хийхгүй үлдээж байгаа нь их юм шүү” хэмээн заналхийлсэн байх юм. Ерөөсөө энэ шинээр байгуулагдах Засгийн газарт найдах нь зөв хэмээн хүмүүс үзэж байна. Өдгөөгийн Засгийн газарт мөнгө тогтоодог, далладаг нэг ч сайд байхгүй, бүгд өөрсдөө идэж ууна. Энэ Засгийн газарт өвчин анагаадаг нэг ч сайд байхгүй. Тэгээд сүнс судалдаг, хорт хавдар эдгээдэг, сүнстэй ярилцдаг ямар сайд хаана байгаа юм. Тэгэхээр л ард түмэн шинээр байгуулагдаж буй Засгийн газарт итгэсэн хэрэг. Ингээд шинэ Ерөнхийлөгч болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Тэдний ирүүлсэн мэдээллийн дагуу шүү дээ. Хараахан өдгөө зарим сайдаа тодруулж чадаагүй бололтой юм. Өдгөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд арваад сайдын нэрсийг тодруулчихсан байна лээ.
1.Монгол Улсын Ерөнхийлөгч-З.Бат-Отгон /Хас гурвалжин ТББ-ын тэргүүн/
2.Ерөнхий сайд- П.Давааням /Чингис хаан академийн тэргүүн Ерөнхийлөгч/
3.Шадар сайд-Н.Нагаанбуу /түүхч зохиолч/
4.Эдийн засгийн хөгжлийн сайд- Г.Оюунгэрэл /Орифлэймийн/
5.Сангийн сайд-Б.Сарандаваа /Монгол аура төвийн тэргүүн/
6.Соёл спорт аялал жуулчлалын сайд- Ш.Сүхбат /Голомт төвийн тэргүүн/
7.Боловсрол шинжлэх ухааны сайд-Д.Одгэрэл /Сүнс судлаач, зураач/
8.Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд- Д.Бямбадорж /Төрийн зайран/
9.Хууль зүйн сайд- Г. Өлзийхутаг /Бөө судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч, Дэлхийн шашин судлалын салбарын шинжлэх ухааны доктор, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн тэргүүн зайран/

С. Баяр