http://www.zoofirma.ru/

Хуурамч бөө нарын алдаа багшаа буруу сонгосных

“Бөө нар хүний аминд хүрлээ”, “Бөө мансууруулах бодис нуун хилээр гарахыг завдлаа”, “Үйлчлүүлэгчийнхээ

машиныг бөө шатаажээ” зэрэг сэтгэл сэртхийлгэсэн мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсч, “Намайг бөө бол гэсэн”, “Бөө болоход дор хаяж 10 сая төгрөг шаардлагатай гэнэ”, “Манайхнаас нэг нь бөө болохгүй бол олон хүний амь нас эндэнэ гэлээ” гэх зэрэг эвгүй үгийг олон ч хүний амнаас дуулсаар...
Монголчууд эрт дээр үеэс тэнгэрээ шүтэж ирсэн. Үүгээрээ ч бөөгийн шашинг эрхэмлэн шүтэж, хүчирхэгжин явсан цаг үе бий. Гэтэл өнөө цагт өнгө мөнгөнд шунасан зарим хүн түүх соёл өв уламжлалын ариун хэлхээс болсон бөө мөргөлийг мөнгө олох хэрэгслээ болгон ашигласаар байна. Тэгвэл бөөгийн шашны эх захаа алдсан замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд Монголын бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж буй гэв. 700 гаруй бөөг нэгтгэсэн тус байгууллага дөрвөн ч удаа томоохон тахилга үйлдсэн байна. Тэнгэрийн улаач нарын үе дамжин ирсэн дэг жаяг болон одоогийн гаргаж буй бөө нарын ёс зүйн алдааг нэгтгэн “Монгол бөөгийн уламжлалт ёс зүй” ном гаргажээ. Ингээд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн зөвлөлийн гишүүн, тэргүүн удган Н.Хишигжаргал, Б.Батсайхан нартай ярилцлаа.

-Сүүлийн үед бөө нартай холбоотой хэргүүд газар авах боллоо. Үнэн, худал нь мэдэгдэхгүй бөө олнооро төрж байна гэж ярих болсон. Үүнийг цэгцлэхийн тулд Монголын бөөгийн нэгдсэн эвлэл бай¬гуулагдаж ямар үйл ажил¬лагаа явуулж байна вэ?
Б.Б: -Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн үндэс суурь ойлголт нь Монгол бөөгийн уламжлал ёс зүй. Энэ бол хэн нэгний зохиомол зүйл бус Мөнх тэнгэрийн бичигдээгүй хууль шүү дээ. Монгол бөөгийн ёс зүйн нарийн задаргаа нь монгол ёс заншил өв уламжлал маань. Монголчуудын хүн төрөлхтний соёл иргэншилд үлдээсэн үнэт өв, агуу баа¬тарлаг түүх, нүүдлийн их соёл иргэншил, төрт ёсыг маань мөнх тэнгэрийн бөө шүтлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Бөө шүтлэг бол монгол¬чуудын хүчирхэг орши¬хын үндэс суурь, агуу суу ухаан байсаар ирсэн. Ямарваа нэг суурьгүй зүйл тогтвож өгөхгүй нуран унадаг биз дээ. Аливаа үндэстнийг эрсдэлээс хамгаалах гол дархлаа нь уламжлал. Гэтэл өнөөдөр Монголын бөөгийн уламжлал алдагдсан. Үүнээс болж элдвийн зохиомол хуурмаг жаягууд бий болсон. Морьдохын хазгай гэгчээр буруу жаягаар гарсан бөө нэртүүд буруу зүйл их хийж байна. Мөнгө олох л гэсэн бөө олноор бий болж иргэдийг хохироон бүр цаашлаад бөө шүтлэгийн нэрийг унагаж байна. Иймээс Монголын бөө¬гийн нэгдсэн эвлэлээс удам таслаагүй ахмад удган зайрангууд бусад бөө нарын саналыг авч өв уламжлалынхаа дагуу Монгол бөөгийн ёс зүйг эмхэтгэн ном болгон гаргалаа.

-Тэгэхээр зөвхөн ном гаргаснаар бөө нарын замбараагүй байдал цэгцэрнэ гэж үзэж байгаа юм уу?
Б.Б: -Бид ном гаргаад ажлаа зогсооно гэж яриагүй. Манай төвд одоогоор янз бүрийн санал гомдол ирдэг л дээ. Тэр бүгдийг энэ ном¬доо зүйлчлэн оруулсан. Тэгэхээр энэ ном нэг ёсондоо тэнгэрийн улаач нарын дагаж мөрдөх дүрэм журам гэсэн үг. Энэ номд заасан ёс зүйн заалтуудыг зөрчиж, иргэдийг ямар нэг хэмжээгээр хохироосон тохиолдолд бид хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, асуудлыг шийдэх болно.

-Хамгийн гол нь, таны хэлснээр хазгай бөө нар төрөхийг л журамлах хэрэгтэй юм шиг...?
Н.Х: -Манай эвлэлээс бөө нарын багш болох хүмүүсийг тодруулан гаргасан. Мөн багш бөө нарыг дөрвөн төрлийн зэрэг дэвтэй болгосон. Удган, зайран, тэргүүн удган зайран, их удган, зайран, дархан удган, зайран гэсэн цол чимэгтэй болгож байгаа нь “Чи энэ хүнийг багшаа болгож болно шүү” гэж зааж өгч байгаа хэрэг. Хазгай бөө төрөхийн хамгийн гол зүйл нь Дархад угсааны онгодыг буриад угсааны зан заншлаар буулгаж ирсэн, буруу буулгахыг завдсан зэргээс л болж байгаа юм. Буриад бөөгийн ёсоор бол шинэ онгодыг улаачид нь наахын тулд дор хаяж гурван өдөр чанар хийдэг. Гэтэл одоо нэг өдөрт 70, 80 бөө төрүүлж байгаа удган, зайрангууд байна. Тиймээс багш нарыг нь цэгцэнд оруулах хэрэгтэй болсон. Манай эвлэлд бөө нарын талаар их олон санал гомдол ирдэг. Нэг компанийн захирал эмэгтэй үйлдвэртээ хадаг өлгөчихөөд ажилчдаа “Энэ бол манай хүүхдийн сахиус. Та нар өдөр болгон ээлжлэн архиар ундаалж бай” гэж дарамталдаг гэсэн гомдол ирсэн. Түүнийх нь дагуу тэр эмэгтэй рүү ярьсан. Удалгүй гомдол гаргасан хүн холбогдон “Нөгөө хадгаа аваад явсан. Захирлын хүү нь ч гэсэн биднийг манай өвөөд үзүүл гэж дарамтлахаа больсон“ гэж ярьсан. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй л бид бөөтэй холбоотой гарсан асуудлыг шийдэж байна.

-Тэнгэрээс бууж байгаа онгодыг ингэж дураараа зэрэг дэвтэй болгож болдог юм уу?
Н.Х: -Энэ бол онгодод нь өгч байгаа цол чимэг биш. Улаачид нь өгч байгаа зүйл. Хэдэн жил бөөлсөн, хэдэн шавь төрүүлсэн зэргийг нь харгалзан үзэж хичээл зүтгэлд нь өгсөн цол чимэг гэж ойлгож болно.

-Тэгвэл Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн бөө нараас цол чимгийг нь харж байгаад багшаа сонгож болно гэсэн үг үү?
-Б.Б: Онгод сахиус авах хүн эхийн хэвлийд байхаас тамгалагдсан байдаг. 13 настай эмэгтэй, 14 настай эрэгтэй хүүхдийг бөө болгож болно. Гэх¬дээ улаач нь төлөвшөөгүй байдаг учраас хүлээдэг. Хэрэв унаж татах, хий юм сонсох зэрэг үл ойлгогдох өвчний шинж тэмдэг илэрсэн бол онгод буух цаг нь болсон гэсэн үг. Манай эвлэл дээр долоон угсааны бөөгийн багш байгаа. Тэднээс өөрийнхөө угсааны багшийг сонгож болно. Гэхдээ бөө болгон багш болохгүй. Зөвхөн нартын үйл хийхээр бууж ирсэн онгод байдаг.

-Багш нар гэснээс бөө хүмүүсийг санхүүгийн дарамтад оруулж байна гэж санагдах болсон. Бөө болж, тэнгэрийн онгод сахиусаа буулгаж авахын тулд заавал их хэмжээний өргөл өгөх ёстой юу?
Н.Х: -Тэнгэрийн сахиусыг нь буулгаж өгсөн багш бол насан туршийнх нь багш байх ёстой. Заавал тэдэн төгрөг өгөх ёстой гэсэн зүйл байхгүй. Онгод бүр янз бүрийн цаг үед амьдарч байсан учраас өөр өөрийнхөөрөө өргөл нэхдэг. Хоёр бод, хоёр бог гэх зэргээр. Гэхдээ заавал тэрнийх нь хэрээр өгөх шаардлагагүй. Ямар нэг зүйл өгч байгаа нь багшаа хүндэлж байгаагийн илрэл. Бас онгод тэнгэр чинь заавал алтан ээмэгтэй байна, мөнгөн аяганд ууна гэж байна гэдэг. Энэ бол худлаа. Онгод дархад, буриад, халх гээд ямар ч угсааных байсан хамаагүй гял цал юм хэрэглэдэггүй.

-Хэрэв их мөнгө нэхээд, алт үнэт эдлэл бэлд гээд л эхлэвэл жинхэнэ бөө биш гэж ойлгож болох нь ээ?
Н.Х: -Биш нь ч юу байхав. Албинтсан бөө байна л гэсэн үг.

-Тэгвэл албинтсан улаачийг яаж таньж болох вэ?
Н.Х: -Онгод тэнгэрээ буулгасан цагаас эхлээд амьдрал нь уруудаж, доройтно. Улаач нь царай зүс алдана. Ажигч хүнд бол биеэс нь эвгүй үнэр ялгарна. Онгод нь буусан байхдаа хоол нэхнэ, архи ихээр ууна. Тийм хүн над дээр ир гэж дуудах, ямар нэг зүйл авч ир гэж нэхэх гээд буруу зүйл хийж эхэлдэг.

-Тийм болсон улаачийг засах арга байх уу?
Б.Б: -Бидэнд онгодоо дутуу авсан, албинтсан улаач нар их ирдэг. Тэдний энерги нь маш их гэмтсэн байдаг учраас засахад хугацаа их орж, хүч ихээр шаарддаг.

-Н.Хишигжаргал удган та жишээ нь тэргүүн удган гэдэг цол чимэгтэй шүү дээ. Хэдэн жил бөөлж, хэр олон шавь төрүүлээд байна вэ?
Н.Х: -Найман жил бөөлсөн. Сүүлийн гурван жил л шавь авсан. Одоо 80 шавьтай.

-Таны шавь нар ч гэсэн шавь нар төрүүлээд бүр олон болсон уу?
Н.Х: -Үгүй ээ. Миний шавь нар хамгийн олон нь дөрвөн жил бөөлж байгаа. Гэхдээ би багш хүний хувьд шавь нараа зааж чиглүүлдэг. Тиймээс ми¬ний аль ч шавь өөрийн гэсэн шавьтай болоогүй байгаа.

-Онгод тэнгэр гэж яг юу юм бэ. Эрт үед амьдарч байсан өвөг дээдсийнх нь сүнс дахин бууж ирэхийг л онгод гэж ойлгодог?
Б.Б: -Тухайлбал, би мөнх тэн¬гэртээ халилаа гэхэд ми¬ний орчин тойрны сайн сай¬хан энерги хуримтлуулсан мөн хальсан хүмүүсийн сүнс нэгдээд дахин хэдэн зуун магадгүй хэдэн мянган жи¬лийн дараа нартын хорвоод улаачийн бие дээр буухыг л хэлээд байгаа юм. Тэгэхээр онгод гэдэг бол ганцхан хүний сүнс биш. Дорж өвөө, Балдан өвөө ч гэх юм уу хүний нэртэй онгодууд жинхэнэ биш.

-Тэгвэл нэг улаач дээр олон онгод буудаг шүү дээ. Тэр нь зөв юм уу?
Б.Б: -Тэр байж болно. Дээр үеийн нэртэй бөө нар цөөн хэрнээ чанартай онгод сахиустай байсан шүү дээ. Манай одоогийн бөө нар онгод нь буулаа гэхэд архи уугаад, тэрийгээ тэг, энийгээ ингэ гээд бүтэн өдрөөр ч хамаагүй суугаад л байдаг. Судлаач хүний хувьд хэлэхэд, хүний бие тэнгэрийн онгодыг 30 секундээс 5 минутын хугацаанд л хүлээж авах чадвартай байдаг. Ийм хугацаанд нэг онгод ороод дараагийн онгод солигдох жишээтэй.

-Тэнгэрийн онгодыг хүлээж авахгүй байж болох уу?
Б.Б: -Нэгэнт эхийн хэвлийд байхдаа л тамгалагдсан бол онгодоо авах л ёстой. Авахгүй байх аргагүй. Зарим бөө “Чиний онгод буух хугацааг сунгаж өгье”, “Онгодыг нь тэнгэрт буцаана” гэх зэргээр ярьдаг. Энэ бол худлаа зүйл.