Энэ шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн дуугаар нотолсон. Бөөгийн шашинг эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэлцдэг ба энэ нь монголчууд онгон сахиусаа хэрхэн дүрсэлж хувцас хунар, зан үйл зэргээс нь анхны бөө эмэгтэйчүүд байсан бололтой гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагчнийгмүүдийн итгэл бишрэл, сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь шүтлэг болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн цуглуулгатай болсон.
Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.
Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн. 1959 онд Ч.Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд Монгол бөөгийн түүхийн дор дурдсан 5 үед хувааж үзсэн байна.
1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе “Монголын бөөгийн шашины үүсэл үе”
2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе
3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе. Монголын шашны буурал үе
4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе
5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үехэмээн тус тус үечилж авч үзжээ.
Миний судалгаагаар Монгол бөөгийн түүхийн дор дурдсан үеүдэд хуваан үзэж байна. Үүнд:
1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс байгуулагдан задрах хүртлэх үе МЭӨ 209 он
3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс МЭ 48- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
5. Бөө мөргөл буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368он) хүртэлх үе.
6. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577он)
7. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577 он) – Манжийн эрхшээлд байх үе
8. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе (1800 он)– Их хэлмэгдүүлэлт эхлэх үе (1932)
9. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
10. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...